Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд дулаарч цас их хэмжээгээр хайлна

Ихэнх нутгаар дулаарна зурган илэрцүүд

2017 оны гуравдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Сангийн далай орчмоор 10-15 хэм, Увс нуурын хотгор, Богдын гол, Идэрийн голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 0-5 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Ерөө голын хөндийгөөр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 7-9 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа зурган илэрцүүд

Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн “Чандмань” гэх газар үүссэн их хэмжээний мөс хайлж, айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, улсын чанартай автозам, гүүр шар усны үерт автах эрсдэл үүсээд байгаа билээ.

Тэгвэл уг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Онцгой байдлын газраас аймгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, албан газар аж ахуй нэгж, байгууллагууд, иргэдийг 2017 оны гуравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд дээрх мөсийг зайлуулах, суваг татах, усны голдрилыг өөрчлөх ажилд дайчлан ажиллуулаа.

Дайчилгаанд нийт 53 байгууллагын 816 хүн хамрагдаж, 1.5 метр өргөнтэй, 1,5 метр гүнтэй 2100 метр урт хонгил ухаж шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг зохион байгууллаа гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгэлээ

Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Х.Бат-Ялалт нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн тул Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж Дээд шүүх үзжээ.

Монголын хүний төлөө нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 25 дахь нам болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр таван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана. Дэлгэрэнгүй мэдээллийг 70047004 утаснаас лавлана уу.

Баянзүрх 10:30-17:30

11-р хороо Ногооны зоорь орчим, 1-7, 29, Булгачны 1, Баянбулагийн 1-9-р гудамж, Товчоо, 90-р сургууль, Бямбацогт гүнийн худаг, Ган бэлдэц, Богд өргөө ХХК, МХШТФХолбоо, Ногооны зоорь-2, Жимс трейд, Актив хийц, Траст трейд, Сүйхэнт, Чуанфан жин, Гор Газ ХХК-ууд, ойр орчмоор

Сүхбаатар 10:30-16:00

5-р хороо 24, 40, 51-р байр, ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн, 1-р цэцэрлэг, Нийслэлийн прокурорын газар, 2-р амаржих газар, ойр орчмоор

10:30-17:30 1-р хороо Очир стэйтс, Ди Эйч Эл ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор

10:30-17:30 1-р хороо Олимп 31-35-р байр, эдгээрийн ойр орчмоор

Чингэлтэй 10:30-17:30

2-р хороо 23, 25, 33/1-р байр, Next компьютерс, BSS электроникс, эдгээрийн ойр орчмоор

Баянгол 10:30-14:00

1-р хороо Огших-Ундрал, Гейзерленд, Буурал гол, Мод трейд, Кокодесерт, Шагайвар, UB систем, Тал худаг, Шинэ барилга, Туушин, Шифр ХХК-ууд Дунд гол орчмоор

Сонгино хайрхан 11:00-18:00

2, 3, 4-р хороо 65, 42-р сургууль, Шунхлай ШТС, Их нарангийн 1, 3, 4, Бага наран, Орбитын 8, 29, 30-р гудамж

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын даргын Японд хийж буй албан ёсны айлчлал эхэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр Токио хотод хүрэлцэн ирлээ.

Тэрбээр Япон-Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагуудын зохион байгуулсан уулзалтад оролцсоноор айлчлалаа эхлүүлэв.

Энэхүү арга хэмжээг Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын парламентын бүлэг, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлэг, Япон-Монголын нийгэмлэг, Япон-Монголын найрамдлын нийгэмлэг, Япон-Монголын эв найрамдлын нийгэмлэг, Япон-Монголын эмэгтэйчүүдийн соёлын солилцооны “Солонго” нийгэмлэг зэрэг 7 байгууллага хамтран зохион байгуулсан юм.

Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Янагисава уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ үеэр тохиож байгааг тэмдэглээд харилцаа, хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэн хөгжиж байгаад найрамдлын нийгэмлэгийн гишүүд сэтгэл нэн ханамжтай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалд амжилт хүслээ.

Дараа нь найрамдлын нийгэмлэгийн гишүүд хамтын ажиллагааны цаашдын төлөв, анхаарал татсан асуудлын талаар Монголын төлөөлөгчдөөс асуулт асууж, хариулт авав. Тэд Монгол Улс уул уурхай, ашигт малтмалаас гадна эдийн засгаа солонгоруулахын тулд ямар салбарын хөгжилд түлхүү анхаарах гэж байна вэ, долоо хоногт 3 удаагийн нислэг үйлддэг ч хоёр талын аль алинд суудал олдохгүй байгаа тул МИАТ компанийн нислэгийг нэмэгдүүлэх боломж бий юү гэх мэт асуултыг тавьж байлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ арга хэмжээг хамтран зохион байгуулж буй найрамдлын нийгэмлэгүүдийн гишүүдэд талархал илэрхийлээд Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, сакура цэцэглэх цагаар айлчлал хийж буйдаа бэлгэшээж байна гэв.

Тэрбээр “Япон дахь найрамдлын нийгэмлэгүүд хоёр орны түүх, соёл, иргэд хоорондын болон хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг Монголын төр, ард түмэн зүй ёсоор үнэлэн хүндэлдэг. Монголыг гэсэн чин сэтгэлтэй байдагт чинь бид баярладаг. Та бүхний энэ эрхэм сайхан үйлс цаашдаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд Монголд Японы ард түмний тусламж дэмжлэг хүрээгүй айл өрх бараг байхгүй. Хүндрэл бэрхшээл учирсан мөч бүхэнд Японы Засгийн газар, ард түмэн монголчуудад халуун сэтгэлийн гараа сунгаж байсныг бид мартахгүй гэж тэмдэглэв.

Япон-Монголын нийгэмлэгийн дарга Ж.Ёшида “Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоохоос өмнө буюу өдгөөгөөс 53 жилийн өмнө манай нийгэмлэг байгуулагдаж байлаа. Найрамдлын нийгэмлэгүүд дотроо анхдагч нь манай байгууллага юм. Бид хоёр орны ард түмний найрамдалт, нөхөрсөг харилцааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно” гэсэн бол Японы Гадаад хэргийн дэд сайд К.Одовара “2011 онд манай улсад болсон газар хөдлөлтийн гамшгийн үеэр Монголын төр засаг, ард түмний бидэнд үзүүлсэн тусламжийн арга хэмжээг Засгийн газрын Шадар сайдын хувиар М.Энхболд дарга зохион байгуулж байсан бол 2012 онд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх Ажлын хэсгийг Монголын талаас ахлан ажиллаж байсныг санаж байна. М.Энхболд дарга бол манай хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэх, ард түмнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж яваа хүн юм” гэж онцлон тэмдэглэв.

Монгол Улстай харилцаатай 100 гаруй нийгэмлэг, төрийн бус байгууллага Японд үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тэдгээрээс анхных нь Япон-Монголын нийгэмлэг бөгөөд дэлхийн II дайны дараа манай улсад олзонд байгаад нутаг буцсан япон иргэдийн санаачилгаар 1959 онд байгуулагдаж, Засгийн газар нь 1964 онд тус нийгэмлэгийн үйл ажиллагааг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Хоёр дахь нь энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэж буй Япон-Монголын найрамдлын нийгэмлэг юм. Япон-Монголын эв найрамдлын нийгэмлэг 1991 онд байгуулагдаж, 1993 онд тухайн үеийн Ерөнхий сайд Т.Кайфу тус нийгэмлэгийн даргаар сонгогдож байсан байна. Одоо нийгэмлэгийн Хүндэт зөвлөхөөр Ерөнхий сайд асан Я.Накасонэ ажилладаг. 1991 онд байгуулагдсан Япон-Монголын эмэгтэйчүүдийн соёлын солилцооны “Солонго” нийгэмлэгийн тэргүүн нь хатагтай К.Фужимото юм. Тэрбээр 1991-2003 онд 1.7 сая ширхэг саван цуглуулж Монголын эхчүүд, эмэгтэйчүүдэд хандивлаж байсан бөгөөд Улаанбаатар хотод “Солонго” дунд сургууль байгуулж, эхчүүд хүүхдүүдийн сайн сайханд чиглэсэн олон ажил зохион байгуулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэт”-ийн 49 хувь одоо яг хаана явна вэ? нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Сониний нэгдүгээр нүүрт “Архи, тамхи, суудлын автомашины онцгой албан татварын хууль дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ” нийтлэл хэвлэгдлээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Энэ талаарх мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.

УИХ-ын гишүүн асан, эдийн засгийн ухааны доктор А.Бакейтай хийсэн “Тэтгэврийн насыг 65 болгож тогтоох асуудалд хөнгөн гоомой хандаж болохгүй” ярилцлагыг улс төрийн 1,5-р нүүрнээс уншаарай.

Баримт, үйл явдлын 6-р нүүрэнд Увс аймгийн Завхан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт энэ сарын 10-нд нэгэн айл гэр бүлээрээ галд өргөн харамсалтай явдал болсон билээ. Энэ талаарх тодруулга ярилцлагыг өнөөдрийн дугаараас уншина уу.

Орост өрнөсөн авлигын эсрэг жагсаалын эргэн тойрондох материалыг өнөөдрийн “Дэлхийн мэдээ” булангаас дэлгэрүүлэн унших боломжтой юм.

Гар, хөл, амны өвчнөөс сэргийлэхийн тулд дархлаа дэмжиж, ариун цэвэр сахиж байх хэрэгтэй. Энэ талаарх мэдээллийг “Эмч” булангаас уншаарай.

“Элкондор” хамтлагийн гишүүн П.Хэрлэнтэй хийсэн ярилцлагыг 12-р нүүрээс уншаарай. Тэрээр дөрөвдүгээр сарын 07-нд тоглолтоо хийх гэж байгаа билээ. Түүний тоглолтод бүх одод оролцох юм.

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдтай ярилцсан “Мандухай-г 30 жилийн турш үзэж байна гэдэг надад хамгийн том шагнал” ярилцлагыг өнөөдрийн дугаараас уншаарай.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

29-р сургуулийн сонсголын бэрхшээлтэй сурагчид жагсаал хийлээ

Нийслэлийн 29 дүгээр сургуулийн сонсголын бэрхшээлтэй сурагчид өнөөдөр 08:30 цагт сургуулийнхаа гадаа эсэргүүцлийн жагсаал хийлээ.

Ахлах, дунд ангийн сурагчид өнөөдөр хичээлдээ суугаагүй шалтгаан нь багш нар нь хичээлээ дохионы хэлээр орохгүй байгаа учраас хичээлийн цаг үр дүнгүй өнгөрдөг гэсэн байна.

Тэд гартаа барьсан цаасан дээрээ “Дохионы хэл”, “Бидэнд боловсрол олгодог арга зүйгээ өөрчил, шинэчил”, “Бүх хичээлээ дохионы хэлээр”, “Сургуулийн захиргаа, бүх багш нар дохионы хэлний чадвараа сайжруул” хэмээн бичжээ.

Мөн зарим багш нар хүүхдийн эрхийг зөрчиж биед нь халдах, үснээс нь зулгаах зэрэг үйлдэл гаргадаг тул ийнхүү эсэргүүцлээ илэрхийлэв.

29 дүгээр сургууль дохионы хэлний ганцхан орчуулагчтай бөгөөд багш нарын дохионы хэлний чадвар муу, хичээлээ амаараа заадаг тухай тус сургуулийн ахлах ангийн сурагч хэвлэлийнхэнд хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Орхон голын мөсөнд цөмөрсөн автомашиныг татаж гаргажээ

Гол, мөрөн, нуурын ус гэсэж байгаа тул иргэд та бүхэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхаарууллаа.

Шуурхай дуудлагын утсанд энэ сарын 26-ны 11:30 цагт Сүхбаатар сумын Цагаан эрэгийн Нүхэн гүүрний гарамын орчим Орхон голд автомашин мөсөнд цөмөрсөн тухай дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга ахлах дэслэгч Х.Ганхуягаар ахлуулсан аврах багийг очиход STAREX маркийн автомашин Орхон голын мөсөн дээгүүр зорчиж яваад автомашин нь урд хэсгээрээ мөсөнд цөмөрч орсон байдалтай байжээ.

Эрэн хайх, аврах багийнхан гурван цагийн турш ажиллан тус автомашиныг татан гаргаж, автомашины эзэн иргэн Т-д хүлээлгэн өглөө. Гол, мөрөн, нуурын ус гэсэж байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Нуурын толио болон томоохон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, цаг агаар дулаарч, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад баталгаагүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Аадар” хамтлаг “Guns N’ Roses”-н шилдэг 20 дууг амилуулна

Хурд хамтлагийн дэргэд байгуулагдсан “Аадар” хамтлагийнхан тоглолтоо хийх гэж байна. Тэд ирэх сарын 4-нд “Guns N’ Roses” хамтлагийн Монгол дахь фен клубтэй хамтран тус хамтлагийн олонд түгсэн 20 дууг “Студи интертайнмент” клубт дуулж үзүүлэх юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Дорнод-Манжуурын чиглэлд зорчигч тээврийн автобус үйлчилнэ

Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос Хавирга-Ар хашаат боомтоор Манжуур хот хүртэлх улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ өнөөдрөөс явж эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Дорнод аймгийн Автотээврийн төвийн дарга О.Пүрэв-Очир, авто үйлчилгээ эрхлэгчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Монгол Улсын Авто тээврийн салбарын төлөөлөгчид, БНХАУ-ын зам тээврийн салбарын төлөөлөгчдийн 30 дахь удаагийн уулзалтаар хэлэлцэн, тохиролцсоны дагуу Монгол Улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэл улс хоорондын тогтмол зорчигч тээврийн үйлчилгээ явахаар боллоо. Энэ нь иргэд аюулгүй, найдвартай автобусаар зорьсон газартаа очих боломж бүрдэж байна гэсэн үг гэж холбогдох албаны төлөөлөгч үг хэлэхдээ онцолж байсан юм.

Тус чиглэлд Монгол Улсын “Тал нутгийн Хэрлэн” ХХК, “Монгол аялал жуулчлал” ХХК компаниуд Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх аж. Эхний удаадаа долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагуудад тус чиглэлд том оврын автобус үйлчлэх бөгөөд цаашид хүн урсгал нэмэгдвэл долоо хоногийн тав дахь өдөр, өдөрт хоёр удаа автобус явуулах боломжтой гэсэн урьдчилсан төлөвлөлт гарсан байна.

Дашрамд дурдахад, том хүний нэг талын замын зардал 44 мянган төгрөг юм.