Categories
мэдээ спорт

“Дэрэн” баг аваргаллаа

МХБХ-ны футзалын ордонд энэ сарын 22-нд эхэлсэн залуучуудын футзалын УАШТ найман өдрийн турш үргэлжилж шилдгүүдээ тодруулахад “Дэрэн” баг аваргаллаа.

“Арвис”, “Сэлэнгэпресс” багууд хүрэл медалийн төлөө тоглож “Арвис” клуб өрсөлдөгчөө 13:5-аар илүүрхэн хожиж, хүрэл медалийн эзэд болсон юм. Харин аваргын төлөөх өрсөлдөөнд “Дэрэн”, “Монголын тэмүүлэл” багууд тоглов.

Залуучуудын футзалын шигшээ багийн тоглогчдоос бүрдсэн хүчирхэг багуудын тоглолт нэн сонирхолтой өрнөж, эхний хагас 1:1-ээр өндөрлөлөө. Шийдвэрлэх үед “Дэрэн”-гийн шилдэг хослол А.Тэмүүжин хоёр, Б.Баттулга гурван гоол оруулснаар багтаа ялалт авчирлаа.

“Монголын тэмүүлэл” клубын шигшээ багийн тоглогчид болох Т.Ууганбаяр, Г.Цолмонбаатар, Э.Энх-Орчлон нар тус бүр нэг гоолыг оруулсан ч 7:4-өөр ялагдлаа. Мөн “Дэрэн” клуб болон 20 хүртэлх насны футзалын шигшээ багийн шилдгүүд болох Б.Баттулга шилдэг тоглогч, А.Тэмүүжин шилдэг довтлогчоор тус тус шалгарлаа. Тэмцээний шилдэг хаалгачаар “Монголын тэмүүлэл” клубын Г.Эрдэнэбаяр, шилдэг шүүгчийн шагналыг Э.Галбадрах хүртсэн юм.

Дашрамд дуулгахад, ирэх тавдугаар сард Ази тивийн 20 хүртэлх насны залуучуудын АШТ-д энэ тэмцээнээс шалгарсан шилдгүүд оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт ажлын байрны нээлттэй өдөрлөг боллоо

Өмнөговь аймагт ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулснаар 599 ажлын сул орон тоонд 987 хүнийг бүртгүүлсэн байна.

Уг өдөрлөгт тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 53 компани оролцжээ. Дээрх аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт 5000-аас доошгүй ажлын байрыг бий болгож, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ хэмээн тусгасан. Мөн тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанийн ажилчдын 50-иас доошгүй хувийг Өмнөговийн иргэд эзэлдэг болгох гэсэн 2015 оны аймгийн ИТХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор энэ сарын 28-нд “Ажилтай иргэн-орлоготой өрх” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг Даланзадгадад зохион байгуулж 599 сул орон тоонд 987 иргэнийг бүртгэжээ.

Энэхүү нээлттэй өдөрлөгт 11000 гаруй иргэн ирсэн байсан бөгөөд ихэнх нь 30-35 насных байв. Ажилд орох нь сайхан ч тэр нь өдрийн од шиг цөөхөн байна. Ажлын байрны шалгуур хэт өндөр, уурхайн компаниуд өдөрлөг эхлэхэд иргэдээ бүртгэчихсэн, анкет байхгүй зэрэг асуудал үүсгэж байсанд иргэд бухимддалтай байгаагаа хэлж байлаа. Анх удаа зохион байгуулагдаж буй тул алдаа, оноотой зүйл бий. Тиймээс дараа жилүүдэд илүү боловсронгуй болгон зохион байгуулж, ямарч байсан 5000-аас доошгүй ажлын байрыг бий болгоно гэдгээ аймаг орон нутгийн удирдлагууд онцолж байлаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн бирж 23 компанийн 87 431 ширхэг хувьцаа арилжив

Хөрөнгийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 23 компанийн 87 431 ширхэг хувьцаа арилжсанаас найман компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. “Хай Би Ойл” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 6.06 хувиар өссөн бол “Их барилга” компанийн ханш хамгийн өндөр буюу 12.07 хувиар уналаа.

Мөн өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 50 ширхэг үнэт цаасыг 4 сая 253 мянган төгрөгөөр арилжсан байна.

Ингэснээр “MSE ALL” индекс 817.44 нэгж болж 0.06 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 418 тэрбум 83 сая 230 894 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн 200 автобусанд хөдөлгөөнт камер байрлуулжээ

Нийтийн тээврийн 200 автобусанд зурган илэрцүүд

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн алба, Нийслэлийн тээврийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж, байгууллагууд хамтран хөдөлгөөнт хяналтын камеруудыг ажилуулж эхэллээ.

Камеруудыг эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг нийт 900 гаруй том оврын автобусны 200 автобусанд байрлуулаад байна. Цаашид нийт автобус болон такси үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүдэд байршуулах төлөвлөгөөтөй ажиллаж байгаа аж.

Уг хяналтын камерийн тусламжтайгаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснууд болон бусад хөдөлгөөнд оролцож яваа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд хяналт тавихаас гадна гаргасан зөрчлийг баримтжуулан хариуцлага тооцох юм.

Categories
мэдээ нийгэм

Номоо солилцсон эхний 200 хүн гарын бэлэгтэй

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1 дүгээр сараас эхлэн амжилттай зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн өдөрлөгийг үндэсний шилдэг бүтээгдэхүүн “Шар доктор” болон “Интерном” номын дэлгүүр дэмжин ажиллаж байгаа бөгөөд номоо солилцохоор хүрэлцэн ирсэн эхний 200 хүнд бүтээгдэхүүн, номын бэлэг бэлдээд байна. Мөн хамтран зохион байгуулагчаар “Positive mind” ТББ, “Hello UB” ТББ ажиллаж байгаа юм. Эрхэм уншигч та бүхнийг дөрөвдүгээр сарын 1-н буюу ирэх бямба гарагийн 12.00-14.00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоор солилцохыг урьж байна гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Оффшорын эсрэг” нэгдсэн хөдөлгөөн байгуулснаа зарлав

Өнөөдөр хэд хэдэн улс төрийн намууд болон 30 гаруй Төрийн бус байгууллагууд нэгдэн “Офшорын эсрэг” нэгдсэн хөдөлгөөн байгуулжээ.

Офшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөнийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун“Бид нэгдэж Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндэсний Аюулгүй Байнгын Зөвлөлийг яаралтай хуралдуулах шаардах бичиг хүргүүлж офшорт нуусан хулгайн мөнгийг эргүүлэн татаж, улсынхаа ядарсан эдийн засгийг тэтгэх талаар бодитой үйл ажиллагаа явуулахыг шаардсан боловч өнөөг хүртэл ямар ч хариу өгөөгүй байна.

Иймд 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 12.00 цагт Д.Сүхбаатарын талбай дээр энэхүү Шаардах бичгийнхээ хариуг авахаар ард түмний тайван жагсаалыг зохион байгуулахаар бид шийдвэрлэлээ. Иргэдийг энэхүү жагсаалд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

ОУХБ-ын төлөөлөгчийг хүлээн авч уулзав

МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан захирал Тим Дэ Мэйэрийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр, Монгол Улсын хөдөлмөрийн хяналтын тогтолцоог сайжруулахад мэдлэг, туршлагаа хуваалцахын зэрэгцээ өмнөх яриа хэлэлцээгээ ажил хэрэг болгохоор ирсэнд талархал илэрхийлэв.

Мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэхээр зөвлөгөө өгөх, соён гэгээрүүлэх, эрсдэлийг үнэлэх үйл ажиллагаа явуулж байгаа талаар онцоллоо.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан захирал Тим Дэ Мэйэр “Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах хяналтыг олон улсын жишигт хүргэхээр мэргэжлийн хяналтын байгууллагаас явуулж буй бодлогыг ОУХБ-ын зүгээс сайшааж байгаа”-г дуулгаад цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдэгт найдаж байна гэв.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Г.Ганболд итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальдив Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболд тус улсын Ерөнхийлөгч Абдулла Яамин Абдул Гаюумд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Мальдив Улсын Ерөнхийлөгчийн ордны “Газий” ёслолын танхимд болсон Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд тус улсын Гадаад хэргийн сайд др.Мохамед Азим, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн сайд Мохамед Насир, ГХЯ-ны Ёслолын газрын захирал Мохамед Шахуди болон албаны бусад хүн байлцав.

Мальдив Улсын Ерөнхийлөгч Абдулла Яамин Абдул Гаюум Элчин сайд Г.Ганболдын Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсны дараа Элчин сайдтай найрсгаар ярилцав. Элчин сайд Г.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг түүнд уламжилж Монгол, Мальдивын найрсаг харилцаа, хоёр болон олон талт хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Шинэ загварын “Galaxy S8”-г танилцууллаа

“Samsung Electronics” компани өөрийн Galaxy цуврал бүтээгдэхүүний нэг болох шинэ “Galaxy S8” ухаалаг гар утсаа хэрэглэгчдэд танилцууллаа. Энэхүү шинэ загвар нь урьд өмнө гаргаж байгаагүй “Bixby” гэдэг дуу хоолойг таниж хөрвүүлэх систем бүхий шинэ үеийн технологи ашигласан мөлчгөр гялалзсан загвартай юм.

Энэ шинэ бүтээгдэхүүн нь дээд зэргийн чанарын шил болон металлаар хийгдсэн хоёр хувилбараар гарах ба нэг нь спорт загварын 5.8 инчийн дэлгэцтэй, нөгөө нь түүнээс том 6.2 инчийн дэлгэцтэй байх аж.

Аль аль нь Супер AMOLED буюу өнгөний нягтрал сайтай дэлгэцтэй байх ба огт хүрээгүй байх юм. Үүгээрээ “Galaxy S7” ухаалаг гар утаснаас ялгаатай бөгөөд хавтгай эсвэл нумарсан дэлгэцгүй гэсэн үг.

“Galaxy S7”-той харьцуулахад “Galaxy S8” цуврал нь арай илүү урт, арай нимгэн юм. Нүүрэн талын хуруу мэдрэгчийн үүрэг гүйцэтгэж байсан Home товчлуурыг байхгүй болгосноор дэлгэцийг илүү том харагдуулж байна. Хуруу мэдрэгчийг утасны ард талд нь байрлуулснаар Home товчлуур ил харагдахгүйгээр хэрэглэгчийн хурууны даралтыг мэдэрч идэвхжих ажээ.

Энэхүү шинэчлэл нь дэлгэцийг илүү цэгцтэй харагдуулж, тоглоом тоглож, бичлэг үзэх дуртай ухаалаг утас хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлнэ гэж ажиглагчид үзэж байна.

Galaxy S8 болон Galaxy S8 Plus-гар утаснуудад салдаггүй 3,000 mAh болон 3,500 mAh-ын зайг суулгасан нь аюулгүй байдлын үүднээс батарейны хүчин чадлыг нэмэхээс “Samsung” татгалзаж байгааг харууллаа.

Дахин цэнэглэх үед гал авалцаж байсны улмаас “Galaxy Note 7”-г зах зээлээс эргүүлэн татаж, үйлдвэрлэхийг бүрмөсөн зогсоож байсан юм. Note 7 нь 3,500 mAh-ын хүчин чадал бүхий батарейтай байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Вокзалд хоног төөрүүлж байсан эмэгтэйд иж бүрэн гэр бэлэглэжээ

Г.Цагаандарь гэх нэгэн эмэгтэй хоёр охины хамт амьдрах газаргүй болж Толгойт өртөөний вокзалд хоног төөрүүлж байгаа тухай зарим хэвлэлээр мэдээлсэн.

Уг эмэгтэйд “Хужирт Эко гэр” ХХК-ийн захирал Ж.Уранмандах таван ханатай иж бүрэн шинэ гэр бэлэглэхээр болжээ. Мөн “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ түүнд туслах сайн санааны аяныг эхлүүлсэн байна.

2016 оны есдүгээр сард Г.Цагаандарь нь бөөрний усжилттай болж эмнэлэгт хэвтсэний дараа нөхөр нь өвчтэй гэдгийг сонсоод хоёр охиноо орхиод гэрээ ачаад зугтсан тухай тэрбээр хэвлэлд ярилцлага өгчээ. Түүнээс хойш айлаар хонож өдийг хүрсэн аж.