Categories
мэдээ цаг-үе

Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиог иргэд ер тоосонгүй

Өчигдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарлаа. 2011 онд Засгийн газар тогтоол гаргаснаас хойш дуут дохиог жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гаригт дуугаргадаг уламжлал тогтоод байгаа юм. Дуут дохионы үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах ёстой байдаг. Нийслэлийн хоёрдугаар сургуулийн гадаа очиход сурагчид толгой дээрээ цүнх, номоо тавиад гүйлдэж гарч ирлээ. Багш нар нь хүүхдүүдээ хариуцаад хаана яаж зогсохыг заана. Зарим сурагч “Тийм ээ, хичээл цонхоллоо. Үдээс хойших хичээл орохгүй, гоё оо” хэмээн гүйж харайн хөөцөлдөхөд багш нар нь жагсаалдаа орж толгой дээрээ цүнхээ барихыг сануулна. Сурагчдаас чухам юу хийж байгааг нь, яагаад толгой дээрээ цүнх, номоо барьсныг нь асуувал “Газар хөдөлж байгаа болохоор цүнхээ толгой дээрээ тавьж байгаа юм”, “Газар хөдлөх үед биднийг ингэж толгойгоо хамгаалаарай гэсэн. Бид сургуулиас гарч ирэхээсээ өмнө дохио дуугарангуут ширээн доогуураа орсон”, “Газар хөдлөхөд ингэж хамгаалах ёстой гэсэн” хэмээцгээж байлаа. Энэ үеэр сургуулийг бүгд орхин гарсан ч дотор сурагч, багш нар үлдсэн тохиолдолд тэднийг хэрхэн аврах ёстойг үзүүллээ. Гамшгийн үед авран хамгаалах ажлыг хэрхэн хийх талаар сургалтад сууж мэдлэгтэй болсон багш, ажилтнууд баг болж ажиллаж сургууль дотор үлдсэн хүмүүсийг гаргаж ирлээ. Тэд дотогш орохдоо фэйсбүүкээр лайв бичлэг хийж хүмүүсийг хэрхэн эрж олж аваад үүрч гарч ирж байгааг том дэлгэцээр шууд харууллаа. Тус сургуулийн сургалт хариуцсан ажилтан Б.Туяатай уулзахад “Манай сургуулийн хоёрдугаар ээлжинд хичээллэдэг 22 бүлэг, 103 багш, захиргаа аж ахуйн 34 ажилчин, 775 сурагч аюулгүй байдлыг хангаж гадаа гарч жагслаа. Мөн аюултай бүсэд үлдсэн иргэдийг олж эмнэлгийн анхны тусламж үзүүллээ. Уг арга хэмжээнд 103 багш, захиргаа аж ахуйн 34 ажилчин 775 сурагч хамрагдлаа” гэсэн мэдээлэл өгсөн юм. Гадаа салхилж суусан ахмад настай хүмүүс “Энэ чинь түгшүүрийн дохио юу даа” хэмээн ойр зуураа ярилцана. Харин залуу хүмүүсийн хувьд гамшгийн дохио дуугарч байгааг ерөөсөө анзаарсан шинж алга. Зарим хүмүүс сургуулийн хашааны цаанаас “Эд юу хийгээд бужигнаад унав даа” гэсэн янзтай гайхан зогсох аж. Бага ангийн сурагчдыг сургуулиас нь авах гэж үүдэнд нь зогссон эцэг, эхчүүдийн хувьд гамшгийн дохиог тоож байгаа янз алга. Сургуулийн үүд нээгдэхийг хүлээж хаалган дээр багширч байв.

Сүхбаатарын талбайд очиход хөл хөдөлгөөнтэй байлаа. Онцгой байдлынхан, түргэн тусламж, ус суваг, цахилгаан түгээх сүлжээ, аврах анги, халдварт, хорио цээрийнхэн гээд олон байгууллагынхан хэдийнэ ирчихсэн байлаа. Газар хөдлөлтийн үед үзвэр үзэж байсан иргэдийг тухайн орчноос хэрхэн гаргаж, яаж аврах талаарх сургалт үзүүлж байлаа. Хүчтэй газар хөдлөлт Соёлын төв өргөөний орчимд их хүчтэй мэдрэгдсэнээс тус өргөөний урд хэсэг бүрэн нурж, цахилгаан тасарч, цэвэр бохир ус хальж үзвэр үзэж байсан 100 орчим иргэн танхимаас гарах боломжгүй хашигдаж, дарагдсан нөхцөл үүссэн хэмээн төсөөлж аврах үйл ажиллагааг явуулж байлаа. “Соёлын төв өргөө”-ний газар хөдлөлтийн гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, түр байршуулах байрыг хэрхэн байгуулах схемийг томоор харуулж өлгөсөн байв. Мөн гал түймрийг унтраах, хүн, хүч, техник хэрэгслийг байрлуулсан схем зургийг ч өлгөжээ.

Дотор байсан иргэдийг аюулгүй газар буюу Сүхбаатарын талбайд гаргаж ирэв. Нэг иргэн газар хөдлөлтийн нуралтаас болж нуруундаа хүнд гэмтэл авсан учир түүнийг тусгай хэрэгсэл ашиглан хоёрдугаар давхрын цонхоор буулгаж ирлээ.

Түргэн тусламжийн эмч нар нэн даруй анхан шатны тусламж үзүүлж түргэний машин аваад явчихав. Газар хөдлөлтийн үеэр цэвэр, бохир усны шугам эвдэрч, тог цахилгаанд асуудал үүсдэг. Тиймээс гамшгийн үед зөвхөн Онцгой байдлынхан л ажилладаг гэж ойлгож болохгүй юм. Хүн гэмтлээ гэхэд эмч нар түргэн тусламж үзүүлнэ, тог цахилгаанд масс үүсвэл цахилгаан түгээхийн инженерүүд нэн даруй цахилгааныг нь салгаж хэрэгтэй арга хэмжээ авдаг бол ус сувгийнхан бохир, цэвэр усны шугам хоолойг засч, халдвартын ажилтнууд ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Ийм маягаар байгууллагууд маш нарийн уялдаа холбоотой ажиллах ёстойг энэ үеэр харуулж байлаа. Гамшиг ослыг далимдуулаад зарим этгээд хулгай дээрэм хийх тохиолдол гардаг юм байна. Ийм зүйл тохиолдож болзошгүйг иргэдэд сэрэмжлүүллээ. Нэгэн этгээд зурагт хулгайлахыг завдсаныг хэв журам сахиулах албаныхан илрүүллээ. Гамшгийн үеэр иргэдийг бүртгэхэд хоёр иргэн алга байлаа. СТӨ-нд үйлчлэгчээр ажилладаг, 47 настай Д, урлагийн тоглолт үзэж байсан оюутан, 20 настай Б нар алга болсон байлаа. Тэднийг эрэн сурвалжлахад Д нь гамшиг болохоос өмнө дэлгүүр орохоор ажлаас түр гарч явж байсныг харсан хүн байсан бол оюутан Д гамшгаас зугтаж арын хаалгаар гарч аюулгүй газарт очсон байсныг тус тус тогтоосноо зарлалаа. Энэ мэтээр гамшиг ослын үед аврах ажиллагаа, эрэн сурвалжлах ажиллагааг хэрхэн явуулдгийг бас ямар болзошгүй зүйл болдгийг сэрэмжлүүлэх үүднээс ийнхүү үзүүлэх сургалтаар харуулсан юм.

Гал унтрааж, цахилгаан, шугам сүлжээг аюулгүй болгосны дараа гамшигт өртсөн иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа боллоо. Гамшиг ослын үед аюулгүй газарт хүргэх унаа тэрэг ирэхэд хоорондоо уралдаж, тэмцэлдэж бөөн шуугиан болдог. Иргэдийг аль болох тайван амгалан байж автобусандаа суухыг, суудал хангалттай байгаа учир яарч тэвдэхгүй байхыг сануулж байлаа. Бэлх зах дээр иргэдийг байршуулах байр, явуулын эмнэлэг барьж бэлдсэн бөгөөд гамшигт өртсөн иргэдийг автобусаар тийш авч явсан юм. Гамшгийн сургалтын үед иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа нь анхны тохиолдол болж буйг Штабын дарга, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж хэлж байлаа.

Сургалтыг харж зогссон иргэд “Ёстой үнэмшилтэй юм. Яг гамшиг болчихсон юм шиг л харагдлаа. Хүмүүс шуугилдаад аврагчид хүмүүсийг зөөгөөд гал унтраад ёстой сүртэй юм боллоо”, “Гоё л юм үзчихлээ. Гэхдээ муу ёртой ч юм шиг санагдчихлаа”, “Үнэхээр гамшиг осол болбол мэдлэгтэй л байхгүй бол хэцүүхэн л юм болдог бололтой. Ямар азаар бид амгалан оронд төрчихсөн юм бэ” гэцгээж байлаа. Зарим иргэд ийм сургалтыг албан байгууллагуудад цувралаар зохион байгуулж байх хэрэгтэй юм, дуут дохионы аппаратыг нийслэлийн бүх дүүрэгт аль болох олон тоогоор байршуулахгүй бол захдуу газар, эсвэл том барилгуудад сонсогдохгүй байна гэхчилэнгээр санал бодлоо илэрхийлж байв. Улаанзагалмай нийгэмлэгийн гишүүд ч энэ үеэр гамшиг ослын үеэр иргэд яаж өөрийгөө аврах ёстойг, багаж хэрэгсэл, өмсгөлийг яаж өмсөхийг зөвлөж байлаа.

Гамшиг ослын үзүүлэх сургалт болж байгааг мэдээгүй иргэд “Соёлын төв өргөө шатаад байхад яагаад унтраахгүй байгаа юм. Манайхан ийм ш дээ. Зам талбай нь бөглөрчихсөн байхад гал командынхан яаж ирэх юм. Соёлын төв өргөө шатаад дууслаа ш дээ” гэж хий л бухимдаж гар утсаараа зураг авч байлаа. Энэ үзүүлэх сургалтын үеэр төв талбайн зүүн талын замын хөдөлгөөнийг хаагаад Соёлын төв өргөөний баруун хойд талд утаа тавьчихсан байсныг иргэд ингэж буруу ойлгосон байлаа.

Уг үзүүлэх сургалтыг харсан иргэд ямартай ч газар хөдөлсөн үед ямар арга хэмжээ авдгийг нүдээрээ үзсэн бол бусад иргэдийн хувьд харин юу ч мэдсэнгүй. Яагаад гэвэл дуут дохио дуугарч байхад түүнийг анзаарч сонсч байгаа хүн байсангүй. Ер нь л тоосон шинжгүй алхацгааж байсан нь харамсалтай. Зарим иргэн “Юу, тийм юм болсон юм уу. Би л лав дуут дохио сонсоогүй” эсвэл “Дуугарч л байсан. Дуугарлаа гээд яах вэ дээ” гэсэн байр суурьтай байлаа.

XI хорооллын оршин суугч, өндөр настан Т.Сэрээтэр “Дээр үед ийм гамшгийн дохио сонсоод бид чинь сүнсээ зайлтал айдаг байлаа. Ээжүүд нь үр хүүхдээ хөтлөөд хорт хийн баг зүүгээд хоргодох байр руу гүйдэг байлаа. Миний хувьд сая дуут дохиог эхлээд анзаараагүй юм. Сургуулийн хүүхдүүд гүйлдэж гарч ирэхээр нь сургуулилт болж байгаа юм байна гэж бодлоо. Ер нь хүнд сэрэмж хэрэгтэй. Аливаа улс орон юуны ч өмнө бэлэн л байх ёстой. Ийм сургалтыг үе үе явуулж байхгүй бол ийм дуут дохиог сонсоогүй хүүхдүүд их байх шиг байна” хэмээсэн юм. Гамшиг ослын үзүүлэх сургалтын үеэр Соёлын төв өргөөний дэд дарга, дуучин Б.Сарантуяатай уулзахад ийм төрлийн сургалтыг тогтмол явуулж байх нь зүйтэй. Манай мэргэжлийн албад ямар чадварлаг, хурдан шаламгай байгааг сургалтын үеэр харснаа хэлсэн юм. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сараас энэ албыг аваад шинэ он гарангуут Онцгой байдлын албаныхантай хамтарч ажилчдадаа гамшиг ослын үед хэрхэн ажиллах сургалтыг хэд хэдэн удаа явуулсан юм байна. Ажилчид нь өмнө нь сургалтад сууж тодорхой хэмжээний мэдээлэлтэй болчихсон байсан учир өчигдрийн болсон үзүүлэх сургалтын үеэр үзэгчдээ аль болох сандраахгүй, өөрсдөө ч сандрахгүй бүгдийг нь гадагш аюулгүй гарахад нь тусалсан байна. “Соёлын төв өргөө бол Сүхбаатар дүүргийн томоохон обьектуудын нэг. Өнөөдөр ийм үзүүлэх сургалтыг манай дээр амжилттай зохион байгууллаа. Энэ үзүүлэх сургалтаас надад юу бодогдсон бэ гэхээр манай мэргэжлийн хүмүүс ажилдаа үнэхээр сайн юм байна. Хэрвээ гамшиг осол болвол тэдэнд итгэж болох юм байна гэсэн бодол төрлөө. Мөн байгууллагууд дээр ийм сургалтыг явуулах хэрэгтэй” гэж СТӨ-ний дэд дарга Б.Сарантуяа хэлж байлаа.

Өчигдөр дуугарсан гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио бол иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар хөдлөлт, байгалийн ямар нэг гамшигт бэлэн үү гэдгийг нь шалгасан шалгалт байсан. Гэтэл энд тэнд зохиосон үзүүлэх сургалтыг эс тооцвол үнэндээ Улаанбаатарын иргэд, монголчууд газар хөдлөлтөд бэлэн биш гэдэг нь харагдлаа. Гамшгийн дуут дохио дуугарахад ядаж зогтусаад эргэн тойрноо ажиглаж ойролцоо явж байгаа хүнээсээ юу болоод байгааг асуух ёстойсон. Хэрвээ жинхэнээсээ газар хөдөлбөл гудамжинд явж байсан хүн “Энэ чинь юу болж байна аа. Толгой эргээд газар дайвалзаад явчихлаа. Даралт ихэсч багасаад байна уу даа. Халуун цай ууя даа” гээд цайны газар бараадаж мэдэхээр тийм л хэнэггүй байгаа нь өчигдөр анзаарагдав. Ер нь гамшиг ослын үед ганц ч хүн нурангид даруулж, элдэв зүйлд өртөж нас бардаггүй юм гэдгийг Японы ард түмэн дэлхий нийтэд харуулдаг. Гамшгийн үед хүмүүс чухам юунаас болж амьсгал хураадаг вэ гэхээр гэнэтийн ослоос айж цочсоноос зүрх нь хаагддагтай холбоотой. Гэнэтийн осолд бэлэн биш байсан хүний л зүрх айснаасаа болж зогсдог гэсэн үг. Ингэхээр ерөөсөө л аливаа гамшигт бэлэн байх нь л учирч болох эрсдэлийг бууруулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр 9.9 их наядын төсөвтэй

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар өчигдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Уулзалтад нийслэлийн харьяа газар, агентлагуудын төлөөллүүд болон БОАЖЯ-ны мэргэжилтнүүд байлцаж сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм.

Засгийн газрын энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар баталсан Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр нь таван стратеги зорилт дэвшүүлжээ. 2025 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжих юм байна. Эхнийх нь 2017-2019 он хүртэл, хоёр дахь үе шат нь 2020-2025 он хүртэл нийт 9.9 их наяд төгрөгийн санхүүжилтээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эхний стратеги зорилтод хот төлөвлөлтийг боловсронгуй болгох, төвлөрлийг сааруулах, дэд бүтцийг нэмэгдүүлэх, бохирдлын хэмжээг бууруулах, хүн амын амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх, хүн амын Үндсэн хуульд заасанчлан эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ хэмээн салбарын сайд Д.Оюунхорол онцлов. Тухайлбал, үндэсний хөтөлбөрийн эхний зорилт нь байгаль орчинд ээлтэй үр ашигтай техник, технологийг нэвтрүүлэх замаар бохирдлын эх үүсвэрийг багасгаж түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хязгаарлахад чиглэх ажээ. Харин дараагийн стратеги зорилт нь хот байгуулалт төлөвлөлтийг боловсронгуй болгох, дэд бүтцийн байгууламжийг оновчтой бодлогоор хэрэгжүүлэх, орон нутгийг хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулах юм байна. Мөн утааны хэсгийг бүрдүүлдэг авто тээврийн хэрэгслээс ялгаруулах бохирдуулах бодисыг бууруулахаар тусгажээ. Харин дөрөв дэх зорилтоор агаар орчны бохирдлыг бууруулах, удирдлага зохицуулалт, санхүүжилтийг бүрдүүлэх, хариуцлага урамшууллын тогтолцоог бий болгох аж. Мөн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд сургалт, сурталчилгааны ажлыг түлхүү хийх, хяналтын системийг эрчимжүүлэхэд анхаарах гэнэ.

Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь санхүүгийн асуудал бөгөөд тооцоо судалгааг гаргахдаа нэлээн нарийвчлалтай болсон гэдгийг албаныхан тодотгов.

Тодруулбал, улсын болон орон нутгаас уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд 2.2 хувь буюу 201 тэрбум төгрөгийг гаргахаар төсөвлөжээ. Харин 13.7 хувь буюу 1.5 их наяд төгрөгийг гадны зээл тусламжаас бүрдүүлэх аж. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 650 тэрбум төгрөгийг босгохоор тооцсоноо энэ уулзалтаар танилцуулав.

БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, “Дэд бүтцийн байгууламжийг бий болгох төсөл хөтөлбөрт нэлээн хөрөнгө гарах төсөв гарсан. Тухайлбал, зуны улиралд нийслэлчүүдийн өмнө тулгамддаг цэвэрлэх байгууламжийн үнэрийн асуудлыг шийдэхээр 650 тэрбум төгрөгийн өртгөөр шинэчлэл хийнэ. Нийслэлийн хог хаягдлыг боловсруулах эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрт 350 тэрбум төгрөг, түүхий нүүрсийг халах хийн түлшний үйлдвэрт таван их наяд төгрөгийг төсөвлөсөн. Мөн төвлөрлийг сааруулах ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх чиглэлээр 10 аймгийн төвд байгальд ээлтэй дэвшилтэт технологиор ДЦС барьж байгуулна. Түүнчлэн гэр хороололд байгаа 220 халаалтын зуухыг татан буулгаж, төвлөрсөн халаалтад шилжүүлэх ажилд 91 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Дээрх хөтөлбөрийн хүрээнд 60 үйл ажиллагаа буюу 120 арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэлээ.

Нийслэлийн агаар, орчинг бохирдуулахад нөлөөлж буй хүчин зүйлс болох арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, авто тээврийн захуудыг хотоос нүүлгэн шилжүүлэх, дагуул хотуудыг хөгжүүлэх замаар аж үйлдвэрийн цогцолбор парк байгуулах ажил өрнөнө гэдгийг албаныхан хэллээ. Улмаар гэр хороололд инженерийн дэд бүтцийн байгууламжийг бий болгосноор иргэд амины орон сууцандаа ая тухтай аж төрөх нөхцөл бүрдэх нь ээ. Тодруулбал, 300 айл өрхийг хамарсан 200 инженерийн дэд бүтцийг байгуулахын зэрэгцээ Азийн хөгжлийн банкны гурван сая ам. долларын санхүүжилтээр Монголын нөхцөлд тохирсон ариун цэврийн байгууламжийн жишиг загварыг бий болгох юм байна. Мөн ирэх жилүүдэд шөнийн цахилгааныг тэглэх ажлыг үргэлжлүүлэх бөгөөд байгальд ээлтэй дулаан хадгалах шинэ халаалтын систем худалдан авах нөхцөлийг бүрдүүлэхээр БОАЖЯ, Монголын банкны холбоо, Нийслэлтэй хамтран “Ногоон зээлийн сан”-г байгуулжээ. Эхний ээлжинд Нидерландын Хөгжлийн банкнаас таван сая ам.долларын санхүүжилтийг бүрдүүлж бага хүүтэй зээлийг иргэдэд олгохоор болжээ.

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг олон нийтэд таниулахаар Драгон төв, Зургаан буудлын Оргил төв, Дүнжингарав худалдааны төв, Сансар мега төвд үзвэрийн танхим байгуулах аж.

Улаанбаатарын гэр хорооллын 60 гаруй хувьд нь судалгаа хийхэд тэдний дийлэнх нь байгаа орчиндоо дэд бүтэцтэй болох сонирхолтой байгаа гэнэ. Орон сууцанд амьдрах нь ашиглалтын зардал өндөртэй болохоор иргэдийн хүссэн чиглэл рүү ажиллана гэдгээ албаныхан тайлбарлаж байлаа.

БОАЖ-ын сайд болон Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Агаарын бохирдолтой холбоотой зуух, гэрийн дулаалга гээд олон ажлыг хийж байсан. Гэвч бохирдол буурахгүй болохоор иргэдийн итгэл алдарсан. Харин өнөө жилээс хотын даргын гаргасан бүсчлэл тогтоосон захирамж, цахилгааны шөнийн тариф зэрэг олон арга хэмжээг авлаа. Эхний ээлжинд агаарын бохирдол жилд ямар хэмжээгээр буурах боломжтой вэ?

-Манай Улаанбаатар хот бол дэлхий дээрх хамгийн хүйтэн нийслэлтэй орон. Яг Улаанбаатар хотод шинжлэх ухааны байгууллага, ТББ-ууд дулаан алдагдлын талаар том судалгаа хийсэн. Хэрэв дулаан алдагдлыг бууруулж чадвал өнөөдрийн нүүрсний хэрэглээг 50 хувь бууруулах боломжтой. Он, онд хуваагаад үзэхээр бүхэл бүтэн нэг том дулааны станц барих мөнгийг хэмнэх ач холбогдолтой. Тиймээс гэрийн дулаалга, зуухны асуудал цаашид үргэлжилнэ. Өнөөдөр гэрийн дулаалга, байшингийн хана ямар зузаантай байх зэрэг стандарт огт байдаггүй. Үндэсний хороон дээр яригдаж байгаа зүйл бол орон сууцны хорооллоос бусад газар амьдрах гэж байгаа айлуудад стандартыг тодорхой болгож өгнө. Шөнийн тарифын хувьд Улаанбаатар цахилгаан түгээх компаниас мэдээлэл авахад 2,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлт нийт иргэддээ үзүүлчихсэн байгаа. Нэгдүгээр сарын 1-нээс хойш цахилгааны хөнгөлөлтөд хамрагдаагүй бүсийн иргэд нөхөж хамрагдах боломжтой.

-Дугаарын хязгаарлалт үргэлжлэх үү?

-Замын түгжрэлийг бууруулах гол ажлын нэг бол энэ. Тиймээс цаашид үргэлжилнэ. Өдөр тутамд 320 орчим мянган автомашин нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байна.

-Авто худалдааны төвүүд, арьс ширний үйлдвэрүүдийг хэзээ хотоос гаргах вэ?

-Ер нь бол цаашид гаргах бодлого байгаа. Өнөөдөр төвдөө автомашин хэдэн мянгаар нь авчирч худалдаж байгаа нийслэл хаа ч байхгүй. Нэлээд том хөрөнгөөр авто худалдааны төвийг хотын баруун захад байгуулсан. Тэгэхээр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй авто захууд тийшээ шилжинэ.

-Хэзээ метротой болох вэ?

-Метроны асуудал өнөөдрийг хүртэл улс төрийн шоу байсан. Замын хөдөлгөөнийг өндөр өртөгтэй метрогоор шийдэх нь зөв юм уу, нийтийн тээврийн асуудлыг шийдэх нь дээр үү гэдгийг салбарын яамтай ярилцаж байгаа.

-Үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулах вэ. Концессын гэрээнд хувийн хэвшлийнхний итгэл алдарсан. Концессын гэрээг шинэ хэлбэрээр явуулах боломжийг хэр судалсан бэ?

-Ер нь хөтөлбөр батлагдаад гарахдаа ямар ч санхүүгийн тооцоогүй гардаг байсан. Бид анх удаа Агаар, орчны үндэсний хөтөлбөрийг батлахдаа ажлынхаа төлөвлөгөөг хамтад нь ярьж байгаа. Тиймээс бодит тооцоо судалгаа гарсан. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг барих ажил бол нийгмийн хүлээлт болсон асуудал. Тэгэхээр энэ ажлыг эхлүүлэх тал дээр тендерийг шалгаруулж, хууль эрх зүйн орчинг бий болгож, төр хувийн хэвшлийн түншлэлээр ажлыг шуурхай хийх шаардлагатай. Үүнд зориулж 650 тэрбум төгрөгийг концессоор хийхээр шийдэж, гадаадын хөрөнгө оруулагчид санхүүжилтийг гаргахаар ажилдаа орж байгаа юм. Улаанбаатарт гурван том төвлөрсөн хогийн цэг байдаг. Эдгээр нь агаар, орчинг ихээр бохирдуулж байна. Бас хогийн үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр бариулна.

М.МӨНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэлэх яах вэ, хийх нь чухал

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн захиргааны байгууллагынхан, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж үүрэг даалгавар өгөхдөө нэлээд даацтай үг хэлсэн. Сайн ч үг хэлсэн, зоригтой дуугарч, зөв шүүмжиллээ. Олон түмэн ч залуу Ерөнхий сайдын хэлсэн үгэнд таатай хандаж, овоо доо гэцгээж байна. Гэхдээ ийм сайн сайхан үгийг, олон түмэнд таалагдахуйц үгсийг хэлдэг дарга нарыг олныг үзлээ дээ.

Сүүлийн хорин хэдэн жил үе үеийнхээ дарга нараас монголчууд сайхан үг сонссоор ирэв. Сонсдоггүй биш сонсдог. Чих баярлахаар сайхан үг сонсч, өнөөх үлгэрт нь итгэдэг. Нөгөө “Хүүхний сайхныг Монголдоо харлаа” гэж дуулдаг шиг “Үгийн сайныг Монголдоо л сонсдог”. Үүгээр бид азтай үндэстэн. Үлгэр болж, биелэхийг нь хэзээ ч харж байгаагүйгээрээ бид хувьгүй улсууд.

Хэрэв тэр сайхан үгс нь биелдэг байсан бол бид юуны өмнө Азийн бар улс болчих байлаа. Баруунаас зүүнийг холбосон төмөр замтай болж, Баян-Өлгийгөөс казах ээж Дорнодод цэргийн алба хааж байгаа хүүтэйгээ уулзахаар унтлагын вагоноор бие амар яваад хүрчихдэг болох байв. Аж үйлдвэрийн парктай болж, үйлдвэрлэл өрнөж, эдийн засгийн нээлттэй бүсэд нь түмэн хэлийн улсын наймаа арилжаа бужигнаж байхаар байлаа. Мөн гангийн үйлдвэртээ ган бөмбөлөг хайлуулж, зэсийн үйлдвэртээ өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ боловсруулах байв. Бас зэсийн баяжмалаа дагаад гарчихдаг алт, мөнгө гээд үнэт металлуудаа цуглуулчихсан шиг сууна. Тавдугаар цахилгаан станц байгуулагдах Засгийн газрын шийдвэр гарсны 20 жилийн ой гэж хоосон шийдвэрийн баяр тэмдэглэж суух биш үйлдвэр байгуулагдсаны арав, хорин жилийн ойг тэмдэглэж болох л байлаа. Магадгүй тэр үйлдвэрийн ахмад ажилтнууд эхнээсээ тэтгэвэртээ гарч эхлэхэд гайхахгүйгээр хугацаа өнгөрчээ. За цаашлаад, нефтийн үйлдвэртэй болчихсон. ОХУ нефтийн үнээ нэмчих вий гэж айж эмээх зүйлгүй амьдрах байв.

Дотоодын газрын тос маань дутаад байвал гаднаас түүхий тос оруулж ирж нэрээд л, гаргаж зараад л, бензиний үнэ дагаж талх өслөө гэж бухимдахгүй байх байлаа. Гадагшаа түүхий эдээ биш өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ тал бүрийн төмөр замаар илгээх байсан. Бас дарга нарын хэлж байсан үнэн бол Монгол Улсын иргэнийхээ хувьд сая төгрөгтэй, үгүй ээ 1.5 сая төгрөгтэй, биш юмаа хоёр намын хэлснийг аль алийг нийлүүлсэн 2.5 сая төгрөг тогтмол хүртдэг улсууд болох байв. Бас хувьцааныхаа ногдол ашгийг хүртээд л. Үе, үеийн дарга нарын хэлж байсан бүхэн биелж байсан бол бид өнөөдөр дампуурлаа зарлахдаа тулсан орны иргэд биш байгалийн баялагтай, бардам түүхтэй, нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийн улсуудын дунд дээгүүр биш юм гэхэд толгой гудайхгүй явах улсын иргэд байхаар байсан. Гэвч тэд сайхан үг хэлж байгаагаа хийсэн юм шиг санаж, бид сонсч байгаагаа хүртэж байгаа мэт бодсоор иржээ. Нөгөө “Чи сайхан хоолны нэр хэлээд бай, би савхдаад идье” гэдэг шиг. Ж.Эрдэнэбат сайдын хэлсэн үгийг хүмүүс яагаад сайхан үг гэж талархан хүлээж аваад байна вэ. Уг нь төрийн албан хаагч, татварын мөнгөөр цалинжиж ирсэн хүмүүсийн хувьд хийх ёстой, дагаж мөрддөг байх ёстой бүгдийг нь хэлж байгаа юм л даа. Даанч хэн ч дагаж байгаагүй, тэгэх ёсгүй юм шиг санаж ирснийг нь тэг ээ гэж сануулсан хүн нь Ерөнхий сайд болсон учраас талархаад байгаа юм.

Хамгийн гол нь энэ хэлснээ хийгээсэй гэж хүсч байна. Ерөнхий сайдын хэлсэн үг сайхан ч барын бамбар, тугал хоёрын үлгэрийн жишгээр ард олон итгэхгүй байна. Түүнээс өмнөх бүх сайд, дарга нарын сайхан үгст хууртсаар байгаад итгэхэд хэцүү болж. Харин түүний хэлсэн үгэн дунд энэ л үнэн үг байна даа гэж анхаарал татсан нь “26 жилийн алдаа ч, оноо ч Монголын улс төрийг ээлжлэн барьж ирсэн гол хоёр нам дээр ирнэ” гэж хэлсэн үг. Хамгийн үнэн үг. МАН, АН гэсэн хоёр намын ээлжлэн барьж ирсэн төр өнөөдрийн энэ нийгмийг бий болгосон. Тэр байтугай нарийн яривал энэ хоёр намын эрх мэдэлтэй явж ирсэн арван хүнтэй л холбоотой. Хорь гаруй жилийн өмнө эрх мэдэлтэй байсан, одоо чиг л эрх мэдэлтэй яваа тэр хүмүүстэй холбогдоно. Ерөнхий сайд алдаа, оноо энэ хоёр намтай холбоотой гэдэг үнэнийг хэлж чадсанаараа магадгүй түүний хэлээд байгаа бүхэн үнэн байж болох юм гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж байгаа юм. Сайхан үгэнд хууртсаар байгаад эс итгэгч, эс үнэмшигч, үнэнээс зугтагч болсон хүмүүст нэг үнэн үг магадгүй бусад нь үнэн болж болох юм, дахиад итгээд үзвэл гайгүй ч юм уу гэсэн зурвас найдварыг төрүүлж байна. Үнэхээр тэгээд үзвэл төрд орж баяжина гэсэн итгэлээр шургалдаг жижигхэн сэтгэлтнүүдэд газар үгүй юм байна. Эдийн засгийн хямралыг давна гэчихээд дарга нар төсвөө данхайлгаж, баялаг бүтээгчдээсээ татаас нэмдэг байдал зогсох нь.

Өөрөөр хэлбэл, төрийнхөн өөрсдөөсөө эхэлж бүсээ чангалах юм байна. Өөрийнх нь эрх ашиг тусгагдахгүй бол хөрөнгө оруулагчдаа хуурдаг, хөөдөг биш эрх ашгийг нь хамгаалах Засгийн газартай болох нь. Санхүү болоод хууль цаазын дэг журамтай болох юм байна. Төрийн албанд очоод унаагаа шинэчлээд, хангамжаа нэмээд байдаг төрийн албан хаагчид байхгүй болох юм байна, төрийн мөнгөөр ажил хийж яваа нэрээр хэд дахин үнэтэй онгоцны үнэтэй суудалд тухалдаг дарга нар харагдахгүй юм байна гэж ойлгож байна.

Мөн төсвийн хөрөнгөөр хийдэг найр наадам бүхэн хяналттай болж, төрийн нэрийн өмнөөс алба залгуулж байгаа атлаа дүрэм журмаар далайлган авлига нэхдэг жижигхэн нөхөд гишгэх газаргүй болох ажээ. Энэ хэлсэн бүхэн даанч сайхан. Хэлэх яах вэ, хийх л чухал шүү.

Categories
мэдээ цаг-үе

Хагас сарын дараа дуусах Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 45-хан хувьтай байна

Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас ЭЕШ-ын бүртгэлийг тодрууллаа.


-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ямар шатанд явж байна. Шалгуулагчид хэдэн хувьтай бүртгүүлээд байна вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл улс орон даяар хоёдугаар сарын 1-нээс эхэлсэн. Бүртгэлийн хугацаа дөрөвдүгээр сарын 14-ний 18:00 цагт дуусна. Хугацааг сунгахгүй. Элсэлтийн шалгалт өгөх хүсэлтэй хүүхдүүд маань энэ хугацаанд амжиж бүртгүүлэх ёстой. Бүртгэлийн явц өмнөх жилүүдтэй ижил хувьтай явагдаж байна. Ер нь жил бүр хүүхдүүд бүртгэлийн хугацаа дуусахаас 14 хоногийн өмнөөс эхлэн эрчимтэй бүртгүүлж эхэлдэг. Энэ нь маш их ачаалал үүсгээд байдаг юм. Өнөөдрийн байдлаар (өчигдөр)шалгалтын бүртгэлийн явц 45 хувьтай буюу 18205 хүүхэд бүртгүүлсэн. 10747 хөдөө орон нутгийн хүүхдүүд бүртгүүлсэн, хөдөө орон нутаг дотроо Баянхонгор аймгийн хүүхдүүд илүү сайн бүртгүүлж байна. Нийслэлийн хувьд 7458 хүүхэд бүртгүүлсэн байгаагаас Баянзүрх дүүргийн хүүхдүүд идэвхтэй бүртгүүлжээ. Энэ жил ЕБС-ын 37000 хүүхэд XII ангийг төгсөнө. Өмнөх оны төгсөгчдөөс элсэлтийн ерөнхий шалгалтыг 3000-4000 мянган хүүхэд өгнө гэж тооцоолж байна. Ерөнхийдөө элсэлтийн ерөнхий шалгалтыг 40000 гаруй хүүхэд өгнө.

-Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтын журамд гарсан өөрчлөлт бий юү?

-Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд хэд хэдэн өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, монгол хэл, монгол бичгийн шалгалт босго оноогүй, шалгалт нь нэг удаа явагдана. Боловсролын үнэлгээний төвөөс босго оноо тогтоож өгөхгүй тухайн хүүхдийн элсэн орох сонирхолтой байгаа их дээд сургууль оюутан элсүүлэн оруулах журмандаа монгол хэл, монгол бичгийн шалгалтандаа босго оноо тогтоож өгөх боломжтой гэсэн үг. Хоёрдугаарт, сэдэв даалгаврын хувьд монгол хэл, англи хэл, орос хэл гэсэн гурван хичээлийн шалгалт дээр сонсоод ойлгох чадварын даалгавар нэмэгдэж орж байгаа. Энэ сонсоод ойлгох чадварын даалгавар нь тухайн шалгалтын материалын 11.3 хувийг нь эзэлж орно. Гуравдугаарт, шалгуулагч хариултын хуудсаа хар болон хөх өнгийн үзгэн болон тосон балаар будах ёстой. Дөрөвдүгээрт, бүртгүүлж байгаа хүүхэд маань өөрийн цахим хаягаар бүртгүүлнэ. Өмнө бол ангийн бүх хүүхэд багшийнхаа хаягаар бүгд бүртгүүлдэг байсан бол энэ жил хүүхдүүд өөр өөрсдийн хаягаараа бүртгүүлнэ.

-Хичээл сонголтын төлбөрөө хэрхэн төлөх вэ. Нэг шалгалт хэдэн төгрөг вэ?

-Төлбөрөө онлайнаар төлнө. Онлайнаар төлөхдөө энгийн виза болон мастер картаар төлж болно. Тухайн карт нь интернэт гүйлгээ хийх эрхтэй карт байх ёстой.Шалгуулагч маань ees.mn сайт руугаа орж бүртгүүлнэ. Мөн Элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх мэдээлэл авах лавлах 74759498 дугаарын утас ажиллаж байгаа. Нэг шалгалт 5800 төгрөг, батламжийн хуудас 700 төгрөг. Нэг хүүхэд хэдэн ч шалгалт өгсөн нэг л батламжийн хуудастай байна.

-2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр шалгалтын даалгавар задарсан талаар маргаан гарч байсан. Шалгалтын материалын нууцлалыг сайжруулахаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өнгөрсөн жилийн хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтын тест, даалгавар ямар нэгэн байдлаар задарсан зүйл байхгүй. Гэхдээ энэ нь бидэнд маш том дохио өгсөн. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтын тестийг задруулахгүй байх, илүү чангатгах тал дээр илүү их ажиллаж байна. ЭЕШ ил тод, үнэн зөв, нээлттэй байлгахын тулд шалгалтын байруудаа сонсох төхөөрөмж, сүлжээ сарниулагч, камержуулалт, сонсоод ойлгох чадварын ойлгох даалгаврын төхөөрөмжөөр бүрэн хангаж өгсөн. Хөдөө орон нутагт 22 шалгалтын пост, нийслэлд 28 шалгалт постууд тус тус ажиллана. Сэдэв даалгаврын хувьд мэргэжлийн багш нартай хамтарч ажиллаж байгаа. Сэдэв даалгавраа сүлжээ сарниулагч, камержуулсан тусгай постонд гарч боловсруулдаг. Мөн Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамгаалалтан дор хийдэг. ЭЕШ дууссаны дараа шалгалтын материал боловсруулсан хүмүүсээ явуулдаг учир сэдэв задрах ямар ч боломжгүй.

-Шалгалтын хуваариуд гарсан уу?

-Хуваарь гарсан. Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 14, 15, 17, 18-нд явагдана. Зургадугаар сарын 14-нд Монгол хэл, бичгийн шалгалтыг, 15, 17, 18-нд бусад хичээлүүдийн шалгалтыг авна.

Н.ГАНЧИМЭГ

Б.ҮРЖИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Нямдоржийн “илрүүлсэн” С.Зоригийн хэрэгт гүйцэтгэгч, зохион байгуулагч, захиалагч нь тов тодорхой байсан нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягтай хийсэн “Татвар нэмэхээсээ өмнө урсгал зардлаа танах хэрэгтэй” ярилцлага “Улс төр”-ийн 2-р нүүрт нийтлэгдлээ.

“Эрдэнэс-Таван толгой” компани “Чалко”-гийн 350 сая ам.долларын өрийг барагдуулж дууслаа. Энэ талаарх баяртай мэдээг өнөөдрийн дугаараас дэлгэрүүлэн уншаарай.

“Монгол Улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатар: “Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” ярилцлагыг 5-р нүүрээс уншаарай.

Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү? гэсэн сэтгүүлчийн асуултадДэвшиж л таараа шүү дээ. Нэр дэвшихэд ямар нэгэн хаалт байхгүй. Хэрэв ямар нэгэн хаалт гаргаж тавьбал Монголын ард түмэн эсэргүүцнэ...” хэмээн хариулжээ.

Б.Батзориг: “FATE-ийн хар, хар саарал жагсаалтад орсныг зарлахад л олон улсын санхүүгийн байгууллагууд харилцахаа больчихдог” ярилцлага “Баримт, үйл явдлын 7-р нүүрэнд нийтлэгдлээ.

Тэрбээр, “FATF буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага байдаг. Энэ нь олон улсын хэмжээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр улс орнуудаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг үнэлж, зөвлөмж өгч ажилладаг” хэмээн ярьсан байна.

Пак Гын Хэг шүүх хурал есөн цаг үргэлжилжээ. Шүүх хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдрийн сонины 9-р нүүрээс уншаарай.

Оросын алдарт найруулагч Никита Михалковын 1991 онд бүтээсэн “Уурга” кино Венецийн кино наадмын “Алтан арслан” шагнал авч, 1993 онд Европын шилдэг киногоор шалгаран, Европын киноны “FELEX” шагнал, мэргэжлийн “Ника” шагнал хүртсэн Цашааг-Эхийн Баяртын ярилцлагыг өнөөдрийн сонины 13-р нүүрээс сонирхон уншаарай.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

АН-ын хүсэлтийг Дээд шүүх маргааш хэлэлцэнэ

АН-ын намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэх эсэхийг Улсын Дээд шүүх маргааш хэлэлцэнэ.

Тодруулбал энэ сарын 15-нд АН-ынхан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан. Гэвч Дээд шүүхээс АН-ын гаргасан хүсэлтийг хэлэлцээд, “Намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна” гэж үзэн, бүртгэхээс татгалзсан билээ.

Тиймээс АН-ынхан бичиг баримтаа дахин бүрдүүлж Улсын дээд шүүхэд хандсан юм. Энэхүү хүсэлтийг маргааш Улсын дээд шүүхэд хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гэрлэлт цуцлахтай холбоотой маргаанд хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавих шаардлагатайг онцоллоо

Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн түүхт ойд зориулсан “Иргэний эрх зүйн онол, практикийн уялдаа” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр (2017.03.30) Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо.

Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Улсын Дээд шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шүүгчид болон Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, өмгөөлөгчид оролцлоо.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш Ц.Давхарбаяр нар “Иргэний хуулийн өмчлөх эрхийн зохицуулалт, салбар хуулиудын уялдаа холбоо” сэдвээр илтгэл тавьсан юм. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, өмчлөл эзэмшилтэй холбоотой шаардах эрхийн үндэслэлийг шүүхээс тайлбарлан шийдвэрлэж байгаа нь ялгаатай, нэхэмжлэл нь материаллаг хуулийн өрсөлдөх хэм хэмжээг зөв үндэслэдэггүй зэрэг асуудал практикт байгааг илтгэлийн эхэнд танилцууллаа.

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлд хамаарах заалтыг буруу тайлбарлан хэрэглэх хандлагатай байгааг ч хэлсэн юм. Өмчлөл нь эрх зүйн асуудлаас шалтгаалах бол эзэмшил зөвхөн бодит үйлдэл, фактыг үндэслэн нотлогддог, эзэмшлийн зохицуулалтыг шууд утгаар нь өмчийн зохицуулалттай хамтад нь хэрэглэх боломжгүй гээд хөрөнгийг өмчлөгчөөс шилжүүлэн авч эзэмшиж байгаа нь эзэмшлээ тогтоолгох үндэслэл болохгүйг илтгэлд дурьдлаа.

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрхийн хувьд хөрөнгийн байдлыг эрхтэй холбогдуулж дүгнэх, хөдлөх хөрөнгийн хувьд хүн рүү нь, өмчлөл эзэмшилдээ хэдийд олж авсан, олж авсан нь хэрхэн нотлогдож байгааг авч үзэх шаардлагатайг онцлоод хуулиудын уялдаа холбоо, хэрэглээний талаар тайлбарласан юм.

“Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагчийн шаардах эрхийн өрсөлдөөн” сэдвээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр илтгэл тавив. Анхны үүрэг гүйцэтгэгч болох арилжааны банк, орон сууцны зээлийг худалдан авсан тусгай зориулалтын компани хоёрын аль нь шаардах эрхтэйг тэрбээр илтгэлээрээ хэлэлцүүллээ. Шаардах эрх нь ипотекийг зайлшгүй дагах ёстой. Тиймээс анхны үүрэг гүйцэтгэгчид тусгай зориулалтын компанид худалдсан орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхгүй гэдэг дүгнэлтэд хүрснээ тэрбээр танилцуулав.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, хууль зүйн ухааны доктор Ж.Оюунтунгалаг “Гэм хорын тусгай төрөл: эзэмшигчийн хариуцлага” сэдвээр тавьсан илтгэлдээ эзэмшигчид хариуцлага тооцуулахад нэхэмжлэл тодорхой бус, нотлох үүргийн хуваарилалт ойлгомжгүй байдаг шүүхийн практикийг жишээ болгосон юм. Насанд хүрээгүй иргэн, эрх зүйн чадамжгүй хязгаарлагдмал, ажилчин, төрийн албан хаагчийн өмнөөс тодорхой үүрэг хүлээх болон барилга байшин, тээврийн хэрэгсэл, аюултай үйл ажиллагаа, амьтан зэрэг мэдэлдээ байлгаж байгаа эзэмшигчийн гэм бурууг нотлох, чөлөөлөх хууль хэрэглээний талаар тайлбарлалаа.

Интернэтийн орчинд зохиогчийн эрхийг хамгаалах асуудалд нарийн мэргэшсэн боловсон хүчин шаардлагатай байгааг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон илтгэлдээ онцоллоо. Энэ төрлийн маргааны шинэ хандлагыг шүүхийн статистикаар тайлбарлаж иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүйн хамгаалалтыг хэлэлцүүлсэн юм.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа, бизнесийн эрх зүй судлаач Т.Төгсжаргал нар “Даатгалын харилцаан дахь регрессийн шаардлага” сэдвээр илтгэл тавив. Буруутай этгээд нас барсан тохиолдолд өв залгамжлагчид регрессийн шаардлага гаргаж болох эсэх, буруутай этгээд албан үүргээ гүйцэтгэх явцдаа хохирол учруулсан тохиолдолд албан байгууллага ямар үндэслэлээр хариуцлага хүлээх, регрессийн шаардлагын хэмжээ хэрхэн нэмэгдэж, хасагдах зэрэг шийдвэрлэх асуудал практикт байгааг онцоллоо.

Гэрлэлт цуцлахтай холбоотой маргаанд хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавих шаардлагатайг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, дэд профессор Ц.Алтанцэцэг нар “Гэрлэлт цуцлахтай холбогдох хүүхдийн эдийн бус баялагийн эрх” илтгэлээрээ хэлэлцүүлэв.

Тухайлбал, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан эсэхээс үл хамаарч тэтгэлгийг заавал тогтоож байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа танилцуулсан юм.

Эрдэм шинжилгээний бага хуралд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нар “Ажилгүй байсан хугацааны олговрын эрх зүйн мөн чанар, эдийн засгийн үр дагавар” сэдвээр мөн илтгэл тавилаа.

Зочид илтгэгчдээс асуулт асууж, хурлын төгсгөлд нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгаас Казакстан руу нийтийн тээвэр үйлчилнэ

Баян-Өлгий аймгийн төв талбайд Улс хоорондын зорчигчдыг тогтмол тээвэрлэлтийг эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Монгол, Казахстан хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу зорчигчдыг том оврын автобусаар тогтмол тээвэрлэхээр болжээ.

Өмнөх жилүүдэд хоёр улсын хоорондын зорчигчдыг Казахстан улсын том оврын автобусаар тээвэрлэдэг байсан бол өчигдрөөс /2017.03.29/-ээс эхлэн долоо хоногт нэгээс хоёр удаа /Монгол Улсын/ “Цэнгэл Транс” ХХК компаны том оврын автобусаар зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдлээ.

Тодруулбал “Цэнгэл Транс” ХХК компани нь Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авч Баян-Өлгий аймгаас Казахстан улсын Павладор-Караганды-Астана чиглэлд тогтмол тээвэрлэлт хийхээр болжээ.

Тус компани том оврын автобусын хувьд өвөлдөө дулаахан, иргэд зорчигчдын аюулгүй байдлыг хангасан, найдвартай чанартай орчин үеийн загварын тээврийн хэрэгсэл гэдгээрээ онцлогтой юм.

Мөн долоо хоногт нэгээс хоёр удаа тус чиглэлд том оврын автобус үйлчлэх бөгөөд цаашид зорчигчдын урсгал нэмэгдвэл долоо хоногт гурав буюу түүнээс дээш удаа автобус явуулах боломжтой гэсэн урьдчилсан төлөвлөлт гарсан байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан Засаг даргын орлогч Ш.Хавыл, Зам тээврийн, хөгжлийн яамны Авто тээвэр бодлого зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр, хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга К.Айдос аймгийн Автотээврийн төвийн удирдлагууд оролцжээ.

Categories
мэдээ улс-төр

Сайд Д.Оюунхорол элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр Бүгд Найрамдах Куба улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломж бололцоо, Куба улсын аялал жуулчлалын өнөөгийн хөгжлийн талаар санал солилцов. Ноён Элчин сайд Раул Дэлгадо Консепсион уулзалтын эхэнд БОАЖ-ын сайдыг хүлээн авч уулзаж байгаад талархан, Куба Улс Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Улсынхаа эдийн засагт жилдээ 6,5 тэрбум ам.долларын орлого оруулдаг томоохон салбар нь аялал жуулчлал юм. Зөвлөлт холбоот улс задран унах хүртэл Кубийн экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нь элсэн чихэр байсан байна. Үүнээс хойш аялал жуулчлалаа асар богино хугацаанд хөгжүүлж чадсанаар өдгөө жилдээ дөрвөн сая гаруй жуулчин хүлээж авдаг, жуулчлалаараа тэргүүлэгч орнуудын нэг болж чаджээ. . Ноён Элчин сайд “Манай улс аялал жуулчлалаа хөгжүүлэх ямар л боломж бололцоо байна тэр бүхнийгээ ашиглаж байгаа. Хамгийн гол нь бүх үйлчилгээ чанартай байх ёстой. Монгол Улс үзэсгэлэнтэй байгаль, соёл урлагийн асар их өвтэй. Тиймээс танай орны аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд бид бүхий л талаараа дэмжин, хамтран ажиллана” гэв.

Куба улс өнгөрсөн жил дөрвөн сая жуулчин хүлээн авчээ. Үүнийг 2015 онтой харьцуулахад тус улсыг зорих жуулчдын тоо 26 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Жуулчдын ихэнх хувийг АНУ, Канад, Герман зэрэг орны жуулчид эзэлсэн байна. АНУ-аас ирэх жуулчдын тоо маш хурдацтай өсч байгааг ноён Элчин сайд Раул Дэлгадо Консепсион энэ үеэр онцолсон юм. АНУ-аас ирэх жуулчдын тоо 2016 онд өмнөх оныхоос 76 хувиар өсчээ. Тодруулбал, 2015 онд 168 мянган орчим АНУ-ын иргэн Куба улсад жуулчилсан бол энэ тоо 2016 онд 368 мянган болж 125 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Аялал жуулчлалын бие даасан яам байхаас гадна зөөгчөөс эхлээд зочид буудлын ресепшн бэлтгэдэг аялал жуучлалын их сургуультай ажээ. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Бид Куба улсын аялал жуулчлалын хөгжлөөс суралцах их зүйл байгааг олж харлаа. Мөн энэ салбарт хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна. Монгол Улс мал аж ахуй, уул уурхай дээр түшиглэсэн хүрэн эдийн засагтай. Цаашдаа эдийн засгаа солонгоруулах шаардлага байна. Хэрэв Бүгд Найрамдах Куба Улсын Аялал жуулчлалын яам хамтран ажиллах санамж бичгийн төслийг боловсруулан Монголын талд ирүүлбэл Монгол Улсын БОАЖЯ, яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигг байгуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд таатай байх болно” хэмээлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Сэтэрт тал” уран бүтээлийн цэнгүүн болно

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч А.Лхагвын “Сэтэрт тал” уран бүтээлийн цэнгүүн ирэх сарын 14-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно.

Цэнгүүнд Ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, Д.Чулуунчимэг, Н.Чулуунхүү, Д.Ариунаа, Г.Цогтсайхан, дуучин Ц.Төрмандах, Г.Түмэн-Өлзий, Д.Үүрийнтуяа, А.Мөнхбат, Б.Мөнхжаргал, Д.Мөнхбаатар, Ц.Дэлгэрмаа, Д.Амарсайхан, Г.Солонго нар ая дуугаа өргөнө.

Мөн “Домог”, “Аура” хамтлаг, Өвөрмонголын нэрт дуучин Г.Улаансарнай, Мандалт, Урьхан нар зохиолчийн бүтээлээс дээжлэн хүргэх гэнэ.

Монгол Улсын ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарч, Д.Цоодол, төрийн шагналт, зохиолч Д.Нямаа, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмид, Д.Төрбат, Ц.Хулан, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир нар шүлгээ унших бол гавьяат жүжигчин Г.Равдан, соёлын гавьяат жүжигчин Л.Жагдаг нар найрагчийн шүлгийг сонордуулах юм.