Categories
мэдээ улс-төр

“Нэг өрхөд нэг ажлын байр” хөтөлбөрийг өргөн барина

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр болж өндөрлөсөн. Зөвлөлийн хурлаар “Аюулгүй хот” төсөл, “Нэг өрхөд нэг ажлын байр” хөтөлбөрийг хэлэлцээд зөвлөлийн гишүүд дэмжсэнээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барихаар боллоо.

Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө камерын хяналтын удирдлагын нэгдсэн төв бүхий “Аюулгүй хот” төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Төслийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд:

  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор “Эргүүл” дэд хөтөлбөр;
  • Нийслэл хотод ашиглагдаж буй болон цаашид шинээр суурилуулах теле хяналтын камерыг нэгдсэн системд оруулах зорилгоор “Телекамер” дэд хөтөлбөр;
  • Гэмт хэргийн хяналтын цогц системийг ашиглан, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж байгаа газрыг тодорхойлж, гэмт хэрэгтэй тэмцэх оновчтой арга, тактикийг төлөвлөн хэрэгжүүлж, гаралтыг бууруулах зорилгоор “Гэмт хэргийн хяналтын цогц систем” дэд хөтөлбөрийг боловсруулжээ.

Хөтөлбөрийн хүрээнд гэмт хэргийн хяналтын цогц системийг ашиглан, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж байгаа газрыг тодорхойлж, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах нэгдсэн төв байгуулах, нийслэлийн хэмжээнд “Гэмт хэргийн хяналтын цогц систем”-ийг нэвтрүүлэх, 152 хорооны хэсгийн байцаагчийн ажлын байр, цагдаагийн дэд хэсгүүдийн байрыг цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбох, шаардлагатай техник хэрэгслээр хангах зэрэг ажлуудыг зохион байгуулна.

“Нэг өрхөд нэг ажлын байр” хөтөлбөр нь нийслэлийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг хүргэх таатай орчныг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан зорилтот өрхөд нэг ажлын байрыг бий болгож, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг дээшлүүлэх зорилготой юм. 2017-2020 онд хэрэгжих уг хөтөлбөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдэд дэвшүүлсэн нийслэлийн хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөрийн зах зээл дэх тэгш оролцоог хангаж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

Хөтөлбөрийн хүрээнд ажил олгогч, аж ахуйн нэг байгууллага, өрхийн үйлдвэрлэл болон бичил бизнес эрхлэгчид, гадаадад сурч ажиллаж, амьдарч байгаад ирсэн иргэдийг бодлогоор дэмжиж, залуучууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, ажил олоход хүндрэлтэй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэдэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ИНЕГ-ын тэргүүн дэд дарга өөрчлөгджээ

Зам, тээврийн сайдын тушаалаар ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны даргын үүрэгт ажлаас П.Мөнхжаргалыг чөлөөлжээ.

Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Энх-Амгаланг томилсон байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаад хэргийн яамдын бодлогын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улс, ОХУ-ын ГХЯ-д хоорондын Бодлогын ээлжит зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай болов. Уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, оросын талаас ОХУ-ын ГХЯ-ны Гадаад бодлого төлөвлөлтийн газрын захирал О.В.Степанов нар ахлав. Төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр тал олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа, олон улсын байдал, харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.

Мөн хоёр тал Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, хоёр улсын улс төрийн харилцаа өндөр түвшинд байгааг тэмдэглэхийн сацуу худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулахын чухлыг тэмдэглэв. Мөн өндөр дээд түвшингийн уулзалт, айлчлал харилцаа хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болохыг дурдаж, Ерөнхий сайдын түвшний айлчлалын бэлтгэлийг хангахын чухлыг онцлов.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүр барих явцад мод, бургас тайраагүй гэв

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд зам гүүрийн ажлын бэлтгэл болох технологийн дагуу тухайн орчны мод, бургасыг чөлөөлөх газар шорооны ажил хийгдэж байна.

Уг төсөл нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу батлагдсан ерөнхий үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа тул “Хууль бусаар мод, бургасыг тайрч байна” гэсэн мэдээлэл ташаа гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Энэ асуудлаар гүйцэтгэгч аж ахуйн нэгжид шаардлага тавьж, бүтээн байгуулалтын ажлын мэдээлэл бүхий самбарыг байрлуулж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байх шаардлага тавьжээ.

Нийслэлийн нутаг дэвсгэр, ногоон бүсэд үйлдэгдэж буй байгаль орчны эсрэг аливаа хэрэг, зөрчлийн мэдээ, мэдээллийг тогтмол хүргэж ажилладаг иргэддээ талархал илэрхийлж, энэ төрлийн мэдээллийг нийслэлийн Байгаль орчны газрын 323780 дугаарын утсаар ирүүлж байхыг уриалжээ.

Categories
гадаад мэдээ

Севол хөлөг дээрээс зургаан ширхэг 4-18 см хэмжээтэй яс олжээ

2014 онд Өмнөд Солонгосын 300 гаруй сурагчид Севол хөлгөөр зорчиж яваад харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарч дэлхий нийтийг цочирдуулсан билээ. Тэгвэл өнөө өглөө 11:25 цагийн үед өчигдөрхөн уснаас бүрэн гаргасан Севол дотроос зургаан ширхэг 4-18 см хэмжээтэй хүний яс олжээ.

2014 оны аравдугаар сарын 29-ний өдөр эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнөөс сүүлийн цогцсыг олсноос хойш 883 өдрийн дараа ийнхүү нотлох баримт олж байгаа нь энэ аж. Осол болсноос хойш 9 хүүхдийн цогцос олдоогүй бөгөөд ар гэрийнхэн нь хөлгийг усан дороос гаргаж ирэх үйл явцыг ширтэн горьдлого тээн харж байсан юм. Эдгээр ястай хамт хэд хэдэн хүний өмд гутал, газрын тосны үлдэгдэл илэрчээ. 2-3 долоон хоногийн дараа гений шинжилгээний хариу гарах бөгөөд эдгээр нь нэг хүний яс уу хэдэн хүний яс вэ гэдэг нь тодорхой болох аж.

О.ӨНӨР

Categories
мэдээ соёл-урлаг

“Азтай бадарчин” хошин урлагийн наадам ахин зохиогдоно

Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам тун удахгүй болох гэж байна.

Арав гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй “Азтай бадарчин” наадам энэ жил “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг шог зураг”-ийн төрлүүдэд шилдгийн шилдгүүдээ олон нийтийн санал хураалтаар тодруулах аж.

Түүнчлэн “Шилдэг үзүүлбэр”-ийн шалгаруулалт нь наадмын өдөр тайзнаа шууд явагдаж, үзэгчдийн саналаар тодрох юм байна.

Монголын хошин урлагийн академийн санаачилгаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулж буй “Азтай бадарчин” наадмын шилдгүүд 2017 оны 04-р сарын 03-ны 18:45-д Соёлын төв өргөөний тайзнаа тодорно.

Дашрамд дуулгахад эрхэм уншигч та http://urlag.mn/AztaiBadarchin/ тус линкээр зочилж шилдгийн шилдэгт нэр дэвшиж буй уран бүтээлчдийн нэрстэй танилцаж саналаа өгөх боломжтой.

Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон тасалбар хүргэлтийг 1900-1800-аас лавлахын зэрэгцээ цахим тасалбарыг www.TICKET.mn сайтаар захиалаарай.
Categories
мэдээ нийгэм

Малын хулгайч нарыг баривчиллаа

Холбоотой Зураг

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид олон удаагийн үйлдлээр иргэдийн мал хулгайлсан этгээдүүдийн илрүүлэн шалгаж байна.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд тус аймгийн Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Балдангомбо, Жаргалтхаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ч.Наранбат нар хамтран ажиллаж, иргэдийн олон тооны малыг хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлэн баривчилжээ.

Өмнөдэлгэр сумын харьяат Б, Ц, Т, Жаргалтхаан сумын харьяат М нар үгсэн тохиролцож, “Хьюндай Портер”, “Субару Порестер” маркын автомашин ашиглан өнгөрөгч 2016 оны есдүгээр сард Өмнөдэлгэр сумын нутгаас малчин Ц-ийнхээс зургаан хонь, 2017 оны хоёрдугаар сард Жаргалтхаан сумын нутгаас малчин Б-ийн 4 тооны адуу, малчин Ц-ийн 4 тооны адууг нийт 4 удаагийн үйлдлээр хулгайлсан нь шалгалтаар тогтоогдсон байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Мал хөрөнгөө хулгайд алдсан малчид адуу, малынхаа зүсийн бүртгэлийг бүрэн хөтлөөгүй, гэрэл зургийн альбом хийгээгүй байснаас эрэн сурвалжлах ажилд хүндрэл учруулжээ. Иймд малчин, мал бүхий иргэдийг өөрийн өмч болсон мал сүргээ байнгын өдрийн хариулга, шөнийн манаатай байлгах, бод мал бүрээ зүсийн бүртгэлд хамруулж, гэрэл зургийн альбом хийх, адууны GPS төхөөрөмж ашиглахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэн нарыг шүүх хурал түр хойшиллоо

Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түр завсарлалаа. Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч Г.Түмэнхүү өмгөөлөгч нэмж авах шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Хүсэлтийн дагуу шүүх хуралдаан түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргасан байна. Ингэхдээ шүүгдэгч Г.Түмэнхүүгийн өмгөөлөгч н.Нямжав шүүх хуралдаанд ирсэн, өмгөөлөгч нэмж авах хангалттай хугацаа байсан гэдэг шалтгаанаар шүүгдэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон аж. Мөн иргэний хариуцагч нотлох баримт гаргуулах шалтгаанаар хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй аж. Ингэснээр шүүх хуралдаан нээлттэй үргэлжилж байгаа гэдэг мэдээллийг авлаа.

Categories
мэдээ нийгэм

Алслагдсан суманд 3 жил ажиллавал цэргийн дүйцүүлэх албыг хаасанд тооцно

Эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, улмаар хоёр салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар өнөөдөр хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Тэд өнгөрсөн 1-р сард хүүхдийн эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор БХЯ-ны Цэргийн төв эмнэлгийг түшиглэн 50 ортой хүүхдийн тасгийг нээн ажиллуулсан нь оочер дараалал хүлээсэн олон эцэг эхчүүдийн талархал хүлээж байсан.

Харин энэ удаагийн санамж бичгийн хүрээнд эмнэлгийн чанар хүртээмжийг сайжруулж, ачааллыг бууруулах зорилготой Зүүн бүсийн гурван аймаг, мөн Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх дүүргийн иргэдийн харвалт, шигдээс, гэмтэл, хордлого зэрэг яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй Цэргийн төв эмнэлэгт хүлээн авах болон түүний бэлтгэл ажлыг хангахаар тусгасан байна.

Мөн орон нутагт ажиллах эмч нарыг дэмжих зорилготой алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт 3 жил ажилласан эмч нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцож, цэргийн 2-р зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгүүлэхээр зохицуулах зэрэг олон зүйл заалтууд тусгагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Бямба гаригт номоо солилцъё өдөрлөгтэй

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт төв талбайд зохион байгуулсаар байгаа билээ.

Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг тус өдөрлөг 4-р сарын 1-ны Бямба гаригийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Энэ дашрамд дуулгахад өнгөрсөн сард номоо солилцохоор төв талбайд залуучууд болон зохиолчид ирсэний дотор ахмадууд багагүй байсан бөгөөд өөрийн уншсан номоо бусадтайгаа хуваалцаж, бусдын уншсан номоор солилцох боломжыг олгосонд ихэд талархаж байсан юм. Түүнчлэн өдөрлөгт хүрэлцэн ирсэн 300 орчим иргэдийн олонх нь түүх, уран зохиолын ном сонирхож байсан юм. Ингээд эрхэм уншигч та бүхнийг 4-р сарын 1-ны Бямба гаригийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцохыг урьж байна.