Categories
мэдээ нийгэм

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд Японоос 850 сая доллар орж ирнэ

50 сая доллар зурган илэрцүүдУИХ-ын дарга М.Энхболд Япон улсад айлчлах үеэрээ 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авахаар болсон билээ. Энэхүү зээлийн японы талаас Ерөнхий сайд Шинзо Абэ “Манай Засгийн газраас өгч байгаа энэ зээлийг монголын эдийн засгийг эрүүлжүүлэх, өөрчлөлт шинэчлэлт хийхэд тус нэмэр болоосой гэж хүсэж байна” хэмээн хэлжээ.

Гэхдээ Япон Улсын энэхүү зээл нь манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд орж ирэх аж. Хэрэв энэ хөтөлбөрт хамрагдвал донор орнууд болон ОУВС-гаас нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт манай улсад орж ирэх юм. Донор орнуудын тэргүүн эгнээнд Япон улс багтаж байгаа юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нийслэлийн төлөвлөгөө боловсруулж эхэллээ

Монгол орны агаарын температур сүүлийн 65 жилд дунджаар 2,4 хэмээр дулаарч, газар нутгийн мөнх цэвдгийн зузаан 20-30 см-ээр багасч, ургамлын бүрхэвч сийрэгжин ус шингээх чадвараа алдсанаас үүдэн цөлжилт хүчтэй явагдаж, гамшгийн давтамж нэмэгдэж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагааны улмаас агаар мандалд ялгарч байгаа хүлэмжийн хий бөгөөд Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулахад дэлхийн улс орон бүр өөрсдийн нөөц бололцоогоор хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсэн. Улсын Их Хурлаас уг хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталж, 2030 он гэхэд хүлэмжийн хийг одоогийн төвшнөөс 14%-иар бууруулах зорилт тавьсан юм.

Улаанбаатар хот нь хүлэмжийн хий ялгаруулалт хамгийн өндөрт тооцогддог тул түүнийг тусгай бодлого, төлөвлөлтөөр бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын 2017 оны А/123 дугаар захирамжийн дагуу “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, дасан зохицох нийслэлийн төлөвлөгөө”-г боловсруулж эхэллээ. Уг ажилд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага мэргэжлийн дэмжлэг үзүүлж, нийслэлийн хот төлөвлөлт, онцгой байдал, тээвэр, агаарын бохирдол, байгаль орчны асуудал хариуцсан байгууллагууд оролцож байна.

Уг ажлын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмрийг тодорхой болгох, үүний дотор одоо хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд дүн шинжилгээ хийх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон шингээхэд оруулсан хувь нэмрийг тооцох, мөн шинээр хэрэгжүүлэх төслүүдийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулж уур амьсгалын ногоон сан, хамтарсан кредит олгох механизм зэрэг олон улсын эх үүсвэрээс санхүүжилт авах ажлуудыг хэрэгжүүлнэ. Хувь нэмрийг тодорхойлох явцдаа уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг даван туулах болон эерэг нөлөөг ашиглахад чиглэсэн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлно гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

С.Чинзориг: Хөнгөлөлтийн хэмжээ нь 35 хувиас дээш байгаа бол нэн хөнгөлөлттэй зээлд ордог

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхах үеэрээ Япон Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдсэн. Энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсан байна. Энэ уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаад талархал илэрхийлжээ. Хөтөлбөр хэрэгжсэн нөхцөлд Японы Улсаас нэн хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр ихээхэн хэмжээний ам.долларын зээл олгохоо илэрхийлсэн байна.

Тэгэхээр нэн хөнгөлөлттэй зээл гэж юуг хэлээд байна вэ гэдгийг тодруулж хэлье. Нэн хөнгөлөлттэй зээлийн талаар олон улсын тодорхой аргачлал байдаг. Олон улсын аргачлалаар аваад үзэхэд хөнгөлөлтийн хэмжээ нь 35 хувиас доош байгаа бол арилжааны зээл болдог. Харин хөнгөлөлтийн хэмжээ нь. Японы Ерөнхий сайдын амлаж байгаа энэ зээлийг аваад үзвэл хөнгөлөлтийн хэмжээ нь 55 хувьд хүрсэн зээл юм байна гэж би хувьдаа баримжаа, тооцоо хийж үзсэн.

Тийм учраас эдийн засаг хүндрэлтэй, хямралтай байгаа ийм цаг үед энэ зээл манай улсад маш хэрэгтэй зээл гэж харж байна. Бидний авсан мэдээллээр энэхүү нэн хөнгөлөлттэй зээл нь 30 жилийн хугацаатай, жилийн 1 хувийн хүүтэй, үүнээс эхний 7-8 жилд үндсэн зээлд хүү төлөхгүй ийм нөхцөлтэй зээл гэж ойлгож байна.

Ер нь Япон Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Монгол Улсад хамгийн их өндөр дүнтэй санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байдаг. Нийтдээ энэ хугацаанд гурван орчим тэрбум ам.долларын санхүүгийн зээл, тусламж олгосноос нэг тэрбум нь дээрх зээлтэй ижил нөхцөлтэй буюу нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон зээл эзэлж байгаа судалгаа бий.

Нөгөөтэйгүүр Олон улсын валютын сантай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх нь хоёр талын ач холбогдолтой гэж би боддог. Нэгд, Олон улсын валютын сан манайд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр манайд санхүүгийн сахилга бат сайжрах нөхцөл бүрдэнэ гэж эдийн засагчид үздэг. Хоёрт, ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлээд эхлэхээр Монгол Улс нэгдсэн санхүүгийн бодлоготой явах, санхүүгийн сахилга сайжрах, үүнийг дагасан урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээлүүд нэмэгдэх гэсэн давуу талууд бий болно. Үүний нэг тод жишээ нь Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо гэж мэдэгдсэнээс хойш Японы Засгийн газар нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр урт хугацаатай, хүү багатай, хөрөнгө оруулалтын зээл олгохоо амласан явдал юм. Ингэснээр урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл орж ирэх шугам нээгдэж байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“АЙ ТИ ЭМ МОНГОЛИА”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

БОАЖЯ, МАЖХолбоо албан ёсны түнш Ховд аймагтай хамтран “Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг энэ сарын 31-нээс ирэх сарын 1,2-ны өдрүүдэд Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна. Уг үзэсгэлэнг 18 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр Женко тур бюро ХКК ажиллаж байна.

Тус үзэсгэлэн нь Монгол улсын хэмжээнд зохион байгууллагддаг хамгийн том үзэсгэлэн төдийгүй, нийслэл хот, бүх аймаг орон нутгийн төлөөлөл бүрэн хамрагдаж шинэ бүтээн байгуулалт, үйлчилгээгээ сурталчлан танилцуулдагаараа онцлогтой юм. Үүнээс гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжийг бий болгодог зэрэг олон давуу талтай.

Энэ жилийн хувьд үзэсгэлэн гурван хоног үргэлжлэх энэ үеэр аялал жуулчлалын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн солилцооны талаар хэлэлцүүлгийг зохион байгуулна. Мөн төрөл бүрийн бизнес уулзалт, гэрээ хэлэлцээрүүдийг баталгаажуулах B to B өдөрлөг болно. Үзэсгэлэнгийн сүүлийн 2 өдөр буюу амралтын өдрүүдэд үнэ төлбөргүй, нийтэд нээлттэй зохион байгуулахаар болжээ.

Бизнесийн шинэ түнштэй болох, гадаадад жуулчин илгээгч компаниудын шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, аялалын хөтөлбөртэй танилцах, хямдралтай үнээр захиалах, жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн үнийг хөнгөлттэй үнээр авах, гэрээгээ баталгаажуулах, аялалын даатгалын иж бүрэн үйлчилгээтэй танилцах, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар гадаад дотоодын судлаачдын лекцэнд хамрагдах зэрэг боломжоор хангагдана. Мөн үзэсгэлэнгийн сүүлийн өдөр 30 гаруй ажил олгогчдын 210-аад ажлын байр зарлагдсан “Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж” зохион байгуулагдана. Энэ үеэр аялал жуулчлал болон хэлний чиглэлээр их дээд сургууль төгссөн, мөн суралцаж байгаа оюутан залуус, хөтөч тайлбарлагч, жолооч, тогооч нар хүрэлцэн ирж тур оператор, жуулчны бааз, зочид буудал зэрэг аялал жуулчлалын байгууллагуудад бүртгүүлэн ажилд орох, үйлдвэрлэлийн дадлага хийх газраа эртнээс сонгох боломжийг бий болгож байгаа тул та бүхэн идэвхитэй оролцоно уу.

Үзэсгэлэнд тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөр, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, урлаг соёлын байгууллага, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг нийт 200 гаруй байгууллага, бизнес эрхлэгчид оролцож үйл ажиллагаагаа сурталчлах юм.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрний хажууд шинэ гүүр барьж байна

БНХАУ-ын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Яармагийн гүүрний хажууд шинэ гүүр барих гэж байна. Энэ нь нийт 240 метр урт, тойрог хэлбэртэй, давхар гүүр байх аж. Хуучин гүүр нь 1959 онд баригдсан, чанартай боловч түүнийг засаж, сайжруулахын тулд түр гүүр тавьжээ.

Энэ гүүр нь стандартад нийцэхгүй, тодорхой ашиглалтын хугацаатай. Тиймээс шинэ гүүр барих ажлыг эхлүүлэх шаардлагатай болсон байна. Ялангуяа Хан-Уул дүүрэгт орон сууц олноор ашиглалтад орсон нь түр гүүрээр зорчих иргэдийн тоог нэмэгдүүлжээ. Энэ нь хөдөлгөөн удаашрах, зам түгжрэх зэрэг олон асуудал дагуулж байна. Шинэ гүүрний бүтээн байгуулалтын ажил хоёр жил үргэлжлэхээр төлөвлөгджээ.

Энэ хугацаанд БНХАУ-аас ажилчид ирж, Яармагийн хуучин гүүрний завсрын, даацын тулгуур баганыг засах, ховхорсон бетон хучилтыг нөхөх, гүүрийг шинээр хучих ажил хийхээс гадна явган хүний зам, хашлага, гэрэлтүүлгийг сольж, голын даланг сайжруулна. Мөн бүтээн байгуулалт дууссаны дараа ногоон байгууламжтай болгож, газрыг нөхөн сэргээх аж.

Тиймээс гэрээний дагуу бид цутгалт хийх, барилгын материал хурааж, хадгалах, ажилчдын байрлах газрыг чөлөөлж өгөх ёстой. Энэ хүрээнд нийт 23500 ам метр талбайг чөлөөлөх ажил үргэлжилж буй аж. Хоёр жилийн өмнөөс бэлтгэл ажлаа базааж, энэ хавьд байсан бургасыг Богд уул руу шилжүүлэн тарьсан байна. Уг ажилд зургаан сая гаруй төгрөг зарцуулсан. Мод бүрийн үнэлгээг хийлгэж, нийслэлийн Байгаль орчны газраас зөвшөөрөл авсан. Бүх ажил хуулийн дагуу явж байна хэмээн Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Орлогч дарга Б.Индра тайлбарлалаа.

Categories
мэдээ нийгэм

МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг ”Эрдэнэт”-ээс босгоно

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг зуун хувь төрөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэх үүргийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарт өглөө. УИХ-аар баталсан тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд маргаан үүсч буй энэ цаг үед Засгийн газар дахин хууль зөрчсөнд харамсаж байгаагаа хуульчид илэрхийлсэн байна. ТУЗ-ийг хувьцаа эзэмшигчид томилдог. Тэгвэл хувьцаа эзэмшигчдэд өөрчлөлт ороогүй байхад Засгийн газар ийм шийдвэр гаргасан нь Компанийн тухай хууль болон Үндсэн хууль зөрчсөн бүдүүлэг алхам болсныг тэд онцолж байна. Харин олон нийт энэхүү мэдээллийг хүлээж авахдаа төдийлөн цочирдсонгүй. “Засгийн газар шүүхийн шийдвэрийг хүртэл уландаа гишгэж, баячуудыг баясгах морин уралдааныхаа хөлд хүүхдийн амийг золиосолж чаддаг юм чинь, энэ зэргийн шийдвэрийг үзэгний үзүүрээр л гаргана” гэж аргаа баран халаглах нь олон байна. Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг зуун хувь төрийн томилгоо болгох шийдвэр нь эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаа “саалийн үнээнээсээ” босгох гэсэнтэй холбоотой нь илт боллоо.

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг үүрэг болгов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.01.29-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“ЭРДЭНЭТ”-ИЙН ТУЗ-ИЙГ 100 ХУВЬ ТӨРӨӨС БҮРДҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ

“Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-ын тогтоолоор Засгийн газар үүрэг болгосон юм. Энэ дагуу Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа ч ажлын явц удаан, сунжирч байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанд анхаарууллаа. Иймд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эхний ээлжинд холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг зуун хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг болголоо.

НИСЭХ ОНГОЦНЫ ШИНЭ БУУДЛЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТОГТООЛ ГАРГАВ

Олон улсын онгоцны шинэ буудлын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хариуцах Ашиглалтын өмнөх нэгж байгуулан ажиллуулах, үүнтэй холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын шууд харьяа алба, байгууллагуудын орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоож, шаардлагатай санхүүжилтийг нь шийдвэрлэхийг холбогдох сайд, агентлагийн даргад даалгалаа.

Буудлын аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалтыг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх, гэрчилгээжүүлэх, буудлын эзэмшилд олгосон тусгай хэрэгцээний газрыг Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдэлд шилжүүлж, нисэхийн үйлчилгээний зориулалтаар ашиглахыг зөвшөөрөв.

Нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон хот байгуулах арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, энэ оны хоёрдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд, нийслэл, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Нисэх онгоцны шинэ буудлыг агаарын замын олон улсын боомт болгох, боомтын хяналт, шалгалтын бүсийн хэмжээ, хилийн заагийг тогтоох тухай асуудлыг хоёрдугаар улиралд багтаан танилцуулах, гуравдугаар улиралд багтаан буудлыг цахилгааны нэмэлт эх үүсвэрээр хангах эрчим хүчний дэд станц барьж, шугам сүлжээнд холбох, Замын-Үүд дэх Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид нисэхийн шатахуун шилжүүлэн ачих технологийн шугам бий болгож өргөтгөхийг даалгалаа.

ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР 8013 ГА ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛНЭ

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2017 онд гэр бүлийн зориулалтаар нийт 8013.52 га газрыг, аж ахуйн зориулалтаар 39.39 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөжээ.

Иргэдэд үнэгүй өмчлүүлэх газрын 17 хувийг одоо эзэмшиж байгаа хашааны газар, 74 хувийг шинээр өмчлүүлэх, 9 хувийг улсын чанартай авто замын дагуу өмчлүүлэх газар эзэлж байна.

Аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын 88 хувийг төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар, 12 хувийг газар тариалангаас бусад аж ахуйн зориулалттай газар эзэлж байгаа бөгөөд үр тарианы зориулалтаар газар өмчлүүлэх санал нийслэл, орон нутгаас ирүүлээгүй байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2003 оноос хойш 2016 он дуустал хугацаанд улсын хэмжээнд нийт иргэдийн 17.57 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь газраа үнэгүй өмчилж авчээ. Өнгөрсөн 2016 онд гэхэд 44 орчим мянган иргэн 6109 га газраа өмчилж авсан байна.

ЕРӨНХИЙ САЙДЫН ТОМИЛОЛТЫН МӨРӨӨР ТОДОРХОЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 03 дугаар сарын 22-25-нд Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаж, төрийн байгууллага, зарим аж ахуйн нэгжийн ажилтай танилцан, иргэдтэй уулзалт хийсэн юм. Уг томилолтын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Иргэдээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан зарим тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, томилолтын мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.

15 СУМЫН 127 СУМАНД ХАВАРЖИЛТ ХҮНДЭРЧ БАЙНА

Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 15 аймгийн 127 суманд хаваржилт хүндэрч байна. Сүүлийн өдрүүдэд цас ихээр орсны улмаас нөхцөл байдал хүндэрсэн Өвөрхангай, Өмнөговь аймаг дахь Улсын нөөцийн салбар цэгүүдэд хадгалж байгаа 1110 тонн өвсийг үнэгүй, 210 тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр малчдад нийлүүлэхээр тогтлоо. Шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.

ЖИЛД ДУНДЖААР ЗАМ, ТЭЭВРИЙН 32 МЯНГА ГАРУЙ ОСОЛ ГАРЧ БАЙНА

Сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтээс харахад манай улсад жилд дунджаар 32100 зам, тээврийн осол гарч, 1289 хүн гэмтэн, 558 хүн нас барж 10 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ.

Өнгөрсөн онд гэхэд л амиа алдсан хүмүүсийн 73.5 хувь буюу 352 нь орон нутагт байсны 136 нь жолооч, 149 нь зорчигч байжээ. Тэгвэл Улаанбаатар хотод нас барсан 127 хүний 84 нь явган зорчигч байна.

Энэ тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг 2012-2020 онд хангах үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар танилцуулахдаа дурдлаа.

Цаашид зам, тээврийн ослоос сэргийлэх зорилгоор хурд хэмжих багаж, мансуурал шалгах тестээр Замын цагдаагийн ажилтнуудыг хангах, орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан орон нутгийн замын хөдөлгөөнд хяналт тавих тооцоо, судалгаа хийх, стандартын шаардлага хангахгүй мотоцикль, түүний сэлбэг хэрэгслийг импортлохыг хориглох талаар санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг холбогдох сайд нарт даалгав.

Үндэсний стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан 48 арга хэмжээний биелэлт өнгөрсөн оны байдлаар 72 хувьтай гарсан байна. Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хүрдний байрлалыг солих, гэрлийн тусгалыг өөрчлөх, тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх, ослын улмаас хохирсон хүмүүст тусламж үзүүлэх тогтолцоог бүх суурин газарт бий болгох, жолоочийн төв байгуулах дөрвөн арга хэмжээ хангалтгүй буюу 30 хувийн биелэлттэй байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2016 оны байдлаар улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1782 бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.3 хувиар, нас барсан хүний тоо 399 байгаа нь 7 хувиар, гэмтсэн хүний тоо 1247 байгаа нь 9.8 хувиар буурсан гэсэн үг юм.

Гэвч орон нутгийн замд хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь буурахгүй байгаа бөгөөд мансууруулах бодис хэрэглэх, хүний амь хохирсон тохиолдол хотод буурч орон нутагт нэмэгджээ.

ДЭД СТАНЦЫН ТӨСӨЛД КОНЦЕССЫН ГЭРЭЭ ШИНЭЭР БАЙГУУЛНА

“Багануур-Улаанбаатар цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төсөл”-ийн явц, цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа. Үүнтэй холбогдуулан уг төслийн концессын гэрээний хэлэлцээг сонирхсон этгээдтэй дахин хийж, концессын гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.

“Багануур-Улаанбаатар цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төсөл”-ийг хэрэгжүүлэх уралдаант шалгаруулалтыг 2016 оны нэгдүгээр сард зарлан, гуравдугаар сард төслийн саналын материал хүлээн авсан боловч, шаардлага хангасан компани шалгараагүй тул шалгаруулалтыг хүчингүй болгоод байсан юм.

ХӨВСГӨЛ НУУРЫН БАРУУН ЭРГИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙГ БАЙНГЫН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА

Хөвсгөл нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах тухай Эрчим хүчний сайд П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд баруун эргийн хэрэглэгчдийг төвлөрсөн эрчим хүчээр холбохыг үүрэг болголоо. Үүнийг богино хугацаанд гүйцэтгэж, 2017 оны зургаадугаар сарын 15-ны дотор ашиглалтад хүлээлгэж өгөхийг Эрчим хүчний сайд П.Ганхүүд даалгалаа.

ӨНГӨРСӨН ОНД 730 ОРЧИМ МЯНГАН ИРГЭН ТӨР, ЗАСАГТ ХАНДЖЭЭ

2016 онд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 729 645 иргэн санал хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 716 775 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгсөн нь 98.2 хувьтай байна гэсэн үг юм.

65 316 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, 2583 өргөдлийг хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна. Санхүүгийн дэмжлэг, гэр, орон сууц хүссэн, нийгмийн халамж, үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудал хугацаа хэтэрч шийдвэрлэгдсэн дүн гарчээ.

Өнгөрсөн онд Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагад иргэдээс 234 534 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирүүлснээс 231 085-ыг нь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 98.5 хувийн үзүүлэлттэй байна.

Харин аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 495 111 иргэн хандсаны 485 690-ийг нь хугацаанд нь шийдвэрлэсэн байна. Энэ нь 98.1 хувийн үзүүлэлттэй гэсэн үг юм.

Хөвсгөл, Дархан-Уул, Дорнод, Архангай аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд хамгийн их өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авсан байна. Иргэд ихэвчлэн нийгмийн халамжид хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, газар эзэмших ашиглахтай холбоотой асуудлаар хүсэлт гарган ханджээ.

Товч мэдээ

– “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 2017 онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн боловч хөрөнгө нь улсын төсөвт тусгагдаагүй арга хэмжээнүүдийн судалгааг гаргаж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх санал боловсруулахыг сайд нарт үүрэг болголоо.

– Ирэх сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Хуралдаанаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлаа дүгнэн, цаашдын төлөвөө тодорхойлно. Мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, байгаль орчин, аялал жуулчлал, боловсрол, соёл, шинжлэх ухаан, зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын харилцааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэх юм. Манай тал Италийн өндөр технологийг боловсруулах салбарт нэвтрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гуравдагч зах зээлд гаргах зэрэг санал тавихаар төлөвлөжээ.

– Нийслэлийн газрын мэдээллийн санг улсын солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлыг эрчимжүүлж, энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгаж хэрэглээнд нэвтрүүлэхийг холбогдох байгууллага, удирдах албан тушаалтанд даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Насанбаярын өмгөөлөгч мэдэгдэл гаргажээ

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Насанбаярын нэхэмжлэлтэй, Э.Цэрэндолгорт холбогдох “Иргэний нэр, нэр төр, алдар хүндийг гутаасан арга хэлбэрээр сэргээлгэх” шаардлагатай иргэний хэргийг өчигдөр хэлэлцжээ. Шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, нэхэмжлэгч болон хариуцагчдын өмгөөлөгч нар оролцжээ. Шүүх хуралдаан эхлэхэд хариуцагч тал болох Э.Цэрэндолгорын өмгөөлөгч нь уг маргаан өргөн цар хүрээтэй, судлах материал ихтэй зэрэг үндэслэлээр “нэмж өмгөөлөгч авах” хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдаан завсарласан юм байна. Гэтэл цахим хуудсуудад “Иргэн Б.Насанбаярын нэхэмжлэлээр иргэн Э.Цэрэндолгорыг хариуцагчаар татсан нэр төрд халдсан гэх нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн шүүх буцаажээ. Учир нь нэхэмжлэгч Б.Насанбаяр болон түүний итгэмжлэн төлөөлөгч шүүх хуралд ирээгүй. Иймээс иргэн Э.Цэрэндолгорын эсрэг үүсгэсэн иргэн, хувь хүнтэй холбоотой хэргийг нэхэмжлэгч өөрөө дэмжихгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ” хэмээсэн мэдээллийг олон давтамжтай цацсан юм байна.

Энэ талаар Б.Насанбаяр байр сууриа илэрхийлж “Монгол Улсын шүүх нэхэмжлэгч тал шүүх хуралд байсаар байтал “нэхэмжлэгч ирээгүй” гэдэг хууль бус шалтгаанаар нэхэмжлэлийг маань буцаасан. Гэтэл “маргааныг эцэслэв” гэдэг мэдээг 18 мэдээллийн сайтаар тараадаг үнэхээр зохион байгуулалттай мөнгөтэй бүлэг байна” хэмээн өөрийн фэйсбүүк хуудсандаа бичжээ. Мөн Б.Насанбаярын өмгөөлөгч Даваажанцан мэдэгдэл гаргасан байна. Тэрээр мэдэгдэлдээ “Шүүгч Б.Мандалбаяр нь Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг буцаалаа гэх тогтоолыг танилцуулав. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.2-т “нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр … түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана” гэж заасан байх бөгөөд хуулийн зохицуулалтаас харахад нэхэмжлэлийг буцаахад дараахь урьдчилсан нөхцөл байдалд бий болсон байхыг шаардаж байна. Үүнд:

1. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байхыг (нэхэмжлэгчийн өмгөөлөгч би хуралд биечлэн оролцсон. Мөн шүүх нэхэмжлэгч Б.Насанбаярт хурлын товыг мэдэгдэх үүргээ ч биелүүлээгүй),

2. Хариуцагч “… эзгүйд явуулах эсхүл нэхэмжлэлийг буцаах” талаар хүсэлт гаргасан байхыг (хариуцагч талаас тийм хүсэлт огт гаргаагүй бөгөөд өмгөөлөгч нэмж авах л хүсэлтийг гаргасан) тус тус шаардсан байна.

Уг иргэний хэрэг үүсээд жил гаран (2016.02.16) болж байгаа бөгөөд зөрчигдсөн эрхээ хамгаалуулж, сэргээлгэхээр шударга ёсны баталгаа болох шүүхэд хандсан боловч шүүхийн урагшгүй ажиллагаанаас болж шүүхийн ажиллагаа удааширч, улмаар ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг буцааж шийдэж байгаад гомдолтой байна” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хувийн хэвшлийн дээд боловсролын байгууллагууд ашиг хөөцөлдөж таарахгүй

Санхүү, эдийн засгийн их сургуулийн Эрдэм судлал, хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Сүхбаатар боловсрол судлаач хүн. Дээд боловсрол, олон улсын болон харьцуулах боловсролын ухааны доктор, профессор түүний боловсролыг боловсруулах тухай яриаг хүргэж байна.



ДУНД СУРГУУЛЬД ЗӨВХӨН МЭДЛЭГ ОЛГОХ БУС БАС ТӨЛӨВШҮҮЛДЭГ

Суралцах дундаж хугацааг Төв Азийн Казакстан, Киргизстан, Тажикстан гээд зарим оронтой харьцуулж үзсэн юм. Монголд 1993-1994 онд сургууль завсардалт ихсэж, суралцах дундаж хугацаа буурсан. Суралцах хугацаа огцом багасаад, хамгийн их өссөн харагдаж байна. Энэ үзүүлэлт 2000 оноос хойш маш их дээшилж ирсэн. Энд арван жилийн боловсролын системээс 12 жилийн тогтолцоо руу шилжсэн нь нөлөөлсөн. Онцгой авьяастай хүүхдүүдэд товчилж сурах, анги алгасаж сурах боломжийг нээх ёстой гэсэн үзэл бодол явдаг.

Гоц авьяастай хүүхдүүд товчилж сурах замыг нээлттэй байлгах хэрэгтэй. Гэхдээ ингэж суралцах хүүхэд маш ховор. Дунд сургуульд зөвхөн мэдлэг олгох бус төлөвшүүлдэг. Нийгэмших процесс хэрэгтэй. Энийг товчлоод авчихдаг зүйл биш. 12 жил сурах нь төлөвших явцыг бүрэн болгож байгаа юм. 12 жил сурч байгаа нь зөвхөн хүүхдийн цээжлэх даалгаврыг нэмж байгаа хэрэг биш шүү дээ. Төлөвших үйл явцыг бүтэн болгож байгаа юм.

СУРГУУЛЬ ХҮРЭЛЦЭЭГҮЙГЭЭС УЛААНБААТАРТ БАГА СУРГУУЛЬД ХАМРАН СУРГАЛТ УЛСЫН ДУНДАЖААС ДООШИЛСОН ҮЕ БАЙСАН

Хамран сургалт гэдэг нь суралцах насны хүн амын хэдэн хувь нь боловсролын үйлчилгээ авч байгааг харуулдаг үзүүлэлт. 1997 онд хамгийн доод түвшиндээ хүрээд, 2000 он гэхэд анхны байсан түвшиндээ буцаж очсон сайн талтай. Мал хувьчилж, эрэгтэй хүүхдүүд сургуулиас гарч, мал аж ахуйд оролцох болсонтой холбоотойгоор хамран сургалтын хувь доошилсон. Охид давамгайлах байдал ерээд оноос үүссэн шүү дээ. Хамгийн том зөрүү 1994-1996 оны хооронд гарсан. Улаанбаатарын бага боловсролын хамран сургалт нь улсын дунджаас бага байгаа биз. Улаанбаатарт хүүхдүүд сургуульд хамрагдахад шилжилт хөдөлгөөн их нөлөөлсөн. Хотын сургуулиудын хүчин чадал нь үндсэндээ хүрэлцэхээ байсан шүү дээ. Нэг ангид сурч байгаа хүүхдийн тоо 50-60 хүрээд, ЖАЙКА-гийн төслийн хүрээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт томоохон хотуудын 55 сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Өргөтгөл хийгээгүй бол энэ үзүүлэлт үүнээс багасах байсан гэж боддог.

ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ БАЙГАА ХҮНИЙ ТООГООР МОНГОЛ ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН ТҮВШИНД ХҮРСЭН

Төв Азийн орнуудынхтай Монголын дээд боловсролд сурч байгаа нийт оюутны тоог харьцуулахад 1992-1994 оны хооронд хамгийн доод түвшиндээ унажээ. Түүнээс хойш өссөөр одоо дээд боловсрол эзэмших насны таван хүний гурав нь дээд боловсролд хамрагдаж байна. Хамран сургалтын үзүүлэлтээрээ Монгол Улс өндөр хөгжилтэй орнуудтай зэрэгцэж очсон. Дээд боловсрол тэлж байна. Ерээд оны дундаас барууны маягийн сургалтын тогтолцоо руу орлоо. Кредит систем, чанарын магадлан итгэмжлэл, бас төрөөс санхүүждэг систем маань 180 хэм эргээд, цэвэр сургалтын төлбөрөөр санхүүждэг болсон. Хамгийн том өөрчлөлт мэдрэгдсэн нь 1997-1999 оны хооронд АХБ-ны буцалтгүй тусламжаар Дээд боловсролын байгууллагын чадавхийг дээшлүүлэх төсөл хэрэгжсэн үе юм. Удирдах зөвлөл, захирал ямар байх, кредит цаг нэвтрүүлэх хөтөлбөрүүд тэр үед хийгдсэн. Ерээд оны эхээр Засгийн газраас авсан арга хэмжээ нь Эдийн засгийн коллеж, Зах зээлийн коллеж байгуулаад шинэлэг сургалтууд нэвтрүүлж эхэлсэн нь чухал ач холбогдолтой болсон гэж боддог. Тэр сургуулиудийн хөтөлбөрүүд их тарсан даа.

ХАРВАРД, ЙЕЛЬ ГЭЭД ДЭЛХИЙД АЛДАРТАЙ ИХ СУРГУУЛИУД АШГИЙН БУС БАЙДАГ

20 жилийн дараа юу болов гээд харахаар хүсээгүй үр дагавар гарсан байна. Ерээд оны дундуур боловсролын систем ялангуяа дээд боловсролд томоохон өөрчлөлт хийгдэж, зах зээлд нийцсэн мундаг боловсролын систем бий болгоно гэж бид мөрөөдөж байсан. Бидний бодож хүсч байсан юмнууд биелсэн нь их л дээ. Гэхдээ хүсээгүй үр дагаварууд гарсан. Хамгийн эхнийх нь хувийн хэвшлийн дээд боловсролын байгууллагууд үндсэндээ ашгийн төлөө болчихлоо. Бид ашгийн төлөө сургууль байлгахыг ерөөсөө бодоогүй. 1964 онд АНУ-д дээд боловсролын байгууллагууд ашгийн төлөө бус байх юм бол ийм ийм дэмжлэг туслалцаа авна гэж хуульчилсан байдаг. Хувийн сургуулиуд нь хүртэл ашгийн төлөө бус. Холбооны Засгийн газар, мужийн бүх туслалцаа дэмжлэг дээд боловсролын салбар руу явсан. Гэтэл манайд бол зуугаад сургуулийн 19 нь албан ёсоор компаниар бүртгэлтэй. Компани гэдэг чинь ашиг олдог байгууллага. Өөрөөр хэлбэл сургалтын төлбөрийн тодорхой хэсэг ашиг болоод үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчид нь ашиг хүртэж байгаа гэсэн үг. Зарим сургууль нь төрийн бус байгууллагаар бүртгэлтэй байгаа. Хувь хүний байгуулсан нэг хүний эзэмшлийн сургуулиуд ч бий. Үнэндээ нэг хүний хувийн өмч, тэр хүнийг баяжуулах, хаустай болгох, жийптэй болгоход нь туслаж байгаа. Ашгийн төлөө бус гэж байгаа ч үнэн чанартаа хувь хүний эзэмшлийн сургуулийн сандал ширээнээс авахуулаад бүх юм хувийн өмчөөр бүртгэлтэй байгаа юм. Хувийн сургуулийнхан үүнийг сонсвол намайг шүүмжлэх байх. Азийн олон оронд хувийн сургуулийн төлбөр нь өндөр байхад манайд эсрэгээрээ төрийн өмчийн сургуулиас ч бага байх тохиолдол бий. Хувийн секторын дээд боловсролын байгууллагууд төрөөс маш их зохицуулалттай байдаг. Манайд харин хориод жилийн хугацаанд “Хувийн сургуулиар оролдох хэрэггүй” гээд хаячихсан. Үндсэндээ зохицуулалт бараг байхгүй. Тайланг нь авч үздэг ч үгүй. Эрхбиш сургалт явуулах тусгай зөвшөөрөл олгодог. Тэрийгээ хувийн сургуулийнхан яаж ийж байгаад авчихна. Баахан коллеж байснаа дээд сургууль болчихдог. Тэгээд нэг мэдэхэд их сургууль болчихно.Зарим хувийн сургууль дипломыг “тээрэмдэж” гаргаж өгдөг. Хүн сураагүй ч диплом гаргаж өгнө гэсэн үг. Ийм үзэгдэл хэд хэдэн сургуульд гарсан. Одоо ч үргэлжлээд явж байна. Үүнийг бид хүсээгүй. Чанартай сайн боловсрол олгох төр, хувийн секторын сургууль аль аль нь байх ёстой гэж үзсэн. Одоо 170 мянган оюутны 40 орчим хувь нь хувийн сургуульд, 60 хувь нь төрийн өмчийн сургуульд суралцаж байгаа юм. Гэтэл эсрэгээрээ төрийн өмчийн дээд боловсолын байгууллагад маш их хяналттай тогтолцоо бий болсон. Улстөрөөс хамаардаг. Засгийн газар солигдоход төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын захирал солигддог. Энэ улстөрчдөөс ганцхан хамаарч байгаа юм биш. Манай төрийн өмчийн их, дээд сургуулийнхан өөрсдөө гүйж очоод “Манай нам гарчихлаа, би дарга болно” гээд байдаг. Их, дээд сургууль маань бие дааж хараат бус байдлаар оршин тогтнохын оронд ямар нам төр барьж байна, тэр тал руу нь гүйж очиж албан тушаал горьдсон фракц үүссэн. Үнэн чанартаа төрийн өмчийн сургуулийн тоног төхөөрөмж нь төрийн өмчид бүртгэлтэй, үйл ажиллагааны санхүүжилт оюутны сургалтын төлбөрөөс гарч байгаа. 96 хувь нь сургалтын төлбөрөөс, 4 хувь нь төрийн өмчийн их дээд сургуулиудад төрөөс өгдөг цахилгаан, ус,халаалтын зардлын төлбөр байдаг. Үүн дээрээ томоохон хөрөнгө оруулалт лаборатори, номын сан барьж өгдөг. Улсын төсөв татвараас бүрддэг. Гэтэл сургалтын төлбөр татвар биш шүү дээ. Сургалтын төлбөр гэдэг үйлчилгээ үзүүлээд төлбөр авч байгаа хэлбэр. Энэ төрийн өмч биш гэдгийг Сангийн яамныхан ойлгоогүй ирсэн юм. Дээр үеэс Сангийн яамныхан төрийн өмч юм чинь наадах чинь төрийнх хэвээрээ байх ёстой гэдэг. Үйл ажиллагаа нь зах зээлийн зарчмаар явж байгаа мөртлөө удирдлага, зохион байгуулалт талаасаа төрийн өмчид байж ирлээ. Гадаадын их, дээд сургуулиудын барилга байшинг төрөөс ч, хувийн хэвшлээс ч барьсан нь байдаг. Хүмүүс бариад хандивласан нь тохиолддог. Гэтэл төрөөс авахаа аваад, оюутнаас ч авахаа аваад, судалгааны орлогоо ч олоод бүрэн бие даасан байдлаар дээд боловсролын байгууллагууд нь ажилладаг. Энэ байдал хангагдаж чадахгүй өдий хүрлээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард бид дээд боловсролыг бие даалгах хэрэгтэй гэж ярьсаар байгаад Дээд боловсролын тухай хууль, санхүүжилтийн тухай хуулинд олон заалт оруулсныг энэ намар хүчингүй болгочихлоо. Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагууд харьцангуй бие даасан байдлаар санхүүгийн үйл ажиллагаа явуулахад зориулсан санхүүжилтийн хэдэн заалт үлдсэн. Харин Удирдах зөвлөлийг ингэж бүрдүүлье. Удирдах зөвлөлөөс захирлыг томилдог байя. Сайдын тушаалаар их, дээд сургуулийн захирлыг томилохоо байя гэсэн заалтуудыг хүчингүй болгосон. Хоёр жилийн турш ярьж байж ахиц гарсан ч ухарчихаад байна.

ХУВИЙН СУРГУУЛИУД АШИГ ХӨӨЦӨЛДӨХГҮЙ БОЛ ЯАЖ ОРШИН ТОГТНОХ ВЭ?

Хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд жишээлбэл миний ажиллаж байгаа Санхүү, эдийн засгийн их сургууль ашгийн төлөө бус, төрийн бус гэдэг статустай. Олсон орлогоо хувь хүнд хуваарилахгүй учраас сургалтын материаллаг баазыг сайжруулахад зарцуулж байгаа юм. Энэ сургууль 2002 онд Дэлхийн банкны төслөөр ашгийн бус, төрийн бус байгууллага болсон. Түүнээс хойш арван давхар байр барьж ашиглалтанд орууллаа. 15 давхар байшин барьж ашиглалтад орууллаа. Зээл төлж байгаа. Гэхдээ сургуулийн үйл ажиллагаа сайжирсан уу гэхээс биш муудаагүй. Манай сургуулийн багш нарын цалин хөлс, бусад хувийн өмчийн болон төрийн өмчийн сургуулийнхаас хамаагүй дээгүүр. Олон улсын магадлан итгэмжлэлд 2012 онд орсон. Бид багш нарыгаа олон улсын хуралд явуулах гэж чамгүй мөнгө зарцуулдаг. Хувийн өмчийн сургуулиуд үүнийг гаргаж чадахгүй.

Сургалтын чанар сайжирч, манай төгсөгчийг ажил олгогчид сайн авч байгаа болохоор сургалтын төлбөр бусад сургуулийнхаас хамаагүй өндөр. Ашгийн төлөө биш учраас оюутны тоогоо тэлдэггүй. 20 жилийн өмнө л хоёр, гурван мянган оюутантай байсан. Одоо ч хэвээрээ. Hарвард, MIT, Йель зэрэг дэлхийд нэр хүндтэй сургуулиуд бүгдээрээ ашгийн бус шүү дээ. Олон орны жишгийг харж байхад сонгодог их сургуулиуд үндсэндээ ашгийн бус байдаг. Ашгийн сургуулиуд байдаг ч харьцангүй жижигхэн, ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой, лиценз олгох сургалт эрхэлдэг, мэргэшсэн татварын байцаагч, нягтлан гэх мэт сургалт эрхлэхийн тулд хөтөлбөрөө маш сайн боловсруулаад түүнийгээ зарж байгаа юм. Тийм байгууллагууд ашгийн төлөө явдаг. Сонгодог их сургуулиуд, судалгааны их сургуулиуд ашиг хөөцөлдөх гэж бараг байхгүй дээ. Бусад улс орнуудын хөгжлийн замаас гажсан юм манайд харин харагдаад байгаа юм. Хувийн сургуулуудийг нийгэмдээ юм бүтээе, нэрээ үлдээе, нийт хүмүүсийн сайн сайхны төлөө ажиллая гэсэн үүднээс байгуулмаар байгаа юм.

Манай сургуульд ч төрийн өмч одоо хүртэл бий. Тухайн үед хүмүүс ойлгохдоо энийг хувьд гаргачихвал Амаржаргал, Батжаргал нь энэ байшинг эзэмшээд ашиг олох гэж байна гэж бодсон шиг байгаа юм. Гэтэл 30 жилийн хугацаагаар түрээсээр өгчихсөн. Түрээсийн төлбөр гэж авдаггүй л дээ. Бид шинээр баахан өргөтгөл барьчихсан. Хуучин байраа засаад шинэчлээд сайжруулаад, орчин үеийн тоног төхөөрөмж тавиад одоо хүртэл ашиглаж байгаа. Нийгмийн салбарын менежментийн хувьчлал хийгдсэн нь ийм.

Төрийн, хувийн байна уу гэдгээс үл хамаараад их, дээд сургуулиуд бие дааж ажиллах ёстой гэдэг зарчмыг гол болгох ёстой. Хараат бус, бие дааж ажиллах юм бол энэ сургуулиуд хөгжнө. Өнөөдөр хувийн сургуулиудыг хүмүүс хараад эд нар чинь бие даачихсан байна гэж хэлнэ. Үнэн чанартаа хувийн сургуулиуд эздээс хамааралтай. Хүмүүсийн хандлагатай холбоотой нэг юм хэлэхэд манай сургууль дээр аваад үзье л дээ. Манай удирдах зөвлөлийн гишүүд ямар ч цалин авдаггүй. Хуралд ирэхээрээ хоол иддэг. Өөр юм байхгүй. Манай Батжаргал захирал ашгийн төлөө бус, бие даасан байдлыг хадгалахаар маш их үзэлцэж байгаа. Сургуулийн хамт олон дотор Санхүү эдийн засгийн сургуулийг саалийн үнээ гэж харж байгаа хүмүүс байна. Хагас, бүтэн сайнд ажилласан, нэг юманд суулаа гэж мөнгө нэхдэг. “Ээ, нөхөд минь ингэх ёсгүй юм. Санхүү эдийн засгийн сургууль гэж нэг тогоо байна. Эхлээд тогоондоо оруулах юмаа хийж аваад дараа нь хүртэцгээе гэж би хэлдэг. Юу ч оруулахгүй байж авна авна гэж зүтгэх нь их, дээд сургуулиудын хөгжлийн зам биш. Гадаадын их дээд сургуульд профессор хүн гэж судалгааны санхүүжилт олдог хүнийг хэлдэг. Төсөл бичиж сургуульдаа юм оруулдаг. Тэгж байж эрх ямбыг нь эдлэнэ шүү дээ. Гэтэл манай нөхөд профессор болчихсон, намайг илүү харж үз гэдэг.

Манайх захирлын нэрэмжит тэтгэлэг олгодог. Зөвхөн сурлагын амжилтыг харгалзах нь учир дутагдалтай. Оюутны хэрэгцээг харгалзах учиртай. Гадаадын өндөр нэр хүндтэй сургуулиуд сургалтын төлбөрийг багасгах арга хэмжээ их авдаг. Энэ нь оюутныг татах арга хэрэгсэл.

Эерэг үр нөлөөнүүдийг нэрлэж болж байна. Дээд боловсрол улсын төсөвт ямар ч ачаалал болдоггүй. Яагаад гэхээр их дээд сургуулийн сургалтын төлбөрөөс, улсын төсвөөс авч байгаа бүх мөнгийг нийлүүлэхээр 300-400-гаад тэрбум л байгаа. Төсвөөс гаргахгүй, оюутны төлбөрөөс гаргаж байгаа. Ийм хямдхан төлбөрөөр олон хүнийг хамарсан дээд боловсролын систем дэлхийд өөр байхгүй. Бас нэг сайн тал нь дээд боловсрол тэлсний үр дүнд нийтдээ Монголын ажиллах хүчний боловсрол, ур чадвар дээшилсэн. Манайхныг доошоо татдаг юм нүүдлийн аж ахуйгаас болоод иргэншиж, нийгэмшиж чадаагүй юмнууд их байдаг. Дээд боловсрол энэ талаар маш сайн нөлөө үзүүлж байгаа. Томоохон хэмжээний хөгжлийн том төсөл хөтөлбөрүүдийг манайхан өөрсдөө хэрэгжүүлж аваад явах боломж бүрдсэн.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ШИНЭ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Боловсролын салбарт шинэ мастер төлөвлөгөө хэрэгтэй байна. Хэтийг харсан баримт бичиг одоохондоо байхгүй. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого 2024 оныг хүртэл бий. Салбарын хэтийн төлөвлөгөөг тусгасан мастер төлөвлөгөө байхгүй байна. Урьд нь байсан шиг засаглалыг сайжруулах, чанарыг, хамран сургалтыг сайжруулахтай холбоотой гол тулгамдсан асуудлуудыг оруулсан төсөл хэрэгтэй. Өмнө нь мастер төлөвлөгөө байсан уу гэвэл байсан. 1994 онд Засгийн газар, АХБ хамтраад хүний хөгжлийн мастер төлөвлөгөө гаргасан. Энэ мастер төлөвлөгөө боловсролын системийг бүхэлд нь өөрчлөн шинэчлэх, либеральчлах, санхүүжилтийн механизмыг өөрчлөх, хөтөлбөрийн чанар нийцлийг сайжруулахад чухал баримт бичиг болсон юм. Мастер төлөвлөгөө гэдэг үндсэндээ бүх юмыг хамрах биш, тухайн салбарт тулгамдаж байгаа тэргүүлэх ач холбогдолтой асуудлуудыг гаргаж тавиад, тэрийг шийдэх төсөл хөтөлбөрүүдийг санал болгодог онцлогтой. Мастер төлөвлөгөө гараад түүнд санал болгосон олон төсөл хөтөлбөрүүдийн ихэнхийг АХБ, Дэлхийн банк, бусад санхүүжүүлэгчид хэрэгжүүлсэн сайн талтай. Бид нэг удаа Мастер төлөвлөгөөний хэрэгжилтийг яаман дээр гаргаж үзсэн юм. Бусад бодлогын томоохон баримт бичгүүдтэй харьцуулахад боловсролын анхны мастер төлөвлөгөө маш сайн хэрэгжсэн гэж үнэлэгдсэн юм. Дараа нь боловсролын салбарыг 2000-2005 онд хөгжүүлэх стратеги гэдэг баримт бичиг АХБ-тай хамтраад гарсан юм. Бусад бичиг баримттай харьцуулахад цомхон баримт бичиг. Гэхдээ үүнийг дагаад АХБ-ны ялангуяа Боловсролын хөгжлийн хөтөлбөр I,II,III гээд шат дараатай зээлийн төслүүд хэрэгжсэн. Бага, дунд боловсролын сургууль цэцэрлэгийн барилгыг сайжруулах засах хөрөнгө оруулалт энэ рүү чиглэсэн сайн талтай. Дараагийн нэг баримт бичиг нь 2006 онд батлагдсан Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө гэж гарсан. Энэ нь АХБ-ны санхүүжилтээр хийгдсэн юм л даа. Энд анх удаа боловсролын салбарын хамран сургалтын байдал, чанар менежментийн асуудлыг тавьсан. Энд маш олон тоон үзүүлэлтүүдийг тавьсан. Жишээлбэл 2015 он гэхэд бүх шатны хамран сургалт тэд болно. Оюутны тоо нь тэд байна гээд тоон зорилтууд асар их тавигдсан. Яг тэргүүлэх зорилтот асуудал юу байгаа нь төдийлөн сайн харагдаагүй. Тодорхой төсөл хөтөлбөр санал болгоогүй. Тийм болохоор доноруудын хувьд энэ мастер төлөвлөгөөг авч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй тал гарсан болов уу гэж би боддог. Нөгөө талаас тоон зорилтууд тавьчихаар амьдрал баян юм чинь зарим тоон зорилт нь хоёр, гуравхан жилийн дотор биелэчихсэн. Мэргэжлийн боловсрол дээр суралцлагчдын тоог 57 хувь өсгөнө гэсэн чинь хоёр, гурав дахин өсчихсөн байх жишээтэй. Гэхдээ энэ бол чухал баримт бичиг болоод явсан.

Ямар ч мастер төлөвлөгөөгүйгээр бүгдээрээ хэлэлцэж ойлголцож байгаад хэдэн асуудлыг төр засаг, нийгэм, дээд боловсролынхон яам бүгд нийлж байгаад шийдмээр байна. Нэгдүгээрт Улаанбаатарт дээд боловсролын сургуулиуд ихэнхи нь төвлөрч байна. Үүнийг ямар нэг байдлаар шийдмээр байна.

Хоёрдугаарт багш, ажилтнууд төрийн өмчийн сургуулийнхан төрийн үйлчилгээний албан хаагчид гэдэг статустай одоо хүртэл явж байгаа. Үүнийг болихгүй бол цалин хөлс, маш их юманд садаа болж байна. Үүнийг өөрчлөх ёстой.

Бас нэг юм бий. Дээд боловсролын байгууллагын бие даасан хараат бус байдлыг эрдмийн эрх чөлөөг улс төрийн нөлөөнөөс яаж ийж байгаад салгамаар байна. Энэ бидний толгойн өвчин. Үүнийг шийдэхгүйгээр дээд боловсрол хөгжих боломжгүй. Дээд боловсролын санхүүжилтэнд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Гэхдээ улсаас шаардлага хангаж байгаа их дээд сургуульд суралцаж байгаа бүх хүнд дээд боловсрол эзэмшихэд нь тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Үүнийг шийдэж болно. Бас нэг зүйл. Дээд боловсролын хүрээнд хийгдэх судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Үүнгүйгээр их дээд сургууль хөгжихгүй.

Categories
мэдээ цаг-үе

МҮОНТ-ээр яривал хууль зөрчдөггүй, бусад хэвлэл мэдээллээр ярьж, бичвэл нууц задруулсан болно гэдэг нь чөлөөт хэвлэлийг дорд үзсэн хэрэг

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой улсын нууцад хамааруулсан зарим баримтыг олон нийтэд ил болгох тухай бичгийг Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад хэдхэн хоногийн өмнө явуулсан.Үүний дагуу С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэрэгт холбоотой баримт бичигт төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрчээ. Тэгвэл уг зөвшөөрлийн хүрээнд өчигдөр буюу энэ сарын 22-ны МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн, С.Зоригийн хэрэгтэй холбоотой ярилцлага өгсөн юм. Тодруулбал, тэрээр ярилцлагынхаа эхэнд “Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн нууцын зэрэглэлд хамруулсан хэрэг материалаас тодорхой баримтыг нууцын зэрэглэлээс гаргах зөвшөөрлийг олгосон байгаа. Тэгэхээр би өнөөдөр таны асуусан асуултад энэ хэргийн нууцын зэрэглэлээс гаргасан тодорхой баримт сэлтийг дурдаж, хариулах ийм боломж олдож байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр үүний дагуу дараахь хариултыг би танд өгөх боломжтой. 18 жилийн дараа энэ хэрэг яагаад илэрсэн бэ гэж байна. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэмт хэрэг гарснаас хойш мөрдөн байцаалтын ажиллагааг Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтарч явуулсан.

Энэ ажиллагааны үр дүнд маш олон нотлох баримтад тулгуурлан 2015 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс яллагдаад байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр гэнэт илэрсэн биш 18 жилийн хугацаанд шалгаж, цуглуулсан нотлох баримт, мөрдөн байцаалтын үр дүн өнөөдрийн цаг хугацаатай давхцаж байгаа ийм л байдал юм” хэмээн сэтгүүлчийн “Яагаад 18 жилийн дараа гэнэт хэрэг илрэх болов” гэсэн асуултад хариу өгөв. Ингээд үүний дараагаар тухайн хэргийн нууцын зэрэглэлээс гаргасан гэх С.Зориг агсны гэргий Б.Булганы хэрэгтнүүдийг дүрсэлсэн аман зургийн эх хувилбарыг, яллагдагч нар хэргээ хүлээсэн тухай дөрвөн видео бичлэг зэргийг дэлгэв.

Эдгээр зураг, бичлэгүүдийг МҮОНТ-ээс бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацвал нууц задруулсан хэрэгт орж хуулийн хариуцлага хүлээнэ гэлээ

Хамгийн гол нь энэхүү мэдээллийнхээ төгсгөлд Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн нэгэн мэдэгдэл хийсэн нь ардчиллын дархлаа болсон хэвлэл мэдээллийн эрхэнд бүдүүлгээр халдсан зүйл боллоо. Тодруулбал, Ж.Сандагсүрэн “Хэдийгээр бид нууцын зэрэглэлээс гаргаж байгаа тодорхой баримтуудыг дэлгэж байгаа ч гэсэн энэ баримтууд маань өөрөө хэрэг бүртгэх мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулах, ил гаргах, цааш түгээх тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай учраас цаашаа дамжиж задрах тохиолдолд хуулиар хориотой гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй” гэв. Энэ мэдэгдэл нь үнэндээ хэвлэл мэдээллийнхнийг гайхшруулахад хүрэв. Энэ мэдээллээр бол зөвхөн МҮОНТ-ээр цацна бусдаар нь болохгүй гэж хэнд ч шууд ойлгогдохоор байна. Учир нь нийслэлийн прокурорын ийм өндөр албан тушаалтан тодорхой хэд хэдэн баримтуудыг орон даяар олон нийтийн телевизээр видео бичлэг, зураг хөрөгтэй нь цацсан хэрнээ бусад хэвлэл мэдээллийнхнийг цааш энэ тухай ярьж, бичихийг хориглоно гэж хэлдэг нь ямар учиртай юм бэ. Энэхүү мэдээлэл Youtube хуудсанд хүртэл тавигдсан бөгөөд маш олон мянган хүн үзээд байна. Тэгэхээр бас YouТube-ийг хуулийн хариуцлагад татна гэсэн үг үү. С.Зоригийн хэрэг олон нийтийн анхааралд бий.Тиймээс Монголын бүх л хэвлэл мэдээллийн хэрэгсэл тухайн сэдвээр шинэ бүхнийг мөн л алдалгүй уншигч, үзэгчдэдээ хүргэхийг хүсч байгаа. Гэтэл ганцхан МҮОНТ-ээр тухайн нууцын зэрэглэлд багтах баримт сэлттэй мэдээллийг дэлгэрэнгүй хүргэчихээд бусдыг нь хавьтуулсангүй, хариуцлага хүлээлгэнэ хэмээн сүржин дарамт хийж, илт доромжиллоо.

Энэ мэдэгдэл нь нийт сэтгүүлчдийн үзэг, дэвтрийг булааж, телевизийнхний камер, микрофоныг хурааж авсантай агаар нэг юм. Гэтэл ардчилсан сэтгүүлзүйн үнэт зарчим нь иргэдэд цаг үеийн мэдээ мэдээллийг цаг тухайд нь үнэн бодитойгоор, шуурхай хүргэх юм шүү дээ.

Гэмт хэргийг үйлдэгч тухайн үед С.Зоригийн эхнэр Б.Булганыг ариун цэврийн өрөөнд ингэж амыг нь дарж хүлсэн гэх мэдүүлгийн бичлэгээс

ТУХАЙН ПРОКУРОР НЬ “ЦАГИЙН ХҮРД-ЭЭР МЭДЭЭЛЭЛ ХИЙХДЭЭ ЭХЛЭЭД ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХЭЛЭХ ЁСТОЙ БАЙСАН

Үнэхээр нэг телевизээр цацчихсан мэдээллийг бусад нь түгээх тохиолдолд эрхийг нь хуулиар хязгаарласан байдаг гэж үү? Энэ талаар Монголын хуульчдын холбооны хуульч, судлаач Л.Галбаатараас тодрууллаа.


-мүонТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр өчигдөр Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн С.Зоригийн хэрэгтэй холбоотой нууцын зэрэглэлд хамрагдах баримтыг дэлгэсэн. энэ үеэрээ энэхүү нууцын зэрэглэлд багтсан мэдээллийг мүонТ-ээс бусад мэдээллийн хэрэгслүүд цааш түгээвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн утга бүхий мэдэгдэл хийсэн. хуульд ийм ялгаварласан зүйл заалт байдаг юм уу?

-Миний ойлгосноор, “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт Нийслэлийн прокурорын газрын хэлтсийн дарга тодорхой гэмт хэрэгтэй холбоотой зарим баримт, мэдээллийн талаар ярьсан байна. Ингэхдээ прокурорын ярьсан баримтыг прокурор, шүүхийн зөвшөөрөлгүйгээр задруулах, түгээх хориотой, тийнхүү задруулсан буюу түгээсэн бол хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай гэж ярьжээ. Энэ нь эрүүгийн хэргийн мэдээ баримтыг задруулахтай холбоотой эрх зүйн асуудал ярьсан гэж ойлгогдож байна.

Эрүүгийн хуулийн 257.1-т хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэргийн мэдээ баримтыг задруулсан бол хуулийн хариуцлага тооцох тухай заасан байдаг. Ингэхдээ эрүүгийн хэргийн мэдээ баримтыг задруулсан гэдэгт тухайн мэдээ баримтыг задруулахгүй гэж үүрэг хүлээсэн буюу гарын үсэг зурсан этгээдийн зүгээс хариуцлага хүлээнэ гэсэн үг. Товчхондоо гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, мөрдөн байцаалт явуулахад байлцсан хүмүүст хамааралтай.

Өөрөөр хэлбэл, прокурорын нийтэд мэдэгдсэн мэдээ, баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтэд мэдээлэх нь Эрүүгийн хуулийн 257 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 189 дүгээр зүйлийн зохицуулалттай зөрчилдөхгүй байна.

Хууль тогтоомжоор аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан үйл явдлын мэдээг бусад нь мэдээлэхэд ялгаварласан зүйл болохгүй. Бүгд мэдээлэх эрхтэй.

-Энэ хүнийхээр бол бусад хэвлэл мэдээллийнхэн чимээгүй байх ёстой юм шиг. угтаа бидний хэвлэн нийтлэх эрх ашиг зөрчигдөж байна шүү дээ?

-Нөгөө талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэгтэй холбоотой мэдээ, нийтлэлийг олон нийтэд хүргэхтэй холбоотой харилцааг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зохицуулсан.

Энэ хуулийн 11.1-т “Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь гэмт хэргийн тухай мэдээлэл хийхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан нөхцөл, хор холбогдлыг олон түмэнд таниулах, сэрэмжлүүлэхийг гол зорилго болгоно”, 11.5-т “Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхийг хориглоно” гэж заасан.

Энэ нь прокурорын зөвшөөрснөөр, түүний бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдсэн мэдээ баримтыг аль ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтэд мэдээлэх, түгээхтэй харшлахгүй.

Прокурорын ярьсан зүйл нь эрүүгийн хэргийн мэдээ баримттай танилцсан хүмүүст л илүү хамааралтай л даа. Гэхдээ мэдээллийг цааш түгээх гэж хэлснээрээ бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудад хориг тавьсан мэт ойлгогдож байна.

Нөгөө талаар Эрүүгийн хуульд “өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийх”-ийг гэмт хэрэгт тооцсон.

-Түгээж болохгүй юм бол Youtube-тэй бас хариуцлага тооцох уу. олон мянган цахим хэрэглэгч, уг мэдээллийг нь түгээж байгаа жиргээчдэд хариуцлага тооцох уу бас?

-Нэгэнт нийтэд ил болсон мэдээ баримтыг бусад этгээдийн зүгээс аливаа хэлбэрээр, тухайлбал интернэт дэх дүрс бичлэгийг түгээх, хуваалцах нь холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөхгүй. Дашрамд хэлэхэд, Youtube, Facebook, Twitter гэх мэт сувгуудын хувьд тухайн нэг улсын хууль тогтоомжийг хүндэтгэн үздэг бөгөөд өөрийн гэсэн дүрэм, журамтай байдаг. Youtube-ээс бичлэг устгуулах зэрэг асуудал нь түүний өөрийн дүрэм, журмаар зохицуулагддаг.

Дахин тодотгоход, прокурорын зүгээс үндэсний телевизээр эрүүгийн хэргийн зарим мэдээ баримтын тухай ярьсан нь зөвхөн прокурорын зөвшөөрснөөр, прокурорын бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж байгаа хэлбэр гэж ойлгогдож байна. Харин тухайн прокурор “Цагийн хүрд”-ээр тодорхой мэдээ баримт ярихын өмнө прокурорын зөвшөөрлийг танилцуулах, үүнтэй холбоотой хуулийн зохицуулалтыг дэлгэрэнгүй ярих нь зүйтэй байжээ.Үүгээрээ тухайн хүн буруу ойлголт төрүүллээ гэв.

Үүнээс гадна хуульч, өмгөөлөгчид дээрх мэдээллийг хэтэрхий нэг талыг баримталсан төдийгүй хэрэг шийдэгдээгүй байхад зөвхөн яллагч талыг баримталж ярилаа гэх шүүмжлэл ч байна.

Д.СҮРЭН