Categories
мэдээ нийгэм

Цэргийн тоо бүртгэл энэ сарын 20-ныг хүртэл явагдана

Нийслэлийн төрийн захиргааны байгууллагаас 2017 оныг хууль эрх зүйн шинэчлэл, иргэдийн оролцооны жил хэмээн зарласан. Үүнтэй уялдуулж нийслэлийн Цэргийн штабаас Батлан хамгаалах хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлах, хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан 2017 оны цэргийн тоо бүртгэлийг явуулах аж. Цэргийн бүртгэлийг жил бүр орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд эрхлэн гүйцэтгэж явуулдаг. Түүнчлэн 18-50 насны Монгол Улсын иргэн цэргийн алба хаасан, хаагаагүй эрэгтэйчүүд мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх хуулийн заалттай байдаг.

Энэ жилийн бүтгэлийн ажил нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн есөн дүүрэг 152 хороонд нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.

Нийслэлийн Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар “Монгол Улсын Үндсэн хуульд тусгаар тогтносон улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна гэж заасан байдаг. Энэ бол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой чухал бүртгэл гэж үзэх хэрэгтэй. 18-50 насны бүхий л эрчүүдийг цэргийн алба хааж үүргээ биелүүлэх боломжийг хангаж өгөх, бэлтгэл ажлаа хангахын тулд энэхүү бүртгэл явагдаж байгаа. Өнгөрсөн онд иргэдийн зүгээс санаатай, санамсаргүй байдлаар бүртгэлд хамрагдаагүй үлдсэн хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Бүртгүүлээгүй үлдсэн хүмүүсийг торгуульгүй үлдээх чиглэл өгөөд байна. Цаашид санаатайгаар бүртгүүлээгүй үлдсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллана” хэмээлээ.

Нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нар цэргийн тоо бүртгэлийн ажлын бэлтгэл бүрэн хангагдсан гэдгийг энэ үеэр хэлж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ахмадуудад жилд хоёр удаа Насны хишиг олгоно

Ахмадуудад 50-250 мянган төгрөгийн Насны хишиг олгох харилцааг зохицуулсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль энэ сарын 01-нээс хэрэгжиж эхэллээ.

Монгол Улсад 121 мянган ахмад настан бий. Хуулийн хүрээнд 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох юм. Мөн 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн Насны хишиг олгох юм. Хишгийг жилд хоёр удаа буюу Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын үеэр олгоно. 2017 оны төсөвт Насны хишиг олгох зардалд 20.5 тэрбум төгрөг тусгасан юм.

Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнх-Оргил хангалттай тайлбар өгсөнгүй гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өндөрлөж, хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга С.Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус бүлэг зарим Элчин сайдын яам, консулын газрыг татан буулгахтай холбоотой асуудал УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэгдэх болсон. Мөн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын “Өдрийн сонинд” өгсөн ярилцлагадаа “Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай лам дахин Монгол Улсад айлчлахгүй гэж ойлгож болно” гэх тайлбар хийсэн зэрэгтэй холбогдуулж, сайд Ц.Мөнх-Оргилоос байр суурийг нь сонсчээ.

Хоёр дахь асуудал нь Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнтэй холбоотой нэмэлт тоо баримтаар ажлын хэсгээс мэдээлэл сонсохоор төлөвлөсөн ч гишүүд нь ирээгүй тул хойшлуулжээ. Энэ тухай мэдээлэл хийсний дараа бүлгийн дарга С.Эрдэнэ дараах хариулт өглөө.

-Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос Далай ламын айлчлалтай холбогдуулан тайлбар авчээ. Энэ тухай тодруулахгүй юу?

-Хятадын нэр бүхий вэб сайт, олон улсын төвшинд хэвлэл мэдэллийн хэрэгслээр цацагдсан мэдээлэл, Хятадын албаны зарим хүмүүсийн “Монголын тал Хятадын талаас уучлал гуйсан” зэрэг мэдээлэлтэй холбогдуулж сайд Ц.Мөнх-Оргилоос тайлбар авлаа.

Монгол Улс тусгаар тогтносон улс, Үндсэн хуулиараа бие даасан тугсаар улс гэдгээ тунхагласан, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн. Аливаа нэг айлчлалыг бие дааж шийдэх эрхтэй. Гэвч үүнд Ц.Мөнх-Оргил сайд төгс тоймтой тайлбар хийж чадсангүй. Тэрбээр “Цаашдаа Далай лам энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд айлчлахгүй гэдгийг уучлал гуйсан хэлбэрээр ч юм уу, төр засгийн шийдвэр хэлбэрээр хэлээгүй” гэдэг тайлбар хэлсэн нь хангалттай биш.

Айлчлал нь шашны шугамаар байсан ч нэвтрэх виз олгох журам нь консулын журмаар шийдэгдэж байгаа. Тийм учраас Засгийн газрын төвшний асуудал юм.

Монгол Улс тусгаар улс юм бол шашны болон бусад ямар ч хэлбэрээр байсан гадаадын иргэн нэвтрэх нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Үүнд тоймтой тайлбар хийж чадсангүй.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаар дамжуулж Хятад улс руу илгээсэн илгээлтэд дурдсан зүйл нь мөн ийм утгатай байгаа. Ерөнхий сайдаас өөрөөс нь тайлбар авах шаардлагатай гэж үзсэн.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Бүлгээр төслийг хэлэлцсэн үү. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий гэж үзэж байгаа юу?

-Ардчилсан намын бүлэгт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл нь ирээгүй учраас хэлэлцэх боломжгүй байлаа. УИХ-ын Тамгын газраас лавлагаа авна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны 6 их наядын зээлийг ил тод зарлана

Хөгжлийн банкийг тойрсон асуудал он дамжин яригдаж байна. Тус банкны санхүүг шалгах хоёр ч ажлын хэсэг ажиллаж буй. Засгийн газрын ажлын хэсэг дүгнэлтээ УИХ-д танилцуулж, хэлэлцүүлж буй. Харин УИХ-аас томилогдсон ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ахалж буй. Тус ажлын хэсэг дүгнэлтээ олон нийтэд танилцуулахад бэлэн болжээ.

Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаяр:

Хөгжлийн банкнаас хэн зээл авсныг бүрэн тодруулж, дууслаа. Бид бүх хэвлэлийн мэдээллийн байгууллагад материалыг нээлттэйгээр өгнө. Ингэснээр Монгол Улс анх удаа олон улсын зах зээлд гаргасан бондоос татан төвлөрүүлсэн хөрөнгөө яаж ашигласан мэдээлэл ил тод болно. Олон нийтийн хяналт давхар хэрэгтэй байгаа учраас ил тод болгож байгаа юм.

Зургаан их наяд төгрөг зээл хэлбэрээр зарцуулагдсан байна. Дотроо гурван том бүлэг болж байна.

1.Улсын төсвөөс эргэн төлөгдөх хөтөлбөр буюу 6 их наядын 54 хувь

2.Арилжааны банкаар дамжуулан хэрэгжүүлсэн нэг их наяд төгрөгийн төслүүд

3.Хөгжлийн банкнаас өөрөө шууд зарцуулсан 16 том төсөл байна. Хувийн хэвшлийн 8, улсын үйлдвэрийн газрын 8 төсөл байна.

Зээлийг ямар иргэн, аж ахуйн нэгж авсан, төлөлтийн явц ямар байна гэдгийг судалж дууссан. Одоо олон нийтэд ил тод зарлана гэсэн мэдээллийг өглөө.

Categories
мэдээ эдийн-засаг

Нэг ам.доллар 2495 төгрөгтэй тэнцэж байна

Төв банкны өчигдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2489 төгрөг 53 мөнгөтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2490 төгрөгөөр худалдан авч 2493 төгрөгөөр арилжиж байна. Мөн арилжааны банкуудад нэг ам долларыг 2482-2486 төгрөгөөр худалдан авч, 2495-2496 төгрөгөөр арилжиж байна. Манай улсын бусад голлох валют болох ОХУ-ын рубль 43 төгрөгтэй тэнцэж байгаа бол, БНХАУ-ын юань 360 төгрөг 40 мөнгө, евро 2663 төгрөгтэй тус тус тэнцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Зарим торгуулийн хэмжээ нэмэгдлээ

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдан тогтоол баталж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмж 240 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн билээ. Өчигдөрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн энэхүү шийдвэртэй холбогдуулан хуульд заасан зарим нэг торгуулийн хэмжээ өсөх гэнэ.

Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглээгүй тохиолдолд өмнө нь 9600 төгрөгөөр торгож байсан бол хөдөлмөрийн доод хэмжээ нэмэгдсэнээр 12 мянган төгрөг болж өөрчлөгджээ. Мөн уг хуулийн 41 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн тохиолдолд 24 мянган төгрөгөөр торгохоор болсон тухай Замын цагдаагийн албанаас мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Боомтууд хэвийн ажиллаж эхэллээ

Бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаатай холбогдуулан Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд дөрөв хоног амарлаа. Хилийн боомт, түүний дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу бүх нийтийн амралтын өдрүүдэд хилийн боомтууд амрахаар заасан байдаг юм. Харин өнөөдрөөс эхлэн хилийн боомт тогтсон хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Электрон тоолууртай өрхийн шөнийн цахилгааны тарифыг тэглэнэ гэв

Электрон тоолууртай өрх зурган илэрцүүдНийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ сарын 1-нээс буюу өчигдрөөс хүйтний улиралд гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр гарсан. Гэвч уг шийдвэрийг хэрэгжүүлэх тухай тушаал холбогдох албанаас ирээгүй байгаа учир өнөөдөр дээрх шийдвэр хэрэгжиж эхлээгүй байгаа гэдгийг УБЦТС ТӨХК-өөс мэдээлж байна. Түүнчлэн шөнийн цахилгааныг тэглэх тухай тушаал ирсэн тохиолдолд дөрөвдүгээр сарын нэгнийг хүртэл 21.00-06.00 цагийн хооронд шөнийн цахилгаан үнэгүй болгох аж. Шөнийн цахилгаан үнэгүй хэрэглэх айл өрхүүдэд дараахь шаардлагыг тавьж байгаа ба үүнд, тухайн айл нь цахилгаан эрчим хүчний өргүй байх, шөнийн тарифтай электрон тоолууртай байх ёстой. Өдөр шөнийн тарифтай шөнийн тоолуур нь зах зээлд 60 мянгаар худалдаалдагддаг ажээ.

Categories
гадаад мэдээ

Ким Жон Ун шинэ жилийн мэндчилгээндээ тив хоорондын баллистик пуужин туршихаа мэдэгджээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ тив хоорондын баллистик пуужингийн туршилтыг удахгүй хийхээ мэдэгдэл хийсэн байна.

Тэрээр хэлэхдээ, “Манай улсын батлан хамгаалахын хүч чадал өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Үүний баталгаа нь тив хоорондын тусгалтай баллистик пуужин юм. Одоо энэхүү пуужинг турших эцсийн шатны бэлтгэл ажил явагдаж байна” гэжээ.

Тэрбээр 2006 онд нэг килотон /1kiloton=1000 tons of TNT/-той тэнцэх цөмийн туршилт хийж байсан бол 2009 онд 2 килотон, 2013 онд 6-7 килотон, 2016 оны нэг сард 4-6 килотон, 2016 оны есдүгээр сард 10 килотон цөмийн туршилт хийсэн байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Хэрэг, зөрчилгүйгээр шинэ оныг тайван угтжээ

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 2,171 мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн 68, зөрчлийн 1,278, согтуугийн 524, зам тээврийн ослын 301 мэдээлэл шалгажээ.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 51 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Онц хүнд гэмт хэрэг, зөрчилгүйгээр шинэ оныг тайван угтжээ.

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан.

Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчид хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, салют, пиротехникийн хэрэгсэлд хяналт шалгалт тавьж, болзошгүй аюул, осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.