Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбар авлига, хээл хахуулиас ангид ажиллана

Related image

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдалтай бүх шатанд тууштай тэмцэх, төрийн албан хаагчийн ажлыг дүгнэх, хариуцлага тооцох, урамшуулах зэрэг асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Албан даалгавар гаргасан билээ.

Албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдлаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр яамны мэргэжилтэн, албан хаагчдад тогтмол сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар боллоо. Энэ хүрээнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, энэ оны 11,12 дугаар сард тус бүр нэг удаа, ирэх онд улирал тутамд сургалт зохион байгуулж, хамтран ажиллах хүсэлтийг АТГ-т хүргүүллээ. Тиймээс энэхүү ажлыг тодорхой хугацаанд зохион байгуулснаар эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, албан хаагчид авлига, хээл хахуулиас ангид байж, иргэдэд хүнд сурталгүй, шударгаар төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлдэг болох давуу талтай юм.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ын дунд “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдаан зохион байгуулана

Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийг бие бялдрын өв тэгш хөгжилтэй болгох, спортоор хичээллэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор МҮОХ-ноос “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааныг ирэх сарын 01-нээс 2018 оны дөрөвдүгээр сарын 20-нд ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулах болжээ.

Энэ талаар өнөөдөр тус холбооноос мэдээлэл хийв. Хоёр үе шатай зохион байгуулах энэхүү болзолт уралдаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бүх ерөнхий боловсролын сургууль оролцох боломжтой юм. Уралдааны эхний үе шатанд сургуулиуд багш, сурагчдынхаа дунд “Олимпын өдөрлөг”, гар зургийн уралдаан, танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн зохион байгуулах ёстой. Мөн спортын тодорхой төрлүүдээр дугуйлан хичээллүүлж, аймаг, дүүрэг, улсын хэмжээний тэмцээнд баг тамирчдаа оролцуулах, сургуулийнхаа хэмжээнд 5-аас доошгүй спортын төрлөөр тэмцээн зохион байгуулах, “Сургуулиараа шатарчин болох” хөдөлгөөн өрнүүлэх ёстой. Эдгээр ажлаараа аймаг, дүүрэгтээ шилдгээр тодорсон 30 сургуулийг хоёрдугаар шатанд оролцох эрхийг олгох юм. Хоёрдугаар үе шатанд мөн дээрх ажлуудыг хэрхэн зохион байгуулсныг нарийн судлан, үр дүнг нь тогтоож, нэг сургуулийг шилдгээр шалгаруулах аж.

Шилдэг сургуулийн захирал, биеийн тамирын багш болон тухайг аймаг, дүүргийн олимпын зөвлөлийн дарга, Боловсрол, соёлын газар, Биеийн тамир, спортын газрын дарга нарыг ирэх онд Индонезийн Жакарта хотод болох Азийн зуны спортын их наадам үзэх эрхээр шагнана. Мөн тухайн сургуулийг урамшуулахаас гадна, Сурагчдын шилдэг багт Олон улсын хүүхдийн зусланд амрах эрх олгох юм.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны гишүүдэд АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолбор байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх хүсэлт тавилаа

Image result for нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооУлсын Их хурлын нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд ажиллалаа. Байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга Л.Энх-амгалан, УИХ гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нар багтлаа.

Уулзалтын эхэнд АШУҮИС-ын захирал Г.Батбаатар сургуулийнхаа өнөөгийн байдал цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Манай хамт олон Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолбор байгуулах төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн нийт 12 барилга байгууламжаас бүрдэх цогцолборын сургалтын эмнэлэг 2018 оны долоодугаар сард ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Цогцолбороор нь 2020 оны эхний улиралд ашиглалтад оруулах юм. Энэ төсөл нийт 234,8 тэрбум төгрөг шаардлагатайгаас 176,7 тэрбум нь Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар шийдэгдсэн. Тодорхой хувийг эмнэлэг өөрийн төсвөөс бүрдүүлж байгаа бол улсын төсвөөс сургалтын эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэх гарааны хөрөнгө оруулалт болох 16,9 тэрбум, сургалтын эмнэлгийн барилгад шаардагдах 14,3 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн” гэлээ.

Мөн мэдээллийн төгсгөлд хоёр хүсэлтийг байнгын хорооны гишүүд тавьсан юм. Үүнд: Нэгд улсын төсвөөс гаргах санхүүжилтийг 2018 төсөвт тусган шийдвэрлэх, хоёрт оюутны дотуур байр барих газрын зөвшөөрлийг олгохоос татгалзсан нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний орлогч дарга Ц.Тулгын гарын үсэгтэй шийдвэр гарсан тул үүнд газрын зөвшөөрөл олгоход дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Дараа нь ардын багш, хүний гавьяат эмч Малчинхүү санал бодлоо хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Сургуулиа бүрэн тохитой эмнэлэгтэй, сурах боломжтой нөхцөлийг нь бүрдүүлэх тусам сайн эмч нар гарна. Сайн эмч гарах тусам эрүүл мэндийг хамгаалах ажилд өндөр амжилтай ажиллаж чадна гэж бодож байна. Монголын хүн амын өсөлтөөс эрүүл мэндийн, боловсролын бодлого хоцрогдсон. Цэцэрлэг байхгүй, гурван ээлжээр сургалт явуулж байна. Сая захирлын хэлсэн байрнууд чөлөөлөгдвөл тохитой боломжийн засвар хийгээд ашиглах боломжтой байгаа юм” гэлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлэхдээ: “Эрүүл мэнд боловсролын салбарт УИХ, Засгийн Газар түлхүү анхаарч байгаа. Жишээлбэл 2018 оны төсөвт гэхэд 57 сургууль, 90 цэцэрлэг шинээр барих төсөл төсвийг тусгаж оруулж ирэхээр өнөөдөр бүлэг дээрээ ярьж байна. Тиймээс эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг ДНБ-ний дэлхийн жишгээр ядахдаа дөрөв, таван хувьд хүргэх зорилтыг тавьж ажиллаж байгаа юм. Дээрх хоёр асуудлыг шийдэхэд гишүүдийг туслахыг эрдэмтэн багш нар маань хүслээ. Бид энэ асуудлыг төсөв хэлэлцэж байх үед аль болох шийдлийн олох тал дээр ажиллана” гэв.

Төгсгөлд нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ “Төсөл амжилтай хэрэгжсэнээр олон улсын стандарт нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэд хүргэх боломжтой болгох учир бүх талаар дэмжин хамтран ажиллана. УИХ-аас батлагдсан Эрүүл мэндийн даатгалын хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлэхэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бололцоо нэмэгдэнэ. Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо эрүүл мэндийн даатгалын санг бие даалгах түүхэн шийдвэр гаргасан эрүүл мэндийн салбарыг төрөөс дэмжиж байгаа маш том хөшүүрэг” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Элчин сайд Ж.Галтыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галтыг бүрэн эрхийн хугацаа нь өндөрлөж эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд Монголд ажилласан хугацаандаа хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан Элчин сайдын хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийллээ.

Өнгөрсөн долдугаар сард Элчин сайд Женнифер Зимдал Галттай уулзахдаа Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй экспортлох талаар санал дэвшүүлж байсан тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дурдаад үүнийг Конгрессоор оруулж дэмжүүлж өгөхийг хүслээ. Монголын талаас хуульчид АНУ-ын лобби бүлгийн хүмүүстэй энэ талаар ажиллаж байгаа бөгөөд ирэх 12 дугаар сарын эхээр тэдгээр хүмүүсийг Монголд ирүүлэхээр урьсан байна.

Элчин сайд Женнифер Зимдал Галт хоёр орны хооронд эдийн засгийн харилцааг бэхжүүлэх чиглэлд хийгдэж буй хоёр ажлын талаар ярилаа.

Нэгд, Мерси Кор олон улсын байгууллагаас Монголын махны экспортыг дэмжих 10 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд малын өвчнөөс шалтгаалан мах экспортлоход хүндрэл учирч байгаа тул АНУ-ын ХААЯ-ны Амьтан, ургамлын эрүүл мэндийн хяналтын албатай хамтран монгол малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнийг оношлох, тодруулах чиглэлд хамтран ажиллаж буйг тэмдэглэв. Монгол Улсад зөвхөн хоёр хөршдөө төдийгүй бусад олон улс оронд мах экспортлох өргөн нөөц боломж байгааг тэрээр мөн онцоллоо.

Хоёрт, Мянганы сорилтын сангаас Монголд хоёр дахь компакт гэрээг хэрэгжүүлэхэд 700 сая ам.долларын өртөг бүхий Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах төсөл ихээхэн хөшүүрэг болох талаар дурдлаа. Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээг 350 сая ам.долларын өртөгтэйгээр хэрэгжүүлэх зөвшөөрөл олгогдсон байна. Хэдийгээр Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажилд хөрөнгө оруулахгүй гэж шийдсэн боловч бусад донор байгууллагуудтай хамтран цогцоор шийдэх ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлд мөн анхаарах ажээ.

Элчин сайд саяхан Монголын 120 манлайлагч залуусыг хүлээн авч уулзсан байна. Тэдний дундаас ирээдүйн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд төрнө гэдэгт итгэж байна гэлээ.

Элчин сайд Женнифер Зимдал Галт Монголын энхийг сахиулагчид дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож буйг АНУ-ын зүгээсс өндрөөр үнэлдгийг мөн тэмдэглэн хэлж байв.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийн Засаг даргыг огцруулжээ

Баян-Өлгий аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн 16 төлөөлөгч Засаг дарга А.Гылымханыг хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр огцруулах санал гаргасан байсан. Уг саналаа энэ сарын 16-нд ИТХ-ын дарга Д.Бауыржанд өргөн барьж хэлэлцүүлэхээр болсон авч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хоёр удаа хойшлоод байсан юм. Тэгвэл өчигдөр тус аймгийн ИТХ хуралдаж Засаг дарга А.Гылымханыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Хуралдаанд оролцсон төлөөлөгчид огцруулах саналыг 100 хувь дэмжжээ. Түүний оронд ИТХ-ын төлөөлөгч Т.Серикжаныг томилуулах шийдвэр гаргажээ. Аймгийн шинэ Засаг даргыг Ерөнхий сайд эцэслэн томилно.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах боловсролыг хөгжүүлэх, чадавхыг дээшлүүлэх Япон улсын туршлагыг судална

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”-аас Монгол Улсад “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа юм.

Уг төслийн хүрээнд ОБЕГ-ын ГУСГ, НОБГ, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв, БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багш хөгжлийн институтийн мэргэжилтнүүд, Жайка олон улсын байгууллагын төслийн зохицуулагч нараас бүрдсэн 12 албан хаагч Япон Улсад “Гамшгаас хамгаалах боловсролыг хөгжүүлэх, чадавхыг дээшлүүлэх” сэдэвт сургалтад хамрагдан туршлага судлахаар ажиллаж байна.

Тус сургалт нь 14 хоног үргэлжлэх бөгөөд Япон Улсын гамшгаас хамгаалах боловсрол олгох системтэй танилцаж, туршлага судлах зорилготой юм.

Сургалтад оролцогчид өчигдөр буюу 2017.10.30-нд Токио хот дахь “Жайка” Японы ОУБ-ын төв байранд “Гамшгийн эрсдэлийг бууруулах ба Эдийн засгийн өсөлт” сэдэвт лекц сонсож, Хонжёбоосайкан иргэдийн гамшгаас хамгаалах сургалтын төвтэй танилцсан байна.

Categories
мэдээ нийгэм

ДНЭМБН-ийн Удирдах зөвлөлд НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Б.Цогтбаатар сонгогдлоо

Дэлхийн Нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын нийгэмлэг (ДНЭМБН)-ийн чуулга уулзалт 10 сарын 23-27-ны өдрүүдэд Италийн Ром хотноо болж өнгөрлөө. Тус уулзалтад Монгол улсаа төлөөлөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, Азийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн сүлжээний дэд ерөнхийлөгч Б.Цогтбаатар оролцов.

Уулзалтаар дэлхийн хүн амын эрүүл мэндийг сайжруулах арга замууд, сүүлийн үед гарч буй халдварт өвчин болон нийгмийн эрүүл мэндийн ирээдүйн чиглэл, хэтийн төлөв, байгууллагын хөгжлийн талаар ярилцсаны дотор агаарын бохирдол, хүүхдийн эрүүл мэнд, нас баралтаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлийг түлхүү хэлэлцсэн байна.

Энэ үеэр ДНЭМБН-ийн Удирдах зөвлөлд гурван гишүүн нөхөн сонгосон бөгөөд хоёр үе шаттай явагдсан сонгуулиар Ази тивийг төлөөлөн НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Б.Цогтбаатар сонгогдлоо. Мөн Этиопын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Ebba Abbate, Германы Роберт Кохын нэрэмжит институтын захирал Lothar Wieler нар сонгогдов. Тус нийгэмлэгт90 гаруй орны 120 гаруй нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд гишүүнчлэлтэй бөгөөд дэлхийн нийгмийн эрүүл мэндийн чиг хандлага, хүн амыг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хувь нэмрээ оруулахаар ийнхүү анх удаа Монгол хүн сонгогдсон байна.


Categories
мэдээ нийгэм

Арван настай хоёр охиныг дээрэмдэхийг завджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн гадна талбайд 10 настай хоёр охиныг дээрэмдэхийг завдсан хэрэг өчигдөр гарчээ.

Тус сургуулийн гадна талбайд 10 настай хоёр охиныг хичээлээ тараад явж байхад үл таних хүн дээрэмдэхийг завдлаа гэсэн дуудлага цагдаагийн 102 дугаарт өгчээ. Дуудлагын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд суух 18 настай эрэгтэй Б нь “Мөнгө өг” гэж айлган сүрдүүлж дээрэмдэхийг завдсан нь тогтоогджээ. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Еф Эндрик багтаа гурван оноо авчирлаа

Английн премьер лигийн аравдугаар тойргийн сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө “Бөрнли” болон “Ньюкасл” багуудын хооронд явагдлаа. Энэ тоглотод талбайн эзэн “Бөрнли” Ирланд довтлогч Еф Эндрикийн 74 дэх минутанд оруулсан гоолын ачаар хожил байгуулсан байна.

Ингэснээр “Бөрнли” 16 оноотой болж хүснэгтийн долоодугаарт бичигдэж эхэлж байгаа юм. Харин “Ньюкасл” 14 оноотойгоор есдүгээр бичигдэж байна.

Премьер лигийг арван тойргийн дараах байдлаар “Манчестер сити” 28 оноотой тэргүүлж байгаа бол “Манчестер Юнайтед” 23 оноотой “Тоттенхем” 20 оноотойгоор удаалж байгаа юм.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хоёр тусдаа хуралдаж байгаа бололтой

Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгооны асуудлаар УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавиад байгаа. Холбогдох хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах эсэхээ өнөөдөр эцэслэн шийдвэрлэх ёстой. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, хоригийг хүлээж авахаас татгалзсан билээ. Энэ дагуу өнөөдөр чуулганы хуралдаанаар асуудлыг оруулна гэсэн хүлээлттэй байгаа юм. Одоогоор чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, УИХ дахь МАН-ын 32/33-ын бүлэг тус тусдаа хуралдаж байгаа гэнэ. М.Энхболдын тэргүүлж буй 32-ын бүлгээс Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилуулахгүй байх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурин дээр нэгдсэн талаар зарим эх сурвалж тодотголоо.