Categories
мэдээ нийгэм

Азийн хөгжлийн банкнаас жил бүр 300 сая ам.долларын зээл авна

ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 5,5 тэрбум ам.долларын санхүүжилт Монголын Засгийн газарт орж ирнэ. Үүний эхний санхүүжилт болох Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөлөөс 2017-2020 оны хооронд нийт нэг тэрбум 350 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан байна. Үүний хүрээнд өнөөдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын захирал Аюуми Кониши нар гарын үсэг зурлаа.

Азийн хөгжлийн банкнаас орж ирэх эхний санхүүжилтийг нийгмийн халамж, банкны салбарын хямралаас сэргийлэхэд зарцуулах юм байна. Дараагийн санхүүжилтийг эдийн засаг, боловсрол, дэд бүтэц, байгаль орчны төслүүдэд санхүүжүүлэх юм байна. Азийн хөгжлийн банкнаас нэг хувийн хүүтэй, 105 жилийн хугацаатай зээл олгож байгаа бөгөөд жил бүр 300 гаруй сая ам.доллар шилжүүлж, эхний гурван жил хүүгийн төлбөрөөс чөлөөлж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцлов. Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын захирал Аюуми Кониши “Нэг тэрбум ам.доллар бол их мөнгө. Гэхдээ Монгол Улс урт хугацааны түнш учраас энэ санхүүжилтийг олгох нь зөв. Түншлэлийн стратеги нь “Эдийн засгийн хүндрэлийн үед хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хадгалах нь” гэдэг нэртэй. Энэ нь бид хүндрэлтэй үед алга болохгүй гэдгийг илтгэж байна. ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжих гурван жил Монгол Улсын хувьд адармаатай жил байх болов уу. Тийм учраас бид Засгийн газартай болон бусад хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллаж байна. Яг энэ хүндрэлтэй цаг үед халамж, үйлчилгээ авах ёстой хамгийн эмзэг хэсэг рүү санхүүжилтээ чиглүүлэхийг хүсч байна” гэв.

Харин дараагийн санхүүжилт Япон улсын Засгийн газартай хэлэлцээр хийж байгаа бөгөөд ирэх долдугаар сард хэлэлцээр дуусч, нийт 850 сая ам.долларыг гурван үе шаттай Засгийн газарт өгөх юм байна. Урьдчилсан байдлаар 300 орчим сая ам.доллар болох байх гэдгийг Сангийн сайд хэллээ. Түүний дараа Дэлхийн банкнаас 600 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд авахаар төлөвлөж буй гэнэ. Эхний ээлжинд 79 сая ам.доллар авахаар яриа хийгдэж байгаа гэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ынхан “60 тэрбумын” гэх бичлэгийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр Төрийн ордонд парламентын сонгуулийн үеэр олон нийтэд ил тод болсон 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг хэрхэн хуваарилах тухай нууц бичлэгтэй холбоотой нээлттэй сонсголыг зохион байгууллаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат,“УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дараа МАН-ын хууль бус үйл ажиллагааны талаарх бичлэг олон нийтийн хэрэгслээр цацагдсан. Нийт 90 минут бүхий бичлэгийн бүрэн эх манай бүлэгт бий. Бичлэгт МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, намын гишүүн А.Ганбаатар гэх хүмүүсийн хооронд сонгуулиар төрийн эрхийг хууль бусаар авах нууц төлөвлөгөө, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай ярьсан. Тухайн үед МАН-ын удирдлагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан “Энэхүү бичлэг нь эвлүүлэг болох нь тогтоогдсон” хэмээн олон нийтэд мэдээлсэн.

МАН-ын удирдлагын цөөхөн хүний дунд ярьсан энэхүү төлөвлөгөө нь гэмт хэргийн шинжтэй. Тэр дундаа Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээний асуудлыг дагуулж байна. Тиймээс Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу нөхцөл байдлыг хуулийн хүрээнд хянуулж, шалгуулах хэрэгтэй. Мөн хууль бус үйл ажиллагаанд холбоотой байж болзошгүй гадаадын компаниудын асуудлыг холбогдох Элчин сайдын яамаар дамжуулан тухайн улсын хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлт гаргах нь зүйтэй гэж үзсэн.

Хуулиар сонгуультай холбоотой төлөвлөгөөг хэлэлцэж, ярилцахыг хориглоогүй. Гэхдээ төрийн эрхийг хууль бусаар авах энэхүү төлөвлөгөө нь Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчиж байгаа нь илэрхий байна. Монгол Улс ардчилсан тогтолцоонд 27 жилийг үдэхдээ ийм бусармаг байдалтай Үндсэн хуулийг зөрчсөн, ард нийтийн сонгуулийг санаатайгаар луйврын аргаар буюу мафын сүлжээ маягаар зохион байгуулалттайгаар хийсэн түүх байхгүй” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан,“Бичлэгийг хийж олон нийтэд ил болгосон залуугийн амь нас, гэр бүлийн аюулгүй байдал хүнд нөхцөлд орсон гэх мэдээлэл бидэнд ирсэн. АН болон иргэний нийгэм, иргэдээс хамгаалал хүсч байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна.

Эрүүгийн тухай хуульд төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдвал 16-20 жил хорих ял шийтгэнэ гэж маш тодорхой заасан. Мөн гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай яриа энэ бичлэгт орсон. Иргэдийн фэйсбүүк, мэдээллийн хэрэгсэл рүү орж иргэдийн мэдээлэл авах эрхийг хязгаарлах тухай МАН-ын удирдлагууд ярилцсан. Энэ нь Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчсөн үйлдэл. Уг хуулийг зөрчсөн тохиолдолд 3 хүртэлх жилийн хугацаанд хорих ял шийтгэх хуулийн заалт бий. Иргэнийг үзэл бодлоор нь мөрдөн мөшгөхийг хуулиар хориглодог. Гэтэл энэ мэдээллийг ил болгосон залууг ТЕГ, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах газарт хэрэг үүсгэн өдөр бүр дарамталж буй мэдээлэл бидэнд ирж байгаа” гэлээ.

Ингээд дээрх хэлэлцүүлгээс 90 минутын бичлэгтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар дахин шалгуулахаар тогтов.

Categories
энтертаймент-ертөнц

Нэрт хөл бөмбөгчин Неймарын цагны нээлтэд Харүмафүжи Д.Бямбадорж оролцжээ

Харүмафүжи Д.Бямбадорж Я оны нийслэл Токио хотын Харажюүкү дүүрэг дэх Gaga Milano брэндийн дэлгүүрт болж өнгөрсөн хөлбөмбөгчин Неймарийн нэрийн бугуйн цагийг танилцуулах өдөрлөгт хүрэлцэн иржээ.

Танилцуулгын үеэр Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн тамирчин Неймар, Монголын сүмоч Харүмафүжи нар нөхөрсгөөр бие биетэйгээ тэврэлдэн зургаа татуулж байв.

Дэлгүүрийн гадна алдартай хоёр тамирчинг зурвасхан ч гэсэн харах гэсэн хүмүүс олноор цугласан байжээ.

Хөлбөмбөгчин Неймар нь тус брэндийн албан ёсны нүүр царай болохоосоо өмнө ч үнэнч хэрэглэгч нь байсаар иржээ. Тэрбээр өмнө нь тус брэндийн дэлгүүрээс 14 ширхэг цагийг 180 мянган ам. доллараар худалдан авсан удаатай ба энэ явдлаас хойш Gaga Milano брэндийн хамт олон түүнд өөрийн нэрийн бугуйн цаг бүтээх саналыг тавьсан аж.

Неймар нэрийн шинэ бугуйн цаг танилцуулах өдөрлөгт озэки Харумафүжигээс гадна Gaga Milano брэндийн ерөнхийлөгч Рюбен Томелла мөн хүрэлцэн иржээ.

Categories
мэдээ нийгэм

Зургаан хэсгээс бүрдэх гүүрэн гарцын шавыг тавилаа

Өнөөдөр нийслэл хотын бүтээн байгуулалтад хамгийн томд тооцогдох гүүрэн гарцын шавыг тавилаа.

Энэ хаврын замын бүтээн байгуулалтын эхний ажлыг Яармагын гүүрний өргөтгөлөөс эхэлснийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр шавыг нь тавьсан гүүрэн гарц нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасанаараа онцлогтой. “Төмөр зам”-тай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн ойролцоо барих том төслийн нэг гэдгийг нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд онцлов.

Тус гүүрэн гарцыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих юм. Шав тавих ёслолд Хотын дарга С.Батболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин нар оролцов.

Төслийн хүрээнд барих эл гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх бөгөөд Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт барина.

Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдоно. Харин Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух бөгөөд төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетонон гүүр барих юм. Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам. доллар болох бөгөөд гүүрийг 2017 – 2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэв.

Элчин сайд Шин Хаймин ” Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д айлчлан хоёр орны бүтээн байгуулалтад “Нэг зам-Нэг бүс” бүтээн байгуулалтад хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу энэ бүтээн байгуулалтыг эхлүүлж байна. Хоёр орны иргэдийн нүдэнд харагдах бодит ажлын нэг хэсэг нь энэ гүүрэн гарц болох юм.

Дээрх “Нэг зам-Нэг бүс” болон Монгол Улсаас дэвшүүлсэн “Хөгжлийн зам” төсөлтэй энэ бүтээн байгуулалт холбогдож байгаа. Тиймээс Хятадын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл үзүүлж, улсынхаа тэргүүн бүтээн байгуулагч компанийг энэ ажилд оролцуулан гэрээнд заасан хугацаанд чанартай гүүрэн гарцыг бүрэн тохижилттой хүлээн өгнө гэдгээ амлая” гэлээ.

1. Дунд гол, төмөр зам, нарны зам дээгүүр 4 эгнээ, 16.5 м өргөн зорчих хэсэг бүхий 470 ум гүүрэн гарцыг шинээр барих.
2. Гүүрийн 2 талын гудамж зам буюу Их Монгол улсын гудамж болон Олимпийн гудамжийг өргөтгөж шинэчлэн барих.
3. Нарны замаас шинээр барьсан гүүрэн гарц руу баруун эргэж урагш явах 2 эгнээ, 7.5 м өргөн 637 м гүүр ба налуу замыг шинээр барих.
4. Үндсэн шинэ гүүрээс Нарны зам руу баруун эргэж буух 1 эгнээ, 7.5 м өргөн 170 м урт гүүр ба налуу замыг шинээр барих.
5. Нарны замаас Үндсэн шинэ гүүр рүү баруун эргэж урагш явах 1 эгнээ, 8.5 м өргөн 270 м урт гүүр ба налуу замыг шинээр барихаар төлөвлөжээ. Улаанбаатар хотоор зогсохгүй улсын болон олон улсын хэмжээнд ч үнэлэгдэх гүүрэн гарцын шавыг ийнхүү тавилаа.

Categories
мэдээ нийгэм

Маргааш автобуснууд бөмбөлгөөр чимнэ

Нийслэлийн тээврийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын санаачлагаар ”Улаанбаатар смарт карт” компанитай хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр хүүхэд багачуудаа баярлуулахаар 40000 ширхэг бөмбөлөг бэлэглэхээр болов. Маргааш нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусаа чимэглэн, нийтийн тээврээр үйлчлүүлэгч хүүхэд багачууддаа бөмбөлөг бэлэглэх ба нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нар нь цагаан цамцтайгаар үйлчилж, баяр дээр нь баяр нэмэхээр ажиллаж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гүүрэн гарцны шав тавих ёслол боллоо

Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төмөр зам”-тай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарцыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих юм. “Шав тавих ёслол боллоо. Ёслолд нийслэлийн Засаг дарга С.Батболд, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын эдийн засаг, худалдааны зөвлөх Сүн Вэй Рэн, Хятадын төмөр замын 20-р товчоо групп корпорацийн ерөнхий менежер Чен Хон Вей, НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва, Ц.Байгалмаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Төслийн захиалагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20 дугаар товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм. Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн уулзвар, төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцдог энэ уулзварт гүүрэн гарц барьснаар хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь зургаан хэсгээс бүрдэх юм. Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам доллар болох бөгөөд гүүрийг 2017–2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Төсөл нь дараахь хэсгүүдээс бүрдэнэ

  • Дунд гол, төмөр зам, нарны зам дээгүүр дөрвөн эгнээ, 16.5 м өргөн зорчих хэсэг бүхий 470 ум гүүрэн гарцыг шинээр барих.
  • Гүүрийн хоёр талын гудамж зам буюу Их Монгол улсын гудамж болон Олимпийн гудамжийг өргөтгөж шинэчлэх барих.
  • Нарны замаас шинээр барьсан гүүрэн гарц руу баруун эргэж урагш явах хоёр эгнээ, 7.5 м өргөн 637 м гүүр ба налуу замыг шинээр барих.
  • Үндсэн шинэ гүүрээс Нарны зам руу баруун эргэж буух нэг эгнээ, 7.5 м өргөн 170 м урт гүүр ба налуу замыг шинээр барих.
  • Нарны замаас Үндсэн шинэ гүүр рүү баруун эргэж урагш явах нэг эгнээ, 8.5 м өргөн 270 м урт гүүр ба налуу замыг шинээр барихаар төлөвлөж байна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна

Олон улсын эх үрсийн эрхийг хамгаалах өдөр буюу маргааш цаг агаарын нөхцөл байдал хэт халалттай байхыг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Тиймээс эцэг эхчүүдэд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон бүс хуурайшилттай байгаа тул иргэд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж ой модонд төөрөхөөс сэрэмжлэх, голын усанд орохгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг анхааруулж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Приусны” татварыг бууруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат танилцуулсан юм.

Тэрээр, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр батлагдаж, 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “хос тэжээлт автомашин”, “шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин”, “цахилгаан тэжээлт автомашин”-д хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос хамаарч онцгой албан татвар ногдуулах эрх зүйн орчин бүрдсэн.

Онцгой албан татвар төлдөггүй байсан дээрх автомашинуудад хуулийн дагуу 375,000-6,675,000 төгрөгийн татвар ногдохоор болсон нь ялангуяа манай улсад хамгийн их эрэлттэй байгаа хос тэжээлт буюу “Приус” автомашины хэрэглэгч, борлуулагчийн нуруун дээр эдийн засгийн урьдчилан тооцоолоогүй, огцом дарамт болж байгаа талаар иргэд, аж ахуйн нэгжээс гомдол, шүүмжлэл ирүүлж байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг үндэслэн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох, мөн түүнчлэн татвараа төлсөн иргэдийн татварыг буцаан олгох асуудлыг шийдвэрлэх зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай төслүүдийг боловсрууллаа гэв. Уг төслийг хэлэлцэхийг байнгын хороо дэмжсэн байна. Чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Дараагаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Одоо Прокурорын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ улс-төр

Ирэх оны үндсэн чиглэлийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн ихэнх нь дэмжив.

Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, үндсэн чиглэлийн төсөлд Үндэсний аудитын газраар дүгнэлт гаргуулж Байнгын хорооны хуралдаанаар сонссон юм. Уг төсөл нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын үндсэн баримт, бичгүүдтэй хэр уялдсан талаар дэд ажлын хэсгээр дүгнэлт гаргуулсан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарзориг, Х.Баделхан, Б.Ундармаа, М.Билэгт нар Байнгын хорооны дарга болон Сангийн сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй 61 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулахад 24 санал нь гишүүдийн олонхийн дэмжлэг авч, 37 нь санал нь дэмжигдээгүй аж.

Иймээс эхлээд Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив.

Тухайлбал, тогтоолын төслийн хавсралтын 9 дүгээр зорилтын 3 дахь хэсэгт “гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах” гэж; төслийн хавсралтын 18 дугаар зорилтын 4 дэх хэсэгт “цэргийн сургалт, бэлтгэлийн тогтолцоо, материаллаг баазыг бэхжүүлэх” гэж тус тус нэмэх; төслийн хавсралтын 16 дүгээр зорилтын 16.1 заалтын “Төрийн өмчийн талаар баримтлах бодлогыг шинэчлэх” гэснийг “Төрийн өмчийн үр ашгийг сайжруулах, хувьчлах үндсэн чиглэл, бодлогыг шинэчлэх гэж өөрчлөн найруулах; тогтоолын төслийн хавсралтын 5 дугаар зорилтод “Багануурын ДЦС-ыг барих ажлыг үргэлжлүүлэх” гэж; хавсралтын 10 дугаар зорилтод “зарим их, дээд сургуулиудыг Дархан-Уул, Орхон, Багануур, Сэлэнгэ аймагт нүүлгэн шилжүүлж, ажлыг эхлүүлэх,” гэж тус тус нэмэхээр тогтов.

Мөн тогтоолын төслийн хавсралтын 1 дүгээр зорилтод “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийн таатай орчныг сайжруулах, жижиг зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар 45000 ажлын байр шинээр бий болгох.” гэж; хавсралтын 14 дүгээр зорилтод “Их, дээд сургууль, МСҮТөв төгсөгчдөд өөрт бий болгосон ур чадвартаа түшиглэн ажлын байр, орлоготой болгох гарааны бизнесийн дэмжлэг үзүүлэх тоног төхөөрөмж лизингээр олгох хөтөлбөр хэрэгжүүлэх.” гэж; хавсралтын 13 дугаар зорилтод “Иргэн бүрийг жилд 1 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах бодлогыг үе шаттай хэрэгжүүлж эхлүүлэх.” гэж тус тус нэмэхээр боллоо.

Дараа нь тогтоолын төслийн талаар Байнгын хорооноос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн ч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул үдээс хойших хуралдаанд шилжүүлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцевийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын урилгаар манай улсад айлчилж буй ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцевийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа бэхжин хөгжиж буйг дурдаад, 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш Монгол, Оросын харилцаанд нэгэн шинэ үе эхэлж байна гэж үзэж болно. Засгийн газрын гишүүн, сайд нарын айлчлал хэд хэдэн удаа болж, салбар тус бүрийн хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ хийлээ. Миний бие УИХ-ын даргаар сонгогдсоныхоо дараах эхний айлчлалуудын нэгээ ОХУ-ын Төрийн Дум, Холбооны зөвлөлийн урилгаар тус улсад хийсэн хэмээн онцлов.

Тэрбээр сайд С.Бямбацогт, В.А.Колокольцев нар салбарын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсанд талархаж байна гээд, терроризмтай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурах, Монгол Улсын иргэд албан ба хувийн хэргээр зорчих үед ОХУ-д оршин суух газрын зөвшөөрлийг тодорхой хугацаанд заавал авдаг журмыг хөнгөвчлөх, иргэд болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хооронд үүсдэг зөрчлийг зогсоох, хүндрэл бэрхшээл учруулахгүй байхад анхаарлаа хандуулна уу гэсэн хүсэлт тавилаа.

Ноён В.А.Колокольцев хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, манай хоёр орны сайн хөршийн, уламжлалт найрсаг харилцаа амжилттай хөгжиж байгаагийн зэрэгцээ салбар хоорондын харилцаа хоёр орны хүрээнээс хальж, олон улсын хэмжээнд өргөжиж байна гэж тэмдэглэв.

Тэрбээр “Бид Орос, Монгол, Хятад гурван улсын Дотоод хэргийн сайд нарын уулзалтыг хийх тохиролцоонд хүрсэн нь үүний нэг жишээ юм. 2016 оны 12-р сард сайд С.Бямбацогтын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр бид хамтран ажиллах Протокол байгуулсан бол өнөөдөр хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсандаа баяртай байна. Энэ хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулалттай болон мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй хамтран тэмцэх зэрэг олон чухал асуудал туссан” гэлээ.

Ноён В.А.Колокольцев “Таны тавьсан эхний хүсэлтийн тухайд гэвэл, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болсон нь сайн хэрэг. Бид хууль ёсоор зорчих асуудлыг цаашид ч дэмжинэ. Харин хууль бусаар оршин суух, цагаачлалын асуудалд манай улс нэлээд хатуу байр суурьтай ханддаг. ОХУ цагаач болон гадаад иргэдийн тоогоороо АНУ-ын дараа дэлхийд хоёрт ордог. Алан хядах ажиллагаа, зохион байгуулалттай гэмт хэрэг дэлхий нийтийг түгшээж буй энэ үед хууль журмаас гадуур тусгайлан хөнгөлөлт үзүүлэхэд төвөгтэй. Гэхдээ тодорхой шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байна. Бусад асуудлаар байр суурь нэгтэй байна. Эдгээр асуудлаар ОХУ-ын дээд удирдлагуудад танилцуулах болно” гэлээ.

Тэрбээр бидний хооронд санал зөрөлдөөнтэй ямар нэг асуудал байхгүй, найрсаг харилцааны түүхэн уламжлалтай учраас хамтын ажиллагаа олон салбарт, илүү өргөн хүрээнд гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Хоёр улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Евразийн эдийн засгийн комисс гэх мэт олон улсын байгууллагын хүрээнд ч хамтран ажиллах өргөн боломж бий гэдгийг онцлов.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд А.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд болон албаны бусад хүмүүс байлцав.

УИХ-ын дарга М.Энхболд ноён В.А.Колокольцев болон дагалдан яваа төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.