Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын албанаас зургаан хурандаа цолтон төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан “Цэргийн цол олгох журам”-ын дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваагийн тушаалаар Онцгой байдлын албаны зургаан дэд хурандаад албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгосныг өнөөдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал гардууллаа.

ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн тасгийн дарга Р.Болдбаатар, НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн дарга Г.Хүрэлбаатар, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн захирал У.Ганхөлөг, НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга Л.Цэрэндаваа, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга С.Пүрэвсамдан, Ховд аймгийн ОБГ-ын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Ганхуяг нарт хурандаа цол олгов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар өрх толгойлсон эцэг, эхчүүдийг дэмжинэ

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсныг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хүн амын өсөлтийг дэмжих, гурав хүртэл настай хүүхэдтэй болон өрх толгойлсон олон хүүхэдтэй өрхийг дэмжих зорилготой энэ хуульд:

– Дөрөв хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа

– Эхэд жирэмсний таван сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацаанд

– Хүүхэд асрах чөлөөтэй болон ажилгүй, эсвэл оюутан эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа бол сар бүр

– 0-18 нас хүртэлх насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-д улирал бүр /үрчлэн авсан, асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа хүүхдийг хамааруулна/ тэтгэмж олгохоор тусгасан юм.

Манай улсад олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-ийн амьжиргааг дэмжих тэтгэмж, тусламжийн хэмжээ бага, хууль эрх зүйн зохицуулалт ч хангалтгүй байдаг. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын судалгаанаас үзвэл хүүхэдтэй 531 мянган өрх байгаа бөгөөд нийт өрхийн 38 хувь нь хүүхэдгүй, хүүхэдтэй нийт өрхийн 72,8 хувь нь 1-2 хүүхэдтэй байна. Иймээс нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийн амьжиргааг дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн хуулийн төслийг боловсруулжээ.

Манай улсын хүүхэдтэй нийт өрхийн 16 орчим хувийг өрх толгойлсон эх, /эцэг/-тэй өрх эзэлж байна. Олон хүүхэдтэй ганц бие эх /эцэг/ ажил хийх боломж тааруу учир орлого муутай, олсон орлого нь амьдралд нь хүрэлцдэггүй. Энэ бүхнээс үүдэн хүүхдүүдээ эрүүл өсгөх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулж чаддаггүй хүндрэл гардаг. Энэ нь тухайн хүүхэд эх /эцэг/-ийн хараа хяналтаас гарах, төрөл бүрийн хүчирхийлэл, дарамтад өртөх, хүнд хүчир ажил хийх зэрэг сөрөг үр дагаварт хүргэж, улмаар эрх нь зөрчигдөх тохиолдол ч гарсаар байна.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг даган Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Энэ хуульд өрх толгойлсон эх /эцэг/-тэй хүүхдэд дүрэмт хувцас, сурах бичиг, хичээлийн хэрэглэл олгох, эх /эцэг/ нь ажил хийх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийг нийгмийн халамжийн өдрийн үйлчилгээнд хамруулах зэргийг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдвал 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхлэх юм.

2015оны байдлаар манай улсын нийт хүн ам 3 сая 57,8 мянга, жилийн дундаж өсөлт 2.1 хувьтай байна. Жилийн дундаж өсөлт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн нь хүн амын цонх үетэй холбоотой бөгөөд цаашид аажим буурсаар наймхан жилийн дараа буюу 2025 онд 0.99 хувь болох төлөв гарчээ.

Иймээс Монгол Улсын Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө “Гурав хүртэл насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах “Цалинтай ээж” хөтөлбөр, “Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлнэ” гэж заасан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд 41.162 хүн хамрагджээ

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил энэ сарын 15-ны өдрөөс эхлэн амжилттай явагдаж байна. Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 41.162 хүн хамрагдаж, нийт 12.3 хувьтай байгаа аж.

Мөн хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд албан байгууллагаар нь хамруулж, нийт 49 байгууллагын 40-65 насны 1727 иргэн хамрагджээ. Хепатитийн С вирүсийн эерэг гарсан шинжилгээнд вирүсийн идэвхжил тоолох ажлыг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээг байгуулан ажиллаж байна.

Ирэх есдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжлэх хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах хүсэлтэй, зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэд та бүхэн 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатайг анхаарна уу гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Мөнх-Эрдэнэ: Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авах иргэний өргөдлийг өнөөдрөөс авч эхэлсэн

Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас төлүүлэх боломж бүрдсэн талаар өнгөрсөн долоо хоногт зарласан. Үүнтэй холбоотойгоор иргэд хэрхэн, хэзээнээс энэхүү хөтөлбөрт хамрагдаж Сангаас дэмжлэг авах талаар тодруулж өгнө үү?

-Нийслэлийн Засаг даргын санаачилсан энэхүү сангийн журам батлагдан, хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс буюу өнөөдрөөс авч эхлээд байна. Тиймээс Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугч иргэд өнөөдрөөс эхлэн Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар өөрийн биеэр очиж өргөдлөө өгөх боломжтой болж байна.

-Энэхүү сангаас дэмжлэг авах хүсэлтэй иргэдийн тоо нэлээд их байгаа нь анзаарагдаж байна. Гэр хорооллыг хөгжүүлэх сан хэдий хэр хугацаанд үйл ажиллагаагаа явуулах вэ?

-Хотын дарга энэхүү санг зарласнаас хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Гэр хорооллын дэд бүтцийн газар маш олон иргэн утсаар болон өөрийн биеэр ирж хамрагдах хүсэлтээ илэрхийлж байна. Үүнээс харахад энэхүү үйл ажиллагаа иргэдэд хүрч, тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн арга хэмжээ болж чадлаа гэж үзэж байна. Сан байнгын үйл ажиллагаатай байх болно. Магадгүй Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд амьдарч байгаа 216 мянган өрх бүгд тохилог орон сууцаар хангагдаж чадсан тэр үед татан буугдах байхаа.

-Яагаад зөвхөн Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчдыг хамруулж байгаа юм бэ гэсэн асуудал гарч ирж байна. 3, 4-р бүсэд амьдарч байгаа иргэд тэгэхээр сангаас урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах боломжгүй гэсэн үг үү?

-Энэ сангийн үндсэн зорилго нь агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдэж байгаа гэдгийг хотын дарга хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Агаарын чанарыг сайжруулах 3, 4-р бүс бол байшин хорооллын бүс нутаг буюу агаар, хөрсний бохирдол харьцангуй бага бүс юм. Тэгэхээр юун түрүүнд гэр хорооллын иргэдээ түлхүү хамруулж, тохилог орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хотын удирдлага иргэдийн газрыг хямд худалдан авах гэж байна гэсэн шүүмжлэл гарч байгаа харагдсан?

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд хүндэрч барилгын салбар зогсонги байдалд орсныг та бид мэднэ. Энэ жилийн хувьд 35 мянган орон сууц эзнээ хүлээн хоосон байна. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд иргэдэд хуримтлалтай болох боломж бага. Судалгаанаас харахад тогтмол ажилтай иргэдийн дийлэнх нь ипотекийн зээлд хамрагдсан тохиолдолд сар бүрийн зээлийн төлбөрөө бүрэн төлөх боломжтой боловч урьдчилгаа 30 хувийн төлбөрийг бүрдүүлэх хуримтлалгүй байна. Тэгэхээр эдгээр иргэнээ дэмжсэн бодлогыг хотын удирдлагаас хэрэгжүүлж эхэллээ гэж ойлгож болно. Хамгийн гол нь энэ бол захиргааны аргаар зохион байгуулж байгаа үйл ажиллагаа биш, иргэдийн хүсэлт, эрэлт, хэрэгцээнд тулгуурласан, тэдэнд боломж олгосон арга хэмжээ гэдгийг онцолж хэлье. Өөрөөр хэлбэл, зөвхөн иргэн өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд сангаас дэмжлэг үзүүлнэ. Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд үргэлжилж байгаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд ч иргэд орон сууцтай болох боломж бий.

Нөгөө талаас, хотын төвөөсөө буюу төв зам, автобусны буудлаас хол зайтай амьдардаг айл өрхүүдийн газрын зах зээлийн үнэлгээ харьцангуй бага байдаг. Эдгээр өрхүүд хашаа байшингаа зарах гэхээр үнэ бага байгааг бүгд мэдэж байна. Тэгэхээр энэ өрхүүд хэзээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд хамрагдана гээд хүлээж байх вэ? Гэр хороололд өвөл нь агаарын бохирдол, зун нь хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч тав тухтай амьдрах нөхцөл бололцоо жилийн 4 улиралд байхгүй байна. Тиймээс хүсэлт гаргасан иргэдийг нэг өдрийн ч гэсэн өмнө тохилог орон сууцанд амьдрахад дэмжлэг үзүүлэх нь хотын удирдлагын зүгээс баримталж байгаа бодлого юм.

Эцэст нь хэлэхэд, чөлөөлөгдөж байгаа газар дээр иргэддээ зориулж цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж, амрах тохилог орчин бүхий тоглоомын талбай барихаар төлөвлөж байгаа. Мөн эдгээр газарт төсөл сонгон шалгаруулах замаар хямд, чанартай орон сууц барих болно.

-Танд баярлалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Эрдэнэбат: Валютын ханшийн уналтыг зогсоож, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалж чадлаа

Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ, гарсан үр дүнгийн талаарМонгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна

УИХ-ын дарга аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ОУВС-ын “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын дагуу энэ мэдээллийг танилцуулж байна.

НЭГ. “ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙН ТУХАЙ

ОУВС-ийн Захирлуудын зөвлөл 2017 оны 05 дугаар сарын 24-нд манай улсад хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг дэмжиж баталсан өдрөөс Засгийн газар “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ хөтөлбөр гурван жилийн хугацаатай бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас 434.3 сая ам.долларын санхүүжилтийг төлбөрийн тэнцлийг дэмжих зориулалтаар олгохоос эхний хэсэг болох 38.6 сая долларын санхүүжилт аваад байна.

Хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум гаруй ам.доллар бөгөөд хөтөлбөрийн хүрээнд БНХАУ төгрөг – юаны своп хэлцэлийн хугацааг сунгах замаар дэмжиж хамтран ажиллах бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллага, Япон, БНСУ зэрэг хоёр талт түншлэгч орнуудаас нийт гурван тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг төсвийн дэмжлэг, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хэлбэрээр олгох юм.

Эдгээр төсвийн дэмжлэг, төслийн санхүүжилтийг ашиглан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” зэрэгт туссан эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, төсөв, мөнгөний бодлогын шинэчлэл хийх зэргийг эрчимжүүлнэ.

ХОЁР. ОУВС-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТОХИРСОН БОДЛОГЫН АРГА ХЭМЖЭЭ

ОУВС-ийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр эдийн засгаа тогтворжуулж, банкны салбарыг бэхжүүлэх, дунд хугацааны тогтвортой өсөлтийн суурийг тавьж, өрийн зохистой түвшинг хангах зорилт дэвшүүлсэн.

Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь нэн тэргүүний зорилго бөгөөд эдийн засагт үүссэн бүтцийн шинжтэй сул талыг арилгах замаар урт хугацааны тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр тохиролцсон.

Хөтөлбөрийн хүрээнд төсвийн нэгдмэл байдлыг хадгалах, өрийн зохистой түвшинг хангах, алдагдлыг бууруулахад чиглэсэн төсвийн бодлого хэрэгжүүлэх бол макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг дэмжих, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Түүнчлэн банкны салбарт иж бүрэн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд бүтцийн өөрчлөлт хийх, дахин хөрөнгөжүүлэх, банкуудын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан.

ГУРАВ. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭ

ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд төсвийн бодлогын хувьд төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, иргэдийн орлогын ялгааг бууруулах, татварын тэгш, шударга байх зарчмыг хангах зорилгоор Хувь хүний орлогын албан татварыг орлогын хэмжээнээс хамааруулж шатлалтайгаар ногдуулах, нөгөө талаас бага орлоготой иргэдээ дэмжих чиглэлээр татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр бодлогын өөрчлөлт хийлээ.

Түүнчлэн, нийгэм, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг зарим төрлийн хэрэглээг хязгаарлах зорилгоор архи, тамхины онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх, импортын тамхинд ногдох Гаалийн албан татварыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байна. Төсвийн зарлагын үр ашгийг дээшлүүлэх, сахилга батыг сайжруулах хүрээнд үндэсний хэмжээнд мөрдөх хэмнэлтийн хөтөлбөр боловсруулж, төрийн байгууллагуудын зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг уян хатан зарцуулах журам мөрдүүллээ.

Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зардал, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, Насны хишиг, Боловсролын сангийн зээл, хүүгийн зардлын шилжүүлгийг бүрэн санхүүжүүлж байна.

Мөн ОУВС-ийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр санхүүгийн салбарыг тогтвортой байлгаж, хугацаа нь тулсан байсан 580 сая ам.долларын бондын төлбөрийг шийдэж өрийн хямралд орох эрсдлийг буурууллаа. Ингэснээр Монгол Улсын Зээлжих зэрэглэл буурахаас сэргийлж, цаашид зэрэглэл нэмэгдэн хөрөнгө оруулалтын орчин сайжрах суурийг бүрдүүллээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэн батлуулж, тухайн банк засаглалын болон зээлийн үйл ажиллагааны хувьд улс төрөөс хараат бус, бие даан ажиллах, зөвхөн арилжааны үйл ажиллагаа эрхлэх боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа. Мөн аудитын шалгалтын дүн, Хөгжлийн банкны санхүүгийн байдлыг банкны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд ил тод мэдээлж байна.

ДӨРӨВ. ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ГАРЧ БАЙГАА ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД

1. Эдийн засгийн уналтыг зогсоож, тогтвортой өсөлтийн суурийг тавилаа. 2012 онд 17 хувь хүрч байсан эдийн засгийн өсөлт уруудсаар 2016 оны гуравдугаар улирлын байдлаар -1.6 хувьд хүрч эдийн засаг агшиж эхэлсэн. Үүнийг засч залруулах ажлыг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлж эхэлснээр эдийн засаг аажмаар сэргэж 2016 оны эцэст 1.2 хувийн өсөлт, 2017 оны эхний улирлын байдлаар 4.2 хувийн бодит өсөлтөд хүрлээ. Бид бууралттай байсан эдийн засгийг гурван улирлын дотор буцаан өсөлтийн хандлагад орууллаа.

2. Валютын ханшийн уналтыг зогсоож, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалж чадлаа. Хиймлээр интервенц хийх замаар барьж байсан ханшийг цаашид барих нөөцгүй болж, 2016 оны 11 дүгээр сард төгрөгийн ам. доллартай харьцах зах зээлийн ханш 2600 орчим төгрөгт хүрсэн байсан. Засгийн газраас валютын орох урсгалыг сайжруулж, валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулж, макро эдийн засгийг тогтворжуулах, төлбөрийн тэнцлийг дарамтыг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх бодлого амжилттай хэрэгжүүлсний үр дүнд 2017 оны зургаадугаар сарын 29-ний байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2350 төгрөг болж буурлаа. Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар ч сайжирч эхэллээ.

3. Хөгжлийн банк алдагдалд орж, дампуурах нөхцөлд орсон байсныг цэгцэлж, Хөгжлийн банкыг үндсэндээ дахин шинэчилж байгууллаа.

– Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн нийгмийн шинж чанартай, арилжааны биш төслүүдийг улсын төсөвт шилжүүлж, банкны тайлан тэнцлийг цэвэрлэлээ.

– Хугацаа нь тулсан байсан 580 сая ам.долларын бондын төлбөрийг Засгийн газрын бондоор төлж барагдууллаа.

– Банкны дүрмийн санг нэг их наяд төгрөгөөр нэмж, цаашид тогтвортой ажиллан эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжийг бүрдүүллээ.

– Хөгжлийн банкны хуулийг шинэчлэн олон улсын тэргүүн туршлагыг хэрэгжүүлж эхлэв. Цаашид зөвхөн эдийн засгийн үр ашигтай, хөгжлийн төслийг санхүүжүүлж ажиллана.

4. Төсөв болон мөнгөний зохистой бодлого, эдийн засгийг сэргээх бодлого, олон улсын байгууллагуудын дэмжлэг, хамгийн гол нь Засгийн газраас явуулж байгаа зөв бодлого үр дүнд хүрч байна.

– 2016 оны 12 дугаар сард дуудагдаж байсан 550 сая ам.долларын зээл, 2017 оны гуравдугаар сарын 580 сая ам.долларын бондын төлбөр, 2017 оны наймдугаар сард хугацаа дуусан дуудагдах 2 тэрбум шахам ам.долларын БНХАУ-ын Ардын банкны своп хэлцэлийн хугацааг сунгав.

– 2021 он гэхэд улсын өрийг ДНБ-ий 60 хувиас бага түвшинд хүргэж, цаашид үргэлжлүүлэн бууруулах болно.

5. 2016 оны төсвийн алдагдал оны эцэст ДНБ-ий 20.6 хувьд хүрэхээр байсныг төсвийн тодотголоор залруулж, зардлыг хасах болон зарим хөтөлбөрийг зогсоох замаар төсвийн алдагдлыг ДНБ-ий 15 хувь болгон буурууллаа.

– Төсвийн алдагдлыг өндөр хүүтэй арилжааны зээлийг дотоод, гадаадаас авч санхүүжүүлж байснаар зөвхөн 2016 онд төсвийн алдагдлыг 3.6 их наяд төгрөгийн өрөөр санхүүжүүлсэн байна. Өмнө авсан эдгээр зээлийн зөвхөн хүүгийн зардалд нэг их наяд төгрөг буюу төсвийн орлогын таван төгрөг тутмын нэгийг төлж байна.

– Төсвийн алдагдлыг цаашид 2017 онд ДНБ-ий 10.4%, 2018 онд 9.5%, 2020 оны эцэст ДНБ-ий 5.1% болгон бууруулж ажиллана.

6. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээлээ. 2011-2012 онд ДНБ-ий 20 орчим хувь байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсаар 2016 оны эхэнд эрс татарч, улмаар хөрөнгө оруулалт урсгал гадагшлах хандлага гарч байсан.

– Эдийн засгийн зөв, тууштай бодлогын дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандлагатай байна.

– Эдийн засагт их хэмжээний эрсдэл үүсч, тодорхойгүй байдал бий болсноос 2016 оны дунд үе гэхэд гадаадын хөрөнгө оруулалтаас гадна манай дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт хийх чадваргүй болж байсан.

– 2016 оны сүүлийн улирал, 2017 оны эхний хагаст бий болсон эдийн засгийн өсөлт, тогтворжилт, төр засагт итгэх итгэл сэргэсний улмаас эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжлийг даган иргэдийн орлого өсч, аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллаж эхэллээ.

7. Зээлийн хүүг буурууллаа. 2016 оны тавдугаар сард Засгийн газрын гадаад бондын хүү 10.87%, дотоод бондын хүү 17 хувь болж, хувийн хэвшлийн гадаад зээлийн хүү 15% орчим, дотоод зээлийн хүү 25%-д хүрч байсан.

Макро эдийн засгийг тогторжуулах, хөрөнгө оруулагчдын итгэлийн сэргээх бодлогын үр дүнд 2017 оны зургаадугаар сарын байдлаар Засгийн газрын гадаад бондын хүү 6.5%, дотоод бондын хүү 12% болж буурлаа. Ойрын хугацаанд хувийн хэвшлийн зээлийн хүү эрс буурч, арилжааны банкны хүү дунджаар 16% орчимд хүрч, бизнесийн зардал, дарамт буурахаар байна.

8. Иргэд, аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэж, шинээр ажлын байр бий болж байна.

– Ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүй иргэдийн тоог 20 хувиар буурууллаа. 2016 оны нэгдүгээр улиралд ажилгүйдлийн түвшин 11.6 хувьд хүрсэн, ажилгүй иргэдийн тоо 143.0 мянга болсон байлаа. Засгийн газрын хэрэгжүүлсэн макро эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг бий болгох бодлогын үр дүнд 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар ажилгүй иргэдийн тоо 115 мянга, ажилгүйдлийн түвшин 9.1 хувь болж буураад байна.

– Дампуурч, банкны зээлээ төлж чадахгүй хаагдсан олон бизнес, аж ахуйн нэгж буцан сэргэж, өр зээлээ барагдуулж байна. 2016 онд банкууд дахь чанаргүй зээл нийт зээлийн 9.5% болж өссөн нь өнөөдөр буурч 2017 оны дөрөвдүгээр сарын байдлаар 8.5% орчим боллоо.

9. Экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны нөхцөлийг сайжрууллаа. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор идэвхтэй яриа хэлцэл хийсний дүнд нүүрсний экспортыг эрс нэмэгдүүлж чадлаа.

– Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, ажлын цагийг уртасгах, тээвэрлэлтийн замыг сайжруулах зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэв.

– Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2017 оны тавдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 42 хувиар өссөн бол гадаад худалдааны ашиг оны эхний таван сард нэг тэрбум ам.долларт хүрлээ.

– Энэ онд экспортлох нүүрсийг 30 сая тоннд хүргэх боломж бүрдэж байна.

10.Төсвийн орлого 2016 оны 11 дүгээр сараас хойш сар дараалан биелсээр ирлээ. Төсвийн санхүүжилтийг цаг хугацаанд нь бүрэн санхүүжүүлдэг боллоо.

– Өнгөрсөн жилүүдэд аж ахуйн нэгж, байгууллагууд гүйцэтгэсэн ажил, нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ санхүүжилтийг авч чадахгүй олон сар, жил дамнах байдал хавтгайрсан байсныг зогсоож, Засгийн газар төлбөрөө цаг тухайд нь, хоцроохгүй чирэгдүүлэхгүй хийх горимд шилжин ажиллаж байна.

– Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг олон сараар олгохгүй хоцроох, тухайн жилийн санхүүжилтийг бүрэн олгохгүй байсан доголдлыг таслан зогсоож чадлаа. 2013-2016 оны хоёрдугаар хагас хүртэл Орон нутгийн хөгжлийн санд олгох хөрөнгийн 80 орчим хувийг хугацаа хоцруулан өгч байсан бол 2016 оны 11 дүгээр сараас хойш санхүүжилтийг сар бүр бүрэн олгож байна.

Эрхэм гишүүд ээ,

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаас хойш Монгол Улсын эдийн засагт олон эерэг өөрчлөлт, хандлага гарч эхэлж байна. Хөтөлбөрийн үр дүнд макро эдийн засаг тогтворжиж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаагаас гадна хөтөлбөрийн хамгийн гол ач тус нь Монгол Улсын эдийн засгийн суурь бүтцийг эрүүлжүүлж, төрөлжилт бий болгох, цаашид түүхий эдийн үнийн савалгаанаас үүдсэн хямралыг хохирол багатай даван туулах эдийн засгийн дархлаатай болсон байх, эдийн засаг маань огцом савлахгүй байх орчинг бүрдүүлж байгаад оршино.

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсээр зургаан сар, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг саяхнаас хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх, үр дүнд хүргэх шаардлагатай олон талын арга хэмжээ хүлээгдэж байна. Эдгээр хөтөлбөр, бодлогыг үр дүнд хүргэхэд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээс гадна улс төрийн тааламжтай буюу тогтвортой орчин, нөхцөл зайлшгүй шаардлагатай.

Улс төрийн тогтворгүй байдал улс орны эдийн засаг болон бизнес эрхлэх орчинд ихээхэн дарамт, сөрөг нөлөөлөл үзүүлдэг болохыг бид өнгөрсөн жилүүдийн туулж ирсэн зам, туршлагаас хангалттай олон жишээг дурьдаж болохоор байна.

Иймээс улс орныхоо эдийн засгийн цаашдын тогтвортой өсөлтийг хангах, бизнес, хөрөнгө оруулалтын тааламжтай орчныг илүү урт хугацаанд, тогтвортой, баттай бүрдүүлэхийн тулд улс төрийн намууд, УИХ-ын зүгээс ч онцгой анхаарал хандуулж, дээр дурьдсан орчин нөхцөлийг алдалгүй бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг эрхэм гишүүд болон улс төрийн намуудын удирдлагуудад хандан уриалж байна.

Монгол Улс цаашид цэцэглэн хөгжиж, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан зах зээл болон өргөжин тэлнэ гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бүрэн итгэлтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад пасспортын газар ачаалалтай байна

Image result for Гадаад пассОюуны өмч, улсын бүртгэлийн газрын гадаад пасспорт олгох газар их ачаалалтай ажиллаж байгаа ажээ. Тус газарт 800 иргэнд гадаад пасспорт шинээр олгож байгаа тул иргэд өглөө эрт ирж дугаарлах болсон байна. Зундаа ялж зугаалах, ангиараа Итгэлт хамбад мөргөх зэрэг хүмүүс гадаад пасспортоо сунгах, шинээр авах гэж үйлчлүүдэг юм байна. Наадмын дараагаас ихэнх байгууллага амрчихдаг учир мөн ачаалал ихсдэг гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Шүүхүүд 4727 ялтны материалыг хянаж байна

Image result for Шүүх

Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан шүүхүүд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн нийт 4727 ялтны материалыг хянаж байна.

Шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлөх, оногдуулсан ял нь тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал дүйцүүлэн хасах шийдвэрийг анхан шатны шүүхүүд 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн гаргах ажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн материалын 1680 нь нийслэл дэх, 3047 нь орон нутаг дахь хорих ангиудад ял эдэлж буй ялтнуудтай холбоотой бөгөөд улсын хэмжээнд анхан шатны шүүхийн 62 шүүх бүрэлдэхүүн дээрх ялтнуудын материалыг судалж, ялаас чөлөөлөх болон хасах асуудлыг шийдвэрлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагналын эзнээр Д.Дэнсмаа тодорлоо

Монгол судлаач, доктор профессор Т.Мацудагийн санаачилсан Ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжав болон Соёлын гавьяат зүтгэлтэн Дожоогийн Цэдэв нарын нэрэмжит шагнах гардуулах ёслол боллоо. Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын Дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл нар хүрэлцэн ирж оролцов.

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагналын эзнээр Улаанбаатар их сургуулийн багш, Хэл бичгийн ухааны доктор Д.Дэнсмаа тодорсон юм. Харин Дожоогийн Цэдэвийн нэрэмжит шагналын эзнээр судлаач, Улаанбаатар их сургуулийн захирал С.Байгалсайхан тодорлоо. Тэд ийнхүү уг шагналын анхны эзэд болсон юм.

“Шаравын Сүрэнжав гуайн бүтээлийг мэдэхгүй хүн байхгүй. Би энэ хүний бүтээл, яруу найрагт нь судалгаа хийж эрдмийн ажил хийсэн. Энэ ажлыг минь үнэлж энэхүү шагналын анхны эзнээр тодруулсанд үнэхээр баяртай байна’’ гэж Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагналын эзэн болсон Д.Дэнсмаа сэтгэгдлээ хуваалцав.

Ц.АНАР

Categories
мэдээ улс-төр

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ


ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮЛЭГТ БЭЛТГҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЭВ

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.06.30) нэгдсэн хуралдаан 10 цаг 34 минутад 53.2 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулсан юм.

Уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы энэ оны 02 дугаар сарын 09-ний нэгдсэн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тогтоолоор хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгээр ахлуулан 6 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилтын үүднээс “Цалинтай ээж” хөтөлбөр, Өрх толгойлсон эцэг, эхийн нийгмийн хамгааллын тухай хуулийг тус тус баталж хэрэгжүүлэхээр тусгасны дагуу Засгийн газраас дээрх хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд жирэмсэн эхэд 5 сартайгаас эхлэн төрөх хүртэлх хугацааны тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэл хүүхэд асарсны тэтгэмжийг сар бүр, 4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа мөнгөн тэтгэмж, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгохоор тусгажээ. Тухайлбал, төсөлд тусгагдсан жирэмсэн эхэд сар бүр 40 мянга, 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжид сар бүр 50 мянга, 4 хүртэлх насны хоёр ихэр хүүхдэд тус бүр нэг удаа 1 сая, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өор толгойлсон эцэг,эхэд улиралд нэг удаа 240 мянган төгрөгийг тус тус олохоор тусгасныг Байнгын хороо бүхэлд нь дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, С.Чинзориг нар асуулт асууж тодруулсан юм. Гишүүдийн асуултад хариулт өгсөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасны дагуу хүүхэдтэй эхчүүдэд тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж үзүүлж дэмжлэг үзүүлэхэд энэ хуулийн төсөл чиглэгдэж байгаа. Мөн улс орны эдийн засаг, санхүүгийн байдалтай уялдуулан залуу эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зохицуулалт хийсэн байгаа. Тухайлбал, өрхийн үйлдвэрлэлийг гэртээ хэрэгжүүлэх үүднээс хөнгөлөлттэй зээл олгохоор зохицуулж байгаа гэдгийг хэллээ. Харин Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хуулийн нэрийг Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай гэж өөрчлөх асуудлыг хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэж шийдвэрлэх боломжтой. Энэ хуулийн төсөл нь зөвхөн олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүдээс гадна 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийг бас хамаарч байгаа гэсэн хариулт өгсөн юм.

Ингээд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн “0-3 насны” гэснийг “0-3 хүртэлх насны” гэж тохиолдол бүрт нь өөрчлөх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжив. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хүүхэд төрүүлэн өсгөж байгаа” гэснийг “хүүхэдтэй” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсгийн “асран хамгаалагч” гэснийг “хууль ёсны асран хамгаалагч” гэж тус тус өөрчлөхөөр болов. Түүнчлэн төслийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг “Энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан болзол, шалгуур, нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамрагдах эрхтэй” гэж өөрчлөхийг дэмжлээ. Харин төслийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “төрүүлсэн” гэснийг “Нийгмийн халамжийн тухай хуулийн 29.1 дэх хэсэгт заасан мэдээллийн санд бүртгэгдсэн нийт өрхөөс амьжиргааны түвшин нь 80 хүртэлх хувьд багтах өрхийн” гэж өөрчлөх саналаа Ажлын хэсэг татаж авсан юм.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр шилжүүлллээ.

ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛОВ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат танилцуулав.

Улсын Их Хурлаас анх 1994 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан. Өнөөгийн байдлаар нийслэл хот, түүний удирдлагад эрх, үүрэг болгон хэм хэмжээ тогтоосон 120 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагааг 20 гаруй хуулиар зохицуулж байгаа аж.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойшхи 23 жилийн хугацаанд нийслэл хотын үйл ажиллагаа жигдэрч, эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд тодорхой хэмжээнд өргөжин хөгжиж ирсэн. Одоо Улаанбаатар хот нь 9 дүүрэг, 152 хороотой, хөдөлмөрийн насны хүн амын тоо 981.456, жил тутам шилжиж ирэгсдийн тоо 30.297, төрөлт 42.790 байгаа агаад нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 14.881 тэрбум төгрөгт хүрсэн нь манай улсын үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувьтай тэнцэж байна. Нийслэл хотод нийт 43.490 аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа 68.425 аж ахуйн нэгжийн 63 хувь нь юм. Хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн 1990-ээд оноос хойш эхэлж тасралгүй үргэлжилсээр өдгөө нийслэлд байнга болон түр оршин суугчдын тоо 1.372 сая буюу манай улсын нийт хүн амын 46.8 хувьд хүрээд байгаа аж.

Дээр дурдсан статистик тоон үзүүлэлтээс үзэхэд Улаанбаатар хот нь 1.5 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болсон тул цаашид хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Мөн Улаанбаатар хотын хүн амын хэт өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон тул цаашид төрөөс оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Нөгөө талаас 1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт нь сүүлд батлагдсан зарим хуулийн зүйл, заалттай давхардах, зөрчилдөх, цаг хугацааны явцад зохицуулалтын чадвараа алдах зэрэг тохиолдол гарч байгаа бөгөөд хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай нийгмийн зарим харилцааг хуулиар зохицуулаагүй үлдээсэн нь эрх зүйн хийдлийг бий болгож байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдлаа.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 14 бүлэг, 52 зүйлтэй юм. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийслэлийн удирдлагаас нийслэлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг тодорхой болгож, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, бие даан хөгжиж, өөрөө өөрийгөө тэтгэх боломжтой эдийн засгийн бодлогыг тодорхойлж, нийслэлийн бүх нөөц, бололцоо, төр, захиргааны байгууллага, албан хаагчдын үйл ажиллагааг энэхүү зорилтыг хангахад чиглүүлж удирдах; суурин соёл иргэншлийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, санхүү, урлаг, соёлын төв Улаанбаатар хотыг үйлдвэрийн тусгай бүс бүхий олон улсын санхүү, эдийн засаг, аялал жуулчлалын томоохон төв, зорчигч, ачаа тээврийн зангилаа болгон хөгжүүлэх; хот байгуулалт, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрийг ханган хөгжлийн тогтвортой орчин бүрдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх арга хэмжээг тасралтгүй зохион байгуулах; төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримталж байгаа бодлогын хүрээнд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгаж, төвлөрлийг сааруулах, оновчтой бүтэц, зохион байгуулалтын дагуу төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх,хотыг бүсчлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн төвд байршиж байгаа төр, захиргааны байгууллагууд /яамдууд болон Засгийн газрын агентлагууд, нийслэлийн төр, захиргааны байгууллагууд, зарим дүүргийн Засаг даргын Тамгын газар гэх мэт/-ыг үе шаттайгаар дагуул хот, дэд төвүүд рүү шилжүүлэн байршуулах ажлыг удирдан зохион байгуулах зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ.

Мөн нийслэлийн удирдлага, зохицуулалтын үндсэн зарчмыг шинээр томьёолж тусгасны зэрэгцээ нийслэлийн оршин суугчийн эрх, үүргийг нэмж оруулсан байна. Ингэснээр нийслэлийн хөгжилд оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд оршин суугчдад тулгуурласан үйл ажиллагаа явуулах боломж нэмэгдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Нийслэлийн оршин суугч нь амьдарч буй орчноо тохижуулсан, мод, бут тарьсан, нийслэлийн тулгамдсан асуудпыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсны төлөө урамшуулал хүртэх зохицуулалтыг хуулийн төсөлд шинээр тусгасны зэрэгцээ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн. Энэ талаархи тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Ц.Цогзолмаа, Х.Болорчулуун, Д.Цогтбаатар, Д.Эрдэнэбат, Б.Батзориг, З.Нарантуяа, Д.Сумъяабазар, Ж.Ганбаатар, Л.Болд, М.Билэгт, Б.Саранчимэг нар асуулт асууж тодруулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хотын төвлөрлийг сааруулах үүднээс нийслэлийн төр, захиргааны болон төрийн захиргааны зарим байгууллагыг дагуул хот болон дэд төвүүдэд нүүлгэн байршуулахаар төсөлд тусгасан. Нийслэлийн дагуул хот болон нийслэлийн дэд төвүүдэд шилжин байршиж, байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ногдох орлогын албан татварыг тодорхой хугацаанд тодорхой хувиар хөнгөлөх, нийслэлийн дагуул хотод байнгын үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй аж ахуйн нэгжид ажилладаг, тус хотын байнгын оршин суугчийн цалин хөлс, шагнал, урамшуулалд ногдуулах орлогын албан татварыг хөнгөлөх зэрэг зохицуулалтыг зааж өгсөн.

Дагуул хотын эрх зүйн үндсийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна. Харин нийслэлийн дэд төвүүдийг байгуулах асуудал хийгдэж байгаа, энэ ондоо багтааж хоёр дэд төвийг байгуулна. Төсөлд дүүргийг эдийн засаг, нийгмийн цогцолборын хувьд аймагтай, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын албан тушаалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын албан тушаалтай тус тус адилтган үзэхээр тусгасан. Ингэснээр дүүргийг сумтай, хороог багтай адилтган шийдвэр гаргаж ирсэн практикийг өөрчилж, нийслэлийн удирдлагыг бэхжүүлэх эерэг талтай гэж үзэж байгаагаа хэллээ.

Мөн нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хоёр хоёр дүүрэг болгож задлах боломжийн талаар судалгаа хийж дүгнэлт гаргах ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа. Ингэж байж төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Иймээс энэ талаархи судалгаа тооцоо гарсны дараа асуудлыг Улсын Их Хуралд өргөн барьж шийдвэрлүүлнэ. Түүнчлэн хотын төвийн газрыг дахин төлөвлөх чиглэлээр тодорхой алхам хийгдэж эхэлж байгаа. Хотын төвийн 800 орчим барилга байшингийн ашиглалтын хугацаа дууссан гэсэн дүгнэлт гарсан байдаг. Иймээс хотын төвийн газрыг дахин төлөвлөх чиглэлээр одоогоор 12 байршлын 78 барилгад тендер зарлагдаж барилгын компаниуд ажлаа эхэлсэн гэдгийг хэлж байв. Хотын төсөв санхүүгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, хөрөнгө орлогыг нэмэгдүүлэх үүднээс хот үнэт цаас, бонд гаргах эрхтэй байх зохицуулалтыг төсөлд тусгасныг дурдлаа.

Харин Засгийн газрын гишүүн, сайд Ж.Мөнхбат хуулийн төсөлд Нийслэлийн Засаг дарга нь Засгийн газрын гишүүний статустай байх зохицуулалт тусгагдсан. Дэлхийн бусад улсад ч ийм жишигтэй гэдгийг тодотгосон юм.

Мөн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, О.Баасанхүү, Б.Ундармаа, Д.Сумъяабазар, Б.Баттөмөр, Б.Саранчимэг нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 47 нь буюу 77 хувь нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Дарь-Эхийн гүүрэн замын ажил эхэллээ

ЗурагНийслэл хотод төсвийн хөрөнгө оруулалтаар нийт зургаан гүүрэн гарц барих төлөвлөгөө гарсан. Энэ дагуу “Бөмбөгөр” худалдааны төв, 120-ийн автобусны буудал, Үйлдвэр комбинат зэрэг газруудад гүүрэн гарцыг барьж ашиглалтанд оруулаад буй.

Төлөвлөгөөний дагуу мөн Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48-р сургуулийн хойно “Явган хүний гүүрэн гарц” барих ажил эхэллээ. Металл хийц бүхий “Явган хүний гүүрэн гарц”-ын урт нь 34м, өргөн нь 3м, цахилгаан болон явган шаттай байх аж. Гүүрэн гарцийн барилга угсралтын ажил 2017 оны наймдугаар сарын 31-нд дуусах юм байна.