Хэдхэн хоногийн өмнө Монголын сагсчид сагсан бөмбөг болоод багийн спортын түүхэнд хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн билээ. Тодруулбал, БНХАУ-ын Шиамень хотод болсон “3х3” сагсан бөмбөгийн Дэлхийн оюутны лигт алтан медаль хүртсэн. Тэдний хувьд өнгөрөгч дөрөвдүгээр сард Малайзад болсон Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр Дэлхийн оюутны лигт орох эрхээ авсан юм. Ингээд Монголын “3х3” сагсан бөмбөгийн оюутны шигшээ багийн гишүүн О.Энхбаатартай ярилцлаа.
-Сагсан бөмбөгийн спорт тэр ч бүү хэл багийн спортод нэгэн шинэ хуудсыг нээсэн танай багийнханд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач?
-Маш их баярлалаа. Ямартай ч зорилгодоо хүрч аваргын алтан медалийг хүртлээ. Сэтгэл маш өндөр байна.
-Алтан медалийн төлөө тоглолтыг Сербийн багтай хийсэн. Хүчтэй багтай учраа таарсан болохоор мэдээж амаргүй хожил байсан байх?
-Манайх тэмцээний “D” хэсэгт хуваагдсан. Харин хэсгээсээ гурваар гарч, хасагдах шатны тоглолтоо Аргентиний багтай хийж, 19:13 хожсоноор шилдэг наймд шалгарсан юм. Ингээд хагас шигшээд үлдэх хариуцлагатай тоглолтыг Ираны багтай хийж, 20:19 харьцаагаар ялсан бол хүрэл медалийн төлөөх тоглолтод Чилийн багийг 19:13 хожиж, шигшээд шалгарсан. Ираны багийнхан маш хүчтэй өрсөлдөгчид байлаа. Тамирчид нь ч бид нараас харьцангуй өндөр. Ямартай ч гал гарсан тоглолт болж нэг онооны зөрүүтэйгээр бид хожиж хагас шигшээд үлдсэн. Улмаар медалийн төлөөх тоглолтод Чилийн багийг 19:13 хожиж шигшээд шалгарсан юм. Ийнхүү алтан медалийн төлөөх тоглолтод Сербийн багийг 21:17 хожиж түүхэн амжилт үзүүллээ. Мэдээж хамгийн хүчтэй баг маань Серб байсан. Их чадварлаг сагсчидтай. Ер нь сагсан бөмбөгөөрөө дэлхийд алдартай шүү дээ.
-Эхний өдөр хоёр ч ялагдсан. Харин дараагийн өдрүүдэд их эрч хүчтэй байгаа харагдсан шүү.
-Манай тамирчдын нэг дутагдал нь сэтгэлзүй их муу байдаг. Сэтгэлзүйгээ тогтвортой, бэлтгэлтэй байлгах мэдлэг их дутагддаг юм шиг санагддаг. Энэ нь спортын сэтгэлзүйн салбар төдийлөн хөгжөөгүйтэй холбоотой болов уу. Сэтгэлзүйн бэлтгэл муу байсан болоод ч тэрүү эхний өдөр ялагдсан. Бидний хувьд эхний өдөр ялагдчихаад орой нь багаараа уулзсан. Алдаа оноогоо дэнсэлж, оюун санаагаа цэгцэлсэн л дээ. Ингээд маргаашнаас нь эхлээд бодсон тоглолтоо хийж эхэлсэн.
-Манай баг тамирчдыг шилдгээр шалгарахад гадны баг, тамирчид хэрхэн хүлээж авч байсан бол?
-Биднийг Азиуд, монголчууд гээд төдийлөн тоодоггүй. Өмнөх тэмцээн болоод саяны Дэлхийн оюутны лиг ч мөн ялгаагүй л дээ. Тэмцээний эхний өдөр гэхэд бараг л тоож харахгүй. Уул нь бид адилхан л тамирчид байгаад байдаг. Харин бусад орны баг тамирчидтай мэнд усаа мэдэлцээд л яваад байдаг. Харин биднийг медаль аваад эхлэхээр их анхаарч эхэлдэг. Мэндлэнэ, ирж гар барина. Ямартай ч хичээснийхээ үр дүнд багийн спортоор Монголыгоо багахан ч гэсэн таниулж яваа гэж боддог доо.
– Монголчууд өөрсдийгөө багийн спортоор амжилт үзүүлнэ гэдэгт итгэл муу байх шиг санагддаг. Багийн спортод хувийн тоглолт үзүүлээд байдагтай ч энэ нь холбоотой байх. Энэ тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Монголчууд багийн спортоор амжилт үзүүлэхгүй, төдийлөн хол явахгүй гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй байдаг. Харин ямар ч спортыг дэмжээд өгөх юм бол боломжгүй зүйл байхгүй гэж бодож байгаа.Түүний өчүүхэн нэг илрэл нь энэхүү амжилт маань юм болов уу гэдэгт итгэлтэй байна. Ер нь бол багийн спорт хамтын ажиллагаа дээр л тогтдог. Нэг цэгт нэг хүн шиг байж чадсанаараа багийн спорт үр дүнгээ өгдөг, амжилт үзүүлдэг. Эв нэгдэл, хамтын ажиллагаа, нөхөрлөл энэ бол сагсан бөмбөг шүү дээ. Тэгэхээр хувиа хичээх, хувийн тоглолт хийх зэрэг нь спортынхоо утга учир, зорилгыг ойлгосон цагт гарч ирээд байхгүй болов уу. Ямартай ч миний тоглодог багуудад тийм үзэгдэл барагтай л бол гараад байдаггүй. Биднийг системтэй, багийн спортыг утга учрыг ойлгуулж бэлдсэн учраас тийм зүйл ажиглагддаггүй.
Манайхан олимпийн төрөлд багтсан цөөн тооны спортоо л дэмждэг. Харин бүхий л спортоо жигд дэмжээд өгөх юм бол ямар ч амжилтад хүрэхийг үгүйсгэхгүй. Бор зүрхээрээ яваад энэ хэмжээний амжилт гаргаж байгаа. Тэгэхээр сэтгэл, итгэл нэмээд өгөх юм бол монголчууд багийн спортоор дэлхийд онцгойрч болох юм. Амжилт ойрхон байгаа юм шиг л санагддаг.
-“3х3” сагсан бөмбөгийн спорт олимпийн нэгэн шинэ төрөл болон орсон. Ер нь энэ спортын онцлог нь юу вэ. Монголчуудад хэр тохиромжтой спорт бол?
-Энэхүү “3х3” сагсан бөмбөгийн спорт маань олимпийн төрөлд орсонд бид маш их баяртай байгаа. Учир нь бидний зорилго, мөрөөдөл улам нэмэгдэж, хичээх ёстой гэдгийг сануулж байна. Энэхүү спорт нь монгол хүний биеийн онцлогт тун тохиромжтой. Мөн тэсвэр тэвчээр, хурд хүчийг их шаарддаг учраас монгол хүнд илүү таарсан гэж болно.
-Багийнхнаа танилцуулаач?
-Манай баг Б.Батзолбоо, Б.Наранбаатар, Ц.Отгонжаргал гэсэн сайхан залуучуудтай. Бүгд л сагсан бөмбөгт сэтгэл зүрхээ зориулж хөдөлмөрлөдөг. Олон ч тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн туршлагатай сагсчид бий. Тэмцээн бүхэнд л өөрийгөө дайчилж, зориулж чаддаг даа.
-Дараа нь ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа бол?
-Бид Дэлхийн оюутны лигт түрүүлснээр Мексикийн Их дуулга ангиллын тэмцээнд оролцохоор болсон. Тэмцээндээ ирэх долоо хоногт явна. Энэхүү тэмцээн нь чансаагаараа хамгийн өндөрт тооцогддог. Ойрын төлөвлөгөө гэвэл энэ байна. Харин багийн спортоор, тэр дундаа “3х3” сагсан бөмбөгийн төрлөөр олимпийн анхны медаль авчрах хэтийн зорилготой.
-Та хэдийнээс сагсанбөмбөгөөр хичээллэж байна вэ?
-Би 2012 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд элсэн орсон юм. Нөөцийн ажилтан мэргэжилтэй. Ер нь их сургуульд орсон үеэсээ л сагсан бөмбөгөөр эрчимтэй хичээллэж эхэлсэн. Оюутан байх хугацаандаа сургуулийнхаа шигшээ багт тоглодог байлаа. Манай шигшээ багийг Л.Эрдэнэпүрэв багш маань дасгалжуулдаг. Энэ хүн л намайг сагсанбөмбөгт хөтөлсөн гавьяатай хүн л дээ. Одоо бол Архангай аймгийн “Алтан Дорнод” багт харьяалагддаг. Уг нь би Булган аймгийн харьяат л даа. Багш маань “Алтан Дорнод” багт дасгалжуулагч хийдэг учир энэ багийн тамирчнаар явж байгаа. Харин Монголын “3х3” сагсан бөмбөгийн оюутны шигшээ багийн дасгалжуулагчаар Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга ажилладаг. Энэ хүний хүч хөдөлмөрөөр Монголын сагсан бөмбөг шинэ түвшинд хүрч чадаж байгаа гэж би боддог.
-Таны өндөр хэд вэ. Чамгүй өндөр харагдаж байна шүү?
-Миний өдөр 196 см л байх. Би үзээгүй удаж байна. Гэхдээ надаас өндөр сагсчид олон бий шүү. Тэр бүү хэл 17 настай мөртлөө хоёр метр өндөртэй ч хүүхэд байдаг.