Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Коммунистуудын хувийн өмчийг хураах гэсэн санаархал хий үзэгдэл мэт тэнүүчилж эхэллээ

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах гэнэ. Энэхүү 49 хувийг Монголын хувийн хэвшлийн нэгэн компани Оросын талаас 400 сая ам.доллараар худалдаж авсан биз дээ. Үүнийг авах гэж тэр компани хуруу хумсаа хуйхалж, өөр дээрээ өмдөө нэмэх шахан байж мөнгө босгосон тухай, эх орныхоо хөрөнгийг гаднаас авчирсанд баяр хүргэе хэмээн манай томоохон эдийн засагчид бичиж байсан санагдана. Тэгэхээр шулуухан хэлэхэд МАН-ынхан хувийн хөрөнгийг хураахаар санаархаж байгаа юм байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь амжилттай болбол дараагийн удаад MCS, Петровис, МАК, “Номин”, АПУ… гээд дайрах юм байна. Манай үндэсний том компаниуд “Биднээс холуур өнгөрч байвал дүүрч” гэж бодох хэрэггүй юм. Дараагийн удаад таны хөрөнгө руу коммунистууд санаархана. Энэ бол коммунистуудын хийж чаддаг ажил. Угшлаа айхавтар хадгалдаг юм байна. Манай хөрөнгөтнүүд тэдэнтэй хичнээн эрх ашгаа нэгтгээд ч нэмэргүй, нэг өглөө босоод ирэхэд л өрсөлдөгч чинь коммунистуудад илүү “юм” атгуулаад таны хөрөнгийг дээрэмдэнэ. Өнөө “юм” атгуулсан компани нь “Надад ч сайхан нээнтэгтэй болсон доо, тэд” гээд пээдгэрхэн сууж байх хойгуур нь нөгөөхтэй нь бас нийлээд эргүүлээд түүний хөрөнгийг хамна. Энэ бол коммунистуудын арга барил, технологи. Тэгэхээр бизнесийнхэн минь МАН-ынхныг засаглалд байгаа цаг үед “Миний ээлж хэзээ вэ” гэдгийг ямагт бод. Дараагийн удаад та гарцаагүй шүү. Энэ бүхэн “Эрдэнэт”-ийн 49 хувь руу дайрч байгаа хандлагаас харагдаж байна л даа. Гэхдээ УИХ дахь 65-ын бүлгийн гишүүдийг бүгдийг нь хөгшин, залуу коммунистууд гэж хэлмээргүй байна. Тэд өөрийн толгойтой, өөрийн сонгогчидтой улстөрчид. Зүгээр л намын чинь нөлөөтэй хүмүүс та нараар могой бариулах гэж байгаа юм биш үү гэдгийг анхааруулж байна!

Коммунистууд нийгэмд хоёр зүйлийг л боомилдог, үзэн яддаг. Тэр нь хувийн өмч, хүний эрх хоёр. Өнөөдөр Монгол Улсын ямар ч иргэн нийслэлдээ амьдрах эрхгүй боллоо. УИХ-ын 76 эрхэмд онцгойлон хэлэхэд хотынхоо асуудлыг шийдэж чадахгүй, асуудлаас зугтаасан хотын дарга нөхөр таны сонгогчдыг жалга жалгандаа үхэцгээ гэж тулгалаа. Таныг сонгож дэмжсэн сонгогчдынхоо ачийг эрхэм гишүүн та ингэж хариулж байгаа хэрэг үү. Сумынхаа төвөөс гарах эрхгүй болох гэж таныг төрд сонгосон хэрэг үү. Үнэндээ хөдөөнөөс хотод нэмэгдэж буй яндангийн тоо жилд 2000 хүрдэггүй юм шүү дээ. Ийм юм яасан ч байж болохгүй, Үндсэн хуулиа зөрчлөө гээд босохын завдалгүй залгуулаад “Хувийн өмчийг чинь хураана” гээд зарлаад эхэллээ. Иймдээ хүрсэн та нарыг Монголын ард түмэн коммунистууд гэж нэрлэхээс өөр яах билээ. Ингэж болохгүйг эрх биш мэдэх толгойнууд МАН-д уг нь баймаар юм аа. Ядаж л дараагийн ээлжинд миний хувь эзэмшдэг компани руу санаархах юм биш биз гэж бодмоор.

Үнэндээ оросуудын хувьд Монголд бизнестэй байх нь там болжээ гэж үзсэн учраас өөрийн мэдлийн 49 хувиа гэрээний дагуу зарсан байдаг. Учир нь монголчуудад байдаг мэдээллээр бол “Эрдэнэт”-ээс оросууд жилд 200 сая долларын ашиг авдаг гэсэн ойлголттой. Бодит байдал дээрээ энэ мөнгө Оросын төсөвт очихдоо 20-30 сая ам.доллар болдог байсныг хоёр талын эдийн засагчид бичдэг, ярьдаг боллоо. Юу гэхээр замд нь Оросын түшмэд хусдаг, тэр сүлжээг нь Путин эмхэлж чадаагүй л байхгүй юу. Тэгвэл Монголын талдаа яадаг байв. Тэр чигээрээ Монголын эрх мэдэлтнүүд, насаараа Монголын төрийг зайдагнаж байгаа, зайдагнах хүсэлтэй нөхдүүдийн “саалийн үнээ” нь “Эрдэнэт” үйлдвэр байсаар ирсэн. Жишээ нь, Оюу толгойгоос гарч буй зэсийн бүлэгт байгаа алт зэрэг бусад үнэт металлын татварыг Риогийн зүгээс тооцож Монголд төлдөг. Зэсийн баяжмалынх нь энэ, алтных нь энэ гэхчилэн. Харин Эрдэнэт бол хэзээ ч тийм нарийн тооцоог Оросын талтай хийж байгаагүй. Наад захын энэ мэтээс л өчигдрийн хийгээд өнөөдрийн төрд байгаа хэсэг бүлэг хүмүүс тэрбум тэрбумаар нь хувьдаа завшиж ирсэн нь бодит үнэн юм. Өчигдөр мэдээллийн хэрэгслүүдээр бид харлаа. Ц.Нямдорж гишүүнээс “Та “Эрдэнэт”-д 2,5 тэрбумын шахаа хийдэг байсан юм уу” гэж сэтгүүлч асуухад “Тэр чинь аль эртний юм” гэж хариулж байгааг. Эртнийдээ ерэн оноос өмнө л байв гэж дээ. Ийм л учиртай болохоор хувийнхан худалдаж авсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд хурааж авна гэсэн хорсол яваад байгаа юм.

Улсын үйлдвэрүүд хувьд очихоороо л бодит эдийн засаг болдог, улсад өндөр татвар төлж эхэлдэг, шинэ технологи оруулж ирдгийг өнгөрсөн 26 жилд бид харлаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын нэг хувийн компани авснаар тухайн үйлдвэрийн хогийн шүүрийг ч, кассанд нь байгаа бутархай мөнгийг ч тоолоод эхэлсэн хэрэг. Литр бензинийг ч хямгадаад эхэлсэн. Гэтэл энэ үйлдвэрт 20 жил хэрэглэх каноны хаягдал хор, 25 жил хэрэглэх бэлгэвч… гээд хэдэн мянган нэр төрлийн хог шахаж, хэдэн тэрбум төгрөг хувьдаа завшиж байсан улстөрчдөд энэ нь эмгэнэл юм. Бараг амьдрал нь утга учиргүй мэт болсон юм байгаа биз. Та Б.Бат-Эрдэнэ гишүүний эртээд нэг их айхавтар ууралсныг санаж байгаа байх. Эрхэм гишүүн “Хүн шахаж болохоо больчихлоо. Та нар наад шалгалтаа шуурхайлаач” гэж загнаагүй юу. Нөгөө танил талаа шахаж дарга болгох, элдэв хэрэгтэй хэрэггүй зүйлээ өндөр үнээр шахахыг нь хориглоод эхэлсний бас нэг жишээ мөн биз. Тэгэхээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан компани нэг номерийн дайсан нь байж таарна. Эдгээр шахааны бизнестэй коммунистууд бусдыгаа бас улайрсан коммунистууд болгон харагдуулж байгаа нь харамсалтай л байна. Өөрсдөө ч анзааралгүй коммунист болж байгаагаа мэдэхгүй байна шүү дээ, тэд. МАН-ынхан ядаж түүхээ эргээд хар. 1937 оны их хэлмэгдүүлэлт, хөрөнгө хураалтад хамгийн голлох үүрэгтэй оролцсон хүмүүс төд удалгүй өөрсдөө махны машиндаа хэрчүүлж, хөрөнгөө хураалгаж, жалганд буудуулсан байдаг. Х.Чойбалсан хүртэл өөрөө 1930-аад оны эхээр Оросын шоронд тарчилж, оросуудад тангараг өгч гарч ирээд, хамтран зүтгэж явсан Гаваапил нарын нөхдөө өөрийн биеэр тамлан байцааж оросуудад үнэнчээ баталсан зэрэг нь одоо МАН-ын түүх юм байгаа биз дээ. Ийм аймшигт удамшил зүй нь МАН-д тасрахгүй байхыг үгүйсгэх аргагүй юм. Энэ бүх аймшиг дандаа 30 жилийн давтамжтай явж ирсэн. 1930 онд их хөрөнгө хураалт, их хядлага явагдсан. 1960 онд сэхээтний төөрөгдөл нэрээр бас давтагдсан. 1990 онд тойрон хүрээлэгчид нэрээр үргэлжилж Ю.Цэдэнбал муугаа үзсэн. Одоо 30 жилийн дараа хөрөнгө хураана, хаана амьдрахыг чинь төр мэднэ гээд эхэлж байгаа нь юуны ёр вэ.

Томоохон судлаачдын бичиж байгаагаар бол угтаа гадныхан эзэн суучихсан байсан өөрийн улсын хөрөнгийг эх орондоо авчирсан хүнийг шагнах ёстой гэж үздэг юм билээ. Жишээ нь, “Эрдэнэт”-ийн 49 хувийг цаг үеийг нь мэдрээд, оросуудад мөнгө хэрэгтэй байгааг нь ашиглаад, маш хямдханаар аваад ирсэн компанийн захиралд МАН-ынхан бараг ял тулгах нь бололтой. 1960 оны үед “Увсын газар нутгаас оросуудад өгөхгүй” гэж тэдэнтэй яс үзэлцсэн тухайн үеийн Гадаад явдлын яамны сайд Аюурзана гэж том сэхээтнээ МАН-ынхан хэлмэгдүүлж, тээврийн жолооч болгон мууг нь үзсэн байдаг юм. Түүнтэй яг агаар нэг үйл явдал харагдаж байгаа биз.

Монголчууд бид өнөөдөр том жижиггүй, дарга цэрэггүй жаахан ухаалаг байхыг цаг үе шаардаж байна. Трампын тангараг өргөх ёслолыг манайхан дээр доргүй л ярьж байна. Зарим нь бүр очиж оролцож байх шиг байна. Трампын бодлого ямар байхыг дэлхий анхааралтай харж, өөрсдийгөө бэлдэж байна. Трамп сонгуульд ялаад л юу гэж ярьсныг санацгаа л даа. Өөрийн улсын томоохон хөрөнгөтнүүддээ хандаж “Гадна талд байгаа хөрөнгөө эх орондоо авчир, тэгвэл та нарт татварын гайхалтай хөнгөлөлт үзүүлнэ” гэж дэлхийгээр нэг зарлалаа. Харин манай нөлөө бүхий улстөрчид эсрэгээрээ “Гаднаас авчирсан та нарын хөрөнгийг хурааж хариуцлага тооцно” гэж зарлаж байна. Энэ чинь коммунист дэглэм тогтож эхэллээ гэдгээ дэлхийгээр зарлаж байгаа хэрэг биш үү. Ийм байхад элэнцгийнх нь гадны хөрөнгө оруулалт татах вэ. Ийм коммунистуудаас бизнесийн орчин, хувийн хэвшлийг хамгаалах хууль гаргана гэдэгт итгэхэд бэрх боллоо. Өнөөдөр хувийн аж ахуйн нэгжийн эздийг цаг минут тутам дарамтлах төрийн нэр барьсан 50 000 хүн төсвөөс цалинжиж байна. Төсвийн ажилчдын 1/4 нь гээд бод. Багадаа 10 хүнийг цалинжуулж, жилдээ 10 татварын байцаагчийн цалинг өгч буй жижигхэн компанийн захирлыг захын нэг нөхөр өргөдөл өгөхөд хорооны цагдаа дуудаж байцааж байна. Өнөөдөр Засгийн эрхэнд байгаа коммунистууд эмч, багш нарын цалинг танаж байгаа хэрнээ нийгэмд баялаг бүтээгчид, татвар төлөгчдийг дарамтлагчдын орон тоог нэмсээр байгаа нь коммунист дэглэмийн нэг хэлбэр биш үү. Орост байсан 49 хувийн татварыг Монголын татварын байцаагч яаж ч чадахгүй нь тодорхой. Тэгвэл өнөөдөр Монголдоо 100 хувь ирсэн “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшдэг компани дээр манай захын нэг татварын байцаагч очиж дарамтлаад, болохгүй бол дансыг нь хаачих эрхтэй шүү дээ.

Эцсийн бүлэгтээ баахан эх орны эрх ашиг гэж ярьсаар, ёс суртахуун, хууль эрх зүйг уландаа гишгэн коммунистууд 49 хувийг дээрэмдэж авдаг юм байж. Худалдаж авсан 400 саяыг өнөө компанидаа буцааж төлөх нь тодорхой. Гэтэл удахгүй төлөх бондын өр 500 сая ам.доллараа яая гэж байгаа төр юугаараа төлөх юм бол. Тэр аж ахуйн нэгжийг төрийн нэрээр дампууруулах уу. Хамгийн гол нь Оросын талын гэрээний зүйл заалт байна. Гэрээ зөрчигдөж 49 хувь буцлаа гэхэд Оросын тал буцааж авахгүй, харин гэрээ зөрчсөний төлбөр гэж 100 сая ам.доллар тэд нэхэмжилнэ. Ингэхээр 500 сая ам.долларын төлбөр болж байгаа биз. Дээр нь бондын төлөлт 500 гаруй сая ам.доллар. Тэгэхээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг хятадууд л авна. Өөр хэн ч авахгүй. Дор хаяж нэг тэрбум гаруй ам.доллараар манай коммунистууд хятадуудад худалдана гэж тооцъё. Гарцаагүй коммунистууд эндээс дор хаяж 100 саяыг унагана. Ерөөсөө урд хөршийнхний технологи бол буурай хөгжилтэй манайх шиг орны улс төрд нөлөөтэй байгаа хүмүүсээр дамжуулж эдийн засгийн өндөрлөгийг нь авдаг. Өнөөдөр хар л даа, Тайланд, Индонези дахь Хятадын нөлөөллийг. Цаашлаад Африкийн газрын хэвлийдээ манайх шиг баялагтай улс орнуудад Хятад яаж нөлөөгөө тэлж албан бусаар колонио болгож байгааг. Зарим оронд бүр юанийг үндэснийх нь мөнгөн тэмдэгт болгох хэмжээнд хүргэлээ. Хятадууд “Эрдэнэт”-ийн 49 хувийг авлаа гэхэд наад зах нь Оюу толгой шиг зэсийн бүлэг доторх алт эрдэнэсийн татварыг манайд төлөхгүй. Үүнийг л ард түмэн сайн мэдэрч, хэн гэдэг эрх мэдэлтэн ингэж бужигнуулж байгаад хөрөнгөө зузаалах гэж байгааг бодох хэрэгтэй. Эх орондоо хилийн чанадаас хөрөнгө авчирч буй хүн бүрт бид итгэх ёстой. Тэд жирийн бидэнтэй яг л адилхан хүйтэн, утаа, түгжрэл дунд Монголдоо амьдрах хүсэл эрмэлзэлтэй болоод тэр. Тийм бус бол яах гэж насаараа цуглуулсан хөрөнгөөрөө “Эрдэнэт”-ийн 49 хувийг авч хэл амны бай болон стресст орж, эсээ үхүүлж суухыг бодохов дээ. Ийм хэмжээний мөнгөөр гадаад ертөнцөд дажгүй сайн бизнес хийгээд, далайн эрэг дээр хангалуун тансаг амьдарчихна шүү дээ.

Энэ бүгдийн эцэст нэгэн мэдээллийг та бүхэн мэдэж байхад зүгээр. “Хилийн чанадад байгаа өөрийн орны хөрөнгийг, өөрийн орны иргэдийн амь нас, өмч хөрөнгийг хамгаалахад Батлан хамгаалах хүчээ ашиглана” хэмээн цэргийн номлолдоо албан ёсоор тусгаж, тодорхой хуульчилсан гуравхан улс энэ дэлхий дээр байдаг юм. Тэр нь АНУ, ОХУ, БНХАУ гурав. Нэг өглөө босоод ирэхэд Оюу толгойг ч урд хөршид наймаалцан байж мэдэх л байх. Уг нь өөрөөс шалтгаалах эдийн засагтаа Монголын төр, монголчууд ухаалаг л хандмаар байгаа юм. Нэгэн цагт коммунизмын хий үзэгдэл баруун Европоор тэнэж эхэллээ гэсэн шиг өнөөдөр Монголын коммунистууд хувийн өмчийг хураах гэсэн санаархал хий үзэгдэл мэт тэнүүчилж эхэллээ. Засгийн эрх баригчдын энэ хандлага бол коммунизм, фашизмын эхлэл юм.

Б.БАТБОЛД

Categories
мэдээ цаг-үе

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар: Туулын эргийг арваад баян эзэмшиг, жирийн иргэд ч адилхан эзэмшье гэдгийг сурвалжлагаараа хөндсөн

Туул голын ай сав газрыг Монголын эрх мэдэлтэй, толгой баячууд бүхэлд нь авч, жирийн иргэд Туул голын орчим хөл тавих эрхгүй болсон тухай “Өдрийн сонин” онцолж, цуврал сурвалжлага хүргэсэн нь нийгэмд шуугиан болоод байна. Туул голын эрэг дагуу нөхцөл байдал ямар болсон талаар газар дээрээс нь сурвалжилсан “Балдорж” шагналт, “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах, тоймчдын албаны сэтгүүлч Э.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Та “Алтан туул, Алтан туул” хэмээн сүсэглэх гол маань алттай арваадхан айлын Туул болжээ” хэмээх цуврал сурвалжлага бэлтгэсэн. Сурвалжлага бэлтгэхдээ хэдэн өдрийг зарцуулсан бэ?

-Туул гол Хэнтийн нуруун дахь Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт багтах Хагийн хар нуур, Номингийн голоос эх авч, нийслэл Улаанбаатар хотын урд хэсгээр урсч өнгөрөн Орхон голд цутгадаг. Ингэхдээ Хэнтий, Төв, Сэлэнгэ тэргүүтэй таван аймгийн 37 сум, нийслэлийн долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамардаг. Монголын нэн ховор ан, амьтан, загас, жараахайтай тунгалаг сайхан гол эх авсан газруудаасаа урссаар нийслэл хотод ирж байгаа юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн цэнгэг сайхан устай голыг дагаж Тэрэлжээс эхэлж амралтын газрууд бий болсон байдаг. Улмаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо буюу Гачууртын голын хоёр талаар зай завсаргүй амралтын газрууд ажиллаж байгаа. Урсгал дагуу Баянзүрх дүүргийн товчооноос эхлээд Сонсголонгийн гүүр хүртэл голын хойд талаар барилгын хотхонууд, урд эргийн дагуух бүх газрыг сөөм ч завсаргүйгээр цөөхөн хэдэн хүмүүс буюу арав гаруй компани, аж ахуйн нэгж, улс төрийн нэр нөлөө бүхий хүмүүс зай завсаргүй авсан байгаа юм.

Энэ талаар сурвалжлахаар “Өдрийн сонин”-оос надад томилолт өгч гэрэл зурагчны хамт Туул голын эрэг дагуу дөрвөн өдөр явж, судалгаа хийсэн. Сонсголонгийн гүүрнээс голоо дээш өгсөн явж сурвалжлагаа бэлтгэсэн. Туул голын эрэг дагуу Сонсголонгийн гүүрнээс эхлээд өч төчнөөн барилга баригдаж байна. Сонсголонгийн гүүрний баруун талд “Элеганс” гээд нэлээн том, тансаг зэрэглэлийн хотхон баригдаж, барилгын явц бараг 90 хувьд хүрсэн байна лээ. Тэр хотхон наран шарлагын газар, амралтын бүс байгуулахаар төлөвлөж байгаа юм билээ. Тэр хэсгээс эхлэн дээш өгсөхөд Туул голын эргийг тулгаад завсаргүй барилгууд бариад эхэлчихсэн байна. Зайсангийн гүүр орчимд баригдсан хэдэн арван хотхон бий. Зайсангийн бурхантай хөшөөний эсрэг талд “MCS”-ийн барилга баригдсан байгаа. Тус барилгыг голын эрэг дээр шороо асгаж хучилт хийгээд талбай засч байгаад барьчихсан юм билээ. Залгуулаад “Оюуны ундраа” группийн худалдааны төв, бар, рестораны зориулалттай том шилэн барилга бий. Түүний хажуугаар их том хашаа хашаалчихсан удахгүй барилгын ажил эхлэхэд бэлэн болсон байдалтай байсан.

-Тэгэхээр Туул голын эрэг тэр чигтээ эзэнтэй болчихсон юмаа даа?

-Туул голын эрэг дагуу хүн орох ямар ч зай завсаргүйгээр залгуулан хашаанууд үргэлжлэн барьсан байна. Үндсэндээ замын урд талаар улстөрчид, тэдгээр нөлөө бүхий хэдэн хүн хойд талаар цөөн хэдэн хөрөнгөтэй хүн авчихсан байна. Газраа барилгын ажилд хэрэглээд байдаг хоёр метр өндөртэй цэнхэр, саарал өнгөтэй хашаануудаар хашаалсан байсан. Эсвэл эвгүй гишгэвэл хүн сүлбүүлж мэдэхээр сараалжин хайсан хашаанууд байгаа юм. Иймэрхүү байдалтай Туул голын эргийг цөөхөн хүн хэдэн га-гаар нь хашаалаад авчихсан байна.

-Эзэн нь хэн гэдгийг мэдэх боломжтой байх юм уу?

-Эдгээрийг гаднаас нь хараад хэнийх вэ гэдгийг мэдэх боломж байхгүй. Харуул хамгаалалтынхантай нь уулзаад ч нэмэргүй. Бараг хамгаалагчид нь жинхэнэ эзнээ хэн гэдгийг мэдэхгүй. Дээрээс нь хууль хяналтын байгууллага болон МХЕГ, НМХГ-аас Туул голын эрэг орчмоор 2011 оноос хойш ямар ч шалгалт хийгээгүй юм билээ. Богдхан уулын захиргаа, Туул голын ай сав хамгаалах газар гээд төрийн байгууллагуудын мэргэжилтнүүд хүртэл тэнд хэн гэдэг хүн хэчнээн га газар ямар зориулалтаар авсныг мэддэггүй юм билээ. Мөн Нийслэлийн газрын алба болон Байгаль орчны яамнаас иргэн Бат тэнд тийм газрыг аялал жуулчлалын зориулалтаар авсан гэх бүрэн бус, тодорхойгүй мэдээлэлтэй сууж байдаг юм билээ. Гэвч бодит байдал дээр жирийн иргэнээр халхавчилж томчуудын авсан газрууд байгаад байдаг. Иргэн Бат гэдэг хүн нь юу хийдэг талаар судалж үзэхэд тодорхой эрхэлсэн ажилгүй байдаг. Тэгсэн мөртлөө ямар ч компани, мөнгөний эх үүсвэргүй хүн хэдэн зуун сая төгрөг гаргаж тэр газрыг хашаалаад авчихсан байдаг. Сонин байгаа биз. Үүний цаана юу байгааг, хэн байгааг төрийн байгууллагынхан мэдэхгүй байна гэдэг өөрөө асуудал дагуулж байгаа хэрэг. Зарим газрыг хашаалаад орхичихсон байдаг юм билээ. Эзэнгүй юм уу гэхээр хүмүүс байнга эргэж тойрч, тордож янзлаад байдаг. Ийм маягаар Туул голын урд эргийг арав хүрэхгүй хүн эзэмшээд авчихсан. Тэр хүмүүсийг судлаад үзэхээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон компанийн захирал эсвэл төр, засгийн өндөр албан тушаал хашиж байсан, байгаа сайд, дарга, бизнесмэнүүд байдаг юм.

-Туул голын эрэг дагуу газар олгож болдог юм уу?

-Би үүнийг судалсан. Хуульдаа тийм нарийн заалт байдаггүй юм байна. Туул голын эрэг дагуу гэхээр Усны тухай хуулийг бид үзэх ёстой. Дээр нь Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар Туул голын эрэг дээр 50 метрээс ойр зайнд аялал жуулчлалын чиглэлээр болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохыг хориглочихсон байгаа. Усны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”. Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн тус хуулийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” хэмээн тодорхой заагаад өгчихсөн байгаа. Гэвч дээрх хуулиудын нэг заалт битгий хэл бүгдийг нь зөрчөөд Туул голын эргийг хэдэн хүн эзэлчихсэн. Бүгд байшин, орон сууц, хотхон, худалдааны төв гээд олон жил ашиглагдах барилгууд барьж байна. БОАЖЯ-наас зарим нь аялал жуулчлалын зориулалтаар газар түр эзэмших буюу таван жилийн хугацаатай эрх авдаг ч хэдэн арав битгий хэл зуун жил ашиглах байшин сав бариад тохижсон байгаа нь тухайн хуулийг төдийгүй Засгийн газраас гаргасан хууль, тогтоомжийг анхнаасаа мөрдөхгүй, холбогдох албаныхныг хуурч, эсвэл хуйвалдаж газрын эзэмших эрхтэй болсныг илтгэхээр байгаа юм. Ингээд би Туул голын эрэг дагуу, онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд баригдсан, баригдаж байгаа барилгуудыг эсэргүүцэж, эздэд нь хандаж “Та нар хууль зөрчиж байна” гэж бичсэн. Барилгын тухай хууль, журам, дүрмийг зөрчсөн атлаа “Манайх хууль зөрчөөгүй ээ” гээд манай сонин руу албан бичиг хүргүүлж, хууль хяналтын байгууллагад хэд хэдэн компани, аж ахуйн нэгж гомдол гаргаад байна.

-Эдгээр иргэнд газрын зөвшөөрлийг хаанаас олгосон байдаг вэ?

-Ихэнхийг нь аялал жуулчлалын чиглэлээр ашиглана гэх үндэслэлээр Байгаль орчны яамны төрийн тусгай хамгаалалттай сав газрын хамгаалах газраас тодорхой хугацаатай эзэмшлийн газрын зөвшөөрөл олгосон байдаг. Ер нь Богдхан уулыг тойрсон газрыг аялал жуулчлалын бүс байгуулна гэдэг үндэслэлээр зөвшөөрөл олгоод тэр нь одоо дандаа орон сууцны барилга болсон байгаа. Яг л тэр жишгээр явсан байна лээ. Хуулиараа нийслэлийн газрын албанаас хууль бусаар хашаа баривал буулгадаг ч тэр хүмүүсийн газар дээр цагдаа, МХЕГ, Богдхан уулын захиргаа, Туул голын сав газрынхан гээд аль нь ч шалгадаггүй. Эх сурвалжийн мэдээлснээр шалгуулдаг ч үгүй, шалгасан ч асуудал үүсгэдэггүй юм гэсэн.

-Таны сурвалжлагад иргэд Туул голын эрэг рүү орж салхилж, зугаалах боломжгүй болсон тухай гарсан байсан. Үнэхээр хаагуур нь ч орж болохооргүй болсон байна уу?

-Тэгэлгүй яахав. Тав, зургаахан жилийн өмнө иргэд Туул гол руу явахдаа Зайсан руу автобусанд суугаад л орчихдог байлаа. Туул голын эрэг дагуу хэн ч зугаалж болдог байсан. Тэгээд ч нийслэл хотын урд хэсгээр урссан Туул гол түүнийг дагасан бургастай шугуйтай учраас хүмүүс салхилж амрах дуртай байдаг юм. Зун болохоор нийслэл хотынхон бараг тэр чигээрээ Туул гол руугаа явдаг шүү дээ. Гэвч одоо Зайсангаас эхлээд Туул голын эрэг рүү очих ямар ч боломжгүй хашаалчихсан. Хойд талаар нь Монголын томоохон бизнес эрхлэгч “Номин констракшн”, “Хурд” группийнхэн барилга бариад хамгаалалт гаргачихсан байгаа. Хотхон нь том том хашаатай учраас түүгээр дамжиж Туул гол руу орох ямар ч боломжгүй. Голын урд талаар нь хүмүүс орох боломжтой байсан ч мөн л хашаалаад авчихсан байгаа. Харин Туул голын эрэг дагуу “Ард түмний талбай” гээд нэрлэчихсэн сөөм газар бий. Тэр нь Бөөгийн овоо буюу Бага тэнгэрийн амны эсрэг талд байрладаг. Тэр талбай дээр зун нийслэлийн иргэд очоод хөл гишгэх зайгүй болдог. Иргэд салхилан зугаалаад зориулалтын сүүдрэвчинд настай хүмүүс шатар тоглоод байж байдаг. Хажууд нь бага насны хүүхдүүдээ салхилуулаад хэсэг амардаг юм. Туул гол руу ингэж их хүмүүс очдог байхад нэр бүхий хэдэн компани газрыг нь булаачихаж, тэднийг хууль хяналтынхан цэгцэлж дийлэхээсээ нэгэнт өнгөрсөн юм бол ядаж газраасаа хасаад хүмүүст амрах ахиухан талбай гаргаж өгөх хэрэгтэй гэдэг санааг сурвалжлагадаа гаргасан.

-Сурвалжлагаараа өөр санал санаачилга гаргасан уу?

-Гэхдээ сурвалжлагаараа тэр хүмүүсийг барилгаа нураа, Туул голоос холд, хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж хэлэхийг хүсээгүй. Хамгийн гол нь Туул голын эрэг дагуу эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс очиж барилга барьж болж байгаа бол жирийн иргэд яагаад барилга барьж болдоггүй юм бэ. Энгийн иргэд, дундаж давхаргынхан барилга баримаар байна шүү дээ. Товчоор хэлбэл, Туулын эргийг арваад баян эзэмшиг, жирийн иргэд ч бас тэдэнтэй адилхан эзэмшмээр байна шүү дээ гэдгийг цуврал сурвалжлагаараа хөндсөн юм. Ер нь бол Туул гол хэдхэн хүний өмч биш. Цөөхөн хэдэн хүн тэр газрыг аялал жуулчлалын зориулалтаар гэх нэрээр төрийг ч, хуулийг ч, иргэдийг ч хуурч хашаалж авах нь буруу. Нийслэлийн сая гаруй иргэн Туул гол дээр очиж зун амралтаа өнгөрүүлмээр байна. Тэгэхээр эдгээр компаниас 20, 20 метрийн эргээс татаж иргэдэд зай талбай гаргаж өгмөөр байна. Хүмүүс тэндээ салхилж, зугаалдаг баймаар байна. Чадалтай нэг нь аятайхан, тухтай байшин бариад амьдраг. Хууль дүрэм хүмүүст эрх тэгш үйлчилдгийн адил тэндэх үйл ажиллагаа ч бүгдэд хүртээлтэй баймаар байна гэдэг утга санааг гаргахыг зорьсон. Туул голын эрэг, тэр тусмаа нийслэлийн урдуур урсаж байгаа хэсгийн ашигтай талбай нь яагаад эрх мэдэл бүхий хэдхэн хүний өмч болох гэж. Хууль, дүрмээ сахиж мөрдөж чадахгүй байгаа бол нийт иргэдэд эрхийг нь өг, хуваалц гэсэн санаа юм л даа.

-Сонсголонгийн гүүрнээс доош яагаад газар авдаггүй юм бол?

-Туул гол нийслэл хотод ирэхдээ сайхан тунгалаг байдаг. Гэвч Сонсголонгийн гүүрнээс доош ус бохирдолтой байдаг учраас барилгын компаниуд авахгүй байгаа юм. Сонсголонгийн гүүр орчимд Төв цэвэрлэх байгууламжийн бохир үнэр яаж үнэртдэг билээ. Дээр нь тэр хавиас Арьс, ширний үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламжийн бохирдол Туул голд цутгаж Төв аймгийн Алтанбулаг сумын газар нутаг руу урсдаг. Ингэхдээ маш их бохирддогийг хүн бүхэн мэдэж байгаа байх. Энэ мэт бохирдлоос үүдэн Туул голыг дагасан сумд, орон нутгийн ард иргэд арьсны ямар нэг харшил, өвчтэй болж, мал нь хүртэл хордож эхэлсэн байгаа. Бүр Туул голын эрэг дагуу байрладаг сумд өвчлөл их байдаг гэсэн судалгаа тооцоо гаргасан байдаг юм билээ. Үүнтэй холбоотойгоор холбогдох газрууд “Арьс, ширний үйлдвэрийг нийслэлээс гаргая, Туул голын эрэг дагуу байрлаж байгаа архи, пивоны үйлдвэрүүдийг холдуулъя, Төв цэвэрлэх байгууламж бохироо цэвэрлэж чадахгүй байна” гэдэг ч үр дүнд хүрсэн ажил өнөөг хүртэл хийгээгүй л байна.


Categories
мэдээ цаг-үе

Л.Чинбат: Би улс төрд орохгүй, үр хүүхдэдээ ч улс төрөөс хол бай гэж захидаг

БОХИР ГЭДГИЙГ НЬ МЭДСЭЭР БАЙЖ УЛС ТӨРД ОРОХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА

“Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай ярилцлаа.


-“Авьяаслаг монголчууд” шоуг чамгүй өндөр зардлаар хүргэсэн гэж дуулсан. Ирэх жил хийхгүй гэж шийдсэн нь зардал мөнгөнөөс болсон уу?

-Зардлын хувьд алдагдалтай ч оюуны үнэ цэнэ, өгөөжийн хувьд үнэлшгүй зүйл л дээ. Монголчуудын 87 хувь нь үзнэ гэдэг бол асар өндөр үзүүлэлт. Зардал мөнгөнөөс болж энэ шоуг хийхгүй гэж шийдээгүй. “Авьяаслаг монголчууд”-тай дүйхээр өөр контент оруулж ирэх гэж байгаа. Хоёр жил өнжөөд үргэлжлүүлэх бодол бий. Шоунд хөлс, хүчээ шавхаж ажилласан хүмүүсээ амраахаас гадна эдийн засгийн нөхцөл байдал ч өнжөөх шалтгаан болсон. Нийтээрээ хямарсан учраас ийм далайцтай контентыг санхүүжүүлээд явах боломж том компаниудын хувьд ч хэцүү болчихлоо. “Хас” банк, “Скайтел” шиг том компаниуд ивээн тэтгэсэн учраас л “Авьяаслаг монголчууд” шоуны ард гарсан.

-Ялагчийг сонгоход эргэлзэхээр олон авьяастан оролцсон шүү. Та хэнийг нь онцгойлж дэмжиж байв?

-Шижирбатыг онцгойлж дэмжиж байсан. Энэ залуугийн үзүүлсэн номер дуу дуулахтай адил биш, асар их хөдөлмөр шаардсан бүтээл.

-Нууц биш бол “Авьяаслаг монголчууд”-ын дараа оруулж ирэх контентоо сонирхуулаач?

-Хэд хэдэн хувилбар бий. Гэхдээ яг одоогоор тэр энэ гэж хэлэх боломж бол алга. Ер нь дэлхийн хэмжээний том контентыг оруулж ирэхэд нэг том асуудал байна. Студи түрээслэх их зовлонтой юм. Зарим нь хэт үнэрхэж хэдэн зуун сая төгрөг нэхнэ, өчнөөн зардал гаргаж хагас сар зүтгэж байж тайз босгочихоор нэг өдрийн дотор буулгаад гар гэнэ. Энэ мэт олон бэрхшээл байсан. Тэгэхээр цаашдаа студийн асуудлаа шийдэж байж том хэмжээний ажил хиймээр юм билээ.

-Саймон Коулын баг “Авьяаслаг монголчууд”-д хэр сэтгэл хангалуун байсан бэ?

-Ирсэн хүмүүс нь “Ийм нөхцөлд ийм чадварлаг түвшинд хийнэ гэж төсөөлөөгүй шүү. Азидаа дээгүүр орохоор чанартай хийлээ” гэж үнэлсэн.

-Мэдээж дэлхийн хэмжээний шоу учраас шаардлага стандарт өндөр байх нь тодорхой. Санаачлагчдынх нь зүгээс шаардлагаа тавихаас гадна, зөвлөгөө дэмжлэг үзүүлж байсан уу?

-Ийм байх ёстой гэсэн стандарт тавьснаас ингэ тэг гэж зөвлөгөө дэмжлэг үзүүлээгүй. “Яг ийм байх ёстой” гэсэн стандарт тавьчихаар тэрүүгээр нь явахаас өөр аргагүй юм билээ. Тийм учраас чанартай контент болсон байх. Манай хүмүүс ч их зүйл сурсан. Монголын телевизийн салбарт маш том шинэчлэл, юугаар ч үнэлшгүй тайзны соёлыг өгсөн. Хамтарч ажиллах, цагаа барих соёлд сургасан. Хийж байгаа зүйлийнхээ сайхныг мэдэрнэ гэдэг бас л гоё мэдрэмж. “Авьяаслаг монголчууд”-д ажилласан хүмүүсийн дараагийн хийх ажлынх нь эхлэл зөв тавигдана гэдэг миний хувьд том олзуурхал.

-“Монгол HD” телевиз “Монгол масс медиа”-тай нэгдэнэ гэж үнэн үү?

-Миний хувьд яг нарийн юмыг нь мэдэхгүй. Гэхдээ зарчмын талаас бол гадарлана. Хэвлэл мэдээллийн салбар эрүүл, үнэн бодит мэдээлэл хүргэдэг, санхүүгийн хувьд ивээн тэтгэгчдээсээ хамааралгүй болох хэрэгтэй. Энэ зарчмыг барья гэдэг үүднээс гарсан санаа л даа. “Монгол масс медиа”-тай ярьж байгаа зүйлс бий. Дамжуулагч кабелийн компаниуд үзэгчээс авдаг мөнгөнөөсөө уран бүтээлчдэд нэг ч төгрөг өгдөггүй. Харин одоо дэлхийн зарчмаа дагаж үзэгчээс авдаг төлбөрөө контент үйлдвэрлэгчидтэйгээ тэгш хуваах ёстой гэж үзэж байгаа. Өргөн нэвтрүүлгийнхэн хөрөнгө хөдөлмөр зарж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэтэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь хэн нэгэн авч цацсаныхаа төлөө бусдаас мөнгө аваад байдаг. Энэ байдлаас татгалзъя, орлогоо хуваах зарчимд шилжих ёстой гэсэн асуудал яригдсан. Хэвлэл мэдээллийнхэн ингэж байж л санхүүгийн хувьд бие даана. Ийм болж байж л соён гэгээрүүлэх үндсэн үүргээ биелүүлэх боломж нь бүрдэнэ. Үүн дээр нэгдээд хууль санаачлах гэх мэт ажлууд хийгээд эхэлсэн юм билээ.

-Таны эрхэлдэг бизнесүүдээс “Монгол HD” зардалтайдаа орох уу?

-Тэгнэ. Хамгийн их зардалтайд орно. Миний хувьд монголчуудаа эрүүл хүнсээр хангахын төлөө зүтгэж ирсэн. Гэтэл нөгөө талд оюуны хэрэгцээ гэж айхтар юм бий. Үнэн бодит мэдээлэл авч чадахгүй явна гэдэг түнэр харанхуй байна гэсэн үг. Харанхуйгаас гарах шийдэл нь ерөөсөө л бодитой мэдээлэл. Телевизийн салбарт хөрөнгө оруулаад яваагийн минь учир энэ. Би телевизийнхэндээ “Та нар жанжин шугамаа барих ёстой. Хэн нэгний халаасны хүн байж болохгүй” гэж хэлдэг юм. Хэнээс ч хамааралгүй, дарамт шахалтгүй хүн хэнээс ч юуг ч гүйцэд, тултал нь асуух зоригтой байдаг. Бие даасан үзэл бодолтой, зөв хамааралтай боловсон хүчин бэлдэхийн тулд би хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулдаг. Заавал “Монгол HD”-д ажиллах ёстой гэхгүй. Манайд ажиллаж байгаад өөр газар орсон ч эхлэл нь зөв тавигдсан хүн буруу тийш хазайхгүй. Энэ бол миний хийж буй хөрөнгө оруулалтын өгөөж.

-Цаашдаа сонин, сайт нээж медиа групп болох сонирхол бий юү?

-Зах зээл биднийг чирч явна шүү дээ. Өргөн нэвтрүүлэг цаашид тодорхой хугацаанд орон зайгаа алдахгүй орших байх. Гэхдээ дэлхийн жишгийг харахаар өөр чиглэл рүү ороод эхэлчихлээ. Тэгэхээр ирээдүйд бид зөвхөн өргөн нэвтрүүлгээ л хийнэ гэж суугаад байвал хөгжлөөс хоцорно. Телевизийн салбар өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа учраас хөгжөөд явах нь тодорхой. Сонин, сайттай болно гэсэн бодол бол байхгүй. Хэрвээ тийм бодол байсан бол аль хэдийнэ сонин, сайттай болчих байсан. Монгол HD үндэсний телевизийн үүргийг жинхэнэ утгаар нь гүйцэтгэж байгаа гэдэгт би итгэдэг. Телевизийнхэндээ ч “Монголын үндэсний телевизийн үүргийг Монгол HD гүйцэтгэж байгаа шүү. Монголын үндэсний телевизэд улс төр ордог, улс төрөөс тодорхой хэмжээнд хамааралтай байна. Та нарт тийм хамаарал байхгүй. Ийм учраас ард түмний жинхэнэ төлөөлөл болох ёстой” гэж байнга хэлдэг. Цаашдаа “Монгол HD”-гийн тодорхой хувийг олон нийтэд хувьчилж, жинхэнэ утгаар нь үндэсний телевиз болгох хүсэл, зорилго бий.

-Цаашдаа гэдэг нь хэчнээн жилийн дараа гэсэн үг вэ? Таны ярилцлагыг уншиж суугаа хүмүүст хувьцаагаа хэзээнээс зарах бол гэсэн хүлээлт үүсэх л юм байна…?

-Яг одоо төчнөөн хувийг нь зарна гэхээр хүмүүсийн халаас ямар байгаа билээ. Иргэдийн амьдрал, амьжиргааг хувьцаа авахаар хэмжээний болтол энэ телевизийг унагаачихгүй ажиллуулах нь миний үүрэг. Монгол HD гэсэн телевизийн тодорхой хувийг худалдаж авах чадвар иргэдийн олонхид бий болж, эрх ашгаа хамгаалуулах хэмжээнд ажиллуулаасай гэсэн хүсэл маань хэзээ нэгэн цагт биелнэ гэдэгт эргэлздэггүй. Түүнээс биш нэг хүнд, надад байхдаа гол нь биш л дээ. Олон нийтийн эрх ашгийг хамгаалдаг, олон нийт нь хөрөнгө мөнгөө оруулж аваад явдаг болох л миний зорьж байгаа чиг.

-Л.Чинбат гэдэг хүнд нэр цэвэр, хөлс хүчээрээ өдий өндөрлөгт хүрсэн гэсэн том давуу тал бий. Ийм шалтгаанаар таныг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх бодол одоогийн төрийн тэргүүнд бий гэх юм. “Монгол масс медиа”-тай “Монгол HD” нэр холбогдсон цаад шалтгаан нь энэ гэх мэтээр ярьж байна. Бодохоор оргүй мэдээлэл биш ч юм шиг…?

-Тийм юм байхгүй. Би улс төрд орлоо гэхэд хэн нэгэн хүний хүслээр шийдвэр гаргахгүй. Орохдоо тулбал өөрөө, хүсэл зоригоороо орно. Дайнд цэрэг мордож байгаа юм шиг шаардлага гардагтай адилхан нөхцөл үүсвэл улс орон, тусгаар тогтнолынхоо төлөө гэж бодоод орно. Түүнээс биш одоогоор улс төрд орох ямар ч бодол алга. Ахиад хэлэхэд амьдралыг минь миний өмнөөс шийддэг хүмүүсийн л гаргасан яриа болов уу.

-Ирэх сонгууль, магадгүй тэрний дараагийн сонгуулиар байдал яаж ч эргэх юм билээ. Хүний үзэл бодол, байр суурь өөрчлөгдөж болно шүү дээ?

-Таны хэлсэн хугацаанд улс төрд орно гэсэн бодол байхгүй. Хийж байгаа бизнес маань ирэх жилүүдэд Монголд хэрэгтэй. Хийе гэсэн бүхнээ хийж гүйцээгүй байна. Өнгөрсөн дөрвөн жилээ алдчихлаа. Өнөөдөр гээд ярихад л ахиад нэг жил алдах гэж байна. Ийм байтал эхлүүлсэн ажлаа дундаас нь хаяад явах утгагүй болчихож байгаа юм. Тэгэхээр миний хувьд бизнесээ сайн хийх нь л чухал байна. Ер нь тэгээд өөр өөрийнхөө ажлыг сайн хийвэл Монгол Улс ядах юмгүй хөгжинө шүү дээ.

-Таны хүүхдүүд улс төрөөс хол байдаг. Бизнесээ, санасан сэдсэнээ саад төвөггүй хийхийн тулд улс төрд орохоос өөр арга алга гээд хүүхдээ улс төрд оруулчихсан бизнесмэн цөөнгүй бий. Танд тийм бодол төрдөг үү?

-Бухимдал бол байна. Ганц надад биш, бүх ард түмэнд. Гэхдээ бухимдал байна гээд тийшээ давхиад орох бодол алга. Үнэндээ манай гэр бүлийн анхдагч хүсэл зорилгод улстөрч болъё гэсэн хүсэл, төлөвлөгөө байхгүй. Орох шаардлагагүй гэсэн зарчим барьдаг. Яагаад гэхээр улс төр үнэхээр бохир. Бохир гэдгийг нь мэдсээр байж тийшээ орохыг хүсэхгүй байна. Тийм ч учраас үр хүүхдэдээ улс төрөөс хол бай гэж захидаг.

-Гэхдээ танд улс төрд орооч гэсэн санал бол ирнэ биз?

-Байнга шахуу ирдэг.

-Намын томчуудаас санал тавьсан удаа бий юү?

-Юу гэж тийм хүмүүс надад санал тавих вэ дээ. Өөрсдөө болох гээд амь тавьж байгаа улс надад санал тавиад сууна гэж байхгүй шүү дээ.

-Улстөрчид дунд тулхтай мундгууд цөөнгүй бий. Таны хувьд энэ л сайн даа гэж бодож, харж явдаг улстөрч гэвэл хэнийг онцлох вэ?

-Би нам бус. Гэхдээ үзэл баримтлал, мөн чанар талаасаа зөв хүмүүсийг дэмждэг. Аль аль намд нь тийм хүмүүс бий. Гэхдээ тун цөөн дөө. Р.Амаржаргал суурьтай, боловсролтой, эдийн засгийн зөв хараатай. Нямдорж шударга, зоригтой хэлдэг цөөхөн улстөрчийн нэг. Сүүлийн үед Т.Аюурсайхан барьж авах ёстой асуудлуудыг зоригтой хөндөөд байх шиг. Хамгийн гол нь үнэн байгаасай. Өнөөдөр Монголд өөрчлөлт хийж чадах зоригтой хүн хэрэгтэй байна. Тийм хүнгүй бол энэ улс нурж унахад ойрхон болчихлоо. Энэ Засгийн газарт сэтгэл байна, харамсалтай нь чадвар, зориг алга. Зориггүй, эрс шийдвэр гаргаж чадахгүй хүмүүст итгэхэд хэцүү. Амьдрал дээр шийдэл гаргаж чадахгүй цаг алдаад байх юм. Янз бүрийн үзэл бодолтой хүмүүсийг итгэтэл нь дагуулаад өөрчлөлт хийгээд, ийм хэцүү байдлаас гараад ирэх чадалтай хүн л Монголд хэрэгтэй байна даа.

-Х.Баянмөнх аварга тэргүүтэй хэсэг бөхчүүд танд Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр ажиллах санал тавилаа гэж хэсэг шуугьсан. Хэр бодитой мэдээлэл вэ?

-Бодитой мэдээлэл. Саяын санал тавьсан аваргууд гурван жилийн өмнө ч бас надтай яг энэ асуудлаар уулзаж байсан юм. Тэр үед би “Одоохондоо ийм юм бодох зав алга байна. Хоёрдугаарт, та нар нөгөө талтайгаа учраа олчих. Учраа олсныхоо дараа энэ саналаа тавихад болохгүй юмгүй. Ийм маргаантай юм руу бол орохгүй” гэсэн хариу өгсөн. Энэ намар дахиад ирлээ л дээ. Миний хувьд хүндэлж явдаг аваргууд маань ирээд санал тавихад үгүй гэж хэлээгүй. Гэхдээ өмнөх үгээ хэлсэн. “Та нар учраа олооч ээ. 25 жил маргалдсаар өнөөг хүрлээ шүү дээ. Учраа олсны чинь дараа бөхийн холбоог тэргүүлэхэд татгалзах юм алга. Монголын ард түмний соёл, хүндэтгэл, хайрыг шингээсэн сайхан спорт. Бидний үүх түүх, соёл энэ спортоор дамжиж илэрч байдаг. Тэр утгаараа хүндэтгэж хандахаас аргагүй. Монгол Улсын зургаан аварга гарын үсгээ зураад хандана гэдэг түүхэн үйл явдал. Хэн хүнд тохиогоод байхгүй хувь заяа. Учраа олоод хурлаа хийчих, намайг сонгочихвол татгалзахгүй” гэсэн хариу өгсөн. Хоёр талаасаа учраа олчихоосой гэж бодож байгаа. Бүгдээрээ л энэ спортод элэгтэй, хайртай улс. Нэг тал нь хийсэн юмтай, нөгөө тал нь монгол бөхдөө амьдралаа зориулаад ирсэн улс. Миний хувьд яагаад учраа олдоггүйг нь ойлгодоггүй.

-Монгол гэдэг улсын соёл, түүхийн уламжлалыг тээгээд ирсэн энэ өвөрмөц спортын холбоог тэргүүлэх үүрэг танд ирвэл хамгийн түрүүнд юу хийх бол?

-Их спортод амжилт гаргах тулгуур нь ерөөсөө л үндэсний бөх гэж би хардаг. Тэгэхээр Монголын үндэсний бөх үеийн үед орших ёстой, байх учиртай спорт. Монгол бөхийн нэр хүнд сүүлийн үед маш их унасан. Хамгийн эхлээд ярих зүйл бол сахилга бат. Бөхчүүд янз бүрийн хэрэг төвөгт орооцолдож байна. Бас допингод нэр холбогдож байна. Монголчууд хүү төрвөл бөх болгоно гэдэг улс. Энэ сайхан спортоо авч үлдэхийн төлөө хийх хамгийн эхний ажил бол доппингоос нь холдуулах. Нэг нь чадал, хөлсөө шавхаж арав хорин жил хөдөлмөрлөөд юм авдаггүй, нөгөөх нь цөөхөн жил барилдаад доппинг хэрэглэж цол аваад байж таарахгүй л дээ. Энэ жилийн наадмаар нэг тоогүй зүйл анзаарагдсан. Хэтрүүлээд хэлэхэд, Төв цэнгэлдэх хүрээлэнд цугласан улс хоёр тал болчихсон. Ийм байж болохгүй. Бүгдээрээ л монголчууд шүү дээ. Цөөхүүлээ байж дотроо хуваагдаад жалга довны үзлээр хандаад байж таарахгүй. Би Монголын үндэсний бөхийн холбоог тэргүүлбэл жалга довны үзэл, доппинг, даваа гүвээн дээр мөнгө төгрөг өгдөг байдлыг цэгцлэхийн төлөө ажиллана. Бас бөхчүүд барилдаж байгаагийнхаа хэрээр орлого олдог болох учиртай. Нэг барилдаанд орлоо гэхэд даваа бүр нь үнэлгээтэй болчихвол олон асуудал цэгцэрнэ. Олсон орлого нь амьдралд нь нөлөөлөхөөр болох ёстой. Монголын үндэсний бөх бол бие даагаад санхүүжээд явах боломжтой спортын төрөл.

-Таныг чөлөөт бөхийн холбоог тэргүүлж эхлэх үед бөөн хэл амтай байсан хэр нь, ажиллах хугацаанд чинь аятайхан болсон. Гэтэл тэнд өнөөдөр дахиад бөөн маргаан, үл ойлголцол дэгдчихлээ…?

-Намайг чөлөөт бөхийн холбоонд очиход ихэнх аваргууд тэнд барилддаг байсан. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аварга гэхэд наанаа таараад байгаа хэрнээ цаанаа таарахгүй байсан нь үнэн. Бөөн хэл амтай. Би нэг ч хүний хэл ам хэрүүлийг хүлээж аваагүй. Зөвхөн урагшаа харж л ажилла гэсэн. Сүүлдээ бүгдээрээ ойлголцсон л доо. Үр дүнд нь амжилт гарсан. Харамсалтай нь таны хэлсэнчлэн чөлөөт бөх буцаад өнөөх голдрил руугаа орчихлоо. Маргалдаад хуваагдаад эхэлсэн нь сайн зүйл огтоосоо биш.

-Үндэсний бөхийн холбоо танд яаж харагддаг бол. Танд энэ талаар хэлэх үг байгаа л байх…?

-Үндэсний бөхийн холбоо хэн нэгэн хүний өмч биш. Ард түмний бахархал болсон спорт. Р.Нямдорж гуай энэ спортод хувь нэмрээ оруулсан нь үнэн. Хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ одоо бусдыгаа ойлгох хэрэгтэй. Дахиад хэлэхэд Монголын үндэсний бөхийн холбоо Р.Нямдорж, Х.Баянмөнх гэдэг хоёр хүний хоорондоо тэмцдэг тэмцлийн талбар биш. Монголын ард түмний хүндэлдэг спорт. Тийм учраас тэд хувийнхаа эрх ашгийг хойш нь тавиад нийтийн эрх ашгийг өмнөө тавих ёстой. Энэ үгийг аль алинд нь танай сониноор дамжуулаад хэлье.

Үргэлжлэл дараагийн дугаарт

Categories
мэдээ цаг-үе

Монголын онгоцны билетийн шагчид биднийгээ яаж шулдаг вэ?

Лондонгоос Сингапур руу нисэхэд 295 евро буюу 783 мянган төгрөг бол Улаанбаатараас Сөүл рүү нисэхэд 2.6 сая төгрөг төлж байна

Та таксинд суухдаа нэг километрийг нь 800 төгрөгөөр тооцоод таван км газар явбал 4000 төгрөг өгч таарна. Түүнээс хол явбал аягүй бол өнөө таксины жолооч баярлан “Хол явж их мөнгө орууллаа” гээд км-ийг нь 700 төгрөгөөр тооцож урамшуулал маягийн юм үзүүлж мэднэ. Гэтэл өөр нэг таксины жолооч таныг суулгачихаад таван км явсны дараа 20 мянган төгрөг нэхвэл яах вэ. Нүд орой дээрээ гарч хэлэх үг олдохгүй, хэрэлдэх ч сөхөө төрөхгүй мэл гайхна биз. Тэгтэл манайд үйлчилгээ явуулж байгаа онгоцны билетийн кассууд яг иймэрхүү зарчмаар монголчуудаа шулж байна. Манайд Z24, МИАТ, Airmarket зэрэг салбартаа тэргүүлдэг билетийн касс олон. Тэдгээр кассуудтай холбогдож тасалбар захиалж үзлээ л дээ.

Сар гаруйн хугацааны дараа Улаанбаатараас хөдөлж БНСУ-ын нийслэл Сөүлээр дайраад АНУ-ын Нью-Йорк хот орох тийз захиалав.

Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн тийз энгийнээр хоёр талдаа 1167000-1207000, бизнес ангилал нь хоёр талдаа 2600000-2616000 төгрөгийн ханштай байна. Улаанбаатар-Сөүл-Нью-Йорк гэсэн чиглэлийн нислэгийн тасалбар энгийн ангиллаар хоёр талдаа 2375500-3545000 төгрөг байна. Харин бизнес ангилал нь хоёр талдаа 8250000-12284000 төгрөгийн үнэтэй байх юм.

Бид ерөөсөө онгоцны тасалбар гэдэг зүйл ийм үнэтэй байдаг байх нь, ер нь онгоцоор олон улсын нислэг хийнэ гэдэг чинь сар руу аялах дайны л хөрөнгө шаарддаг юм гэх мэтээр төсөөлдөг. Хуучин бол манайхан онгоцны тийз бичүүлнэ гэж бөөн юм болдог байв даа. Гүйж очоод нислэгийн компанийн онгоц хөөрөх цаг, үлдсэн суудал зэрэгт зохицуулан өөрийнхөө нисэх хугацааг тогтоолгодог байлаа. Үүнээс болоод онгоцны тийз бичүүлнэ гэдэг асуудал яагаад ч юм “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ноёны цол зэрэг нэмэх гэж Их хүрээг зорьж байгаатай адил хэцүү хүнд даваа гэдэг сэтгэхүй суучихсан. Энэ сэтгэлгээгээрээ зах зээлийн нийгэмд шилжээд хорь гаруй жил болчихсон ч онгоцны тийз гэдэг зүйлийг их л том үйл явдал мэтээр хүлээж авсаар ирлээ. Тийм ч болохоор онгоцны тийзийн захиалгын кассуудын хэлсэн үгэнд ороод юу дуугарнав, тэр тоонд нь захирагдаад билетээ дуугүй авчихдаг. Гэхдээ аль болох эртнээс олон сарын өмнөөс захиалбал хямд тусдаг, бас ирж очих билетээ нэг газраас захиалбал бүр ч хямдардаг гэдгийг өнгөрсөн хугацаанд мэдэж авсан нь болж дээ.

Гэхдээ гадаад дотоодод ажил төрлөөр нисдэг буюу онгоцны байнгын зорчигчдын хувьд ямар билетийн кассанд хандаж, ямар сайтуудаар тасалбар худалддаг, хэзээ яаж захиалж, ямар чиглэлээр нисвэл хямд үнээр нисч болохыг мэддэг болчихсон. Ингэж өөрийн тийзийг хэл усны мэдлэг, боловсролынхоо хүчээр хямдхан олж авдаг нь тийм ч олон биш шүү дээ. Хөдөөний малчин, аймгийн төвийн эмч АНУ-д суугаа хүү дээрээ очихоор болбол Монголд байгаа онгоцны тийзийн касс дээр очиж л тасалбараа авна. Хэрэвзээ цаг нь тулчихсан байвал билетийн кассынхны аманд нь багтаад л хэдэн төгрөгийн ч үнэтэй бай хамаагүй тийзээ өвөртлөөд Америкийг зорьж таарна. Аз болж Америкт байгаа хүү нь тэндээ идээшчихсэн, хэл ус нь сайн, сэргэлэн бол аав ээжийгээ хэзээ яаж хаанахын онгоцоор авчрахаа мэдэх учир тийзийн асуудлыг нь эртнээс хямдаар зохицуулчихаж дөнгөх байх л даа.

Улаанбаатараас БНСУ-ын нийслэл Сөүл хот ороход 1990 км. Улаанбаатараас Баян-Өлгий аймгийн төвөөс цааш Сагсай сум орох дайны замыг туулахдаа бид билетийн кассуудад багаар бодоход ирж очихын 1167000 төгрөг, ихээр бодоход 2616000 төгрөг өгч байна гэж ойлгох нь.

Юу ярина вэ энэ чинь, олон улсын нислэг, үйлчлүүлэгч цөөн, зах зээл нь хумигдмал учир цөөн тооны эдгээр онгоцны тийзийн кассууд чинь харин ч аль болох уг салбараа авч явах гэж мэрийж, боломжоороо л ажиллахыг хичээж байна гэж хэлж мэдэх юм л даа. Гадаад хэл мэддэг, цахимаар захиалга өгч чаддаг, интернэтийн орчинд гайгүй сэргэлэн ажиллачихдаг нөхдүүд л үнэндээ энэ тийз захиалгын ажлыг хийгээд сууж байгаа шүү дээ. Тэднийг хэл мэддэгээрээ түрий барьж монголчуудаа шулж байна гээд хэлэхэд буруудахгүй. Уг нь хэл мэддэг нь өнөөдүүлдээ тусалдаг нь бидний эртний ёс заншил сан. Тэгтэл мэддэгээрээ мэддэггүйгээ дээрэлхээд ч байгаа юм шиг толгойг нь эргүүлж онгоцны тийзийг ингэж ч дамлах гэж.

Лондонгоос Сингапур руу нисэхэд 10841 километр зам туулдаг бол Улаанбаатар Сөүл хоорондоо 1990 километрийн зайтай.

Бид Улаанбаатараас Сөүл рүү онгоцоор нисэхийн тулд 1167000-2616000 төгрөг зарцуулж байна. Гэтэл Лондонгийн иргэд Сингапур руу ирэхийн тулд 10 мянган км замыг онгоцоор туулсныхаа төлбөрт ирж очихын 295-425 евро буюу 942880-1205824 төгрөг өгч байна. Бид Лондонгоос Сингапур руу нисэх 10 мянган км замын зардлыг нийслэлээсээ Сөүл хүрэхийн хороонд өгчихөж байна гэж тооцоолж болж байна.

Монголчууд дэлхийн зах зээл дээрх үнээс тав дахин өндөр үнээр онгоцоор нисч байгаа гэсэн үг. Лондонгоос Сингапур руу 12 цаг нисээд буусныхаа дараа “Хөөх энэ чинь юу болж байна аа. Лондонгоос Сингапур руу 295-хан еврогоор ирчихлээ гэж үү” хэмээн Сингапурын нисэх онгоцны буудалд дуу алдан Монголд байгаа тийзний шагчдыг бодоод толгой сэгсрэн зогссон хүн байвал тэр чинь монгол л хүн байсан байж таараа.

Чукчаг цагдаа нар алтны хулгайд сэжиглээд алтаа хаана нуусныг нь орчуулагчаар дамжуулан асуудаг. Тэгтэл чукча юу гэж алт нуусан газраа хэлэхэв. Ууртай байцаагч хөмсөг зангидан “Алтаа хаана нууснаа хэлэхгүй бол чамайг буудлаа” хэмээн хэлснийг орчуулагч нь дамжуултал хөөрхий муу чукча “Би алтаа майхны хойно газар ухаад нууснаа хэлэхгүй” гэдэг. Энэ үгийг сонссон орчуулагч нь “Энэ хүн алт нуусан газраа хэлэхгүй гэнэ ээ” гэтэл ууртай байцаагч чукчаг буудаад унагачихдаг тухай онигоо бийсэн. Яг л үүнтэй адил

гарна” гэв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулуун “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийт 59 архи, спиртээс дээж авч, шинжилгээнд хамрууллаа. Үйлдвэрийн технологийн уснаас дөрөв, спиртээс 13, архинаас 42 дээж авсан. Үйлдвэрийн технологийн дөрвөн дээж стандарт хангасан гэж гарсан. Спиртийн 13 дээж мөн шаардлага хангасан.Урьдчилсан байдлаар архинд ямар нэг стандартын зөрчил гараагүй гэж үзэж байна. Мөн тухайн нас барсан хүмүүсийн цуснаас ч этилийн спирт илрээгүй. “Найрсаг” архины хувьд хатуулгийн хэмжээ хүрээгүй гэж дүн шинжилгээгээр гарсан. Гэхдээ энэ нь хүний аминд хүрэх асуудал биш. Урьдчилсан байдлаар “Гайхмаараа” шил арчигч шингэнийг ууж хэрэглэсэн байх магадлалтай гэх дүгнэлт гаргаад байна. Архи, спиртэнд хийсэн шинжилгээний талаар тодруулж хэлбэл, спиртийн 13 дээж 100 хувь MNS1782014 стандартын шаардлагыг хангасан. Мөн 42 архины дээжийн 85.7 хувь нь MNS1792000 стандартын манай онгоцны тийзийн кассууд хэл мэддэг, тийз захиалж чаддаг, интернэтэд гайгүй ажиллачихдагаар элэг барин монголчуудаа дээр өгүүлсэн чукчатай зүйрлэн өндөр үнэтэй тийзээр “зумлаж” байна.

Тэгтэл дэлхийн жишгийг анзаараад байхад онгоцоор нисэх тасалбар шиг хямд зүйл үгүй гэдэг нь Лондонгоос Сингапур руу нисэх онгоцны тийзийн үнээс л харагдаж байна. Баруунд хүмүүсийн хувьд онгоцоор нисэх нь цаг хэмнэх л шидтэйгээс биш үзэж харах зүйлгүй, элдэв хор нөлөө, гэнэтийн учрах аюул их зэргээрээ зорчих дуртай тээврийн хэрэгслүүдийнх нь адагт тооцогддог юм билээ.

Онгоцоор нисэх, таксигаар явахыг хооронд нь жишиж боломгүй ч ямар ч хүн бодсон ижил тээврийн хэрэгслээр ижил зайнд ижил хурдаар явсан хүмүүс хоёр өөр төлбөр өгнө гэдэг чинь яав ч шударга зүйл биш. Хэл ус мэддэг, гадаад харилцаа холбоо сайтай хүмүүс нь билетийн касс ажиллуулаад элэг нэгтнүүддээ хямдхан тасалбарыг үнэ хүргэж зарах нь бас л шударга бус үйлдэл. Сингапурын иргэд Лондонд 10 мянган км замыг онгоцоор туулахдаа 295-хан евро төлж байхад яагаад бид энүүхэн энд байдаг Сөүлд онгоцоор буусныхаа төлөө 2.6 сая төгрөг төлж байгаа юм. Энэ чинь тэгээд ариун явдал уу, манайхаан. Энэ шударга бус үйлдэлд холбогдох газрууд нь анхаарал хандуулж, хохирч байгаа иргэдээ өмгөөлөх цаг нь аль хэдийнэ болчихсон байна.


Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймгийн Хараа голын гүүр нурахад ойрхон байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн баасан гаригт Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нөхцөл байдалтай танилцаж, Замын цагдаагийн алба, МХҮГ-ын холбогдох албаныхантай ажилласан билээ. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат аймгийнхаа зам, тээврийн салбарын үйл ажиллагаа, тулгамдаад буй асуудал, шийдвэрлэх шаардлагатай асуудлаа танилцуулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийлээ.

Энэ хүрээнд Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт дэх Хараа голын төмөр бетон гүүрийн нөхцөл байдлыг танилцуулав. Сайд Д.Ганбат тус гүүрний нөхцөл байдалтай биечлэн танилцаж, зайлшгүй шинэчлэх шаардлагатай, аюултай нөхцөл байдалд хүрсэн байгааг хэллээ. Мэргэжлийн хяналтын байгууллагууд тус гүүрэнд 2014 оноос хойш удаа дараа шалгалт хийж, гүүрний зорчих хэсгийн асфальт бетон хучилтад хагарал үүсч, хучилт хуйларсан, конусын хамгаалалтын бетон бүтэц хөдөлгөөнд орсон талаар дүгнэлт гаргаж байжээ.

Мөн гүүрний хэв гажилтын заадас зарим хэсэгтээ цоорч хагарсан, заадсын төвшин зөрсөн, ус тусгаарлагч ажилладаггүй, ус зайлуулах хоолойг цэвэрлээгүй, зорчих хэсгийн гадаргуугийн ус доош нэвчин дам нуруу болон залгаасаар шүлт үүссэн, завсрын тулгуурын суурийн их бие эвдэрсэн, далан, конусын бэхэлгээг засварлаагүй, хайс хазайсан зэрэг зөрчлүүд илрээд байгаа аж. Иймд энэхүү гүүрийн нөхцөл байдлын хүрээнд яаралтай арга хэмжээ авч, цаашид анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Categories
мэдээ улс-төр

Дөрвөн байнгын хороо хуралдана

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
  • Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл /Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2016.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Байнгын хорооны 2016 оны 07 тоот тогтоолын хэрэгжилтийн талаархи танилцуулга.

4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ардчилсан нам улс төрийн шинэчлэл хийж чадлаа” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар уншигчдын гарт очлоо. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрээс өнгөрсөн ням гаригт болсон АН-ын даргын сонгуулийн албан ёсны дүнг танилцуулсан мэдээллийг хүлээн авна уу. АН-ын шинэхэн дарга С.Эрдэнэ ”АН улс төрийн идэвхитэй үйл ажиллагаанд шилжихэд бэлэн боллоо” хэмээн мэдэгджээ.

“Энэ сарын сүүлээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна” гэсэн мэдээллийг энэ нүүрээс мөн уншаарай.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төв аймгийн Баянчандмань, Борнуур суманд ажилласан тухай мэдээллийг “Улс төр” нүүрээс уншаарай. Тэрбээр “Тооны хойноос биш малын чанар, ашиг шимийг харж малаа өсгөөрэй” хэмээн малчдад захижээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Ардчилсан нам улс төрийн шинэчлэл хийж чадлаа” нийтлэлийг хүлээн авна уу.

“Эрвийх дэрвийхээрээ хөдөлж эх орноо өрнөөс гаргахыг “Өдрийн сонин” уриалж байна хэмээн бид бичиж байсныг манай уншигчид санаж байгаа болов уу. Тэгвэл одоо гавьяат эдийн засагч Б.Осоргарав, “Өнөр бүл” хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал асан Ж.Дүгэр тэргүүтэй ахмадууд “Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд улсдаа зориулж хандив цуглуулна” хэмээн мэдэгдлээ. Ардын багш Ж.Дүгэр эх орондоо 200 мянган төгрөг хандивлаж байгаа бол Б.Осоргарав гуай хувиасаа арван сая төгрөг, арван адуу, алтан бөгжөө хандивлаж байгаа гэнэ.

“Танин мэдэхүй” нүүрт Шар айрагт эм бэлгийн даавар ихээр агуулагддаг учир эрчүүд энэ ундааг ууснаар эмэгтэйлэг болдог тухай мэдээлжээ. Шар айрагны тухай гашуун үнэнийг өчсөн анагаах ухааны доктор И-гийн лекц дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа гэнэ шүү. Шар айраг их уудаг эрчүүд эмэгтэй хүн рүү татагдах төрөлхийн инстикт нь буурдаг гэж энд өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Улсын эмнэлгүүд хоёр ээлжээр ажиллахаар боллоо

Улсын эмнэлгүүд зурган илэрцүүд

Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгаж, 20 цаг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэлээ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн баячуудыг тэргүүлсэн Билл Гейтсийн хөрөнгө Монгол Улсыг долоон жил тэжээнэ

-ДЭЛХИЙН ТЭРБУМТНУУДЫН ХӨРӨНГИЙГ УЛС ОРНУУДЫН ДНБ-ТЭЙ ХАРЬЦУУЛАН ГАРГАЖЭЭ-

“Форбес” сэтгүүлийн жил бүр шалгаруудаг дэлхийн тэрбумтнуудын 2016 оны жагсаалтыг Билл Гэйтс тэргүүлжээ. Дэлхийн 1810 тэрбумтан дэлхийн нийт баялгаас 6.5 их наяд долларыг эзэмшдэг байна. Эдийн засгаараа гуравдугаарт ордог Япон улсын ДНБ нь 4.4 их наяд доллар байдаг байна. Харин дэлхийн нийт ДНБ 74 их наяд доллар ажээ.

“Микрософт” компанийг үндэслэгч Билл Гейтс энэхүү жагсаалтыг 75 тэрбум ам.доллараар тэргүүлжээ. Энэ нь 122 орны ДНБ-ээс ч их мөнгө гэнэ. Мьянмар улсын ДНБ нь 74 тэрбум ам.доллар. Тэгвэл Билл Гейтс хөрөнгөөрөө энэ улсыг нэг жил тэжээж чадна гэсэн үг юм.

АНУ хамгийн олон буюу 540 тэрбумтантайгаар тодорчээ. Энэ нь дэлхийн тэрбумтнуудын 30 хувь нь АНУ-д байна гэсэн үг. Тэд улсынхаа ДНБ-ий 12 хувийг бүрдүүлж байна.

Дараагийн таван улсад Хятад 251, Герман 120, Энэтхэг 84, Орос 77, Хонконг 64 тэрбумтантайгаар тодорчээ. Өнгөрсөн онтой харьцуулах юм бол Хятадын тэрбумтнуудын тоо хамгийн их өссөн буюу 38-аар нэмэгджээ. Энэ эрчээрээ явбал 7-8 жилийн дараа Хятад улс АНУ-ыг тэргүүлэх магадлалтай байна.

Тэгвэл Монголын ДНБ 10 тэрбум ам.доллар байдаг. Тэгэхээр Билл Гейтсийн хөрөнгө манай долоон жилийн ДНБ-тэй тэнцэнэ гэсэн үг юм. Дэлхийн тэргүүн 10 тэрбумтны хамгийн бага хөрөнгөтэй нь David Koch 40 шахам тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж. Энэ нь манай дөрвөн жилийн ДНБ-тэй тэнцэж байна.


Тэрбумтнуудыг хөрөнгөөр нь бусад улс орны ДНБ-тэй харьцуулан жагсаавал:

Нэр

Хөрөнгийн хэмжээ

/Тэрбум

ам.доллар/

Харьцуулсан улс

ДНБ

/Тэрбум ам.доллар/

Bill Gates

75.0

Мьянмар

74.0

Аmancio Ortega

67.0

Этиоп

67.4

Warren Buffet

60.8

Люксембург

60.2

Carlos Slim Helu

50.0

Хорват

49.9

Jeff Bezos

45.2

Беларусь

45.9

Мark Zuckerberg

44.6

Тунис

44.0

Larry Ellison

43.6

Литви

43.0

Michael Bloomberg

40.0

Иордан

39.8

Charles Koch

39.6

Ливи

39.3

David Koch

39.6

Гана

38.2

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Үндэсний аюулгүй байдлын салбарын шинэчлэлийн асуудлаар дугуй ширээний хэлэлцүүлэгт Ж.Энхбаяр оролцлоо

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салбарын шинэчлэл ба засаглал: иргэний байгууллагууд” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улсын төр, нийгмийн байгуулалт, эдийн засгийн салбарын шинэчлэл эхэлснээс хойших 26 жилд улс орны гадаад, дотоод орчинд гарсан эрс өөрчлөлт, үүнээс үүдэн бий болсон нөхцөл байдал нь үндэсний аюулгүй байдлын салбарын шинэчлэлд хүчтэй нөлөөлж, ололт амжилтын зэрэгцээ олон шинэ эрсдэл, сорилтыг бий болгосоор байна.

Ази, Номхон далайн бүс нутаг, түүний дотор Зүүн хойд Ази болон Төв Азид улс төр, эдийн засгийн нөлөөллийн дахин хуваарилалт явагдаж, том гүрнүүдийн ашиг сонирхол хүчтэй зөрчилдөж байгаа нь эдгээр бүс нутгийн олон улсын аюулгүй байдал, түүний дотор цэрэг-улс төрийн нөхцөл байдлыг өмнөхөөс огт өөр болгон өөрчлөгдөхөд хүргэж байна. Энэ их өөрчлөлт биднийг тойрон өнгөрөхгүй байгаа бөгөөд манай орон үүнд нэлээд гүнзгийгээр татагдан орж болзошгүй байдал ч бий боллоо.

Монгол Улс газар зүйн байрлалаараа Ази твийн стратегийн ач холбогдол бүхий чухал түшиц нутаг, их гүрнүүдийн геополитик, эдийн засаг, соёл иргэншлийн ашиг сонирхлын уулзвар, дэлхийн том шашнуудын нөлөөллийн зах нийлсэн зааг дээр оршдог гэдгийг бид сайн мэднэ. Ази тивд ашиг сонирхлоо хадгалахын төлөө өрсөлдсөн том гүрнүүдийн зөрчил, сөргөлдөөн болон хөрш, ойр зэргэлдээ орнууд хооронд болж байсан, маргаан, тэмцэлдээн монголын ард түмний хувь заяанд хүчтэй нөлөө үзүүлж, зарим тохиолдолд эмгэнэлт явдалд хүргэж байсныг бид мартаагүй байна…

… Энэ удаагийн дугуй ширээний хэлэлцүүлгийн зорилго нь манай орны аюулгүй байдал, гадаад харилцаа, стратегийн судалгааны салбарт ажилладаг эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд нэг танхимд уулзан ярилцаж, олон улсын аюулгүй байдлын шинэ нөхцөл байдлын учир шалтгаан, мөн чанар, үндэсний аюулгүй байдлаа хадгалан хамгаалах Монгол төрийн бодлогод тулгарч буй эрсдэл, сорилт, энэ салбарын шинэчлэлд гүйцэтгэх засаглалын болон иргэний байгууллагуудын гүйцэтгэх үүрэг зэрэг асуудлаар санаа бодлоо чөлөөтэй солилцох, нэгтгэн дүгнэх, улмаар үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого үйл ажиллагааг боловсронгуй болгоход чиглэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй санал, зөвлөмж боловсруулахад оршино гаө бодож байна. Энэхүү хэлэлцүүлэгт манай улсын бодлогын судалгааны хүрээлэн, төв, аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын судлаачдаас гадна хүний эрхийг хамгаалах, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцож буй нь аюулгүй байдлын асуудлыг иргэний нийгмийн байр сууринаас харах, энэ үүднээсээ шинэ сонин үзэл бодлыг дэвшүүлэн гаргаж ирэх бололцоог тодорхой хэмжээгээр олгоно гэдэгт итгэлтэй байна.

Өөр нэг тэмдэглэн хэлэх зүйл бол, энэ удаагийн бидний уулзалт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон “Улаанбаатар бодлогын судалгааны төв” төрийн бус байгууллагын хамтын санаачилгаар хэвлэн гаргасан “Монгол Улсын аюулгүй байдлын салбар: Алманах -2017” эмхэтгэлийг танилцуулах нээлтийн ажиллагаатай давхцаж байна. Энэ эмхэтгэлийг гаргасан нь Монгол Улсын аюулгүй байдлын салбарын өнөөгийн байдлыг өмнөхөөс арай илүү өргөн хүрээгээр харах боломжийг уншигч олонд нээж өгөх, аюулгүй байдлын салбарын судлаачдын цаашдын ажилд дэм туслалцаа болох чухал ач холбогдолтой болох юм” хэмээн тэмдэглэв.

Энэхүү хэлэлцүүлэгт Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвийн дэд захирал Филипп Флюри оролцож буй юм. Дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлгийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, “Улаанбаатар бодлогын судалгааны төв” хамтран зохион байгуулсан бөгөөд хоёр өдөр үргэлжлэх юм. Хэлэлцүүлэгт аюулгүй байдлын салбарын хөгжил, шинэчлэл болон аюулгүй байдлын салбар дахь хүний эрх, хэвлэл мэдээллийн асуудлаар судлаачид илтгэл тавив.

Илтгэл тавьж хэлэлцүүлсний дараа оролцогчид үг хэлж, аюулгүй байдлын салбарын хөгжил шинэчлэлийн талаар шинэ санаануудыг дэвшүүлэн ярилцлаа.

Дугуй ширээний маргааш болох хэлэлцүүлэгт цэрэг, батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид оролцох юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.