Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, саналаа өглөө. Энэ асуудалд бүх нийтийн оролцоог хангах нь зүйтэй гэж үзэн, УИХ-аас тогтоол гаргасны дагуу өнөөдөр орон даяар хэлэлцүүлэг явагдаж байна. Үндсэн хууль бол улс орны тусгаар тогтнол, нийгмийн зөвшилцөл, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болсон, төрийн тогтолцоо, засаглалын зарчмыг тодорхойлсон суурь хууль учраас түүнд өөрчлөлт оруулах асуудал өнөөдөр хамгийн чухал үйл хэрэг болсныг оролцогчид онцоллоо. Нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны албан хаагчид болон харъя 16 газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөллүүд оролцлоо.Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, тэдгээрийн үзэл баримтлал, холбогдох судалгаа болон гарах үр дүн, ач холбогдлын талаар танилцууллаа. Төсөлд УИХ-ын болон Ерөнхийлөгчийн, мөн Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх хэмжээ, зааг ялгааг тодотгосон, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн бүтцийг шинэчилсэн тодорхой өөрчлөлтүүд орохоор тусгасан байна. Төрийн албаны хараат бус, тогтвортой, мэргэшсэн байх зарчим, төрийн хяналтын тогтолцоо, УИХ-ын хянан шалгах чиг үүрэг гэх мэт олон чухал асуудлыг нарийвчлан тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Эрээн хотод Монгол иргэдэд зориулсан хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх төв нээгдлээ

БНХАУ-ын Эрээн хотод зорчиж буй монгол иргэд хятадын хууль тогтоомжийг мэдэхгүйгээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал цөөнгүй гардаг тул Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас санаачлан Эрээн хотын Ардын Засгийн ордны Хууль зүйн товчооны дэмжлэгтэйгээр монгол иргэдэд зориулсан хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх төвийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нээн үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Тус төвд монгол хэлтэй, кирилл үсэг мэддэг хуулийн ажилтан ажлын өдрүүдэд 0830-1800 цагийн хооронд монгол иргэдийг хүлээн авч, БНХАУ-ын эрүүгийн болон иргэний хууль тогтоомжийн талаар үнэгүй зөвлөгөө өгөхөөр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс, АНУ, Япон Улсын хамтарсан мэдэгдэл

Монгол Улс, АНУ, Япон Улсын гурван талт уулзалт 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо болов. 2015 онд эхлүүлсэн энэхүү гурван талт уулзалт нь Монгол Улс болон түүний “гуравдагч хөршүүд” болох АНУ, Японы хооронд бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаа, эдийн засгийн интеграцчлалын асуудлаар санал солилцох суурь механизм болж байгаагийн хувьд чухал ач холбогдолтойг талууд онцлон тэмдэглэв.

Энэ удаагийн гурван талт уулзалтаар талууд санаа зовниж буй зарим асуудлаар санал солилцов. БНАСАУ цөмийн болон баллистик пуужингийн технологио үргэлжлүүлэн хөгжүүлж, ялангуяа 8 дугаар сарын 29-ний өдөр Япон Улсын нутаг дэвсгэр дээгүүр баллистик пуужин харваж, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд аюул занал учруулж байгаад сэтгэл нэн зовниж байгаагаа талууд илэрхийлэв. Энэхүү үйлдэл нь бүс нутгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгааг талууд тэмдэглэж, бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлэх үйлдлээ даруй зогсоож, олон улсын өмнө хүлээсэн үүрэг болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох бүх тогтоол болон олон улсын хурцадмал байдлыг энхийн замаар шийдвэрлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах хамтын зорилтын төлөөх 6 талт хэлэлцээний 2005 оны Хамтарсан мэдэгдлээр тус тус хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийг Пхеньянд уриалав. Талууд мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолууд, ялангуяа 2371 дүгээр тогтоолын шинэ заалтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг НҮБ-ын нийт гишүүн орнуудад уриалахын сацуу хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв.

Талууд олон улсын эрх зүй, хэм хэмжээ нь улс хоорондын энх тайванч, үр бүтээлтэй харилцааны чухал үндэс суурь болохыг дахин нотлож, цаашид НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд гурван талын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тогтов. Гурван тал болон олон талын хүрээнд аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар санал нэгтэй байгаагаа оролцогчид дахин нотлов. НҮБ-ын энхийг сахиулах болон дэлхийн мөргөлдөөнт бүсүүдэд тогтвортой байдлыг хангахад чиглэсэн ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг АНУ болон Японы тал өндрөөр үнэлэв.

Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа нь гурван талын харилцаанд чухал байр суурь эзэлж байгааг талууд тэмдэглэв. Талууд худалдааныхаа хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг АНУ болон Японы аж ахуйн нэгжүүдэд илүү таатай болгох, ялангуяа ил тод, тогтвортой байдлыг хангах нөхцөл боломжийн талаар санал солилцов. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд Монгол Улс ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Япон, АНУ-ын тал илэрхийлэв. Япон болон АНУ-ын тал Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх давуу талыг тэмдэглэж, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын зорилтыг хэрэгжүүлэхэд нь хамтран ажиллахаар болов.

Categories
мэдээ нийгэм

Хөрөнгө оруулагчаас төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх журмын төслийн хэлэлцүүлэг хийлээ

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэд дарга Б.Даажамба тэргүүтэй Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн гишүүд монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн компанийн болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзалт, хэлэлцүүлэг хийлээ. Оролцогчид Хөрөнгө оруулагчаас төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх журмын төслийн хэлэлцүүлэгт саналаа илэрхийллээ.

Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Америкийн худалдааны танхимын гишүүн компаниудын төлөөллүүд журам боловсруулж буй нь цаг үеэ олсон асуудал гэлээ. Хөрөнгө оруулагч компани аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэж хариу өгөх хугацааг богино байлгах, аливаа маргаан шүүхийн шатанд очихоос урьдчилан сэргийлэх чадамжтай байх хэрэгтэй. Мөн хамгийн их хүндрэл бэрхшээл, үл ойлголцол үүсгэдэг төрийн мэдлийн байгууллагуудтай харилцах харилцааг зохицуулах боломжийг тусгаж өгөх ёстой гэлээ.

Журмын төслийг боловсруулсан ажлын хэсэг өнөөдрийн хэлэлцүүлэгт яригдсан саналуудыг нэгтгэн боловсруулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах юм байна. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл нь Хөрөнгө оруулагчаас төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх журамтай болсноор аливаа маргаан асуудлыг нэг шугамаар шийдвэрлэх боломжтой болох юм. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулагдснаас хойшхи хагас жил орчим хугацаанд 80 гаруй өргөдөл гомдол ирсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат III сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно

Есдүгээр сарын 1-ний өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 08 цагт Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын гуравдугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно. Харин УИХ-ын дарга М.Энхболд Төв аймгийн Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 09:00-10:00 цагаас, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд 14 цагаас оролцох юм.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар Унгарын Будапешт хотод болж буй Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй баг тамирчдаа дэмжин тус улсад ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Хятадын Экспо”-д 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын ӨМӨЗО-той хамтран “Монгол- Хятадын Экспо” хоёр дахь удаагийн арга хэмжээ 09 дүгээр сарын 26-аас 30-ны өдрүүдэд Хөх хотод болох гэж байна.

“Монгол-Хятадын Экспо”-г зохион байгуулснаар Монгол, Орос БНХАУ-ын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад оролцох алхамыг улам бүр эрчимжүүлж, дэлхийн улс орнуудтай харилцаа хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлэх, үндэсний бараа бүтээгдэхүүнийг бусад оронд сурталчлан таниулж, борлуулах, БНХАУ-ын зах зээлд нэвтрэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг авах юм. Мөн экспо арга хэмжээний үеэр болох бизнес форумд оролцох, урт хугацаанд найдвартай хамтран ажиллах бизнесийн түнш олж экспортын үйл ажиллагааг эхлэх, өргөжүүлэхэд шаардлагатай мэдлэг ур чадварыг өгөх зэрэг чухал ач холбогдолтой юм.

Энэ удаагийн экспод Монгол Улсаас 320 гаруй аж ахуй нэгж оролцох урьдчилсан тоо гарч, бэлтгэл ажил хангагдаад байна. Мөн зөвхөн Монгол Улс, БНХАУ гэж хязгаарлагдахгүйгээр 30 гаруй орон урилгаар, ОХУ зочин орноор оролцох юм.

Түүнчлэн экспод оролцох аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх үүднээс ХХААХҮЯ-наас санаачлан Европын сэргээн босголтын банктай хамтран 9 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд “Монгол Хятадын Экспо ” үзэсгэлэнд хэрхэн амжилттай оролцох нь” сэдэвт сургалтыг зохион байгуулах юм.

Дашрамд дуулгахад хоёр дахь удаагийн экспо дөрвөн үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд монголын талаас хөрөнгө оруулалт ба гэрээ хэлэлцээрийн ажлын хэсгийг Үндэсний хөгжлийн газар, хурал форумын ажлын хэсгийг Гадаад харилцааны яам, Үзэсгэлэн зохион байгуулах ажлын хэсгийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, соёлын долоо хоног аян арга хэмжээг Соёл, урлагийн газар ахлан тус тус хамтран зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хар хорин”, “Барс” зах орчмын ТҮЦ, чингэлгүүдийг албадан буулгалаа

ТҮЦ, чингэлэг чөлөөлөлтөөс үлдсэн их хэмжээний хогийг “Баянгол-Шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчилэгч, жолооч ачигчид хамтран ачлаа.

Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоох, аж ахуйн нэгжүүдийг татан буулгаж, нүүлгэн шилжүүлэх ажил өрнөж байна. Нийслэлийн зургаан дүүргийн Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг 341 аж ахуйн нэгж байгууллага, иргэн байгаа аж. Үүнээс 106 нь Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Тиймээс дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Хархорин”, “Барс-2” худалдааны төвийн үүдэн дэх ТҮЦ, чингэлэгүүдийг албадан буулгах ажлыг өчигдрөөс эхлүүлжээ. Цаашид Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хууль бусаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг таслан зогсоох ажлыг эрчимтэй явуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын хурал болно

Монголд анх удаа Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид чуулж, туршлага солилцох гэж байна. “Investigative journalism dialogue” эрэн сурвалжлах сэтгүүлзүйн Олон улсын хурлыг Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын Дойче Велле академи болон “Монгол ” телевиз хамтран есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд “Кемпински” зочид буудалд зохион байгуулах аж.

Олон улсын хурлын талаар Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах, АНУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлч Марк Ли Хантер, ХБНГУ-ын сэтгүүлч Маркус Линдеман, Дойче Велле академийн хөтөлбөрийн менежер Эва Мель болон “Монгол” телевизийн мэдээний албаны ерөнхий продюсер Э.Лхагва нар өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хурлын үеэр энэ чиглэлээр бие даасан, хараат бус төв байгуулан ажиллуулж буй бусад орны сайн туршлага, нээлттэй мэдээллийн санг хэрхэн үүсгэх түүнийг ашиглахын давуу тал. Мөн цахим орчинд мэдээлэл хайх, нягтлан шалгах арга барил зэрэг сэдвээр санал солилцож, дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, туршлагаас хуваалцах боломжтой гэдгийг эрэн сурвалжлах сэтгүүлчид онцолсон юм.

Categories
мэдээ спорт

Б.Ганхайч эхний ялалтаа авлаа

Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тус тэмцээний 81, 63 кг-ын жинд Монголын гурван бөх барилдаж байгаа бөгөөд дөнгөж сая 63 кг-ын жинд Б.Ганхайч Киргизстаны Мерим Момуноваг даралтаар цэвэр яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч БНСУ-ын Хан Хи Жү юм. Энэ жинд манай Б.Мөнгөнчимэг тун удахгүй дэвжээнд гарна.

Categories
мэдээ нийгэм

Амиа хорлолт их байгаа учраас холбогдох газрууд анхааралдаа авах хэрэгтэй гэв

Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын сургалт судалгааны төв “Амиа хорлолттой холбоотой анхны суурь судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр мэргэжилтнүүд өсвөр насны хүүхдийн хувьд эцэг, эхийн зүй бус харилцаа, сурган хүмүүжүүлэгчдийн шударга бус харилцаанаас болж сэтгэл гутралд орж амиа хорлосон тохиолдлууд байдаг гэв. Энэ нь сүүлийн үед өсөх хандлагатай байгаа учраас холбогдох газрууд анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг онцолсон юм.

Судалгааны багийн удирдагч, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа “Амиа хорлосон хүмүүсийн үлдээсэн 217 гэрээслэлийг харахад ихэнх нь сэтгэлзүйн хүнд дарамтаа дааж чадалгүй амиа хорлосон болох нь тодорхой байсан. Ялангуяа өсвөр насныхны амиа хорлолт нь тэдний сэтгэлзүйн тогтворгүй байдалтай холбоотой нь их байна. Өсвөр насныхныг амиа хорлоход хүргэсэн шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл, үерхэж буй охин хөвгүүнтэйгээ муудалцах, тохиолдлын бэлгийн харилцаанд орох, гэмт хэрэгт холбогдох, эцэг эхийн анхаарал халамж дутмаг зэрэг хүчин зүйлтэй холбоотой байсан” гэлээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн захирал, хууль зүйн ухааны доктор М.Гантулга “Судалгаанаас харахад 10-29 насны хүмүүсийн дунд амиа хорлолт өсч байна. Тиймээс үүнтэй холбогдуулан Засгийн Газар, Хууль Зүй, Дотоод хэргийн яаманд холбогдох саналуудыг хүргүүлсэн. Мөн Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамнаас “Бусдыг амиа хорлох” явдлаас урьдчилан сэргийлэх ажлыг ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуульд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай мэдэгдэл бичиг хүргүүлээд байна” гэв.

Нийт судалгааны дүнгээр жилд дунджаар 441 хүн амиа хорлож байна гэсэн дүн мэдээ гарчээ. Нийт амиа хорлосон тохиолдлын 1.729 нь эрэгтэй, 326 эмэгтэй байсан бөгөөд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 5.2 дахин их амиа хорлосон үзүүлэлт гарсан байна.

Мөн сүүлийн таван жилийн судалгааны дүнгээс харахад 10-25 насны 605 хүн амиа хорлосон байх бөгөөд нийт 2055 тохиолдлоос 29.44 хувийг эзэлжээ. Үүнээс 10-14 насны хүүхэд амиа хорлосон нийт 78 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хот хамгийн их 27 буюу 34.6 хувь, хөдөө орон нутгаас Хөвсгөл аймагт 10.2 хувь нь бүртгэгдсэн аж.

Суурь судалгааны явцад гарсан үр дүнг бататгах зорилгоор санамсаргүй түүврийн аргаар 400 эрүүгийн хэрэг уншиж хэрэг тус бүр дээр дүгнэлт гаргасан байна. Ингэхдээ сүүлийн таван жилийн байдлаар буюу 2012 онд 484, 2013 онд 397, 2014 онд 441, 2015 онд 388, 2016 онд 333 хүн амиа хорлосон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.