Categories
мэдээ нийгэм

Нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх хамтарсан уулзалт болж байна

Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн төлөвлөлтийн талаар хэлэлцэх уулзалт нийслэлийн төр захиргааны Хангарди ордонд болж байна. Уулзалтыг Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэстэй хамтран зохион байгуулж байгаа юм. Уг арга хэмжээг нээж нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон дэлхийн банкны суурин төлөөлөгч нар үг хэллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Улаанбаатар хот бол Монгол Улсын нүүр царай. Монгол Улсын хөгжлийг Улаанбаатар хот маань манлайлан авч явдаг гэдэгт та бүхэн санал нэгтэй байгаа байх. Монгол Улсын нийслэлийн хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтад зөвхөн нийслэлчүүд, нийслэлийн төрийн захиргааны болон төрийн бус байгууллага төдийгүй олон улсын байгууллагууд, манай түншлэгч, хандивлагч нар томоохон үүрэгтэй оролцож ирсэнийг тэмдэглэн хэлье. Эдгээр гаднын түншүүдийн нэг бол Дэлхийн банк юм. Дэлхийн банк бол нийслэлтэй хэд хэдэн асуудлаар тодорхой төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ удаад хандивлагч байгууллагууд, Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр засаглалыг сайжруулах, бэхжүүлэх чиглэлээр нийслэлийн хүн ам олноор суурьшсан, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний ачаалал өндөр байдаг Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт уг төслийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Энэ 3 дүүрэгт хэрэгжүүлэх төслийн төлөвлөлт, боловсруулалт, биелэлтэд шаардлагатай удирдамж, зөвлөмжийг нийслэлийн ЗДТГ-ын зүгээс дэмжин ажиллах болно” хэмээлээ.

Уг төслийн зорилго нь Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс төрийн байгууллагад хариуцлага тооцох чадавхыг нэмэгдүүлэх, үр дүн тооцох, албан ёсоор хэлбэржүүлэх, нийгмийн эгэх хариуцлагын институцийг бэхжүүлэх арга замуудын тусламжтай Монгол Улсын үндэсний болон орон нутгийн түвшин дэх улсын салбарын нөөц, хөрөнгө оруулалтын удирдлагыг илүү ил тод, хариуцлагатай, үр дүнтэй болгон нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд оршино гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хогны машинуудад GPS суурилуулжээ

Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Хоггүй Налайх дүүрэг” аяны хүрээнд Налайх Тохижилт Үйлчилгээ ОНӨААТҮГ-ээс хог тээврийн үйл ажиллагаанд шинэ технологи нэвтрүүлжээ. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хог тээврийн үйлчилгээнд GPS төхөөрөмж ашиглаж эхлээд байна.

Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ийн үйл ажиллагаа болон хог тээврийн үйлчилгээний нөхцөл байдалтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Налайх хотын Захирагчийн ажлын албаны Нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхтөр, Нийтийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Назангүль болон хороодын Засаг дарга нар газар дээр нь очиж танилцлаа.

Гал тахиа жилийн сар шинийн баярыг угтан “Хоггүй өрх – Хотын өнгө” зорилтот ажлын хүрээнд хог цэвэрлэгээний ажлыг хуваарийн дагуу эрчимтэй зохион байгуулж байна.Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас хороодын Засаг дарга нартай хог тээврийн үйлчилгээ, хяналтын тогтолцоо, сар шинийн баяраар эрчимжүүлсэн хуваарийн дагуу тээвэрлэлт хийх талаар санал солилцлоо гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Их Британи хүний эрхтэнг амьтны биед ургуулах хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байна

Хүний биеийн эд эрхтэнг гахайны биенд ургуулах зорилготой “хагас хүн, хагас гахай” гэх нэртэй төслийг эхлүүлсэн талаар олон улсын ВВС агентлаг мэдээлж байна. Тодруулбал, хүний цөөн хэдэн эсийг гахайн биед буюу үр хөврөлийн эсэд нь суулгаж жирэмслэлтээр дамжуулан зулзагад нь эд эрхтэнг шинээр бүрдүүлэх туршилт аж.

Гахайн ген нь ДНХ-г автоматаар устгадаг онцлогтой тул зөвхөн хүний эд эрхтэн болох нойр булчирхай, элэг, бөөр зэрэг эрхтнүүд л энэхүү туршилтын үр дүнд бүрэлдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Утаагүй нүүрс боловсруулах чиглэлээр санамж бичиг байгууллаа

Налайх дүүрэг хотоос алслагдмал хэдий ч хотоос дутахгүй утаатай болсон. Иймээс утаагүй нүүрс бууруулах төсөл хэрэгжүүлэгч Хөх тэнгэрийн мөнхийн гэрэл ХХК-ийн төлөөлөлтэй дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар уулзлаа.

Уулзалтад дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, “Налайхын Дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү, ЗДТГ-ын Гадаад харилцаа, хороо, олон нийт хариуцсан мэргэжилтэн Б.Хонгорзул , Хөх Тэнгэрийн Мөнхийн гэрэл ХХК-ын Ерөнхий захирал К.Өнербек болон гүйцэтгэх захирал Ж.Тлеубек нар оролцлоо.
Тус ХХК нь БНСУ-ын Чоныл ENG компанийн хүрэн нүүрсийг боловсруулж шингэрүүлсэн нүүрс гаргаж авах технологийн лицензийг албан ёсоор худалдан авсан бөгөөд Налайх дүүрэгт энэ технологийг нэвтрүүлэхээр зорьж байгаа аж. Энэ талаар 2 тал санал солилцсоны эцэст уулзалтын үр дүнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, утаагүй нүүрс бууруулах төсөл хэрэгжүүлэгч Хөх тэнгэрийн мөнхийн гэрэл ХХК-ийн захирал К.Өнербектэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг үзэглэлээ.
Санамж бичгийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах зорилтын хүрээнд утаагүй нүүрс боловсруулах төслийг хэрэгжүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

“Сар шинэ” нэгдсэн эргүүл эхэллээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг энэ оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.

Энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын нэг, хоёр, гуравдугаар газар, тус газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн нохойт эргүүл, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүлүүд хамтран өдөрбүр нийт 307 чиглэлд 600 гаруй алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж, өнгөрсөн 7 хоногийн хугацаанд 21 гэмт хэргийг илрүүлж, 5 гэмт хэргийг таслан зогсоож, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 403 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 1065 зөрчлийг илрүүлжээ. Энэ сарын 23- 29-ний өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 14184 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13881 нэгж буюу -49.4 хувиар, 503 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 385 нэгж буюу -43.3 хувиар тус тус буурсан үзүүлэлтэй байна гэж УБХЦГ-аас мэдээллээ. Сар шинэ ойртохоор гэмт хэрэг олширч, хулгай дээрмийн гаралт нэмэгддэг тул ийнхүү нэгдсэн арга хэмжээ авсан нь үр дүнтэй байгаад иргэд ч таатай байна.

Categories
гадаад мэдээ

Л.Трамп хууль журмуудыг цөөрүүлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор одоо хэрэгжиж буй хууль журмуудыг цөөрүүлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа.

Даваа гарагт гарын үсэг зурсан уг зарлигийн дагуу засгийн газрын агентлагууд хүчингүй болгох хоёр журам тутмын оронд өөр нэг шинэ зохицуулах журам танилцуулах ёстой. Мөн холбооны агентлагууд хүчингүй болгох шаардлагатай гэж үзсэн хууль журмуудыг танилцуулж, тэдгээрийг Цагаан ордон хянан үзэх аж.

Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд жижиг бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзах үеэрээ “би одоо үйлчилж байгаа хууль журмын 75 гаруй хувийг хүчингүй болгоно” гэжээ

Жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд татварын тогтолцоог боловсронгуй болгож, татварыг бууруулна гэж тэрбээр амласан байна.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “2008 оны санхүүгийн хямралын үеэр Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны баталсан санхүүгийн зохицуулалтуудыг эргэн харна” гэжээ.

Санхүүгийн зохицуулалтын шинэчлэлтийн тухай “Додд-Франк” хуулийг тэрбээр “гамшиг” гэж тодорхойлоод, “энэ хуулийн улмаас банкууд жижиг бизнес эрхлэгчдэд зээл олгохгүй байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн улсын том эмнэлгүүд 20 цаг хүртэл ажиллахаар болжээ

эмнэлгүүд зурган илэрцүүдЭмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор маргаашнаас эхлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгаж, 20.00 цаг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Харин Гэмтэл согог судлалын үндэсний төв ирэх гуравдугаар сарын 1-нээс 20.00 цаг хүртэл ажиллах юм. Үүнтэй холбоотойгоор томоохон эмнэлгүүд хүний нөөцийнхөө судалгааг Эрүүл мэндийн яаманд ирүүлж буй бөгөөд нэг эмнэлэгт 6-15 эмч, сувилагч нэмж ажиллуулах шаардлагатай гэсэн тооцоог гаргажээ.

Categories
гадаад мэдээ

Америкийн “Starbucks” компани 10 мянган дүрвэгчийг ажилд авахаар болжээ

Тус компанийн удирдлагууд ирэх таван жилийн хугацаанд ажилгүй байгаа олон зуун дүрвэгчдийг цалинжуулж, тэдний амьдрал болон гэр бүлд нь дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж буй гэнэ.

Ирэх сарын эхээр тус компани өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, нийгмийн идэвхтэй 20 гаруй дүрвэгч залуусыг борлуулалтын албадаа дадлагажигчаар авахаар болжээ. Тэд өөрт ноогдсон ажлаа сайн хийж чадвал хэдхэн сарын дараа жинхэнэ ажилтан болох боломжтой гэдгийг тус компанийн Ерөнхийлөгч Ховард Шульц мэдэгджээ.

Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп АНУ-д байршиж буй дүрвэгсдийг албадан гаргах, цаашлаад тодорхойгүй хугацаагаар дүрвэгсэд хүлээн авахгүй гэдгээ өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн юм.

Трампийн шийдвэрийг Шульц эрс буруутгаж буй билээ. Тэрбээр “АНУ-ын ажилчдын гол хүч цагаачдын нуруун дээр байдаг. Тэд яг л америк цэрэг шиг үнэнч ажилладаг. Трампын баримталж буй энэхүү бодлого томоохон компаниудын хувьд сайнгүй зүйл” гэж хэлжээ.

Categories
мэдээ нийгэм

А.Хүчитбаатар өвчний улмаас таалал төгсчээ

Японы мэргэжлийн сумо бөх, Токитэнку А.Хүчитбаатар 37 насандаа өвчний улмаас таалал төгслөө.

Тэрбээр “Lymphoma” хэмээх цусны хорт хавдраар өвдөж, жил гаруй хугацаанд тэмцээнд оролцож чадалгүй, эмчилгээ хийлгэж байсан. Уг өвчний улмаас өнгөрсөн оны есдүгээр сард Японы мэргэлжийн сумо бөхийн спортоос зодог тайлсан билээ. Анх 2002 онд сүмогийн дэвжээнд хөл тавьсан тэрбээр зодог тайлах хүртлээ макүүчи зиндаанд барилдаж байв.

Тэрбээр эмчилгээ үр дүнтэй болвол эргээд барилдах тухай хэлж байсан ч биеийн байдал сайшрахгүй байсаар бурханы оронд оджээ.

Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болох болтугай.

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн алба хаагчдад амны хаалт тараажээ

“Ногоон титэм” лабораторийн хамт олон ажил үүргээ гүйцэтгэж буй замын цагдаагийн алба хаагч агаарын бохирдолд ямар хэмжээгээр өртдөг болохыг хувцсанд нь дээж авах багаж зүүн туршиж үзжээ.

Олон улсын MNS 4585:2016 стандартад NO2-ын агаар дахь хүлцэх хэмжээг 50 мкг/м3 гэж заасан байдаг аж. Гэтэл туршилтын үр дүнд авто замын хажууд зогсож үүрэгт ажлаа хийж яваа цагдаа нар хүлцэх хэмжээнээс 3-4 дахин их азотын давхар ислээр амьсгалж байгаа нь тогтоогдсон байна.

Иймд, Замын цагдаагийн албанаас алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор “Мөнхийн цагаан жим” ХХК-тай хамтран 3000 ширхэг амны хаалтыг гудамж замд үүрэг гүйцэтгэж байгаа 380 алба хаагч нарт олгожээ.

Тус амны хаалт нь ТПМ 2,5 стандарт, шаардлагын дагуу хийгдсэн, агаарын бохирдлоос хамааран нэг удаагийн шүүлтүүр нь 48-72 цаг хүртэл хугацаагаар ашиглах боломжтой аж.