Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга М.Энхболд Эрдэнэ сумын сургуулиудын “Эрдмийн баяр”-ын арга хэмжээнд оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Төв аймгийн Эрдэнэ сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, “Эрдэнэ” мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн “Эрдмийн баяр” буюу хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

1924 онд Жанчивлангийн бага сургууль нэртэйгээр үүдээ нээж байсан, 93 жилийн түүхтэй ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд энэ хичээлийн жилд 500 гаруй сурагч суралцаж байгаагийн 50 гаруй нь “А” үсэг заалгахаар анх удаа сургуульд элсэж буй бяцхан сурагчид байв.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тус сургуулийн нийт сурагчид, эрдэмтэн багш, ажилтан ажиллагсдад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлээд, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.

Тэрбээр “Би зориуд сумын сургуулийн нээлтэд оролцохоор та нарыг зорьж ирлээ. Энд хуран цугласан багачуудын дундаас Эрдэнэ сум, Төв аймаг, эх орныхоо ирээдүйг гардан байгуулж, хөгжил дэвшлийн түүчээ нь болох олон шилдэг иргэн төрөн гарна гэдэгт би итгэлтэй байна. Хүүхэд багачууд та нар эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, цэвэр ёс суртахуунтай, бүтээлч санаачилгатай, зөв монгол хүн болохын төлөө өөртөө зорилго тавьж, хичээн шамдаарай. Энэ эрхэм зорилго сурагчид, багш нар, эцэг эхчүүд гээд бүх нийтийн хамтын хүчин зүтгэлээр биеллээ олно.

Монголын төр засаг та бүхнийхээ суралцах орчин, нөхцөлийг сайжруулах, мэдлэг эзэмших, хөгжин боловсрох, эрүүл саруул байх таатай боломжийг бүрдүүлэхийн төлөө байнга анхаарч, бодлого шийдвэрээ зөв оновчтой гаргахыг эрхэм үүргээ гэж үзсээр ирсэн, цаашид ч энэ чиглэлээр их зүйл хийх болно.

Түүнчлэн боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, бодлого шийдвэрээ үр дүнтэй хэрэгжүүлэх нь төрийн үүрэг гэж үзэж байна.

Шинэ хичээлийн жилийн өмнө улсын хэмжээнд 14 цэцэрлэг, 21 сургууль шинээр үүд хаалгаа нээж байна. Эрдэнэ сумын сургууль ч гэсэн хэдхэн хоногийн дараа хичээлийн байрны шинэ өргөтгөлөө хүлээн авах гэж байгаад баяр хүргэе” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Багш нарын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлэх, давтан сургалтад хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар төр, засаг бодлого гарган хэрэгжүүлж байна. Багш нарын цалинг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлэх нь зөв юм” гэлээ.

Тэрбээр 1-р ангид орж буй бяцхан сурагчдын хичээлийн танхимаар зочилж, багш сурагчидтай яриа өрнүүлэв.

Дараа нь “Эрдэнэ” МСҮТ-ийн хичээлийн шинэ жилийн баярын нээлтэд оролцлоо. 1955 онд байгуулагдсан, нийт 12.000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргасны дотроос Монгол Улсын хөдөлмөрийн баатар 20, гавьяат цолтон 8, Улсын аварга 300 гаруй төрөн гарсан бахархам түүхтэй сургууль бол “Эрдэнэ” МСҮТ ажээ. Тус сургууль 6 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг, 50 гаруй багш ажиллагсадтай, 335 хүүхэд суралцах хичээлийн болон 240 ортой дотуур байр, 8 дадлагын газар бүхий цогцолбор сургалтын байгууллага юм байна.

Энд хэлсэн үгэндээ УИХ-ын дарга М.Энхболд “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг төр, засгаас тусгайлан дэмжих бодлого явуулж байна. УИХ энэ онд “Мэргэжлийн боловсролын тухай” хуульд өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт нь мэргэжлийн боловсрол олгох үндэсний тогтолцоог оновчтой болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан мэргэжилтнийг төрөлжүүлэн бэлтгэх, зөвхөн төр дангаараа мэргэжилтэй ажилтан бэлтгэх биш, хувийн хэвшлийн сургалтын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, сургалт үйлдвэрлэлийг хослуулан явуулах, суралцагчдын сурах орчныг ая таатай болгох зэрэгт чиглэсэн юм” гэж тэмдэглэв.

Тэрбээр “Статистик мэдээллээс харахад МСҮТ-д суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь баярлууштай. Улсын хэмжээний 91 МСҮТ-ийг төгсөгчдийн 55-60 хувь нь шууд ажлын байртай болдог, 10 гаруй хувь нь их, дээд сургуульд элсдэг нь ч бас сайхан мэдээ. Энэ сургуулийн оюутан сурагч Та бүхэн сургуулийнхаа алдар гавьяаны түүхэн замналаар байнга бахархаж, хөдөлмөрийн суутнуудынхаа үйлсийг нэр төртэй үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

“Эрдэнэ” МСҮТ-ийн захирал Ш.Отгонхүү “УИХ-ын дарга Та биечлэн хөөцөлдөж, 2008 онд манай МСҮТ-ийг шинэ дотуур байртай болгож өгсөнд манай үе үеийн төгсөгчид, багш нар талархаж явдаг шүү” гээд суралцагчийнхаа урласан саран дэвсгэртэй хас тамгыг УИХ-ын дарга М.Энхболдод дурсгалаа.

Эрдэнэ сумын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтэд Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, сумын Засаг дарга Н.Мөнхсайхан нар оролцлоо.

Төв аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд 50 цэцэрлэгт 770 хүүхэд хүмүүжиж, 31 сургуульд 15.300 гаруй, 5 МСҮТ-д 1600 гаруй хүүхэд суралцаж байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн зам талбайг засварлалаа

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн нэгдүгээр баазын инженер техникийн ажилтнууд байгууллагын өмнөх эвдэрч хонхойж, борооны ус тогтдог нийтийн эзэмшлийн зам талбайг өөрийн хөрөнгөөр засаж тэгшиллээ. Энэ ажлын хүрээнд 500 м эвдэрсэн замд 6 машин дайрга асгаж, 4.5 тоннын индүүгээр индүүдэж тэгшилсэн. Мөн “Зорчигч тээврийн нэгтгэл” –ийн үүдний 6*3 хэмжээтэй самбарыг өргөсгөж 9*5 хэмжээтэй болгож байрлалыг өөрчлөх ажил хийж байгаа. Харин гуравдугаар бааз зам талбай нь эвдэрч хонхойсноос автобус паркдаа орох боломжгүй болсныг засаж, хашаан доторх 400 м 2 талбайд 54м3 уулын дайрга асган экскаватороор түрж тэгшилэн 5 тоннын индүүгээр индүүдлээ гэж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-аас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бид эх орондоо хайртай” хандивын тоглолт өнөөдөр болно

Холбоотой Зураг “Хурд” хамтлагийн санаачлагаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, попынхон нэгдсэн “Бид эх орондоо хайртай” хандивын тоглолт өнөөдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 02-ны 18:00 цагаасТөв цэнгэлдэхэд болно.

Ард иргэдийн санаачлагаар эхлүүлсэн Онцгой байдлын албанд туслах хандивын аянд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт 98 иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 62 нэр төрлийн бүтээгдэхүүн /хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж/, 828 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс 800 орчим сая төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна.

Энэхүү тоглолтод “Хурд”, “Харанга”, “Никитон”, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, дуучин С.Наран зэрэг сор болсон уран бүтээлчид ая дуугаа өргөн барих юм. Тоглолтын тасалбарын үнэ 10 мянган төгрөг бөгөөд тоглолтоос олсон бүх орлогыг Онцгой байдлын албанд хандивлах юм байна.
Categories
мэдээ нийгэм

Гэрлэх ёслолын ордны дэргэдэх цэцэрлэгийн нээлт болов

“Гэрлэх ёслолын ордон” ОНӨААТҮГ нь 2017 оны хичээлийн шинэ жилд зориулан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.2.дахь хэсэг “Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгоно” зорилтын хүрээнд нийгмийн хариуцлагаа ухамсарлан байгууллагын дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийг шинээр байгуулах зорилтыг энэ оны эхэн үеэс тавин ажиллажээ. Тус зорилт 9 сарын туршид хэрэгжин тохижилт, бүтэц, зохион байгуулалт, хяналт шалгалт зэрэг олон шат дамжлагыг дамжсаны дагуу хичээлийн шинэ жилийн нээлт тохиож буй энэ өдөр албан ёсны нээлтийн үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж, алдрай бяцхан үрс шинэ цэцэрлэгтээ баяр хөөртэйгөөр орлоо.

Гэрлэх ёслолын ордны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 143 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг болон харьяалагдах бөгөөд тус цэцэрлэгийн ахлах, туслах хоёр багш, мэргэжлийн тогооч тус тус ажиллана. Тус цэцэрлэгийн хүүхдүүдийн 50 хувийг Гэрлэх ёслолын ордны ажиллагсдын бага насны хүүхдүүд эзэлж байгаа бол үлдсэн 50 хувийг Сүхбаатар дүүргийн 143 дугаар цэцэрлэгт цахим бүртгэлээр хамрагдсан хүүхдүүд эзэлж байна.

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр оролцож, хүрэлцэн ирсэн нийт хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ.

Байгууллагын дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийг байгуулснаар ажиллагсдынхаа нийгмийн хамгааллын нэгэн томоохон асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, ажиллах бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон сайн талтай бөгөөд цэцэрлэгийн хүртээмж багасч, олон тооны хүүхэд цэцэрлэгийн боловсролоос завсардах нөхцөл байдал үүссэн өнөө үед хүүхдүүдийг цэцэрлэгийн орон тоогоор хангах зэрэг чухал ач холбогдолтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Дэлхийд өрсөлдөх монгол иргэнийг бэлтгэхэд Засгийн газар бүх бололцоогоо дайчлан ажиллана

Эрдмийн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын ууган сургуулийн нэг ерөнхий боловсролын гуравдугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 2300 гаруй сургалтын байгууллагад 980 гаруй мянган хүүхэд, залуус суралцана. 73 мянган зургаан настан эрдмийн их өргөөний босгоор алхан орж байна. Эрхэм дүү нар та бүхний зорилго бол дэлхийд өрсөлдөх боловсрол, мэдлэг, чадвартай иргэн болох юм. Үүний төлөө Засгийн газар бүхий л бололцоогоо дайчлан ажиллана. Эцэг эхчүүд, багш та бүхэн ч хариуцлагатай байж, хичээж ажиллах учиртай” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Тэрээр мөн Монголын төр ирээдүй хойч үе, хүүхэд чанартай, сайн боловсрол олгохын тулд тогтмол хөрөнгө оруулалт хийх ёстой. Өнөөдөр бид төсвийн орлогынхоо таван төгрөг тутмын нэгийг боловсролд зарцуулж байна гэдгийг тэмдэглэлээ.

“Ерөнхий сайдын хувиар хичээлийн шинэ жилийн хоёр дахь нээлтдээ оролцож байна. Өнгөрсөн намар өөрийнхөө анх сурч байсан сургуулийн нээлтэд оролцсон бол энэ жил Монгол Улсын ууган сургууль, гуравдугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байна. Энд цугласан зарим хүүхдийн нойр урд шөнө хүрээгүй байх. Миний тавдугаар ангийн охин бас хичээл, сургуульдаа явна гэж догдлоод шөнө нойр муутай хоносон. Хүүхдүүд ингэж л догдолж, хүсч мөрөөдөж, есдүгээр сарын 1-нийг хүлээдэг. Өнөөдөр энэ өдөр тохиож байна. Монголын ирээдүй болсон хүүхэд, дүү нартаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энэ ирээдүйг гэрэл гэгээтэй байлгахын төлөө Монгол Улсын Засгийн газар хичээн ажиллах болно” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Сайхан амьдрахад их мөнгө хэрэггүй

Бэлтгэл хурандаа Донторын Бухбат

90-ээд оны эхээр монголын телевизээр гарч байсан Мексикийн олон ангит “Баячууд ч бас уйлдаг” нэртэй кинонд гардаг үйл явдлыг санаж байгаа байх. Сайхан амьдрахад юуны өмнө бие биенээ хайрлах үнэнч хайранд тулгуурласан гэр бүлийн эрүүл зөв уур амьсгал л хэрэгтэй. Харин үүнд нэлээд ур чадвар, зохих хэмжээний ухаан шаардлагатай. Үнэндээ шинээр гэр бүл болж, амьдрал зохионо гэдэг тийм ч амар ажил биш. Яагаад гэвэл та хоёр, өөр өөр орчинд өссөн, магадгүй та хоёрын өссөн гэр бүлийн ёс уламжлал, зан заншил, эрхэмлэдэг зүйл огт өөр байх нь наад захын хэрэг. Ер нь анхнаасаа л сайн эхнэр (нөхөр) гэж хаа ч байдаггүй. Алс хэтдээ л сайн эхнэр, нөхөр болдгийг санавал зохино. Харин та бол энэ ертөнц дээр ганцхан хувь бодьгал, таны эхнэр хүүхэд ч ялгаагүй. Энэ утгаараа танай гэр бүлийн амьдрал ч энэ ертөнц дээр ганц. Иймээс нийтийн жишгээр эсвэл бусдаас дор орохгүй амьдарна гэдэг шиг утгагүй үг байдаггүй. Үүнээс л атаа жөтөө, шунал тачаал, уур хилэн, хамаг нисваанис эх ундаргаа авдаг. Харин ёс суртахуунлаг байх, хууль, нийгмээс тогтоосон дэг журамд захирагдана гэвэл өөр хэрэг. Ерөөс “Амьтай бүхнийг хайрлаж, амьгүй болгоныг гамнах” зарчмыг гэр бүлийн төдийгүй нийгмийн амьдралын хэм хэмжээ болговоос зохилтой. Ямар нэгэн аргаар их мөнгөтэй болж баян тансаг амьдарна гэлгүй, шударгаар хөдөлмөрлөж аз жаргалтай амьдaръя гэж тэмүүлвэл зохино. Боловсрол, эрүүл мэнд, бусдад туслах гэх мэт зайлшгүй хөрөнгө мөнгө шаардагдах цөөн зүйл бий. “Эрүүл мэнд бол бүх зүйл биш, гэхдээ эрүүл мэндээ алдвал бүх зүйл, юу ч биш.” гэсэн үг байдаг. Энд өгүүлэгдэн буй “бүх зүйл” гэдэгт олсон эрдэм боловсрол, эд хөрөнгө, сайхан эхнэр (нөхөр), үр хүүхэд, үнэнч найз нөхөд, алдар цол, албан тушаал, өндөр байшин, үнэтэй машин бүгд орно. Эрүүл мэндээ алдвал энэ бүгдийн аль нь ч танд тус болохгүй л гэсэн утга. Хүмүүний өмсөх хувцас, орох орон, идэж уух энэ бүхэн маань, биднийг халуун хүйтнээс хамгаалах, алдсан энерги эрч хүчээ нөхөх л зориулалттай болохоос бус гоо сайхан, амьдралын төвшнийг илэрхийлэх үүрэггүй билээ. Ер нь, аз жаргалтай амьдрахын үндэс нь хайр, эрүүл мэнд хоёр. Иймээс “амьдрал хайр дээр тогтдог” гэх нь ихээхэн өргөн утгатай ажээ.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэхгүй, харин улам бэхжүүлэх шаардлагын хүрээнд төслийг боловсруулсан

Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг (2017.09.01) Хууль сахиулахын их сургуульд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа агентлагуудын албан хаагчид хамрагдлаа. Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж хөтлөн явуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал 2017 оны долдугаар сарын 31-ний өдрөөс эхлээгүй гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яриа байсаар ирсэн бөгөөд 2000 онд өөрчлөлт оруулсан ч хэрэгжиж эхэлсэн цагаасаа хойш шүүмжлэлийн бай болсоор байгаа. “Дордуулсан долоон өөрчлөлт” гэдэг тухайн нэмэлт, өөрчлөлтөд эерэг зүйл ч бий, сөрөг нь ч бий. Түүн шиг энэ удаагийн төсөлд эерэг зүйл байвал оруулах, сөрөг зүйл байвал хасах, мөн гарцаагүй хөндөх шаардлагатай зүйл байвал өөрчлөх, нэмэх зорилгоор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс даяар хэлэлцүүлсэн юм.

Үндсэн хууль 25 жил үйлчилсэн учир нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа юм биш. Гарцаагүй өөрчлөх шаардлага байгаа. Гэхдээ бүхэлд нь өөрчлөөгүй, зарим зүйлийг тодотгон нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг хэлэлцүүлж байна” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр төсөлд тусгагдсан зарим зүйл заалтын талаар болон иргэдээс олон гарсан зарим саналын талаар тайлбар, мэдээлэл өглөө.

Өнөөдрийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэх эрх Улсын Их Хурлын хууль санаачлагдад байхгүй, хаалттай гэдгийг тэрбээр тэмдэглэв. Ард түмнээс олгосон зөвшөөрлийн хүрээнд Улсын Их Хурал-Ерөнхийлөгч-Засгийн газар хоорондын харилцаа, эрх мэдлийн тэнцвэр, хяналтыг тодорхой болгох, шүүх эрх мэдлийн зарим асуудлыг тодотгох, нутгийн захиргааны асуудал, төрийн хяналт шалгалтын тогтолоо, төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр зургаан багц сэдвийн хүрээнд төслийг боловсруулсан гэдгийг мөн онцоллоо.

Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох шийдвэрийн хүрээнд улс орон даяар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулаад өндөрлөж байгаа аж. Энэ өдрүүдэд яам, Улсын Их Хурлын харьяа байгууллагууд чиглэл, чиглэлээрээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа юм. Мөн хууль зүй, улс төр судлалын судлаачид болон эрдэм шинжилгээний байгууллагууд төслийн талаар нарийвчилсан судалгаа, хэлэлцүүлэг хийж байгаа бол улс төрийн намууд дор бүрнээ комисс томилон энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхээр зэхэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хэллээ. 2017 оны есдүгээр сарын сүүлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи эрдэм шинжилгээний томоохон хурал болж, экспертүүдийн дүгнэлт гарах аж. Ийнхүү ард түмнээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн дүгнэж, түүнээ задлан шинжилснээр төслийг эцэслэн боловсруулаад Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг ажлаа хийж байгааг тэрбээр дурдав. Өнөөдрийн байдлаар иргэдээс ирүүлсэн 10 гаруй мянган саналыг программд оруулан, нэгтгээд байгаа бөгөөд энэ ажил үргэлжилж байгаа юм байна. Ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газраас иргэн бүрийн санал нэг бүрийг орхигдуулахгүй, төсөлд тусгах зорилгоор ажиллаж байгааг энэ дашрамд хэллээ. Төгсгөлд нь тэрбээр “Монголын нийгэм дэх Үндсэн хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэхгүй, харин улам бэхжүүлэх шаардлагатай гэж үзээд олон нийтээр хэлэлцүүлж буй төслийг боловсруулсан юм” гэв.

Төсөлд зарим зүйл заалтад нэг үг, нэг өгүүлбэр өөрчилсөн юм шиг харагдаж болох ч Үндсэн хуулийн цэг, таслал бүр гүнзгийг утга, агуулга агуулж байдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан онцлон хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриаллаа.

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи танилцуулга эхэлж, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Засгийн газар”, “Шүүх эрх мэдэл” сэдвээр, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч.Ариунхур “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Төрийн алба”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” сэдвээр танилцуулга хийсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид энэ үеэр дээрх сэдвүүдийн танилцуулгатай холбогдууулан асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийллээ. Тэдний асуултад Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан болон сэдвийн танилцуулга хийсэн Улсын Их Хурлын Тамгын ажилтнууд тодорхой хариулт өгөв.

Хэлэлцүүлэгт оролцогчид эцэст нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи саналын хуудсыг бөглөж, саналаа бичгээр өгсөн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эзэмшил газраа өмчлөх аяны талаар мэдээлэл өгөх өдөрлөг болно

Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 сарын аяныг зохион байгуулахаар болсон. Энэхүү аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгөхөөр 9 дүгээр сарын 4 өдөр Нийслэлийн нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт “Иргэд мэдээлэл өгөх өдөрлөг” зохион байгуулах гэж байна.

Эзэмшил газартаа олон жил амьдарсан иргэд энэхүү өдөрлөгт ирж аянд таны оршин суугаа газар багтсан эсэх, ямар бичиг баримт бүрдүүлэх, зөрчилтэй бол зөрчлөө хэрхэн арилгах зэрэг өөрт хэрэгтэй мэдээллээ авах боломжтой юм.

Ирэх сарын 4-нөөс гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366, Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хорооны 334 нэгж талбар багтаж байна гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

О.Эрдэнээ: Хамгийн анхны уран бүтээл минь “Чамдаа би хайргүй байхын аргагүй” дуу юм

Хөгжмийн зохиолч О.Эрдэнээтэй ярилцлаа.


-Таныг их хожуу уран бүтээлдээ орсон гэдэг юм билээ. Хамгийн анхны уран бүтээл болох Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг “Чамдаа би хайргүй байхын аргагүй” хэмээх дуугаа 22 жилийн дараа дуулуулсан гэлүү?

-Анх намайг наймдугаар ангид байхад аав минь төгөлдөр хуур авч өгсөн нь урлагийн хүн болгох эхлэлийг тавьсан л даа. Төгөлдөр хуураа 1990 онд их сургуульд орох хүртлээ ганцаарчлан, дараа нь сургалтад сууснаар давгүй сурчихсан. Их сургуульд орсныхоо дараа төгөлдөр хуурын аязууд зохиож эхэлсэн юм. Тухайн үед сонин дээрээс Б.Лхагвасүрэн гуайн “Чамдаа би хайргүй байхын аргагүй” шүлгийг олж уншаад ая хийсэн юм. Их сайхан шүлэг байсан л даа. Хүүхэд байсан болоод ч тэрүү тийм алдартай шүлэг гэдгийг нь мэдээгүй байгаа юм. Энэ миний хамгийн анхны дуу болсон. Гэхдээ дуу болгочихсон хэрнээ нэг ч хүнд үзүүлээгүй, далд хийчихсэн. Энэ дууг минь 22 жилийн дараа Буянжаргал дуулсан юм. Намайг сургуулиа төгсөхөд цаг үе хүнд байсан учир ганзагын наймаа хийхээс өөр аргагүйд хүрсэн л дээ. Тиймээс л анхны зохиосон дуугаа 22 жилийн дараа дуулуулсан хэрэг.

-Сүүлийн үед таны маш олон шинэ уран бүтээл төрж байгаа. Тэгэхээр уран бүтээлээсээ удаан хугацаанд завсарласан хэдий ч эргэн тун ч эрчимтэй орсон байна шүү?

-Яг үнэндээ энэ салбараасаа их хөндийрсөн байсан л даа. Гэхдээ хүний сурч мэдсэн зүйл гэдэг огт хаягддаггүй юм байна. Энэ хугацаанд төгөлдөр хуурынхаа ард хэдэн цагаар ч хамаагүй суух үе бишгүй л байв. Суухгүй удах үед аав минь тун ч дурамжхан “Энэ хөгжмийг ч хаях болж дээ” гэдэгсэн. Учир нь аав минь намайг урлагийн хүн болгох чин эрмэлзлэлтэй байсан юм. Харин ээж минь намайг инженер, эдийн засагч болгоно гэдэг байж билээ. Хэдий аавынхаа хүслээр урлагийн хүн болсон ч эргээд урлагт хөл тавина гэдэгт итгэлгүй байлаа. Таних дуучид, уран бүтээлчид ч ховор болчихсон байсан л даа. Гэтэл 2012 онд нүүдэл хийхдээ нотны дэвтрээ олдог юм байна. Нээгээд үзтэл 10 гаруй ая үгтэйгээ байж байх юм. Төгөлдөр хуурын ард суугаад тоглож үзлээ. Жигтэйхэн их л гоё санагдсан. Тэр үед энэ дэвтрийг хаавал дахиад хэзээ ч нээхгүй байх гэсэн бодол төрсөн нь урлагтаа эргээд ирэх үндэс нь байсан юм. Ингээд дуунуудаа сонсоод үзэхэд дуучин Буянжаргалын хоолойнд маш сайхан зохицох юм шиг санагдаад олж уулзахаар болсон. Буянжаргалтай хамтраад хамгийн анх “Аялагхан” хэмээх дуу минь гарсан. Хүний анхны юм гэдэг их дурсгалтай нандин байдаг юм билээ. Бүр уйдамгүй. Тэр дуугаа би долоон хоногийн турш сонссон. Дараа нь хамгийн анх зохиосон “Чамдаа би хайргүй байхын аргагүй” хэмээх дууг минь дуулсан юм.

-“Жаргалтай явна”, “Гангараа”, “Миний ээж хөөрхөн”, “Нандин” зэрэг дуунуудыг тань үзэгч, сонсогчид хэдийнэ мэднэ. Үзэгчдийн хүртээл болсон эдгээр уран бүтээлүүд хэрхэн бүтэж байв даа?

-Миний хайртай бүтээлүүдийн нэг бол СТА Э.Төрмандахын дуулсан “Жаргалтай явна” хэмээх дуу. Энэ дуу их сонин бүтсэн. Миний дунд охин жаахан байсан үе л дээ. Охин минь уйлаад болдоггүй. Би босож ширгэлсэн юм. Эргээд унтах гэтэл аманд ая орж ирээд унтаж чаддаггүй. Цаг хартал үүрийн дөрөв болж байх юм. Ямартай ч босоод нотны дэвтэр дээрээ тэмдэглэчихээд унтаад өглөө. Харин өглөө сэрээд өнөөх хөгжмөө хартал их хөнгөн, аятайхан болсон байсан. Ингээд М.Цэрэнтогтох руу явуулснаар тун удалгүй үг нь ирсэн шүү. Ер нь их хурдан бүтсэн дуу байгаа юм. Э.Төрмандах маань хэд, хэд дуулаад л өнгө, нугалаа зэргийг нь тааруулж, өөрийн болгочихсон. Гарсан даруйдаа маш хурдан хит болж билээ. Ер нь аливаа зүйлийн тохироо нь бүрдэнэ гэдэг их сайхан л даа. Бас ямар нэгэн зүйл хийхэд хэзээ ч оройтдоггүй юм байна гэдгийг их сайн ойлгосон. Одоо хамтарч ажиллаж үзээгүй нийтийн дуучин тун ховор болжээ. Бүгдэнтэй нь л ах, дүү бололцож, чанартай, сайн уран бүтээл хийхийн төлөө ажиллаж байна.

-Та цахим хаягныхаа найзууд дунд уралдаан зарлаж, зохиосон дууг тань хамгийн сайн дуулж буй оролцогчдыг шалгаруулдаг. Энэхүү уралдаанд маш олон хүн оролцож байгаа харагддаг. Ер нь энэ санааг хэн гаргасан юм бэ?

-Энэ санааг би өөрөө олсон. Миний хувьд уран бүтээлээ илүү олон хүнд хүргэхийг зорьсон л доо. Харин яавал дээр бол гэж их бодсон. Ингээд фэйсбүүк хаягтаа пэйж хуудас нээсэн юм. Харин энэ хуудсаараа уралдаан зарлавал хүмүүст хүрч болох юм шиг санагдсан. Ингээд эмэгтэйчүүдийн баяр болж байсан учир “Миний ээж хөөрхөн” дууг минь хэн сайн дуулах вэ гэсэн уралдаан зарлалаа. Гэхдээ тийм ч үр дүнтэй байна гэж найдаагүй л дээ. Гэтэл төсөөлж байснаас минь маш олон бичлэг ирсэн. Надад үнэхээр их урам өгсөн шүү. Миний хувьд ч илүү анхаарал хандуулах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Түүнээс хойш СТА Н.Мөнгөншагайгийн дуулсан “Гангараа”, Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын “Нандин”, “Гоо марал”, “Хайр бэлэглэе” зэрэг таван дуугаар уралдаан зарласан. Нийт 500 гаруй хүн бичлэгээ явуулсан байна. Энэ уралдааныг зохион байгуулснаараа би нэг зүйлд л өөртөө баярлаж байгаа. Юу вэ гэхээр би энэ уралдааныг зарласнаараа бичлэг явуулсан оролцогчийн гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, анги хамт олны дунд бага ч болов баяр баяслыг өгч чадсан болов уу. Учир нь оролцогч бүрийг хамгийн дотно хүмүүс нь дэмжиж байдаг. Тэд аль болох түрүүлүүлэхийн тулд олон хүнд бичлэгээ түгээдэг. Тэр чинээгээрээ хүмүүст дуу хуур, баяр хөөрийг бэлэглэдэг. Энэ тухай ч үзэгч, сонсогчид маань “Энэ хар бараан мэдээлэл дүүрсэн цахим ертөнцөд таны уралдааныг үзэж л баясах юм. Танд маш их баярлалаа” гэх мэт сэтгэгдлүүдийг маш их хэлж байсан шүү. Миний хувьд уран бүтээлээ олон хүмүүст хүргэснээс ч илүү аз жаргал мэдэрч байсан. Уралдаанаа явуулахгүй хэсэг хугацаа өнгөрөхөөр л хүмүүс “Яагаад уралдаан хийхгүй байна вэ. Дахиад уралдаан хэзээ болох бол” гээд л их шаарддаг. Би хамгийн сүүлд дууны шүлгийн уралдаан зарласан юм. Учир нь шүлгэндээ ая хийлгүүлмээр байна гэсэн хүмүүс надад их ханддаг л даа. Ер нь олон сайхан шүлэгтэй ч ном гаргаагүй хүмүүс олон байдаг юм билээ. Тэгэхээр тэр олон сайхан хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд уралдаан зохиохоор болсон. Би түрүүлсэн оролцогчдын шүлгэнд ая хийн, дуучныг нь өөрөө олж өгөөд, мөн дүрсжүүлж өгөх юм. Ер нь миний хувьд уралдаанд түрүүлсэн оролцогчдодоо мөнгө төгрөг гэхээсээ илүү уран бүтээлээр бэлэг барихыг хүсдэг. Хүн өөрийн гэсэн уран бүтээлтэй байна гэдэг их сайхан шүү дээ.

-Анхны уралдаанд тань түрүүлсэн Ц.Өлзийсайхан охин “Цэцгийн үнэртэй нутаг” хэмээх дуутай болсон байсан. Энэ дууны тухайд?

-Есдүгээр ангийн сурагч Ц.Өлзийсайханы маань уралдаанд оролцсон бичлэгийг цахим ертөнцөд сая гаруй хүн үзсэн шүү. Тэр бүү хэл цахим ертөнцөд “Бумбагар” нэрээрээ танигдах болсон байна лээ. Бид “Эгшиг” студийн захирал Гантулга, яруу найрагч М.Цэрэнтогтох нартай хамтраад дуу хийж өгөхөөр болсон. Хэрэв цаашид дуучин болох бол уран бүтээлийнх нь эхлэл байг гэж бодсон л доо. Дуучин болохгүй байсан ч дурсамж болон үлдэнэ. Ингээд ямар дуу хийх тухай их ярилцсан. Ц.Өлзийсайхан маань нас бага учир яруу найрагч бид хоёр хайр дурлалын тухай дуунаас татгалзсан юм.

Бумбагарын маань төрсөн нутаг бол Хөвсгөл аймгийн Түнэл сум л даа. Түнэл гэдэг нь цэцгийн нэр юм билээ. Вансэмбэрүү цэцэг шиг л их ховор үзэгддэг цэцэг юм гэсэн. Тиймдээ ч “Цэцгийн үнэртэй нутаг” хэмээн дуугаа нэрлэсэн юм. Охин маань ээжийн тухай дуутай болъё гэсэн санал тавьсан л даа. Тиймээс манай яруу найрагч М.Цэрэнтогтох маань нутаг, ээж хоёрыг нь хамтад нь өгүүлсэн “Цэцгийн үнэртэй нутаг” хэмээх маш сайхан шүлгийг тэрлэсэн. Охинд маань ч их таалагдсан шүү. Дуу нь цахим ертөнцөд гарсан даруйдаа л хүмүүст сайн хүрсэн. Фм, радио, телевизүүдээс ч гэсэн цацах саналууд ирсээр л байна. Ц.Өлзийсайхан бол миний явуулсан өчүүхэн уралдааны бас нэг эерэг үр дүн нь байсан. Энэ авьяаслаг, мундаг охиныг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Би уран бүтээл хийж эхэлснээсээ хойш 100 гаруй дуугаараа ард түмнийхээ сонорыг мялаагаад байна. Мөн нийтэд цацагдаагүй 70 гаруй дуу бий. Мөн энэ он гарснаар уран бүтээлийн олз арвин байна. Найман сарын хугацаанд 20 гаруй дуу гаргажээ. Уран бүтээлчид маань ч их захиалга өгч байна. Сүүлд Б.Оюунбат, Р.Бадралмаагийн “Наран хань”, В.Баттулгын “Дурлаа юу даа” гэх мэт дуунууд шинээр гараад байна. Мөн “Гангараа” дууг дуулсан Н.Мөнгөншагайгийн “Түвшин жаргалтай хурим” хэмээх шинэ дуу гарлаа. Одоогоор тэмцээнд түрүүлсэн таван оролцогч болон дуучидтайгаа хамтран кино концерт хийж байгаа. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Дуунаас гадна дан болон симфони хөгжмийн бүтээл хийж байгаа. Ерөнхийдөө 80 гаруй хувьтай явж байна. Түүнчлэн аравдугаар сарын 5-нд Монгол бөхийн өргөөнд “Гэгээн эгшиглэн-2017” хэмээх бие даасан хоёр дахь тоглолтоо хийнэ. Тоглолтдоо бүх анхаарлаа төвлөрүүлээд ажиллаж байна. Уг тоглолтод дөчөөд уран бүтээлч оролцох болно. Миний хувьд “Гэгээн эгшиглэн” хэмээх тоглолтоо уламжлал болгон хийх бодолтой байгаа. Бодол, мөрөөдөл минь юм л даа. Мэдээж уламжлал болон зохиогдох учир маш чанартай хийхийг юу, юунаас илүү зорьж байна. Уран бүтээл хийж байх хугацаанд хэд, хэдэн тоглолтод найруулагчаар ажилласан. Энэ бүхнээс бага ч гэсэн туршлага хуримтлуулж чадсан гэж бодож байгаа. Ер нь жишиг болсон тоглолт хийхийн тулд маш их хөдөлмөрлөж байна даа.

Б.Урантуяа

Categories
мэдээ цаг-үе

Б.Шатархүү: Москвагийн олимп, монгол хүн сансарт ниссэнийг дамжуулснаа азтай тохиолдол гэж боддог

Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан Б.Шатархүүтэй ярилцлаа.


-Та бол Монголын радио Монголын ард түмний нүд чих болж байсан алтан үед ажиллаж байсан мундаг нэвтрүүлэгчдийн нэг. Энэ их айлын босгыг давж, анх нэвтрүүлэгч болж байсан үеэс тань яриагаа эхэлье?

-Ер нь бол би МУИС-ийн Газарзүйн ангид 1962 онд элсэн суралцаж төгссөн юм. Радиод анх ажиллаж эхэлсэн үеэ одоо бодоход ёстой л залуу насны эрч хүчээр даван туулж дээ гэж боддог. Тэр үед манайх Толгойтод байдаг. Толгойтоос хотын төв орно гэдэг асар хүнд байсан. Хоёр сар өглөө ажил цуглахад ирээд, орой ажил тарахад буцна. Гэхдээ цалингүй, дадлагажигч маягаар ажиллаж байсан. Хоёр сарын дараа тушаал гарч дагалдан нэвтрүүлэгч болсон боловч тэр үед би зургаан сартай жирэмсэн байсан юм. Тэгээд ороод удалгүй жирэмсний амралтаа авахаар болов оо. Радиод орсон эхний хоёр жилээ би хоёр хүүхэд гаргасан. Тэгээд л дотроо “Ажил мэргэжилдээ ч сайжирсан юмгүй, хүүхэд гаргахаас өөр ид шидгүй хүн орж ирсэн байна” гэж бодож байгаа болов уу гэж санаа зовно. Хүн амьтантай зориглож ярьж, харилцаж чадахгүй. Эхний гурван жил би чинь шинэков байлаа. Уг нь би чинь МУИС-д газарзүйн багш мэргэжил эзэмшсэн хүн шүү дээ. Тэр үед дээд сургууль төгссөн хүн радиод ажиллаж байгаагүй юм билээ. Намайг бүр “Би л энд ганцаараа их сургууль төгссөн гэсэн аятай, тусгаар тогтносон Шатархүү улс тэнд сууж байдаг. Хэнтэй ч ярьж, нийлдэггүй” гэж хамт олон минь шүүмжилж байсан удаатай. Яг үнэндээ би тэднээс айж эмээгээд, халгаад байсан хэрэг шүү дээ.

-Тийм хүнд хэцүү гурван жилийг хэрхэн давж туулав. Өнөөгийн залуус их шантрамтгай болсон шиг санагддаг?

-Бас нэг удаа “дээд сургууль төгссөн хүн амархан ажил хийнэ гэж энд орж ирсэн биз” гэдэг байгаа. Тэр бүрт л надад газар доогуур ормоор санагддаг байсан. Нэг удаа би эфиртээ уйлаад сууж байтал манай гавьяат Чулуунбат орж ирээд “Зүгээр, чи ингэж шүүмжлүүлж байна гэдэг чинь ажлаа хийж чадаж байна гэсэн үг. Битгий гутар” гэж хэлсэн юм. “Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд, гарцаагүй түүнийг нь олж хэл” гэж О. Дашбалбар нэгэнтээ шүлэглэсэн байдаг. Яг тэр л үгийг Чулуунбат надад хэлсэн. Хүн урмаар сэхдэг гэж үнэн юм билээ. Бас нөхөр минь намайг шахаж радиод оруулсан болохоор “Зүгээрээ Шатар аа, цэвэрлэгч хийж байгаа хүн ч сайн муугаараа хэлүүлдэг юм. Чи чадна” гэж хэлдэг байсан. Радиод намайг ингэж явахад хамгийн их ойлгож, хүлээж авч, дэмжиж байсан хүн бол манай найруулагч Ням-Осор гуай. Намайг студи дээр суулгаад үүнийг сонс, унш гэх мэтчилэнгээр хамгийн их зүгшрүүлэх гэж ажилласан хүн юм. Жинхэнэ миний багш гэж боддог. Ням-Осор гуайд сэтгэлдээ байнга баярлаж явдаг. Ингэж явсаар байгаад л алтан үеийн агуу нэвтрүүлэгчдийн дунд Шатархүү гэдэг хүн үлдэж чадсан даа.

-Тэгээд хэзээнээс өөрийгөө болж байна гэж бодож, тоох болсон бэ?

-Нэвтрүүлэгчийн мэргэжлийг одоо ч сурч дуусаагүй гэж боддог. Одоогийн хүүхдүүд хоёр гурван юм уншчихаад өөрийгөө чадаж байна гэж боддог. Хүн ер нь өөрийгөө болчихлоо, чадаж байна гэж бодож болдоггүй. Тэгэх л юм бол ахидаггүй. Манай мэргэжлийн хамгийн хүнд өвчин бол “хий унших”. Юу ч бодохгүй, зүгээр л уншихыг хэлж байгаа юм. Өнөөдөр ийм хүн олон болжээ. Би Балжир, Гүнгаа, Ичинхорлоо, Батцэрэн, Чулуунбат гээд мундаг, жинхэнэ алтан үеийн нэвтрүүлэгчдийн үед ажилд орсон. Фронт дээр, тэнд л жинхэнэ нэвтрүүлэгчдийг бэлтгэдэг байлаа. Би тэдний нэвтрүүлгийг сонсож тэднээс их зүйл сурсан даа. Тэр үед уншиж байгаа нэвтрүүлгээрээ өөрийгөө хаана яваагаа мэддэг байлаа. Тухайлбал, “Эрин цаг, үйл явдал” нэвтрүүлэг улс төрийн гол нэвтрүүлэг байсан. Тэрнийг мундагчуул уншина. Үүн дээр миний нэрийг тавьсан байгааг хараад л өөрийгөө шат ахиж байгаа юм байна гэж урамшдаг байлаа.

Уран зохиолын нэвтрүүлэг уншиж буй нь.

-Таны сэтгэлд хоногшсон хамгийн сайхан нэвтрүүлэг тань юу байв?

– Зохиолч Базаррагчаагийн “Баян намар” радио жүжгийг Батбаяр бид хоёроор Бүргэд найруулагч хийлгэж байсан нь санаанаас гардаггүй юм. Хүмүүс ч их гайгүй болсон гэж үнэлцгээж байлаа. Энэ мундаг нэвтрүүлэгчдээр хийлгээгүй байж надаар хийлгэсэнд нь их баярлаж, өөрийгөө жаахан үнэлж байсан юм. Гэхдээ одоо эргээд сонсоход бас л болоогүй байж дээ гэж өөрийгөө голдог.

Радиод ажиллаж байхад транслияцид явна гэж нэг сайхан юм байлаа. Шууд нэвтрүүлэг дамжуулахыг хэлж байгаа юм. Майн баярын жагсаал, Улсын баярын нэвтрүүлэг, Сүхбаатарын төрсөн өдөр, Намын их хурал, пионерийн дөчин жил гээд л шууд нэвтрүүлэг их дамжуулна. Бүргэд найруулагч маань “транслияцид явахаар Шатархүүгийн жинхэнэ онгод ордог” гэдэг байлаа.

-Дээхнэ үед радиогийн нэвтрүүлэгчдийг хүмүүс дуу хоолойгоор нь анддаггүй байсан гэлцдэг. Танд тийм явдал тохиолддог байсан уу?

-2000 оноос хойш хүмүүс радио сонсохоо байчихаж. Түүнээс өмнө дэлгүүрт ороод юм асуухаар “Хүүе, радио дуугарч байна. Та радиогийн нэвтрүүлэгч үү” гэж асуудаг хүмүүс зөндөө таарч байсан.

-Таны амьдралын хамгийн баяр жаргалтай мөч хэзээ, хэрхэн тохиож байв?

-1977 онд байгууллагын коллеги, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын хурлаар орж Москвагийн радиод ажиллахаар явсан юм. Москвагийн радиод оччихоод удаагүй байлаа. Нэг өглөө 07:00 цагт мэдээгээ уншчихаад Москва голын салаан дээр очиход нар мандчихсан байгаа нь их гоё санагдаж билээ. Үнэхээр сайхан зүйлийг мэдрэхэд ээж минь бодогдож надад гашуун дурсамж үлдсэн. Тэр үед “Ээж минь байсан бол” гэж эрхгүй бодогддог юм билээ. Охиноо энэ дайтай явна гэж ээж минь даанч ойлголтгүй энэ хорвоогоос буцсан даа. Мөн энэ үед надад их азтай үйл явдал тохиосон. 1980 оны Москвагийн олимпийн мэдээ, 1981 онд Монголын анхны сансрын нисгэгч Гүррагчаа, Жанибеков хоёрын сансарт ниссэн тухай мэдээллийг Монголын ард түмэндээ хүргэх, түүхэн үйл явдлын гэрч болох аз тохиосонд баярлаж явдаг.

-Та МУИС-д газарзүйн багш мэргэжил эзэмшсэн. Радиод нөхөр маань шахаж оруулсан гэж ярьсан. Яагаад радиогийн нэвтрүүлэгч болохоор шийдсэн бэ?

-Би сургуулиа төгсөөд радио хүлээн авах станцад жил гаруй хугацаанд ажилласан. Нөхөр маань тэнд инженерээр ажиллаж байсан юм л даа. Тэр үед нөхөр маань намайг радиод очиж шалгуулаач, чи нэвтрүүлэгч болж чадна гэдэг байсан. Тэгээд нэг өдөр очоод шалгуулсан чинь “болж байна” гэсэн. Гэхдээ чиний шүд дутуу юм байна, долоо хоногийн дотор хийлгүүлж чадах уу гэхэд их ичсэн. Тэгээд дахиж очоогүй. Дарханд очиж Эвлэлийн хороонд сургууль пионер хариуцсан зааварлагчаар ажиллах болсон. Гэтэл тэнд Эвлэлийн хорооны нэвтрүүлэг бэлтгэж, өөрөө уншдаг юм байна. Тэр үед Амбасэлмаа гуайтай нэг өрөөнд суудаг байлаа. Амбалаа гуай намайг “Чи яг радиогийн нэвтрүүлэгч болох хүн байна” гээд байдаг. Тэгээд л радиод ажиллахаар эргэлт буцалтгүй шийдсэн дээ.

-Ингэхэд та аль нутгийн хүн бэ. Бага насаа хаана хэрхэн өнгөрүүлэв?

-Би Говь-Алтай аймгийн хүн. Намайг долоон настай байхад манайх Улаанбаатар хот руу шилжсэн. Манайх усны гудамжинд байдаг. Би охидын нэгдүгээр арван жилд сурах болсон. Би даахиа үргээлгэчихсэн, хоёр сонжуугаа тайрчихсан болохоор хүүхдүүд намайг их шоолдог байсан. Ээжийнхээ оёж өгсөн хөөрхөн монгол гутлыг өмсчихсөн байхад сургуулийн хүүхдүүд хөдөөний хөөсөн мантуу гээд л шоолно. Манай сургуульд Маршал Чойбалсан гуайн Сувдаа гэдэг охин сурдаг. Саарал победоор хүргүүлж ирнэ шүү дээ. Дууны хичээл дээр багш хүүхдүүдийг самбарын урд гаргаад дуу дуулуулна. Тэр үед манай ангийн Нина гэж шар охин дуулж чадахгүй, минчийсэн улаан болчихоод багшид загнуулдаг байсан. Түүний жинхэнэ нэр Ерөө байсан юм билээ. Сүүлд Ерөө маань МУГЖ, дуурийн дуучин болсон гэж байгаа.

Наймдугаар ангид ордог жилээ комбинатын 18 дугаар сургуульд шилжин очсон юм. Манай ангид Булганаас Зундуйн Дорж шилжиж ирээд байлаа. Тэр үед манай сургууль дээр хэдэн хүмүүс ирээд манай ангиас З.Дорж бид хоёрыг босгож, онцолж хараад явсан.

“Уран зохиолын багш нар маань хэзээ явах гэж байна” гээд л асуугаад байсан. Би учрыг нь сайн ойлгохгүй байлаа. Гэтэл багшийн дээдийн дэргэд СУИС-ийн үндэс суурь тавигдаж жүжигчний ангид хүүхэд шалгаруулж авч байсан юм билээ. Тэгэхэд манай сургуулийн есдүгээр ангид байсан одоо Ардын жүжигчин Мэндбаяр, “Алтан өргөө”-ийн Зоригт, Батсүх гурав жүжигчин болохоор сонгогдон явж байсан. Тийм мундаг жүжигчид манай сургуулиас төрж байлаа.

-Шатархүү гэхээр эрэгтэй хүнд л баймаар нэр шиг. Хэн өгсөн, ямар учиртай нэр вэ?

-Миний жинхэнэ нэрийг Түмэнжаргал гэдэг байжээ. Багадаа их жижиг биетэй байсан болохоор намайг хүмүүс “Шатрын хүү шиг” гэж өхөөрддөг байснаас ийм нэртэй болсон юм билээ. Миний овгийг Дүгэрсүрэн гэдэг. Энэ овог ч миний жинхэнэ овог биш. Намайг ой гарантай байхад төрсөн эцэг минь өөд болсон. Харин найман настай байхад ээж минь хойд аавтай суусан. Тэгээд Дүгэрсүрэн гээд хойд ааваараа овоглох болсон. Миний аавыг Бүтэд гэдэг. Ийм сайхан амьдарсан болохоор өөрийнхөө ааваараа овоглосон бол сайхан байхгүй юу гэж боддог.

-Та дөч шахам жил радиогийн нэвтрүүлэгч хийжээ. Мэргэжлийн өвчин гэх үү, рефлекс гэж хүнд суучихдаг. Та нарт тийм зүйл бий юу?

-Байлгүй яахав. Ном сонин уншихаараа заавал чанга дуугарч уншина. Хэл ам ээдэрвэл түргэн хэллэг хэлээд л. Бас нэг суусан зүйл гэвэл өглөө хоцрохгүйн тулд шөнө байн байн сэрдэг байсан юм. Одоо ч хэвээрээ. Шөнө дахин дахин сэрнэ. Сэрээд унтах гэхээр заавал цаг харна. Тийм рефлекстэй болсон.

-Монгол Улсын гавьяат тамирчин, дугуйчин Өлзий-Оршихыг таны хүргэн гэж сонссон?

-Тийм ээ. Манай охиныг есдүгээр ангид байх үеэс нэг хөх алаг нүүртэй хүү хаалга үүд цохиод байдаг болсон. Хоёр ч удаа ирлээ. Тэгэхээр нь охиндоо “Чамайг сураглаж ирдэг энэ хүү дандаа л хөх алаг нүүртэй явах юм. Зодоон хийдэг, нэлээн хулигаан хүү байх аа” гэж хэлж байсан юм. Гэтэл төрөлхийн тийм мэнгэтэй хүн байсан юм билээ.