Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 39 дүгээр сургууль, 31, 43, 124 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдэд өчигдөр амны хаалт тараалаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чиглэл” ХХК нийгмийн хариуцлагаа ухамсарлан ийнхүү сургууль цэцэрлэгийн хүүхэд болон ажилтан албан хаагч нарт 1500 гаруй амны хаалтыг тараасан байна. Уг амны хаалт нь дөрвөн давхар материалаар хийгдсэн, амьсгал хамгаалах клапан бүхий шүүлтүүртэй Монгол Улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн юм байна. Тус үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, “Чиглэл” ХХК компанийн Ерөнхий захирал Ц.Бумцэнд болон багш сурган хүмүүжүүлэгчид оролцлоо гэж Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Month: February 2017
Ахмад настнууд “Насны хишиг”-ээ авахдаа оршин суугаа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандана.
“Насны хишиг”-ийг 2017 онд нийт 122 мянган ахмад настан хүртэх бөгөөд үүнд зориулж 20.5 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт суулгасан
Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан авч болно. Ингэхдээ иргэний цахим үнэмлэхээ авч ирж насны хишиг авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм байна. Харин мөнгөө ирэх сарын 25-наас хойш Хөдөлмөр, халамжийн ерөнхий газартай гэрээтэй банкуудаар дамжуулан авах юм байна.
“Насны хишиг” авах нас ба мөнгөн дүн:
65-69 настанд 50.000
70-79 настанд 80.000
80-89 настанд 150.000
90 болон түүнээс дээш настанд 250.000 төгрөгийг цагаан сар, улсын наадмаар буюу жилд 2 удаа насны хишиг олгохоор тогтсон байна.
Өнөөдрөөс эхлэн ЭЕШ-ын бүртгэл орон даяар эхэллээ. Бүртгэл дөрөвдүгээр сарын 14-нд дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй тухай Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
ЭЕШ-ын хураамж шалгалт тус бүр 5800 төгрөг ба батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй байх аж. Шалгуулагч шалгалт өгөх хичээлээ нэмэх бол бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд хандах юм байна.
2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтын журам:
- ЭЕШ-ыг 2017 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн /цаашид энэ онд төгссөн шалгуулагч гэх/, 2017 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн /цаашид өмнөх онд төгссөн шалгуулагч гэх/ өгнө.
- Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол хэл бичгийн шалгалт /цаашид МХБШ гэх/- ыг заавал өгнө.
- Шалгуулагч нь ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлээс сонгон шалгуулна.
- ЭЕШ-ын сэдэв даалгавруудыг энэхүү журмын 1.5-д заасан хичээлүүдийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд тохирсон, шалгуулагчийн мэдлэг, танин мэдэхүйн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулан бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна.
- ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд орно.
- МХБШ нь монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэнэ.
- ЭЕШ-тай хамтатган дараа жилийн зарим хичээлийн сэдэв, даалгаврын тавил, агуулгын тохирцыг тандах зорилгоор шалгуулагчийн дүн оноо, шалгалтын үндсэн цагт нөлөөлөхгүй байдлаар туршин шинжилж болно.
- МХБШ болон ЭЕШ нь сонгон авсан их, дээд сургууль болон ЕБС-ийн хичээлийн анги танхим, cургалтын байр /цаашид шалгалтын байр гэх/-нд явагдана. Мөн шалгалт авах явцын бодит чанар, ил тод байдлыг хангах зорилгоор шалгалтын байранд хяналтын дуран, шалгалтын зорилгыг хангах зорилгоор сонсгох төхөөрөмж суурилуулна.
- Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн шалгалтын байранд Боловсролын үнэлгээний төв /цаашид БҮТ гэх/-өөс томилсон шалгалт зохион байгуулах комисс ажиллах ба комисс батлагдсан удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулна.
- Шалгалтын талаарх шаардлагатай мэдээллийг тухай бүрд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон БҮТ-ийн зөвлөгөө мэдээллийн ажилтнууд, “Элсэгчийн сонин”, www.eec.mn вебсайт, https://www.facebook.com/eec.mn/ page хуудсаар олон нийтэд хүргэнэ.
- ЭЕШ-ын хичээл бүрийн шалгалтын сэдэв, даалгаврыг БҮТ-ийн даалгаврын санг ашиглан блупринтийн аргачлалаар жил бүр шинээр боловсруулан бэлтгэнэ.
- ЭЕШ болон МХБШ-ын сэдэв даалгавар бэлтгэх, хувилах, хүргүүлэх, шалгалтын материалыг төвлөрүүлэн татах, засах, үнэлэхтэй холбоотой нууцлалыг БҮТ хариуцна.
ЭЕШ-ын бүртгэл:
- Шалгуулагчдыг интернэт /цаашид онлайн гэх/-ээр болон БҮТ-өөс тусгайлан эрх олгосон бүртгэгчид бүртгэнэ
- Онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдана.
- Хувийн мэдээлэлтэй холбоотой гарсан алдааг энэ онд ЕБС-д суралцаж байгаа бүртгүүлэгч сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн системд баталгаажилт хийлгүүлэн засварлуулж, өмнөх онуудад төгссөн бүртгүүлэгч БҮТ-д хандан шийдвэрлүүлнэ.
Бүртгүүлэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/
- Өнгөт чээж зураг /чээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа харан цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
- Энэ журмын 2.10-д заасан банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон 2.11-д заасан төлбөрийн хэрэгсэл
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн шалгуулагчид хамаарна
- И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ/
- Өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалт өгөх аймаг /хот/-аа сонгож бүртгүүлнэ.
- Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ энэ журмын 2.3.4 дэх заалтад заасан боловсролын бичиг баримтыг БСШУСЯ-аар баталгаажуулж, БҮТ-д ирж бүртгүүлнэ.
- Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
- Шалгуулагч нь бүртгүүлсэн үүрэн телефоны дугаараа ашиглан 133233 тусгай дугаараас өөрийн мэдээллийг SMS үйлчилгээгээр авах боломжтой. /нууц дугаар, бүртгэлийн дугаар, шалгалтын хуваарь, суудлын хуваарь, дүнгийн мэдээлэл/
- Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn вебсайтын “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.
- ЭЕШ-ын бүртгэлийн хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг (цаашид хамтад нь шалгалтын хураамж гэх) байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.
- Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар шилжүүлнэ. Хаан банкны дараах төлбөрийн хэлбэрийг ашиглан гүйлгээ хийж болно. Үүнд: мобайл банк, интернэт банк ашиглах шилжүүлэх, бэлнээр дансанд тушаах
- Рaycode-ийн систем ашиглан бүртгүүлж буй хөдөө орон нутгийн шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк дахь Боловсролын Үнэлгээний Төвийн 1105038452 тоот дансанд тушаан аймгийн Боловсролын газрын ЭЕШ хариуцсан ажилтанд хандана.(paycode-дотоод төлбөрийн систем)
- ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 70%-ийг эргүүлэн олгоно. Бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтанд ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй.
- Шалгуулагч бүртгүүлэх явцад төлбөрийн гүйлгээг давхардуулж хийсэн тохиолдолд 2017 оны 04 сарын 25-аас өмнө БҮТ-д хандаж төлбөрийн буцаалт хийлгэх тухай хүсэлт гаргаж болно. Төлбөрийн буцаалт хийхэд үүсэх банк хоорондын гүйлгээний шимтгэлийн хураамжийг шалгуулагч хариуцна.
- Энэ онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч бүртгэлийн хуудсаа сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагч өөрийн биеэр Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн ЭЕШ-ыг хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулан баталгаажуулж авна.
Төрийн ордны А танхимд Эдийн засгийн байнгын хороо хаалттай хуралдаж байна. Хаалттай хуралдаанаар “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг асуудлыг хаалттай хэлэлцсэний дараа хуралдаан нээлттэй байдлаар үргэлжлэх аж.
Мөн Төрийн ордны Б танхимд Өргөдлийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Өргөдлийн байнгын хорооноос “Туул голын бохирдлын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2016 оны 03 дугаар тогтоолын биелэлт, явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлэл сонсож байгаа юм.
Цагаан сар, хар нулимс
(ДАХИАД Л ЭНЭ ТУХАЙ)
Цагаан сараар золговол жилдээ багтаж үхэх гэнэ. Золголтоо хорин дөрвөн цагаар зөрүүлж орхивол шүү дээ. Нарийн эд байгаа биз? Гэр бүлээрээ гайтай 24 цагийг нь зөрүүлж орхивол голомт нь цайрах аж. Улсаараа ийм зөрөө гаргавал… еэ ванд лхам минь, аягүй бол дэлхий сөнөх бололтой. Энэ бүхнийг ягштал мэддэг хэд энэ талаар зурагтаар ярьж ард түмнээ сэрэмжлүүлж байна. Хариуд нь шар улааныг тунаруулсан бүлгийнхэн гарч ирж зад эсэргүүцэв. Харин ч эхний хэдийн зааж өгсөн өдөр золговол гай барцад болох гэнэ. Үүнийг маш олон төрлийн шинжлэх ухаан баталсан аж. Шинжлэх ухаан ярьж байх хооронд нь Эйнштэйний нэр хэд хэдэн удаа хавчуулагдаад амжив.
Хүн төрөлхтөн хэдийнээс эхлэн цаг хугацааг тоолж эхэлсэн юм, бүү мэд. Лавтай эртний вавилон, ассир, шүмэр, египтчүүд өөр өөрийнхөөрөө тоолдог байж. Дүрсээ байнга өөрчилж байдгийн хувьд сар илүү баримжаатай байсан учраас сарны тоолол өргөн дэлгэрчээ. Гэхдээ сарны мөчлөг 29,5 хоног болохоор энэ хагас өдөр нь хоёр сарын дотор бүтэн хоногийн зөрөө болчих учраас засварын программ хэрэгтэй. Энэ засварыг газар газар янз бүрээр хийнэ. Иймээс сараар баримжаалсан хуанли иргэншил соёл бүрт өөр өөр байдаг аж. Нарны “засварын программ” тун ялимгүй. Гэхдээ л мянга гаруй жил өнгөрсний дараа бүтэн арав хоногоор зөрүү гарч байсан тул Юлианы хуанлыг дундад зууны үед Ромын пап Григорийн лүндэнгээр зассан учир “Григорийн хуанли” гэх нэр гарсан байна. Өнөөдөр бүх дэлхий даяараа энэ хуанлыг албан ёсоор хэрэглэдэг. Оросууд 1918 он хүртэл хуучин Юлианы календарьтай байсан учир Ленин үнэндээ ноябрь сард төрийн эргэлт зохион байгуулсан боловч түүхэнд “октябрийн хувьсгал” нэрээр үлджээ.
Тоолол болгон зөв. Тоолол бол байгалийн хууль биш. Өдөр шөнө, өвөл зун болдог, дэлхий нарыг тойрдог, өөрийг нь сар тойрдог, энэ бүхэн өөрийн мөчлөгтэй нь байгалийн явдал. Нэгэнт хорвоо хүнд тохируулж орчдоггүй болохоор хүн өөртөө зориулж ойлгомжтой хялбар тоолол зохиохоос өөр аргагүй. Ингэхээр нар сар одны орчлыг түшиглэж тоолол зохиох, баримтлах, цаг хугацааг хэмжих нь хүний явдал. Хүссэн хэн ч өөрийн тоолол шинээр зохиогоод гэртээ өөрөө мөрдөөд явж болно, гагцхүү бусадтай энэ хэмжүүрээрээ ярихаар л жаахан үл ойлголцол гарах байх. Иймээс бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн тоолол хэрэгтэй болно. Бидний метр гэж яриад байгаа нь Си системийн уртын хэмжүүр. Үүнийг тохойгоор хэмжсэн ч, фүтээр илэрхийлсэн ч, лигээр ярьсан ч зарчмын ялгаагүй. Биенд нь шилжүүлээд ойлгочиж болно. Нийтээр хүлээн зөвшөөрөгдөх асуудал нь харин янз янз. Өдгөө дэлхий даяараа албан ёсоор Си системийг хүлээн зөвшөөрсөн нь хоорондоо ойлголцох эвийг нь бодсон хэрэг. Ялгаагүй, та 38 размерийн гутал өмсдөг бол Си системээр 25, англи системээр зургаан номер болж орхино. Хэнийг нь буруу гэж хэлэх аргагүй, алийг нь ч шинжлэх ухааны аргаар буруутгах бололцоогүй. Цагийн тоолол ч адил. Хүсвэл шинэ оноо зун ч солилцуулж болно, намар ч тэмдэглэж болно. Хүний түүхэнд ийм тохиолдол бишгүй нэг тохиосон. “Январь” гэдгийг өөр тооллын уламжлалтай бид л “нэгдүгээр сар” гээд нэрлэчихсэн болохоос цаанаа ийм утга байхгүй.
Тоололд харин түүхэн утга бол бий. Зуунаар биш жарнаар тоолон жил болгонд амьтны нэр өгдөг уламжлал нүүдэлчдээс гарсан гэдэг. Тодорхой хэлбэл түрэгүүд ийм юм бодож олжээ. Гэхдээ тухайн жилийг хулгана гэж нэрлэснээс болоод хулгана ихээр үржих, хүний амьдрал хулганыхтай төстэй болох зэрэг байгалилаг утга огт байхгүй. Зүгээр л цэвэр бэлгэдлийн чанартай. Хятадууд нэн эртнээс сарны тоолол хэрэглэдэг байсан, харин амьтнаар он жилийг бэлгэдэн нэрлэх ёс тэдэнд хожим шингэжээ. Хятад тооллыг монголчууд “шар зурхай” гэнэ. Манжийн мэдэлд байхдаа монголчууд албан ёсоор шар зурхайг дагадаг байв.
Харин 1747 онд Ишбалжир хэмээх гэлэн нэгэн тоолол зохиосныг “Төгсбуянтын тоолол” гэнэ. Тэр үеийн монголчуудын төвлөрөл байсан Хөх нуур орчимд юм болов уу. Улаанбаатар энэ үед нүүж явсан учир Туулын хөвөөнөөс 300 гаруй кмийн зайд байлаа. Гэлэн тоолол зохиохдоо Хятадын уламжлалт тооллын алгоритмыг өөрчилж, ердөө л өнөө 29.5 өдөр гэдгийн бутархайг шилжүүлж тооцохдоо “засварын программ”-ыг шинэчилжээ. Тэрээр битүүнд саргүй (сар алга болно гэж байхгүй л дээ, нартай хамт мандчихаар энгийн нүдэнд харагдахгүй байгаа хэрэг), харин 15нд заавал тэргэл сартай байхаар тооцсон учир үүндээ баригдаад зарим өдөр давхцана, зарим нь алгасна. Ингэхээр бичиг цаас тооцоо энэ тэр гэхгүй календарийн баримжаа шууд тэнгэр дээр гараад ирдэг учир нүүдэлчдэд нэн тохиромжтой байсан бололтой. Битүүн, арван таван гэсэн ойлголт хятад тоололд үгүй. Бичиж үлдээсэн судартаа “тэрслүүдийн зурхай одондоо мэргэн тул авч хэрэглэв” гэж тодотгожээ. Энэ нь сарны хөдөлгөөнийг байрлах одоор нь тодорхойлох лалын тооллын аргыг оруулав гэсэн санаа. Тэрслүүд гэдэг нь лал гэсэн төвд үгний орчуулга. Лалынхан астрологиос эхлээд астрономи хүртэл маш сайн судалсан уламжлалтай. Манж Хятадын эзэрхийллийг эсэргүүцсэн бэлгэдэл нь хийгээд илүү дутуу тооцоо байхгүй шууд тэнгэр хараад хэлж болдог практик ач холбогдлоосоо болоод монгол ардууд өргөнөөр хэрэглэж эхэллээ. Энэ нь Хятадын цагаан сараас заримдаа нэг өдрөөр, заримдаа нэг сараар зөрнө. Ингээд “Монголын цагаан сар” гэсэн шинэ нэр гарчээ. Манай цагаан сар хятадынхаас арай өөр гэсэн санаа. Ингэхээр Тэрбишийн зурхай гэж байхгүй, Ишбалжирын зохиосон Төгсбуянтын тоолол л гэж бий. Шинжлэх ухааны академиас ХХI зууны турш энэ тоолол Григорийн тоололтой яаж таарч байгааг үзүүлсэн хүснэгтэн ном гаргасан юм. Үүнийг жил бүр шинээр тогтоох хэрэг байхгүй, хүсвэл ХХХ зуун дуустал, бүр цаашлуулаад ч хүснэгтлээд гаргасан ч болно. Залхуурахгүй бол та гэртээ сууж байгаад 3000 он хүртэлх календарь бүтээж болно, ингэлээ гээд таныг хэн ч профессор доктор гэхгүй. Үүнтэй яг л ижил юм хийсэн буюу хийх гэж санаархагчид өөрсдийгөө цоллодог нь харин сонин. Григорийн тоололд дөрвөн жил тутамд нэг хоног нэмдэг засварын программтай. Лалын, Хятадын, Монголын, Маяагийн, инкийн календариудын алгоритм нь өөр учир засварын программууд нь бас зөрөөтэй.
1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарлалаа. Төгсбуянтын зурхайг албан ёсоор хэрэглэж байх Богд хааны лүндэн буув. Харин 1915 оны Хиагтын Гурван улсын хэлэлцээнд энэ тоолол бөөн маргаан үүсгэжээ. Хятадууд Монголын нийслэл, Монголын хаан, монгол тоолол гэсэн гурван зүйл дээр тас эсэргүүцэж Хятадынхыг дагахыг шаардаж байв. Эцэст нь хааныг орос хэлээр “повелитель” гэж байхаар тогтов. Тэд мөн Төгсбуянтын тооллыг тас эсэргүүцэж өөрсдийн шар зурхайг дагахыг шаардав. Энэ удаа монголчууд ялж монгол тооллоо Гадаад Монголд албан ёсны байлгахаар болов. Гэвч гэрээний эх барих хувилбар болох франц хувь дээр монгол тооллыг зориуд орхигдуулсан байсан юм.
1921 оны долдугаар сард Ардын засгаас Төгсбуянтын тооллыг баримтлах тогтоол гаргалаа. 1924 онд Бүгд найрамдах улс болоод оныг “олноо өргөгдсөний” гэж байсныг “Монгол Улсын төд дүгээр он” гэж нэрлэж байхаар болов. Монгол Улсын тоолол болон Төгсбуянтын хуанли нь Григорийн тоололд орсон 1940 он хүртэл албан ёсоор мөрдөгддөг байжээ. 1944 онд Гандан хийдийг дахин сэргээхэд тооллыг Төгсбуянтынхаар явуулж байх шийдвэр гарсан байдаг. Ингэхээр Төгсбуянтын хуанли нь зөв буруутайдаа биш, тусгаар тогтнолын утгатай ажгуу. Аль ч тоолол шинжлэх ухааны утгаараа буруу байдаггүй учраас Төгсбуянтын хуанлид гажууд юм юу ч байхгүй. Сарны тооллоор явдаг Хятадынх, Лалынх, инкүүдийнхээс зөрдөг үү гэвэл зөрнө. Яг л төө, фүт, дециметр хоорондоо зөрдөг шиг. Тэгээд яачихаав, биенд нь шилжүүлээд л ойлгочихно шүү дээ! Гол нь энэ бол Монголынх. Эцэг өвгөд маань зориуд Хятадынхаас зөрүүлсэн юм. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид маань энэ зөрүүг нь баримталж олон улсын гэрээ хэлэлцээрт зүтгэж байж оруулсан юм. Соёмбо шиг л тусгаар тогтнолын маань бэлгэ тэмдэг. Хэдийгээр бид албан ёсоор Григорийн тоолол баримталдаг ч цагаан сар болон зарим өдрийг тэмдэглэхийн тулд хуучин тоолол хэрэг болдог. Чухам ямар тоолол баримтлахыг төрөөс 1911, 1921, 1924, 1944 онуудад хоёргүй нэг утгаар зааж өгчээ.
Өдөр гаригт сайн муу гэж байдаггүй. Ингэж ярьдаг нь хятадууд дөрвийн тооноос, монголчууд долоогоос, европынхон арвангурваас цэрвэдэг шиг мухар сүсгийн угшилтай цэвэр бэлгэдлийн утгатай. Тэр дундаа үсээ засуулдаг, найр хийдэг, мал гаргахад муу гэх мэтийн утга санаа өдрүүдэд огт байхгүй. Үүнийг зөвхөн зурхайчид л зохиодог юм. Зурхайч, янхан хоёр бол дэлхийн хамгийн уугуул мэргэжил. Од сар харж байгаад юм зохиож хэлэн хүний сэтгэл үймүүлэн хэдэн мөнгийг нь салгадаг этгээдүүд аль дивангарын үед байжээ. Тэднийг Европ зүгт астрологичид гэнэ. Тэдний дунд зах зээлийн хүчтэй өрсөлдөөн байсан учир од гаригийн хөдөлгөөнийг их сонирхдог судалдаг тэмдэглэдэг байлаа. Энэхүү уран панаал нь хожим астрономийн шинжлэх ухаан үүсэхэд ихээхэн тус болсныг хэлэх нь зүйтэй. Химийн шинжлэх ухаан буй болоход алхимичид хэмээх жатга үзүүлж хүн хуурагчид их тус болсонтой адил юм. Химийн ухаан буй болсноор алхимичдийг тоохоо больсны нэгэн адил астрономийн ухаан хөгжсөнөөр астрологичид зүй ёсоор тэтгэвэрт гарсан юм. Зурхай ч, алхими ч шинжлэх ухаан огтоос биш.
Гэвч, хэдийгээр XXI зуун гарсан боловч буурай хоцрогдсон газар зурхайчид амь бөхтэй оршсоор төдийгүй орлого олз арвинтай байсаар. Энэ бол нийгмийн хоцрогдол дээр суурилан паразиталж амьдардаг ядарсан бизнес юм. Зурхай нь тоолол зохиох болон баримтлахаас шал өөр утгатай. Энэ нь тэнгэр гариг эрхэсээс болж хүний хувь заяа хэрхэн өөрчлөгдөхийг мэргэлж өгдөг, түүгээрээ календарь, хүснэгт зохиогоод зардаг золигийн заль мэх л дээ. Өнгөрснийг мэддэг хүн тааралддаг гэдэг. Үүнийг шинжлэх ухаан тайлбарлаж чаддаггүй. Өнгөрсөн юм ямар нэг долгион ч юм уу, үлдээдгийг хэдэн сая тохиолдолд зарим нэг увдистай хүн мэдэрч чаддаг байж магадгүй гэж ярьдаг. Тун ховор тохиолдох ийм увдис Монголоор дүүрэн байна гэдэг бол харин итгэхийн аргагүй хэрэг. Тэгээд ч туйлдаа хүртэл хөгжсөн шинжлэх ухааны бяд дутаж байхад хагас бичигтэй улаан шараар эрээлж гоёсон луйварчин юугаа мэдэх билээ дээ. Ирээдүйг бол урьдчилж мэдэх ямар ч боломжгүй. Шинжлэх ухааны прогнозлох арга зүйг энд хэлээгүй нь мэдээж. Од гаригийн орчил хөдөлгөөн хүний хувь заяанд нөлөөлдөг байж болох ч үүнийг урьдчилан тооцоолох боломж үгүй аж. Үүнийг “Хайзэнбэргийн тодорхойгүйн зарчим” гэнэ. ХХ зууны гурван том нээлтийн нэг гэгддэг. Хайзэнбэрг үүнийг электроны байршил дээр баталсан боловч түгээмэл шинжтэй юм.
Төгсбуянтын тооллоор өнөөдөр төдний өдөр, энэ нь шар зурхайн төдний өдөртэй таарна, лалын тооллоор ийм өдөр болно, энэ бүхэн нь Григорийн буюу нийтийн тооллоор ийм өдөр болой гэх бол нэг хэрэг. Энэ бол хятадаар хуанли, европоор календарь хэмээх цаг тооны бичиглэл. Энэ өдөр бол хар өдөр, үсээ засуулж болно, айл ухвал баригдахгүй, эхнэрээ зодох нь зүйтэй, учир нь нар сарны хөдөлгөөн таарч сугар гаригтай явалдаж улаан нохой одтой таарч байна гэх мэт бол зурхай. Үүнд нь итгэдэг ард түмнийг өнөөгийн хэлээр хоцрогдсон бүдүүлэг гэдэг аж. Ийм мэргэ төлгө хөгжингүй орнуудад ч элбэг. Гэхдээ үүнд нь ард түмнээрээ итгэж баримталдаггүй, илүүтэй зугааны шинжтэй байдаг. Зурхайчид юу ч гэж тууж магадгүй, дээр нь их олуулаа учир хоорондоо их зөрөөтэй. Зах зээлээ булаацалдаж маргаж хэрэлдэх нь сүүлийн хориод жилд Монголд бүр гаарсан үзэгдэл боллоо. Сүүлдээ хүн амьтныг үхнэ хатна гэж сүрдүүлдэг болоо шив. Ухаан нь 2008 оны ердийн календарь дээр өдөр хоногуудыг бөөсөө алдаггүй өдөр, аянд явдаг өдөр, хурьцал тэвчих өдөр гээд биччихсэн байвал хэн ч гайхаж таарна. Яахаараа монгол тооллын календарь дээр зурхайчид ийм мангар юм биччихээр гайхах байтугай шүтээд байдаг байна аа? Хонины арьс нөмөрсөн чоно гэгчээр ичих ч үгүй шинжлэх ухааны нэр, цаашлаад Чингис хааны нэрийг барихыг нь яана! Аргын тооллоор календарь гаргадаг компаниуд өнгө үзэмж, зураг хөргөөрөө өрсөлддөг. Билгийн тооллын хуанли үйлдвэрлэгчид хоорондын тоогоо зөрүүлэхээс гадна хүний өдөр судрыг мэргэлж өдөр хоногийг сайн муугаар нь ялгаж, хүний сэтгэл рүү юм хийж өрсөлдөнө. Эцсийн бөлөгт цаг тооллын аль системийг баримтлах тухай асуудал байгаа юм биш, зах зээлд борлогдох үйлтэй 200 орчим сая төгрөгийн мэргэ төлгийн эзэн хэн болох тухайд л зодоон цохио болоод буй хэрэг шүү дээ. Ингэж билгийн цагаан сарыг хэрүүлийн хар нулимс болгож хувиргана.
Зурхай юутай ч буддын шашинтай ямар ч хамаагүй эд. Будда өөрөө сургахдаа “хүний хувь төөргийг сарны тохиол, од мичдийн хөдөлгөөнөөр мэргэлж тааварлахыг эгнэгт цээрлэвэл зохилтой” гэжээ. 2500 жилийн өмнө Энэтхэгт одоогийнхоос цөөнгүй зурхайч -луйварчид байсан бололтой. Чанарын биш гэхэд тоон утгаараа дэлхийн хамгийн боловсролтой орон гэх монголчууд бичиг үсэгтэй нь эргэлзээтэй, ядахнаа хүзүүгээ угаагаад хумсаа авчихдаггүй мөртөө бурхан буг Эйнштэйн, Вангагийн нэр барьсан өвчтэй солиотой, зальтай хомхой сувдаг тэнэг юмнуудыг дэмжин мөнгө төгрөгөөр тэтгэж явааг юу ч гэж тайлбарлах юм билээ дээ? “Өдөр цаг бүхэн өлзий буян, од гариг бүхэн онцгой сайн, муу сэтгэлээ ялагч бүхэн зовлонгүй, мунхгийн нойроос сэрэгч бүхэн чадал төгөлдөр” гэж Будда сургасан нь “Найман гэгээ” сударт бий. Энэ судрыг сургаар эшлэн худал цуурах зурхайчдад тийм л их мөнгө хэрэгтэй юм бол та нэг сайхан санал тавиач. Юу гэхээр календарь зарж хэдэн цаас цуглуулах гэж зовж яс булаацалдсан нохой шиг хоорондоо архиралцаж байхаар казинод очиж ямар тоо гарахыг нь шууд хэлээд л баяжаач. Эсвэл Барон Унгерний нуусан алтыг олооч. Улсын мэдлийнх болохоор хураагаад авчихна гэж үү? Олсон хүн хуулиараа 30 хувийг нь авдаг юм. Нийт 1800 кг алт эрдэнэс нуугаастай байгаа гэдэг юм билээ. 30 хувь гэхээр 600 орчим кг алт эрдэнэс хүүдийлэх нь байна шүү дээ, хаваасаг биз дээ?
2008.02.03
Монгол Улсын Дотоодын цэргийн анги салбар, удирдлагын штабт олон жил ажилласан эдүгээ Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газрын даргаар ажиллаж байгаа бригадын генерал Т.Хүрэлбаатартай уулзаж Дотоодын цэргийн талаар ярилцлаа.
-Таныг их олон жил салбартаа ажилласан хүн гэдэг байх аа?
-Би 1985-2014 он хүртэл Дотоодын цэргийн Д.Сүхбаатарын нэрэмжит олноо “Одонт хороо” хэмээн алдаршсан 05 дугаар ангид салбарын захирагч, харуулын албаны офицер, хамгаалалт төлөвлөлтийн албаны дарга, штабын орлогч, Дотоодын цэргийн хэлтэс, штабт улсын онц чухал обьектын хамгаалалт, төлөвлөлт хариуцсан ахлах офицер, штабын даргаар ажилласан. Дотоодын цэрэгт нийтдээ 34 жил алба хаажээ.
-Ингэхэд дотоодын цэрэг хэдэн онд анх байгуулагдсан юм бэ?
-1922 оны долдугаар сарын 16-ны өдөр Их жанжин Д.Сүхбаатарын санаачилга, Ардын түр засгийн газар, Бүх цэргийн зөвлөлийн шийдвэрээр Дотоодыг хамгаалах газрын дэргэд партизан голдуу арав гаруй цэргийн бүрэлдэхүүнтэй “Тусгай тасаг” нэртэйгээр анх байгуулагдаж байсан. Тухайн үед алслагдсан сум, хошуудад нууц бичиг, шуудан хүргэх, улсын чухал газруудыг манаж хамгаалах, хоригдол, ялтанг цагдан манах, хуяглан хүргэх зэрэг үүргүүдийг голчлон гүйцэтгэж байсан юм.
-Дотоодын цэрэг тэгвэл одоо ямар чиг үүрэгтэй байгаа вэ. Анхныхаасаа өөрчлөгдсөн үү, хэвээрээ юү?
-Би дээр өгүүлсэн. Ер нь Дотоодын цэрэг нь хоёр үндсэн чиг үүрэгтэй байгууллага л даа. Нэгдүгээрт, Засгийн газраас хариуцаж хамгаалахаар тогтоож өгсөн Улсын онц чухал обьектуудыг өдөр, шөнөгүй манаж аюулгүй байдлыг нь хангаж хамгаалах. Хоёрдугаарт, Цагдаагийн байгууллагын хүч хэрэгсэл хүрэлцэхгүй болсон үед түүнд туслах, бэлтгэл хүчинд ажиллах. Шаардлагатай үед зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн малын гоц халдварт өвчин гарсан үед аврах ажилд болон, хөл хорио, хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох үүргийг гүйцэтгэж байлаа.
-Дотоодын цэрэг өмнө нь хэд хэдэн байгууллагад харьяалагдаж байсан…
-Байгуулагдсанаасаа хойш Дотоодыг хамгаалах газарт харьяалагдаж байгаад 1936 оноос Дотоод явдлын яаманд харьяалагдаж урьдын адил даалгагдсан үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ улс оронд гарсан бослого хөдөлгөөн, үймээн самууныг дарах, баруун хязгаарын ард иргэдийг тонон дээрэмдэж, айлган сүрдүүлж байсан хилийн дээрэмчдийг дарах ажиллагаанд оролцож байсан. 1955-1959 онуудад Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамыг байгуулагдахад тус яамны харьяанд шилжиж улсын онц чухал обьектыг хамгаалах чиг үүргийг голчлон гүйцэтгэж байлаа. 1959-1990 он хүртэл Нийгмийг аюулаас хамгаалах яамны Хилийн ба дотоодын цэргийн хэрэг эрхлэх газар, Хилийн ба дотоодын цэргийг удирдах ерөнхий газарт харьяалагдаж Төр, засгийн тэргүүн, тэдний уналга, орон байр, гадаадын өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгчдийн байрлах байр, унаа, дулааны цахилгаан станцууд, онцгой чанга дэглэмтэй шорон гянданг хамгаалах зэрэг үүргийг гүйцэтгэж байв. 1990 онд нийгэм солигдож төр, засгийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, Нийгмийг аюулаас хамгаалах яам татан буугдахад Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын бүтцэд шилжиж, Улсын онц чухал обьект болох хүн амын амьжиргааны нэн чухал хангамжийн обьектуудыг хамгаалах, зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн хэв журмыг сахиулахад Цагдаагийн байгууллагад туслах чиг үүргүүдийг гүйцэтгэж байлаа.
-Дотоодын цэрэг үйл ажиллагаагаа Хилийн цэрэг, цагдаагийн байгууллагатай хамтран явуулж байжээ. Энэ талаар та тодруулж яриач?
-Хилийн цэрэг, Дотоодын цэрэг нь нэгэн удирдлагад ажиллаж, чиг үүргээ хэрэгжүүлэхэд зарим талаар учир дутагдалтай байсан тул Дотоодын цэргийн хүч хэрэгслийг гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, нийтийн хэв журмыг сахиулах, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох ажиллагаанд татан оролцуулах талаар тухайн үеийн төр, засаг, яам, командлалын удирдлага 1980-аад оны эхэн үеэс олон талаар нь судлан үзэж байжээ.
Иймд тэр үеийн ЗХУ-ын Дотоодын цэргийн туршлагыг судалж, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнийг таслан зогсоох, нийгмийн хэв журмыг сахиулах цагдаагийн алба хаагчдад нэмэгдэл хүчээр ажиллах, шаардлагатай үед нөөц хүчинд үүрэг гүйцэтгэх зориулалттай Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын 0230 дугаар ангийг Дотоодын цэргийн орон тоон дээр байгуулан ажиллуулж, тус ангийн цэргийн албаны зохион байгуулалтыг тэр үеийн Хилийн ба Дотоодын цэргийг удирдах ерөнхий газар, үндсэн үүргийн биелэлтийг нь Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар хариуцан ажиллаж байсан юм билээ. 1988 онд Дотоодын цэргийн гяндан, онцгой дэглэмтэй хорих ангиудыг хамгаалах үүрэг бүхий 0229 дүгээр ангийг гүйцэтгэж байгаа үүргийн ижил төстэй байдлыг нь харгалзан 0230 дугаар ангитай нэгтгэн Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын бүтцэд зохион байгуулж хугацаат цэргийн алба хаагч (Дотоодын цэргийн орон тоон дээр)-дыг тухайн үеийн цагдаагийн дүрэмт хувцас, эрх, үүргээр ханган ажиллуулж байв.
1990 онд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлтийн үед улс орны дотоодод гарсан үймээн самуун, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсооход Хилийн цэргийн хүч хэрэгслийг татан оролцуулах боломжгүй гэж үзэж энэ үүрэг нь Дотоодын цэргийн чиг үүрэг тул Хилийн цэргийн харьяаллаас гаргаж, Цагдаагийн байгууллагын харьяалалд шилжүүлсэн.
-Дотоодын цэргийг дахин байгуулах тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэж байна. Дотоодын цэрэг хэрэгтэй юм уу, үгүй юм уу гэдэг асуудал дээр мэргэжлийн хүмүүс, ард иргэд өөр өөр байр суурьтай байх шиг байна?
-Өнөөдөр гэмт хэрэг, хэв журмын зөрчил гардаггүй болсон улс орон байна гэж би лав дуулаагүй юм байна. Дотоодын цэрэг нь түүхэн хөгжлийнхөө 90 гаруй жилийн хугацаанд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, 1973 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан түүхтэй юм. 2014 онд Дотоодын цэргийг татан буулгаж, түүний гүйцэтгэж байсан үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Улсын онц чухал обьектыг хамгаалах чиг үүрэг цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг биш шүү дээ. Дотоодын цэргийн гүйцэтгэж байсан чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлснээр тийм ч сайн үр дагавар авч ирээгүй байх аа гэж бодож байна. Нөгөө талаар шаардлагатай үед цагдаагийн байгууллагад нэмэгдэл хүчээр ажиллах бэлтгэгдсэн шуурхай ажиллах нөөц хүч байхгүй болж байгаа нь учир дутагдалтай юм. Бид дэлхийн 40 гаруй улс орны Дотоодын цэрэгтэй ижил төстэй байгууллагуудын үйл ажиллагааны талаар судалгаа хийж үзэхэд тэд өөрийн улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудтай байна. Дээрх орнуудын ижил төстэй байгууллагууд нь тухайн улсын нийгмийн байгууламж, төрийн тогтолцоо, үндэсний уламжлал зэрэг онцлогуудаас шалтгаалан Жандармери, Карабинери, Дотоодын цэрэг, Үндэсний гварди, Олон нийтийг хамгаалах хүчин, Ардын зэвсэгт цагдаа гэсэн нэртэй байна. Чиг үүргийн хувьд нийтлэг улсын онц чухал обьект, чухал байгууламж, төр, засгийн тэргүүн, гадаадын зочин төлөөлөгчид, тухайн оронд суугаа Элчин сайдын яам, Консулын газруудыг хамгаалах, улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудад туслах, зорчигч, тусгай ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гэнэтийн аюул тохиолдсон үед авран хамгаалах ажилд туслах, гэмт хэргийг таслан зогсоох, нийтийн хэв журмыг сахиулахад цагдаагийн байгууллагад туслах, дэмжлэг үзүүлэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох зэрэг үүргүүдийг гүйцэтгэдэг юм билээ. Дээрх байдлаас үзэхэд Дотоодын цэрэг нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангахад ямар чухал үүрэгтэй байгууллага болох нь тодорхой юм.
-Ер нь бусад цэргийн байгууллагууд нь Дотоодын цэргээс юугаараа ялгаатай юм бэ?
-Зэвсэгт хүчин, хилийн цэрэг нь өөр өөрийн хуульд заасан чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг боловч Дотоодын цэргээс чиг үүргийн хувьд дараахь байдлаар ялгаатай гэж үздэг. Үүнд: Монгол Улсын Зэвсэгт хүчний тухай хуульд зааснаар “Зэвсэгт хүчин нь хуурай замын цэрэг, агаарын цэргээс бүрдэнэ”, мөн хуульд зааснаар “Дайны байдал зарламагц…дотоодын цэрэг …зэвсэгт хүчний бүтцэд багтаж үүрэг гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Мөн хуулийн дээрх заалтаас үзэхэд Дотоодын цэрэг нь тайван цагт Зэвсэгт хүчний бүтцэд хамаарахгүйгээр хуульчлагдсан. Хилийн цэрэг, Дотоодын цэрэг нь цэргийн байгууллага боловч улс орны өмнө хүлээсэн өөр өөр чиг үүргүүдийг хэрэгжүүлдгээрээ ялгаатай юм. Тухайлбал, улс орны дотоодод гарсан гэмт хэрэг, оргон нуугдсан гэмт хэрэгтнийг эрэн сурвалжлах, үймээн самуун, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох зэрэг үүргүүдийг Хилийн цэрэг нь цагдаа, бусад үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүргийн байгууллагуудтай өдөр тутам хамтран хэрэгжүүлэх боломжгүй бол Дотоодын цэрэг нь дээрх үүргүүдийг чиг үүргийнхээ дагуу өдөр тутам хамтран хэрэгжүүлэх боломжтой юм гэж бодож байна. Гэхдээ улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүргүүдийг өөрийн командлагчийнхаа шууд шийдвэрээр орон нутгийн засаг захиргаа, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдгээрээ Дотоодын цэрэг бусад цэргийн байгууллагуудаас чиг үүргийн хувьд өөр юм.
-Ер нь Дотоодын цэрэг цагдаагийн байгууллагатай нэг удирдлагад ажиллахыг та зөв гэж үздэг үү?
-Дэлхийн цаг уурын дулаарал, байгалийн гамшигт үзэгдэл, хүн амьдрах орчны бохирдол, халдварт өвчний тархалт, ядуурал, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын худалдаа зэрэг “уламжлалт бус” гэгдэх аюулын хамрах хүрээ өргөжин тэлж байгаа өнөө цаг үед “Цагдаагийн төв байгууллагын дарга нь Дотоодын цэргийн командлагч”-аар ажиллах нь манай орны хувьд илүү зохицсон хувилбар. Өөрөөр хэлбэл, хоёр өөр албан тушаалд нэг хүнийг томилон ажиллуулж байгаа явдал юм. Ингэснээр Дотоодын цэрэг нь цагдаагийн байгууллагын харьяа, түүний бүтцэд орж, байцаан шийтгэх ажиллагаанд оролцож, хуулийн байгууллагын шинжийг агуулж байгаа явдал огт биш бөгөөд тайван цагт мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж байна.
Б.УРАНЧИМЭГ
Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №018(5585) дугаарт
“Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай ярилцлаа.
-Тантай Бурмаа сайдын үед ярилцаж байсан. Салбарынхаа сайдтай багагүй маргаантай явсаар сонгуультай золгосон. Сэргэлэн сайдтай ойлголцоод ажиллах боломж байна уу, уулзсан уу?
-Сайдтайгаа нүүр тулж уулзаж байгаагүй, телевизээр л харсан. Ер нь бол танихгүй. Энэ намар тариаланчдын будааны үнийг зах зээлийн ханшаар тодорхой хэмжээнд барих гэж нэлээд үзсэн. Олигтой үр дүнд хүрээгүй. Учир нь дотоодын хэрэгцээнээс илүү гарсан будаагаа хэрхэхээ шийдэх гарцаа олоогүй байгаа. Сүүлийн таваас зургаан жилд яамнаас болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдыг дэмжих ямар нэг явуулж буй хөтөлбөрт хамрагдах боломж манай компанид олдоогүй. Тариалан эрхлэлтийг дэмжих санд зээлтэй л бол яамнаас дэмжлэг авч хөтөлбөрт хамрагддаг тогтолцоотой. Харин манайх ямар нэг зээлгүй байсан учир тариалан эрхлэгчдийг дэмжих олон төрлийн хөтөлбөрт хамрагдах боломжгүй үлддэг.Нэгэнт ийм жишиг тогтсон учир бизнесийн зарчмаараа ямар ч дэмжлэг, харалгүйгээр өөрийнхөөрөө зах зээл дээр оршин тогтнох гээд үзье гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгэхээр оршин тогтнохын тулд заавал будаа тарих албагүй. Янз бүрийн өөр таримлууд, тухайлбал малын тэжээл, рапс, маалинга болон тосны олон төрлийн ургамлыг тарьж үзэх төлөвлөгөөтэй байна. Зөвхөн дотоодын зах зээлээсээ хамааралтай байхгүй тарьсан таримлуудаа экспортод гаргах талаар төлөвлөгөөт ажлуудыг хийж эхэлсэн.
-Танайх Гурилын үйлдвэртэй болсон гэсэн. Яагаад гурил үйлдвэрлэх болов?
-Ер нь бол бид чанартай баталгаатай хүнсээр дотоодоо хангах ёстой. Иймээс бид импортыг орлох, эх орныхоо хөрсөнд тарьсан будаагаар, найдвартай гурил үйлдвэрлэх ёстой гэж үзсэн. Нөгөөтэйгүүр өнөөдрийг хүртэл тариаланчид нь бие даах чадваргүй төрөөс хараат байгаа нь монополь гурилын үйлдвэрийн мөлжлөгт удаан хугацаанд байгаатай холбоотой. Иймээс тариаланчид тарианыхаа үнээ тогтвортой тогтоож чаддаггүй.
-Тэгэхээр танай компани будаагаа өөрийн гурилын үйлдвэртээ нийлүүлэх хэмжээнд л тариална гэж ойлгож болох уу?
-Ер нь тийм шийдвэр гаргаад байна. Өөрийн гурилын үйлдвэрээ хангах хэмжээнд будаа тариад явна.Засаг төр шийдэх ёстой гэсэн бодлоо орхиё, энэ салбарт амьд үлдвэл үлдээд, үлдэхгүй бол больё гэж бодох болсон.
-Тэгэхээр “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат гэдэг хүн хавар, намарт яамтайгаа ойлголцох гэж оролдож, жаргал зовлонгоо ярьж тариаланчдыг төлөөлдгөө болих нь ээ дээ?
-Шуудхан хэлэхэд надад яам байх, байхгүй нь огт хамаагүй болсон. Зөвхөн өөрийнхөөрөө урагшилъя гэж бодож байна. Яам байлаа гээд дэмжлэг ирэхгүй учраас өөрийнхөөрөө явсан нь зөв гэсэн шийдэлд хүрсэн.Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд холбогдох мэргэжилтнүүдэд энэ салбарыг, бизнесийнхээ онцлогийг ойлгуулах гэж хангалттай явсан. Ахиж тэгж их цагаа үрмээргүй байна. Одоо бол хөдөө аж ахуйн яам байхгүй байсан бол манай компани яах байсан бэ гэж бодоод ажлаа төлөвлөж хийнэ.
-Өмнө нь уулзахад банкнаас авсан зээлийнхээ хүүнд багагүй мөнгө төлж байсан. Зээлээ нимгэлж хүүгийн дарамтаас гарч чадсан уу?
-Хэвээрээ байгаа. Харин “Хас” банк зээлийн хүүг маань бууруулж, хугацааг нь хойшлуулж өглөө. Энэ бол маш том дэмжлэг. Одоогоор эдийн засаг хямралтай байгаа учраас хүмүүсээ гурван сарын хугацаагаар амраачихсан.Дөрөвдүгээр сард тариалалт эхлэхээр хамтдаа зүтгэнэ дээ.
-Хөрсний лабораторийг чинь сонирхлоо. Мундаг хөрөнгө оруулалт хийжээ…?
-Манай хөрсний лабораторийн хувьд Хятад, Дорнод Сибирь талдаа ховорхон байдаг, олон улсын стандартад нийцсэн лаборатори.
-Ногоо тарих хөрсөө эрүүл байгаа эсэхийг шалгах боломж бүрдсэн гэсэн үг үү?
-Ер нь тийм. Ногоо тарих хөрсөөр тогтохгүй, Улаанбаатарын хөрсийг ч шинжлэх бүрэн боломжтой. Хүмүүсээ Герман руу давтан сургалтад сургах гэж байна. Монголд хөрс, усны бүрэн хэмжээний шинжилгээ хийх боломж бүрдэж байгаа гэсэн үг.
-Хүнсний лаборатори бас ажиллах байх аа?
-Хүнсний лаборатори давхар ажиллана. Гурил, будаагаа 100 хувь шинжлэх боломжтой болсон. Тариаланчид муу юм хийдэг гэсэн үг яриа нотолгоо баримтгүйгээр гарах ямар ч үндэслэлгүй болох юм. Хүнсний лабораторийн хувьд арай дуусаагүй байна. Зөвхөн нэг багаж нь гэхэд л тэрбум төгрөгийн өртөгтэй учраас бага сага асуудал бий. Монгол Улсын зах зээлийн нөхцөл байдал хүнд байгаа учир хойшлуулсан. Үүнээс гадна малын үржлийн лаборатори, мал эмнэлгийн лаборатори гээд цогцоор нь шийдэхээр ажиллаж байна. Ядуурал ажилгүйдэл нэмэгдэж, нөхцөл байдал хүндрэх тусам хүнс мууддаг. Тийм учраас иргэдээ эрүүл хүнсээр хангах үүрэгтээ онцгой анхаарахаас аргагүй болчихож байгаа юм. “Гацуурт” компани өөрийн эрүүл хүнсийг монгол хүнд хүргэх зорилгынхоо хүрээнд Монголд зарж борлуулагдаж байгаа хүнс эрүүл мэндийн шаардлага хангаж байгаа эсэхийг шинжлэх зорилготой ажил юм.
-Хүмүүст “Гацуурт”-ын ургуулсан ногоо, тарьсан тариагаар хийсэн гурилыг авах сонирхол өндөр байдаг ч танай нэрийн дэлгүүрүүд их ховор юм аа?
-Хүнсний дэлгүүр байгуулж, ажиллуулна гэдэг маш их хэмжээний хөрөнгө оруулалт, мөн хүн хүч шаардсан ажил юм.
-Хүнсний захуудад лангуу аваад ногоо, гурилаа зарвал өндөр зардал гарахгүй юм биш үү?
-Бодоход амархан л даа. Ийм санаа гаргаснаасаа болж өнгөрсөн жилжингээ гудамжинд машинтай явж ногоогоо зар-лаа. Уг нь бүх захуудад лангуу түрээслээд авчихсан байсан юм. Яг ажиллах гэтэл тэр хавийн ногооны лангуутай хүмүүс бослого гаргачихсан. “Гацууртыг оруулах юм бол бид эсэргүүцнэ” гээд.
-Яагаад вэ. Адилхан л ногоо, хэн ч зарах эрхтэй биз дээ?
-Ногооных нь үнэ уначих гээд байхгүй юу. Орлого нь хаагдчих гээд бослого гаргасан хэрэг. Тэгээд машинтай гадуур явж ногоогоо зарсан. Харин ч энэ зунжингаа боломжоо шавхаж байж Баянхошуу, Туул рестораны урд, хорооллын “Минж плаза”-д, Толгойтын “Хүнс трейд”-д, Баянзүрхэд дэлгүүрээ нээсэн. Бид Улаанбаатарт зуун дэлгүүр нээх зорилго тавьсан. Ая тухтай дэлгүүр нээнэ. Жижигхэн өрөөнд тэр хавийнхны хүнсний хэрэгцээг хангасан дэлгүүр ажиллуулахыг ая тухтай гэж тодотгодог юм байна. Зөв технологиор хадгалсан хүнсний ногоо идэх нь хамгийн зөв. Хүнсний ногоогоо зөв тариад, зөв хадгалаад хэрэглэгчдэдээ хүргэх л бидний гол чиг.Үр ашиггүй замын дамжлагуудыг хасаад яаж хэрэглэгчдэдээ шууд аваачиж өгөх вэ гэдэгт анхаарч байна. Дэлгүүртэй болъё гэж зориод байгаагийн гол шалтгаан энэ. Анхнаасаа бөөний худалдаагаар явна гэж төлөвлөсөн болохоор дэлгүүр нээхэд байр, газар гээд асуудал их гардаг юм байна.Манайх “Хүнс трейд” дээр агуулахаас гадна ялгах, савлах цех байгуулж байгаа. Хүмүүст ногоогоо савлаж өгөх юм. Бүр заримыг нь угаагаад арилгаж, хэрчиж, шууд хоолонд хийхэд зориулсан маягаар хүргэнэ.Ирэх намраас худалдаанд гарчих болов уу. Зарах ногооныхоо таван хувийг угааж, арилгаж, хэрчиж вакумдаад өдөр өдөрт нь хэрэглэгчдэд хүргэх бодлого барьж байна.
-Таныг жижиг Таван толгойд хувьцаатай, дажгүй хэмжээний ногдол ашиг авдаг гэж сонссон. Нууц биш бол хэчнээн төгрөгийн ногдол ашиг аваад байна. Иргэдэд байгаа Таван толгойн 1072 хувьцаа ийм үнэ цэнэ, өгөөж өгөх болов уу?
-Би жижиг Таван толгойн цөөхөн ширхэг хувьцаатай. Анх арваад жилийн өмнө 300, 500 төгрөгөөр 700 гаруй хувьцаа авч байсан юм. Ногдол ашгаа нуух шалтгаан байхгүй.Өнөөдрийн байдлаар тэрбум төгрөгийн ногдол ашиг авчихаад байна. Би геологич хүн. Таван толгой бол маш том, асар үнэ цэнэтэй орд. Энэ орд Монголын ард түмэнд үр шимээ өгнө. Иргэдээ мэдээллээр бүрэн хангахгүйгээр Төр засаг ард түмнээсээ хувьцаа худалдаж авна гэж байна. дутуу мэдээлэлтэй хүмүүс шийдвэрээ хэрхэн гаргах нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр Монголын ард түмэн Таван толгойн ашгийг миний дээр дурдсан жишгээр хүртвэл үр дүнтэй гэж бодож байна.Хувьцаа чинь үнэ цэнэтэй шүү, төр засгийн хүмүүст итгэж зараад хэрэггүй, бариад хэвтэж бай л гэж хэлмээр байна. Бидний үед биш юм аа гэхэд үр хүүхдэд чинь үр ашиг нь ирнэ. Тиймээс Таван толгойг үнэгүйдүүлж болохгүй.
-Монголын топ компаниудын нэгийг толгойлж байгаа бизнес эрхлэгчийн хувьд Засгийн газарт ямар дүн тавих вэ?
-Засгийн газрын хурд нь удаан эрч нь сул байна. Зоригтой шийдвэр гарахгүй байна. Улстөрчид нь албан тушаал, эрх мэдлийн төлөө зүтгэчихээр улс орон хөгжинө гэж байдаггүй юм байна. Жишээ нь манай компани өнгөрсөн жил өмнөхөөсөө хоёр дахин илүү ажил хийчхээд бид нар ямар ч өсөлтгүй, зээлээ ч төлж чадахгүй байна. Нийт ард түмэн ажилтай байгаа гээд амьдрал нь дээшлэх нь битгий хэл олсон хэд нь амьдралд ч хүрэлцэхээ болилоо. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар эдийн засгаа сайжруулах болон эргэлтэд оруулах дорвитой алхам хийсэн гэж бодохгүй байна. Эдийн засгийн хямралын хажууд утаа, архинд хордсон явдал зэрэг бол жижиг бөгөөд шийдэл нь ойлгомжтой асуудал. Эхлээд эдийн засгаа сайжруулах, авлигаасаа салах ёстой. Авилга байсан цагт эдийн засаг сайжрахгүй мөн нийгмийн асуудал шийдэгдэхгүй гэдгийг өнгөрсөн үе нотлон харуулсан. Түүнээс биш ТҮЦ-тэй зууралдаж, нийгмийг бухимдуулаад юу ч өөрчлөгдөхгүй. ТҮЦ-ийг нь ачиж олон хүнийг орлогогүй болгосноос хугацаа өгчихвөл ухаалаг шийдэл болно. “Та нар 2019 оны тэддүгээр сар хүртэл наадахаа ажиллуулаад мөнгө ол. Түүнээс хойш ярих юм байхгүй шүү” гэчихвэл өөр шүү дээ. Одоогийн нөхцөл байдлыг харахаар Ерөнхийлөгчийн сонгуулийг хэт бодоод байх шиг. Үүнээсээ болж сонгуульдаа ч унаад дагаж Засгийн газар нь ч унах эрсдэл харагдаж байна. Нөхцөл ийм үед Засгийн газар зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй.
-Солонгосын зартай хулгайч олон айлаас хулгай хийсний нэг нь танайх. Танай гэрийн гадаах камер хулгайчийг олоход хэрэг болсон гэсэн, үнэн үү?
-Би хамгийн түрүүнд Монголынхоо цагдаа нараар бахархсан. Ямар чадварлаг түргэн шуурхай мэргэжлийн түвшинд ажилладгийг биеэрээ мэдэрлээ. Цагдаа нарын ажилд камер маш чухал болсныг ойлголоо. Гэрийн гадаа камертай байсан тулдаа энэ хулгай илрэхэд тус болсон байх аа. Улс дамжаад ирсэн зохион байгуулалттай хулгайг ийм богино хугацаанд илрүүлнэ гэдэг гадаадын цагдаа нарт ч хүндрэлтэй. Манай цагдаа нар нойр хоолгүй ажиллаж богино хугацаанд илрүүлж чадаагүй бол тэр хүн Солонгос руугаа нисчих байсан. Бид нар ийм чадварлаг цагдаа нараа орчин үеийн тоног төхөөрөмжөөр хүрэлцээтэй хангаж өгөх юм бол хулгайн хэрэг буурах боломжтой гэдэг нь харагдлаа.
-Мэдээж ааваас өвлөгдөж ирсэн гэдэг утгаараа хөөрөгний үнэ цэнийг нь хэмжих аргагүй л дээ. Ер нь хэр үнэтэй эд вэ?
-Би чинь аав, ээжээс арван тавуулаа, айлын тав дахь хүүхэд. Буурал аавын хөөрөг ахад, аавын минь хөөрөг надад байсан юм. Аав 1973, 1975 оны үед маш олон атан тэмээгээ өгч авч байсан хөөрөг л дөө. Мэдээж үнэ ханш гэхээс илүү ааваас минь өвлөж ирсэн гэдэг утгаараа үнэ цэнэ нь хэмжигдэшгүй эд. Уг нь хөөргөө барьдаг юм. Гадагшаа явахдаа гэртээ хадгалаад ийм юм болчихлоо.
-Хулгай хийсэн Солонгосын иргэн “Соронз” сэтгүүлээс мэдээлэл авсан гэсэн, үнэн үү. Танай талаар хаанаас мэдээлэл авсан байна?
-Цагдаа нар нарийн мэдээлэл хэлээгүй учраас би сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ өгсөн мэдээллээр бол сүүлийн үеийн шар сэтгүүлүүд дээр гарч байгаа айлын орон байрны байршил болон хувь хүний мэдээлэл бол хулгайч нарын хулгай хийх сэдэл болсон гэж хэлсэн.
Эдийн засаг таагүй энэ өдрүүдэд уул уурхайгаас гадна таг зогссон нэг салбар бол барилга. Барилгын компаниуд ташраараа зээлээ төлж чадахгүй, ам.долларын ханшийн галзуурлаас болж өчнөөн алдагдал, зардалтай зутруу байгаа. Бараг цугаараа шахуу зогсолт хийж, ажилчдаа тодорхойгүй хугацаагаар цалингүй амраагаад удаж байна. Хэтээсээ хэцүүдсэн барилгын компаниудаас Д.Арвингийн компанийг ганцааранг нь сугалж аваад АТГ-аар шалгуулаад эхэлчихлээ. Хэд хэдэн байрны газрыг барьцаалж зээл авсан, зарим иргэний ордерыг бас барьцаалсан гэж буруутгаж байгаа бололтой. Үнэн хэрэгтээ Д.Арвингийн хүүгийн толгойлдог ”Их өргөө” компани ганцаараа ингэж “том толгойлсон” юм биш л дээ. Тухайн үед хэрэгжиж байсан гэр хорооллыг барилгажуулах бодлогын хүрээнд олон арван компани өчнөөн айлын газрыг чөлөөлж, байр барьж өгөх гэрээ байгуулсны нэг нь эдний компани.
Эдийн засаг хямарч барилгын компаниуд таг зогсохоос өмнө орон сууцаа барьж газраа өгсөн гэр хорооллынхныг тухтай сууцанд оруулж, банкны зээлээ төлсөн нь ч бий. Д.Арвины компани шиг хэл амтай суугаа нь ч ганц, хоёроор тогтохгүй. Яг нарийндаа төрийн алдаатай, уялдаа, залгамжгүй бодлого л барилгын салбарыг ийм байдалд хүргэсэн. Өмнөх Төв банк барилгын салбарыг ажлын байр олноор бий болгодог, үйлдвэрлэлийг дэмжих том суурь гэж хараад найман хувийн зээл гэх мэт хөтөлбөрүүдээр дэмжсэн учраас овоо бүтээн байгуулалт өрнөсөн юм. Харин энэ засгийн үед ерөнхийлөгч нь солигдсон Монголбанк орон сууцны хямд хүүтэй зээлд учиргүй найр тавихгүй гэсэн бодлого барьж байгаа. Ийм шалтгаанаар ихэнх барилга борлуулалтгүй гээд зогссон, нэлээд хэсэг нь эхэлсэн ажлаа дуусгаж чадахгүй банкны хүүнд дарлуулж суугаа. Барилгын салбар ташраараа хэцүүдсэн шалтгаан ерөөсөө энэ.
Тэгэхээр Д.Арвингийн компанийг онцолж шалгаад эхэлснийг улс төрийн тооцоо бодож байгаагийн л нэг хэлбэр гэж харахаас өөр гаргалгаа алга. Засаг барьж буй МАН Д.Арвинтай тооцоо бодохгүй бол өөр хэнтэй ч тооцоо бодох билээ. З.Энхболдтой нийлж намаа муухай харагдуулж, бүр намынхаа хүнийг ялаад УИХ-ын гишүүн болж байсан хүн шүү дээ. УИХ-ын гишүүнээр ажилласан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар идэвхтэй байсныг нь хэлэх юм биш. Ингээд харахаар энэ удаагийн үйл явдал яалт ч үгүй улс төрийн золиос. Газраа барьцаалж зээл аваагүй компани барилгынхан дотор байхгүй. Хаа сайгүй л байгаа зовлон, гарцаагүй бодитой байдал.
Шаазгай алаад өлгөхөөр бусад шаазгай шавахаа больдог гэсэн айхавтар үг бий. Дэлгээд тавьсан ааруулнаас самардаад байдаг шаазгайнуудыг ингэж хашраадгийг мэдэхгүй монгол цөөн. Нэгийг нь алаад өлгөчихөөр нөгөөдүүл нь хий шаагилдахаас хэтэрдэггүй, аарууланд нь ойртохоо байдаг даа. АТГ-аас Д.Арвины компанийг шалгаж эхэлсний цаана ийм л утга, агуулга нуугдаж байна.
“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Жүжигчин Б.Баатархүүгийн хүү УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүүгийн гэрийн цонхоор унаж амиа алдсан тухай материалыг манай сонины баримт, үйл явдлын 7-р нүүрээс уншаарай.
Манай сонин анх удаа улс орноо хямарлаас гаргах санаачилгыг гаргаж, нийтлэл бичиж ард иргэдээ уриалж байсан билээ. Тэгвэл энэхүү санаачилгыг гавьяат эдийн засагч Осоргарав гуай үргэлжлүүлэн уриалга гаргасан байна. УИХ-ын гишүүдээс энэхүү санаачилгыг дэмжин хандив өргөж эхэлсэн сайхан мэдээг өнөөдрийн дугаартаа онцоллоо. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан эх орныхоо төлөө 100 сая төгрөгөө өргөөд буйгаа өнөөдөр мэдэгдсэн юм. Тэрбээр, “Төрж, өссөн нутагтаа сэтгэлийн их өртэй гэж боддог” хэмээн “Өдрийн сонин”-нд ярилцлага өгчээ.
Тухайлбал, “ Баян нь ч юу байхав. Хүн олсныхоо хэмжээгээр саваа дундлах ёстой. Бурхнаас өгсөн хишгийг дундалж байж амьдрал тэгширнэ гэж бодож явдаг. Хэд насална гэж хурааж, хуримтлуулах билээ дээ. Хүний амьдрал богино. Энэ дэлхийд нүцгэн ирсэн бол нүцгэн л буцна...” хэмээн дурдсан байна.
Мөн манай сонины албаны дарга Н.Гантулгатай эх орондоо мөнгө хандивлах талаар уриалга гаргах болсон тухайгаа ярилцлага өгчээ. Тэрбээр, “Хандивын мөнгийг Засгийн газар хариуцаж, Төв банк хяналт тавих хэрэгтэй” хэмээжээ.
НИТХ-ын дарга Ц.Сандуйтай хийсэн “Хотын тулгамдсан асуудлыг цогц бодлого, төлөвлөлтөөр шийднэ” ярилцлага өнөөдрийн дугаарт хэвлэгдлээ.
Тэрээр хотын агаарын бохирдлын талаар болоод хотод тулгамдаад байгаа асуудлуудын талаар ярьсан байна.
Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ