Categories
мэдээ нийгэм

“Гэр хороолол хөгжлийн нам”-ыг бүртгэхээс татгалзав

“Гэр хороолол хөгжлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Италид тоглогдох дуурийг МУГЖ Э.Амартүвшин нээнэ

Image result for МУГЖ Э.Амартүвшин

МУГЖ Э.Амартүвшин Монголын дуурийн өлгий болсон Италийн Верона хотын задгай тайзнаа дуулна. Тэрбээр ирэх сард Италийн хамгийн эртний алдарт тайз Арена Ди Веронад Ж.Вердийн суут бүтээл “Риголетто” дуурийн Риголеттод дуулах юм байна.

Уг бүтээлийг Италийн шилдэг найруулагчдын нэг Иво Гуэрра найруулан тавьж байгаа бөгөөд Лусса хотын Жиллио театрын уран сайхны удирдагч, БНСУ-ын Тэгү хотын симфони оркестрын ерөнхий удирдаач Жулиан Ковачев удирдах юм байна.

Арена Ди Веронад нийт таван удаа тоглох тус дуурийн эхний хоёр тоглолтод МУГЖ Э.Амартүвшин дуулж нээх аж.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь, Өвөрхангай, Дорноговь, Архангай аймагт цэвэрлэх байгууламж барина

Барилга хот байгуулалтын яаманд, Өмнөговь, Өвөрхангай, Дорноговь, Архангай аймгуудад цэвэрлэх байгууламж барих ажлын хамтарсан гэрээ байгууллаа. Энэ гэрээнд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн Арно Хэкманн, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэд бүтэц хаиуцсан ахлах мэргэжилтэн Б.Туул болон дээрх дөрвөн аймгийн Засаг дарга нар оролцов.

Төсөл байгуулж байгаа гол зорилго нь бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэлэг технологийг ашиглан бохир ус зайлуулах стандартыг хангах, цэвэрлэгдсэн усыг дахин ашиглах болоод лагийг бордоо болгох, орон нутгийн байгаль орчныг сайжруулан бохирдлыг бууруулахад оршиж байгаа аж. Энэ төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр, Өмнөговь амйгийн Даланзадгад, Архангай аймгийн Цэцэрлэг, Дорноговь аймгийн Сайншанд хотуудад 3000 м3/хон хүчин чадал бүхий бохир байгуулах ажлыг хийхээр төлөвлөжээ. Төсөлд нийтдээ 21.17 сая ам.доллар төсөвлөгдсөнөөс АХБ-ны хөнгөлөлттэй зээл 19.43 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилт 1.74 сая ам.доллар, Билл Гейтсийн буцалтгүй тусламжаар 1.0 сая ам.долларын санхүүжилт авах юм байна. Үүнээс АХБ-ны зээлийг эргүүлэн төлөх хугацаа нь 25 жил байх бөгөөд үндсэн зээлээс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байх юм. Зээлийг 20 жилийн хугацаатайгаар жилд хоёр хувийн хүүтэй төлнө.

Сангийн яам төсөл хэрэгжүүлж буй аймгуудад 18 жилийн хугацаатайгаар жилд 3.75 хувийн хүүтэйгээр “Дамжуулан зээлдүүлэх гэрээ” байгуулан зээлдүүлнэ. Энэ төслийн үр дүнд төсөлд хамрагдсан нийт дөрвөн аймгийн байгаль орчны бохирдол багасаж нутгийн ард иргэдэд ээлтэй нөхцөл байдал үүснэ хэмээн харж байгаа юм.

Б.ОДГЭРЭЛ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Н.Учрал Багшийн хөгжлийн тухай хуулийг батлах хэрэгтэй гэлээ

УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр “Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхэлнэ. Олон жил бид боловсролын салбарын асуудлыг ярьсан. Тэр дундаа багш нараас олон зүйл шаардсан мөртлөө багш нарт ямар ч боломж олгохгүй өдий хүрсэн. Багш, эмч нарын асуудлыг нэгдүгээрт тавих ёстой гэж ярьсны үндсэн дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багш, эмчийн цалин урамшууллыг нэмэгдүүлэх асуудлыг тодорхой хуульчилж зохицуулалтыг нь оруулж өгсөн. Тэр утгаараа Багшийн хөгжлийн тухай хуулийг нийслэл, 21 аймгийн 10 мянган багш нарын дунд гурван жилийн хугацаанд хэлэлцүүллээ. Ингээд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу УИХ-д өргөн барихад АН-ын бүлгийн зүгээс тав хоногийн завсарлага аваад гэдийгээд суучихлаа. Хэлэлцэх эсэхийг нь шийдэх гэж байхад “Бид үүнийг хэлэлцэхгүй” гээд байгаагаа одоо зогсоо гэдгийг албан ёсоор шаардаж байна. Монголын олон мянган багш нар хичээлийн шинэ жилээс өмнө хуультай болчих юмсан гээд хүлээж байгаа” гэсэн юм.

Багшийн хөгжлийн тухай хуулийг баталчихвал багш нар ажлын байрандаа хөгжих боломжтой, цалин хөлс, урамшууллынх нь механизм нь шийдэгдчихэж байгаа гэдгийг ч УИХ-ын гишүүн Н.Учрал онцоллоо. Мөн багш нар орон сууцны зээлд хөнгөлөлттэй хамрагдах, МУБИС-ийг төгссөн залуу боловсон хүчин заавал багшлах эрхийн гэрчилгээ авах шаардлагагүй ажээ.

Н.ГАН

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮЛЭГТ БЭЛТГҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЭВ

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.06.30) нэгдсэн хуралдаан 10 цаг 34 минутад 53.2 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулсан юм.

Уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы энэ оны 02 дугаар сарын 09-ний нэгдсэн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тогтоолоор хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгээр ахлуулан 6 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилтын үүднээс “Цалинтай ээж” хөтөлбөр, Өрх толгойлсон эцэг, эхийн нийгмийн хамгааллын тухай хуулийг тус тус баталж хэрэгжүүлэхээр тусгасны дагуу Засгийн газраас дээрх хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд жирэмсэн эхэд 5 сартайгаас эхлэн төрөх хүртэлх хугацааны тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэл хүүхэд асарсны тэтгэмжийг сар бүр, 4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа мөнгөн тэтгэмж, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгохоор тусгажээ. Тухайлбал, төсөлд тусгагдсан жирэмсэн эхэд сар бүр 40 мянга, 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжид сар бүр 50 мянга, 4 хүртэлх насны хоёр ихэр хүүхдэд тус бүр нэг удаа 1 сая, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өор толгойлсон эцэг,эхэд улиралд нэг удаа 240 мянган төгрөгийг тус тус олохоор тусгасныг Байнгын хороо бүхэлд нь дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, С.Чинзориг нар асуулт асууж тодруулсан юм. Гишүүдийн асуултад хариулт өгсөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасны дагуу хүүхэдтэй эхчүүдэд тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж үзүүлж дэмжлэг үзүүлэхэд энэ хуулийн төсөл чиглэгдэж байгаа. Мөн улс орны эдийн засаг, санхүүгийн байдалтай уялдуулан залуу эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зохицуулалт хийсэн байгаа. Тухайлбал, өрхийн үйлдвэрлэлийг гэртээ хэрэгжүүлэх үүднээс хөнгөлөлттэй зээл олгохоор зохицуулж байгаа гэдгийг хэллээ. Харин Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хуулийн нэрийг Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай гэж өөрчлөх асуудлыг хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэж шийдвэрлэх боломжтой. Энэ хуулийн төсөл нь зөвхөн олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүдээс гадна 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийг бас хамаарч байгаа гэсэн хариулт өгсөн юм.

Ингээд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн “0-3 насны” гэснийг “0-3 хүртэлх насны” гэж тохиолдол бүрт нь өөрчлөх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжив. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хүүхэд төрүүлэн өсгөж байгаа” гэснийг “хүүхэдтэй” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсгийн “асран хамгаалагч” гэснийг “хууль ёсны асран хамгаалагч” гэж тус тус өөрчлөхөөр болов. Түүнчлэн төслийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг “Энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан болзол, шалгуур, нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамрагдах эрхтэй” гэж өөрчлөхийг дэмжлээ. Харин төслийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “төрүүлсэн” гэснийг “Нийгмийн халамжийн тухай хуулийн 29.1 дэх хэсэгт заасан мэдээллийн санд бүртгэгдсэн нийт өрхөөс амьжиргааны түвшин нь 80 хүртэлх хувьд багтах өрхийн” гэж өөрчлөх саналаа Ажлын хэсэг татаж авсан юм.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр шилжүүлллээ.

ХУУЛИЙН
ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛОВ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат танилцуулав.

Улсын Их Хурлаас анх 1994 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан. Өнөөгийн байдлаар нийслэл хот, түүний удирдлагад эрх, үүрэг болгон хэм хэмжээ тогтоосон 120 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагааг 20 гаруй хуулиар зохицуулж байгаа аж.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойшхи 23 жилийн хугацаанд нийслэл хотын үйл ажиллагаа жигдэрч, эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд тодорхой хэмжээнд өргөжин хөгжиж ирсэн. Одоо Улаанбаатар хот нь 9 дүүрэг, 152 хороотой, хөдөлмөрийн насны хүн амын тоо 981.456, жил тутам шилжиж ирэгсдийн тоо 30.297, төрөлт 42.790 байгаа агаад нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 14.881 тэрбум төгрөгт хүрсэн нь манай улсын үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувьтай тэнцэж байна. Нийслэл хотод нийт 43.490 аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа 68.425 аж ахуйн нэгжийн 63 хувь нь юм. Хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн 1990-ээд оноос хойш эхэлж тасралгүй үргэлжилсээр өдгөө нийслэлд байнга болон түр оршин суугчдын тоо 1.372 сая буюу манай улсын нийт хүн амын 46.8 хувьд хүрээд байгаа аж.

Дээр дурдсан статистик тоон үзүүлэлтээс үзэхэд Улаанбаатар хот нь 1.5 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болсон тул цаашид хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Мөн Улаанбаатар хотын хүн амын хэт өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон тул цаашид төрөөс оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Нөгөө талаас 1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт нь сүүлд батлагдсан зарим хуулийн зүйл, заалттай давхардах, зөрчилдөх, цаг хугацааны явцад зохицуулалтын чадвараа алдах зэрэг тохиолдол гарч байгаа бөгөөд хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай нийгмийн зарим харилцааг хуулиар зохицуулаагүй үлдээсэн нь эрх зүйн хийдлийг бий болгож байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдлаа.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 14 бүлэг, 52 зүйлтэй юм. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийслэлийн удирдлагаас нийслэлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг тодорхой болгож, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, бие даан хөгжиж, өөрөө өөрийгөө тэтгэх боломжтой эдийн засгийн бодлогыг тодорхойлж, нийслэлийн бүх нөөц, бололцоо, төр, захиргааны байгууллага, албан хаагчдын үйл ажиллагааг энэхүү зорилтыг хангахад чиглүүлж удирдах; суурин соёл иргэншлийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, санхүү, урлаг, соёлын төв Улаанбаатар хотыг үйлдвэрийн тусгай бүс бүхий олон улсын санхүү, эдийн засаг, аялал жуулчлалын томоохон төв, зорчигч, ачаа тээврийн зангилаа болгон хөгжүүлэх; хот байгуулалт, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрийг ханган хөгжлийн тогтвортой орчин бүрдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх арга хэмжээг тасралтгүй зохион байгуулах; төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримталж байгаа бодлогын хүрээнд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгаж, төвлөрлийг сааруулах, оновчтой бүтэц, зохион байгуулалтын дагуу төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, хотыг бүсчлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн төвд байршиж байгаа төр, захиргааны байгууллагууд /яамдууд болон Засгийн газрын агентлагууд, нийслэлийн төр, захиргааны байгууллагууд, зарим дүүргийн Засаг даргын Тамгын газар гэх мэт/-ыг үе шаттайгаар дагуул хот, дэд төвүүд рүү шилжүүлэн байршуулах ажлыг удирдан зохион байгуулах зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ.

Мөн нийслэлийн удирдлага, зохицуулалтын үндсэн зарчмыг шинээр томьёолж тусгасны зэрэгцээ нийслэлийн оршин суугчийн эрх, үүргийг нэмж оруулсан байна. Ингэснээр нийслэлийн хөгжилд оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд оршин суугчдад тулгуурласан үйл ажиллагаа явуулах боломж нэмэгдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Нийслэлийн оршин суугч нь амьдарч буй орчноо тохижуулсан, мод, бут тарьсан, нийслэлийн тулгамдсан асуудпыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсны төлөө урамшуулал хүртэх зохицуулалтыг хуулийн төсөлд шинээр тусгасны зэрэгцээ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн. Энэ талаархи тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Ц.Цогзолмаа, Х.Болорчулуун, Д.Цогтбаатар, Д.Эрдэнэбат, Б.Батзориг, З.Нарантуяа, Д.Сумъяабазар, Ж.Ганбаатар, Л.Болд, М.Билэгт, Б.Саранчимэг нар асуулт асууж тодруулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хотын төвлөрлийг сааруулах үүднээс нийслэлийн төр, захиргааны болон төрийн захиргааны зарим байгууллагыг дагуул хот болон дэд төвүүдэд нүүлгэн байршуулахаар төсөлд тусгасан. Нийслэлийн дагуул хот болон нийслэлийн дэд төвүүдэд шилжин байршиж, байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ногдох орлогын албан татварыг тодорхой хугацаанд тодорхой хувиар хөнгөлөх, нийслэлийн дагуул хотод байнгын үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй аж ахуйн нэгжид ажилладаг, тус хотын байнгын оршин суугчийн цалин хөлс, шагнал, урамшуулалд ногдуулах орлогын албан татварыг хөнгөлөх зэрэг зохицуулалтыг зааж өгсөн.

Дагуул хотын эрх зүйн үндсийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна. Харин нийслэлийн дэд төвүүдийг байгуулах асуудал хийгдэж байгаа, энэ ондоо багтааж хоёр дэд төвийг байгуулна. Төсөлд дүүргийг эдийн засаг, нийгмийн цогцолборын хувьд аймагтай, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын албан тушаалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын албан тушаалтай тус тус адилтган үзэхээр тусгасан. Ингэснээр дүүргийг сумтай, хороог багтай адилтган шийдвэр гаргаж ирсэн практикийг өөрчилж, нийслэлийн удирдлагыг бэхжүүлэх эерэг талтай гэж үзэж байгаагаа хэллээ.

Мөн нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хоёр хоёр дүүрэг болгож задлах боломжийн талаар судалгаа хийж дүгнэлт гаргах ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа. Ингэж байж төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Иймээс энэ талаархи судалгаа тооцоо гарсны дараа асуудлыг Улсын Их Хуралд өргөн барьж шийдвэрлүүлнэ. Түүнчлэн хотын төвийн газрыг дахин төлөвлөх чиглэлээр тодорхой алхам хийгдэж эхэлж байгаа. Хотын төвийн 800 орчим барилга байшингийн ашиглалтын хугацаа дууссан гэсэн дүгнэлт гарсан байдаг. Иймээс хотын төвийн газрыг дахин төлөвлөх чиглэлээр одоогоор 12 байршлын 78 барилгад тендер зарлагдаж барилгын компаниуд ажлаа эхэлсэн гэдгийг хэлж байв. Хотын төсөв санхүүгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, хөрөнгө орлогыг нэмэгдүүлэх үүднээс хот үнэт цаас, бонд гаргах эрхтэй байх зохицуулалтыг төсөлд тусгасныг дурдлаа.

Харин Засгийн газрын гишүүн, сайд Ж.Мөнхбат хуулийн төсөлд Нийслэлийн Засаг дарга нь Засгийн газрын гишүүний статустай байх зохицуулалт тусгагдсан. Дэлхийн бусад улсад ч ийм жишигтэй гэдгийг тодотгосон юм.

Мөн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, О.Баасанхүү, Б.Ундармаа, Д.Сумъяабазар, Б.Баттөмөр, Б.Саранчимэг нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 47 нь буюу 77 хувь нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан тасарсан газруудад зургаан шон суурилуулжээ

Image result for Булганы шуургаУсархаг борооны өмнөх хүчтэй салхины улмаас энэ сарын 28-ны орой Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй салхи шуурч аянга цахиж, дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас Эрдэнэт-Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуур хугарч унасан билээ. Мөн Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгууд цахилгаангүй болж, 20 гаруй айлын гэр, хашаа нурж, нэг айл усанд автан, 800 гаруй мал хорогджээ.

Томилогдсон ажлын хэсэг 24 цагийн турш ажиллаж, одоогоор зургаан тулгуур шонг суурилуулсан аж. Улаанбаатар хотоос зориулалтын машин механизмаар бетон тулгууруудыг тээвэрлэж, гэмтэл гарсан газруудад хүргэсэн ажээ.

Энэхүү цахилгаан дамжуулах агаарын шугамын нэг тулгуур бетон шон 26 метрийн урттай, 5.5 тонн жинтэй байдаг юм байна. Шонг 32 м/с хурдтай салхинд тэсвэртэй байхаар тооцоолон суулгаж байгаа учраас засварын ажилд багагүй цаг орж байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Categories
энтертаймент-ертөнц

Осоржамаа модель залуу болжээ

MGL Media TV-н зураг.Фэйсбүүк сүлжээний од болж олон хүний сонирхлыг татаж, эгдүүг хүргэж байсан Осоржамаа хувцасны модель болжээ. “BLCK fashion” бэлэн хувцасны дэлгүүр түүнийг сонгон хувцсаа өмсүүлж, сурталчилгааны зураг авахуулсан байна. Буруу, зөв янз бүрээр ярьж сошиалд өөрийгөө илэрхийлж олны анхаарлыг татсан түүнийг сурталчилгаандаа ашиглах нь бас нэгэн маркетинг байж болох юм.

MGL Media TV-н зураг.MGL Media TV-н зураг.MGL Media TV-н зураг.

Н.ГАН

Categories
мэдээ нийгэм

Мэндийн Зэнээ агсны хүндэтгэлийн самбарыг шинэчлэн байрлууллаа

Мэндийн Зэнээ агсаны хүндэтгэлийн самбарыг шинэчлэн байрлууллааУИХ-ын гишүүн асан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Мэндийн Зэнээ агсны мэндэлсний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрбээр 1947 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Өнжүүл сум, одоогийн Бүрэн сумын нутаг “Оорцог” хэмээх газар малчин ард Мэндийн 4 дэх хүү болон мэндэлжээ.

М.Зэнээ агсны 70 насны ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар амьдарч байсан байранд нь байх хүндэтгэлийн самбарыг шинэчлэн байрлууллаа. БГД-ийн нутаг дэвсгэр, 6 дугаар бичил хороололд байрлах уг байранд М.Зэнээ агсан хань, үр хүүхдүүдийн хамтаар 1994-2002 он хүртэл амьдарч байжээ.

Өнөөдөр түүнийг хань, үр хүүхэд, журмын нөхөд, ах дүү, төрөл төрөгсөд нь дурсан ярьж байна. М.Зэнээ агсны охин З.Ариунаа хэлэхдээ “Миний аав их энгийн, сайхан сэтгэлтэй, нөхөрлөлдөө болон үзэл бодолдоо үнэнч, үр хүүхэд бидэндээ уул шиг түшигтэй хүн байсан. Монгол орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө гэсэн тууштай, цэх шулуун үзэл бодолтой явсан аавынхаа баримталж ирсэн “Монголоороо л үлдэх юмсан” гэсэн зарчмыг үргэлжлүүлэн залгамжлуулахыг хичээх болно. Олон жил гэр бүл, үр хүүхдүүд нь хийчих юмсан гэж бодож явсан ажлуудын нэг болох хүндэтгэлийн самбарыг нь шинэчлэх ажилд чин сэтгэлээсээ тусалж дэмжсэн хотын дарга С.Батболд болон түүний Тамгын газрын хамт олонд маш их баярласнаа илэрхийлье” хэмээсэн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан М.Зэнээ агсны хань, үр хүүхдүүдэд сайн сайхныг хүсээд “Нийслэлийн зүгээс бид М.Зэнээ агсаны хийж хэрэгжүүлж, санаачилж байсан олон сайхан ажил, хууль тогтоомжийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүндэтгэлийн самбарыг нь шинэчилж байна. Мөн парламентын шинэ цагийн түүхэнд оруулсан хувь нэмрийг нь үнэлэх үүднээс эссэ бичлэгийн уралдаан зарлах зэрэг хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж байна.” гэлээ.

Мэндийн Зэнээ агсны төрж өссөн нутаг усныхан ч түүний 70 насны ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр зэхэж байна. Төв аймгийн Бүрэн сумын баяр наадам 7 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд болох юм байна. Баяр наадамтайгаа хамтатган М.Зэнээ агсаны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ гэдгийг тус сумын Засаг дарга Р.Очирбат хэллээ. Өнөөдөр Мэндийн Зэнээ агснтай хамт ажиллаж явсан үе үеийн УИХ-ын гишүүд, хотын дарга, удирдлагууд оролцсон дурсамж уулзалтыг мөн зохион байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгэлээ

Image result for зон олны намИргэн О.Одбаяр “Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг Улсын Дээд шүүхт ирүүлжээ. Хүсэлтийн дагуу 2017 оны зургадугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн тул “Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж Дээд шүүх үзжээ.

“Зон олны нам” нь улсын бүртгэлд бүртгүүлсэн 27 дахь нам болж байгаа бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болно. Шинээр бүртгүүлсэн намд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн ажиллахыг Улсын Дээд шүүхээс даалгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Сонгуультай холбогдуулан МУИС-ийн элсэлтийн журамд өөрчлөлт оржээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт долдугаар сарын 07-ны өдөр явагдана. Үүнтэй холбоотойгоор МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх үйл ажиллагаанд дараах өөрчлөлт оржээ. Үүнд:

МУИС-д элсэх орон нутгийн элсэгчдийн бүртгэлийг долоодугаар сарын 1-ний өдрийн 14.00 цагт хааж бүртгүүлэгчийн онооны жагсаалтыг бүрэлдэхүүн сургуулиар гаргана.

Орон нутгаас бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсноос хойш дөрвөн цагийн дотор эрхээ баталгаажуулна.

Орон нутгийн элсэх эрх олгох үйл ажиллагаа амралтын өдрүүдэд явагдах тул элсэх эрх баталгаажуулах нэг багц цагийн төлбөрийг авахгүй гэж МУИС-ийн Сургалтын албанаас мэдээллээ.

Харин Улаанбаатар хотын элсэлтийн үйл ажиллагаа журмын дагуу явагдах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт явуулах долоодугаар сарын 07-ны өдөр элсэлт түр зогсоох ажээ.