Categories
мэдээ улс-төр

Өнөөдрөөс хадгаламжийн хүүгийн орлогод 5 хувийн татвар ногдуулж эхэлнэ

УИХ-аас Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг эцэслэн баталснаар долоон төрлийн татварын хувь хэмжээ өсөх юм.

2017 оны тавдугаар сарын 1 буюу өнөөдрөөс хэрэгжиж эхлэх татварууд:

ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГО:

Хадгаламжийн хүүгийн орлогод 5 хувийн татвар ногдуулна

ИМПОРТЫН ТАМХИ:

Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ.

АВТО МАШИНЫ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР:

Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө.

Одоо дээрх төрлийн автомашины орлогын албан татварыг 100 хувь хөнгөлж байна, хууль батлагдсанаар 50 хувиар хөнгөлнө.

Иймээс үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, дараах хэмжээгээр татвар ногдуулах юм.

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ

(Төгрөгөөр)

Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа (жилээр)

0-3 жил

4-6 жил

7-9 жил

10 ба түүнээс дээш жил

1500 ба түүнээс доош

750.000

1.600.000

3.350.000

10.000.000

1501-2500

2.300.000

3.200.000

5.000.000

11.700.000

2501-3500

3.050.000

4.000.000

6.700.000

13.350.000

3501-4500

6.850.750

8.000.000

10.850.000

17.500.000

4501 ба түүнээс дээш

14.210.000

27.200.000

39.150.000

65.975.000

2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх татвар

АВТО БЕНЗИН, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР.

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх татварууд

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР:

1.5 сая төгрөгөөс дээш цалинд 5 хувийн татвар нэмэгдүүлж ногдуулна. Одоогийн 10 хувийн татвар төлдөг. Харин хууль хэрэгжсэнээр дээр нь нэмж 5 хувь нэмэгдэнэ.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ:

АРХИ, ТАМХИНЫ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР:

Categories
мэдээ цаг-үе

Монголын анхны балетчдын нэг Ю.Цэрмаа гуайнд өнжлөө

Монгол Улсаас хамгийн анх ОХУ-ын Пермь хотын бүжгийн сургуулийн балетын ангийг төгссөн, Монголын анхны балетын бүжигчдийн нэг Ю.Цэрмаа гуайнд өнгөрсөн амралтын өдөр хөөрөлдөж өнжлөө. Түүнийг театрын зураач, дөчин мянгатын Ц.Зоригт хэмээх эрийн үзэсгэлэнт гэргий, алдарт балетчин Ю.Цэрмаа гэвэл социализмын үеийнхэн бүр ч андахгүй. Энэ гэр бүл болоод, Ю.Цэрмаа гуай 70, 80-аад оны жинхэнэ сонгодог урлагийн од байсан юм билээ. Эднийх одоо ч дөчин мянгатын гурван өрөө байранд үр ач нарынхаа хамт аж төрж байна. Социализмын алтан үеийнхний тэргүүн эгнээнд явсан сонгодог урлагийн гэр бүл болох Ц.Зоригт гуайнх З.Уянга хэмээх ганц охинтой. Охин нь аавыгаа дуурайн уран зураг сонирхож, Дүрслэх урлагийн сургуулийг дүүргэж, ОХУ-ын И.Е Репиний дүрслэх урлагийн академийг төгссөн бөгөөд одоо СУИС-д багшилдаг.

Энэ гэр бүлийнхэн ОХУ-д наймаас, арав гаруй жил суралцсан хүмүүс болоод ч тэр үү, амьдралын хэв маяг, аж байдал нь орос маягийн айл бөгөөд ихэвчлэн орос хоол унд хэрэглэдэг аж. Мөн аав, ээж охин гурав өөр хоорондоо оросоор голдуу ярилцчихдаг байсан гэнэ. Бид болзсон цагаасаа яльгүйхэн хоцорч очоод З.Уянга эгч рүү утас цохиход тэр даруй утсаа авч, орцныхоо кодыг хэлж өгөөд, аль хэдийн хаалгаа дэлгэчихсэн зогсож байлаа. Түүний зээ охин зураг авахуулна гээд гоёлын даашинз, ганган туфлиэ өмсөөд үсээ гоёчихсон

Ц.Зоригт, Ю.Цэрмаа нар. Дэлгэр мөрөн гол. 1961 он

Зочны өрөөнд ороход ширээ засаад, салат зууш хоол бэлтгээд өрчихсөн, шарах зууханд тахиа шарж байна. Хоол, зууш, дессерт сайхан амттай юм. Түүнийг багад аав, ээж нь ихэвчлэн завгүй байдаг тул З.Уянга эгч багаасаа ийнхүү олон төрлийн хоол унд хийж сурсан бололтой. Түүний нөхөр “Цонжин болдог”-ийн морьтой хөшөө болон “Маамуу нааш ир”-ийн хөшөө зэргийг барьсан зураач, барималч Б.Эрдэнэбат гэж эрхэм бий. Эднийх ихэвчлэн зуслангийн байшиндаа амьдарцгааж, өвлийн цагаар 40 мянгатын байрандаа ирдэг юм байна. Биднийг очиход гэрийн эзэн зусландаа уран бүтээлээ хийж байгаа гээд эзгүй байлаа. Б.Эрдэнбат гуайнх хүү охин хоёртой, хоёр хүүхэд нь мөн аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн зураачид болсон бөгөөд “Blue moon”-ийн “Арт галерей”-г ажиллуулдаг юм байна.

СУИС-ийн оюутнууд сургуулиа төгсөхдөө Ю.Цэрмаа гуайн амьдрал, уран бүтээлээр дипломын ажлаа хийж, эрдмийн зэрэг хамгаалах болжээ. Учир нь тэрээр Монголын балетын урлагийн анхдагчдын нэг бөгөөд алтан үеийнхнээс үлдсэн гарын хуруунд багтах хэдхэн хүний нэг. Бас түүний амьдралын замнал ээдрээтэй хэрнээ сонин, гунигтай бас азтай хувь тавилангийн түүхтэй юм. Ю.Цэрмаа гуай 1944 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт Гонгор хэмээх айлд мэндэлжээ. Түүнийг гурван настай байхад ээжийнх нь бие өвдөж, тэмээн жингээр Нийслэл хүрээнд ирээд эмнэлэгт үзүүлэхэд эмчилгээ хийх боломжгүй гээд нутаг буцсан байна. Тухайн үед анагаах ухаан хөгжөөгүй байсан тул насгүй болсноо мэдэхээс өөр хийж чадах зүйлгүй үе байж. Ингээд тэрээр том охин болох Ю.Цэрмааг эгчдээ, бага охиноо эмэгтэй дүүдээ өргүүлснийхээ дараахан бурхан болжээ. Ю.Цэрмаа гуай “Морьтой ч болоосой” Монголын уран сайхны кинонд тоглосон МУГЖ Г.Батсүхтэй эцэг нэгт ах дүү юм байна. Г.Батсүх гуай Гонгор гэж хүний анхны эхнэрээс гарсан хүү байсан тул ахтайгаа харилцаа холбоотой байжээ. Тэдний аав Гонгор, Ю.Цэрмаа гуайн ээжээс хойш дахиж хүнтэй гэрлээгүй бөгөөд нэг охин өргөж аваад нутагтаа аж төрж 90 гаруй наслаад бурхан болжээ.

Ю.Цэрмаа гуай өөрөө ч мэдэлгүй есхөн настайдаа балетын урлагтай амьдралаа холбосон түүхтэй. Түүнийг нийслэлийн хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангид сурч байх үед нэгэн өдөр орос, монгол хоёр хүн ирээд хүүхдүүдийн хөл, гарыг өргүүлж үзэж, хөгжмийн аянд нааш, цааш алхуулж байгаад л хэдэн хүүхэд сонгож авсны нэг нь Ю.Цэрмаа гуай. Сонгосон хүүхдүүдээ эрүүл мэндийн үзлэгт оруулахад тэнцчихэж, ингээд 1953 оны арванхоёрдугаар сарын сүүлээр вагонд суугаад ОХУ руу явжээ. Хаа хүрэхээр, юунд явж байгаагаа ч огт мэдээгүй вагонд сууцгаагаад маш удаан яваад л байсан гэнэ. Очоод охид, хөвгүүдээрээ тус тусдаа орос хүүхдүүдийн хамт дотуур байранд амьдарч сургуульдаа оржээ. Анх удаагаа “Хунт нуур” жүжгийг үзээд л ийм хүн болох юм байна гэж учрыг ойлгосон гэнэ. Тухайн үед манай улсаас 14 хүүхэд тэнд очсон бөгөөд дараа жил нь Монголоос мөн 14 хүүхэд Ташкентад сонгодог бүжгийн сургуульд сурахаар явсан түүхтэй. Ю.Цэдэнбал дарга бодлогоор хүүхэд залуусыг олон улсын нэр хүндтэй сургуулиудад сонгодог урлагийн чиглэлээр суралцуулж, алтан үеийнхнийг төрүүлсэн түүхийн нэгэн жишээ энэ юм байна.

Түүнийг өргөж авсан Юндэндоо гуайнх Хөвсгөлд байж. Тэнд зуныхаа амралтаар очоод үдэшлэгт орж байгаад Цэрмаа гуай ирээдүйн нөхөртэйгөө танилцжээ. Түүний хань Ц.Зоригт гуай тухайн үед Хөвсгөлийн цэргийн ангийн дарга байсан, Хурандаа генерал Цэрэндорж гэж хүний хүү байжээ.

Тэднийг 18 нас хүрээд сонгодог бүжгийн сургуулиа төгсөх гэж байхад нь нэг залуу усанд осолдож, нэг залуу сургуулиас хасагдсан байна. Тиймээс энэ хоёрын оронд Ц.Сэвжид, Н.Баатар гэх хоёр залуу очиж байж. Н.Баатар нь балетын бүжигчин болсон бол нэг нь балет чадахгүй гээд буцаж байсан нь Ардын жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай бүжиг дэглэгч Ц.Сэвжид гуай байжээ.

Тухайн үед балетын бүсгүйчүүд хотын гудамжаар алхахад хүн бүр эргэж хараад л, залуус дурлаад л бусдаас тогос шиг ялгардаг байсан гэнэ. Харин одоо бүх л охид нэгнээсээ ялгарахааргүй гоё болсон байна шүү гэж Ю.Цэрмаа гуай ярилаа. Балетын сургуульд явж байсан 14 хүүхдээс амьд сэрүүн байгаа нь Т.Баянжаргал, Н.Баатар, Х.Цэцэгмаа болон Ю.Цэрмаа гуай ажээ. Оюутан байхдаа 500 рублийн цалинтайгаас 350 рублийг хоолны мөнгөнд төлөөд үлдсэнээр нь тансагхан л амьдардаг байсан бөгөөд тэд монгол бичиг сайн мэддэгийн дээр орос, франц хэлтэй мэргэжлийн балетчид болоод төгсөж ирцгээжээ. Ирээд бүгд л дуурийн театрт 900 төгрөгийн цалинтайгаар ажиллацгааж эхэлсэн байна. Балетын гол дүрийн бүжигчид хүүхэд төрүүлэх хориотой байдаг ч Ю.Цэрмаа гуай цалингаараа торгуулж, загнуулж шийтгүүлж байж ганц хүүхэд төрүүлсэн нь З.Уянга аж. Дэлхийн алдартай балетчид нэг ч хүүхэд төрүүлээгүй амьдралаа бүхэлд нь балетын урлагт зориулсан байдаг юм байна.

Тухайн үед хүүхдээ төрүүлчихээд л 14 хоногийн дараа ажилдаа орж байжээ. Өдөр бүр тоглож, өдөрт гурван өөр тоглолтын гол дүрээр гарч тоглолтын үеэр эргэж байхдаа хөлөө мэдрэхээ больчихсон байх үе ч байж. Энэ нь сонгодог урлаг тэр дундаа балет үзэгч ихтэй, ард олныг сонгодог урлагаар хүмүүжүүлдэг үе байсантай холбоотой гэнэ. Ю.Цэрмаа гуай 22 жил дуурийн театрт тоглоод улсын даалгавраар тухайн үеийн соёлын сургууль болон циркт бүжгийн багшаар зэрэг ажиллаж байгаад 1991 онд зээ нь төрөхөд зээ хүүгээ харахаар бүх ажлаа орхижээ.

Ю.Цэрмаа гуай ярихдаа “Хүүхдүүд их хөөрхөн, яг үнэн сэтгэлээс тоглолтонд орчихдог. “Цэнхэр нүдэн бүсгүй” тоглож байхад л хөөе, хөөе араас чинь барьж авлаа гээд л хашгирна, үзэгч хүүхдүүдийн цайлган зан их сайхан сэтгэгдэл төрүүлдэг байж билээ” гэв. Ц.Зоригт гуайнх Б.Дорж генерал, Хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав, С.Зориг агсны аав Санжаасүрэн, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа зэрэг айлуудтай ах дүү шиг харилцаатай хөршүүд байжээ. З.Уянга ярихдаа “Санжаасүрэн гуайнх яст мэлхий тэжээдэг айл байсныг тод санадаг. Надад нэг яст мэлхий бэлэглэж байсан юм. С.Оюун бид хоёр гадаа их тоглоно. С.Оюун надаас нэг дүү хэрнээ бараг дөрөв, таван настайгаасаа уншиж бичдэг мундаг хүүхэд байж билээ. Ээж нь Доржпалам гээд намайг эмчилдэг, эмчээр ажилладаг, эрүүл мэндийн сургуульд багшилдаг гоё эмэгтэй байсан” гэлээ.

Охин З.Уянга

Энэ үеэр Ц.Зоригт, Ю.Цэрмаа нарын охин СУИС-ийн дүрслэх урлаг график дизайны танхимын багш З.Уянгатай ярилцлаа.


-Танд балетын сэдэвтэй нэлээд бүтээл байна. Балетын урлагийг харж, мэдэрч өссөнийх байх. Балетчин болно гэж бодож байв уу. “Жизель” гэх томоохон бүтээлийнхээ тухай сонирхуулаач?

-Багадаа балетын бүжигчин болно гэж боддог байсан ч ээж энэ урлагийн хүнд хэцүүг мэддэг учраас зөвшөөрөөгүй. Харин аав маань миний охин авьяастай, чадна гээд дүрслэх урлагаар явуулсан. Ээждээ зориулж балетын сэдэвтэй дөрвөн ч үзэсгэлэн гаргасан. Ээж баруун солгойгүй 32 эргэдэг бүжигчин. Баргийн балетчид ингэж эргэдэггүй. Балетчид техник сайн байхаас гадна жүжиглэх авьяастай нүдээрээ үйлдлийг илэрхийлэх ёстой байдаг. Ээж маань энэ бүгдийг эзэмшсэн хүн. Би түүхийн болон бүх сэдвээр бүтээлээ гаргадаг ч балетын урлагтай ойр байсны хувьд “Жизель”-ээс сэдэвлэсэн “Зүүд” бүтээл маань хоёр метр өндөр, төмөр бар аргаар урласан дэлхийд маш ховор бүтээл. Бар зураг бол хүнд, баргийн зураачдын хийдэггүй сэдэв. Энэ бүтээлээ өнгөрсөн жил төрийн шагналд нэр дэвшүүлсэн.

-Сонгодог урлагийн ач холбогдлыг та юу гэж ойлгодог вэ?

-Сонгодог урлагаар хүмүүжсэн хүн сонгодог л байна. Сонгодог хувцас хүртэл хэзээд хоцрогдсон харагддаггүй шүү дээ. Моодны хувцас авлаа гэхэд нэг жилийн дараа өмсвөл ичмээр харагдана. Сонгодог урлагаар хүмүүжсэн хүн хариуцлагатай, дэгтэй журамтай, цаг барьдаг, аливааг байж болох хамгийн сайн, зөвд тултал хийдэг, уйгагүй хөдөлмөрч болсон байдаг. Тиймээс улсын хар хайрцагны бодлогоор хүүхэд, залуусыг сонгодог урлагаар хүмүүжүүлж байсан. 1990 оноос хойш энэ бодлого алдагдсан. Социализмын үеийн хүмүүс ажил тасалдаггүй, худлаа хэлдэггүй шүү дээ гэлээ.

Ю.Цэрмаа гуай Ардын жүжигчин, ХХ зууны манлай балетчин Ю.Оюунд өөрийн дүрээ зааж өвлүүлж үлдээжээ. Тэрээр дуурьт ажиллаж байхдаа Төрийн шагналт, Ардын жүжигчин, ХХ зууны манлай циркчин, уран нугараач Б.Норовсамбуу гуайтай гадны олон орноор тоглолтоор явдаг байсан аж. Ю.Цэрмаа гуай 1973 онд МУГЖ болжээ. Харин 1971 онд “Дон Кихот”-ыг тоглоход нөхөр Ц.Зоригт нь тайзны зураачаар ажиллаж, Ю.Цэрмаа гуай гол дүрд тоглосон нь энэ гэр бүлийн том дурсамж. Энэ үеэр Баянхонгороос илжиг морь хоёр авчирч тоглуулж байсан нь дуурийн театрын түүхэнд амьд амьтан тоглуулсан анхны бөгөөд цор ганц тохиолдол гэнэ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Засгийн газар долоон төрлийн татвар нэмэхийн зэрэгцээ дордохын долоон концессыг оруулж ирсэн

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Засгийн газрын зүгээс оруулж ирсэн долоон төрлийн концессын асуудал Их хуралд маргаан дагуулж байна. Ядаж бүлгийнхээ гишүүдэд хүртэл танилцуулаагүй хэмээн МАН-ынхан өөрсдөө шүүмжилж байна л даа. Сөрөг хүчин харин ямар байр суурьтай байгаа вэ. МАН-ынхан концессыг маш их шүүмжилдэг байсан л даа?

-ОУвС-гийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн тодотгол батлагдсан. Энэ хүрээнд долоон төрлийн татварыг нэмж улсын төсвийг бүрдүүлэхгүй бол болохгүй гэсэн. Ингэж долоон төрлийн татвар нэмснээр орлого нь 100 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг тооцооллыг гаргасан л даа. Харамсалтай нь долоон төрлийн татвар нэмж ард түмний халаасыг хоослох шийдвэр гаргахын зэрэгцээ Засгийн газар сайд нарынхаа багцыг 400 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Дайны хажуугаар дажин гэгчээр Засгийн газар долоон төрлийн татвар нэмэхийн зэрэгцээ дордохын долоон концессыг оруулж ирлээ. Долоон төрлийн татвараас 100 тэрбум төгрөг төсөвт орох бол эсрэгээр нь долоон төрлийн концесстоо 850 тэрбум төгрөгийг зарлагадах гэж байна. ардчилсан намын гишүүд гэлтгүй ардын намын зарим гишүүдийн эсэргүүцэлтэй энэ концессууд тулгарсан.

850 тэрбум төгрөгийн өртөг бүхий эдгээр концессууд нь барих-шилжүүлэх нөхцөлтэй. МАН-ынхан “Ардчилсан намынхан концессыг замбараагүй зарласан. Энэ концессууд нь Монгол Улсын эдийн засгийг сулруулсан” гэж асар их шүүмжилдэг. Гэтэл өнөөдөр өөрсдийнх нь оруулж ирсэн долоон төрлийн концесс нь бүгдээрээ барих-шилжүүлэх нөхцөлтэй. Нэг үгээр хэлбэл, тэд улс төр хийхдээ сайхан зүйл ярьж, өөрсдөө гардаж хийхдээ ярьсныхаа яг эсрэг явдаг. Үүний нотолгоо нь дордуулахын долоон концесс л доо. Концессын ажлууд хийгдээд дууслаа гэхэд, ирэх жил 850 тэрбум төгрөгийг төллөө гэхэд нэг жилийн хугацаатай Засгийн газрын бонд 16 хувийн хүүтэй байгаа. Зөвхөн хүүнд гэхэд 150 тэрбум төгрөг төлөх жишээтэй. Жилийн дараа гэхэд нэг их наядын зардалтай долоон концесс болж хувирна. Эдийн засгийн нөхцөл байдал ийм байхад энэ их мөнгөөр хөрөнгө оруулалт хийх нь зөв үү, буруу юу гэдгээ бодох ёстой. Эдгээр долоон концесс нь Засгийн газрын гишүүд, МАН-ын томоохон албан тушаалтнуудтай холбоотой байгаа нь харамсалтай.

-Сайд нар гэхээсээ илүү ардаа улс төргүй хувийн хэвшлийн хүмүүсийн ажил байсан бол шүүмжлэл бага гарах байсан байх…

-МАК-ийн концесстой холбоотойгоор тус компанийн дэд захирал Г.Цогт гэж хүн “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн байна лээ. Тэгэхдээ Цагаан суварга руу татаж буй дэд бүтцийн асуудал ямар үр ашигтай, ямар хэрэгцээтэй талаар ярьсан байсан. Мэдээж улс оронд хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулах нь зөв. Гэхдээ хамгийн гол нь өөрийнхөө намын бүлгийн гишүүдэд хүртэл танилцуулалгүйгээр хуйвалдааны зарчмаар явуулах гэж байсан нь Засгийн газрын алдаа. Энэ Засгийн газарт ямар хүмүүс ажиллаж байгаа нь харагдаж байгаа юм. Эдийн засаг хямралтай байгаа үед концесс гэдэг тийм муу зүйл биш. Хөрөнгө оруулалт ийм хүндрэлтэй байхад төрөөс хөрөнгө оруулж чадахгүй болсон нөхцөлд концессоор ажлуудыг хийгээд явах нь зөв. Ерөнхий сайдын хэлсэнчлэн барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэйгөөр концессыг явуулах нь бүр сайн. Тэгэхгүйгээр барих-шилжүүлэх буюу ажлаа хийгээд дууссаны дараа улсын төсөв дээр дарамт ирэх байдлаар концессын төслүүдийг зарласан нь хариуцлагагүй явдал.

-Долоон төрлийн татвар нэмээд, хүүхдийн мөнгөө зорилтот бүлэгт олгоно гэж хасчихаад концессын ажлууд хийхээр оруулж ирсэн нь хүмүүсийн бухимдлыг төрүүлээд байх шиг байна?

-Баруун аймгууд руу автозам тавихаас эхлээд тэнд амьдарч буй иргэдийн амьдралд хэрэгцээтэй асуудлыг зайлшгүй шийдэх асуудал бий. Улсын төсвийн болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэн хийх ёстой. Үүний зэрэгцээ зарим хүний хувийн эрх ашигт хамааралтай концессууд байгаа. Нийт хүүхдүүдийн 60 хувьд олгож байсан хүүхдийн мөнгийг 40 хувь болгож танахад 78 мянган хүүхэд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан. Хүүхдийн мөнгөнд ойролцоогоор 17 тэрбум төгрөг зарцуулах ёстой. Гэтэл долоон хүний сонирхлын хүрээнд долоон концессыг хийхийн тулд 850 тэрбум төгрөг зарцуулна гэдэг бол ийм эдийн засагтай үед байж болшгүй асуудал.

-Тавдугаар сарын 1-нээс эхлээд өнөө долоон төрлийн нэмэгдсэн татварын зарим нь хэрэгжээд эхэлнэ. Иргэдийн амьдралд хэр дарамт болох бол?

-Иргэдийн амьдралд шууд нөлөөлж байгаа. Маш олон хүн приус машин авахаар төлөвлөсөн байсан. Манай оронд орж ирж байгаа приусууд ядах нь ээ өндөр насжилттай байдаг. 10 жилээс дээш насжилттай приусууд 5.8 сая төгрөгөөр татвар нь нэмэгдэж байх жишээтэй. Монголын олон хүн бизнесээ, амьдралаа төлөвлөөд машин авах гэж байсан гэдэгт итгэлтэй байна. Тэр олон хүний хүсэл эрмэлзлийг татвараар нухчин дарж байх жишээтэй. Ингэж болох юм уу. Мөн архи, тамхины онцгой албан татварыг нэмэхээр болсон. Архи, тамхи хүний биед хортой нь хортой. Гэхдээ үүнийг нийт ард түмний хэдэн хувь нь хэрэглэж байгаа вэ гэдгийг бодох ёстой. Хэрэглэж байгаа хүмүүсийн халааснаас л тэр татвар гарна. Түүнээс биш импортоор оруулж ирж байгаа хүмүүс хэзээ ч “Би татварыг нь төлчихье. Ард түмэндээ татваргүйгээр өгчихье гэж бодохгүй. Тийм болохоор эцсийн хэрэглэгчдэдээ татвар нь дарамт болж очих юм. Эцсийн хэрэглэгч нь хэн байх вэ гэхээр ард түмэн. Долоон төрлийн татвар нэмнэ гэдэг чинь ард түмний нуруун дээр тэр хэмжээний дарамт үүрүүлж байна гэсэн үг. Харамсалтай нь үүгээрээ 100 тэрбум төгрөг л олно. Гэсэн хэдий ч сайд нарын багцад 400 тэрбум, концесст 850 тэрбум төгрөг зарцуулах гээд сууж байгаа ийм л улс.

Ардын намынхан өнгөрсөн Их хурлын сонгуулиар гарч ирэхдээ нэг ч төрлийн татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй гэж амлаж явсан хүмүүс. Бид сонгуулийн амлалтад хуурталгүй сонголтоо хийдэг болох ёстой гэдэг нь илүү харагдах боллоо. Өөрсдийн дур зоргоор, өөрсдийн зардлаа ард түмнээр төлүүлдэг байж болохгүй. Тэд төрд итгэх итгэлийг ингэж алдуулж байгаагаа мэдэж байгаа байлгүй дээ.

-Тэтгэврийн нас нэмэгдсэн асуудал эсэргүүцэлтэй тулгарчихлаа. Засгийн газрын хийсэн болгон хэл ам дагуулах янзтай байна шүү?

-Тэтгэврийн нас нэмэх асуудлыг иргэд маш их эсэргүүцэж байна. Монгол Улсын дундаж наслалт 69 байдаг. Гэтэл 65 настайдаа тэтгэвэрт гарчихаад хэдэн жил тэтгэвэр авах юм бэ. Тэр хүн 40 гаруй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлчихөөд дөрвөн жил хүрэхгүй хэрэглэнэ гэхээр тэр хүмүүс дэндүү хайран байгаа биз дээ. Тиймээс ард түмэн дэмжихгүй байгаа юм. Сангийн сайд олон улсын жишиг юм яриад байсан. Бидний амьдрал, цалин хөлсийг олон улсын жишигт хүргэчихээд энэ тухай ярих ёстой л доо. Өөрсдөдөө хэрэгтэй зүйлсээ олон улсын жишиг гэж шийдчихээд шийдэхгүй зүйлсээ таг хаядаг төр засаг байж болохгүй. Тиймээс АН байна уу, МАН байна уу хамаагүй төр нь төр шиг байх хэрэгтэй. Сонгуульд амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө тууштай байх ёстой.

-Чуулганаар сая Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэхийг дэмжсэн. Хөрөнгө оруулалтын банкны тухайд янз бүрийн тайлбар гарч байна. Гэхдээ эдийн засаг ингэж хямарсан үед манай оронд хөрөнгө оруулах банк олдох юм болов уу?

-Хоёр талтай л даа. Монголын банкууд хэтэрхий хүүний араас хөөцөлддөг. Өөрөөр хэлбэл, өндөр хүүтэй зээл эдийн засгийг боомилдог. Мөн бизнес хөгжихөд банкны хүү өндөр байгаа нь хойш чангаадаг юм. Монголын банкууд дотоод зах зээлээ хадгалахын тулд хүү, уян хатан бодлого дээрээ эерэг нөхцөл байдлыг үргэлж бий болгох хэрэгтэй. Банкууд өдрөөс өдөрт хүүгээ нэмэх талаар боддогоос биш зээлийн төрөлжилт, санхүүгийн олон талт механизмуудыг ашиглах талаар боддоггүй. Тэр утгаараа бизнесийнхэн өндөр хүүтэй зээл авч байхаар бага хүүтэй гадны банк оруулж ирэх сонирхолтой байгаа. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг манай банкуудад ч асуудал бий. Тиймээс Монголын банкууд зээл олгох, бизнесийг санхүүжүүлэх тал дээрээ өөрчлөлт гаргахгүй бол бизнесмэнүүд өөрсдөөс чинь татгалзаж байна гэдгийг ойлгох ёстой. Монголд 10 гаруй банк байна. Бизнесийн 60 гаруй мянган компани бий. Бизнесийнхэн хямд эх үүсвэртэй зээл хүсч байгаа бол банкууд тэр зам руу орохоос өөр аргагүй. Тиймээс банкууд бодлогоо зөв болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын банкийг дэмжихгүй байх бас нэг шалтгаан байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд банк болсон болоогүй хөгжлийн замаараа явсан. Хоёр шатлалтай банкны систем ямар нэгэн байдлаар байр сууриа бэхжүүлсэн. Гадны хөрөнгө оруулалттай банкийг дэмжиж байгаа нэг шалтгаан нь 100 тэрбум төгрөгөөс дээш зээл олгох юм. Жижиг аж ахуйн нэгжүүд 100 тэрбум төгрөгийн зээл авах боломжгүй. Тиймээс эдгээр зээл томоохон аж ахуйн нэгж, уул уурхайн компаниуд руу л явна гэсэн үг.

Монголд үйл ажиллагаа явуулах сонирхолтой гадны банкууд бий. Тэр дундаа БНХАУ-ын төрийн банк орж ирэхэд Монголд хөрөнгө оруулж буй өөрийн орны компаниудад зээл олгох явц түлхүү явах байх. Энэ нь манай улсад хэрэгтэй юу, үгүй юү гэдэг асуудлыг хуулийн хэлэлцүүлгийн явцад ярих ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Хөдөө аж ахуйн бирж малчдынхаа орлогыг боомилж, ченжүүд шатаж, “Эмээлт” зах эл хуль болжээ

Өнгөрсөн бямба гаригт ноолуурын гүйлгээ бага, үнэ хямд байв. “Эмээлт” захад хоёр цаг орчим саатахад лав ноолуураа тушаахаар ирж байгаа малчин, худалдан авч байгаа ченж тааралдсангүй. Ноолуурын улирал эхэлсэн шигээ хөл хөөр, хөдөлгөөн, бужигнаан огт алга. Түүхий эдийн ТҮЦ-үүдийн ихэнх нь цоожтой, худалдааны төв хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй хэсгийн идэвх сул байна. “Ноолуур хэдээр авах вэ” гэсэн асуултад “65” гэсэн товч хариулт өгнө. Эмээлт захын амьдрал ихээхэн эвгүй байгаа нь эндээс ажиглагдлаа. Уг нь ноолуурын үнэ сулрах тусам малчдын урам хугарч, ченжүүдийн сэтгэл сэргээд ирдэгсэн. Гадаа нь очоод машинаа зогсоогоогүй шахам байхад гүйж гарч ирээд машин тэрэг нэгжээд “Алив хаана байна” гээд ээрч хоргоогоод байдаг үе түүх болсон уу гэлтэй. Ченжүүд ч нэг л гундуухан, Эмээлт зах эл хуль байна.

Учир шалтгааныг лавлалаа. “Тэрх” төвийнхний хариулж байгаагаар гол буруутан нь төр гэнэ. Бүр тодруулбал Хөдөө аж ахуйн бирж бололтой юм. Өнгөрсөн сарын сүүлээр Хөдөө аж ахуйн биржээс аймаг бүрт зохион байгуулсан ноолуурын дуудлага худалдаа үнийг навс унагажээ. Ноолуурын үнэ 105 мянган төгрөгийн ханштай эхэлсэн учраас 90-95 мянган төгрөг орчимд тогтоно гэж тооцоолж. Урьд жилүүдэд ч ноолуурын улирал эхлэхэд 70 мянган төгрөгөөс эхэлж 55 мянган төгрөгийн ханштай хаагддаг байсан учраас тооцоо зөрөхгүй гэж бат итгэж. Гэтэл Хөдөө аж ахуйн биржийнхэн өнгөрсөн сарын сүүлээр дуудлага худалдаа аймаг бүрт зохион байгуулж эхэлсэн нь нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлжээ. Жишээ нь, Хөвсгөл аймгийн Их уул суманд дуудлага худалдаа болохын өмнөх өдөр килограмм ноолуур 90-95 мянган төгрөгийн үнэтэй байж. Гэтэл дуудлага худалдаанд оролцсон дотоодын аж ахуйн нэгжүүд 80 мянган төгрөгөөр худалдан авсан нь асуудлын эхлэлийг тавьжээ. Дуудлага худалдаа болсон аймгуудад дэс дараалан ийм нөхцөл байдал үргэлжилсэн байна. Ингээд ноолуурын үнэ 80 мянган төгрөгөөс дээш гардаггүй юм аа гэхэд буухгүй байх гэтэл бас л “Хөдөө аж ахуйн биржээр дамжаагүй ноолуур хилээр гаргахгүй, хот руу ч оруулахгүй гэнэ” гэсэн шуум тарж асуудал дээр асуудал үүсгэсэн бололтой. Үүнийг сонссон хятадууд үнээ огцом буулгаж 70 мянган төгрөг орчимд тогтоосон байна.

Ийнхүү “90 мянган төгрөгөөс доош буухгүй” гэсэн тооцоотойгоор хамаг мөнгөө гаргачихсан, авсан ноолуураа дамлан арилжиж, хөрөнгөө бас ашгаа олж амжаагүй ченжүүд ихээхэн хүнд байдалд орж “том шатжээ”. Зарим нь өнөөдөр ч өндөр үнээр авсан ноолуураа эргэлтэд оруулж чадаагүй байгаа болохоор хэдий хэр хөрөнгөөр хохирох нь тодорхойгүй байгаа бололтой. Бүр “Шатах энүүхэнд. Багахан мөнгө эргэлдүүлдэг нөхдөөс маань бүрэн дампуурсан нь ч бий байх. Сүүлийн үед ноолуур авдаг чингэлгээ онгойлгохгүй хүмүүс нэлээн хэд ажиглагдаж байгаа” гэж ярих нь ч байв.

Энэ шалтгааны улмаас “Эмээлт” захынхан гурав хоног ноолуур аваагүй бөгөөд хэсэг хугацаанд байдлыг ажигласан тухай мэдээлэл ч сонстлоо. Гэхдээ л ченжүүд ноолуурын улирал хаагдтал ашиг олж, алдагдлаа бууруулахын тулд банк санхүү болоод бусад эх үүсвэрээс зээл аван арилжаа хийсээр байгаа юм байна. Саяынх шиг төр хөндлөнгөөс оролцож үнийг улам сулруулж, гэнэтийн дайрлага дайрчихгүй л бол ченжүүд шархаа нөхөж амждаггүй юм аа гэхэд алдагдлаа багахан ч болов бууруулах зорилготой байгаа аж.

Асуудал үүгээр дуусаагүй. Ченжүүд бүх хөрөнгөө үнэтэй ноолууранд түгжсэн. Тэгээд хүмүүсээс зээл авч алдагдлаа бууруулах гэтэл гүйлгээ хумигдаж эхэлжээ. Хэдхэн хоногийн өмнө ноолуур 100 мянган төгрөгөөс дээш гарч байсан учраас малчид 65 мянгаар өгөхийг хүсэхгүй байгаа сурагтай. Хөдөө орон нутгийн сүлжээ ченжүүд нь ч малчид ноолуураа дарж эхэлсэн гэх мэдээллийг өгч байгаа юм байна. Шууд хэлбэл, ноолуурын эргэлт багасч, малчдын, ченжүүдийн, цаашлаад Монгол Улсын олох орлого багасч эрч суларчээ. Тиймдээ ч “Эмээлт” зах эзэнгүй шахам байгаа нь ийм учиртай аж.

Түүхий эдийн ченж Ч.Сайханаас “Ноолуур хэдээр авч байна даа” хэмээн асуухад “Ноолуурыг чинь үзэж байж л болно доо. Тоосролт ихтэй бол 65 мянган төгрөг. Тоос, шороогүй бол 70 орчим мянгад хүрэх байх” гэсэн хариултыг өглөө. “Цаашид үнэ яах бол. Ноолуурын үнэ яагаад буураад байна вэ” гэсэн асуултад “Ер нь хятадууд хэд гэж дуугарна ноолуурын ханш тэгж л тогтдог. Нэг килограмм ноолуур 10 мянган төгрөг гэвэл үнийг яаж ч өсгөх гэж оролдоод нэмэргүй. Харин өнөө жил 100 мянган төгрөгт хүрсэн нь үнэн. Ноолуурын эрэлт нэмэгдэхээр ханш буурах нь буурдаг. Гэхдээ ингэж огцом буурдаггүй. Энэ жилийн ноолуурын ханш буурсан асуудалд яалт ч үгүй төр, Хөдөө аж ахуйн бирж буруутай. Зүв зүгээр байхад нь хөндлөнгөөс давхиж ороод нэг өдрийн дотор 20 мянган төгрөгөөр буулгачихаж байгаа юм. Маргааш нь элдэв шуум тараад дахиад 10 мянган төгрөг хасагдсан. Цаашид яахыг ёстой тэнгэр л мэдэх байх. Энэ зөрүүнээс болж бүх ченж хохирсон. Ахиад нэг л хүчин зүйл нөлөөлөх юм бол ноолуурын үнэ улам унана. Гуч, дөчин мянган төгрөгт ч хүрэхийг үгүйсгэх аргагүй ийм эмзэг байдаг юм. Манай төрийн бодлого, хятадуудын ааш зан хоёр ерөнхийдөө тодорхойлоод байдаг. Хөдөө аж ахуйн бирж биднийг ад үзээд манайх л дуудлага худалдаа хийж үнэ ханшийг өндөр болгодог гээд байсан, хаана байна. Бид дэлхийн зах зээлд ноолуураа өрсөлдүүлж, жишээ нь Европт өндөр үнээр гаргах орчин бүрдээгүй тохиолдолд бидний гараар дамжиж Хятад руу гаргахаас өөр аргагүй шүү дээ. Төр хамгийн муу менежер гэдэг хэрнээ бүх зүйлд оролцож муу зүйлээ улам муу болгоод байх юм. Чаддаг чаддаг зүйлээ хийгээд явж байвал хэн хэндээ сайн баймаар юм” хэмээж байлаа.

“Эмээлт” зах, ноолуурын улирлын нөхцөл байдал ингэж эргэжээ. “Энэ жил ингээд баларлаа. Дараа жил ул сууртайхан хөдөлнө өө” гэсэн хүмүүс “Эмээлт”-ээр нэг байна. Ер нь хөдөө аж ахуйн бирж хэмээх байгууллага ноолуурын арилжаанд хутгалдан орсон нь малчдын эдийн засагт хохирол учруулж, энэ төрлийн бизнес эрхлэгчдээ ч алдагдалд оруулжээ. Энэ үйлдэл нь ирэх жилийн ноолуурын ханшид ч сөргөөр нөлөөлж болзошгүй байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-аас ядахдаа цагаан халат нөмрөөгүй хэд нь нэр дэвшээч

Ийм нэг онигоо байдаг юм. Галзуугийн больницын өвчтөнүүд өглөө сэрээд хэн нь эхэлж цагаан халат олоод өмсчихнө, тэр өдрөө эмч болдог. Эмч гэдэгтээ бүрэн итгэлтэй түүнд өнөөдүүл нь үзүүлэх гэж сүйд болдог тухай. Бид урьд нь энэ тухай бичиж байсан даа. Өнөөдөр АН-аас нэр дэвших санаатай байгаа нөхдийг харахаар яг л ийм юм болж байна. Хэн түрүүлж нэр дэвшихээ зарласан нь улсын Ерөнхийлөгч болчих юм уу, хаашаа юм. Түрүүлж цагаан халат өмслөө гэдэг шиг.

АН, МАН хоёр бол Монголын хамгийн тулхтай улс төрийн хүчнүүд. Бусад намууд бол худлаа, худлаа. Тэгэхээр энэ хоёр том нам ухаалга, уран байж болдоггүй юм уу. Нэр дэвших гэж байгаа хүмүүсийг нь харахаар улстөрчийнхөө хувьд ард түмний дунд элэг доог болсон хүмүүс харагдах юм. Өнгөрсөн дөрвөн жилд тараа таниулж, дүнгээ тавиулчихсан. Ард түмэн та хэдэд цагаан халат өмсүүлээд, хэвтэх ёстой эмнэлэгт чинь хэвтүүлчихээд байгааг өнөөдрийг хүртэл ойлгохгүй яваа юм уу.

АН цагаан халат өмсчихөөд эмч болчихлоо гээд гүйгээд байдаггүй нэгнийг дотроосоо олж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлээсэй. Тийм хүн олдохгүй байгаа бол нам гэж яадаг юм. Тарах хэрэгтэй. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд МАН-аас бусад улс төрийн хүчнийхнийг ерөнхийд нь базаж ардчиллынхан гэж тодотгож ирсэн. Эдгээр жижиг сажиг намын дарга нар дотроос арай эрүүл ухаантай, потенциалтай нь эрэгтэйгээс М.Энхсайхан, эмэгтэйгээс С.Оюун хоёр л байна. Даан ч энэ хоёрыг Ардчилсан намынхан нэр дэвшүүлэхгүй л дээ.

Ардчилсан нам дотроос харъя. Арай эрүүл, боловсролтой, улс төрийн туршлагатай нь Р.Амаржаргал, Л.Болд, даажигнаад, тоглоом хийгээд байгаа биш л юм бол Баабар нар л харагдаад байх юм. Бусдыг нь харахаар өрөвдөх ч хаашаа юм, өшиглөх ч хаашаа юм. Өнгөрсөн дөрвөн жилд юу хийснийг нь ард түмэн мэднэ. 99 тэнгэртэй харьцагч, төрөөсхулгайлагч, луйварчин, аав ээж, ах дүү, үр хүүхэд, авааль эхнэр, нууц амраг… арай л нохой шувуутайгаа нийлэлгүй улсаас хулгай хийсэн хүмүүс. Ард түмнийг арзалзуулсан ийм хүмүүсээр ард түмэн өөрсдийгөө удирдуулдаггүй юм аа. Ийм нөхөд бол хуучин нийгэмд сайндаа л заводын дарга байлаа. Юун улсын Ерөнхийлөгч вэ. Ийм хүмүүсийг АН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сунгаанд сойж байгаад хөх инээд хүрч байна. Ер нь Ардчилсан намын энэ байдлыг харахаар цаанаасаа ямар нэг явуургатай, захиалгатай, өрсөлдөгч намдаа зөөлөн хоол бэлдэн өгч байгаа ч юм шиг. Ард түмэн хууран мэхлэгчдээр дутаагүй. Хулгайч луйварчдаар дутаагүй. Ард түмэн саяын сонгуулиар та нарыг улстөрчийн бодлогогүй юм байна, ард түмний төлөө ажиллахгүй юм байна, хувийн эрх ашиг нь ямагт нэгдүгээрт явдаг нөхөд юм байна гээд карьерт чинь цэг тавьсан. Хамгийн харамсалтай нь та нараар төлөөлж АН-ыг унагаасан.

Аль ч улс оронд сонгуулиар муу дүн тавиулсан улстөрч улс төрийн соёл гаргаж дор хаяж дөрвөн жил нэр дэвшдэггүй. Тэгсэн манайхан маргааш нь л нэр дэвшиж байна. Улстөрчид нийгэмд хэр царааны том бодлого хэрэгжүүлж, тэр нь үр дүнд хүрснээрээ хүлээн зөвшөөрөгддөг. Энэтхэгийн Ерөнхийлөгч Нарендра Моди бол зүгээр л нэг мужийн захирагч байсан хүн. Тэр өмхий намагтаа шигдэх шахсан мужийнхаа 00-ын асуудлыг аж ахуйн аргаар бус улстөрчийнхөө хувьд л шийдэж чадсан байдаг. Тэрбум хүнтэй Энэтхэгт өнөөг хүртэл энэ асуудлыг шийдсэн муж хот алга. Дональд Трамп дотоод худалдааны алдагдлыг багасгах, америкчуудын ажлын байрыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах уриагаар төрийн тэргүүн болсон. Тэр Ерөнхийлөгчийн суудалд залраад арав хонохдоо амлалтаа хэрэгжүүлээд зогсохгүй, дэлхийн хамгийн нөлөө бүхий улстөрчидтэй уулзаж, утсаар ярьж амжлаа. Трамп бизнесийн ертөнцөд 30 гаруй жил ажиллахдаа хоногийн 24 цагаар ажилласан гэдэг. Ийм хүнд төрийн ажил үдийн зоогийн дайны санагдах үе олон бололтой.

Дэлхийн хэмжээний ийм амьтадтай өөрсдийгөө жишээд ч яахав. Өөртэйгөө ойр төстэй улс орнуудын улстөрчдийг харъя. Бидэнтэй хамт нэг лагерьт амьдарч байсан зүүн Европын орнууд байна. Тэд өнөөдөр Европын холбооны гишүүн болчихсон. Тэднийг зүгээр нэг Европын холбоо хүлээж аваагүй. Асар өндөр шаардлага тавьсан. Дош дошин дээрээ хүлээн зөвшөөрөгдсөн том бодлоготой улстөрчдийнхөө хүчээр эдгээр улсууд Европын холбоонд элссэн.

Дэлхийн улстөрчдийг харахад ийм. Манай амь тэмцсэн улс төр өнөөдөр Ерөнхийлөгчийн суудлын төлөө хэдэн биенээ тасчин хаяахад ч бэлэн байгаа юм шиг. Нөгөө талаар огт үгүй ч юм шиг. Үүн дотор л Монголын тулхтай улс төрийн хүчин болох Ардчилсан нам маш ухаалаг хүнээ соймоор байгаа юм. Ард түмний эв нэгдэл, улс орны гадаад бодлогыг шийддэг суудал. Энэ хүндэт суудалд ямар улстөрч сууж байвал зохилтой вэ. Гадаад бодлого хэрэгжүүлэх чадвартай, наад зах нь англи, орос хэлтэй, ард түмний эв нэгдэл, улс төрийн намуудын сөргөлдөөнийг зохицуулах чадвартай хүн байх шаардлагатай гэдэг нь сүүлийн зургаан жилийн үйл явдлаас харагдаж байна. Зарим улстөрчид Ерөнхийлөгчийн суудлыг өшөө авах хэрэгсэл мэтээр ойлгож байгаа нь тэдний ярилцлагаас харж болохоор. Тэд “Ерөнхийлөгч миний ах дүү, гэр бүлийг оролдож байна” гэж олон удаа мэдэгдсэн. Үүний хариуд одоогийн Ерөнхийлөгч “Би төрийн тэргүүн болоод хууль зүйн өөрчлөлт дотроо хамгийн түрүүнд шүүгчийн хараат бус байдлыг хангах хуулиудыг батлуулсан” хэмээн мэдэгддэг. Эрх баригч намынхан өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар шаргуу зүтгэж байна. Тус намын зарим улстөрчид Ерөнхийлөгчгүй болох санааг дэвшүүлдэг. Харин Ардчилсан намаас нэр дэвшиж буй нэгэн улстөрч шууд Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг уриалж байгаа.

АН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ард түмнээс муу дүн авсан шалтгаан нь өнөөг хүртэл цагдаагийн үүдэнд чулуу няслан суугаа тус намын нөлөө бүхий эрхмүүд. Харамсалтай нь яг тэр муу дүнг намдаа авч ирсэн улстөрчдийг дахиад Ерөнхийлөгчийн сэнтий рүү мярайлгаж байгаа нь ямар тэнэг юм бэ. АН хамгийн сурлага муутай сурагчаа ангийн даргад зүтгүүлж болохгүй ээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид үеийн үед шүүмжлэл, элдэв хараал дундуур явж ирсэн. Энэ удаагийнх шиг ард түмнээс сонгох Ерөнхийлөгчийн сонгуульд ард түмний уурыг хамгийн ихээр хүргэсэн хүмүүсийг сойж, ард түмнийхээ дургүйг өнөөдрөөс хүргээд эхэллээ. Ийм тохиолдолд АН сонгуульд орж яах юм. Зарим судлаачид Ардчилсан намын энэ алхмыг болчимгүй бүдүүлэг гэхээсээ илүүтэйгээр хуйвалдааны шинжтэй, дэндүү увайгүйгээр ард түмнийг басамжилсан хэрэг гэж дүгнэжээ. Энэ дүгнэлтэд ямар нэгэн далд учир шалтгаан байж магадгүй. Ядахдаа цагаан халат нөмрөөгүй хэд нь нэр дэвшээч.

Р.БАЛГАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нийтлэлч Э.Энэрэлийн “Далай даян дархан аварга тахимаа өгөх цаг иржээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Уламжлал ёсоор даваа гаригийн дугаарын эхний нүүрэндээ “Танайд өнжье” буланг онцолдог билээ. Энэ удаад Улсын аварга тариаланч Нямжавын Хишигтийнд өнжсөн юм.

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг УЛс төрийн хоёрдугаар нүүрнээс унших боломжтой. Олны дургүйцлийг хүргээд буй Зөрчлийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хорооны хуралдаанд шилжүүлжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар санал асуулга явуулж өндөрлөлөө. Энэ тухай улс төрийн нүүрнүүдээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Э.Энэрэлийн “Далай даян дархан аварга тахимаа өгөх цар иржээ” нийтлэл хэвлэгдлээ.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяртай хийсэн ярилцлагыг эхний нүүрэндээ онцолж байна. Тэрээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн юм.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ