Categories
мэдээ улс-төр

НИТХ дахь МАН-ын бүлэг ширүүхэн хуралдаж байна

Өнөөдөр НИТХ-ын шинэ дарга тодрох хүлээлттэй байна. Гэсэн ч НИТХ дахь МАН-ын бүлэг хараахан хуралдаж дуусаагүй байна. Тэд хоёр нэр дэвшигч дээрээ санал хуваагдаад байгаа тул ширүүхэн хуралдаж байгаа гэнэ. Харин НИТХ дахь АН-ын бүлгийнхэн өглөө 9.30 минутаас хойш МАН-ын бүлгийнхнийг хүлээн хуралдааны танхимд сууж буй.

Хурлын танхимын гадна ажлын байраа алдсан жижиглэн худалдаа эрхлэгчид уриа лоозон барин эсэргүүцэл илэрхийлж байна. Тэд 168 цаг өлсгөлөн зарлаж байгаа гэнэ.

Б.ОДМАА



Categories
гадаад мэдээ

Каталоничуудын олонх нь Испаниас тусгаар тогтнохыг дэмжжээ

Зураг“Каталонийн оршин суугчдын дийлэнх нь Испаниас тусгаар тогтнохыг дэмжлээ. Каталони төрт улс боллоо” гэж Испанийн Каталони мужийн захирагч Карлес Пьигдемон мэдэгдсэнийг “Би-Би-Си” телевиз уламжлав.

К.Пьигдемон өчигдөр орой мэдэгдэл хийхдээ “Өнөөдөр явуулсан бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 90 хувь нь Испаниас тусгаар тогтнохыг дэмжсэн. Сонгогчдын ирц 42.3 хувьтай байсан” гэжээ.

Испанийн Үндсэн хуулийн шүүх бүх нийтийн санал асуулга явуулахыг “хууль бус үйлдэл” гэж үзэн хориглосон бөгөөд санал асуулга явуулахыг зогсоохын тулд хүч хэрэглэснээр хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн байна. Цагдаа нар санал авах байрнууд дахь саналын хуудсууд болон хайрцгуудыг хураан авсан аж.

Каталонийн захирагч К.Пьигдемон телевизээр мэдэгдэл хийхдээ “Каталоничууд зовлон зүдгүүрийн дундуур итгэл найдвар тээсээр тусгаар улс болох эрхтэй боллоо. Бид энэ бүх нийтийн санал асуулгын дүнг ойрын өдрүүдэд Каталонийн парламентад өргөн барих болно” гэжээ.

Бүх нийтийн санал асуулга дууссаны дараа Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой мэдэгдэл хийхдээ “Каталоничуудын тархийг угааж, хууль бус санал асуулга хийлээ. Тэнд ямар ч хууль ёсны санал асуулга болоогүй” гэжээ.

Каталонийн нийслэл бөгөөд Испанийн хоёр дахь том хот болох Барселона хотын төвд тусгаар тогтнохыг дэмжигч хэдэн зуун хүн өчигдөр орой цуглаж, Каталонийн далбааг мандуулж, төрийн дууллаа дуулцгаасан байна.

Тусгаар тогтнохыг эсэргүүцэгчид мөн Барселона болон Испанийн бусад хотод жагсаал хийжээ.

Хүчирхийлэл

Каталонийн захиргааны мэдэгдсэнээр, өчигдөр тус мужид 800 гаруй хүн хүнд, хөнгөн бэртэж гэмтжээ.

Харин Испанийн ДХЯ мэдэгдэхдээ “12 цагдаа бэртэж гэмтсэн. Гурван хүнийг баривчилж, 92 санал авах байрыг хаасан” гэжээ.

Хүмүүсийг санал асуулгад оролцоход саад болохын тулд Испанийн төв Засгийн газар Каталони руу хэдэн мянган цэрэг илгээсэн аж.

Хэр олон санал авах байр байв?

Каталонийн холбогдох албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, мужийн хэмжээнд 2300 санал авах байр байгуулсны 319-ийг нь цагдаа нар, 92-ыг нь Испанийн төв Засгийн газар хаажээ.

Каталонийн захирагч мэдэгдэхдээ “Каталонийн 5.34 сая сонгогчийн 2.26 сая нь бүх нийтийн санал асуулгад оролцсон” гэжээ.

Санал авах байр болгосон сургууль болон бусад байгууллагыг хаалгахгүйн тулд тэдгээр байгууламжид хэдэн мянган хүн өнгөрсөн баасан гарагаас хойш байрласан аж.

Испанийн зүүн хойд нутагт орших 7.5 сая хүн амтай Каталони хэмээх энэ чинээлэг муж нь өөрийн гэсэн хэл, соёлтой, өөртөө засах эрхтэй ч Испанийн Үндсэн хуулийн шүүх “тусдаа улс” гэж үздэггүй юм.

2008 оны дэлхийн санхүүгийн их хямралаас хойш эдийн засгийн хямралаас бүрэн гарч чадахгүй байгаа Испанийн Засгийн газарт каталоничуудын татварын орлогоос хэтэрхий их мөнгө өгч байна гэж ард иргэд нь шүүмжлэх болсноор Каталонийн захиргаа тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргажээ.

Categories
мэдээ спорт

Анхны тэмцээнд жүдог үндэслэгчид түрүүлэв

“Буянт-Ухаа” спортын ордонд жүдо бөхийн Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 1-нд болов. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Японы “Пак-24” баг түрүүлж, “Асахи Касей” мөнгө, Монголын “Женко”, “Сүлд” спорт хороо хүрэл медаль хүртлээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн ангилалд Японы Комацү баг түрүүлж, “Хилчин” спорт хороо мөнгөн медаль хүртсэн бол “Женко”, “Алдар” спорт хороо хүрэл медалийн тавцанд гарсан байна. Энэ тэмцээн анх удаа болж байгаа нь энэ юм. Манай жүдо бөхийн холбоо эх орондоо анхдугаар тэмцээн хүлээн авсан дөрөв дэх тэмцээн нь энэ болов. Өмнө нь 2006 онд Зүүн Азийн АШТ, 2009 онд Дэлхийн цом, 2017 онд Цэргийн зүүн Азийн АШТ зохион байгуулсан байна.

Анхны тэмцээнд жүдог үндэслэгчид түрүүлэвАнхны тэмцээнд жүдог үндэслэгчид түрүүлэвАнхны тэмцээнд жүдог үндэслэгчид түрүүлэвАнхны тэмцээнд жүдог үндэслэгчид түрүүлэвАнхны тэмцээнд жүдог үндэслэгчид түрүүлэв

Categories
мэдээ цаг-үе

Монголын урлаг, соёлын түүчээ С.Бадралынд

Монголын мөнгөн үеийн яруу найрагч Жамьянгийн Болд-Эрдэнэ гэж гайхамшигтай “амьтан” байлаа. Болд-Эрдэнэ ах маань үе үе “Бадрал анд” гэж ярина. С.Бадрал Баянхонгор аймгийн Баянговь сумын найман жилийн дунд сургуулийг 1979 онд төгссөн хүн. Бадрал ах таван сартайдаа Баянговь суманд өвөө Пэрлээжамцындаа очиж байсан юм билээ. Бадрал гэдэг хүнийг багаар бодож болсонгүй ээ. Өвөөгийнхөө нэрийг “Үйлсийн далай” гээд орчуулах жишээтэй. Тэгэх нь ээ, Пэрлээжамц гэдэг нь далай лам нарын нэг дүрийнх нь нэр гэнэ. Эмээ нь доржхорол. Эмээгийнхээ нэрийг Очирхүрдэн гэж хэлж байна. Эндээс харахад энэ С.Бадрал гэдэг хүн нуруу намхан ч эрдэм өндөр хүмүүн аж. Өвөө нь Баянговь сумын зочид буудалд тогоочоор ажиллаж байгаад зээ хүүгээ гурван нас хүрэхэд Их Богд уулын өвөр Цагаан голын Дунд хар хошууны орчимд нутаглах болсон юм байна. Бадрал хүү энд л хөлөө сайртаж хужирттал тоглож өссөн юм. С.Бадрал 2009 онд энэ л төрсөн нутагтаа 20 гаруй оюутан шавь нараа дагуулан очиж эрдмийн ажил хийжээ. Тэр л үед Баянхонгорын Баянговийн их яруу найрагч Ванхүүгийн Батбаярын төрсөн бууц Цоохорын нуруугаар очиж эрхэм андаа санагалзан тэнгэрийн дор зогссон гэдэг.

Бадрал багш ер зүгээр байдаггүй хүн бололтой. Саяхан гэхэд шавь нараа дагуулаад бурханч лам Пүрэвбатын байгуулсан Аглагийн хийдээр ороод иржээ. Шавь нараа жилд хоёр удаа уран зургийн дадлагад гаргадаг гэнэ. Монгол Улсын төрийн шагналт, ардын зураач, профессор Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх, дизайн урлагийн сургуульд 1993 онд багшилснаас хойш ная гаруй уран барималч төгсгөсөн байна. Түүний шавь нар гэвээс нэрт барималч, соёлын тэргүүний ажилтан Алтаншагай, Багшийн дээд сургуулийн номтой хөшөө болон Б.Ширэндэвийн хөшөөг хийсэн Эрдэнэсайхан, БНСУ-ын Чендү хотноо зохиогдсон олон улсын дүрслэх урлагийн наадмын тэргүүн шагналт “Монгени” цогцолбор сургуулийн багш калиграфич Ц.Тамир, Шведэд Land art бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан Д.Батхолбоо, Догшин ноён хутагт Данзанравжаагийн хөшөөг бүтээсэн “Шинэ Яармаг” хорооллын менежер Д.Ганбаатар, төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөн дээр ажилласан Х.Мөнхтүвшин, Хэнтий, Дорнод, Дорноговь, ӨМӨЗО-нд алдар цуутай хүмүүсийнх нь хөшөөг барьсан Т.Даваасамбуу нарын олон барималчид байна. Бадралын шавь Н.Цогмагнай Хэнтий аймгийн Дэлгэрхаанд алдарт уяач Сүрэнхорын хээр азарганы хөшөөг босгосон нь өнөө ч олон түмний нүдийг баясгасаар.

Шавь У.Цолмонхүү нь гэхэд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх нийслэл хотын макет баримлыг хүрлээр цутгасан гээд бод доо. Бадрал багшийн шавь нар гадаадын олон сургуульд суралцсан байдаг. БНСУ-ын Сөүл хотод Ө.Одхүү, Ромд Б.Цагаадай, Флоренцид Пүрэвхүү, Австрийн Венад Б.Очироо нар магистрт суралцаж төгсчээ. Хөх хотод Энхбаяр, Бүрэнжаргал, Анхмаа, АНУ-ын Чикаго хотод Энхтамир, Хөвсгөл аймагт Б.Бат-Эрдэнэ, Баянхонгор аймагт С.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймагт Даваацэрэн, Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгад Т.Батдэлгэр нар ажиллаж байна. Мөн “Сити” их сургуульд Б.Цагаадай, “Орхон” бүрэн дунд сургуульд Д.Наранжаргал, “Монгени” сургуульд Х.Эрдэнэсайхан, ШУТИС-д С.Мөнхзаяа, Хүүхдийн урлан бүтээх төвд Т.Даваасамбуу, Г.Санчир нарын шавь нар нь ажилладаг юм байна.

С.Бадрал шавь нартайгаа гурван жилд нэг удаа хамтарсан үзэсгэлэн гаргаж иржээ. 2013, 2017 онд МУЭ-ийн танхимд үзэсгэлэн гаргаж цомог хэвлүүлсэн байна. Түүний хоёр дахь төгсөгчид 2019 онд уг үзэсгэлэнг хариуцаж гаргахаар болжээ. Бадралд магистр болоод бакалаврын шавь нар маш олон. Өмнөд Монголоос гэхэд ес дэх шавиа төгсгөх гэж байна. ОХУ-ын Буриадаас магистрт суралцаж байгаа нэг нөхөр байна аа. Тэр нөхөр бол Буриадын ардын зураачийн хүү шүү дээ. Японд дээд сургууль төгссөн гэж байгаа. Аавынхаа ч үгэнд орохгүй байсан энэ нөхрийг мань Бадрал л урлагийн замд хөтлөн оруулжээ. Бадрал Чингис хааны ач хүү Хубилай сэцэн хааныг бурханчлан шүтдэг юм билээ. Тэрээр “Хубилай их богдын өв судлалын төв”-ийг байгуулсан байна.

Одоогийн Баянхонгор аймгийн говийн сумд буюу Сайн ноён хан аймгийн урд хэсэг Хубилайн нагац өвөө Жаха хамбугийн төрөлх нутаг байжээ. Тиймээс С.Бадрал 2016 онд Баянговь сумын сургуулийн 70 жилийн ойд зориулан Хубилай хааны цээж хөшөөг сургуулийн үүдэнд босгожээ. Үр хойчоо Хубилай сэцэн шиг эрдэмтэй хүн болоосой гэж тэр хүсчээ. “Жа-гийнхан жалгын нэг” гэдэг үгийг Бадрал л гагц тайлж чадах биз ээ. Чингис хааны ач Мөнх хааны төрийн их заргач Мөнхсаруул ноён Жа овогтон байж. Энэ тухай Оросын эрдэмтэн Рерих судалгааны бүтээлдээ бичсэн байдаг ажээ. Бадрал энэ сургуулийнхаа босгоор арван зургаан настайдаа анх алхан орж эдүгээ тавь гаруй насалтлаа орж гарч л явна.

Бид Бадрал багшийн баримлын өрөөгөөр орлоо. Гуравдугаар курсын П.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар морины баримал дээр ажиллаж байна. Морь ерөнхийдөө хоёр хөл дээрээ зогсдоггүй гэнэ ээ. Бадрал үүнийг шавь нартаа хэлж байна. Тэгснээ “Хүмүүсийн нэг талаас нь хардаг юмыг би мянган талаас нь харж сурсан” гэж Францын агуу их сэтгэгч Вольтер хэлсэн юм шүү гээд инээж байна. Энэ Бадрал нуруу намхан боловч сэтгэлгээ өндөр нөхөр ажээ. “Уран зураач, барималч хоёр хоёулаа л яруу найрагч. Гэхдээ уран барималч хэзээ ч шог хошинг тэвчдэггүй” гэж ярьж байна. Өндөр гэгээн Занабазар аль эрт 5D-г бүтээсэн хүн гэнэ. Үнэн биз дээ, бид юугаа мэдэхэв. Барималч хүн эрхи имэрч байгаа юм шиг ариун нандин бүхнийг эрхэмлэж байдаг болохоор зүрх судас нь ер өвдөггүй гэнэ. Бадрал багшийн ярианаас нэг их сонин юм сонсов. Барималч хүн караказ буюу баримлын загвараа барихдаа тооцоотой байхгүй бол нам дарагддаг гэнэ дээ. Жишээлбэл, Лениний хөшөөг барьж байсан нэг нөхөр загвараа буруу босгосноос шавартаа даруулж үхсэн гунигт түүх байдаг юм байна. Уран барималч хүн хэзээд завгүй байдаг аж. Анзаараад байхад шавартаа зууралдсан энэ нөхдийг их л заваан гэж бодож байсан юм. Гэтэл энэ шаварчид хамгийн цэвэрч хүмүүс ажээ. Яагаад гэвэл баримлаа барьчихаад дараа нь шууд гараа угааж цэвэршдэг аж.

С.Бадрал Ленинградын уран зургийн академи төгссөн хүн. ЗХУ-ын социалист хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, Лениний шагналт, ардын зураач М.К.Аникушины гарын шавь болсондоо өнөө ч бахархдаг. Багш нь Пушкин, Есенин, Блок нарын хөшөөг босгосон юм билээ. Ленинградад хөгжмийн зохиолч Глинк, агуу их Айзовский, Пушкины хайрт гэргий Наталья Гончарова нарын алдарт хүмүүсийн шарил бунханд Монголын их яруу найрагч Жамьянгийн Болд-Эрдэнэ, Бадрал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар үе үе очиж хүндэтгэл үзүүлдэг байжээ. Бадрал багшийн энэ сайхан ярианд автаж шавь нарынх нь бүтээлийг сонирхоод бид Дашчойлин хийдийн баруунтайх гэрт нь зочлов. Гэргий нь Завхан аймгийн Ургамал сумын гаралтай Д.Уранбилэг гэж Туулын хөвөөнд өссөн Яармагийн охин ажээ. Бадрал ханиа анх 1980 онд гандмал ягаахан пальтотой байхад нь харсан гэдэг. Долоон жилийн дараа тэр хоёрын хооронд ямархан сайхан ертөнц бүрдэхийг хүний хорвоо мэдсэнгүй ээ. Нутгаа санаад л найз охиндоо захиа бичнэ ээ. “Хоёр охин, нэг хүүтэй боллоо” гэж ирээдүйн гэргийдээ бичиж байсан нь одоо бодоход үлгэр ч юм шиг. Бадралын Ленинградын андууд гайхамшигтай хүмүүс байлаа. Монголын ерээд оны мөнгөн үеийн яруу найрагчдын түүчээ Жамьянгийн Болд-Эрдэнэ, “Хөх зул” номоо гаргасан Л.Энх-Амгалан нарын сайхан сэтгэлтнүүд түүнийг хүрээлж байв.

Уранбилэг тэр хоёр хань ижил болоод үрийн сайхан аав ээж болцгоожээ. Ууган охин Цагаадай 1989 онд, удаахь үр Билгүтэй 1992 онд, отгон хүү Боданчар 2000 онд төрсөн юм билээ. Яг үнэндээ үр ач нарынх нь нэрээс өгсүүлээд л маргах юм зөндөө л байсан. Боданчар гэдгийг тэнгэрийн хүү гэж тэр тайлбарлаж байна. Түүний хоёр охин гартаа уртай гайхалтай үрс ажээ. Охин Билгүтэй “Гоёо” компанид загвар зохион бүтээгч. Охин Цагаадай “Сити” их сургуульд багш. Хүү Боданчар “Шинэ Монгол” сургууль төгсөөд ШУТИС-ийн компьютер графикийн ангид элсэн орсон. Отгон хүү авьяасын сав хоосонгүй гэнэ. Боданчар Японд болсон олон улсын хүүхдийн зургийн уралдааны анимейшн төрөлд шилдэг бүтээлийн тэргүүн байр, “International Modern Artist association”-ын Ерөнхийлөгч Мацуда Такаакийн шагнал, арван мянган иен хүртсэн байна.

Урнаа эгчийн хувьд “Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах туршлагын үйлдвэр”-т мастераар ажиллаж байжээ. Энэ үйлдвэр одоогийн Жаргалсайханы “Буян” компани юм билээ. Бадрал докторыг Монголын оюун санаа, зан үйл, нууц тарнийн олон номын эхийг хадгалсан гайхамшигт цуглуулагч гэдгээр нь монголчууд андахгүй. Түүний цуглуулгад Чингис хаан, Хубилай хаан, Галдан бошигт хааны нууц номууд ч байдаг юм билээ. Чингис хааны цагаан сүлдний сахиус тэднийд байна. “Монголын нууц товчоо”, “Хөх судар”, “Судрын чуулган”, “Өндөр гэгээний түүх” хэмээх сайхан бүтээлүүд нүдний хараанд өртөж байлаа. Бадрал докторын өчнөөн сайхан номыг үзэх бүр ном унших соёлыг би дэндүү гайхамшигтай мэдрэв. Тэр хүн хөх, улаан балаар тэмдэглэнэ. Номын арын хуудсанд тусгай тэмдэглэл хөтөлнө. Өндөр гэгээн, Манлай баатар Дамдинсүрэн, Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал нарын бүхэл бүтэн үзэсгэлэнгүүд түүнд бий. Сүхбаатарын Бадралын аль сайхан цуглуулга, эрдмийн ажлыг та бүхэндээ хэлж барах билээ дээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн ИТХ-ын шинэ даргыг өнөөдөр тодруулна

Image result for НИТХ-ын ээлжитНИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан өнөөдөр үргэлжилнэ.

НИТХ-ын 11 дүгээр хуралдаан өнгөрөгч сарын 20-нд хуралдаж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Мөн шинэ даргад НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, Д.Баярсайхан нарыг өрсөлдүүлж, санал хураасан ч ялагц тодроогүй. Хоёр нэр дэвшигчийн санал тэнцэж, хэн нь ч олонхийн санал авалгүй, НИТХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар хуралдаан өндөрлөсөн юм.
Завсарлага өнгөрөгч долоон хоногийн баасан гарагт дуусч, НИТХ хуралдах хүлээлттэй байсан ч өнөөдрийг хүртэл хойшлуулсан билээ.

НИТХ-ын даргад нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул дараагийн хуралдаанд дахин өөр нэр дэвшигч оруулж ирэх тухай яригдсан. Гэсэн ч МАН-ын бүлэг өөр нэр дэвшигч оруулах шаардлагагүй гэж үзжээ. Тиймээс өнөөдөр хуралдах НИТХ-ын хуралдаанаар дахин санал хураалт явуулж, дээрх нэр дэвшигчдээс НИТХ-ын шинэ даргыг тодруулах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Дархан сумын 3 дугаар тойрогт аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгуулийн нэмэлт санал хураалт болж байна

Дархан сумын 3 дугаар тойрогт аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгуулийн нэмэлт санал хураалт болж байнаДархан-Уул аймгийн ИТХ-ын Дархан сумын 3 дугаар баг буюу 3 дугаар тойрогт 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Ням гарагт өглөөний 07.00 цагаас 22.00 цагийн хооронд нэмэлт санал хураалт болж байна. Учир нь уг тойргийн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн аймгийн ИТХ-ын сонгуулийн ирц 40 гаран хувьтай буюу ирц бүрдээгүй байна. Тиймээс Сонгуулийн хуулийн дагуу нэмэлт санал хураалтад 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр саналаа өгсөн иргэдээс бусад сонгогчдын саналыг авч байгаа юм. Дархан сумын 3 дугаар тойрог нь нийт 3600 гаруй сонгогчтой бөгөөд өнөөдрийн 20 цагийн орчимд сонгогчдын ирц 477 дугаар хэсэгт 58.04 хувь, 478 дугаар хэсэгт 55.72 хувьтайгаар санал хураалт үргэлжилж байгаа талаар хэсгийн хороодуудаас мэдээллээ.

Дээрх тойрогт аймгийн ИТХ-ын төлөөлөгчид МАН-аас Д.Батжаргал, АН-аас Х.Чинзориг, М.Гэрэлтуяа нар нэр дэвшиж байгаа бол бие даагчаар Д.Дэлгэрбаяр, О.Энхзаяа нар нэр дэвшиж байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд: ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрөө үргэлжлүүлэх болно

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент хоёр дахь намартайгаа золгож, ээлжит чуулганаа эхлүүлж байна.

Завсарлагааны хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж, УИХ хоёр ч удаа ээлжит бус чуулган хуралдуулж, та бид нэлээд ачаалалтай ажиллалаа.

Хаврын ээлжит чуулган өндөрлөснөөс хойших завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд эх орныхоо 21 аймаг, сум, нийслэлийн 9 дүүрэгт хүрч ажиллалаа. Хөдөө орон нутагт л гэхэд давхардсан тоогоор 46 гишүүн 305 хүн өдөр ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзан, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын бодлого, зорилтын талаар санал бодлоо солилцож, УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжийг сурталчлан ажилласан байна.

Улс орны нийгэм, эдийн засгийн байдал үүнээс ч илүү зүтгэл, санаачилгатай ажиллахыг биднээс шаардаж байгаа. Гэхдээ идэвх чармайлтаа гарцаагүй тулгамдсан, улс орны өнөө хийгээд ирээдүйн амин чухал эрх ашгийг хөндсөн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглүүлмээр байна. Парламентын бүрэн эрхийн үлдэж буй хугацааг улстөржилтөөс үүдэлтэй элдэв дайвар асуудал тойрон бужигнаж өнгөрөөмөөргүй байна. Тиймээс төрийн бодлого, хууль боловсруулах үндсэн ажилдаа, иргэд сонгогчдын итгэлийг биелүүлэх гол зорилтдоо анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэдгийг Эрхэм төрийн түшээд Та бүхэнд хандан хэлэхийг хүсэж байна.

Төсвийн бодлогыг эмхлэн цэгцэлж, төсвийн гүйцэтгэл, түүнд тавих хяналтыг сайжруулж, ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улс орны эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч эхэллээ. ОУВС-гийн ажлын хэсэг хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний шатанд үнэлгээ хийгээд, тавьсан зорилтууд бүрэн биелж байна гэж үзсэн. Давж биелсэн орлогын тал орчим хувиар хуримтлал үүсгэж буй нь зээллэгийн хэмжээг бууруулан, өрийн өсөлтийг хязгаарлах боломж бүрдүүлж байна гэж тэд дүгнэсэн.

Эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ. Цаашид өсөлт нэмэгдэж, инфляци дунд хугацаанд зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна. Үүнийг үндэслэн Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн.

Эдгээр нь гадаад, дотоод орчноос Монголын эдийн засаг, санхүүгийн байдалд өгч байгаа бодит үнэлгээ, дүгнэлт юм.

Энэ дашрамд, богино хугацаанд эдийн засгаа тогтворжуулж, цаашдын өсөлтийг хангахын төлөөх бидний хүчин чармайлтыг ойлгон тусалж, дэмжин хамтарч байгаа хөрш болон хөгжлийн түнш орнууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудад талархлаа илэрхийлье.

УИХ 2018 оны улсын төсөв, мөнгөний бодлогыг батлахдаа өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн төсөв, санхүүгийн бодлогоо тогтвортой хадгалж, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тууштай дэмжих болно.

Эрхэм гишүүд ээ,

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газар огцорсон ч УИХ дахь олонхи буюу эрх баригч намаас сонгуулийн үеэр иргэддээ өгсөн амлалт, дэвшүүлсэн бодлого, хөтөлбөр хэвээр байгаа. Шинээр бүрдэх Засгийн газар төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, УИХ-аас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлж ажиллах ёстой.

Ерөнхий сайд, Засгийн газар солигдсоноор төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогын орчин ойлгомжгүй, тодорхойгүй болох, төрийн байгууллагуудын сахилга, хариуцлага суларч, аж ахуйн нэгж, иргэдийг чирэгдүүлэх явдал хэрхэвч байж таарахгүй.

Зарим нааштай өөрчлөлт гарч байгаа ч шинэ Засгийн газрын өмнө хүндрэл бэрхшээлтэй асуудлууд, сорилт шалгуур чамгүй бий. Өрийн хэмжээ нимгэрэх болоогүй, тийм боломж хараахан бүрдээгүй байгаа. 2017 оны наймдугаар сарын байдлаар Засгийн газрын гадаад, дотоод өр, зээллэгийн өнөөгийн үнэ цэнээр тооцсон үлдэгдэл 19.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 73.8 хувьтай тэнцэж байна.

Он гараад “Чингис”, “Дим Сам” бондын зээлийн эхний төлбөр гэрээний дагуу хийгдэж эхлэх ёстой. Энэ бол шинээр байгуулагдах Засгийн газрын төдийгүй Монгол Улсын өмнө тавигдаж байгаа томоохон сорилт юм. Бондын төлбөрийг төлөхдөө гадаад зах зээлээс эх үүсвэр татаж, дахин санхүүжүүлэх аргаар удаан явахгүй нь ойлгомжтой. Тиймээс Засгийн газрын өрийн удирдлагын стратеги, бүтцийг шинээр тодорхойлж, өрийн үйлчилгээний төлөвлөгөөг шинэчлэх, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, хуримтлал үүсгэх, бий болсон хуримтлалаас өр төлбөрийн асуудлаа шийдвэрлэдэг болоход анхаарах учиртай.

Мөн эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, түүхий эдийн үнээс хэт хамааралт эмзэг байдлыг бууруулах бодлого Ерөнхий сайд хэн байхаас, түүнчлэн эрх барьж байгаа улс төрийн хүчин өөрчлөгдсөн, эсэхээс үл хамаарч тогтвортой, тууштай хэрэгжиж байвал зохино.

УИХ төрийн эрх барих дээд байгууллагын хувьд гүйцэтгэх засаглалд тавих хяналтаа сайжруулах ёстой. Хуульд заасны дагуу хагас жил тутамд хууль тогтоомж, УИХ-аас баталсан бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын гишүүдийн тайланг холбогдох Байнгын хороодоор хэлэлцүүлэх ажлыг энэ чуулганаас эхлэн хэвшүүлнэ.

Мөн түүнчлэн УИХ өөрийн баталсан хууль тогтоомжоо нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралын харилцааг зохицуулж чадаж байгаа, эсэхтэй танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч байх ёстой.

Эрхэм гишүүд ээ,

Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш нар, эмч, эмнэлгийн ажилтнууд цалин хөлсөө нэмүүлэх шаардлага тавиад багагүй хугацаа өнгөрч байна.

Бид тэтгэвэр, тэтгэмж, цалинг үе шаттай нэмэгдүүлэх, тэр дундаа багш, эмч, эмнэлгийн ажилтны ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жилээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэх талаар авч байгаа арга хэмжээ, ямар хугацаанд, ямар түвшинд хүргэх талаарх бодлогоо иргэд, олон түмэнд ойлгомжтой, тодорхой мэдээлэх, санал бодлыг нь сонсох шаардлагатай байна. Улмаар улс орны санхүүгийн бололцоонд тулгуурлан багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг шат дараатай нэмэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Монгол Улсын нийт хүн амын 46 гаруй хувь буюу 1.4 орчим сая хүн амьдардаг нийслэлийн агаар, орчны бохирдол, утааны асуудлыг шийдвэрлэх төрийн цэгцтэй, тууштай бодлого үгүйлэгдсээр байна. Өвөл болохоор л утаа, бохирдлын сэдвээр ёс юм шиг ярьдаг, хавар болонгуут мартдаг, хийж хэрэгжүүлсэн нь үр дүн муутай, зарцуулсан хөрөнгө мөнгө нь үрэн таран болдог байж таарахгүй.

Энэ намрын чуулганаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлахаар төлөвлөж байна. Хүн амын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийг үйлдвэрийн тусгай бүс, дагуул хот, дэд төвүүдтэй болгож, суурьшлын шинэ бүсэд шилжин байрших аж ахуйн нэгж, иргэнийг дэмжих татварын бодлогыг хуульчилна. Агаар цэвэршүүлэгч болон эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх чиглэлийг баримтална. Оршин сууж буй орчноо тохижуулсан, мод бут тарьсан, нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсан иргэнийг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.


Намрын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал олны анхаарлын төвд байна.

Цаг нь болсон, өөрчлөх ёстой, бусад улс орны жишиг ийм гэдгээр Үндсэн хуулийн асуудалд хандах нь нэг талаар өрөөсгөл бөгөөд “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-ын үлгэр болж магадгүй тул юуг, яаж өөрчлөх вэ гэдгийг сайтар судалж, эрдэмтэн мэргэд, улс төрийн намууд, олон нийтийн санал бодол, хүсэл эрмэлзэлд тулгуурлан, зөвхөн “зайлшгүй”-г хөндөх замаар шийдвэрлэвэл зохино.

Чуулганы завсарлагааны хугацаанд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг орон даяар хэлэлцүүлэх ажлыгамжилттай зохион байгууллаа. Иргэд, байгууллага, эрдэмтэн судлаачдаас 300 мянга гаруй санал бичгээр ирснийг нэгтгэн дүгнэх ажил хийгдэж байна. Эндээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан төсөл олон нийтээс дэмжлэг хүлээж байгаа эсэх нь зүйл, хэсэг, заалт бүрээр тодорхой болж, өөрчлөх, сайжруулах чиглэлийг тодотгож өгнө гэдэгт итгэлтэй байна.

Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт, тэнцлийг сайжруулж, тогтвортой, хариуцлагатай засаглал тогтоох, парламентын засаглалыг бэхжүүлж, улс төрийн намуудад шинэ соёл, төлөвшил бий болгох эрх зүйн үндсийг бүрдүүлэх шаардлагад нийцсэн, нийгмийн бүх талуудын санаа бодол, байр суурь нэгдсэн асуудлаар л Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжинэ.

Төрийн бодлогын залгамж чанар, хэрэгжилт, иргэнээ дээдэлсэн төр оршихын баталгаа нь төрийн алба мэргэшсэн тогтвортой байж чадах, эсэхээс ихээхэн хамаарч байна. Төрийн алба улс төрөөс хэтэрхий хараат явж ирсэн нь нууц биш. Төрийн алба тогтворгүй болохоор төрийн албан хаагч нь мэргэшиж чадахгүй, мэргэшсэн төрийн албан хаагчгүй болохоор төр нь дархлаагүй болсоор байна.

Хаврын чуулганаар төрийн албаны төв байгууллагын хараат бус, бие даасан байдлыг баталгаажуулж, албан тушаал дэвшүүлэх, бууруулах, цалин хөлс, урамшуулал олгох, хариуцлага тооцох асуудлыг мэдлэг чадвар, ажлын үр дүнтэй нь холбож үздэг тогтолцоог хуульчлахаар хэлэлцэж эхэлсэн. Энэ асуудлыг намрын чуулганд багтаан шийдвэрлэж, төрийн албаны шинэтгэлийн дараагийн шатыг эхлүүлэх шаардлагатай байна.

Ард иргэд ээ,

Өвөл хаяанд ирлээ. Ургац хураалт, хадлан тэжээл, өвөлжилтийн бэлтгэл өндөрлөх тийшээ хандаж байна. Өнгөрсөн зун хур багатай, ихэнх нутгаар гандуу байсан нь өвөлжилтийг хүндрүүлж болзошгүй тул Засгийн газар, орон нутгийн бүх шатны төрийн байгууллага, албан хаагчид, малчид иргэд хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангах ёстой шүү гэдгийг сануулж хэлье.

Эрхэм гишүүд ээ,

Амласан амлалт, төлөвлөсөн ажил их ч хугацаа бага байна.

Эвийг эрхэмлэж, эрх ашгийн эрэмбээ санаж, иргэдийнхээ хүлээлгэсэн итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө чин сэтгэл, бат журмыг барьж ажиллацгаая.

Намрын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудалд нухацтай хандаж, Байнгын хорооны болон чуулганы үйл ажиллагаанд хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцохыг Та бүхнээс хүсье.

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

Categories
мэдээ цаг-үе

Д.Солонго: “Надтай хамт өглөөг угтаач” дуу маань төсөөлж байгаагүй их амжилт дагуулсан

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, “Гурван охин” хамтлагийн ахлагч, дуучин Д.Солонготой ярилцлаа.


-“Гурван охин” хамтлаг шинэ уран бүтээл арвинтай байгаа. Саяхан тоглолтоо ч хийгээд амжсан байх аа.

-Манай хамтлагаар болон надаар ч сонин ихтэй байгаа шүү. Учир нь “Гурван охин” хамтлагийн хувьд энэ жил зүгээр суусангүй. Тиймдээ ч уран бүтээлийн олз омог чамгүй ихтэй байлаа. Бид “Хэмнэл зүрх” нэртэй шинэ цомгоо гаргасан. Цомгийнхоо баяр болгож мөн “Хэмнэл зүрх” нэртэй шоу тоглолт хийсэн байгаа. Тоглолт маань үнэхээр гайхалтай, халуун дулаан уур амьсгалтай болсон. Үзэгчид маань биднийг маш их санасан нь мэдрэгдэж байлаа. Бүх дуунуудыг маань дагаж дуулж байсан нь үнэхээр сайхан санагдсан. Тэр бүү хэл шинэ дуунуудыг маань хүртэл даган дуулж байлаа. Бидний хувьд саяхан цомогтоо багтсан “Хайр хэвээр” хэмээх дууныхаа клипийг хийлээ. Мөн цомогтоо багтсан хоёр ч дуунд клип хийхээр зэхэж байгаа. “Гурван охин” хамтлагийн хувьд энэ мэт шинэ уран бүтээлүүд дээрээ ажиллаж байна даа.

-Харин таны хувьд?

-Миний хувьд сүүлийн үед ганцаарчилсан уран бүтээлдээ илүү анхаарч байгаа. Энэ жил ганцаарчилсан цомгууд дээрээ түлхүү ажиллаж байна. Цомгуудаа гэдэг нь би хоёр ч цомгоо гаргахаар ажиллаж байгаа юм. Эхний цомгийн маань ажил ерөнхийдөө дууссан. Энэ намартаа багтаад хоёр цомгийнхоо нээлтийг хийж үзэгчидтэйгээ уулзана.

-Ганцаарчилсан уран бүтээлдээ шаргуу орж байгаа юм байна. Бие даасан тоглолт хийх бодол байгаа юу?

-Ганцаарчилсан тоглолт гэхээсээ илүү хоёр ч цомог зэрэг гаргаж байгаа учраас мялаагаад цомгийн баяр хийх нь зүйтэй байх. Гэхдээ мэдээж хэтэрхий том газар хийхгүй нь ойлгомжтой. Ямартай ч тухайн үедээ хаана хийхээ шийднэ дээ.

-“Гурван охин” хамтлагийнхан байгуулагдаад хичнээн жил болж байна вэ?

-Бид гурав хамтдаа 13 настайгаасаа дуулж эхэлсэн юм. Харин 1998 оны арванхоёрдугаар сард “Ирээдүйн одод” хэмээх тэмцээнд оролцож Гран при шагнал хүртэж байлаа. Түүнээс хойш үргэлж л хамтдаа дуулцгаах болсон доо. Улмаар 2004 оноос эхлэн өөрсдийн гэсэн уран бүтээлээ гаргасан юм. Анхны цомгоо яг л ийм намрын шаргал өдөр өлгийдөн авч байсан юм байна. Дуучин болно гэсэн мөрөөдлөөр жигүүрлэж байсан тэр үе саяхан л юм шиг санагдаж байна шүү.

-“Гурван охин” хэмээх нэрийг хэн өгч байв?

-Бид “Ирээдүйн одод” тэмцээнд оролцохдоо “Moon” гэсэн нэртэйгээр оролцож байсан. Харин дараа жил нь буюу 1999 оны Мартын 8-аар нэгэн клубт дуулахаар очсон юм. Биднийг тайзнаа гарах үед хөтлөгч нь “Ямар хамтлаг гэж зарлах вэ” гэхэд шууд л “Гурван охин” гээд хэлчихсэн юм. Ингээд түүнээс хойш л энэ нэрээрээ үзэгч, сонсогчдодоо танигдсаар иржээ.

-Нэг хэсэг хамтлагийнхаа нэрийг солих гэж байна гэсэн мэдээлэл багагүй цацагдаж байсан. Ер нь цаашдаа хамтлагийнхаа нэрийг солих бодол бий юү?

-Тиймэрхүү ташаа мэдээлэл багагүй цацагдсан байна лээ. Бид хамтлагийнхаа нэрийг солихгүй. Цаашид ч энэ хэвээр байна.

-Хамтлагийн тань үзэгч, сонсогчдын хүртээл болсон олон сайхан уран бүтээл байдаг. Харин тэр бүтээлүүдээс санаанд оромгүй их амжилт дагуулж байсан дуу бий юү?

-“Надтай хамт өглөөг угтаач” хэмээх дуу маань зургаан сарын турш шилдэг дууны хит парадыг тэргүүлж байлаа. Энэ бол бидний төсөөлж байгаагүй их амжилт байсан л даа. Мэдээж гаргаж байгаа уран бүтээл бүхэндээ зүрх сэтгэлээ шингээж хийдэг учраас хайртай. Гэлээ ч “Надтай хамт өглөөг угтаач” дуундаа бүр илүү хайртай байдаг юм.

-“Гурван охин” хамтлагийн хамгийн сүүлд гаргасан “Хайр хэвээр” дууны клип шинэлэг өнгө төрхтэй болсон байсан. Ер нь ямархуу өнгө аясыг илэрхийлэхийг зорьсон бэ. Мөн энэхүү клипийг бүтээхэд хичнээн цаг хугацаа шаардсан бол?

-Хамгийн сүүлд гаргасан “Хайр хэвээр” клипийг маань “Bronzehero`s Entertain¬ment” студэд хийсэн. Тус студийн Хүрэлээ маань маш мэдрэмжтэйгээр хийсэн болов уу гэж бодож байгаа. Бид гуравт клип маань маш их таалагдсан шүү. Үзэгч, сонсогчдод ч үнэхээрр сайн хүрч байна. Гол нь дууны маань стиль имиж урьд урьдынхаас илүү өвөрмөц болж чадсан. Мөн бид гурвыг өөр талаас нь харуулсан байх. Бидний хувьд чанартай сайн уран бүтээл гаргахын тулд сар гаруй хугацааг зарцууллаа.

-Хамтлагийн уран бүтээлчдийн хувьд цаашдын зорилго, төлөвлөгөө юу байна вэ?

-Ямартай ч бид чанартай сайн уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барьж байхын тулд хөдөлмөрлөх болно. Олон сайхан уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзаж, цаг бүр л хамт байхыг зорьж байна даа.

-Саяхан Хөгжим бүжгийн Консерваторийн 80 жилийн ой болсон. Энэхүү ойд зориулж тус сургуулиас төрөн гарсан рок попын алдартай хамтлаг дуучид ая дуугаа өргөлөө. “Гурван охин” хамтлагийн хувьд ч төрөлх сургуулийнхаа ойд зориулж уран бүтээлийнхээ дээжээс хүргэсэн.

-Тэгэлгүй яахав. Би энэ сургуулиас урган гарсан үндэс мөчрийн нэг яах аргагүй мөн. Сургуулийнхаа ойд зориулсан тоглолтдоо рок попын шилдэг хамтлаг дуучдынхаа хамтаар ая дуугаа өргөсөн. Манай хамтлагийн гишүүд Хөгжим бүжгийн коллежийн 1993 оны элсэгчид л дээ. Г.Анхмаа бид хоёр төгөлдөр хуурын ангийг төгссөн. Харин Х.Ану маань хийл хөгжмийн ангийг дүүргэсэн юм. Бид “Хэмнэл зүрх” тоглолт дээрээ төгөлдөр хуур болон хийл хөгжмөө тоглосон байгаа. Энэ нь бидний үзэгч сонсогчдод маань гэнэтийн бэлэг болж чадсан болов уу гэж найдаж байна.

-Хөгжмөөсөө хэр холдсон юм шиг санагдаж байв?

-Ер нь бол улам л ойртсон юм шиг санагдсан. Анх сурч байх үедээ багшийнхаа зааснаар л хөгжмөө мэдэрч, сурдаг байлаа. Харин одоо бол дуунд их ойрхон байдгийн зэрэгцээ хайр дурлалтайгаа ч учирсан учраас хөгжимдөө илүү дурлаж, ойлгож сонсдог болсон байна лээ.

-Хайр дурлалтайгаа учирсан гэлээ. Найз залуугаа танилцуулж болох уу?

-Одоохондоо хувийн амьдралынхаа талаар нууцалсан нь дээр байх.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын албаны баг тамирчид ДАШТ-ээс анхны медалиа хүртлээ

Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн Турк улсын Измир хотноо 2017 оны есдүгээр сарын 25 наас аравдугаар сарын 01-ний өдрүүдэд боллоо.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Онцгой байдлын албаны баг тамирчид оролцож, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа хүртсэн түүхэн үйл явдал тохиож байна.

Тодруулбал баг тамирчид байлдааны тархалтын тэмцээний төрөлд 27:08 секундын амжилтаар хүрэл медаль хүртлээ.

Энэхүү амжилт нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын түүхэнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж буй анхны медаль болж байгаагаараа онцлог юм. Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнд 17 орны 300 орчим баг тамирчид оролцож,аваргуудаа шалгаруулсан байна.

Гал унтраах техникийн олон төрөл спорт нь Онцгой байдлын албаны мэргэжлийн спорт бөгөөд албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, аврагч, гал сөнөөгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх өндөр ач холбогдолтой спортын төрөл юм.

Энэ удаагийн Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяр, дасгалжуулагчаар бэлтгэл дэд хурандаа, ОУХМ Д.Ганболд нар ажилласан.

Багийн бүрэлдэхүүнд Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч, ГУТОТС-ын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Э.Энхбат, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн салааны захирагч, ОУХМ Н.Нямсүрэн, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, ОУХМ О.Батсайхан, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Г.Баттулга, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг, Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Н.Ганбаяр, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Я.Энхбаяр болон Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, 1-р зэрэгтэй Э.Билгүүн нар багтсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Categories
мэдээ улс-төр

Намрын чуулганыг нээлээ

УИХ-ын намрын чуулганыг товлосон 10.00 цагтаа нээлээ. УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг нээж үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Үлдэж буй хугацааг улстөржилтөөс үүдэлтэй дайвар асуудлыг тойрон бужигнуулж өнгөрүүлмээргүй байна. Төсвийн бодлогыг эмхлэн цэгцэлж, түүнд тавих хяналтыг сайжруулах. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ онд хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ. Цаашид өсөлт нэмэгдэж, инфляци 8 хувьд тогтворжих хандлагатай байна. Им учраас Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хадгалахаар шийджээ. Ээлжит бус чуулганаар Засгийн газар огцорсон ч эрх баригч намаас сонгуулийн үеэр амласан амлалт, бодлого хэвээр байгаа. Шинээр бүрдэх Засгийн газар төрийн залгамж чанарыг хадгалж, хөтөлбөрт туссан зорилтыг хэрэгжүүлж ажиллах ёстой гэлээ.