Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд эх орноо хүндрэлээс гаргахыг уриалсан Б.Осоргаравыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачлагч, гавьяат эдийн засагч Б.Осоргаравыг хүлээн авч уулзлаа.

Улсдаа 50 гаруй жил хөдөлмөрлөсөн Б.Осоргарав дээрх уриалгыг санаачлаад зогсохгүй, хандивын аяныг өөрөө эхлүүлж, ээжийнхээ ачийг бодож 10 сая төгрөг, аавынхаа сургаалийг эрхэмлэж 10 адуу, эх орныхоо эрдэнэс баялгийн дээжийг бэлгэдэж алтан бөгжөө хандивласан юм.

Тэрээр “Эзэн Чингис хааны бахархалт өдөр болон Улс тунхагласан өдрөөр бүх нийтээр амарч, телевизээр эх орны сэдэвтэй олон сайхан нэвтрүүлэг гарсан нь надад энэ санааг өгсөн. Ер нь цагтаа дэлхийн талаас илүүг эзэлж явсан Монгол Улс яахаараа өрөө төлж чадах, чадахгүйгээ дэлхийд дуудуулж явах ёстой юм бэ гэж бодон тооцоо хийж үзсэн” гэж ярилаа.

Гавьяат эдийн засагч Б.Осоргаравын тооцоолсноор, манай улсын найман настнаас эхлээд иргэн бүр 1000-2894 төгрөг хандивлахад 214,692,889,000 төгрөг цуглах юм байна. Мөн 2012 оноос хойшхи улс төрийн албан тушаалтан болох УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд, бүх шатны Засаг дарга, ИТХТ-ийн дарга нар 20,000,000-100,000,000 сая төгрөг, үйл ажиллагаа явуулж байгаа 80 мянга гаруй аж ахуйн нэгж, 10 мянга гаруй ТББ тус бүрдээ 2-2.5 сая төгрөг хандивлахад өр төлөлт болон эдийн засгийн хямралыг хүндрэлгүй давах бололцоотой юм байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, танилцуулгыг сонссоны дараа, манай өвөг дээдэс “Нэр хугарахаар яс хугар” гэж сургаж ирсэн, бидэнд эх орон хамгийн үнэ цэнэтэй. Энэ үүднээс би нэг удаагийн уулзалт дээр “Эдийн засгийн хямралыг эрсдэлгүй давах, эх орныхоо нэр хүндийг муугаар дуудуулахгүйн тулд шаардлагатай бол би ард түмэндээ ичихгүйгээр хандана” гэж хэлсэн удаатай. Гэхдээ өнөөдөртөө тийм байдал үүсээгүй байна. Монгол Улс авсан өрөө цаг хугацаанд нь бүрэн төлнө, эдийн засгийн хямралаа ч давж чадна. УИХ, Засгийн газар, холбогдох албаныхан ажиллаж байна. Хамгийн гол нь би таны эх оронч сэтгэл, ард түмнээ эв нэгдэлд дуудсан санаачилгыг хүндэлж, бас үнэлж байна гэлээ.

Уулзалтын төгсгөлд Б.Осоргарав, эдийн засагч хүний хувьд улсын эдийн засаг, нөхцөл байдал амаргүй байгааг ойлгож, гадарлаж байгаа, тийм учраас энэ санаачилгаа идэвхтэй үргэлжлүүлнэ гэлээ. Тэрээр удахгүй банкны холбоо, уул уурхай ассоциаци, МҮХААҮТ, бусад ТББ-тай уулзах юм байна. Гавьяат эдийн засагч Б.Осоргарав давхар бас нэгэн зүйлийг ард түмнээсээ, ялангуяа улс төрийн намуудаас хүсч буйгаа уулзалтын үеэр хэллээ. Тэрээр “Миний энэ санаа, санаачилгыг улстөрчид, намууд битгий улстөржүүлээрэй гэж хүсье. Заримдаа хэвлэл харахаар “Бүгдийг зөвхөн буруу талаас нь ярих, тайлбарлах, гуйвуулахад бэлтгэгдсэн юм уу” гэмээр хүмүүс байх юм. Хэрвээ улстөржүүлж, замын дунд гуйвуулчихгүй бол монголчууд эх орныхоо төлөө яаж нэгдэж чаддагийг улстөрчид харна, ард түмэн харуулах болно, би үүнд итгэлтэй байна” гэлээ.

Дашрамд дурдахад түүний санаачилгыг өчигдрийн байдлаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан /100 сая төгрөг хандивлахаа мэдэгдсэн/-аас эхлээд 100 гаруй мянган хүн дэмжихээ илэрхийлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сурчдад цол олгох төслийг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Хуулийн төсөлд улсын баяр наадмын үндэсний сурын харваанд III байр эзэлсэн харваачид “Гоц харваач”, II байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач” цол, нэг түрүүлсэн харваачид “Улсын мэргэн”, Улсын мэргэн цолтон түрүүлбэл “Улсын хошой мэргэн”, Улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл “Улсын даяар дуурсах мэргэн”, Улсын даяар дуурсах цолтон түрүүлбэл “Улсын дархан мэргэн” цол тус, тус олгохоор тусгажээ.

Үндэсний сурын харвааны XV их чуулганаас дээрх санал гаргасныг УИХ-ын гишүүн О.Баасанхүү төсөл боловсруулж өргөн мэдүүлсэн нь энэ аж.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар төрийн их баяр наадмаар сурын харваанд ганцхан төрлийн цол олгодог юм байна.

Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж байна.

Categories
мэдээ улс-төр

Ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.01.31/ хуралдаанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санал гаргаж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр хуулийн төслийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан Ардын Их Хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгохоор тусгажээ. Хуулийн үйлчлэх хүрээнд 1990 онд ардчилсан хувьсгалыг хийхэд онцгой гавьяа байгуулсан манлайлагчид ахмадуудыг нэмж багтаах саналтай байна гээд энэхүү саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т заасны дагуу дээрх асуудлаар санал хураалт явуулахад уг саналыг хуулийн төсөлд тусгах санал байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэгийг авч чадсангүй.

Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.

Түүнчлэн энэ өдрийн хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагаар, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Гантулгаар, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Ч.Отгонцэцэг 26 дугаар байрт шалгарлаа

Казахстаны Алматы хотноо болж байгаа универсиад наадам уулын цана, биатлон, гүйлтийн цана, мөсний хоккейн төрлөөр өчигдөр эхэлсэн юм. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 5 км-ийн уралдаанд нийтдээ 62 тамирчин гараанд гарснаас Ч.Отгонцэцэг замаа амжилттай туулан 16:18.3 секундийн амжилтаар 26 дугаар байр, А.Энхтуул 17:11.7 секунд гүйж 41 дүгээр байр, Б.Дэлгэрмаа 18:31.5 секундийн амжилтаар 52 дугаар байр тус тус эзэлжээ.

Эрэгтэйчүүдийн 10 км-ийн зайн уралдаанд нийт 87 тамирчин уралдаж манай тамирчин Б.Ачбадрах 28:02.2 амжилттаар 41 дүгээр байр, Б.Амарсанаа 29:40.5 амжилтаар 74 дүгээр байр, У.Батжаргал 30:22.5 амжилтаар 79 дүгээр байрт тус тус шалгарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Ж.Энхбаярыг “Эх орны төлөө” Батлан хамгаалахын дээд шагналаар шагналаа

Монгол улсын аюулгүй байдлын нэгэн баталгаа, 100 гаруй жилийн түүхтэй Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн нөр их ажилд өөрийн хувь нэмрээ оруулж, хүч хөдөлмөр, оюун ухаанаа шингээж ажилласныг үнэлэн “Эх орны төлөө” Батлан хамгаалахын дээд шагналаар шагналаа. Шагналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гардуулан өглөө.

Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийг төгөлдөржүүлэх, түүний тулгуур баримт бичиг болох Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс болон Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжуудыг Улсын Их Хурлаар хэлэлцэн батлахад Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр нь тус ажлын хэсгийг ахлан, идэвхи зүтгэл гарган ажилласан юм. Улс орны нийгэм, эдийн засаг, төрийн гадаад, дотоод бодлогод гарсан өөрчлөлт, шинэчлэлттэй уялдуулан батлан хамгаалахын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүссэнээр “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг боловсруулж, Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаар тогтоолоор баталгаажуулсан. “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг нь 8 бүлэг 52 заалт бүхий батлан хамгаалах тогтолцоо, батлан хамгаалах бодлогын улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, төрийн цэргийн байгуулал, зэвсэгт хүчний үүрэг, түүнийг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлж, улс орныг батлан хамгаалах асуудлыг тогтолцоогоор нь авч үзсэн батлан хамгаалахын эрх зүйн суурь баримт бичиг болж чадсан юм.

Шагнал гардуулах үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр “Юуны өмнө та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаснаа илэрхийлж байна. Миний хувьд цэрэг, эх орон, арми гэдэг зүрхэндээ тээж явдаг эрхэм зүйл. Монгол улс тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа баталгаажуулан өнөөдрийн 21-р зуунд хүрэхэд Зэвсэгт хүчин шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн. Монголын төр Зэвсэгт хүчнээ байнга дэмжиж, үүрэг гүйцэтгэх чадавхийг бэхжүүлэхийн тулд бүх талын бодлогын арга хэмжээг авч байх ёстой. Эх оронд эр цэрэг хэрэгтэй. Энэ ч үүднээс өөрийн ухамсарт амьдралыг эх орондоо зориулсан эцгийнхээ үйл хэргийг үргэлжүүлэхийн төлөө, тэр өндөр нэр алдарыг сэвтээхгүй, үйл хэргийг залгахын тулд өөрийнхөө оюун ухаанаа дайчлан ажиллаж байна. Сая бидэнд түүхэн том хувь тавилан тохиолоо. Батлан хамгаалахын эрх зүйн томоохон багц өөрчлөлтийг хийх түүхэн үүргийг энд байгаа баг бүрэлдэхүүн бид хамтран амжилттай хийж чадлаа. Одоо бодлогын баримт бичигтэй холбоотой Гамшигтай тэмцэх онцгой байдлын хуулийн эцсийн хэлэлцүүлэг хийгдэхэд бэлэн боллоо. Ингэснээр бидний тавьсан зорилт хэрэгжиж дуусах юм. Тавьсан зорилтын хүрээнд дотоодын цэргийн асуудал одоохондоо маргаантай байгаа. Нэгэнт Монголын төр бодлого гаргасан бол тэр бодлого цаашдаа салбарын хуульд тусгал болж хэрэгжих ёстой гэсэн байр суурьтай байдаг.

Одоо амаргүй цаг үе ирж байна. Монгол улсын дотоод болон гадаад улс төрийн нөхцөл байдал эрс хувьсан өөрчлөгдөж байна. Бүс нутаг зэвсэглэлээр хөөцөлдөх асуудал ноцтой байдалд шилжиж байна. Монгол улс дэлхийн том соёл иргэншлийн уулзвар дэлхийн их гүрнүүдийн дунд геостратегийн ашиг сонирхол бүхий байрлалд оршдог. Энд Монгол улс өөрийн эрхгүй татагдан орох нөхцөл байдал бий болж байгаа. Тиймээс бид учирч болзошгүй аюул заналыг байнга урьдчилан харж судалж тулгарч болох сорилт, бэрхшээлийг хэрхэн даван туулахыг байнга санаж, урьдчилан харж ажиллах ёстой. Тиймээс бид албандаа илүү санаачлагатай, шинжлэх ухаанч, мэргэжлийн, гадаад дотоод орчныг мэдэрсэн бодлого үйл ажиллагаа явуулах нь чухал байна. Энэ түүхэн сорилтын өмнө амжиж ирээдүйг харсан эрх зүйн шинэчлэлээ хийж дууслаа. Энэ хийсэн эрх зүйн өөрчлөлт, алсыг харсан бодлого бидний ирээдүйд улс орныг аварч гарахад гол тулгуур болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү том бодлогын баримт бичгийг гаргахад хамтран ажилласан та бүхэнд баярласнаа илэрхийлье. Улс төрийн тогтвортой 4 жилийн хугацаанд бид салбарынхаа өсөлт дэвшил авчирсан шинэ 21-р зуунд үүрэг гүйцэтгэх чадавртай Зэвсэгт хүчин болгож хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэе” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулав

Ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар улирлын амралт дуусч хичээл сургууль эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөнд оролцогч тэр дундаа хүүхдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор хараа хяналт, асран хамгаалагчгүй, буруу тээвэрлэлтээс шалтгаалан хүүхэд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг.

ТУХАЙЛБАЛ:

1. БЗД-ийн нутаг Нянтайсүрэнгийн гудамж, БХИС-ийн баруун замд H.Accent маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч 08 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээсэн.

Хүүхдийг гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх,тээврийн хэрэгслээр аюулгүй зөв тээвэрлэхэд эцэг эх асран хамгаалагчийн үүрэг оролцоо хамгийн чухал байдаг.

0-10 хүртэлх насны хүүхдийг эцэг, эх асран хамгаалагчтай замын хөдөлгөөнд оролцуулах, үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, аюулгүй замын хөдөлгөөнд оролцох талаар байнга зөвлөж зааварлах, зөв үлгэр дуурайлалыг үзүүлдэг байх, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах суудал, хамгаалалтын бүсийг нь хэрэглэж хэвшин аюулгүй байдлыг нь хангаж оролцуулахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Гар аргаар алт олборлож байгаад осолдсон хоёр иргэний цогцсыг гаргалаа

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газарт гар аргаар олборлолт хийж байгаад осолдсон хоёр иргэний цогцсыг энэ сарын 29-ний өдөр гаргалаа.

Тус газар хоёр иргэн гар аргаар алт олборлож байх үед нь ухсан нүхний ханаар хиймэл нуурын ус задарч нүхийг усаар дүүргэж, дотор нь байсан хоёр иргэн гарч ирээгүй тухай дуудлага 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Цогцсыг гарагж чадаагүй учир хохирогчдын ар гэрийнхний хүсэлтээр эрэн, хайх аврах ажиллагааг энэ сарын 22-ны өдрөөс түр зогсоогоод байсан юм.

Тус газарт алт олборлогч “Улз гол” ХХК-тай зөвшилцөж эрлийн ажлыг энэ сарын 27-ны өдөр дахин эхлүүлж тус компанийн ажилтнууд, Онцгой байдлын газрын болон Цагдаагийн албан хаагчид, нийт 30 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр нуурын мөсийг хагалж 156 тэвш мөс зөөвөрлөж, энэ сарын 29-ний өдөр иргэн Э /26 настай/, Т /28 настай/ нарын цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Геофизикийн эрдэмтэн судлаачид, бизнесийнхэнтэй хамтарна

Өнөөдөр ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн /ООГХ/-гийн Астропаркийн хурлын танхимд “Геофизикийн хайгуулын мэдээлэл боловсруулалтын асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо.

Энэ анх удаагийн хурлын дараа оролцогчид “Геофизикийн салбар дахь бизнес ба шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг өрнүүлж санал бодлоо солилцлоо.

Тус хурлаар “Газрын тосны хайгуулын аргачлал сонгох үндэслэл” /Б.Дэндэвчулуун Петроматад ХХК/, “Геофизикийн хайгуулын аргуудыг геологийн судалгаанд хэрхэн сонгож ашиглах тухай” /Л.Ганбаатар “Лайли” ХХК /, “Георадарын мэдээлэл боловсруулалт” /Ц.Нямбаяр ШУА, ООГХ / зэрэг есөн илтгэлийг тавьсан юм.

ШУА-ийн ООГХ-гийн захирал доктор, профессор С.Дэмбэрэл “Энэ анхны хурлыг хийх санал санаачлагыг Монголын геофизикийн холбооны Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан. Тус холбоонд ООГХ-гийн болон олон геофизикийн компанийн төлөөллүүд багтдаг. Геофизикийн салбарт ажиллаж байгаа шинжлэх ухааны суурь судалгааны байгууллагууд болон ООГХ, нөгөө талаас хайгуулын геофизикийн бизнес эрхлэгч компаниуд хүчээ нэгтгэн хамтран харилцан ашигтай ажиллах шаардлага аль алинд нь зайлшгүй тулгарч байна.

Манай геофизикийн компаниуд хайгуулынхаа геофизикийн хэмжилтийг хийж дуусаад, гадаадын том компаниудад чамгүй их ам.доллар төлж боловсруулалт хийлгэдэг. Харин энэ их гадагш урсаж буй валютын урсгалыг сааруулж, бид нөөц бололцоог ашиглан том боловсруулалтыг дотооддоо хийх боломж гарцыг эрэлхийлэх хэрэгтэй байна. Иймд энэ хурлаар манай геофизикийн эрдэмтэн судлаачид юу хийж чадах, бизнес эрхлэгчидтэйгээ хамтраад хийж болох ямар боломж байгаа талаар бид харилцан мэдээлэл солилцох юм. Дараа дараагийн хурал, хэлэлцүүлгийг хийх анхны алхмыг өнөөдөр бид энэ уулзалтаар хийж байна. Энэ том асуудалд бид төр болон холбогдох яамнаас эхлээд оролцож санал бодлоо солилцох бүх талуудыг хамруулж ажиллах болно” хэмээн онцлон хэллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 13.0 сая ам.доллар худалдан авлаа

Доллар зурган илэрцүүд

Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас 2451.34 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 6.1 сая ам.доллар худалдаж авах, 2462.30 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 20.5 сая ам.доллар худалдах, 351.78 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 43.0 сая юань худалдан авах саналыг ирүүлсэн бөгөөд Монголбанк 2463.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 13.0 сая ам.доллар худалдан авав.

Энэ өнөөдөр банкууд 2.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 29.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк ам.долларын своп хэлцлээр 9.5 сая ам.долларыг худалдан авсан болно.


ЖИЧ: Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааны арилжааны хэлбэрийг тухайн дуудлага худалдаанаас хамаарч “ялгаатай ханшаар хийх арилжаа”, “нэг ханшаар хийх арилжаа”-ны хэлбэрээс сонгох бөгөөд арилжааны хэлбэрийг урьдчилан зарлахгүй байж болно.

• “Нэг ханшаар хийх арилжаа” нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг;
• “Ялгаатай ханшаар хийх арилжаа” нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг тус тус нэрлэнэ.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.

Categories
мэдээ нийгэм

Олны танил жүжигчний хүү 12 давхраас унаж нас баржээ

Баянзүрх дүүргийн нутаг, “Рояал Кэстл” хотхоны …-р байрны 12 давхраас нэгэн иргэн унаж, амиа алдсан хэрэг энэ сарын 29-нд гарсан юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач залуу олны танил жүжигчин Б-гийн хүү байжээ. Тэрээр 21 настай бөгөөд чухам юунаас болж амиа алдсан нь одоогоор тодорхойгүй байна. Хэргийн газарт цагдаа нар үзлэг шалгалт хийх үедээ хар тамхи мансууруулах төрлийн бодисын уут, гаанс олжээ.

Хэрэг гарах үед талийгаач ганцаараа биш найзуудтайгаа хамт байсан байна. Улмаар уг хэрэгт холбогдуулан цагдаа нар 12 иргэнийг сэжигтнээр тооцон шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Одоогоор талийгаачийн цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд задлан шинжилж байгаа бөгөөд шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна. Үүний дараа амиа хорлолт уу, гадны нөлөөтэй амиа алдсан уу гэдэг тодорхой болох аж. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.