Categories
гадаад мэдээ

Чуй Сүн Шилийн охиныг Дани улс шилжүүлэн өглөө

Дани улсад удтал хоригдож байсан Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз Чой Сүүн Силийн охин өнөөдөр үдээс хойш Сөүл хотод хүргэгдэж иржээ.Тэрээр ирсэн шалтгаанаа “Хүүхэд минь Солонгост гэр бүл ч үгүй ганцаараа удаан байсан. Тэгээд буруу ойлголцсон зүйл байгаа бол түүний учрыг хурдан олоод ямар нэг шийдвэрт хүрсэн нь дээр гэж буцаж ирлээ” хэмээн тайлбарласан байна.

Түүнийг таван сар орчим хорьсны эцэст Данийн эрх баригчид Өмнөд Солонгост шилжүүлж өгөхөөр болсон юм. 21 настай Чун Юү Ра энэ оны нэгдүгээр сараас хойш Данийн Аалборг хотын саатуулах төвд хоригдож байв. Өмнөд Солонгосын тал түүнийг шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсан ч Чун Юү Ра өөрийгөө буруугүй гэж үзэн Данийн шүүхэд давж заалдсаар байсан юм. Гэвч Данийн эрх баригчид өнгөрсөн дөрөвдүгээр сард түүнийг шилжүүлж өгөх шийдвэр гаргасан байна.

Сөүлийн прокурор түүнийг Эвха Эмэгтэйчүүдийн Их сургуулиас диплом авахдаа ерөнхийлөгчийн нэр нөлөөг ашигласан, Германд морин спортоор хичээллэж, амьдрах зардлаа Самсунг компаниас авлига хэлбэрээр гаргуулсан гэж буруутган шалгах юм. Гэвч тэрээр дээд сургуульд явж байгаагүй, диплом гардан авсан хүн бол би биш хэмээн мэдэгдэж байгаа аж.

Одоо түүний ээж болон экс ерөнхийлөгчийг авлигын хэргээр саатуулан шалгаж байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Зүрхний буйдхан оршилд цахирмаа цэцэг цомирлогоо дэлгэнэ

Зөгий зурган илэрцүүд

Өнөөдрийн яруу найргийн буландаа “Өдрийн сонин”-ы Урлаг, спорт, чөлөөт цагийн мэдээллийн албаны сэтгүүлч Энхтөрийн Мөнхтүвшингийн дөрвөн мөрт шүлгийн түүврийг хүргэж байна.


Цор ганц

Зүрхний буйдхан оршилд

Цахирмаа цэцэг цомирлогоо дэлгэнэ

Дэлбээнд нь согтохоор

Дүнгэнэн нисэх зөгий хөвөлзсөөр айсуй…

…………………………………………………………………….

Үүлэнд салхи хэмээж хөл болдог оо

Үгэнд сэтгэл оршиж хүч нэмдэг ээ

Үнэнд итгэл дааж найдвар төрүүлдэг ээ

Үерхэлд болзоо хосолж хайр мэдрүүлдэг ээ…

……………………………………………………………………………….

Дурдатгалын салхи нь сэвэлзэн үлээх

Тэр нэгэн аясхан эгшинд

Эмнэлгийн модтой хашаан дотор

Шаргалхан гэзгээ салаа задгайлж

Гоо зүс, сэтгэл юугаа ижилхэн ихэрлүүлсэн

Чиний төрхийг би хэзээ ч мартахгүй ээ…

…………………………………………………………………………..

Огторгуй тэнгэрийн дунд ч биш, захад ч биш

Хаа ч юм дэлхий гэх гариг дээр би амьдардаг

Нар сар гэх хоёр том цөмөөр дэлхий минь цэнэглэгджээ

Намар өвөл хавар зун гэх дөрвөн улиралд

Цаг хугацаа урагшлах нь

Яг л дэлхий тэнхлэгээрээ эргэж нарыг тойрох мэт ээ

Аав ээж гэх хоёр хүмүүнээр бие сэтгэл минь тэтгэгджээ

Ах эгч дүү би гэх дөрвөн махбодид амьдрал орших нь

Яг л хайр сэтгэл зүрхнээс цацарч аз жаргалыг гэрэлтүүлэх мэт ээ

Огторгуй тэнгэрийн дунд ч биш захад ч биш хаа ч юм дэлхий гэх гариг дээр би амьдардаг

………………………………………………..

Ховд аймаг Чандмань сум

Хан Жаргалант хайрхны бэлд

Үүлэн чөлөөний наран туяарч

Хатан Дөргөн нуурын мандал дээр

Сувдан сондор шижиртэнэ…

…………………………………………………………..

Би шүлэглэж чадахгүй ээ

Уудам хөвсгөр үүлсийн дээгүүр би ниснэ

Яг л шувууд шиг

Ниссээр л байна, ниссээр л байна

Гэрэл хэзээ ч бүүдийдэггүй тэр зүгт

Анир чимээгүйхэн хөвсөөр, хөвсөөр…

Categories
мэдээ нийгэм

Ил задгай худалдаалж байгаа хүнсэнд нянгийн бохирдол их байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Төв лабораториос ил задгай орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний бохирдлыг тодорхойлох судалгааг Баянгол, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсүүдтэй хамтран явууллаа. 2017 оны тавдугаар сарын 03-16-ны хооронд Барс-1 зах, Бөмбөгөр худалдааны төвүүдийг хамарсан уг судалгааны хүрээнд ил задгай, гар дээрээс худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн, худалдан борлуулагч, тэдгээрийн ойролцоох гадаад орчны нийт 110 дээжинд 278 үзүүлэлтээр хими, болон микробиологийн шинжилгээ хийсэн байна.

Ил задгай орчинд худалдаалж буй хүнсний бүтээгдхүүнүүд нь эрүүл, аюулгүйн баталгаагүй, эрсдэлтэй хүнсэнд хамаардаг. Өнөөдөр Улаанбаатар хотод 1,3 сая хүн буюу Монгол улсын нийт хүн амын 45 хувь нь оршин сууж орчны бохирдол ихтэй хотуудын тоонд ордог болсон.

Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын 6.3.-т харьяа дүүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай хүнсний болон барааны худалдахыг хориглоно гэж заасан байдаг. Үүнд жимс, ногоо, шорлог, төрөл бүрийн машинт болон чингэлгийн худалдаа зэрэг хамрагддаг.

Шинжилгээний дүнгээр хүнсний бүтээгдэхүүн болон түүнд хүрэлцэж буй эд зүйлсийн гадаргуугийн 58.5 хувь нь мөөгөнцөр, E.coli, гэдэсний бүлгийн савханцар зэрэг нянгаар бохирлогдсон байсан бол, худалдан борлуулагчдын гар, ажлын хувцаснууд нь мөн E.coli, гэдэсний бүлгийн савханцараар 100 хувь бохирдсон дүн гарлаа. Эдгээр нь хүний организмд нянгийн гаралтай хордлого үүсгэх боломжтой эмгэг төрөгч бактериудад тооцогддог.

Захуудын ойролцоох хөрсний 50 хувь нь нянгийн тоо хэмжээгээр хоёрдугаар зэргийн буюу бохирдолт багатай, 50 хувь нь гуравдугаар зэргийн буюу дунд зэргийн бохирдолтой гэсэн ангилалд тус тус хамаарч байсан бол хими, хор судлалын шинжилгээгээр гадаа талбайн агаарын тоосжилт, аммиакийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин их байна.

Харин худалдааны төвийн дотор агаарын бохирдуулагч бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнд байлаа. Хүнсний бүтээгдэхүүний худалдаалж буй газрын хүрээлэн буй орчин нь тоосжилт ихтэй, явган хүний гүүрэн гарцны доор, нийтийн тээврийн хэрэгсэлийн зам дагуу, автобусны буудлын хажууд байрладгаас худалдаалагчид нь эрүүл ахуйн, ариун цэвэр сахих нөхцөл бололцоогүй, бүтээгдэхүүнийг аюулгүй хадгалах, худалдан борлуулах, тээвэрлэх нөхцөл хангагдаагүй зэрэг нь дээрх үр дүн гарахад нөлөөлж байна.

Судалгааны явцад худалдагч нарын гарыг энгийн үед болон цэвэрлэсний дараах бохирдлыг тодорхойлох туршилт явуулахад нойтон сальфеткаар арчсаны дараа гарын бохирдол 99.45 хувиар буурч байсан нь манай худалдаалагчид цэвэрч байж ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийвэл халдварт өвчнөөс сэргийлэх боломжтойг харуулж байна. Ил задгай худалдаа нь хүн амын дунд хүнсээр дамжих халдварт өвчлөлийн эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйлийн нэг болж байна гэж судлаачид дүгнэжээ.

Categories
мэдээ нийгэм

Түймрийг унтраахаар ажиллаж байна

Өнөөдрийн байдлаар, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат уулын орчим буюу Минжийн хангайд нэг түймэр, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд хоёр, Тариалан суманд нэг, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд нэг, Төв аймгийн Мөнгөнморьт суманд болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд тус бүр нэг, улсын хэмжээнд долоон түймэр асч байна.

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд Улаанбаатар хотод есөн удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 39 суманд 65 удаа, нийт 74 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38812.3 га ой, 27654.5 га хээр, нийт 66466,8 га талбай түймэрт өртсөн байна.

Эдгээрээс Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Тариалан суманд гарсан түймрийг цурманд оруулсан.

Түймрийн голомтод Онцгой байдлын албанаас 160 албан хаагч, 10 автомашинтайгаар, орон нутгаас 174 иргэн, 13 автомашин, 62 морьтойгоор, нийт 334 хүн, 23 автомашин, 62 морьтойгоор ажиллаж байна.

Хур тунадас багатай, цаг агаар халж, хуурайшилт эрчимтэй явагдаж түймрийн нөхцөл байдал хүндэрч түймрийн голомт нэмэгдсэн тул Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат уулын орчим буюу Минжийн хангай, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт гарсан түймрийн голомтод 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 14:00 цагт Аврах тусгай ангийн 20 албан хаагчийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ 171Е загварын нисдэг тэргээр хүргэж түймрийг шуурхай унтраах арга хэмжээ авч ажиллаж байна.

Дээрх 74 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 1314 албан хаагч, 143 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 129 албан хаагч, 10 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 150 албан хаагч, 8 автомашин, Цагдаагийн байгууллагаас 34 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 2504 иргэн, 280 автомашин, 42 мотоцикл тус тус дайчлагдан нийт 4131 хүн, 442 автомашин, 42 мотоцикль, техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын “хүүхдийн эрхийн тухай” конвенцийн хэрэгжилтийн тухай Монгол Улсын 5 дугаар тайлан илтгэлийг хэлэлцэв

Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын “Хүүхдийн эрхийн тухай” конвенцийн хэрэгжилтийн тухай Монгол Улсын 5 дугаар тайлан илтгэлийг Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй Хүүхдийн эрхийн хорооны 75 дугаар чуулганы 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэв.

Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Дэд сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын төлөөлөгчид оролцов.

Манай төлөөлөгчид тайлангийн хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, мөн хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны талаар илтгэж, Конвенцийн хорооны гишүүдээс тавьсан асуултуудад хариулав.

Конвенцийн хорооны гишүүд Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн эрх зүйн орчинг шинэчлэх, нэн ялангуяа Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай зэрэг хуулиудыг шинэчлэн болон шинээр баталж, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр өмнөх хэлэлцүүлгээс өгсөн Хорооны зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажилласныг сайшаан тэмдэглэв. Конвенцийн хорооноос манай улсын илтгэлийг хэлэлцсэн тухай дүгнэлт, зөвлөмжийг 2017 оны 6 дугаар сарын 8-ний өдөр албан ёсоор гаргах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Тамхины ишгүй-Улаанбаатар” хөдөлгөөн өрнүүлж эхэллээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүсийг бодвол долоон жилээр дутуу насалдаг болохыг тогтоожээ. Дэлхийн хэмжээнд тамхи татсанаас болж жилд дөрвөн сая хүн, өдөрт 11 мянган хүн, минутад зургаан хүн нас бардаг байна.

Энэ тоо 2030 он гэхэд хоёр дахин өсч 10 саяд хүрэх тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан байна. Тамхинд 400 гаруй химийн бодис агуулагддагаас 43 төрлийн хорт бодис нь хүний биед хорт хавдар үүсгэдэг байна.

Тиймээс нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран “Тамхины ишгүй-Улаанбаатар” хөдөлгөөн өрнүүлж эхэллээ. Энэхүү хөдөлгөөнд идавхтэй оролцож эрүүл мэндээ хамгаалж, орчноо цэвэр байлгахад хувь нэмрээ оруулахыг залуучууддаа уриалж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөрсний бохирдлыг бууруулах төслийг Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлнэ

Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах төслийн нээлт өнөөдөр боллоо. Чингэлтэй, Баянзүрх дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг туршиж нэвтрүүлснээр нүхэн жорлонгоос үүсч буй хөрсний бохирдлыг бууруулах нь төслийн гол зорилго юм. Гурван жил үргэлжилж, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжигдэх төслийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлнэ. Үүнд,

САЙЖРУУЛСАН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО

Энэ ажлын хүрээнд гэр хороололд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг нэвтрүүлэх, хүний ялгадас болон шингэн хаягдлын менежментийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм журам, төлөвлөгөөг боловсруулна. Мөн хаягдал ялгадсыг цуглуулах, бордоо болгох чиглэлээр жижиг дунд үйлдвэрийн газрууд, гэр хорооллын оршин суугчдын хоорондын харилцааг зохицуулахад чиглэсэн бөгөөд хаягдал агуулах, цуглуулах, тээвэрлэх, бордоо болгох, боловсруулсан хаягдлыг худалдах болон холбогдох хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон ажлууд хийгдэнэ.

САЙЖРУУЛСАН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ БАРЬЖ, ТУРШИНА

Энэ хүрээнд олон нийтийн оролцоог хангах зорилгоор өргөн хүрээг хамарсан сурталчлан таниулах хөтөлбөрийг боловсруулах, төсөлд хамрагдах өрхүүдийг олж сонгох, тэдэнд дэмжлэг үзүүлэх олон нийтийн менежментийн бүлгүүдийг байгуулах; гэр хорооллийн өрхүүдэд олгох 1500 орчим экологид ээлтэй жорлон, битүү тунгаагуур сав, эсвэл энгийн хийцтэй, технологи нь туршигдсан, бага өртөгтэй, орчны нөхцөл, цаг уурын онцлогт тохирсон, орон нутагт үйлдвэрлэсэн материал ашиглаж барих боломжтой ариун цэврийн бусад төрлийн байгууламжуудын зураг төслийг боловсруулах, барьж угсрах, суурилуулах ажлыг гүйцэтгэх, ЖДҮ-ийн газрууд ба өрхүүдийн хооронд байгуулах сайжруулсан ариун цэврийн байгууламжийн засвар үйлчилгээ, хаягдал цуглуулах гэрээний загварыг боловсруулах; мөн хаягдлыг бордоо болгох, боловсруулсан бүтээгдэхүүнийг худалдан борлуулах чиглэлээр төсөлтэй хамтран ажиллах жижиг дунд үйлдвэрийн газруудын чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийнэ.

САЙЖРУУЛСАН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Энэ хүрээнд сайжруулсан ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан анхны ажлын хэсгийг үндэсний хэмжээнд байгуулах, айл өрх, гэрээт гүйцэтгэгчид болон чиглэлийн яамдад зориулж сайжруулсан ариун цэврийн байгууламжийн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, техникийн туслалцаа үзүүлэх; төслийн үр дүнг чиглэлийн яамд, хувийн хэвшил болон иргэний нийгэмд сурталчлан дэлгэрүүлэх; мөн сайжруулсан ариун цэврийн байгууламжийг гэр хороололд нэвтрүүлэх үндэсний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулна. Уг төлөвлөгөөнд сайжруулсан ариун цэврийн байгууламж барих нэн шаардлагатай гэр хорооллын бусад хороо дүүргүүдийг тодорхойлон, хөрсний бохирдлын менежментийг сайжруулах, шаардлагатай бусад арга хэмжээнүүд, хэрэгжүүлэх байгууллагуудын үүрэг хариуцлага, зардал, санхүүгийн механизм, ажлын хуваарь зэргийг тусгасан таван жилийн стратеги болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө багтсан гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Саналын хуудасны загвар, нэгдсэн дугаар, тоог баталлаа

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр /2017-5-26/ хуралдаж, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд зарим асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа.

Тухайлбал, Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын мэдээллийг сонсов. Мэдээллийг тус комиссын дарга Д.Даваасүрэн хийхдээ, гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах 45 салбар комисс 32 улсад байгуулагдаж тэдгээрт ажиллах албан хаагчдад зориулсан сургалт явуулсан байна. Нийт 200 орчим хүн ийнхүү сургалтад хамрагдаж мэдээллийн санд бүртгэгдсэн, төв комисс, салбар комиссын ажлын төлөвлөгөө болон санал авах ажлыг зохион байгуулах зардлын тооцоо гаргаж батлуулан зарцуулж байгааг дурьдаад, санал авах хуудсыг хүргэх, санал өгсөн битүүмжилсэн саналын хуудсыг буцаан авч ирэх итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг бүсчилсэн тодорхой чиглэлд явуулах хуваарийг баталсан, сонгогчдын нэрийн жагсаалт гаргасан зэргээр бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг тэрээр тэмдэглэв.

Хуульд заасан хугацаанд гадаадад байгаа иргэдийн 7378 нь сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлсэн байна. Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг Төв комисс болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлээд байгаа бөгөөд ийнхүү жагсаалтыг нягтлан шалгаад байгаа ажээ.

Мөн хуралдаанаар Үндэсний олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг баталлаа. Нэвтрүүлгийн хуваарь гаргахдаа, нам, нэр дэвшигчдэд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцсон байна. Үндэсний олон нийтийн радио,телевиз нэр дэвшигч тус бүрт нэг өдөрт 15 минутын нэвтрүүлэг, 2 минутын мэдээний цаг оногдохоор хуваарь гаргасан байна.

Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны загвар, нэгдсэн дугаар, тоог баталлаа. Саналын хуудас нь нэр дэвшигчийн цээж зурагтай байх бөгөөд Улсын Их Хуралд хамгийн олон суудалтай намаас нэр дэвшсэн нэр дэвшигчээс эхэлж нэр дэвшигчид дараалуулан бичигдсэн байна.

Харин саналын хуудасны тоог батлахдаа, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийн тоог үндэслэн гаргав.

Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанд Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах Хорооны ажиглагчдын төлөөлөл оролцож явцыг нь ажиглав.

Categories
мэдээ нийгэм

Ардын экспертүүд иргэний оролцоог дэмжсэн Ерөнхийлөгчид 8.8 оноо өглөө

“Ардын үг” аяны тав дахь зөвлөлдөх хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Ардын экспертүүд Ерөнхийлөгчийн иргэдийн оролцоо, эдийн засгийг дэмжих чиглэлээр хийсэн ажил, гаргасан санал санаачилгуудыг хэлэлцэн, нууц санал хураалтаар 1-10 хүртэлх оноогоор дүн тавьсан юм. Хараат бус судалгааны МЕК агентлаг зөвлөлдөх хэлэлцүүлгийн саналыг хуудсыг тоолж дүнг гаргасан байна. “Ардын эксперт”-үүд Ерөнхийлөгчид 8.8 оноо өгчээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд сонгогдсоныхоо дараа шууд ардчилал, иргэдийн оролцоог дэмжих, төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг иргэдийн оролцоотойгоор нэмэгдүүлж, эдийн засгийг нь дэмжих бодлогыг тунхаглаж, анхны зарлигаа энэ чиглэлээр гаргаж байжээ. Улмаар 2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Орон нутгийн хөгжлийн сан байгуулах заалтыг тусгуулж дээрх бодлогоо бодит ажил хэрэг болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм.

Энэхүү хуулийн дагуу иргэд өөрийн амьдарч буй орон нутгийнхаа тулгамдсан асуудлуудыг эрэмбэлэн хэлэлцэж, уг асуудлыг шийдэх хөрөнгө оруулалтыг нь Орон нутгийн хөгжлийн сангаас гарган бүтээн байгуулалтын ажлууд хийх болжээ. Иргэдийн оролцоотойгоор төсвийн хуваарилалтыг хийх шинэлэг зарчим бүхий Орон нутгийн хөгжлийн сан байгуулагдсанаар аймаг, сумын төвүүд өнгө засч, оршин суугчид нь ажил, орлоготой болсон зэрэг олон эерэг үр дүн гарсан байна. Энэ бүхний үр дүнд хөдөө орон нутгаас нийслэл Улаанбаатарыг зорих нүүдэл саарч, харин хотоос аймаг, сум руу чиглэсэн шилжих хөдөлгөөн 50 орчим хувиар нэмэгдсэн байна. Үүнийг “Ардын үг” зөвлөлдөх аяны зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцсон “Ардын эксперт”-үүд онцолсон юм.

Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн мэдээллийн системийг ашиглалтад оруулснаар иргэд уг сангийн хөрөнгийн хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих боломж бүрдсэн нь “Шилэн данс”-ны зарчмыг нэн тэргүүнд хэрэгжүүлсэн сайн туршлага болжээ. Тиймээс уг системийг Авлигатай тэмцэх газраас “Сайн засаглалын төлөөх сайн туршлага”-аар тодруулсан байна.

Ерөнхийлөгч Шилэн дансны тухай хуулийг санаачлан батлуулсан. Энэ бол төсвийн ил тод байдлыг хангаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн чухал хууль болсон юм. Өмнө нь төрийн байгууллагууд төрийн байгууллагадаа л төсвийн талаархи тайлангаа тавьдаг, тэр нь иргэдэд тэр бүр нээлттэй биш байсан бол Шилэн дансны тухай хууль хэрэгжсэнээр иргэд төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжтой болсон юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай хууль ч цаг үеэ олсон, зөв бодлогын үр дүн байсныг “Ардын эксперт”-үүд онцолсон. Уул уурхайгаас олж байгаа орлогоороо эдийн засгийн бусад салбарт хөрөнгө оруулалт хийх, ялангуяа ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх тусгай сан байгуулах санаачилга хуульчлагдан батлагдаад удаагүй байгаа.

2016 оны хоёрдугаар сарын 5-ний өдөр батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуульд Ирээдүйн өв сангийн хөрөнгийн эх үүсвэр нь ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тэнцвэржүүлсэн журмаар тооцсон, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь, төрд ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн өмчийн хувьцаа борлуулсны орлого, 2018 оноос эхлэн улсын төсөвт орох эрдэс баялгийн орлогын суурь жилийн орлогоос давсан хэсгийн орлогын 20 хувь болон бусад орлогоос бүрдэхээр тусгагдсан.

Ерөнхийлөгчийн санаачилгаар 2012-2013 онуудад “Шууд ардчилал” иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний сургалтууд орон даяар зохион байгуулагдсан. Үүний үр дүнд орон нутгийн иргэд төсвийн менежментийн мэдээлэлтэй болж, Орон нутгийн хөгжлийн сангийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болсон байна.

Эдгээр ажлуудыг өчигдөр болсон “Ардын үг” зөвлөлдөх хэлэлцүүлгээр ярилцаж, Ерөнхийлөгч дэлгэрэнгүй тайлангаа тавьсан юм. Зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцсон “Ардын эксперт”-үүд дараа дараагийн Ерөнхийлөгч нар хийсэн ажлуудаа иргэд, сонгогчиддоо ингэж тайлагнадаг байх нь зөв гэсэн байр сууриа илэрхийлж байлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Өлзийхишиг: Би шалгалтын хариу түлхүүрийг тараагаагүй, надаас өмнө аль хэдийнэ тараагдчихсан байсан

-НЭГ НЬ ШАЛГАЛТ АВЧ БАЙГАА БОЛЖ ДҮР ЭСГЭЭД НӨГӨӨ ХЭД НЬ ШАЛГАЛТ ӨГЧ БАЙНА ГЭЖ ХАРИУГАА ХУУЛЖ БИЧЭЭД СУУЖ БАЙГААТАЙ ЭВЛЭРЧ ЧАДААГҮЙ-

Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг энэ сарын 25-ны өдөр орон даяар зохион байгуулагдсан арванхоёрдугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалтын хариултыг цахим сүлжээгээр тараасан хэрэгт буруутгагдаад байгаа. Боловсролын үнэлгээний төвөөс энэ талаар албан ёсны мэдэгдэл гаргаж, энэ сарын 30-нд математикийн шалгалтыг дахин авсан. Тэгвэл арванхоёрдугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалтын хариуг задалсан хэмээн буруутгагдаад байгаа Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байсан П.Өлзийхишигтэй ярилцлаа.


-Таныг математикийн шалгалтын хариуг тараасан гэж буруутгаж байгаа. Боловсролын үнэлгээний төвөөс таныг тараасан гээд мэдэгдэл гаргасан байна лээ?

-Би боловсролын салбарт 17 жил ажиллаж байна. Сургалтын менежерээр ажлаад 12 жил болжээ. 72 дугаар сургуульд ажиллаж байхад олон жил ажилласан сургалтын менежерүүдийг сэлгэн ажиллуулах шийдвэр гарч, 49 дүгээр сургуульд томилогдон очсон. Ингээд гурван жил гаруй хугацаанд тус сургуульд ажиллаж байгаад сая халагдчихлаа. 2000 онд сургуулиа төгсч, 2002 онд үндэсний сургагч багш болж байсан. Оюутан байхаасаа эхлээд мэтгэлцээний урлагаар хичээллэж ирсэн. Багш болоод ч үүнийгээ хөгжүүлж ирсэн. Боловсролын салбарт 17 жил ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй гэдгээ хэлмээр байна.

Өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас эхлээд Боловсролын үнэлгээний төв, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс гээд бүгд намайг буруутгаж байна. Аливаа зүйлийг буруугаар олон нийтэд ойлгуулах, мушгин гуйвуулах амархан юм байна.

Хоёргүй сэтгэлээр зүтгэсэн 17 жилийн хөдөлмөр нэг л өдөр байхгүй болдог юм байна даа. Боловсролын салбарт шударга ёс байхгүй болчихсон юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрч байна. Ярилцлагынхаа эхэнд шударга үнэний төлөө явсан хүн ийм байдалд ордог юм байна шүү. Тухайн үед юу болсон бэ. Яагаад намайг шалгалтын материал тараасан гэх үндэслэлээр буруутгах болсон гэдгийг үнэн зөвөөр хүмүүст хүргэмээр байна. Улсын шалгалтыг хэрхэн авдаг талаар эхлээд ерөнхий ойлголт өгсөн нь дээр гэж бодож байна. Боловсролын үнэлгээний төвөөс шалгалт зохион байгуулах удирдамж, шалгалттай хичээл бүрээр сэдэв, даалгаврыг боловсруулж, сургууль бүрийн ахлах ангийн менежерүүдээр нууцлалын баталгаа гаргуулан гэрээ хийдэг. Улсын шалгалтын сэдэв даалгаврыг тухайн шалгалт эхлэхээс хоёр цагийн өмнө БСШУСЯ-ны боловсролын мэдээллийн нэгдсэн www.esis.mn сайтад байршуулдаг. Нууцлалын баталгаа гаргасан сургалтын менежерүүд татан авч, тухайн сургуулийн шалгалтын комисс олшруулж аваад шалгалтаа авдаг. Бүх сургууль нэг цагт шалгалтаа эхэлж, нэг цагт дуусдаг. Шалгалт авч дуусаад 30 минут болсны дараа хариу нь ирдэг. Ийм байдлаар улсын шалгалт авдаг.

-Тэгвэл энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан арванхоёрдугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалтын үеэр яг юу болсон юм бэ?

-Математикийн шалгалт эхлэх гэж байтал арванхоёрдугаар ангийн хүүхдүүд хоорондоо “Шалгалтын материалын түлхүүр задарчихсан. Энэ байна” гээд хоорондоо ярилцаад цээжлээд эхэлсэн. Бүх зүйлс бидний нүдэн дээр ил цагаан яригдаж эхэлсэн. Тухайн үед надад “Арай ч дээ, энэ хүүхдүүдэд багш нар өөрийнхөө сэтгэл зүрх, оюун ухаан цаг хугацаа гээд бүх зүйлийг зарцуулж 12 жил хичээл заасан. Өөрийнхөө мэдэж чадаж байгаа бүх зүйлийг зааж сургасан. Мөн багшийнхаа хэлсэн ярьсан болгоныг хүлээн авч, олон шөнө, өдөр хичээл хийсэн сурлага сайтай сурагч олон байгаа. Гэтэл тэр их хөдөлмөр ямар ч үр дүнгүй болох юм гэж үү. Тааруу сурлагатай, багш нарыг хичээл орж байхад үл хүндэлж, байнга үймүүлж, бусдын сурч, мэдэх эрхэд халддаг, гэрийн даалгавраа огт хийдэггүй, мөнгө төгрөгтэй хүүхдүүд шалгалтын материалын хариуг мөнгөөр худалдаад авчихдаг байдал хэдий болтол үргэлжлэх юм бэ. Шалгалт авч байгаа бидний нүдэн дээр шууд хуулж байгаа шударга бус зүйлтэй хэдий болтол эвлэрч явах юм бэ” гэж бодогдсон. Үнэндээ шалгалт авах ямар ч утгагүй болсон. Нэг нь шалгалт авч байгаа болж дүр эсгээд, нөгөө хэд нь шалгалт өгч байна гэж хариугаа шууд бичээд сууж байгаатай эвлэрч чадаагүй юм аа. Тэгээд л шууд шалгалтын материалыг гаргаж ирээд сурагчдад түлхүүртэйгээ тулгаад хар гээд өгчихсөн. Надад шалгалтын хариу ирээгүй. Зөвхөн материал бүхий бодолтууд ирсэн. Болж өнгөрсөн зүйл ердөө л энэ шүү дээ. Манай сургуулийн хүүхдүүд шалгалтын хариуг мөнгө нийлүүлж байгаад 200 мянган төгрөгөөр худалдаж авсан байдаг. Ингээд хэдийнэ тараагдаад сурагчид шалгалтандаа хариуг нь аваад орцгоосон. Түүнээс би шалгалтын хариу түлхүүрийг тараагаагүй шүү дээ. Надаас өмнө аль хэдийнэ тараагдчихсан байсан гэдгийг онцолж хэлмээр байна. Надад шалгалтын хариу шалгалтаас өмнө ирэх ямар ч боломж байхгүй. Гэтэл улс даяар хэдийнэ хариу нь гарчихсан, тараагдчихсан байсан.

-Таныг фэйсбүүкээр тараасан гэж буруутгаад байгаа юм биш үү?

-Худалдаж авсан хариугаа минийхтэй таарч байна уу гээд өгсөн түлхүүрийг сурагчид фэйсбүүк хаяган дээрээ тавьсан юм билээ. Ингээд л асуудал үүссэн. Энэ нь намайг буруутгах гол үндэслэл болсон юм шиг байгаа юм. Бид чинь сурагчдадаа үргэлж шударга, хүнлэг байх талаар сургаж хүмүүжүүлж ирсэн. Гэтэл шударга үнэн хаана байна вэ. Намайг буруутгах хүн олон байх шиг байна. Гэхдээ би өөрийгөө “Шударга бус байдлын төлөө зөв зүйтэй зүйл хийсэн юм байна даа” гэж бодсон. Багш нарыг маш их ажилтай байгааг мэдэж байна. Гэхдээ багш, сурагчдын 12 жилийн хөдөлмөр үнэнээр үнэлэгдэх ёстой. Амьдралд хөл тавих гэж байгаа хүүхдүүд мөнгөтэй л бол шударга зүйл гэж байхгүй юм байна. Хичээлээ хийхээс илүүтэй мөнгө олж, хэн нэгнийг хуурч мэхлэн шалгалтандаа өндөр үнэлгээ авна гэх ойлголт авч байна шүү дээ. Сэтгэл зовоосон гол асуудал нь энэ юм. Боловсролын салбарын үнэн нүүр төрх ийм л байна. Үүнийг таслан зогсоох цаг нь болсон.

-Өнгөрсөн жилүүдэд шалгалтын хариу тараагдсан асуудал гарч байсан уу. 2016 онд элсэлтийн ерөнхий шалгалтын хариу нь сурагчдад тараагдсан гээд бөөн асуудал гарч байсан байхаа?

-Олон хавар нэгэндээ гэдэг нь энэ жил болсон. Өмнө нь шалгалтын хариу задарсан асуудал байнга л гарч байсан. 12 жил хичээлдээ тааруу сурсан хүүхэд гэнэт шалгалтандаа цоороод шууд 100А үнэлгээ авч, 12 жил тасралтгүй онц сурсан хүүхэд 90А авч байх жишээтэй. Сургуулиараа шалгалтаа өндөр үнэлгээтэй өгнө гэж байхгүй биз дээ. Ийм байдал олон удаа давтагдаж байсан. Өнгөрсөн жил элсэлтийн ерөнхий шалгалтын хариу мөн л задарсан асуудал гарсан. Боловсролын үнэлгээний төв шалгалтын хариу задраагүй гэсэн мэдэгдэл гаргаад л өнгөрсөн. Өнгөрсөн жил нэг сургууль дээр сурагчид математикийн багшаараа бодлого бодуулсан байгаа юм. Тэгсэн маргааш нь бодож өгсөн тэр бодлого нь бүгд ирсэн байх жишээтэй. Бүр улсын шалгалтын хариу 200 мянга, элсэлтийн ерөнхий шалгалтын хариу 800 мянган төгрөгөөс дээш үнээр худалдаалдаг гэх яриа байнга гардаг. Энэ жил математикийн шалгалтаас гадна бусад хичээлийн шалгалтын хариу мөн л задарсан. Бүр ил цагаандаа гарцгаасан байна лээ. Намайг материал задалсан гэх асуудал гарсны дараа хамт ажиллаж байсан багш, сурагчид, өөр сургуулийн сургалтын менежерүүд надад хандаж “Чамайг шалгалтын материал задалсан гээд л байсан. Энд аль хэдийнэ задарчихсан байна шүү дээ” гээд мэдээллийг нь явуулж эхэлсэн. Анх ямар сурагч, хэн гэдэг хүүхдүүдэд өгсөн талаарх мэдээлэл баримттай ирсэн. Үүнийгээ бариад Боловсролын үнэлгээний төв дээр очиж, баримтаа үзүүлж, болж байгаа үйл явдлыг хэлсэн. Гэтэл тэр мэргэжилтэн “Өнөөдөр шалгалтын хариу түлхүүр задрахгүй. Ёстой задрахгүй” гэж хэлсэн. Мэтгэлцээнийг удирдаж, багш нарын сэтгэл зүйн судалгаа авдаг хүний хувьд их сонин байдал надад ажиглагдсан. Боловсролын үнэлгээний төв шалгалтын материалыг боловсруулж гаргаад, өөрсдөө шалгалтын хариу түлхүүрийг бэлддэг. Жирийн сургалтын менежер шалгалтын материалыг задруулах ямар ч үндэс байхгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төв маш сайн мэдэж байгаа. Гэвч хүчтэй нь хүчгүйгээ дийлнэ гэдэг зүйл болсон доо.

-Таныг ажлаас чинь халсан гэсэн. Ямар үндэслэлээр ажлаасаа халагдаад байна вэ?

-Би Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй улсын шалгалт авах нууцлалын гэрээ хийсэн юм. Тэр гэрээний дагуу ажлаас халж байна гэсэн. Ингээд л ажлаасаа халагдсан. Үнэндээ намайг халж байгаа үндэслэл нь хууль бус. Гэм буруутай нь шүүхээс тогтоогдоогүй байхад ажлаас халж болохгүй юм билээ. Манай сургуулийн захирлыг намайг халсан гэсэн албан бичгээ хурдан авчирч өгөхгүй бол чиний ажлын байртай ярина гэсэн асуудал ч гарч ирсэн байдаг. Ингээд арга буюу халагдаад гэртээ сууж байна даа. Боловсролын салбарт 17 жил ажиллахдаа гэр бүлдээ ч олигтой анхаарал хандуулж чадалгүй хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Ард түмний хүүхдийн сайн сайхны төлөө ямар их цаг гаргаж өөрийгөө зовоож ажиллаж байсан бэ гэдгийг надтай хамт ажиллаж байсан багш нар, хамт олон минь хэлээд өгнө. Надад нэг л алдаа байгаа. Тэр нь хэтэрхий шударга зантай. Хар бага наснаас аав, ээж, багш нарын шударга байх хүмүүжлээр өссөн. Тиймээс шударга бус зүйлтэй эвлэрч чаддаггүй зантай. Энэ зангаасаа болж өнөөдөр ажлаасаа халагдчихаад сууж байна. Гэхдээ хэн улсын шалгалтын материал түлхүүрийг тараасан бэ гэдэг нь тодорхой болж буруутай этгээд тогтоогдоогүй байхад миний нэр, албан тушаал, сургуулийг Боловсролын үнэлгээний төвөөс шууд зарласан. Хүний амь нас хөнөөсөн хүнийг хүртэл шүүхээр шийдэгдээгүй байхад нэрнийх нь эхний үсгээр явдаг биз дээ. Гэтэл миний нэр төрд халдаж, эрхийг минь зөрчиж байгаад маш их гомдолтой байна. Би нэр төрөө сэргээлгэхээр шүүхийн байгууллагад хандана. Шүүх үнэнийг тогтоож өгнө гэдэгт итгэлтэй байна. Шударга үнэн хэзээд ялдаг гэдэг биз дээ. Шударга зүйлийн төлөө явна.