Categories
мэдээ нийгэм

Монгол Улс, ОХУ-ын Олимпийн Хороотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монголын Үндсэний Олимпийн Хорооны /МҮОХ/ Ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон ОХУ-ын Үндэсний Олимпийн Хорооны /ҮОХ/ Ерөнхийлөгч А.Жуков нар цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр улсын олимпийн хороо спортын болон техникийн тал дээр туршлага хуваалцах, баг тамирчид болон багш дасгалжуулагчид, экспертүүд харилцан солилцох зэргээр хамтран ажиллах юм.

ОХУ-ын ҮОХ-ны Ерөнхийлөгч А.Жуков энэ үеэр хэлэхдээ “ОХУ болон Монгол Улс эртнээс нааш найрсаг харилцаатай, олон талт хамтын ажиллагаа өрнүүлж байсан арвин түүхтэй билээ. Спортын салбар, олимпийн хөдөлгөөнийг илүү өндөр түвшинд хүрэхэд бүх талаар тусалж дэмжин, туршлага солилцон үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Дэлхийн спортын хамгийн хүчирхэг улсуудын нэг ОХУ-ын ҮОХ-той хамтран ажиллах санамж бичиг байгуулж буй нь манай улсын хувьд ихээхэн чухал ач холбогдолтой үйл явдал бөгөөд цаашид олон төсөл хөтөлбөрүүд, хамтын ажиллагааг өрнүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн гарын үсэг зурсны дараа хэлсэн юм.

Чехийн Прага хотноо явагдаж буй ANOC буюу Үндэсний Олимпийн Хороодын 22-р чуулганы үеэр энэхүү санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа явагдсан бөгөөд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон ОХУ-ын ҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч С.Поздняков нар байлцав.

Сонирхуулахад, өнгөрсөн жилээс ҮОХ-ныхоо тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллах болсон С.Поздняков туялзуур сэлэмний спортын төрлөөр олимпийн наадамд 4 удаа, дэлхийн аваргад 10 удаа түрүүлж байсан алдарт тамирчин билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭЛ ЭРХИЙН ИНДЭР: Ахмадуудаа гэрийн хорионд битгий оруулаач

Ахмад дайчин И.Ламжав

Би 1945 оны дайнд оролцож явсан ахмад дайчин. Хожим төр засгаас намайг хоёр өрөө байраар урамшуулсан юм. Би аравдугаар хорооллын “Golden park” хэмээх 16 давхар орон сууцад амьдардаг. Уг нь манай байрны орчин, тохижилт сайхан л даа. Гэхдээ сүүлийн хэдэн сар энэ байрны цахилгаан шат эвдрэлтэй, ажиллахаа больсон. Би өдгөө 90 хол гарсан настай хүн. Хөгшин хүн л болсон хойно аяга цайныхаа сүүг дөхүүлэх, ач, зээгээ тосох, агаар амьсгалах зэрэг шалтгаанаар гэрээсээ гарах тохиолдол их шүү дээ. Ингээд нэг гарахаараа орж чадахгүй, орохоороо гарч чадахгүй байсаар гурван сарын нүүрийг үзлээ. Байрны цахилгаан шат эвдэрчихлээр мань мэтийн өвгөд, хөгшид хугацаагүй гэрийн хорионд орчих юм. Манайх 14 давхарт амьдардаг л даа. Шатаар доошоо буухдаа хөлөө салгануулан байж нэг юм буудаг. Харин дээшээ өгсөх гэж өдрийн талыг барах юм. Тийм болохоор байрнаасаа гарч, ороход дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг нь болж байна. Энэхүү учир явдлаа СӨХ-ндоо хэлэхээр өнөө, маргаашгүй цахилгаан шатаа янзалж, ажилд оруулчихна гэх юм. Ингэж явсаар бүтэн гурав, дөрвөн сар өнгөрлөө. Сүүлдээ СӨХ-ны Мөнгөнтуяа хэмээх охин утсаа авахгүй таг болчих юм. Тэр байранд ахмад настай хүн ганцхан надаас өөр амьдардаггүй л байх. Давхар бүрт л өвгөд, хөгшид бий. Тэр ахмадууд надтай адилхан зовлонтой л байгаа. Ахмад настан гэлтгүй, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй улсууд ч бий. Тэр бүгдийн өмнөөс үг дуугарч, цахилгаан шатаа ажилд яаралтай оруулаач ээ, бид нарыг гэрийн хорионд битгий байлгаач хэмээн хэвлэлээр дамжуулан хүсэх байна. Холбогдох албаны болоод манай байрны СӨХ-ны хүмүүс өвгөн миний хүслийг уншсан бол яаралтай тэрхүү цахилгаан шатыг нь ажилд оруулаарай. Хааяа цонхоор харахад миний үеийн хэдэн хөгшчүүл гадаа буу халж, даалуу, шатар тоглож суух юм. Хүн л болсон хойно өөрийн эрхгүй очоод өдрийн зугаагаа гаргачихаад буцаад орох гэхээр нөгөө л цахилгаан шат нь ажиллахгүй шатаар өгсөж, арай хийж л гэрийнхээ босгоор алхаж байна. Өвгөн миний энэхүү зовлонг ойлгож, нийт ахмадуудаа бодоод байрныхаа асуудлыг хурдан шийдвэрлэхийг хүсье.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮвШИН

Т.АНИМАА

Categories
мэдээ цаг-үе

Зүрх мартдаггүй

– ӨГҮҮЛЛЭГ –


Нар оройхон болж байлаа. Цээнээ гал зуухны өрөөнд халбага сэрээ шажигнуулан юм угаана. Банзар өөр нэг өрөөнд цонх бараадан сууж, хийх юмаа олж ядсан байдалтай гараа элгэндээ зөрүүлж бариад дуу аялж суув. Дуулахын хажуугаар тэр «шийдэх л хэрэгтэй» гэж сэтгэлдээ бодож суулаа. Банзар гэртээ харилгүй бараг долоо хонож байгааг эхнэр нь мэднэ. Хийж яваа балагт явдалдаа сэтгэл нь будлин, шаналж шаналж сүүлдээ тэр «шийдэх л хэрэгтэй» гэдэг ганцхан юм л боддог болжээ.

Цээнээ аяга сав угааж гүйцээд нойтон гараа арчсаар Банзарын сууж байсан өрөөнд орж ирэв. Банзар дуулж байснаа больж суудал дээрээ эргэн Цээнээгийн өөдөөс хараад «энд суу!» гэж өвөр дээрээ гараа тавив.

-За би гараа арчаадахъя, гэж Цээнээг түдгэлзэн байтал гадна үүд тогших чимээ гарлаа. Банзар Цээнээ хоёр нэгэн зэрэг үүд рүү харж чимээ чагналаа. Дахиад тогшлоо. Цээнээ гайхсан янзтай Банзар руу нүдээ том болгон харж «Хэн болоо?» гэж шивнэн асуув. Банзар «яадаг юм, очоод асуу» гэж мөн шивнэн хэллээ.

Цээнээ үүдэнд очоод чимээ чагнан зоссоноо үүд дахин тогшиход,

-Хэн бэ? гэж асуув.

-Би байна аа гэх эмэгтэй хүний дуу гарлаа. Эрт орой нэгэн цагт учрах ёстой байсан зүйл ёсоороо учрах нь энэ. Банзар Цээнээгийнхээр орогнон, хонож өнжих болсноос хойш сар гаруй болжээ. Гэвч сүүлийн энэ долоо хоног шиг ингэж улайм цайм хэд хоног дараалан орон гэрээ орхиж байсангүй. Бас энэ хугацаанд эхнэр нь ч түүнийг мөрдөн мөшгөж хөөцөлдсөнгүй.

«Одоохондоо миний байгаа газрыг мэдэхгүй байгаа. Нэг л цагт тэр сүр хийтэл ороод ирнэ байх» гэж Банзар сэтгэлдээ ёрлон хүлээсээр байжээ. Ёстой юм ёсоороо болов.

Цээнээ хулгана руу гэтэж яваа муур шиг чимээ гаргалгүй алхалсаар Банзарын дэргэд буцаж ирээд чих рүү нь ойртон тонгойж

-Яахав? гэж сэмхэн асуув.

-Тайл, тайл гэж Банзар эрүүгээрээ үүд рүү заав.

-За яршиг хэсэг балбаж байгаад л буцна биз. Би л тайлахгүй гээд Цээнээ орон дээрээс цагаан даашинз авч яаруу өмсөв.

Үүд тогших чимээ нэг дуулдаад түр намдлаа. Тэгснээ дахиад сонсогдов.

«Ороод ирнэ. Юу гэж хэлэх гэж байгаа бол» гэж бодож суусан Банзар гэнэт уур нь хүрэх шиг болж Цээнээ рүү хараад,

-Яадаг юм тайл гэв.

-Нэг их хэрүүл шуугиан болох юм биш байгаа?

-Болбол болог. Ямааны мах халуун дээрээ гэж харин сайн юм боллоо. Түргэн шийдэж, олон юм яривал хүчээр түлхээд гаргачихгүй юу гэж хэлээд Банзар пиджакныхаа товчийг тайлан үүд рүү явснаа,

-Тайллаа шүү, Цээнээ гэж хэлэв. -Би энэ рүү орчих уу? гэж Цээнээ инээмсэглэн хэлээд нүднийхээ булангаар хувцасны шүүгээ рүү харав.

-Хэрэггүй ээ, чи зүгээр эзэн хүн шиг сууж бай. Гэртээ байгаа хүнийг хүн яадаг юм. Яривал надтай ярина биз. Би чамайг яасан ч доромжлуулахгүй гэж Банзар хэлэхэд Цээнээ,

-Тэгвэл би тайлъя гэв.

Банзар өнөөх дуу дуулж суусан мухрын өрөө рүү ороод ширээний ард суух гэснээ үүд рүү чимээ чагнан тасалгааны голд зогсов.

Цээнээ очиж үүд нээгээд,

-Танд юу хэрэгтэй вэ? гэж асууж байгаа дуулдлаа. Орж ирсэн хүн, өөрөөр хэлбэл Банзарын эхнэр Рэгзэдмаа,

-Банзартай уулзъя гэж хэлээд хэзээний мэддэг юм шиг Банзарын байж байгаа өрөө рүү шууд алхлав.

Рэгзэдмааг орж ирэхэд Банзар Цээнээгийн орны өмнөх явган сандал дээр суучихсан байлаа. Рэгзэдмаа босго давмагц өрөөний доторх байдлыг тойруулж нэг ажиглаад Банзар руу алхам ойртож өөдөөс нь ширүүн харцаар ширтэн зогсов. Банзар Рэгзэдмаа руу эгцлэн харж чадсангүй.

Цээнээ Рэгзэдмаагийн хойноос орж ирээд хаалга аяархан хааж хажуугаараа хана налан зогсов. Рэгзэдмаа Банзараас үг сонсоно гэж найдсан янзтай, доош гудайлгасан толгой руу нь ажиглан, цухалдуу амьсгаадсаар хэсэг зогслоо. Тэр дуугарсангүй.

Цээнээ гараа элгэндээ зөрүүлж зогсоод Рэгзэдмаагийн араас ажиглах зуур үе үе Банзар руу харж доод уруулаа хазлан нүдээрээ инээмсэглэнэ.

Хэн нь ч үг дуугарч чадалгүй ийнхүү хэдэн минут өнгөрлөө.

Банзар гэнэт сууж байсан сандлаа шажигнуулж, үсээ хойш нь илээд өндийснөө, Рэгзэдмаагийн нүүр рүү бас л харж чадсангүй. Цээнээ рүү баяргүй харцаар нэг хараад дахин доош харав.

«Гутал руу нь их харж байна. Оймс нь урагдчихаа байх даа» гэж Банзар сэтгэлдээ Рэгзэдмаагийн тухай бодоод нүүр халах шиг болж яльгүй улайлаа.

Энэ гурван хүн цаашид дуугүй зогсоцгоогоод байх нөхцөлгүй болов. Хэн нэг нь заавал дуугарах хэрэгтэй боллоо.

Рэгзэдмаа тасалгаанд байгаа хэнд ч дуулдахуйц гүнээр амьсгаа аваад:

-Чи юу хийж байгаа юм бэ? гэж ам нээв.

-Сууж л байна, гэж Банзар эгдүүтэй хариулаад яах гээв гэсэн янзтай өөдөөс нь муухай харав.

Рэгзэдмаа Цээнээ рүү эргэж нэг харснаа

-За явъя, Банзар аа харья гэж хэлээд ухран үүд рүү ойртож зогсов. Тэгэхдээ огт уурлаж уцаарласан шинжгүй, гэртээ байж байгаад хамт юманд явахаараа «За явъя, Банзар аа» гэж хэлдэгтэй яг адилхан зөөлхөн энхрий дуугаар хэлжээ.

Рэгзэдмаа их хүч гаргаж байж энэ үгийг хэлсэн нь байшингийн хананд хүртэл мэдэгдэх шиг боллоо. Цастай, бороотой, баяртай, яаруу, гэрт гадаа, орон дотор, эзгүй талд, олны дунд, аминч хоёулхнаа янз бүрийн цагт олонтоо сонсож, чихэнд нь ижил дасал болсон хуучин ханийн дуу Банзарт маш ойрхон, бараг зүрхэн дотор нь ийнхүү дотно сонсогдсонд баярлах шиг санагдав. Хэрүүл маргаанд зэхэж суусан хамаг хорон сэтгэл Рэгзэдмаагийн энэ дуунд юу ч үгүй хайлаад явчих шиг боллоо.

-Явъя аа явъя! гэж хэлээд Банзар босож орны хөл дээр тохоостой байсан цуваа авч үүд рүү гэлдрэв. Цээнээ байрнаасаа хөдөлсөнгүй. Тасалгаанд цохилж байсан ганц цагны чимээ үүд хаагдах хүртэл сонсогдсоор байлаа.

Банзар Рэгзэдмаа хоёрыг гудамжинд гарчихсан хойно Цээнээ өнөөх цав цагаан даашинзтайгаа гуравдугаар давхрын тагтан дээр гарч ирээд тэр хоёрын хойноос «Баяртай» гэж чанга хашгирав.

Энэ үгийг сонссон Рэгзэдмаагийн сэтгэл хэзээ ч цэлмэшгүй нууц гэм хийчихсэн юм шиг гэртээ харин харьтал Банзарт ганц ч үг хэлж чадалгүй хөмсгөө зангидан хоолой нь зангирч явжээ.

Categories
мэдээ цаг-үе

Бригадын генерал Г.Ариунбуян: Осолдсон иргэдийн нүүр царай, биеийн байдлыг ажиглавал уулын хүчтэй цасан нурангид бөмбөрч цохигдон, хувцас нь тайлагдаж танигдахын аргагүй болсон байна

“Өдрийн сонин”ы 2017.10.27-ны баасан гаригийн №232(5799) дугаараас авч нийтлэв.

“Өдрийн сонин”-ы сурвалжлах баг арван долоон уулчин эндсэн Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэр дэх Отгонтэнгэр ууланд албан томилолтоор очиж ажилласан. Манай сурвалжлагчид хэргийн газарт ажиллах үеэрээ 2017 оны аравдугаар сарын 25-ны 14 цагийн үед Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянтай уулзаж ярилцсан байна.


-Та Отгонтэнгэр ууланд авирч байгаад эндсэн хүмүүсийн шарилыг хайх эрлийг ахлан гурван хоног ажилласан хүний хувьд нөхцөл байдлын талаар яриач?

-Ууланд эндэгсдийг эрэн хайх ажиллагааны нөхцөл байдал маш хүнд байсан. Өндөр уулын бүсэд эгц цавчим хад асгатай, нуранги бүхий талбай нь маш их эрсдэл бүхий газарт ажилласан. Өөрөөр хэлбэл аялж явсан иргэд маань далайн төвшнөөс дээш дөрвөн мянга гаруй метрийн өндөр дээрээс осолдсон. Тэр өндрөөс 3200 метрийн уруу буюу 800 метрт унасан шинж тэмдэгтэй байлаа. Бидний ажиллагааны талбар 9000 метр квадрат талбай дээр эрлийн ажиллагааг зохион байгуулсан. Нэг үгээр хэлэхэд хөлбөмбөгийн арваад талбайн хэмжээтэй тийм өргөн уудам газарт эрлийг явуулсан. Гол хүндрэлтэй зүйл нь хавцлын цасны давхарга их зузаан байлаа. Зарим газраа нэг метр тавин сантиметр, зарим газраа гурваас дөрвөн метр хүртэл зузаан цасан нурангин дотроос осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

-Арван долоон хүний амь нас эрсэдсэн энэ том осол юунаас болж гарсан бол?

-Ер нь ууланд аялагчид маань өөрсдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа болон дээрээс нь цагийн баримжаагаа зөв тооцоолоогүй, буух замаа буруу сонгосноос болж энэ осол гарсан байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа.

-Уулын осолд өртөгсдийн амь насыг аврах боломж байсан болов уу?

-Тийм өндөр дээрээс унасан тохиолдолд ямар ч хүн амьд үлдэх боломжгүй байсан. Энэ удаагийн эрэн хайх ажиллагааг бүхий л мэргэжлийн болон хууль хүчний байгууллагууд, Монгол Улсын зэвсэгт хүчин, цагдаа, шүүх шинжилгээний алба, эрүүл мэндийн байгууллага, орон нутгийн Засаг даргын Тамгын газрын удирдлага хамт олон, мөн ар талын үйлчилгээнд ажилласан олон хүний хүч хөдөлмөрөөр богино хугацаанд үр дүнтэй зохион байгууллаа. Чин үнэнийг хэлэхэд энэ олон хүн гурав хоногийн хугацаанд цаг наргүй л ажиллалаа. Анхны дуудлагыг энэ сарын 22-ны 14.30 цагт аваад Завхан аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл багтсан ажлын хэсгийг би шууд удирдан ослын газарт ирсэн. Ингээд 23-ны өдрийн 04.05 цагт эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Эрлийн ажиллагаанд Уулын спортын холбооны гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан баг хамтарч, бидэнд дэмжлэг үзүүлж ажилласан.

-77 настай уулчин бас эрлийн ажиллагаанд оролцож авиралт хийсэн гэл үү?

-Ховд аймгийн Онцгой байдлын газрын зөвлөх ажилтан, 77 настай уулчин Гүррагчаа гэдэг хүн л дээ. Ховд аймгийн Онцгой байдлын газрынхан энд бас ажилласан. Бид хүч хэрэгслээ Отгонтэнгэр хайрханы зүүн талд татан төвлөрүүлсэн. Баруун бүсийн Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Завхан зэрэг зургаан аймгийн хүч хэрэгслийг нааш татаж ирүүлсэн. Энэ эрлийн ажиллагаанд Улсын Онцгой комисс, Монгол Улсын Засгийн газар бүх түвшинд онцгой анхаарал хандуулсан. Зэвсэгт хүчнээс 303 дугаар ангийн хоёр нисдэг тэрэг ажиллуулсан нь бидний ажиллагааг хөнгөвчиллөө. Энэ хоёр нисдэг тэрэг манай аврагчдын багийг ослын голомт руу зөөх, осолдсон иргэдийн шарил цогцсыг хүргэх гээд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Баянхонгор аймаг дахь цэргийн ангиас мөн байлдааны зориулалттай гурван машин, суудлын хоёр тэрэгтэй тавь гаруй хүний бүрэлдэхүүнтэй хэсэг хүрэлцэн ирж ажиллалаа.

-Осолдсон иргэдийн шарилуудын хөл гар нь тасарсан, эр эм нь ч мэдэгдэхгүй болтлоо аймшигтай гэмтсэн учраас таниулах үйл ажиллагааг хийх юм гэнэ гэж сонслоо. Шарилууд ямаршуухан байдалтай байх юм?

-Отгонтэнгэр хайрханы газарзүйн бүтэц харахад эгч цавчим, ерэн градусын налуу өндөртэй. Өөрөөр хэлбэл 4000 метрийн өндрөөс 3200 метрт унана гэдэг бол хэр баргийн хүн эрсдэхгүй байх боломжгүй юм. Тэр өндрөөс иргэд маань цасан нурангид орооцолдон эргэлдэж, тэр эрчээрээ шидэгдэж орж ирсэн байна л даа. Осолдсон иргэдийн нүүр царай, биеийн байдлыг ажиглавал уулын хүчтэй цасан нурангид бөмбөрч цохигдон, нүүр гар хөл нь хугаралттай, бэртэлттэй, цээжин хэсгийн хувцас нь тайлагдсан байдалтай, хуруу гар нь сарвайчихсан байх жишээтэй олдсон. Тэдгээр цогцсуудыг ихэвчлэн цасан доороос олсон.

-Цасан доороос яаж баримжаалж олов?

-Металл хайгч багажийн тусламжтайгаар цогцсуудыг эрэн хайж олсон. Сүүлийн гурван шарилыг хайх үед бидэнд ямар ч багаж байгаагүй. Ердөө л хүрзтэй 99 албан хаагч нийт талбар дээр хоёр техник хэрэгсэлтэй ажилласан. Эрлийн ажиллагааг маш үр дүнтэй богино хугацаанд явууллаа. Байгаль хангай ч биднийг ивээлээ. Магадгүй салхи шуургатай, байгалийн хүнд нөхцөлтэй байсан бол эрлийн ажиллагааны цаг хугацаа сунжрах байсныг үгүйсгэхгүй.

-Цаг хугацаа гэснээс амьд үлдсэн арвын нэг нь зургийн аппаратаа гэрэнд нь хийх гэж бусдыгаа хүлээлгэж байтал түрүүчийн хоёр олсныхон пижигнээд алга болсон гэсэн яриа байгаа. Таны таамгаар яг ямар үйл явдал болж нэг хэсэг нь осолдож, цөөнх нь амьд үлдсэн бол?

-Энэ талаар ямар нэгэн мэдээлэл би аваагүй байна. Амьд үлдсэн арван хүнтэй бид уулзсан. Тэр хүмүүсийн өгч байгаа мэдээллээр бол 21-ний өглөө буюу бямба гарагийн 08.00 цагийн алдад хайрхан руу авиралт хийж 16.20 цагт анхны хүн оргил дээр нь гарсан байгаа юм. Тэнд 30-40 минут зураг хөргөө авахуулаад 17 цагт уруудсан. Уруудахдаа уулын авиралтын дүрмээрээ ирсэн мөрөөрөө буцах ёстой байтал зүүн гар тийшээ буюу Отгонтэнгэр хайрханы зүүн талаа барин уруудаж. Энэ нь маш том алдаа болсон байх. Ямартай ч бид шуурхай ажиллаж уржигдар эхний арван цогцсыг, өчигдөр дөрвөн шарил, гуравдахь өдөр гурван шарилыг олж Улаанбаатар хот руу нисдэг тэргээр илгээлээ.


Categories
мэдээ цаг-үе

Амбиц, санаачилгын эзэд

МУИС-ийн Олон улсын сэтгүүл зүйн ангийн 2007 оны төгсөгчдийг энэ удаагийнхаа “Нэг анги” булангаар онцолж байна. Ажил амьдралын гараагаа эхлүүлээд арван жилийг ардаа орхисон энэ ангийнхны сонин хачин их бий. МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн түүхэнд хамгийн, хамгийны түүчээ болсон эдний анги одоо хэвлэл мэдээллийн салбар амжилттай яваа ажээ. Телевизийн нүүр царай, сонины автор болсон хүмүүс олонтой гэнэ. Тухайлбал, МҮОНТВ-ийн Монголын мэдээ сувагийн спортын албаны дарга Б.Батзаяа байна. Түүнийг хөлбөмбөгийн тайлбарлагч гэдгээр нь монголын фанатууд андахгүй. Танай гэрийн хойморт цэнхэр дэлгэцээр өдөр бүр тантай уулздаг “Bloomberg” телевизийн нэвтрүүлгийн албаны дарга Н.Хонгорзул, “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч Н.Урантогтох, “SBN” телевизийн сэтгүүлч Г.Ундрахбаяр, “Ийгл” телевизийн сэтгүүлч Ж.Цэнджаргал, тус телевизийн хөтлөгч Ж.Төгсжаргал, “UBS” телевизийн “City news” мэдээллийн албаны зохицуулагч редактор Ц.Мөнхтуяа нар телевизийн салбарт ажиллаж байгаа аж. Үндэсний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-д гэхэд хоёр ч төгсөгч ажиллаж байгаа гэнэ. Сэтгүүлч М.Мөнхцэцэг, Я.Мөнгөнцэцэг нар оюутан байхаасаа л тус сонины гал тогоонд орж байсан болохоор сургуулиа төгсөнгүүтээ эндээс ажлын гараагаа эхлүүлжээ. Мөн энэ ангийнхнаас төрийн албанд сэтгүүлчийнхээ мэргэжлээр ажиллаж байгаа хүн цөөнгүй юм билээ. Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Л.Ариун-Учрал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Цэцэгдэлгэр, Хил хамгаалахын ерөнхий газрын ОНХА-ны сэтгүүлч, дэслэгч Б.Алтанцэцэг нар ажиллаж буй гэнэ. Сэтгүүл зүйн магнат Шаравдоржийн охин Ш.Төгөлдөр ч эдний ангийнх аж. Тэрбээр аавынхаа бизнес болох хэвлэлийн “Мэри” төвийг хариуцан ажиллаж байсан бөгөөд одоо Нийслэлийн Тамгын газарт мэргэжилтэн хийж буй.

МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн төгсөгчдөөс бүгд ажил албатай яваа хамт олон гэдгээрээ эдний анги онцлогтой юм байна. Мэргэжлээрээ ажиллаж байгаад өөр салбарт хүчээ үзэж байгаа хүмүүс гэвэл “Ази фарм” компанийн зохион байгуулагч Л.Буддорж, “Хүн комплекс” компанийн Хүний нөөцийн менежер Д.Баяндүүрэн, Сингапурын “Бумрангранд” эмнэлгийн орчуулагч Б.Лхамсүрэн нарыг нэрлэж болох ажээ. Орон нутагт гэхэд Орхон аймгийн телевизэд Д.Гансугар, Увс аймгийн Тамгын газарт П.Энхмаа, Өмнөговьд Ч.Сувданцэцэг, Сэлэнгэд Б.Хандсүрэн, Баян-Өлгий аймагт Ёлка нар ажиллаж байгааг ангийнхан нь дурсан ярилаа.

Удирдах албан тушаалд болон хувийн бизнесийн салбарт амжилттай яваа хүмүүсийг цохон нэрлэвэл Мэдээлэл технологийн үндэсний паркийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхсүх, Газар тариалангийн “Ногоон хуст” компанийн захирал М.Шинэбаяр, “Jet school”-ийн гүйцэтгэх захирал Ц.Алтансор, “Брэнд медиа” компанийн захирал Баттүвшин нараар нөхөд нь бахархаж байлаа. Мөн сайн найзууд Б.Алтантуул, Долгорсүрэн нар зөв хооллолтын клуб ажиллуулж, нийгмийн эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхээ зориулж байгаа юм байна.

Энэ ангийнхан саяхан болсон арван жилийн ойн уулзалтаараа гадаадад ажиллаж, сурч байгаа нөхдөө ихэд санагалзан дурсацгаасан тухай цухуйлгав. ХБНГУ-д Э.Болор-Эрдэнэ, Г.Номиндарь, АНУ-д Оюу, ХБНГУ-д Д.Пүрэвсүрэн нар нь сурч байгаа ажээ. Тэднээс гадна сайн ээжүүдээ ч мартсангүй. Тухайлбал, Ч.Анхзаяа, Ч.Индэрьяа, Н.Энхбүрэн нар бяцхан маамуу нараа асарч, хүмүүжүүлэхийн хажуугаар, хань нөхрийнхөө ажлыг амжилттай явуулахад ихээхэн түшиц болсон сайн эзэгтэй нар юм байна.

Хүний амьдралын дурсамж болгон сайхан. Тэр дундаа оюутан ахуй цагийн дурсамж хөгжилтэй, наргиантай, ярих зүйл арвинтай байдаг билээ. Энэ ангийнхан их бүтээлч, сэтгэгч, санаачилгатай анги байсан нь одоо ч тэдний ажил амьдралаас тод харагдаж байна. Оюутан байхын л амбицтай хүүхдүүд байсан тухай хөгжилдөн ярьцгааж байв. “Манай анги урлаг, спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож дандаа тэргүүлдэг байсан. Яруу найрагч, бүжигчин, дуучин гээд урлагийн авьяастнууд олон. Дөрвөн жилийн хугацаанд таван ангийн дарга сольж байлаа. Шалтгаан нь гэвэл эхний хоёр курст ангийн дарга болсон хүүхдүүд шилжээд явчихсан юм. Ингээд Г.Мөнхсүх ангийн дарга боллоо. Гэтэл мань хүн Клубуудын зөвлөлийн даргаар сонгогдож давхар дээл өмчихдөг байгаа. Тэр үед манай анги пиар клуб байгуулж байсан юм. Тэр үед МУИС-ийн хэмжээнд 40-өөд клуб байдаг байлаа. Энэ клубуудын зөвлөлийн даргаар сонгогдсон Г.Мөнхсүх маань дээлээ нимгэлсэн юм. Ингээд Б.Батзаяа ангийн дарга болсон. Хэсэг хугацааны дараа хөлбөмбөгийн европын аваргын тэмцээн болов. Б.Батзаяа телевизэд хөлбөмбөг тайлбарлагчаар ажилладаг байлаа. Тэрбээр дэлхийн аваргын тэмцээнийг тайлбарлах болоод ангийн даргын албаа Б.Алтантуулд хариуцуулан өгч байсан ийм түүхтэй анги. Манай ангийн Б.Батзаяа “Бидний мэдэх хөлбөмбөг” гэдэг номоо гаргасан, спортын талаар мундаг мэдлэгтэй залуу бий. Дэлхийн аварга, европын аваргыг монголд анх нэвтрүүлж эхлэхэд шууд тайлбарлаж байсан анхны хүний нэг. Ер нь манай анги их бүтээлч, хувьсгалч, амбицтай анги байсан. Биднийг оюутан байхад фото зургийн хичээл ордог байв. Хуучны хальсны “Зенит” аппарат зүүгээд гадуур их зураг авна аа. Авсан зургаа Л.Норовсүрэн багшийн өрөөнд угаадаг байв. Ер нь сэтгүүл зүйн тэнхимийн түүхэнд хар цагаан зургийг угааж сурсан хамгийн сүүлийн анги байсан. Цахим сэтгүүл зүй хөгжиж байсан болохоор дижитал аппарат, фотошоп зэрэг технологийн шийдлийг ашиглаж сурахыг хүсч, тэнхимдээ өргөх бичиг өгч байлаа шүү дээ” гээд инээлдэв. Энэ ангийн бас нэг онцлог нь тэнхимийнхээ түүхэн дэх хамгийн олон буюу 12 хөвгүүнтэй курс байсан гэнэ. Анх нэгдүгээр курст ороход бүх аймгаас шилэгдэж ирсэн 40 гаруй хүүхэд цугларч байснаас 37 нь амжилттай төгсчээ. Хонхны баяраараа элдэв зүйлд мөнгөө үрж байхаар нийгмийн сайн сайхны төлөө зориулъя гэж санал нэгдэн асрамжийн газрын “Өнөр бүл” төвд тусламж, дэмжлэг үзүүлж байсан санаачилгатай оюутнууд байсан юм билээ. Мөн тэд тэнхимийн багш нараа хачин ихээр магтаж, Монголын сэтгүүл зүйн түүхэнд нэрээ тамгалж чадсан эрхмүүд болохыг онцолж байв. М.Зулькафиль, Л.Норовсүрэн, Б.Болд-Эрдэнэ, бурхан болооч Ч.Чойсамба багш нарынхаа заасан эрдмийн ачаар өнөөдөр салбар салбартаа амжилт бүтээл арвинтай яваа гэж байлаа.

Сонирхуулахад эдний ангийн багш Г.Өнөрбаяр одоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга ажээ. Улстөрд өсч яваа энэ эрхмийн анхны дааж авсан оюутнууд нь өнөөдөр ийнхүү ажил хөдөлмөрийн ундарга болсонд тэднээрээ ихэд бахархдаг гэсэн.


Categories
мэдээ нийгэм

Шинээр гэрлэгсдийг удам зүйн шинжилгээ өгөхийг уриаллаа

П.Мөнхтөр зурган илэрцүүдӨнөөдөр Монгол Улсад дөрвөн өрх тутмын нэг нь гэр бүлээ цуцлуулж байна гэсэн статистик үзүүлэлт гарч, гэр бүл салалтын улмаас төрсөн эцэг, эхээ мэдэхгүй өсч буй хүүхдийн тоо олшрох төлөвтэй байна. Цусан болон ясан төрлийн хамаатан саднаа мэдэхгүй хүүхдүүд насанд хүрмэгц хоорондоо гэрлэх, тэр бүү хэл, нэг эцэг, эхийн хоёр хүүхэд гэр бүл болохыг үгүйсгэх аргагүй юм.

Тиймээс гэрлэлтээ бүртгүүлэх гэж буй иргэд хоорондоо удам угсаагаар холбоо хамааралтай эсэхээ тогтоолгож байх шаардлагатай хэмээн Чойбалсан хотын захирагч үзэж байна.

Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр шинээр гэрлэж буй иргэдийг удам зүйн шинжилгээнд хамрагдахыг уриаллаа. Түүний уриалгад албадлагын шинж байхгүй ч алсыг харж, нийгэмдээ дохио өгөхийн тулд өнөөдрөөс анхаарч байх шаардлагатай гэдгийг хэлж байна.

Өнөөгийн байдлаар Чойбалсан хотод удам зүйн шинжилгээ авах ямар нэгэн лаборатори байхгүй. Харин иргэдийн дунд ийм шинжилгээ өгөх эрэлт хэрэгцээ үүсвэл зах зээлийн жамаар лабораториуд нээгдэх боломжтой гэлээ.

Ургийн бичиг хөтлөх, удмын баяр хийж хамаатан саднаа таньж мэдэх үзэгдэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Гэвч энэ нь үр дүн багатай бөгөөд удам зүйн шинжилгээ хийлгэх нь хамгийн зөв арга гэж тэрбээр хэлсэн юм. Иймээс шинээр гэр бүл бологсдыг удам зүйн шинжилгээ өгч, цус ойртолтоос сэргийлэн удмын сангаа хамгаалахыг уриалж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Лайка нохой сансарт ниссэний 60 жилийн ой болж өнгөрлөө

Хүн төрөлхтнийг сансарт нисэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн амьтан бол Лайка нэртэй золбин нохой байсан юм.

Москвагийн гудамжнаас олсон энэ амьтныг хэсэг бэлдсэний дараа 1957 оны арваннэгдүгээр сарын 3-нд сансар хөөргөсөн байна. Харамсалтай нь тэр сансрын хөлгийн дотрох их халууныг даалгүй, 5 цагийн дараа үхсэн гэдэг.

Гэхдээ Спутник-2 хөлгөөр хийсэн Лайкагийн нислэг сансар судлалын түүхийг нээсэн юм.

Энэ бол хүмүүс дөнгөж хоёр дахь удаагаа тойрог замд хөлгөө хүргэсэн, мөн анх удаагаа амьд биетийг тойрог замд хүргэсэн явдал байлаа.

Лайка амьд амьтан тойрог замд хүрсэн анхны тохиолдол байв. Гэхдээ үүнээс өмнө 10 орчим жилийн турш АНУ, Зөвлөлтийн эрдэмтэд янз бүрийн амьтан хөөргөж туршсаар байсан юм.

Зорилго нь хүнийг сансарт хөөргөж, эсэн мэнд буцааж ирүүлэх чадвартай болоход чиглэж байжээ.

Анх 1947 онд нэгэн төрлийн ялаануудыг Nazi V2 пуужинд тээвэрлэн 110 км өндөрт хүргэж үзсэн байна.

Үүнийхээ дараа NASA хэд хэдэн сармагчин нисгэж байсан нь бүгд амь үрэгджээ.

Ингээд 1951 оны есдүгээр сард Ёрик хэмээх сармагчинг нисгэснийхээ дараа эрдэмтэд хүн дүрст амьтныг сансарт хөөргөөд дэлхийд буцааж ирүүлж чадахаар болсноо зарласан юм.

Үүнээс хойш элдэв шавьж, хулгана, харх, туулай зэргийг Зөвлөлтийн эрдэмтэд сансарт туршиж эхэлсэн байна.

Лайкаг анх гудамжнаас олж бэлдсэн Оросын биологич, 90 настай Адилья Котовская “Дэлхийг 9 удаа тойрсон Лайкагийн нислэг ирээдүйн сансар судлалын эхлэлийг тавьсан юм” гэж ойн өдөр ярьжээ.

“Бид жингэр сонгосон нь тэд шээхдээ хөлөө өргөдөггүй тул эрэгчин нохойноос бага зайг хөлөг дотор эзэлдэгийнх байсан юм” гэж тэр ярьсан байна.

Харин Лайкагийн дараа 1960 оны наймдугаар сарын 19-нд Белка, Стрелка хэмээх хоёр нохойг анх удаа тойрог замд хүргээд буцаан эсэн мэнд газардуулсан юм.

Үүний үр дүнд 1961 онд анх удаа хүн сансарт хөөрсөн нь Юрий Гагарин байжээ.

Харин өнөөдөр Ангарагт хүн илгээхээс өмнө ямар нэг амьтан илгээж турших тухай санаа дахин яригдаж эхэлсэн байна. Гэвч 21 дүгээр зуунд энэ асуудал нь илүү түвэгтэй, маргаан дагуулсан сэдэв болоод байгаа. Амьтны эрхийг өндөрт тавьдаг нийгэмд бид амьдарч байгаатай энэ нь холбоотой юм.

Categories
мэдээ нийгэм

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Улаанбаатар хотод байрлаж буй яамны харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчидтай уулзлаа

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр Улаанбаатар хотод байрлаж буй яамны харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Тодруулбал, БОАЖ-ын сайдаар томилогдоод удаагүй байгаа тэрбээр салбарын өнөөгийн нөхцөл байдал, өмнө нь хийж хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөсөн ажлуудтай танилцах хүрээнд уг уулзалтыг зохион байгуулсан нь энэ юм.

Нийслэл хотод байрладаг БОАЖЯ-ны харьяа байгууллагуудтай тус бүрт нь уулзсан уулзалтад Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монгол Кувейтийн судалгааны төв, Хустай нурууны Байгалийн цогцолборт газар, Богдхан уулын ДЦГ, Горхи Тэрэлжийн ДЦГ, Хан хэнтийн УТХГ, Туул голын сав газрын захиргаа, “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, “Монгол Ус” төрийн өмчит үйлдвэрийн газар болон Байгаль орчин уур амьсгалын сангийн ажилтан, албан хаагчид оролцлоо.

Уулзалтын эхэнд нэр дурдсан дээрх харьяа байгууллагууд үйл ажиллагаа болон цаашид хийх ажлын төлөвлөгөө, нөхцөл байдлаа танилцуулан, салбарын сайдтай санал, солилцож, үүрэг чиглэл авсан юм. Жишээлбэл, Аялал жуулчлалын хөгжлийн төвийнхөнтэй уулзсан уулзалтын үеэр Н.Цэрэнбат сайд гадаадын жуулчдыг татах, энэ хүрээнд тэдний эрүүл, аюулгүй байдлыг маш сайн хангах тал дээр ажиллах ёстойг санууллаа. Мөн тодорхой жишээг үндэслэн, зочид буудлуудын үйлчилгээг сайжруулах хүрээнд ресепшнтэй холбогдох утасны дугаарыг нэгдсэн нэг болгох хэрэгтэй гэдгийг хэлсэн юм. Түүнээс гадна жуулчдын сэтгэл ханамжийг хангах хамгийн гол зүйл болох хоол, хүнсний тохиромжтой цэсийг тухайн орны онцлогт нийцүүлэн шинээр бий болгох, чанарын асуудлыг нэн тэргүүнд тавих шаардлагатай байгааг ажил хэрэг болгох хэрэгтэй хэмээв.

Мөн нэр дурдсан дээрхи ДЦГ, УТХГ, БЦГ-ынхантай хийсэн уулзалтаар байгалийн цогцолборт газар, дархан цаазат газар, улсын тусгай хамгаалалттай газарт ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоох, маш хариуцлагатай ажиллахыг анхааруулсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Талын түмэн адуу”-ны баярт уяачид хоёр мянган адуун сүрэгтэйгээ оролцлоо

Морьтон Монголынхоо малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, таниулан сурталчлах “Талын түмэн адуу”-ны баяр аялал жуулчлалын идэвхтэй бүс-Хэнтий аймагт өнөөдөр болж байна.

“Мөнх харилцаа” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй энэ удаагийн арга хэмжээнд улс, аймгийн зэрэг цолтой уяачид, залуу адуучид 2000 адуун сүрэгтэйгээ оролцож байгаа юм. Мөн ӨМӨЗО-оос 5 адуучин ирж оролцож буй нь арга хэмжээний бас нэгэн онцлог болж байна. Тус арга хэмжээний хүрээнд:
Адуучдын хээрийн цайллага, адуун туувар
“ТОРГОН ТАР” богино зайн бооцоот уралдаан
Нутаг усандаа алдартай хурдан адууны танилцуулга
Адууны зүс нэршлийн танилцуулга
Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа
Уран уургач шалгаруулах тэмцээн
Эмнэг булгиулах үзүүлбэр
Малчдын өвөлжөөтэй танилцах аялал
Тал нутгийн тайга нохойн уралдаан
Тожил хийцийн адууны тоноглол, дархан урлагийн үзэсгэлэн
Гэрэл зургийн үзэсгэлэн
Баяр наадмын зочдод зориулсан урлагийн тоглолт зэрэг болох юм.

Эл арга хэмжээ нь Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров болон зэргэлдээх сумдын малчдын амьжиргаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих үүднээс 2015 оноос эхлэн жил бүр зохиогдог ажээ.


Categories
мэдээ нийгэм

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Грекийн хүлэмжийн аж ахуйн технологийн шийдлийг Монголд нутагшуулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Грек Улсаас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд ноён Леонидас Роканасыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Б.Батзориг найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай Грек улсын Элчин сайд болон Элчин сайдын яамны хамт олонд хоёр орны дипломат харилцаа, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд анхаарал хандуулан ажиллаж байгаад нь талархал илэрхийллээ. Мөн хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд салбарын сайдын хувьд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн.

Манай хоёр улс нь хөдөө аж ахуйн улс төдийгүй Грек улсаас Монгол улсад нутагшуулах, туршлага солилцох үйл хэрэг их байгааг салбар хариуцсан сайд Б.Батзориг онцоллоо. Тухайлвал манай улсын цаг уурын нөхцөл, онцлогт тохирсон хүлэмжийн аж ахуйн технологийн шийдлийг Монголд нутагшуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор жимс, жимсгэнэ, хүнсний ногооны аж ахуйн техник технологийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийг судлаж, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Грек улсын элчин сайдад тавьсан юм.

Түүнчлэн Грекийн тариаланчдын хоршоодын менежментийн арга туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхэд хамтран ажиллах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх мөн фермерүүд болон яамны мэргэжилтнүүдийг Грек Улсад дадлагажуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Цаашлаад мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортонд гаргах тал дээр Грек улстай хамтарч ажиллах бүрэн боломж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг тодотгон хэллээ.

Талууд цаашид хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах бүрэн бололцоо байгааг харгалзан, хамтран ажиллах яам хоорондын Санамж бичгийг байгуулж салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.