Categories
мэдээ нийгэм

1,3 сая тун шүлхийн вакцин ОХУ-аас хүлээн авч вакцинжуулна

Мал, амьтны гоц халдварт өвчин нь дан ганц Монгол Улсын асуудал биш дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Сүүлийн жилүүдэд манай улсад төдийгүй бүс нутгийн хэмжээнд малын гоц халдварт өвчин голомтлон гарч, эдийн засгийн үлэмж хохирол учруулсаар байна. Жил бүр гоц халдварт өвчний тохиолдол нэмэгдэж, шинээр өвчин бүртгэгдэж байгаа нь уг өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох, гоц халдварт өвчин оношлогдсны дараа биш өмнө зохион байгуулалттайгаар сэргийлдэг, эрсдлийг бууруулдаг байх шаардлага бидний өмнө тулгарч байна. Энэ нь олон улсын худалдаанд хориг саад болж, мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг хааж, улс орон, аймаг сумын эдийн засагт төдийгүй малчдын орлого, амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2017 оны 06 дугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон олон улсын эдийн засгийн 21 дүгээр чуулганд оролцох үеэр “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шатыг хэрэгжүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэж, Монгол улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёв нар Монгол Улсад 4 сая тун вакцин нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Ийнхүү хэлэлцээрт гарын үэсэг зурснаар Оросын Холбооны улсын “Холбооны Малын эрүүл мэндийн төв”-д үйлдвэрлэсэн шүлхий өвчнөөс сэргийлэх О, А хэвшлийн тосон хүчлүүртэй вакцин нийт 4 119,20 мянган тунг нийлүүлэх юм. Үүний эхний хэсэг болох 1,300,700 (нэг сая хоёр зуун наян мянга долоон зуу) тун вакциныг өнөөдөр /2017.07.31 / хүлээн авч байна.

Энэхүү үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн захирал Б.Ганзориг, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын зөвлөх И.Н.Аржаев, ОХУ-ын Бүх Оросын мал амьтан хамгаалах холбооны төвийн шүлхийн вакцин үйлдвэрлэх төвийн дарга Д.В.Михайлишин нарын төлөөлөл оролцов.

Эхний ээлжинд нийлүүлэгдсэн вакцинаар төвийн, зүүн бүсийн голомт, сэжигтэй, хамгаалалтын бүсийн мэдрэмтгий малыг вакцинжуулахаар төлөвлөөд байна. Цаашид үлдсэн вакциныг тодорхой үе шаттайгаар Монгол улсад нийлүүлэх ажлыг ОХУ-ын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газартай хамтран зохион байгуулах болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг орон даяар эхэллээ

Холбоотой Зураг

Монголын өнөөгийн нийгэм нь Үндсэн хуулийг боловсруулж байсан 1991 оны үеэс ихээхэн өөрчлөгдсөн бөгөөд эдгээр нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байна. Тодруулбал, шинэ Үндсэн хуулийн дэглэм үйлчилсэн 25 жилийн хугацаанд төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт-тэнцлийг хангах, улс төрөөс хаараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлж, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулахтай холбогдсон зарим нэг асуудлыг шийдвэрлэх шаардлага нийгмийн хөгжлөөс урган гарч байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хурлын гишүүдээс 2000, 2011, 2012, 2015 онуудад Монгол УИХ-д тус тус өргөн мэдүүлж байсан.

УИХ-ын тогтоолоор баталсан “2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т “…эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ.”хэмээн тусгажээ.

Мөн УИХ-аас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталсан бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3-т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох”-д Зөвлөлдөх санал асуулгыг заавал явуулахаар хуульчилсан.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад олон нийтийн оролцоог хангаснаар Үндсэн хуульд итгэх олон нийтийн итгэл, түүний хууль ёсны байдлыг улам бүр нэмэгдүүлэх болно.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг долоо хэмжиж, нэг огтлох зарчмын дагуу монголын нийгэм дэх Үндсэн хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэхгүй, харин улам бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан болно.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дараахь дөрвөн үе шатыг дамжиж боловсруулсан. Нэг дэх шатны хүрээнд 2016, 2017 онуудад зохион байгуулагдсан хэд хэдэн эрдэм шинжилгээний хурлаас гарсан санал, дүгнэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах” ажлын хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулжээ. Уг ажлын хэсэг 21 аймаг, 9 дүүргийн 3,692 иргэнийг оролцуулан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн бодлыг тандан судалсан юм.

Хоёр дахь шатанд, 2016 онд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан Улсын Их Хурлын гишүүд, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх асуудлыг судалсан байна. Тус ажлын хэсэг 2012-2016 оны Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлын судлах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлт, УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан Улсын Их Хуралд суудалтай намын төлөөлөл оролцож боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, УИХ-ын Тамгын газрын судалгааны албаар хийлгэсэн судалгаа, шинжилгээнүүд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах эрдэмтэн судлаачдын ажлын хэсгийн тайлан, эрдэм шинжилгээний бага хурлуудаас гарсан санал, зөвлөмжүүд, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн судалгаа, дүгнэлтээс үндэслэн Зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцэх 6 сэдвийг баталсан. Улсын Их Хурлаас 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан юм.

Гурав дахь шатанд, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 24 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс орон даяар санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан бөгөөд санал асуулгад оролцсон иргэдийн 50 хувийн төлөөлөл болох 785 иргэнийг сонгон 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд хоёр дахь шатны зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулав.

Дөрөв дэх шатанд, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулсан тайланг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-д зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийг үндэслэн Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2017 оны 06 дугаар сарын 05-наас 09 дүгээр сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэхээр болсон.

Олон нийтийн хэлэлцүүлэг гурван үе шаттай явагдана. УИХ-ын Тамгын газраас орон нутагт бүсчилсэн сургалт, хэлэлцүүлэг явуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар танилцуулж, гарын авлагаар ханган сургагч багш нарыг бэлтгэнэ. Бэлтгэгдсэн сургагч багш нар нь сумдадаа, баг бүртээ хэлэлцүүлгийн хоёр, гуравдугаар үе шатыг зохион байгуулах юм. Хэлэлцүүлгийн дүнд иргэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 6 багц сэдвийн хүрээнд саналаа өгнө. Энэ нь 1/ Монгол Улсын Их Хурал, 2/ Монгол Улсын Ерөнхийлөгч, 3/ Монгол Улсын Засгийн газар, 4/ Төрийн алба, 5/ Шүүх эрх мэдэл, 6/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдаагүй бусад санал өгөх боломжтой аж.

Ингээд УИХ-ын Тамгын газраас томилсон 7 баг өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 03-ныг хүртэлх хугацаанд Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж эхэллээ.

Энэ хүрээнд төсөл хэлэлцүүлэгч эхний баг болох УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр (2017.07.31) Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи сургалт, хэлэлцүүлгийг Баянхонгор аймгийн төв Баянхонгорт зохион байгуулж байна.

Сургалтад аймаг, сум, багийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга, ажлын хэсгийн гишүүд хамрагдав. Сургалтыг нээж Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр хэлсэн үгэндээ, Монгол Улсын суурь, эцэг хууль болох Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтээр хэлэлцүүлж, иргэдийн саналыг авснаар төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэхийн сацуу монгол орныхоо ирээдүйн хөгжил, цэцэглэл болоод сайн сайхны төлөө хийж буй томоохон үйлс мөн хэмээн онцолсон юм.

Сургалтын үеэр төсөл хэлэлцүүлэгч баг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд багцалсан 6 сэдвийн дор дэлгэрэнгүй танилцуулгыг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Төсөл хэлэлцүүлэгч баг үргэлжлүүлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд дээрх 6 сэдвийн хүрээнд иргэдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Авто сургуулийн гүүр хүртэлх замыг хаана

Холбоотой Зураг

Өнөөдөр 23:00 цагаас эхлэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын гэрлэн дохиотой уулзвараас авто сургуулийн гүүр хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хэсэгчлэн хаахаар болжээ. Тодруулбал, наймдугаар сарын 10-ны 23:00 цаг хүртэл дээрх маршрутын авто замыг хаах юм байна.

Түүнчлэн авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто зам барих ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. Хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа дээрх ажлын хүрээнд хэсэгчлэн зам хаахаар болсон нь энэ аж. Зам хаасны дараа 21 дүгээр хорооллын гэрлэн дохиотой уулзвараас авто сургуулийн гүүр хүртэлх авто замын суурь болон асфальтобетон хучилтын ажил хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Өсөхбаяр К2 оргилд хүрч чадаагүйдээ ард түмнээсээ уучлалт гуйлаа

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын ОУХМ Г.Өсөхбаяр дэлхийд өндрөөрөө хоёрт эрэмбэлэгддэг Пакистаны К2 оргилд аврихаар энэ сарын 25-нд үндсэн авиралтаа эхлүүлсэн. Гэвч тэрбээр өчигдөр орой авиралтаа үргэжлүүлэх боломжгүй болсон тухайгаа фейсбүүк хуудаснаа бичиж, ард түмнээсээ уучлалт гуйжээ.

Тэрбээр “Маш их хичээлээ. Оргилд хүрэх гэж би авиралтын замаа тооцоолж байснаас Пакистан хүний аймхай, өөдгүй занг огт тооцоолсонгүй. Авиралтын эцсийн мөчид хоёр хамтрагчийн нэг нь мухар олгой ургасан юм шиг байна гэж хэлээд буцаж, маргааш нөгөөх нь крампоноо өөрөө эвдчихээд ийм юмтай авирч чадахгүй гэж хэлээд доош бууснаар би 6450 дээрээ ганцаараа бүх ачаатайгаа үлдснээр авиралтаа цааш үргэжлүүлж чадсангүй бууж ирлээ. Энэ жил долоон шэрпаа, нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй оргилд гарсан байж магадгүй. Би чадсангүй ээ уучлаарай” хэмээн бичжээ.

Г.Өсөхбаяр К2 оргилд хүрч чадаагүйдээ уучлал гуйжээ

Categories
мэдээ нийгэм

​Зуслангийн бүсээс 52 толгой тарвага нүүлгэн шилжүүллээ

Зуслангийн бүсээс 52 толгой тарвага нүүлгэн шилжүүллээ зурган илэрцүүдНийслэлийн Байгаль орчны газраас зуслан орчмын сууршлын бүсэд тоо толгой нь цөөрч, цаашлаад устах аюулд хүрээд байгаа тарвагыг нүүлгэж, тархац нутагтай газарт шилжүүлэн тавих ажлыг тавдугаар сард зохион байгуулж, Шарга морьт, Хуурайн мухарын зуслангуудаас 52 толгой тарвага нүүлгэн шилжүүлсэн.

Тарвага төрөлтийн үе дууссантай холбогдуулан хоёр дахь шатны тарвага нүүлгэх ажлыг Найрамдал хүүхдийн зуслангийн бүсэд зохион байгууллаа. Найрамдал хүүхдийн зусланд энэ сарын 27-ноос ирэх сарын 3-ныг хүртэл “Ази номхон далайн бүсийн 31 дүгээр Жембори” олон улсын хүүхдийн чуулга уулзалтад оролцох 1500 хүүхдийн отог байрлах газрыг чөлөөлүүлж, нийт 21 тарвагыг барьж, нүүлгэн шилжүүллээ.

Нийслэлийн Байгаль орчны газраас анх удаагаа санаачлан хэрэгжүүлж байгаа суурьшлын бүсээс тарвага нүүлгэн шилжүүлэх ажил нь нийслэлийн нутаг дэвсгэрээс тарвага бүрмөсөн устахаас хамгаалах, байгалийн гоц халдварт тарваган тахал өвчин үүсгэх аюулаас иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.

Гэвч, зуслангийн оршин суугчид тухайн зуслангийн бүсээс тарвага нүүлгэн шилжүүлэх ажилд саад учруулах, эсэргүүцэл үзүүлэх, гомдол гаргаж, тарвага барих зориулалтын хэрэгслийг эвдэн сүйтгэж байгаа нь ажил явуулахад хүндрэлтэй байгаад зогсохгүй, ирээдүй хойчид гарч болох эрсдлийг огт тооцохгүй байна.

Энэ удаа нүүлгэн шилжүүлж байгаа эдгээр тарвагыг хуучин тарвага амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болон Шархадны амны Сүүж ууланд нутагшуулж тавилаа.

Categories
мэдээ нийгэм

​Чингис-Улаанбаатар чиглэлийн замд мал дайрагдах осол нэмэгдэж байна

Сүүлийн нэг сарын хугацаанд Хэнтий аймгийн төв Чингис хот-Улаанбаатар чиглэлийн төв магистрал замд мал дайрагдсан 4 осол бүртгэгджээ. Ослын улмаас иргэд 4 автомашин, 7 тооны адуугаар хохирсон мэдээллийг орон нутгийн эх сурвалж мэдээлэв. Хэнтий аймгийн Жаргалтхаан сум дахь Цагдаагийн тасгаас мэдээлснээр, дээрх осол гарах болсон шалтгаан нь малчид, жолооч нар дүрэм журмаа биелүүлдэггүйтэй холбоотой аж.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.7 дахь хэсэгт суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явах, улмаар засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглосон байдаг. Мөн малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргаж, энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө гэснийг зөрчсөн, дүрэмд заасан хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлсэн, шөнийн цагт гэрлийг ойрд шилжүүлээгүйтэй холбоотойгоор дээрх осол нэмэгдэж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжлүүлж байна

Үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжлүүлж байна зурган илэрцүүд

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 1-4-ний өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох төлөвтэй байна. Тиймээс гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад онцгойлон анхааруулж байна.

Түүнчлэн,

-Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах

-Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Шуурхай арга хэмжээ авч ажиллав

Аянга цахилгаантай аадар бороо амралтын өдрүүдэд нийслэлд орсон билээ. Хүчтэй аадрын улмаас өнгөрсөн бямба гарагийн 22.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу УСУГ-ын ундны усны хамгаалалтын бүсэд хоёр үхэр аянгад цохиулж үхсэн байна.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид болон бусад холбогдох албаны хүмүүс газар дээр нь ажиллаж, шуурхай арга хэмжээ авлаа.

Дүүргийн “Баяндэмбэрэл” мал эмнэлгийн их эмч үхсэн үхрүүдээс малын гоц халдварт өвчний шинжилгээ авсан байна. Шинжилгээгээр хүн, мал амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй тул Цагаандавааны хогийн цэгт булж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ.

УЦУОШГ-аас мэдээлж буйгаар энэ долоо хоногт ихэнх нутгаар үргэлжилсэн бороотой байх тул иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж байгалийн онцгой үзэгдэл үер усны осол, аянга цахилгааны аюулаас болгоомжлохыг дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Амралтын өдрүүдэд 13 хүүхэд зам тээврийн ослын улмаас бэртжээ

Холбоотой Зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд осол, хэргийн улмаас нийт 45 хүн гэмтэж бэртсэний 13 нь бага насны хүүхэд байжээ. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 102 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.

Түүнчлэн өчигдөр шороон шуурга шуурч, бороо орсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын гадаргууд гулгаа үүссэнтэй холбоотойгоор зам тээврийн ослын шинжтэй дуудлагын тоо өмнөх амралтын өдрүүдээс нэмэгдсэн байна

Бүртгэгдсэн осол, хэргээс харахад явган зорчигч мөргөсөн 12, мөргөлдөх хэлбэрээр 30 осол, онхолдох хэлбэрээр дөрвөн осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Даншигийн тасалбарыг наадмын өглөө үнэгүй тараана

Даншиг зурган илэрцүүдГурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын талаар өнөөдөр НЗДТГ болон Гандантэгчинлэн хийдээс хамтран мэдээлэл хийлээ.

Даншиг наадмын нээлт наймдугаар сарын 5-ны 11.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэх бөгөөд наадмын арга хэмжээ хурал номын зан үйл болон, хурдан морь, хүчит бөхийн барилдаанаар таван өдөр үргэлжлэх юм байна.

Энэхүү наадмыг өмнөх жилүүдэд Хүй долоо худагт зохион байгуулсан бөгөөд асар, майхан байрлуулах зэрэг ажилд төсөв их зарцуулдаг байсан учир энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон байна. Энэ жилийн наадмыг 3-4 мянган гадаадын жуулчин ирж, үзэж сонирхоно гэсэн мэдээлэл байгаа аж. Даншиг наадмын тасалбарыг наадам эхлэх өдөр үнэ төлбөргүй тараах бөгөөд зохион байгуулалтыг цэгцтэй байлгах үүднээс тасалбарыг олгож буй юм байна. Иймд иргэдийг тасалбарт зааж өгсөн дугаарын дагуу суудалдаа суухыг зохион байгуулагчид хурлын үеэр уриалж байлаа.

Энэ жилийн Даншиг наадмаар 256 бөхийн барилдаан болно. Барилдаан наймдугаар сарын 5-нд 13.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Харин наадмын хаалтын арга хэмжээ 2017.08.06-нд 19.00 цагт болж, түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд шагнал гардуулах юм байна.