Categories
мэдээ нийгэм

АТГ-ын ажлын хэсэг Гаалийн ерөнхий газарт ажиллаж байна

0J8A0005Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, яам агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, Авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгаа юм.

Ажлын хэсэг удирдамжинд заасан хугацаанд Гаалийн ерөнхий газарт ажиллах Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авах бөгөөд энэ талаархи мэдээллийгГаалийн ерөнхий газрын цахим хуудаст байршуулаад байна.

Categories
мэдээ нийгэм

Голоос мөс авч байгаад живж нас баржээ

Голоос мөс зурган илэрцүүд

Өнгөрсөн бямба гарагт Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн Шар булаг хэмээх газар Ховд голоос мөс зөөж байсан иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Мөс цөмөрч, хүн живсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 10 ажилтан, Цагдаагийн газрын долоон алба хаагч очиход 33 настай эмэгтэй голоос мөс зөөж байгаад живж нас барсан байжээ.

Түүний цогцсыг гарган цагдаагийн байгуулагад шалгуулахаар хүлээлгэн өгчээ. Мөн 61 настай, А гэрээсээ гараад сураггүй болсон байна. Онцгой байдлын 20 алба хаагч дөрөв хоног эрэн хайсны эцэст түүний цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Европ дахь айлчлалаа амжилттай өндөрлүүллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20-26-ны өдрүүдэд Европын хотуудад айлчлал хийгээд ирлээ. Хотын даргын гадаад дахь анхны айлчлал нь Польш улсын нийслэл Варшав хотоос эхэлсэн. Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Варшав хотын дарга хатагтай Ханна Гронкиэвич Валцтай уулзан хоёр хотын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хатагтай Ханна өөрсдийн туршлагаасаа хуваалцахад таатай байна гэдгээ илэрхийлээд зарим салбарын боловсон хүчнийг дадлагажуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэргээр туслах боломжтой гэсэн юм. Варшав хотод хийсэн айлчлалын үеэр тус хотын ундны ус цэвэршүүлэх “Линдлэй” байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн Варшав хотын “Чайка” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын айлчлал Унгарын нийслэл Будапештэд үргэлжилсэн. Будапешт хотын дарга Иштван Тарлоштой уулзсанаар тус хотод хийх айлчлал эхэлсэн. Уулзалтаар хотуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа соёл урлагийн салбарт илүү боломж бийг хотын дарга нар тодотгож байлаа. Энэхүү уулзалтын дараа С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Будапешт хотын орлогч дарга Габор Багдитай уулзаж тодорхой асуудлуудаар санал бодлоо солилцлоо. Нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Унгарын улсын Гадаад хэргийн дэд сайд Сабо Ласлотай уулзав. Энэхүү уулзалтаар С.Батболд, Саба Ласло нар хоёр улсын харилцаанд гарч буй бэрхшээл, өргөжүүлэх боломж, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцсон юм. Будапешт хотод хийсэн айлчлалын үеэр автобус угсрах Эвопро компанийн үйл ажиллагаатай танилцав. Тус үйлдвэр нь цахилгаан болон хосолсон хөдөлгүүртэй эко автобус үйлдвэрлэдэг юм байна.

Хотын даргын айлчлал Германы нийслэл Берлин хотод үргэлжилсэн. Тус хотод хийсэн айлчлалынхаа хүрээнд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Берлиний Засгийн газрын Олон улсын харилцаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Савсан Чеблитэй уулзан хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэн чиглэлээр ярилцсан. Мөн Берлин мужийн Шёнефильд хотын дарга Удо Хаасэтэй уулзаж ярилцсан юм.

Будапешт хотын захирагч Иштван Тарлоштой уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Унгарын нийслэл Будапешт хотод ажлын айлчлал хийлээ. Будапештад хийсэн айлчлал тус хотын дарга Иштван Тарлоштой уулзсанаар эхэлсэн. Уулзалтаар хотуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа соёл урлагийн салбарт илүү боломж бийг хотын дарга нар ярилцсан. Энэхүү уулзалтын дараа С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Будапешт хотын орлогч дарга Габор Багдитай уулзсан. Хотын дарга нарын уулзалтаар яригдсан асуудлыг энд илүү нарийвчлан ярьсан юм. Нийтийн тээвэр, хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэжлийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ авах, зарим салбар чиглэлийн мэргэжилтнүүдээ богино хугацааны сургалтад хамруулах гээд олон асуудлаар санал бодлоо солилцсон юм.

“Улаанбаатар хот болон Будапешт хотын найрамдалт харилцаа олон жилийн түүхтэй. Харилцаа хамтын ажиллагаа маань өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Цаашид энэ харилцаа хамтын ажиллагааг улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гээд өмнө нь хэрэгжүүлэхээр ярилцаж байсан төсөл хөтөлбөрийн талаар үргэлжлүүлэн ярилцах, Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутнуудын тодорхой хувийг хот төлөвлөлт, хотын ногоон байгууламж, экологи зэрэг нарийн мэргэжлээр суралцуулах хүсэлтэй байгаагаа Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уулзалтын үеэр тодотгож байсан юм. Мөн Биокомбинатын шинэчлэлийн төслийг яаралтай эхлүүлэн бодит ажил болгох хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн. Габор Багди “Биокомбинатын төсөл олон жил болж байгаа. Бидний зүгээс аль болох хурдан эхлүүлэх саналтай байгаа. Удахгүй ажил эхэлнэ гэдэгт найдаж байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Унгарын улсын Гадаад хэргийн дэд сайд Сабо Ласлотай уулзав. Энэхүү уулзалтаар С.Батболд, Саба Ласло нар хоёр улсын харилцаанд гарч буй бэрхшээл, өргөжүүлэх боломж, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцсон юм. Ноён Сабо Ласло “Бидний зүгээс харилцаагаа улам өргөжүүлж, төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлэх, эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүдээ дуусгах хүсэлтэй байгаа” хэмээж байлаа. Засаг дарга С.Батболдын зүгээс Биокомбинатын төслөөс гадна Сэлбэ голын урсацыг сайжруулах, амралт зугаалгын ногоон бүс байгуулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн өдөр Улаанбаатар хотын захирагч С.Батболд Будапешт хотын даргын Соёл урлаг спорт хариуцсан орлогч Алехандра Салам Бобровнискитэй уулзаж хоёр хотын соёл урлагийн салбарт хамтран ажиллах асуудлаар ярилцсан. Будапешт хотноо болох олон улсын соёлын арга хэмжээнд болон ирэх наймдугаар сард болох Гар урчуудын баярт Улаанбаатар хотоос төлөөлөгчидөө оролцуулах талаар санал солилцлоо. Хоёр хотын соёл урлагийн харилцаа өргөжин хөгжих боломж их гэдгийг хатагтай Алехандра уулзалтын үеэр онцолж байлаа.

С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Будапешт хотод ажиллах үеэрээ автобус угсрах Эвопро компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэр нь цахилгаан болон хосолсон хөдөлгүүртэй эко автобус үйлдвэрлэдэг юм байна. Цахилгаан автобус нь нэг удаагийн цэнэглэлтээр 200 км явах хүчин чадалтай аж. Мөн тус үйлдвэр автобусаа дээгүүр явах тролейбусны шугамнаас цэнэгээ авч болдог байдлаар үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна. Ингэснээр том оврын бус жижиг зай хураагуур тавьдаг болж цахилгаан автобусны өөрийн үнэ багассан гэнэ. Монголын хувьд тролейбусны шугамтай тул ийм загварын автобус ашиглах боломжтой гэж “Евопро” автобус угсрах үйлдвэрийн Азийн зах зээлийг хариуцсан стратегийн зөвлөх Сираки Пал ярьж байлаа.

Будапешт хотод хийсэн айлчлал амжилттай өндөрлөж, С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Германы Берлин хотыг зорьсон юм.

Төрийн нарийн бичгийн дарга Савсан Чеблитэй уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Берлиний Засгийн газрын Олон улсын харилцаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Савсан Чеблитэй уулзалт хийсэн. “Улаанбаатар болон Берлин хот уламжлалт сайхан харилцаатай. Ялангуяа зам харилцаа, байгаль орчин, хотын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Бидний хувьд энэ тогтсон харилцаагаа цаашид улам гүнзгийрүүлэх сонирхолтой байна” гэж Төрийн нарийн бичгийн дарга Савсан Чебли хэллээ. Мөн тэрбээр ирэх 7 дугаар сард Берлин хотын даргын Улаанбаатар хотод хийх айлчлалын үеэр асуудлуудаа илүү нарийвчлан ярилцахаар хөтөлбөрт тусгах нь зүйтэй хэмээсэн юм.

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хоёр хотын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд “Хоёр хотын соёлын харилцааг өргөтгөх, хот төлөвлөлт зэрэг чиглэлээр мэргэжилтэн сургах, сургалт явуулах зэргээр хамтран ажиллах сонирхолтой байгаа” гэлээ. Мөн хот төлөвлөлт, хотын эрх зүйн чиглэлээр туслалцаа авах, туршлагаас судлах зэрэг асуудалд дэмжлэг хүсч буйгаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Берлинд хийсэн айлчлалынхаа хүрээнд Шёнефильд хотын дарга Удо Хаасэтэй уулзаж найрсаг яриа өрнүүлэв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Categories
мэдээ нийгэм

Технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулна

Мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж гадаад болон дотоодод өндөр цалинтай ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх бололцоо бүрдэж байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “MKIT” сургалтын төвтэй хамтран Монгол залуусыг богино хугацаанд сурган, олон улсын зах зээлд өрсөлдөх сайн боловсон хүчин бэлтгэх, компьютерийн өргөн хэрэглээний программын сургалтаас гадна Үндсэн хэрэглээ, Жава хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэбийн дизайн систем админстратор өгөгдлийн сан эдгээр хичээлүүдийг үнэгүй явуулах юм.

Мөн “MKIT” сургалтын төвийн дэргэдэх “Бизнес инкубатор төв”-ийг нээн мэргэжлийн ангийг амжилттай төгссөн сурагчдад Монгол болон Солонгосын зах зээл дээрх ажил олоход нь дэмжлэг үзүүлэх аж.

“MKIT”сургалтын төвийн хөтөлбөр

Программ хангамжийн мэргэжлийн суурь сургалтад:

  • 16-аас дээш насны
  • Мэдээлэл технологийн чиглэлээр сурч, ажиллах сонирхолтой
  • Мэдээлэл технологийн чиглэлээр дээд сургууль төгссөн.

Нийт элсэгчдийг сонгон шалгаруулж суралцуулах бөгөөд суралцагчдыг идэвхтэй, хариуцлагатай байлгах үүднээс 200,000 төгрөгний барьцаа аван ирцийн 70% хангасан тохиолдолд буцаан олгох бөгөөд амжилттай суралцсан 5 суралцагчдын барьцаа мөнгийг 50%-иар өсгөж буцаан олгодог.

Барьцаа мөнгө өгөх боломжгүй сурах эрмэлзлэлтэй хүүхдүүдийг сонгон шалгаруулж, сургалтад хамруулна.

Мэргэжил дээшлүүлэх сургалтад:

  • Барьцаа мөнгө авахгүй
  • Төрийн албан хаагч хувийн байгууллагуудын мэргэжилтэнд зориулсан мэдээлэл технологийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалт.

Оффис хэрэглээ

  • Сургалтыг зорьж ирсэн хүн бүхэнд нээлттэй үнэ төлбөргүйгээр сургана.

Бүртгүүлэхэд хэрэг болох зүйлс:

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 1% цээж зураг

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд байгуулагдаж буй “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д Компьютерийн үндсэн хэрэглээний сургалтыг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд Даваа, Лхагва, Баасан гарагийн 18:30-19:50 цагуудын хооронд үнэ төлбөргүй зохион байгуулна.

Сургалтын талаарх мэдээллийг https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/ хуудсаар орж үзэх, мөн 80065335 утсаар лавлана уу.

Сургалтад онлайнаар бүртгүүлэх линк: https://goo.gl/pdoknh

MKIT сургалтын төв нь мэргэжлийн анги хичээллэх Галактик танхимд 46 хүн, Бархасбадь танхимд 36 хүн, бизнес Инкубатор орчин болох Луна танхимд 12 хүн хичээллэх боломжтой. Нийт 240 м.кв хичээлийн танхим, 5 багштай, хичээлийн цагуудийг сонгох боломжгүй, Зөвхөн тогтсон цагуудад суух боломжтой.

Холбогдох ХАЯГ: http://mkit.mn/

Categories
мэдээ нийгэм

Б.Мөнгөнтуул Олон улсын шатрын тэмцээнээс алтан медаль хүртжээ

ОХУ-ын Улан-Үдэ хотод “Сагаалган-2017” нэртэй шатрын олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болов.

Тэмцээний түргэн тоглолтын төрөлд нийт 561 шатарчин өрсөлдсөн байна. Энэ төрөлд манай улсаас оролцсон, их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртжээ.

Мөн тэрбээр эрэгтэй шатарчдын ангилалд өрсөлдөн шагналт 12 дугаар байрт орсон байна.

Categories
мэдээ нийгэм

Мал төллөлт 7.3 хувьтай байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр өнөөдрийн буюу гуравдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд мал төллөлт 7.3 хувьтай байгаа аж. Тодруулбал, 1.8 сая мал төллөөд байгаа юм байна.

Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 968.0 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Мөн 1.7 сая төл буюу гарсан төлийн 93.0 хувь нь бойжиж байгаа юм байна.

Нөгөөтэйгүүр, улсын хэмжээнд малын хорогдол 180 мянга гаруй байгаа нь нийт малын 0.3 хувийг эзэлж байна. Гэхдээ малын хорогдол өмнөх онтой харьцуулахад даруй 50 хувиар буурчээ.

Categories
гадаад мэдээ

“Авлигын эсрэг сан”-ийн тэргүүн Ерөнхий сайдаа огцрохыг шаардан жагсаал хийжээ

Энэ сарын 26-ны өдөр ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Новосибирск, Калининград, Ростов, Омск, Хабаровск зэрэг томоохон хотуудад ОХУ-ын ерөнхий сайд Д.Медведевийг суудлаасаа огцрохыг шаардсан бүх нийтийн жагсаал болоо.

Түүнийг 70 тэрбум рублийн авлига авсан хэмээн улс төрч Алексей Навальный өөрийн цахим хуудсаар мэдэгдэн эсэргүүцлийн жагсаалд идэвхтэй оролцохыг ОХУ-ын ард иргэдэд уриалсан юм.

Москва хотын төв “Тверская” гудамжинд 8000 гаруй хүн цуглан Д.Медведевийг огцрохыг шаардлаа. Тайван эхэлсэн жагсаал эмх замбраагүй байдалд орсноор Цагдаагийн хүчний байгууллага оролцохоос өөр аргагүйд хүрэв. Энэ үеэр жагсагчдад зодуулсан 33 настай цагдаа хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Москва хотод жагсаалд оролцсон 500 гаруй хүнийг саатуулан хорив. Сатуулагдсан хүмүүсийн дунд жагсаал зохион байгуулагч Алексей Навальный ч байгаа аж.

Алексей Навальный гэх өдгөө 40 настай хуульч, улс төрч эр “Авлигын эсрэг сан”-ийн тэргүүн юм.

Тэрээр Москва хотын төвд тайван жагсаал зохион байгуулах эрх хүсэн Москва хотын удирдлагуудад хандсан ажээ. Гэвч хотын удирдлагууд өөр газар санал болгосон байна. Санал болгосон хоёр газар Алексей Навальныйд таалагдаагүй учир зөвшөөрөлгүйгээр хотын төвд жагсчээ. Тиймээс жагсаалд оролцогчдыг 10-20 мянган рублиэр торгох, 100 цаг албадан ажил хийлгэх эсвэл 15 өдөр хорьж шийтгэх шийтгэл ногдуулах аж.

Дашрамд дурдахад Алексей Навальный нь 2013 онд хотын захирагчийн сонгуульд өрсөлдөн 27 хувийн саналаар ялагдаж байв.

Categories
мэдээ нийгэм

Сар хүрэхгүй хугацаанд 121 удаагийн обьектын гал түймэр гарчээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн 21 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 136 дуудлага бүртгэгджээ. Обьектын гал түймэр 121 удаа гарсан байна.

Энэ хугацаанд гарсан томоохон гал түймрийн хувьд 3 дугаар сарын 12-ны өдөр СБД-ийн 5 дугаар хороонд байрлах Саруул худалдааны төвийн 24х60 метрийн хэмжээтэй 2 давхар сендвичин барилгын 2 дугаар давхар, дээврийн хэсэгт гал түймэр гарч, шуурхай ажиллаж унтраасны дүнд уг обьектын нэг давхрын 11 павьлионы 62 лангуу, 2 дугаар давхрын 13 павьлионы хамт гал түймэрт өртүүлэлгүй авран хамгаалсан гэж НОБГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Фэйсбүүк хаяг ашиглан 10 сая төгрөг залилжээ

Холбоотой ЗурагБусдын “нүүр ном” цахим хуудсанд нэвтэрч найзуудаас нь мөнгө зээлж залилан хийсэн зургаан залуу баригджээ. Тэд 20-25 настай бөгөөд бие биесээ танихгүй ч компьютерийн мэдлэгээ ашиглан ийнхүү бусдын нэр төрд халдаж гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон учир Эрүүгийн хэргийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Тэд эрхэлсэн тодорхой ажилгүй залуус байжээ.

Categories
мэдээ нийгэм

“Театрын судлал, шүүмжлэл” сэдвээр сургалт зохион байгуулна

Жил бүрийн гуравдугаар сарын 27-ны энэ өдрийг дэлхий нийтээр “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүнтэй холбогдуулан УДЭТ-ын уран бүтээлчид мэдээлэл хийлээ.

1962 оноос хойш дэлхий нийтээр энэхүү өдийг тэмдэглэсээр иржээ. Энэ жил театрын баярын өдрийг тохиолдуулан Дорнод Сибирын Соёл урлагийн их сургуулийн профессор ОХУ-ын гавьяат жүжигчин Буриад улсын гавьяат жүжигчин Төрийн шагналт, “Алтан маск” наадмын шагналт найруулагч Бадагаева Туяна манай улсад хүрэлцэн иржээ. Тэрбээр “Орчин үеийн театрын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Театрын судлал, шүүмжлэл” сэдвээр сургалт зохион байгуулах аж. Мөн ОХУ-ын гавьяат жүжигчин, Буриад улсын ардын жүжигчин, Төрийн шагналт Сультимов Доржо Норбосампилович энэ өдрүүдэд УДЭТ-т ажиллах нь ээ.

Тус театрын уран бүтээлчид “Улсын драмын эрдмийн театрын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос эхлэн хөдөө орон нутагт зохион байгуулж эхэлсэн аж. Энэ удаад Дорнод аймгийн Чойбалсан хотод дөрөвдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт дөрөвдүгээр сарын 28,29-нд, Орхон аймагт “Уурхайчин соёлын ордон”-д дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1-ний өдрүүдэд тус тус аялах тоглох юм байна.

Аялан тоглолтын хөтөлбөр:

Дорнод аймагт

У.Шескпир “Ромео Жульетта” сонгодог жүжиг

Б.Хишигзаяа “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг

Дархан-Уул, Орхон аймагт

Ш.Гүрбазар “Жаргаагүй нар”

Б.Хишигзаяа “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг

Аялан тоглолтоор дээрхи жүжгүүдийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олон нийтийн хүртээл болгох юм байна.

Харин “Театр үзэгч” хөтөлбөрийн хүрээнд “Сонгодог жүжиг миний ертөнцөөр” илтгэлийн уралдаан, “Царцаа намжил-Үлгэрч хүүхэд” уралдааныг БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, СУИС-тай хамтран ЕБС-ийн сурагчдийн дунд зарлажээ. Шалгаруулалтыг дөрөвдүгээр сард явуулах аж.