Categories
мэдээ нийгэм

Сургуулийн өмнөх насныханд зориулсан “БИ ӨӨРӨӨ” сэтгүүл хэвлэгдэн гарлаа

2017-2018 оны хичээлийн жилд бага насны хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөний дүрмийг хүүхэд нэг бүрт таниулж, багаасаа зөв дадал зуршилтай ирээдүйн иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Замын цагдаагийн алба, “Монголын сургуулийн өмнөх боловсрол хөгжлийн төв” ТББ хамтран бага насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон “Би өөрөө” сэтгүүлийг 2-4 нас, 4-6 нас гэсэн ангиллаар хэвлэн гаргаж байна.

Уг сэтгүүл нь бага насны хүүхдэд танин мэдэхүйн болон замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, тэдэнд зөв дадал хэвшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдээ мэдээллийг хүргэх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хүүхдийг зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сэтгүүлийн нээлтийн үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн Тэргүүний 33 дугаар цэцэрлэгт зохион байгуулсан бөгөөд нийт суралцагч хүүхдүүдэд “Би өөрөө” сэтгүүл тараан замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох талаар сургалт зохин байгууллаа гэж Замын цагдаагийн албаны Урдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

НИТХ 9-нд хуралдахаар хойшлогдлоо

Related image

НИТХ XI хуралдаан өглөө 10:00 цагт товлогдсон байсан ч хожуу эхэлсэн. ИТХ-ын 41 төлөөлөгч хуралдаа ирсэн юм.

Хурал эхлэхэд НИТХ дахь МАН-ын бүлгээс дахин долоо хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж, ирэх даваа гараг буюу аравдугаар сарын 9-ний 10:00 цаг хүртэл хуралдаан хойшлогдлоо. НИТХ-ын даргын асуудлаар МАН нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй гэх шалтгаанаар завсарлага авах хүсэлт гаргажээ. Дахин шинэ нэр дэвшигч оруулж ирэх үү, санал тэнцсэн хоёр нэр дэвшигч дээрээ дахин санал хураалт явуулах уу гэдэг асуудалд тэд нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй гэнэ. АН-ын бүлгийнхэн үүнд сэтгэл дундуур үлдлээ.

Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох хүлээлттэй байсан юм.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг засгийн газрын бүтцийг хэлэлцэж байна

ЗурагУИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна.

Хуралдаанаар шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний ямар байх тухайд байр сууриа нэгтгэж байгаа аж. Чуулган нээлтээ хийсэн энэ долоо хоногт Ерөнхий сайдын томилгооноос гадна 2018 оны төсөв, 2017 оны төсвийн тодотгол, мөнгөний бодлого зэрэг улс орны амин чухал асуудлууд орж ирээд буй.

Мөн намрын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолуудтай холбоотой асуудлыг давхар хэлэлцэж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Харин МАН-ын бүлэг өнөөдөр хуралдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Тус бүлэг өнгөрөгч баасан гарагт урьдчилан хуралдаж, Ерөнхий сайдын томилгоог хэлэлцээд ирэх пүрэв гараг гэхэд Засгийн газрын тэргүүнийг томилсон байх нь зүйтэй хэмээн үзсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр эхэллээ

Монгол Улсын Их Хурал, Засгийн Газар, ОХУ-ын Холбооны зөвлөл, Төрийн Думын дэмжлэгтэйгээр “Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалт өнөөдрөөс энэ сарын 5-нй өдөр хүртэл Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдах юм.

Манай улсад 1952 оноос хойш 57 дахь удаагаа зохион байгуулж буй Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагааны өдрүүд Төрийн ордонд “Парламент хоорондын яриа хэлэлцээр нь сайн хөршийн харилцааны хөгжлийн үндэс болох нь” дугуй ширээний уулзалтаар эхэлж байна.
ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол Оросын найрамдлын нийгэмлэг, Оросын Шинжлэх ухаан соёлын төв /ОШУСТ/-өөс хамтран “Монгол-Оросын хамтын ажиллагаа-2017” арга хэмжээг зохион байгуулж буй юм

“Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017”эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд:

  • “Орос нутгийн аялгуу” урлагийн тоглолт болон “Вернисаж”фото зургийн үзэсгэлэн 10-р сарын 02-нд Соёлын төв өргөөнд
  • “Алтан хальс” Оросын кино өдрүүд10-р сарын 01-нээс 08-ны өдрүүдэд Монголын үндэсний олон нийтийн телевизээр
  • Эдийн засгийн чуулга уулзалт 10-р сарын 03,04-нд “Blue Sky”зочид буудалд
  • “Найрамдлын цом” Монгол, Оросын өсвөрийн тамирчдын гимнастикийн тэмцээн 10-р сарын 04-нд Спортын төв ордонд
  • “Орост үйлдвэрлэв” бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 10-р сарын 02-ноос 05-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд тус тус зохион байгуулагдах юм байна.
Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган үйл ажиллагаагаа эхэллээ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2017.10.02 ) 10 цаг 10 минутад гишүүдийн 74.0 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүний үүрэг гүйцэтгэгчид, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэллээ. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Төсвийн бодлогыг эмхлэн цэгцэлж, төсвийн гүйцэтгэл, түүнд тавих хяналтыг сайжруулж, ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улс орны эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч эхэллээ. ОУВС-гийн ажлын хэсэг хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний шатанд үнэлгээ хийгээд, тавьсан зорилтууд бүрэн биелж байна гэж үзсэн. Давж биелсэн орлогын тал орчим хувиар хуримтлал үүсгэж буй нь зээллэгийн хэмжээг бууруулан, өрийн өсөлтийг хязгаарлах боломж бүрдүүлж байна гэж тэд дүгнэсэн. Эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ. Цаашид өсөлт нэмэгдэж, инфляци дунд хугацаанд зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна. Үүнийг үндэслэн Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн. Эдгээр нь гадаад, дотоод орчноос Монголын эдийн засаг, санхүүгийн байдалд өгч байгаа бодит үнэлгээ, дүгнэлт юм гэдгийг онцолж байлаа.

Мөн тэрбээр, Зарим нааштай өөрчлөлт гарч байгаа ч шинэ Засгийн газрын өмнө хүндрэл бэрхшээлтэй асуудлууд, сорилт шалгуур чамгүй бий. Өрийн хэмжээ нимгэрэх болоогүй, тийм боломж хараахан бүрдээгүй байгаа. 2017 оны наймдугаар сарын байдлаар Засгийн газрын гадаад, дотоод өр, зээллэгийн өнөөгийн үнэ цэнээр тооцсон үлдэгдэл 19.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 73.8 хувьтай тэнцэж байна. Он гараад “Чингис”, “Дим Сам” бондын зээлийн эхний төлбөр гэрээний дагуу хийгдэж эхлэх ёстой. Энэ бол шинээр байгуулагдах Засгийн газрын төдийгүй Монгол Улсын өмнө тавигдаж байгаа томоохон сорилт юм гэдгийг дурдав.

Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш нар, эмч, эмнэлгийн ажилтнууд цалин хөлсөө нэмүүлэх шаардлага тавиад багагүй хугацаа өнгөрч байна.

Бид тэтгэвэр, тэтгэмж, цалинг үе шаттай нэмэгдүүлэх, тэр дундаа багш, эмч, эмнэлгийн ажилтны ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жилээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэх талаар авч байгаа арга хэмжээ, ямар хугацаанд, ямар түвшинд хүргэх талаарх бодлогоо иргэд, олон түмэнд ойлгомжтой, тодорхой мэдээлэх, санал бодлыг нь сонсох шаардлагатай байна. Улмаар улс орны санхүүгийн бололцоонд тулгуурлан багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг шат дараатай нэмэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг Улсын Их Хурлын дарга онцоллоо.

Дараа нь Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, цаг алдалгүй Засгийн газраа томилж, богино хугацаанд эмхлэн байгуулах хэрэгтэй байна. Шинэ Засгийн газраа бодитойгоор дэмжиж, хамтран ажиллана гэдгээ онцолсон. Мөн Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах шаардлага байгаа нь зүй боловч үндэсний онцлог, эрх ашгийг тусгасан заалт оруулж чадаж байгаа юу гэдгийг бодолцох хэрэгтэй. 2015 онд Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан ч бодитой хэрэгжсэнгүй. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авах ёстой ч ажил хэрэг болж чадахгүй байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэхэд яам, тамгын газрууд онцгойлон анхаарахыг чухалчлав.

УИХ-аар 2018 оны төсвийн хуулийг батлахдаа алдагдалгүй, чамбай төсөв батлах шаардлага байна. Улмаар газрын доорхи баялгийг Үндсэн хуульд нийцүүлэх замаар ард түмэнд өгөөжөө өгөх эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө УИХ ажиллах учиртайг гишүүдэд сануулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

2017 оны УИХ-ын намрын чуулган дээр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг

Эрхэм УИХ-ын дарга аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Энэ удаагийн Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган нийгэм эдийн засгийн маш олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, урьд хожид байгаагүйгээр ажил хэрэгч байх, зөв шуурхай шийдвэрүүдийг цаг алдахгүй гаргах учиртай үед болж байгаагаараа онцлог. Тийм учраас би элдэв оршил, тайлбараас зайлсхийн шууд гол асуудлууд руу орж яръя

Эрхэм гишүүд ээ,

Цаг алдалгүй шийдвэрлэх эн тэргүүний ажил бол Засгийн газрыг богино хугацаанд эмхлэн байгуулж, ажилд нь шуурхай оруулах асуудал болоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд би шинэ Засгийн газартай улс төржилтгүй, бодитой хамтран ажиллах, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хамтдаа даван туулах эрмэлзэлтэй байна.

Хэдийгээр 2017 онд эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй гарахаар таамаглал байгаа ч улс орны эдийн засаг, санхүүгийн төлөв муу байна. Зөвхөн нүүрсний үнээс үүдсэн өрөөсгөл өсөлт нь нийт эдийн засагтаа төдийлөн дэм болохгүй байгаа нь багш, эмч нарын цалингаа нэмүүлэх шаардлагаас тодорхой харагдаж байна. Ирэх жил төлөх ёстой, хүлээгдэж байгаа гадаад зээлийн төлбөрүүд гэх мэт санхүүгийн асуудлууд олон байна. ОУВС-тай хамтарч ажиллах нь энэ цаг үедээ нэмэртэй байж болох ч үүн дээр бид үндэсний онцлогт тохирсон шийдэл, үндэсний эрх ашгийг эн тэргүүнд бодолцсон заалтууд оруулж чадаж байгаа юу гэдгээ бодох хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл Монголын улстөрчдийн гаргаж ирсэн гол алдаа нь гадныхны дэмжлэг, тусламж, зөвлөгөөг үндэсний онцлогт тохируулалгүй сохроор хуулбарлах, үг дуугүй даган биелүүлэхдээ үндэснийхээ язгуур эрх ашигт яв цав тохируулалгүй явж ирсэнд л байгааг энд сануулж хэлмээр байна. ОУВС-гийн тулгасан болзлуудаас жишээ нь, малыг барьцаа хөрөнгөд тооцохгүй гэдэг бол Монголын онцлогийг яавч тусгаагүй, тооцоогүй зүйл мөн. Нүүдэлчин монголчуудын хувьд хэдэн мянган жилийн турш таван хошуу мал нь л үндсэн хөрөнгө болж ирсэн. Гэтэл тэрийг нь барьцаа биш гэж үзвэл малчид юугаараа зээл авах болж байна. Хүүхдийн мөнгийг халамжтай зүйрлэж байна. Цөөн хүн амтай Монголын хувьд энэ нь огт өөр зорилготой, аль ч Засгийн газар, намын үед хүн амаа өсгөх тууштай бодлого болгон хэлбэрэлтгүй мөрдөх хэрэгтэй. Гэх мэтээр ОУВС-гийн болзол дунд бодох зүйл цөөнгүй харагдсаныг УИХ хэлэлцэн шийдвэрлэхдээ Монголын эрх ашгийг тэргүүнд нь эрэмбэлээрэй.

Ирэх оны төсвийг УИХ-ын намрын чуулганаар маш бодитой, ажил хэрэгчээр хэлэлцэж эдийн засагт эерэг дохио өгөхөөр алдагдалгүй, чамбай төсөв батлахыг цаг хугацаа биднээс шаардаж байна. Улсын төсөв эдийн засагтаа эерэг дохио өгнө гэдэгт би төрөөс хувийн сектороо дэмжих гэж л ойлгож байна. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хуульд орсон нааштай өөрчлөлтийг Засгийн газар түүний харьяа байгууллагууд чанд мөрдөж ажиллавал дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг чамлахааргүй хэмжээнд дэмжих боломж бий.

2015 онд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хуулийг баталж улс, орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрүүд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах, Монголын компани, иргэдийн үйлчилгээг тэргүүн ээлжинд авах “Үйлдвэрлэлийг дэмжих хууль”-ийг 2015 онд баталснаас хойш бодитоор хэрэгжсэнгүй. Энэ хууль болон цуг өөрчлөлт орсон “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг” хэрэгжүүлж чадвал сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны 105 тэрбум төгрөг гэхэд л дотоодын хүнс үйлдвэрлэгчдийг дэмжих мөнгө, тэр хэмжээгээр ажлын байр, цалин болж очих болно. Цэргийн дүрэмт хувцас, гутал, томоохон үйлдвэр аж ахуйн нэгжийн ажлын хувцас, сурагчийн дүрэмт хувцас зэрэг дотооддоо үйлдвэрлэж болоод байгаа барааг гадаадаас авсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчид гэхэд 50 мянга, уул уурхайд ажиллагчид 20 мянга, барилгын ажилчид 40 гаруй мянган хос ажлын гутал жил бүр өмсдөг. Эдгээр байгууллага дотооддоо үйлдвэрлэсэн ажлын гутал худалдан авахад энэ нь эцсийн дүндээ гутлын үйлдвэр, арьс ширний үйлдвэр цаашилбал малчдыг дэмжих мөнгөн урсгал болно. Арьс, нэхий зарагдахгүй байна, хямд байна гэж бачимдах шаардлага малчдад алга болно. Саяхан та бүхэн нэхийний үнэ хэд болсныг мэдэж байгаа. 500 төгрөг болсон. Өнөөдөр бид жилдээ 10 орчим сая ширхэг хонины нэхий, үхрийн ширийг гадагш түүхийгээр нь гаргаж байна. Хэрэв бид боловсруулах үйлдвэр барих юм бол ширхэг арьс тутам нь 300 ам.доллартай тэнцэх нэмүү өртөг бүтээх салбар байгаа юм. Хонины нэхий 500 төгрөг байхад гаднаас бид 1500 төгрөгөөр түргэн гоймон авч хэрэглэж байгаатай харьцуулах ёстой.

Хүнс болон хүнсний ногооны хувьд ч төрөөс байгаа боломжоороо дэмжиж, худалдан авалт хийх ёстой. Төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүд ажилчдын цайны газартаа Монголдоо үйлдвэрлэсэн хүнсний түүхий эдийг худалдан авдаг болох ёстой. Ингэж байж бид гарал үүсэл нь тодорхой, аюулгүй хүнс үйлдвэрлэл, хүнсний кластераа дэмжинэ. Тэрнээс бус дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэхийн чухлыг ухуулсан сайхан үгс ажилд ямар ч нэмэргүй агаарт замхран алга болсоор байна. Шинээр байгуулагдах Засгийн газар уул уурхайн өрөөсгөл хамаарал түүнийг дагасан эрсдлийг бууруулж, эдийн засгаа олон тулгууртай болгох, хөдөө аж ахуй, газар тариалангийн экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна гэдэг итгэл найдвар бага боловч төрж байна. Энэ чиглэлээрх бүхий л хүчин чармайлтыг улсаараа, ард түмнээрээ дэмжихээс өөр арга байхгүй цаг үе ирснийг бүгд ухамсарлаж байгаа нь сайшаалтай.

Монголын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байгааг дээр дооргүй ярьдаг. Үндсэн хуулиар нийт ард түмнийх болохыг нь хуульчлан баталсан газрын баялгийг лиценз нэрээр цөөхөн гэр бүл завшсан нь эргээд улс төрд, нийгмийн шударга ёсонд хэт гажуудлуудыг авчирч байгааг яаралтай зогсоож, тэнцвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэхгүй бол үндэсний эв нэгдэлд хортой тусахаар төлөв байдал ч үүсчээ. Ашигт малтмалын хуулиар гадаадынхан, цөөхөн эрх мэдэлтнүүд л газрын баялгийг эзэмших нөхцөлийг бүрдүүлсэн байгааг засъя. Улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдэж, нөөц нь тогтоогдсон ордыг хувийн компани, гадаадынхад найр тавьж өгдгийг болиулъё. Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд уул уурхайд асар их найдлага тавьсан ч олигтой хожоогүй нь цаашид энэ байдлаараа үргэлжлүүлж болохгүй гэдгийн хамгийн том дохио !

Цаашид алт олборлолт, алтны уурхайд төр онцгой бодлого хэрэгжүүлэх, хяналтаа тогтоох ч шаардлага үүсч байна. Учир нь, алт бол онцгой метал. Төгрөгийн худалдан авах чадварыг тодорхойлогч учраас Монгол төр өөрийн мөнгөн тэмдэгтийн чадварыг өндөр байлгахын төлөө алтанд онцгой анхаарахаас аргагүй юм. Шинээр алтны хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг зогсоож энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтоон, алт олборлогчдод бүх алтаа зөвхөн Монгол банкинд тушааж байх хатуу болзлыг тулгахгүй бол Монголын баялаг монголчууддаа өгөөж өгөлгүйгээр гадагшаа урссаар байна, монголчууд баялгийнхаа эзэн нь бус хохирогч нь болж үлдсээр л байх болно. Би ийм хуулийн өөрчлөлтийг удахгүй УИХ-д өргөн барина. Энэ бол дэлхийн улс орнуудад хэрэгжүүлдэг л бодлого. Манай хоёр хөрш ч алтан дээр төрийн онцгой эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Энэ бол хэн нэгний эрх ашиг бус нийт монголчуудын, Монголын санхүүгийн амин асуудал учраас элдэв эсэргүүцэл, мэдэмхийрлийг үл тоон Монголын төр алтаа бүрэн мэддэг, хянадаг болох нэн тэргүүний шаардлагатай.

Алтыг бүрэн хэмжээгээр мэдэлдээ авсны дараачаар бидэнд санхүүгийн үлэмж чадавхи үүсэх нь дамжиггүй. Ирэх жилийн төсвөөс эхлэн гадаадын валютын зээлээр зөвхөн экспортын буюу валютын орлого олох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг л санхүүжүүлж байх зарчмыг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Дэд бүтэц болон нийгмийн байгууламжууд зэрэг валютын урсгал татахгүй хөрөнгө оруулалтыг валютын зээлээр хийхийг бүрэн хориглох хэрэгтэй. Үүнийг тусгайлсан хууль гаргаж зохицуулах шаардлага үүсч байна.

Багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь байж боломгүй зүйл биш, зүй ёсны л шаардлага. Хэрвээ Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг төр хэрэгжүүлж газрын баялгийг нийт ард түмэнд хүртээмжтэй байлгах тогтвортой бодлого гаргаж, хэрэгжүүлэх аваас төсвөөс цалинждаг багш, эмч нарын цалинг үе шатттайгаар нэмэх боломж бий. Багш, эмч нарын цалинг нэг дор шийдвэрлэх боломж бололцоо байхгүй байлаа ч үе шаттайгаар нэмэх, орон сууцны хөнгөлөлттөй зээлд хамруулах зэргээр санхүүгийн хувьд дэмжих цөөнгүй арга байна.

“Байгалийн баялаг ард түмний мэдэлд” гэдэг Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй явсан алдаагаа УИХ, Засгийн газар яаралтай залруулж, баялгийнхаа менежментийг иргэддээ ээлтэй болгон өөрчлөх замаар ард иргэдээ өрийн дарамтаас ангижруулах ёстой. Байгалийн баялгийн ноогдол ашгаар өртэй нь өрөө дарж, өргүй нь нэмэлт орлого болгох ёстой. Улс нь баялагтай байгаад иргэд нь өртэй байх аваас баялгийг ашиглах утга учир юунд байх юм бэ? Үндсэн хуулийн 6.1, 6.2-т харшилсан хуулиудыг үтэр түргэн залруулахад УИХ, шинээр байгуулагдах Засгийн газрыг хамтран ажиллана гэдэгт найдаж байгаа.

Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн хүн өөрийн эзэмшилд байх тамхины үйлдвэрийг татвараас чөлөөлснөөр ирэх 3 жилд 60 тэрбум төгрөгийг татвараас бултуулахаар хуулийн заалт оруулан батлуулсан байгаа ганцхан жишээ гэхэд хэчнээн багшийн цалингийн нэмэгдлийг шийдэх мөнгө вэ?

Би энд Тамхины хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйл – Тамхины талаар төрөөс баримтлах бодлогыг ноцтой зөрчсөн баримтыг дурдаж байна. Хуулийн “4.1.6 тамхи үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх; 4.1.7 тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш хандах;” гэж заасныг өнгөрсөн Засгийн газар шууд зөрчиж өөрийн танхимын гишүүний импортолж байгаа тамхинд 5 хувийн татвар ногдуулах, бусад импортлогчдод 30 хувийн татвар ногдуулах журам баталсан байгаа юм. Энэ бол шударга ёс биш! Энэ бол илэрхий ашиг сонирхлын зөрчил. Үүнийг яаралтай засч, ижил нөхцөлөөр татвар ногдуулах ёстой. Эндээс олсон мөнгөө багш эмч нарын цалин, нийгмийн сайн сайханд зарцуулах ёстой.

Одоо байгуулагдах Засгийн газар энэ мэтийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид бүрдэх нь нийгмийн шаардлага юм. Уул уурхайн бизнес эрхэлдэг хүн Засгийн газарт сайд, төрийн бусад байгууллагуудад ажилд ордгийг хориглох хэрэгтэй. Өнөөдөр уул уурхайгаас цутгасан их мөнгө л улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт шударга ёсыг алдагдуулан, хэм хэмжээг эвдэж байгаа нь нууц биш болжээ. Хамгийн том авлигын сүлжээ өнөөдөр уул уурхайгаар дамжин орж ирж байна.

Би шударга ёс алдагдсан ганцхан жишээ дурдлаа. Ийм байдал хууль, хяналтын салбарыг нөмөрчээ. Хуулийн байгууллагын ажилтнууд улс төржиж, хэн нэг улс төрчийн өрсөлдөгчдөө намнах хэрэгсэл нь болон хувирсан байна. Тэд олон нийтэд илэрхий болсон Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр зах дээр бараа зардаг шиг арилжсан гэх “60 тэрбумын”, Монголын баялгийг гадагш нь гаргаад мөнгийг нь оруулж ирээгүй “Оффшорчдын” гэх мэт гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгон аргацаах, шалгаж байна хэмээн цаг авч байна. Гэтэл нөгөө талд нь нотлох баримтгүй, улс төржилтөөс үүдсэн хэргүүдийг сүр бадруулах, шүүхээр орж гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэрэгтэн мэтээр зарлаж, улс төржүүлж байгаа нь энэ салбарт шударга ёс алдагдсаны нотолгоо гэж үзэхээс өөр арга алга. УИХ, шинээр байгуулагдах Засгийн газар эдгээр олон нийтэд илэрхий болсон дуулиант хэргүүдийг хурдан шуурхай шийдэхэд анхаарлаа хандуулах цаг болжээ. “60 тэрбумын” хэргийн гэрч нь тодорхой, үйлдэл нь тодорхой байхад яагаад эзэнгүй мэт сууж байгаа юм бэ? Авлигатай тэмцэх газрыг бид авлигатай тэмцэх гэж байгуулсан гэдгийг бас энд ирсэн зочдод анхааруулж хэлье.

Олон улсын Парламентын холбооны Парламентчдын Хүний эрхийн хорооноос Монголын хуулийн салбарт шударга ёс алдагдаж, эргэлзээтэй төлөв байдал үүсээд байгааг С.Зоригийн хэргийн явцтай танилцсаныхаа дараа 9 дүгээр сарын 14-ний өдөр Женевт анхааруулга мэдэгдэл хийжээ. 2017 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Монголд ажилласан ОУПХ-ны төлөөлөгчид улс төрчийн аллагын хэрэг дээр Монголын хууль, шүүхийн байгууллагууд шударга шүүхийн олон улсын стандартад нийцэхгүй алдаатай шийдвэрүүд олонтаа гаргасан байна гэж мэдэгдэл хийсэн байна. Энэ өдөр мөн МоАХ-ны анхны тэргүүн С.Зоригийн амь үрэгдсэн эмгэнэлт өдөр. УИХ-ын гишүүд та бүхэн анхааралдаа авна биз ээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн салбарт шударга ёс алдагдан, улстөржилт хэрээс хэтэрснийг болиулах, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө онцгой анхаарч, хатуу тэмцэх болно гэдгийг энэ индэр дээрээс анхааруулж байна. Ард түмний захиалга, нийгмийн шаардлагыг биелүүлэх гэж би сонгогдсон. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө бүхнийг хийх болно.

Эрхэм гишүүд ээ, монголчууд аа

Айсуй хахир улирал, санхүүгийн хомсдолтой төлөв байдал та бидэнд харилцан ойлголцож, хамтран ажиллах замаар бэрхшээлийг даван туулахыг тулгаж байна. Улстөржилтийг таягдан хаяж, нийтийн эрх ашгийн төлөө шаргуу, шуурхай ажиллах, шийдлүүдийг цаг тухайд нь оновчтой гаргаж чадахгүй бол нийгмээрээ, нийтээрээ хохирон үлдэх хатуу нөхцөл бидэнд тулгараад байгааг хүн бүр ухамсарлаж эв эеийг эрхэмлэн, нийт нэгэн хүчийг нийлүүлэн зүтгэхийг уриалж байна.

Мөнх тэнгэр биднийг ивээг ! Баярлалаа

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хонгийн сүүлээр цочир хүйтэрч хасах хэм рүү орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын талаар Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс тодрууллаа. Энэ сарын 21-ний өдрөөс эхлэн нийт нутгаар цочир хүйтэрнэ. Цаашдаа энэ сарын 26-нд дахин хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс тариаланчдад хандан өнөө маргаашдаа амжиж ногоогоо хураахыг ус цаг уур, орчны хүрээлэнгээс зөвлөж байна.

Ойрын өдрүүдэд намрын налгар өдрүүд үргэлжилж дулаан байлаа. Төв болон Зүүн аймгуудын нутгаар 15, 16-нд бага зэргийн хур тунадас орсон. Үүнийг эс тооцвол есдүгээр сарын дунд арав хоногт намрын налгар өдрүүд үргэлжилж, цаг агаар тогтуун байв. Харин маргаашаас эхлэн нийт нутгаар цаг агаар хүйтрэх төлөвтэй байна. Тодруулбал, энэ сарын 20-нд Төвийн аймгуудын баруун хагас, энэ сарын 21-нд Төвийн ихэнх нутгаар, говийн болон Зүүн аймгуудын бүс нутгаар бороо орж, уулархаг нутгуудаар нойтон цас орно. Мөн салхи ихэсч, энэ сарын 20-нд Алтайн салбар уулс болон энэ сарын 21-нд нийт нутгаар салхины хүч 16-18 м/секунд хүрнэ. Говь, талын нутгаар зарим үед салхины хүч 20-24 м/секунд хүрч, шороон болон цасан шуурга шуурах болозошгүй төлөвтөй байгаа гэнэ.

Цочир хүйтэрнэ гэдэг нь агаарын температур шөнөдөө ажиглагдаж буй дундаж температур тогтвортой нэмэх байж байгаад хасах хэм рүү орохыг хэлнэ. Энэ өдрүүдэд агаарын хэм доошилж, сэрүүснэ. Ялангуяа энэ сарын 20-нд Баруун аймгуудынхаа хойд тал, энэ сарын 21-нд Төвийн аймгууд, энэ сарын 22-нд Зүүн аймгуудаар сэрүүснэ. Уулархаг нутгаараа өдөртөө гурван хэмийн дулаанаас -2 хэм хүйтэн байна. Говийн бүс нутгаар 8-13 хэм дулаан, тал хээрийн бүс нутгаар 3-8 хэмийн дулаан байна. Харин шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулс, Хэнтийн ууланд -3 хэмээс -8 хэм хүйтэн хонох бол тал хээрийн бүс нутагт 0-5 хэм дулаан, зарим газраараа -2 хэм хүрч цочир хүйтрэх төлөвтэй байна. Энэ сарын 22, 23-нд шилжих шөнө хүйтэн хононо.

Есдүгээр сарын үлдэж буй хоногуудад улс орон даяар тариа, ногоо хураах ажил өрнөж байгаа. Тариалангийн бүс нутгаар өнөө маргаашдаа дулаан өдрүүд үргэлжилнэ. Энэ хэдэг өдөрт амжиж тариаланчидаа ажлаа амжуулахыг зөвлөж байна. Хур тунадас орж, цочир хүйтэрсэн үед тариа, ногоо цасанд дарагдаж, хөлдөх эрсдэлтэй юм.

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн зүрхний өдөр” 4000 орчим иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ

Жил бүрийн 9 дүгээр сарын 29-ний өдрийг дэлхий нийтээр “Дэлхийн зүрхний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд дэлхийн бүх улс оронд “Эрч хүчээ хуваалцъя” уриан дор тэмдэглэж байгаа билээ.

Энэхүү өдрийг Улсын гуравдугаар төв эмнэлэг, ХААН банк сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн Монголын Зүрхний Холбоо хамтран Сүхбаатарын талбайд “Эрүүл мэндийн өдөрлөг” зохион байгуулж иргэдэд зүрх судасны чиглэлээр үзлэг зөвөлгөө, биеийн тамирын дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтын зөвлөмж, амталгаа явуулан биеийн жингийн индекс тодорхойлон цусны даралт ихсэлтийн эрсдэлийн зэргийг тодорхойлох болон иргэдэд зориулсан зурган тайлбартай цусны даралт ихсэлтийн комик номыг хэвлэн 500 гаруй ширхэгийг тараалаа.

Тус арга хэмжээд эм ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөлөл оролцон Монос ХКК-ийн зүгээс иргэдэд зүрх судасны, цусны даралт ихсэлтийн эсрэг бүтээгдэхүүнээ сурталчилан иргэдэд өдрийн тунгаас нь тараасан юм. Энэхүү арга хэмжээнд нийт 4000 орчим иргэд үйлчлүүлэгч нар оролцон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авлаа.

Мөн энэ өдөр Баянгол дүүрэгт байрлах ХААН банкны Баруун Хүрээ тооцооны төвд цусны даралт хэмжих булангийн нээлтийг хийж тус банкаар үйлчлүүлэгчид цусны даралтаа суурин автомат аппаратаар үнэгүй хэмжүүлэх болон судалгаанд хамрагдах зэрэг боломж бүрдэж байна.

Цаашид тус эмнэлэг Хаан банк сантай хамтран хэрэгжүүлж буй “Цусны даралт ихсэлтийн аян”-ын хүрээнд тус банкны тооцооллын төвүүдэд шат дараатай цусны даралт хэмжэх булангуудыг нээх, иргэдэд эрүүл амьдралын хандлага, дадлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 40-өөс дээш настай иргэд, харилцагчдын дунд цусны даралт ихсэлтийн эрт үеийн илрүүлгийг хийх, тархины харвалт, зүрхний шигдээс зүрхний дутагдлаас сэргийлэх, сургалт сурталчилгааны үйл ажиллагаагявуулахаар төлөвлөж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Өсвөрийн сэргийлэгч” нарын анхдугаар уулзалт боллоо

Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсээс санаачлан Дүүргийн Засаг даргын тамгын газарт “Өсвөрийн сэргийлэгч” бүлгийг ерөнхий боловсролын сургууль бүрт байгуулах ажлын санал хүргүүлж шийдвэрлүүлэн Дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дугаар сарын 26-ны өдрийн А/449 тоот захирамж гаргуулан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 17 ерөнхий боловсролын сургуульд “Өсвөрийн сэргийлэгч” бүлэг байгуулан бүлгийн гишүүн, дарга, багшийг сонгосон.

2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15:00 цагт “Өсвөрийн сэргийлэгч нарын анхдугаар уулзалт” арга хэмжээг хэлтсийн хурлын танхимд зохион байгууллаа. Арга хэмжээнд Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Дүүргийн Засаг даргын тамгын газар, Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс хамтран ажиллаж, ерөнхий боловсролын 17 сургуулийн Өсвөрийн сэргийлэгч бүлгийн 255 сурагч оролцон тангараг өргөж, батламж, таних тэмдэгээ гардан авлаа.

Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн инженер,
цагдаагийн ахлах дэслэгч Б.Наранбаатар хүрэлцэн ирж, 102 төвд хүүхдүүдээс ирж
байгаа дуудлагын талаар болон онцгой тохиолдолд ямар дугаарын утсанд хандах,
хуурамч мэдээллийн хор уршгийн тухай мэдээлэл өгч ажиллалаа.


Categories
мэдээ спорт

Монголын үндэсний шигшээ баг Тайванийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ

Image result for хөлбөмбөгийн шигшээ багМонголын хөлбөмбөгийн шигшээ баг, анхны албан ёсны тоглолтоо 10 дугаарсарын 5-нд Тайванийн шигшээ багтай хийнэ.

Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан манай шигшээ баг өчигдөр эхний бэлтгэлээ хийсэн бол өнөөдөр хоёр дахь бэлтгэлээбазаагаад мягмар гарагт Тайванийг зорих юм.

“Хүрхрээ үндэсний лиг”-ийн тоглолтуудтай үед шигшээ багаараа хангалттай хэмжээний бэлтгэл хийж чадаагүй ч олон улсын тэмцээний туршлага хуримтлуулах өдрүүд “Талын хөх чононууд”-ыг хүлээж байна.

Үндэснийшигшээ багийг өнгөрсөн сард, ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр сонгон бүрдүүлсэн бөгөөд Тайванийн багтай нөхөрсөг тоглолт хийх манай лигийн шилдэг 18 тоглогч хилийн дээс алхана. Мөн энэ сарын 15-23-нд 23 тоглогчоос бүрдсэн насанд хүрэгчдийн шигшээ баг Японд хамтарсан бэлтгэлд гарна.