Categories
мэдээ нийгэм

Хотын удирдлагууд нийслэлчүүдтэйгээ хамт шинэ оноо угтлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон албаны бусад удирдлагууд Жанжин Д.Сүхбаатарын талбайд 2017 оныг нийслэлчүүдтэйгээ хамт угтлаа. Нийслэлийн иргэд жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш төв талбайдаа цуглан, шинэ оноо хамтдаа угтдаг уламжлалтай. “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд МУГЖ Б.Сарантуяа, Ц.Чулуунбат, “Камертон” хамтлаг, дуучин Г.Тэнүүн, А.Хишигдалай, С.Зоригт, П.Баярцэнгэл болон бусад хамтлаг дуучид, орчин үеийн бүжгийн хамтлагууд оролцсон юм.

Хоёр он солигдох торгон мөчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны мэнд хүргэе. Бид улиран одож буй 2016 онд иргэдийнхээ сонголтод хүндэтгэлтэй, хариуцлагатай хандан “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрөө батлуулсан. Улмаар та бүхэндээ өгсөн амлалтаа ажил хэрэг болгож эхэлсэн билээ. Үндсэн хуульд тунхагласнаар иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдарч, ажиллах ёстой. Тиймээс хот төлөвлөлт, хот байгуулалт нь иргэдийг аз жаргалтай байлгахад чиглэгдэх учиртай. Тэр ч утгаараа та бүхнийхээ, нийслэлчүүдийнхээ санал сэтгэгдлийг хөгжлийн бодлогодоо тусгаж, нийслэлээ хамтдаа хөгжүүлэх болно. Бидний ажлыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Ингээд 2017 онд эрхэм нийслэлчүүддээ аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Тус цэнгүүнийг үзэж сонирхсон залуус тээврийн хэрэгслээ Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар зочид буудал, ДБЭТ, Драмын театр, Спортын төв ордон зэрэг зогсоолд байршуулах боломжийг бүрдүүлэв. Мөн “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний үеэр нийт 500 гаруй цагдаагийн албан хаагч Д.Сүхбаатарын талбайд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Тунгалаг: Гайхалтай бишрэл хүндлэлийг алтан үеийнхэн өөрсдөө бий болгосон

“Ичээнд нь”, “Хуучин сүмийн нууц”, “Шинэ үсгийн багш” гээд олон кинонд тоглож үзэгч олны танил болсон Монгол Улсын гавьяат жүжигчин, Монголын урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч Б.Тунгалагтай ярилцсан юм.


-Та Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг төгссөнөөсөө хойш 40 гаруй жил театрт урлагийн төлөө ажиллажээ?

-Бидний үед дөрвөн жил болоод нэг удаа драмын жүжигчин, найруулагчийн мэргэжлээр элсэлт авдаг байлаа. 1956 онд Багшийн дээд сургуулийн Кино, драмын анги анхны төгсөлтөө хийсэн. Манай ангийнхан гурав дахь төгсөлт нь. Би 1971-1981 Улсын эрдмийн театрт, 1981-2005 онд “Армийн театр” буюу “Орчин үеийн театр”-т жүжигчин, уран сайхны удирдаач, даргын ажлыг хийлээ. 2005 оноос хойш Монголын урлагийн ажилтны холбоонд ажиллаж байна. Биднийг жүжигчин мэргэжлээр төгссөнөөс хойш Багшийн дээд сургууль жил бүр элсэлт авдаг болсон учир сүүлдээ тэд дэх төгсөлт гэж ярихаа больсон.

-Жүжигчний мэргэжил эзэмшсэн хүн олшроод байна гэж та боддог уу?

-Яахав зүгээр ээ, төгсч л байг. Харин жүжигчин болж шүүрэн шанаган дээр шалгарч үлдэнэ гэдэг хэцүү. Янз бүрийн нөхцөл байдлын улмаас мэргэжлээрээ ажиллахгүй болсон ч гэсэн энэ мэргэжил хүнийг маш сайн хүмүүжүүлж өгдөг. Бид сайн багш нараар жүжиглэх, найруулах ур чадварыг заалгасан. Тэр агуу эрдмээр өнөөдрийг хүртэл буюу 40 гаруй жил их урлаг гэдэг том айлд ажиллаж амьдарч явна.

-Та сүүлийн үед нэлээд хэдэн кинонд тоглосон. Тэр дундаас “Ээжийн дайсан”-д бүтээсэн дүр үзэгчдэд нэлээд хүрсэн юм шиг санагдсан.

-Тийм ээ, хэд хэдэн кинонд тоглосон. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, инээдмийн ”Ээжийн дайсан” байна. Ийм хөнгөн инээдмийн жанрын кинонд өмнө нь тоглож байгаагүй. Намайг настай болсон хойно сайхан алдар хүнд өгсөн дүр юм гэж бодогддог. Хүнд нэр алдрыг амархан өгдөг дүр гэж байдаг даа. Хамгийн сүүлд “Бүү март” гээд улс төрийн сэдэвтэй кинонд Ж.Батмөнх гуайн эхнэр Дариймаа гуайн дүрд тоглосон. Өмнөх нийгмийн амьдралыг харуулсан бүтээл. Ардчилсан хөдөлгөөн эхлэхэд буун дуу гаргуулалгүй, залуучуудын гарт төрийн эрхийг атгуулсан Ж.Батмөнх гуайн тухай. Төрийн хүний ухааныг харуулсан бүтээл. Ер нь манай хоёр хөршийн улс төрийн нөлөө гэдэг асар хүчтэй байдаг. Миний бодоход 1921 оны ардын хувьсгал манайд маш ээлтэй үйл явдал болж, үсрэнгүй хөгжлийг авчирсан.1932 онд гэхэд Бөмбөгөр ногоон театр сайн дурын хэлбэртэй байсан. Хүмүүс нь дуу хуурыг мэдэрчихсэн тул цаашаа театр болж хөгжсөн.

-Таны уран бүтээлийн талаар ярихад “Ичээнд нь” киноны Заяа хатны дүрийн талаар ярихгүй байхын аргагүй. Түүнээс гадна “Хүний төлөө”, “Сахиул уу, сахиус уу”, “Хуучин сүмийн нууц”, “Шинэ үсгийн багш”, “Хэлтгий заяа”, “Тусгай салаа” зэрэг кинонуудад тоглосон.

-Жүжигчин хүн болгонд овоглогддог дүр гэж байдаг. Би “Ичээнд нь” киноны Заяа хатны дүрээр овоглоод явж байна. Ардын жүжигчин А.Очирбат гуай гэхэд Итгэлт баян, ардын жүжигчин Н.Сувд гэхэд “Мандухай сэцэн хатан” гэх жишээтэй. Энэ бол жүжигчний ур чадвартай холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл, жүжигчин хүн сайн бүтээлээрээ алдаршдаг. Одоо бол өөр болж уран бүтээлчийн сэтгэлгээ чөлөөтэй болчихсон. Уран бүтээлчид дотроо байгаа, олон түмэнд хэлэх юмсан гэсэн юмаа хэлж нэг үгээр хэлэхэд хүслээ биелүүлж байна. Гэвч Монголын кино урлагт дорвитой, сайн, муу гэж хэлэхэд хэцүү олон бүтээл гардаг болжээ. Ийм л болчихоод байна.

-Таныг “Тунгалаг Тамир” киноны Дулмаагийн дүрд тоглуулах гэж байсан гэж дуулсан?

-Тийм ээ. Дулмаад тоглуулах гээд пробонд орсон юм. Би 10 дугаар анги төгсөөд дөнгөж хоёр жил болж байсан. Намайг ахимаг настай харагдуулах гээд нүүрэнд маань тамхины цаас нааж үзсэн боловч болоогүй. Бас нүдэнд нь амьдрал үзсэн хүний нэг тийм гуниг байгаагүй гэсэн. Тэгээд л Дулмаагийн дүрд манай ангийн гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргалыг тоглуулахаар болж билээ.

-“Ичээнд нь” кинонд хэрхэн тоглох болсон тухайгаа яриач?

-Пробонд ороод тэнцсэн. Би “Кинонд шалгуулахаар тэнцдэггүй юм аа” гээд инээгээд гарахад найруулагч маань “Энэ бол Заяа хатны инээд байна” гээд сонгож авсан юм.

-Таныг дөнгөж жүжигчин болох гэж байх үед кинонд тоглох, одоо тоглохоос өөр болсон биз?

-Тэгэлгүй яахав. Тэр үед Кино үйлдвэр жилдээ хоёрхон кино хийнэ. Бүр үйлдвэрээрээ хөдөлж байж шүү. Тиймээс чанаргүй уран бүтээл хийх эрх байдаггүй байсан. Кино гэдэг өөрөө их хүртээмжтэй урлаг. Бид нар бригадаар Баянхонгор аймагт очоод жүжигт тоглоод явж байхад бидний тоглосон шинэ кинонууд тэнд гарч байх жишээтэй. Таван айл байсан ч цагаан даавуугаа татаад л киногоо гаргадаг байлаа шүү дээ. Ер нь кино урлаг гэдэг их хүртээмжтэй. Урлаг нэг цаг мөчид, нэг юманд олон хүнийг төвлөрүүлж чиглүүлж чаддагаараа их хүчирхэг. Одоо бол урлагийн хүч суларчихаад байна. Энэ нь алдаа, оноотой хоёр талтай. Нэг талдаа нээлттэй болсон хэдий ч, нөгөө талдаа чанарын асуудал тавигдаж, үнэлж цэгнэх цензургүй болсон. Ингэхээрээ уран бүтээлийн чанарын цаана, жүжигчин хүний дүр бүтээх гэдэг асуудлыг ярихад хүнд болчихдог.

-Ингэхэд та шинээр хийгдэж байгаа кинонуудыг хэр үзэж байна?

-Үзнэ. Шинэ уран бүтээлийн нээлтэд урилга өгдөг. Шинээр хийгдэж байгаа киног ч тэр, жүжгийг ч тэр үзэхэд найруулагчийн орон зай ямар их дутагдаж байна вэ гэж бодогддог. Сайн операторууд гарч ирж байна. Кино гэрэл сүүдрийн урлаг, түүнийгээ тавьчихдаг операторууд, шинэ залуу жүжигчид байна, уламжлал байна. Ганцхан найруулагч гэдэг тэр ид шидтэй хүн алга. Сүүлийн үеийн кинонуудыг үзэх болгондоо энэ яагаад найруулагчгүй юм бол гэж бодогддог. Оролдоод хийх гээд зүтгэж байгаа хүмүүс бий. Гэвч тэдний хамгийн гол алдаа нь юмыг гүехэн бодож байна. Хүний амьдрал, дотоод сэтгэл гүехэн байж болохгүй, бидний хийж байгаа ажил гүехэн байж болохгүй. Яагаад гэхээр хүн кино, театрын урлагаас маш их юмыг авдаг, сайныг ч, мууг ч дуурайдаг. Тэр битгий хэл жүжигчдийнх нь хувцаслалтыг хүртэл дуурайдаг шүү дээ. Урлаг олон түмнийг дагуулж явдаг иш шидтэй. Ялангуяа залуучууд кинонд хошуураад байна гэдэг үүнийг харуулж байгаа гэж боддог.

-Та бол манай урлагийн алтан үеийнхэнтэй цуг ажиллаж байсан жүжигчин. Тухайн үедээ залуу үеийн жүжигчид гэгдэж байсан та нар тэднээс хэрхэн суралцаж байсан талаараа дурсаач?

-Намайг театрт очиход алтан үеийнхэн бүгд байсан, театр бүтэн байлаа. Ахмад, дунд, залуу үе гээд бүгд цуг ажиллаж байсан. Тиймээс л энэ уламжлалаа бидэнд өвлүүлсэн. Жүжигчний уран чадвар, уран бүтээл, театрын ёс зүй гэдэг нийгэмд ямар хэрэгтэй, театрын жүжигчин гэж ямар хүнийг хэлдгийг биеэрээ, ухаанаараа, авьяасаараа үлгэрлэсэн. Үүнийг зөвхөн өнөөдөр энд бус зуунаас зуун дамжуулан ярих болно.

-Та нар ахмад үеийнхээ жүжигчдийн зааж сургасныг их сайн сурсан гэсэн үг үү?

-Бид их даруулгатай байлаа. Хоёрдугаарт, хүндлэл гэж байсан. Аргагүй л сүрддэг байсан. Жүжигчин Цэвээнжав гуайн хажууд дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн би юу вэ, хэн бэ. Энэ хоёрын хооронд том зааг байгаа биз. Тийм учраас бид коридороор явж байхад нь хүртэл зогсоод өнгөрөөдөг байлаа. Явж байвал заавал мэндэлнэ. Урдуур нь гүйж гарна гэсэн ойлголт байгаагүй, араас нь явна. Тийм бишрэл, хүндлэлийг тэр алтан үеийнхэн өөрсдөө бий болгосон. Одоо бол бидний үе театрт байхгүй байна. Би дээр хэлсэн бидний үед театр бүтэн байсан гэж. Одоо бол задарчихсан. Театр гэдэг маань 70, 60, 50, 40 настан гээд бүгд байж дэг жаягтай байдаг, ёс зүйгээ сахина. Ийм байж уламжлал хадгалагдана. Түүнээс гадна ахмад үеэсээ суралцана, би залуу үеэсээ сурна. Энэ бүхэн одоо байхгүй болчихсон. Хүүхэд залуучуудын театр байхгүй болсон. Энэ нь жүжигчин хүн бүтээлээ туурвих орон зайгүй болсон гэсэн үг. Кино үйлдвэрийг хар даа, одоо юу болоод байгааг бүү мэд. Эргээд эмх цэгцэндээ орохгүй байна. Эдийн засаг л гээд байдаг. Нийгмийн салбарын гол хүч болсон соёл урлагийнхан эвлэлдэж өгөхгүй байна. Удирдах боловсон хүчний бодлого алдагдаад байна. Орон нутагт гэхэд ямар байна. Найруулагч, хөгжмийн, бүжгийн, дууны багш, зураач, концертмейстер гээд удирдах боловсон хүчнүүд алга. Эдгээр мэргэжил байж удирдах ажилтан байна. Бид бол гүйцэтгэх уран бүтээлчид. Соёл, урлагийнхан нийгмийнхээ өмнө алхаж байх ёстой байтал өнөөдөр араас нь дагаж явна. Авьяас бол дундарч алга болно гэж байхгүй. Эмх замбараагүй болчихоод байна гэдгийг л хэлэх гээд байна.

-Танд кинонд тоглох урилга их ирж байна уу?

-Ирдэг. Би зав чөлөөгөө хардаг. Хоёрдугаарт, за даа гэж бодсон бол хэрэггүй л дээ. Надад мөнгө нь бол хэрэгтэй л дээ. Бидний үе өөрийгөө хуурах шаардлагагүй. Залуучууд хорхойгоо дараад юмаа хийж л байг. Харин үзэгчдийн өмнө очоод юу болох вэ гэдэг хамгийн аймаар.

-Сүүлийн үеийн кинонуудаас гайгүй бүтээлүүд байна уу?

-“Зэрлэг цэцгийн хүлэмж” кино гайгүй болчихсон юм уу гэж би боддог. Би өөрөө тоглосондоо биш л дээ. “Аав”, “Ээж” гээд кино байна. Жүжигчин Урнаагийн хийсэн кино байна. Жүжигчин Амраагийн тоглосон хоёр ч кино байна. Сүүлийн үеийн кинонуудын хэлэх гэсэн санаа нь хүчтэй орж ирээд байгаа боловч цаанаа л нэг дутагдалтай. Энэ нь нөгөө л найруулагчийн асуудалтай холбоотой.

-Соёл урлагийн их сургуульд найруулагчийн анги байдаг биз дээ?

-Байдаг, төгсч чадахгүй байна. Өнөөдөр Монголд гарын таван хуруунд багтах хэдхэн найруулагч л байна.Хөгжмийн удирдаач нь мөн л гарын таван хуруунд багтана. Орон нутгийн театр бол миний зүрхийг хамгийн их өвтгөдөг газар.

-Театр, киноны талаар ярихад танай ангийнхныг дурдахгүй байхын аргагүй. Багшийн дээд сургуулийг цуг төгссөн ангийнхныхаа тухай яриач?

-Манай ангиас Драмын театрт дөрвөн хүн очиж байлаа. Нэг нь жүжигчин Ё.Гантөмөр. Одоо цэргийн хурандаа цолтой. Б.Цэцэгбалжид гээд “Анхны алхам” киноны гол дүрд тоглосон сайхан жүжигчин байсан. Дөнгөж 49-хөн настайдаа өөд болсон нь их харамсалтай. Нэг нь би бас нэвтрүүлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаяр. Бид дөрөв очиж байлаа. “Сүхбаатар” киноны Янжмаа “Тунгалаг Тамир” киноны Гэрэл хатны дүрийг үнэхээр сайн бүтээсэн Нямаа гэдэг жүжигчин байлаа. “Тунгалаг Тамир”-ын Дулмаад тоглосон Ш.Дэлгэржаргал, Чойн. Хүрэл гээд мундаг жүжигчин байна. Киноны мастер гэгддэг Ш.Цэцэг гэж бий. Найруулагч Ж.Доржсамбуугийн эхнэр Цолмон гэж Хүүхэд, залуучуудын театрын гол жүжигчдийн нэг байсан. Манай ангиас олон сайхан уран бүтээлчид төрсөн.

-Багш нарынхаа талаар дурсаач?

-Ардын жүжигчин Ц.Гомбосүрэн, гавьяат жүжигчин Уртнасан, Огоон, Хар Раднаа гэж нэртэй багш, найруулагч, сайхан жүжигчин байсан. “Үер” кинонд хошуу ноёны дүрд тоглосон хүн. Л.Ванган С.Гэндэн гуайн дараа Орост ГИТИС буюу Театр урлагийн дээд сургуулийг найруулагчаар төгссөн. Эдгээр хүмүүс бидэнд жүжигчний ур чадвар гэдэг юмыг маш сайн суулгаж өгсөн. Бид чинь тэр заасан эрдмээр нь урлагт 40 жил амьдарч байна. Сайн багштай байсан тул ангийнхан маань ч их сайн явсан. Тэр битгий хэл манай ангиас Ч.Ломбо гээд мундаг хүндэт дипломатч төрсөн шүү дээ. Тиймээс бид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж би боддог.

Ю.Дэлгэрмаа

Categories
мэдээ цаг-үе

Дуучин Б.Баярцэцэг: Өөртөө тохирсон уянгын романтик кинонд тоглох юм сан гэж боддог

Дуучин Б.Баярцэцэгтэй ярилцлаа.


-Уран бүтээлийн олз омог их үү. Хамгийн сүүлд “Аз жаргал” уран сайхны киноны дууг дуулсан байсан?

-“Аз жаргал” киноны “Жаргалаа олсон нь” гэдэг дууг дуулсан. Аялгууны хувьд өмнөх дуунуудаас тэс өөр байснаас гадна киноны зохиол нь маш их таалагдсан болохоор догдлон байж дуулсан. Хамгийн хайртай уран бүтээлүүдийн минь нэг болоод байна. Он гараад уран бүтээлийн чиглэлээр нэлээд зүйл хийхээр төлөвлөсөн байгаа.

-Шинэ он удахгүй гарах гэж байна. Шинэ жилийн баяртай холбоотой хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Одоо бодоход аав ээж, ах эгч нартайгаа халуун ам бүлээрээ байсан он цагууд л хамгийн үнэ цэнэтэй байж дээ. Аав минь одоо бурхан болсон. Тэр үед одоогийнх шиг дэлгүүрээс гацуур худалдаж аваад, өнгийн бөмбөлөг, саагаар чимэглэдэггүй байлаа. Аав минь уулнаас нарс авчраад л, ээж гэрийнхээ хана, тааз гээд жижиг хэсгийг хүртэл үлдээлгүй чимэглэдэг байсан. Эгч маань усан будгаар цонхон дээр зураг зурна. Манайх хоёр хоёр насны зөрүүтэй долоон хүүхэдтай айл болохоор бүгдэд нь баг авчраад цөмөөрөө багаа өмсөөд өөрсдийнхөө хэмжээнд баярладаг байсан. Алим мандарин бэлгэнд аваад идэхэд их л сайхан амттай байдаг байж билээ. Одоо бол баяр нь ч их болж, бүх зүйл бэлэн зэлэн байхаар хүмүүс хэт уйдамтгай болчихож. Би чинь хар багаасаа эхлээд л сургуулийн шинэ жилээр цасан охин, шинэ он, хуучин он, амьд хөгжмийн хамтлагийн хөгжимчин, дуучин гээд л оролцохгүй ч юм байдаггүй байлаа. Сүүлд шилдэг сурагч болж байсан. Тэр үед л 100 хувь аз жаргалтай байжээ гэж бодогддог.

-Эмэгтэй хүн болж төрсний үнэ цэнийг та юунаас мэдэрдэг вэ?

-Би өөрийгөө азтай хүн гэж боддог. Яагаад гэвэл гэр бүл, найз нөхөд гээд ойр дотны хүмүүсийнхээ алган дээр нь бөмбөрч, “муур” шиг хайранд умбаж явна. Намайг бага ангид байхад ангийн хөвгүүд “муужгай” гэж шоолдог байсан. Тэгэхээр багаасаа л эрх танхи харагддаг байсан байх. Бас эмэгтэй хүн бүрт өөрийн гэсэн гоо сайхан бий.

Түүнийгээ харж, аз жаргалыг мэдэрдэг.

-Гоо сайхан харагддаг нууцаасаа хуваалцахгүй юу?

-Зөв хэмнэлээр амьдардаг. Ус сайн ууна, нойр сайн авна. Аль болох стресстэхгүйг хичээдэг. Платс гээд спортын төрлөөр хичээллэж байгаа. Энэ бол фитнесс, иога, кардио, аэробекийг хослуулсан өвөрмөц дасгал. Энэ мэтээр тодорхой хэмжээнд өөртөө анхаарал хандуулж чадсанаар наснаасаа залуу харагддаг гэж боддог.

-Орос дууг яагаад онцолж дуулдаг вэ?

-Жил бүр орос дууны тоглолт хийдэг. Тэр дуунуудад миний аав ээжийн үеийнхэн их дуртай. Намайг бага байхад аав ээж хоёр “ОРТ”-оор гардаг орос дуучдын концертыг байнга үзнэ. Манай Алтанбулаг чинь Орос Монголын хил дээр байсан болохоор ээж аавыгаа дагаад Орос руу гарч хоол хүнсээ цуглуулна. Тэр дуунууд хит болж байх үед би юугаа ч мэдэхгүй хүүхэд байсан. Гэхдээ аав ээжийнхээ тэр үеийнхний хайрлаж дурлаж явсан сайхан дурсамжийг сануулсан дуунуудыг дуулж, хүмүүст аз жаргал бэлэглэх нь их сайхан санагддаг.Тэгээд ч орос дуунууд их гоё аялгуутай шүү дээ.

-Багаасаа дуулж бүжиглэдэг урлагт ээлтэй хүүхэд байсан ч СУИС-ийн шалгалтад тэнцээгүй гэдэг. Дуучин болоогүй бол өдийд юу хийж явах байсан бол?

-СУИС-д намайг шалгуулахад миний амыг ангайлгаад шүд нь тэнцэхгүй юм байна гээд явуулсан. Тэр үед би дуугаараа гологдоогүй, шүлэг уншсан, этюд үзүүлсэн бүх зүйл дээр нь тэнцсэн боловч хамгийн сүүлд шүд нь тэнцэхгүй гээд хасч байлаа. Урлагийн хүн гэдэг цаанаасаа өөр байдаг шиг санагддаг. Сэтгэл хөдлөл ихтэй, фантастик хүмүүс байдаг. Би тиймэрхүү салбарын л хүн болох байсан болов уу. Түүнээс биш нягтлан бодогчоор сурсан гээд тоо бодсон, ноцтой царай гаргасан хүн болж чадахгүй байх.

-Танд кинонд тоглох санал ирдэг үү?

-Нэг удаа ирж байсан. Урлагийн хүн юм чинь яагаад кинонд тоглож болохгүй гэж. Өөртөө тохирсон уянгын романтик кинонд тоглох юм сан гэж боддог. Жүжиглэлт гэдэг өөрийнхөөрөө байхыг хэлдэг юм шиг санагддаг.

-Таны хоолойны тембер их содон, өвөрмөц сонсогддог. Энэ чадварыг яаж сурч эзэмшсэн бэ?

-Биднийг жаахан байхад ямар одоогийнх шиг бичлэг хийж болдог байсан биш. Тийм болохоор багадаа яаж дуулдаг байснаа санадаггүй. Намайг өсвөр насанд байхад аав ээж хоёр анх систем хөгжим авчирч өгсөн. Тэр үед Селин Дион, Хьюстон, Мариан Керри гурвыг, англи дууг анх сонсоод дуучин хүн гэж ийм хоолойтой байх ёстой юм байна гэж ойлгосон. Өсвөр насандаа өөрөө өөртэйгөө их сайн ажилласны хүчинд одоогийн энэ темберийг өөрийн болгосон гэж боддог.

-Монгол дуучдаас хэний дууг их сонсдог байв?

-Сараа эгчийн дууг их сонсоно. Зүгээр ч нэг сонсохгүй зүрхээрээ сонсож уйлдаг байлаа. (инээв)

-Фенүүдээсээ авч байсан хамгийн содон бэлэг юу байв?

-Намайг зурсан зургуудыг фенүүд маань их өгдөг. Эрдэнэтэд миний хоёр фен залуу миний мартагдсан дүр төрхүүдийн зургийг коллекц болгоод өгч байсан.

-Та үзэгчдэд дуугаа хүргэхдээ юуг хамгийн их чухалчилдаг вэ?

-Нэгэн үе би өөрийнхөө хоолойны темберт их итгэдэг байсан. Гэхдээ хоолойноос гадна дууны амин сүнсийг ойлгож, мэдэрч дуулах нь их чухал. Зүрхнээс гарсан үг зүрхэнд хүрдэг гэдэг шиг тийм дуу их урт настай байдаг гэж боддог.

-Сэтгэлээ дэлгээд хуваалцдаг найз нөхөд хэр их бий вэ?

-Арван жилийн, их сургуулийн гээд олон найз бий. СУИС-ийн эстрад дуулаачийн ангийг найман хүүхэд төгсөж байсан. Тэд нартайгаа бүгдтэй нь холбоотой байдаг. Гэхдээ бүх зүйл дээр итгэж, найддаг амьдралын гурван найз бий. Дандаа эгч бүсгүйчүүд. Нэг нь хошин урлагийн Ааяа эгч. Намайг 100 хувь мэднэ. Миний өмнөөс шийдвэр гаргах эрхтэй. Бас дуу оруулагч Оюун эгч надад миний төрсөн эгч шиг ханддаг. Ааяа эгчтэй анх 2008 оны сонгуулиар Сэлэнгэ рүү нэг машинд сууж яваад танилцсан. Ааяа эгч их гоё гэгээлэг хүн. Ямар ч хүнээс сайн талыг нь олж харж чаддаг. Харин Оюун эгч бид хоёрын хувьд хоёулаа дуу хоолойнд дурладаг ижил сонирхолтой хүмүүс байсан. Намайг “Шүрэн бугуйвч”-ийн дууг дуулж байсан үеэс “Энэ охинтой танилцах юмсан. Ёстой гоё хоолойтой юм” гэж бодсон гэсэн. Би болохоор Оюун эгчийн дуу оруулсан киног үзэх дуртай, дуу оруулалт нь сэтгэлд хоногшчихсон байсан. Тэгтэл Ааяа эгчийн бас дотны найз нь байсан юм билээ. Нэг найз маань Ирландад байдаг. Бид дөрөв их сайхан нөхөрлөдөг.

-Хорин жилийн дараах өөрийгөө яаж төсөөлдөг вэ?

-Би их том мөрөөдөлтэй. Хорин жилийн дараа мөрөөдлийнхөө далаас, наян хувийг биелүүлчихсэн байх болов уу гэж боддог. Охиндоо маш сайн ээж, сайн эмээ болчихсон байх болов уу. Бас “Мюзик академиа” нээчихсэн, олон төслүүдээр уялдсан, надтай надгүй явж байдаг өөрийн гэсэн бизнестэй болчихсон байна гэж боддог. Мөрөөдөлдөө хүрэх эхний алхмуудаа хийгээд эхэлчихсэн байгаа.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Эрвээхэйний хатаамал цуглуулдаг байсан. хүмүүст өгсөөр байгаад дуусчихсан. Дараа нь загас тэжээдэг байснаа анхаарал хандуулж чадахгүй болохоор асрамжийн газарт өгчихсөн. Одоо бол цаг л гарвал охинтойгоо хамт байхыг хичээдэг болсон. Охиноо жаахан том болохоор хамт бүжгээр хичээллэнэ гэж боддог.

-Охинд тань ээжийнх нь авьяас өвлөгдсөн шинж илэрч байна уу?

-Одоохондоо хоёр настай. Гэхдээ цэцэрлэгийнхээ оны шилдэг хүүхэд болсон. Багш нь ахлах ангийн хүүхдүүдийн сурахгүй байгаа дуу, бүжгийг их хурдан сурсан гээд магтаж байсан . Гэхдээ би хүүхдээ мундаг гэж магтдаггүй. Миний охин сайн байна. Илүү сайн хийгээрэй гэж хэлдэг дээ.

Б.НАРАНЧИМЭГ

Categories
мэдээ нийгэм

Гэрийн нөхцөлд хоолны хордлого эмчлэх аргууд

Буруу хооллох, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн, муудсан хоол зэргийг идэж, хэрэглэхэд ходоод хямарч, хоолны хордлогонд ордог. Хордлогын үед заавал эм ууж, биеэ давхар хордуулахгүйгээр эрүүл хүнсээр эмчлэх боломжтой. Ингээд хоолны хордлогыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчилж болох тухай мэдээллийг хүргэе.

ЦАГААН ГАА

Цагаан гаа нь хоолны хордлогыг гэрээр эмчлэх хамгийн сайн эм юм. Өглөө эсвэл орой хоолны дараа цагаан гааны цай ууснаар шар хөөрөх, далайн өвчин, хоолны хордлого зэргийг эдгээж болно. Цайг бэлтгэхдээ 1 аяга усанд цагаан гааг хийж минут гаран буцалгаад элсэн чихэр эсвэл зөгийн бал нэмж ууна. Мөн хэдэн дусал цагаан гааны шүүсийг нэг халбага зөгийн балан дээр хийж өдөрт 3-5 удаа ууснаар үрэвслийг намдаадаг.

АЛИМНЫ ЦУУ

Алимны цуу нь бодисын солилцоог сайжруулах үйлчилгээтэй. Тиймээс энэ нь хоолны хордлогыг эдгээхэд тун ч тустай эд юм. Бактерийг устгаж ходоод гэдсийг цэвэрлэдэг бөгөөд 1 аяга халуун усанд 2 халбага алимны цуу хийж хутгаад, хоол идэхээс өмнө ууж хэрэглэвэл сайн.

ГРЕК ЧИРЭГ ҮР БОЛОН ТАРАГ

Тараг нь бактери, микробын эсрэг үйлчилгээтэй бөгөөд хоолны хордлогоос үүдсэн бактерийг устгах, эмний хор гаргах үйлчилгээтэй. Грек чирэг үр ч мөн адил хэвлийн хөндийн өвчнийг эмчлэхэд тусалдаг билээ. 1 цайны халбага грек чирэг үрийг 1 халбага тарагтай хольж хэрэглэнэ. Үрийг залгихдаа зажилж болохгүй. Ийн хольж хэрэглэснээр бөөлжис хүрэхийг багасгаж, ходоод гэдэсний өвчнийг түргэн эдгээнэ.

НИМБЭГ

Нимбэг нь үрэвсэл, вирус, бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд нимбэгний хүчил нь хоолны хордлогоос үүссэн бактерийг устгадаг байна. 1 цайны халбага нимбэгний шүүсэн дээр чимх элсэн чихэр хийж өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. Мөн нимбэгний шүүстэй бүлээн ус ууснаар ходоод гэдэс цэвэрлэгддэг.

БАЗИЛИК

Базилик бол хоолны хордлогыг эмчлэх гайхалтай ургамал юм. Мөн микробын эсрэг үйлчилгээтэйгээс гадна маш олон ашиг тустай шинж чанартай билээ. Базиликын навчнаас гаргаж авсан шүүсийг 1 халбага зөгийн балтай холин өдөрт 3-4 удаа ууна. Үүнээс гадна үсүүний шүүсийг нэмж, хэрэглэж болох юм. Базиликын тосноос хэдэн дуслыг 4 аяга усанд хийж уух нь ходоод гэдэсний болон бусад өвчнүүдийг эдгээхэд тустай.

САРМИС

Сармис нь хоолны хордлогыг эмчлэхэд гайхалтай нөлөө үзүүлдэг бөгөөд вирус, бактери, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн аж. Мөн суулгац, хэвлийн хөндийн өвчнийг эдгээдэг бөгөөд та өдөрт нэг хумс сармисыг бүлээн усаар даруулан идэхэд хангалттай. Ингэснээр өвчин түргэн эдгэрч, зовиур арилах юм.

ГАДИЛ

Гадил нь маш хурдан ходоодонд очиж, боловсруулагддаг тул хордлогыг эмчлэхэд өндөр тустай. Энэ нь өөртөө кали ихээр агуулдаг тул бөөлжих болох суулгалтыг багасгадаг аж. Та гадилаа дангаар нь идэх, эсвэл шэйк хийж өдөрт 2-3 удаа ууснаар зовиурыг багасгаж, дотор муухайрахыг болиулж болно.

ГОНЬДНЫ ҮР

Хоолны хордлогод орсон үед таны үнэнч туслагч байх болно. Аяга усанд нэг халбага гоньдны үрийг хийж буцалгана. Үүндээ халбага кориандрын шүүс болон бага зэрэг давс хийж хутгаад өдөрт хоёр удаа ууна. Ингэснээр ходоодны тань өвдөлт багасч, хоол боловсруулах систем хэвийн ажилгаанд орох аж.

УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ЦАЙ

Ургамлын гаралтай цайг та хоолны хордлоготой үедээ тогтмол уух нь биеийг тань чийгшил, усны нэгдлээр хангаж, дотроос тань эмчилж өгөх болно. Харин гаатай цай нь гэдсэн тань онцгой нөлөө үзүүлж, өвдөлтийг намдаана.

ЗӨГИЙН БАЛ

Зөгийн бал нь мөөгөнцрийн болон бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг бөгөөд энэ нь хоолны хордлогыг түргэн хугацаанд эмчлэх шидтэй аж. Үүнийг та буцалсан усанд найруулан уух боломжтой бөгөөд өдөрт 3 аяга зөгийн балтай усыг ууж хэвшээрэй. Ингэснээр ходоодны өвчлөл багасч, хоолны хорлого тайлагдана.

Categories
мэдээ нийгэм

Шинэ жилээр үзэх шилдэг кинонууд

Амралтын өдрөө шинэ жилийн холбогдолтой кино үзэж өнгөрүүлэхээр шийдсэн бол доорх кинонуудаас сонголт хийгээрэй.



It’s wonderfull life

Найруулагч Frank Capra’s-ын бүтээл гол дүрд Жеймс Стюарт, Донна Рид нарын тоглосон “It’s wonderful life” кино нь Америкт төдийгүй дэлхий нийтэд бараг зул сарын нэрийн хуудас болжээ. Тус киног Филип Ван Дорен Штерний 1943 онд хэвлэгдсэн “Хамгийн гайхамшигтай бэлэг” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн байна. Дэлгэцэнд гарахдаа амжилт олоогүй ч цагийн шалгуурыг даван Америкийн төдийгүй дэлхийн кино урлагийн сонгодог бүтээлийн нэг болсон энэ кино өдгөө жил бүрийн Зул сарын баяраар олон орны сая сая үзэгчдэд хүрэх болжээ. Кинонд сайхан сэтгэлтэй ч ажил төрөл нь бүтэмжгүй, амьдрал нь нэг л урагшгүй байх Жорж Бэйлийн анд нөхөд, гэр бүлийнхэн нь түүний сайн сайхны төлөө залбирна. Тэдний залбирал, хүсэл нь бурханд хүрч, Жоржд туслахаар тэнгэрийн элч ирдэг юм.

Love Actually

Universal Pictures 2003 онд бүтээсэн Английн алдарт кино одуудыг нэг дор цуглуулж чадсан “Love Actually” уран сайхны кинонд нийгмийн өөр өөр давхрагын хүмүүс шинэ жилийн өдрүүдээр хайр дурлалын эргүүлэгт орж буй талаар өгүүлдэг юм.

Home Alone

Найруулагч: Chris Columbus-ын бүтээл Дvрvvдэд: Macaulay Culkin, Joe Pesci, Daniel Stern, Catherine O”Hara, John Heard нарын тоглосон “Home Alone” буюу “Гэртээ ганцаараа” кино нь нэгэн сэргэлэн хєвгvvн гэрт нь хулгай хийхээр ирсэн хоёр бүтэлгүй хулгайчийг хэрхэн чаддаг тухай гардаг. Уг инээдмийн киног хvvхэд багачууд гэлтгvй бvх насныхан сайн мэддэг байх. Анх гарахаасаа эхлээд єдийг хvртэл бидний сэтгэл зvрхэнд хоногшиж чадсан аргагvй шилдэг кинонуудын нэг билээ.

Serendipity

Найруулагч Петер Челсомын 2001 оны бүтээл “Serendipity” хэмээх энэхүү кинонд жүжэгчин Kate Beckinsal, John Cusack тогложээ. Хувь тавилан гэж байдаг уу?, түр уулзаад өнгөрсөн хүн чинь таны насан туршын хайр ч юм билүү, хүмүүс анхны харцаар дурладагт итгэдэгүү? энэ бүгдийг та энэхүү киноноос мэдрэх болно.

Arthur Christmas

Columbia Pictures болон Найруулагч: Sarah Smith, Barry Cook бүтээл гол дүрд Дуу оруулсан: James McAvoy, Hugh Laurie, Bill Nighy, Jim Broadbent, Imelda Staunton, Ashley Jensen, Marc Wootton, Laura Linney, Eva Longoria нар дуу оруулжээ. Энэхүү киноны гол дүр болох Санта болон хатагтай Санта нарын сайхан сэтгэлтэй боловч эв дүй муутай, болхидуу хүү Arthur-ын Зул сарын шөнө нэгэн зайлшгүй шаардлагатай даалгаврыг гүйцэтгэхийн тулд аавынхаа сайжруулсан технологи бүхий ажиллагааг ашиглаж байгаа тухай харуулжээ.

The Polar Express

Оскарын шагналт найруулагч Robert Zemeckis-ийн 2004 онд найруулан гаргасан The Polar Express буюу Туйлын хурдан галт тэрэг хүүхэлдэйн кино нь шинэ жилийн сэдэвт гайхалтай кинонуудын нэг. Киноны хувьд шинэ жилийн үдшээр хойд туйлыг зорих шидэт галт тэргэнд суусан хүүхдүүдийн гайхалтай аялал гарж буй тухай өгүүлдэг

How the Grinch Stole Christmas

Хүүхдийн зохиолын нэрт төлөөлөгч Доктор Сьюссийн Гринч зул сарыг хулгайлсан нь (1957) номон дээр сэдэвлэн 1966 онд бүтээгдсэн хүүхэлдэйн кино нь хуурмаг Санта клаусын хамгийн алдартай дүр болон үлдсэн гэдэг. Бүрэн хэмжээний кино хувилбарыг 2000 онд Рон Ховард найруулж Гринчийн дүрд Жим Кэрри тогложээ.

Miracle on 34th Street

Сантагийн тухай хамгийн алдартай кинонуудын нэг нь маргаангүй 34 дүгээр гудамжны гайхамшигт түүх (1947) юм. Уг кинонд мөн Санта клауст итгэдэггүй охины тухай өгүүлнэ. Бяцхан охины дүрийг хожмоо алдартай жүжигчин болсон Нэтали Вүд бүтээжээ. Кинонд охины ээж (Морин О’Хара) Санта клаусын дүрд түр зуур тоглох эрэгтэй олсон нь Крис Крингл нэрт нэгэн байх бөгөөд охинд өөрийгөө жинхэнэ Санта клаус гэж хэлнэ. Охин итгэхгүй ч олон хэлээр ярьдаг эрэгтэйн чадваруудыг өөрийн нүдээр үзсэний эцэст түүнийг жинхэнэ Санта клаус гэж итгэх болно. Уг киног 1994 онд дахин бүтээхэд Британийн алдарт жүжигчин Ричард Аттенборо Санта клаусын дүрийг бүтээжээ.

Categories
мэдээ нийгэм

2017 оны ордуудын зурхай

2017 ОНЫ ОРДУУДЫН ЗУРХАЙ

ХОНЬ

  • АЖИЛ ХЭРЭГ

2017 он бүхий л талаар амжилттай байх болно. Танд олон боломж, сайхан ирээдүйг зөгнөж байна. Энэ нь та өөрчлөгдөж, илүү нээлттэй, илүү эрч хүчтэй болсонтой холбоотой. Магадгүй та амьдралыг үзэх үзлээ бүрэн өөрчилж магадгүй. Эргэн тойрноо харах өнцгөө өөрчилснөөр өмнө нь таныг илүү өндөр амжилтад хүрэхэд саад болж зүйлс аажмаар үгүй болно. Шинэ найз нөхдийн хүрээлэл бий болж, мөрөөдөлдөө хүрэхэд алхам ойртоно.

Ажил хэрэг 2017 онд амжилттай байна. Оны эхнээс цаашдын амжилтын суурийг тавих өөрчлөлт гарна. Гэнэтийн өөрчлөлтөд сэтгэл зүйн хувьд бэлэн байж, шинэ нөхцөлд хурдан дасан зохицох хэрэгтэй. Тэгж чадахгүй бол самгардаж, боломжоо алдаж магадгүй. Өөрчлөлт бүхэн сайн сайхан руу хөтөлнө гэдгийг сана.

Хаврын эхээр та гаргасан амжилтандаа сэтгэл хангалуун болно. Танд олон шинээ санаа төрж, түүнийгээ хэрэгжүүлэх урам зориг дүүрэн байна. Хамтрагч болон түншүүдтэй хийх уулзалт, яриа хэлцэл дээр таны үндэслэл зөв байх тул компаниас тань таныг санхүүгийн хувьд урамшуулна. Шинэ санаагаа хавартаа багтаан зоримгоор эхлүүлэх хэрэгтэй.

Зун дахиад л өөрчлөлт шинэчлэл таныг хүлээж байна. Магадгүй бизнесийн чиглэл чинь өөрчлөгдөх юм уу, эсвэл тушаал дэвшиж шинэ нөхцөл байдалд орсоноор олон шинэ асуудал үүсч, үүнээс үүдэн стресст орж болох юм. Зарим үед урагшаа нэг алхахын тулд ухрах шаардлага гардагыг сана. Сэтгэлээ хэт үймрүүлэх хэрэггүй, таны ажлын үр дүн шинэ жилээс өмнө мэдрэгдэж та өөртөө сэтгэл хангалуун байх нь.

  • ХАЙР СЭТГЭЛ

Хайр дурлалын гариг Хонины ордонд байрлаж байгаа нь хонинуудад боломжгүй гэж бодож байсан хайр сэтгэлийн бодлыг чинь биежүүлж өгнө. Ихэнх хонины хувьд хувийн амьдрал нь тэргүүн ээлжинд тавигдана. Ингэснээр явдал чирэгдэл ч ихэснэ. Өмнө нь үнэнч, найрвартай гэж бодож байсан зарим харилцаагаа эргэн харах шаардлага гарна.

Гэрлэсэн хосуудын хувьд бүх зүйл сайхан байхгүй нь. Хамтын өмч, орон сууцны маргаан үүсч магадгүй.

Ирэх жил хонинууд гаднах байдлаараа бусдыг татах, дур булаам байдал нь нэмэгдэх тул хайр сэтгэлийн асуудал нь тэр чинээгээр арвин баялаг байх нь. Ганц бие хонинууд хэд хэдэн роман үүсгэх бололтой. Гэхдээ энэ адал явдал нь удаан хугацааны харилцаа чухал уу, секс чухал уу гэдэг асуултад гуравдугаар сард хариулт олсоны дараагаас дуусна. Намрын дунд сар хавьцаа хайр сэтгэлээ хуваалцах хүнээ олох бололтой.

ҮХЭР

  • АЖИЛ ХЭРЭГ

Өнгөрч буй онд танд төрсөн шинэ санаа, төлөвлөгөө чинь ирэх 2017 онд биелнэ. Ертөнцийг үзэх үзлээ өөрчилнө. Ялангуяа оны эхний нэгдүгээр сард амжуулан санаж бодож төлөвлөсөн зүйлээс ажил хэрэг болгохыг хичээгээрэй. Учир нь хоёрдугаар сар танд илүү ээдрээтэй, сорилт ихтэй байх магадлалтай.

Хавар гэхэд жаахан ядарч, хүч тэнхээгүй болсон мэт санагдаж магадгүй. Шинэ ажил эрхлэх, бизнесийн чиглэлээ өөрчлөх бодол төрж магадгүй. Үүнд болгоомжтой няхуур хандаарай. Тавдугаар сар өнгөрөөд та эргэн эрч хүчээр дүүрсэн мэт санагдана.

2017 он таны ажил хэрэгт толгой эргэм амжилттай байх нь. Гэхдээ оны эхний хагаст шургуу хөдөлмөрлөж байж үүнд хүрнэ. Хавар гэхэд шургуу хөдөлмөрийн үр дүн гарна. Та ямар ч ажлыг чадварлаг, хариуцлагатай гүйцэтгэнэ. Таны замд хөндөлсөх өрсөлдөгч ч гарч ирэхгүй. Гэхдээ өрсөлдөгч байхгүй гэж тайвширсаны хэрэггүй. Ер нь ямар ч ажилд сэтгэл хөдлөлөөр хандсаны хэрэггүй, бүх зүйлийг тооцоол.

  • ХАЙР СЭТГЭЛ

Шуудхан хэлэхэд хувийн амьдрал чинь тийм ч амар байхгүй нь. Бүх зүйл уур хүргэм ядаргаатай санагдаж эхэлнэ. Жилийн хоёрдугаар хагаст сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч дэлбэрэхэд бэлэн мэт санагдавч та ч, таны хамтрагч ч буулт хийхийг хүсэхгүй. Энэ харилцаа хэрхэн дуусах нь та хоёрын харилцаа ямархуу бат бөх байснаас хамаарна. Бат бөх харилцаа үлдэж, дэнжигнэж байсан бол тасарна. Тиймээс оны эхний хагаст харилцаа бататгаж, итгэлтэй болохыг чухалчил. Ялангуяа гэрлэсэн хосууд. Ганц бие үхрүүд өөрийг чинь үнэлдэг хэн нэгэнтэй учрах нь.


ХАМТАТГАХ

  • АЖИЛ ХЭРЭГ

2017 он таны хувьд шинэ замын эхлэлийг тавьсан жил болно. Эерэг сэтгэгдлүүд, амжилттай төсөл, төлөвлөгөөний он байж, өмнөх онуудад байсан таагүй зүйлс, дурсамжууд ард хоцорно. Хоёрдугаар сард та шинэ эрч хүчийг мэдэрч, найз нөхдийн хүрээ тэлэгдэж, шинэ танилуудтай болно. Эдгээр өөрчлөлт таныг ирээдүйдээ илүү итгэлтэй болгож, амьдралын цаашдын замыг чинь цэлгэр болгоно.

Дөрөвдүгээр сард шинэ авьяас чадвараа нээнэ. Тавдугаар сард шинэ төсөл, санаагаа эхлэх хэрэггүй. Харин тавдугаар сарын сүүлээс намар хүртэл таны эхэлсэн ажил бүтэмжтэй, үр дүнтэй байна. Тиймээс зуны амралтаа намар болгож хойшлуулах нь зөв.

Ирэх 2017 онд хамтатгахын мэргэжлээ харах, үнэлэх байр суурь өөрчлөгдөнө. Ажилдаа илүү нухацтай хандаж эхэлнэ. Ингэснээр ажлын амжилт өсч, цаашдаа ч амжилтаа бататгана. Ялангуяа хавар эхлүүлсэн ажил, төсөл, санаа амжилттай хэрэгжинэ. Ажлын санал ирвэл болгоомжлох хэрэггүй, биеэ сориод үзэхэд гэмгүй.

Харин оны сүүлд ажил дээр чинь таагүй явдал болж болзошгүй. Энэ нь бусад ажилтнуудтай харьцах харилцаанаас үүдэх бололтой. Өмнө нь харилцан ойлголцож байсан хамтрагч та хоёрын хооронд үл ойлшолцол үүсч, үүнээс болж томоохон ажил бүтэлгүйтэж магадгүй. Тиймээс хамтрагчидтайгаа аль болох нээлттэй байж, зөвлөлдөж ойлголцож чадвал үүнээс сэргийлж чадна.

  • ХАЙР СЭТГЭЛ

Эхлүүлсэн хайр сэтгэлийн харилцаа бат бөх байж, цаашаа хөвөрнө. Гэхдээ харилцааны явцад хосууд дотоод сэтгэл төдийгүй гадаад үзэмжийн хувьд ч өөрчлөгдөнө. Энэ өөрчлөлтийг хэн хэн нь тэсэж гарч, хувиа бодсон зангаа хаяж чадвал харилцаа гүнзгийрнэ. Чин сэтгэлээсээ байгаа харилцааг бурхан ивээнэ.

Ганц бие хамтатгахынхан амьдралыг чинь чимэх сонирхолтой хүнтэй учрах бололтой. Гэхдээ энэ харилцаа тийм ч амар байхгүй. Ялангуяа гурав, дөрөвдүгээр сард энэ харилцааг сорьсон үйл явдлууд болно.

Ер нь гэрлэсэн болон ганц бие хамтатгахын хувьд 2017 оны хавар төвөгтэй байх болно. Жирийн нөхөрлөл хайр сэтгэл болон хувирах магадлалтай.


МЭЛХИЙ

  • АЖИЛ ХЭРЭГ

Энэ онд бүтэлгүйтэх, ажил бүтэхгүй байх тохиолдлууд гарч болзошгүй ч од эрхэс таныг буруу шийдвэр гаргахаас сэргийлнэ. 2017 онд та өөрт байгаа шинэ авьяас чадвраа нээж, амьдралыг үзэж үзлээ ч өөрчилнө. Таны зөн мэдрэмж хэзээ хэзээнээс илүү өндөр байж, таныг ямар ч таагүй нөхцөл байдлаас гаргана. Магадгүй зарим ийм таагүй нөхцөл байдлаас өөрт ашигтайгаар гарч чадна. Оны эхэнд эрч хүч буурсан юм шиг санагдах ч хавраас эрч хүч эргэн ирж байгааг мэдэрнэ. Ялангуяа намар таны идэвх дээд цэгтээ хзрэх учраас энэ үед төлөвлөсөн ажлаа эхэлж, санаагаа хэрэгжүүлээрэй.

Оны эхнээс л өөрчлөлт гарна. Мэргэжилдээ ахиж, шинэ шатанд гарахын тулд илүү хөдөлмөрлөх хэрэгтэй. Та энэ ажилд хэрэгтэй хүн гэдгээ харуулах цаг ирж байна. Ялангуяа хавар таниас илүү их зүтгэл, шургуу хөдөлмөр шаардаж байна. Хавар гараа хумхин суух хэрэггүй, тэгвэл хүрсэн байр сууриа алдах болно. Бүх зүйлийг ганцаараа хийх гэж зүтгэсний хэрэггүй, найз нөхдийн тусламжийг ав. Их хөдөлмөрлөж байгаа учраас эрүүл мэндээ бодоорой. Оны эхнээс гаргасан зүтгэлийн үр дүн зун тийшээ гарч та тушаал ахих, эсвэл цалингаа нэмүүлнэ. Шинэ ажил хайж байгаа мэлхийнүүд сонирхолтой санал хүлээн авна.

  • ХАЙР СЭТГЭЛ

2017 онд хувийн амьдралд чинь өөрчлөлт гарна. Ойлголцол муутай байсан хосууд улам хөндийрч, харилцаандаа цэг тавих магадлалтай. Ийм байдалд хүргэхгүйн тулд харилцаанд асуудал үүсэх болгонд тэр дор нь ойлголцож, учраа олох хэрэгтэй. Нэгэнт салсан хосууд эргэж учраа ололцох, эргэн бие биенээ уучлах боломж бараг байхгүй.

Ганц бие мэлхий өөрт таалагддаг эсрэг хүйстэнээ гайхашруулж, урвуулж чадна. Зуны эхэн сард төвөгтэй сонголт хийх хэрэг гарч магадгүй. Учир нь танд таалагддаг хүн эцэстээ суларч танд эргүүлэх боломж гарна. Гэхдээ яарах хэрэггүй. Энэ харилцаагаа намар гэхэд өөр нүдээр харж ч магадгүй. Та хоёрын харилцааг хамт өнгөрүүлсэн амралтын өдрүүд шалгаж сорино.


АРСЛАН

  • АЖИЛ ХЭРЭГ

2017 онд та багаар ажиллах шаардлагатай. Найз нөхөд, ажлын хамт олон таны 2017 оны гол чиглүүлэгч байх болно. Ганцаараа энэ онд юунд ч хүрэхгүй. Тиймээс ажил дээрээ ахиц гаргая гэж байгаа бол найз нөхөд, хамт олондоо түшиглэ. Бусдын зөвлөгөөг анхааралтай сонсч, хэрэгжүүлээрэй. Битгий залхуур, залхуурсаны гор тэр дороо гарах болно. Долдугаар сар арслангуудын хувьд хамгийн таатай сар байх болно. Тиймээс шинэ ажил, төлөвлөгөөгөө энэ сард эхлээрэй. Намар танд аз тохионо.

  • ХАЙР СЭТГЭЛ

Оны эхний хагаст танилын хүрээ өргөжнө. Ганц бие арслангууд энэ хугацаанд сонирхолтой хүнтэй танилцана. Энэ харилцаа хөнгөн аальгүйтэх, эргүүлэх хэмжээнд л байна. Холоос ирсэн хүнтэй, эсвэл аян замд хүнтэй танилцах бололтой. Энэ хүн таны амьдралд гэнэтийн өөрчлөлт авчирна.

Гэрлэсэн хосуудын хувьд оны сүүлийн хагас төвөгтэй байх нь. Удаан хугацаанд далд байсан сэтгэл хөдлөлүүд ил гарч, гэр бүл салах, өмч хөрөнгөө хуваах хэмжээнд очиж болзошгүй. Энгийн нөхөрлөж байсан харилцаа хайр сэтгэл болох магадлалтай.


ОХИН

  • АЖИЛ ХЭРЭГ

Өмнөх жилүүдийн алдаа оноог дэнслэхээс ажлаа эхлээрэй. Энэ нь шинэ 2017 онд юу хийхээ төлөвлөхөд тустай. Алдаагаа ухаарч, үүн дээр үндэслэн шинэ төлөвлөгөө гаргаж чадвал таныг амжилт хүлээж байна.Та ажил дээрээ илүү нээлттэй болж, хамтран ажиллагсадтайгаа харьцах харилцаа илүү таатай болно. Хариуцсан ажлыг цаг хугацаанд нь, үр дүнтэй хийж чадсанаар удирдах хүнээсээ магтаал сонсоно.

Тавдугаар сараас наймдугаар сар хүртэл таны хийсэн бүхэн үр бүтээлтэй, амжилттай байна. Шинэ санаа, эрч хүч буцалж эхлэх нь. Удирдлагатай санал зөрөлдөх хэрэггүй. Хоорондоо холбоогүй хэд хэдэн таагүй үйл вадл гарч болзошгүй. Асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй. Асуудлыг шийдэж чадсанаар таны мэргэжлийн нэр хүнд өснө.

  • ХАЙР СЭТГЭЛ

Хувийн амьдрал сайнтай, муутай байх нь. Ялангуяа оны эхнээс хавар хүртэл хайр сэтгэлийн харилцаа төвөгтэй. Оны сүүлийн хагаст өмнө харилцаатай байсан хүн эргэн гарч ирнэ. Гэхдээ харилцаагаа эргэн сэргээх үү гэдгээ нухацтай бодоорой. Дөрөвдүгээр сард өөрийнхөө тухай сонин, сонирхолтой зүйлсийг мэдэх бололтой. Энэ олж мэдсэн зүйлс дотор аз жаргалд хүрэх түлхүүр байх магадлалтай.


ЖИНЛҮҮР

  • АЖИЛ ХЭРЭГ

Та 2017 онд хэзээ хэзээнээс илүүтэй амжилтад хүрэх зорилго тавьжээ. Ингэснээр өмнө мэдээгүй шинэ эрч хүчийг олох болно. Бас 2017 онд мэргэжлийн харилцаа холбоо тэлнэ. Шинэ хамтрагчтай болж шинэ хамтын ажиллагааг эхэлнэ.

Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаараарай. Олж авсан шинэ мэдлэг нийгэмд эзлэх таны байр суурийг өргөнө. Хавар таны шинэ авьяас чадвар нээгдэнэ. Жинлүүрийн хувьд дөрөвдүгээр сар бүхий л зүйлд, ажил, хайр сэтгэл, харилцаа гээд, таатай сар байх нь. Хавар ажлын идэвх сэргэх учраас төлөвлөсөн зүйлүүдээ хийгээрэй. Харин намраас хэт их идэвх гаргаж, удирдлагынхаа нүдэнд байн байн өртөх хэрэггүй. Харин оны сүүлээс өөрийгөө харуулахыг хичээгээрэй.

  • ХАЙР СЭТГЭЛ

Хувийн амьдралд гарсан хүнд нөхцөлөөс гарах арга замыг хайна. Зоримог шийдвэр гаргах шаардлагатай. Үүссэн нөхцөл байдал гурав, дөрөвдүгээр сард дээд цэгтээ хүрнэ. Энэ үед жинлүүрүүд эцсийн шийдвэрээ гаргах бололтой.

Хайр бүх саадыг давж чадна гэж бодож байгаа бол харилцаагаа үргэлжлүүлээрэй, харин үгүй бол амьдралд олон жим бий гэдгийг санаарай. Магадгүй хуучин харилцаагаа дуусгаагүй байтал шинэ хайртай учирна. Энэ нь дуусгаж чадахгүй байсан харилцаанд бүрмөсөн цэг тавина. Хосууд салж, өмч хөрөнгийн маргаан үүсч болзошгүй. Ганц бие жинлүүрүүд оны эхээр, эсвэл намар хайсан хүнээ олно. Энэ нь жинхэнэ гал халуун хайр байж, хуримын ёслолоор төгсөнө. Гал халуун хайртайгаа аян замд танилцах магадлалтай.


ХИЛЭНЦ

  • АЖИЛ ХЭРЭГ

2017 он тийм ч амар тайван байхгүй. Гэхдээ бүх зүйл бүтэлгүй байна гэсэн үг биш. Удаан хугацаанд таныг зовоосон асуудлыг шийдэх хэрэг гарна. Өмнөх онд эхэлсэн том төслөө дуусгана. Хамтрагчидтайгаа, ажиллагсадтайгаа харьцахдаа үгээ болгоомжтой сонгоорой, буруу хэрэглэсэн үг угаасаа аятайхан байгаа харилцаанд асуудал дагуулах бололтой. Зөвхөн өөртөө найдаж, зөн совиндоо итгэ. Зөн совин чинь таныг хэзээ ч хуурч байгаагүйг сана. Оны эхэнд худал амлалт, хялбар мөнгө олох аргад итгэсний хэрэггүй. Хууртагдах магадлал өндөр. Намар таны ажлын эрч хүч нэмэгдэнэ. Ялангуяа есдүгээр сард өдөр шөнөгүй ажиллана. Оны сүүлчээр сэтгэл санаагаа амрааж, амьдралаа бясалгаарай.

  • ХАЙР СЭТГЭЛ

Удаан хугацаанд харилцаа нь асуудалтай байсан хилэнцүүд энэ он хүнд байх болно. Нэгэнт үүссэн асуудал үргэлжилсээр, бүүр харилцаагаа таслахад хүргэж магадгүй. Хэн хэн нь буулт хийхийг хүсэхгүй учраас оны сүүл рүү зөрчил хурцадна.

Өмнө нь нууж байсан зүйлс ил болж, энэ нь хилэнцийн нэр хүндэд засах аргагүй хор учруулж болзошгүй. Эргэн тойрныхон төдийгүй, хайртай хүн чинь ч энэ ил болсон нууцаас болж хөндийрч мэднэ. Тиймээс маш болгоомжтой, няхуур байх шаардлагатай.

Эв найртай хосуудын харилцаа улам бэхжиж, орон гэрээ улам гоё болгохоор шийднэ. Шинэ байр авах, шинэ тавилга авах, эсвэл засвар хийнэ.

Ганц бие хилэнцүүд сонирхолтой, адал явдалтай жилийг үднэ. Он гарангуут шинэ хайртай учирч, хавар гэхэд энэ харилцаа гүнзгийрнэ. Хайранд толгой эргэсэн үедээ ямар нэг шийдвэр гаргахаас зайлсхий. Намар гэрлэх санал хүлээж авна.


НУМ

  • АЖИЛ ХЭРЭГ

Гарч буй 2017 он нумынхны хувьд үйл явдлаар арвин, маш үр бүтээлтэй байна. Сонирхох зүйлс чинь нэмэгдэж, шинэ танилуудтай болно. Энэ жил дотоод сэтгэлээ нээхийг од гаригс зөвлөж байна. Оны эхэнд бүтэн оноо даах санхүүгийн суурь бэлдэх бололтой. Хоёрдугаар сард та ажил мэргэжлийн хувиар олон хүнтэй уулзана. Дөрөвдүгээр сард шинэ төлөвлөгөө боловсруулж, хэрэгүүлж эхлээрэй. Зун дуусахын алдад хэрэгжүүлсэн төлөвлөгөө эхний үр дүнгээ өгнө. Мөнгө, үнэт цаастай болгоомжтой харьцаарай. Оны сүүлээр ажлын эрч хүч нэмэгдэнэ.

  • ХАЙР СЭТГЭЛ

Оны эхний хагаст олон шинэ хүнтэй танилцах бөгөөд эдэн дунд сэтгэлийг чинь татсан хүн байна. Энэ хүн амьдралд чинь ихээхэн өөрчлөлт авчирна. Ганц бие нумынхан амьдралыг чинь сонирхолтой болгох шинэ хүнтэй танилцана. Энэ шинэ хүн таниас хол өөр хотод, магадгүй өөр улсад амьдардаг хүн байх магадлал өндөр. Гэрлэсэн нумын хувьд хүнд жил байх бололтой. Хосуудын амьдралд ихээхэн өөрчлөлт гарна. Оны сүүлийн хагаст амьдралд гарсан өөрчлөлтөөс үүдэн харилцаа муудна. Харилцаа муудахад хов жив нөлөөлж магадгүй.


МАТАР

  • АЖИЛ ХЭРЭГ

Мэргэжлээрээ ахих талаар нухацтай бодох хэрэгтэй. Орчин тойрны нөхцөл байдал ч энэ чиглэлд түлхэц өгнө. Гаднаас орж ирэх бүхий л мэдээллийг дээд зэргээр ашигла. Оны эхэнд таны хувьд өвөрмөц байж болох санал, төсөл хүлээн авах бололтой. Хавар ажлын ачааллаа тохируулахгүй бол эрүүл мэндэд асуудал гарна. Зун амрахаасаа өмнө хийж дуусгаагүй ажлаа дуусгаад амраарай. Оны сүүлээр ажлын эрч хүч нэмэгдэнэ.

  • ХАЙР СЭТГЭЛ

Амьдралд чинь аль хэдийнэ гарсан өөрчлөлт үргэлжилсээр байх нь. Тийм ч бат бөх харилцаагүй гэрлэсэн хосуудын харилцаа муудна. Эрс өөрчлөлт хийж гэрлэлтээ аврах, эсвэл салах гэсэн сонголтын өмнө ирнэ. Гэрлэсэн болон ганц бие матруудын хувьд хайр сэтгэлийн харилцаагаа илэн далангүй, чин сэтгэлээсээ байлгаж чадахгүй, харилцан буулт хийх хэрэгтэй. Хайр сэтгэлийн асуудал дээр шийдвэр гаргахдаа зүрхээ сонсоорой.

Сонин санагдаж магадгүй ч эртний танилын харилцаа хайр сэтгэлийнх болон өөрчлөгдөх магадлалтай. Анх энэ харилцаа энгийн юм шиг санагдаж байсан ч эцэстээ бал сарын аяллаар өндөрлөнө.


ХУМХ

  • АЖИЛ ХЭРЭГ

Шинэ санаа, шинэ боломж, шинэ үр дүнгээр дүүрэн он. Оны эхэнд жилийнхээ төлөвлөгөөг гаргаад хэрэгжүүлэх ажилдаа шамдан ороорой. Ажил амжилттай байхад ойр дотныхон, найз нөхдийн дэмжлэг хэрэгтэй.

Хавар гэхэд ажлын хамтрагчтайгаа харилцаагаа цэгцэлж чадна. Өмнө байсан үл ойлголцлоо арилгаснаар цаашдаа зөрчил үүсэхгүй. Хавар таны ажлын эрч хүч нэмэгдэнэ. Ажил дээр гарсан аливаа асуудлыг хурцатгалгүй, эв зүй, зөвшилцлөөр шийдээрэй. Оны сүүлд танилын хүрээ тэлж, дараа жил хийх ажлын шинэ санаа төрнө.

  • ХАЙР СЭТГЭЛ

Хайр сэтгэлийн хувьд хумхууд ихээхэн өөрчлөлттэй байх нь. Ганц бие хумх шинэ танилынхаа дундаас хайр сэтгэлээ олно.

Гэрлэсэн хумхынхны хувьд оны сүүлийн хагаст харилцаа муудаж магадгүй. Харилцаа хөндийрч, хүйтэн салхи үлээнэ. Тиймээс харилцаагаа авч үлдэхийн тулд зөв тактик боловсруулж, ухаалаг байх хэрэгтэй. Хувиа хэт бодсоны хэрэггүй. Чин сэтгэлээсээ байж чадвал харилцаагаа аварч чадна. Бат бөх харилцаатай хосууд орон байрны засвар хийх, эсвэл шинэ байр руу нүүх шийдвэр гаргана.


ЗАГАС

  • АЖИЛ ХЭРЭГ

2017 онд таны хувьд хамгийн чухал зүйл гэр бүл. Ажил хэргийн хувьд ямар нэг хүндрэл гарахгүй. Ирээдүйд хийх шинэ ажил, төлөвлөгөө боловсруулах ч хэрэгжүүлэх гэж яарсаны хэрэггүй. Яагаад гэвэл од гаригсийн эрхшээлээр энэ онд хийсэн буруу үйлдэл, буруу алхам цаашдаа залруулж болшгүй үр дагавартай байж мэднэ. Алдаа хийж магадгүй гээд бүх алхмаа тооцоолох хэрэггүй, зөн совингоо дага.

Ажлын эрч хүч оны сүүлээс идэвхжиж, албан тушаал ахих зорилго руугаа тэмүүлээрэй.

  • ХАЙР СЭТГЭЛ

Энэ онд урьдчилан тааварлаагүй зүйлс тохиолдоно. Сэв суусан хайр сэтгэлийн харилцааг хадгалах гэж оролдох хэрэггүй. Энэ нь гал дээр тос нэмсэнтэй адил. Тиймээс хуучин харилцаагаа зоригтой орхиж, ирээдүй рүү өөр харилцааг хайгаарай. Энэ нь гэрлэсэн болон ганц бие загасын аль алинд хамаатай.

Эв найртай хосуудын харилцаа улам бэхжиж, орон гэрээ улам гоё болгохоор шийднэ. Шинэ байр авах, шинэ тавилга авах, эсвэл засвар хийнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ хандан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ зориулан 2017 оны шинэ жилийн мэндчилгээг дэвшүүллээ. Тэрбээр, “Хуучин он хорвоогийн жамаар улирч шинэ оноо хэрхэн угтах вэ гэсэн бидний өмнө хариуцлага ирлээ. Монгол хүний оюун ухаан, эв нэгдэл бол оршин байхын үндэс юм. Монгол орныг хүн ардынх нь ажилч хөдөлмөрч зан л гэрэлт ирээдүйд хөтлөх болно. Ажилж амьдарч байгаа цаг үедээ эзэн болж монголынхоо ирээдүйд хөрөнгөо оруулах нь бидний журамт үүрэг юм. Монгол хэмээх нэрийн дор нэгдэж байгаа бүх хүмүүст шинэ оны мэндчилгээ хүргэе, 2017 онд даян дэлхий энх амгалан байх болтугай. 2017 онд хүн бүр бие биендээ сайхан сэтгэлээр ерөөл өргөж амьдрах болтугай. Энэхүү далай цагаан мэлтэгнэсэн сүүгээ та бүхний ажил хөдөлмөр өөдөө байхын төлөө өргөе” гэв.

О.ӨНӨР