Categories
мэдээ соёл-урлаг

“Эх ундарга” ардын урлагийн их наадам болно

Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачлагаар язгуур урлагийн хамтлагууд 2012 онд анх удаа нэгдэн тоглосноос хойш жил бүр өөрийн өнгө аяс, үзэл санааг илэрхийлсэн тоглолт зохион байгуулж ирсэн. Энэ жил зургаа дахь удаагийн тоглолтоо хүн төрөлхтний авъяас билгийн ширгэшгүй булаг нь Монгол язгуур урлаг байхыг бэлгэдэн “ЭХ УНДАРГА” хэмээн нэрийдэж, 300 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр ардын урлагийн их наадам болгон өргөн хүрээнд зохион байгуулж байна.

“ЭХ УНДАРГА” ардын урлагийн их наадмын ерөнхий найруулагчаар МУ-ын Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, хөгжмийн зохиолчоор Д.Ариунболд, найруулагчаар Д.Энхгэрэл, Д.Баярбаатар, Туслах найруулагчаар Д.Бойжоо ажиллаж байгаа гэнэ. Тоглолтод язгуур урлаг, соёлын өвийг тээн, тив дэлхийд Монгол орноо сурталчилж яваа “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн”, “Их Монгол” болон “Нүүдэлчид”, “Хэмнэл” хамтлагууд орж байгаа юм. 21 лимбэ, 21 товшуур, шанз, 21 уртын дууч, 21 хөөмийч нэгэн тайзнаа цугларч байгаа ажээ. “Эх ундарга” тоглолт энэ сарын 17-19-ний өдрүүдэд МҮЭСТО-ны Их танхимд болох юм байна.

Categories
мэдээ улс-төр

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг БОАЖ-ын сайдаар ахлуулан байгуулсан.

Ажлын хэсэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох агентлагийн дарга нар багтсан юм. БОАЖЯ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ажлын хэсгийн ахлагч, сайд Д.Оюунхорол өнөөдөр Ерөнхий сайдад танилцууллаа.

Ажлын хэсэг “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж дууссан байна. Хөтөлбөрийг 2017-2018 он хүртэл буюу богино хугацааны, 2018-2021 он хүртэл буюу дунд хугацааны гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хороолын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглож, агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасч, тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувь буурах юм.

Ажлын хэсэг цаашид агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт техник, технологийг нийтэд танилцуулах “Байгаль орчинд ээлтэй техник, технологийн мэдээллийн төв”-ийг БЗД, СХД, Чингэлтэй дүүрэгт байгуулахаар судалж байна. Мөн Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу “Агаарын бохирдлын эсрэг сан” байгуулах хуулийн төслөөс гадна байгаль орчныг хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээлт хийх чиглэлээр үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, яамны цахим хуудсанд байршуулан нийтээс санал авч эхэлжээ.

Хоёрдугаар сарын нэгнээс гэр хорооллын нутаг дэвсгэрт “Агаарын бохирдлын хяналт” мониторинг явуулж, дугуй, ажилласан тос зэрэг хаягдал шатааж байгаа эсэхийг хянан, амьжиргааны түвшин доогуур айл өрхийн судалгааг нягтлах юм. Мөн зорилтот бүлгийг боловсруулсан түлшээр хангах, цахилгаан халаагуур, шөнийн тарифт тоолуур зэргийг худалдан авах айл өрхүүдэд хөнгөлөлттэй зээл олгох журмын төслийг боловсруулж байна.

Үүний зэрэгцээ агаар, орчны бохирдлыг бууруулах, цэвэрлэх, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлэх талаар судалж байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Хакерууд “CNN”-ий хуудсыг эвджээ

“OurMine” хакеруудын бүлгийн гишүүд Америкийн CNN телевизийн “Фейсбүүк” сүлжээн дэх аккаунтыг эвдсэн байна. “Mashable”-д бичсэнээр хакерууд CNN International болон CNN Politics хуудсыг эвджээ. Хакерууд телевизийн хуудсанд өөрсдийнхөө логог тавьж зурвас үлдээжээ. Уг зурваст “Сайн уу, бид OurMine. Бид таны хамгаалалтыг шалгалаа. Мэдээлэл авахын тулд бидэнтэй холбогдоорой” гэжээ. Хагас цагийн дараа “Фейсбүүк”-ийн захиргаа CNN-ий хуудсыг засч, хакеруудын үлдээсэн ул мөрийг арилгажээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол, хятадын хилийн боомтуудын 2017 оны нийтээр амрах баярын өдрүүд

Хил хамгаалах ерөнхий газраас Монгол, Хятадын хилийн боомтуудын 2017 оны нийтээр амрах баярын өдрүүдийг мэдээлжээ. Дараахь өдрүүдэд хилийн боомтууд амарна гэнэ шүү.

-Шинэ жил: 01 дүгээр сарын 01;

-Цагаан сар: Хятад – 01-р сарын 27, 28, 29;

Монгол – 02-р сарын 27, 28, 03-р сарын 01;

-Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 03 дугаар сарын 08;

-Ханш нээх өдөр: 04 дүгээр сарын 04;

-Олон улсын хөдөлмөрчдийн баяр: 05 дугаар сарын 01;

-Луут завины баяр: 05 дугаар сарын 30;

-Хүүхдийн баяр: 06 дугаар сарын 01;

-Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр:

07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;

-БНХАУ-ын үндэсний баярын өдөр:

10 дугаар сарын 01, 02, 03;

-Намрын баяр: 10 дугаар сарын 04;

-Их Эзэн Чингэс хааны өдөр:

Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр – 11 дүгээр сарын 19;

-Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр:

11 дүгээр сарын 26;

-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29;

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймгийн иргэн 78 ширхэг бөхөнгийн эвэр тээвэрлэж явжээ

Худалдан, борлуулах зорилгоор бөхөнгийн эвэр тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын харьяат Э гэгч нь бөхөн гөрөөсний 78 ширхэг эврийг бусдад худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан хэргийг Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.

Сэжигтэн Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

203 ДУГААР ЗҮЙЛ. АН АГНУУРЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИХ

203.2.Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Эзэмшиж буй газраа хоёр жил ашиглаагүй бол эрхийг нь цуцална

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хотод шинээр газар олгохгүй байх талаар захирамж гаргасан. Мөн нийслэлээс нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон нь нийслэлд газрын эрэлтийг эрс нэмэгдүүлсэн юм.

Иймээс цахим бүртгэлээр газар өмчилсөн иргэд, газар эзэмших гэрчилгээтэй байсан иргэд газрын маргаанаа цэглэхээр харьяа дүүргийнхээ газрын албадад дугаарлан зогсох болжээ. Нийслэлд хоёр болон түүнээс дээш жилээр эзэмшиж буй газраа ашиглаагүй 219 иргэн, хуулийн этгээд байгаа аж. Үүний 103 нь хашаа барьсан бол 116 нь хашаа барьж хаалт ч хийгээгүй байна. Иймд газар эзэмших эрхийг нь цуцалж эхэлжээ.

Түүнчлэн зургаан дүүргийн хэмжээнд 121 хуулийн этгээд 13.13 га газрыг хэтрүүлэн ашигласан гэсэн судалгааг нийслэлийн Газрын албанаас гаргаад байна. Мөн нийтийн эдэлбэрийн газарт хашаа хайс барилга байгууламж барьсан 430 обьект, хайс барьсан 208 иргэн байна гэсэн судалгааг гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

АШУҮИС-ийн сургалтын бааз эмнэлэг байгуулах ажил 7 дугаар сард эхэлнэ

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд, “Манай эрүүл мэндийн салбар Япон Улстай хамгийн ойр ажиллаж ирсэн, ажлын түүхэн туршлагатай. Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу ЖАЙКА-тай хамтран төслийн бус буцалтгүй тусламж болон “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдал”-техникийн хамтын ажиллагааны төслийг тус тус хэрэгжүүлж байна. Ингэснээр энэ онд 11.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг гурван аймгийн 32 сумын эмнэлэгт олгох, ирэх онд АШУҮИС-ийн сургалтын бааз эмнэлгийг байгуулах зэрэг төсөл хэрэгжинэ” гэв.

Эдгээр төсөл хөтөлбөрөөс гадна Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт явуулж, эмэгтэйчүүдийн эмч болон эх баригч нарыг жирэмсний хяналт, төрөх үед үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах сургалтад багаар нь Япон Улсад суралцуулсан юм.

Элчин сайд Масато Такаока “Өмнөх оны сүүлээр томилогдон ирсэн. Сургалтын бааз эмнэлгийг байгуулах ажлыг энэ оны 7 дугаар сард эхлүүлнэ. Тухайн эмнэлэг ашиглалтад орсноор Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээнд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гэв.

Мөн тэрбээр энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг дуулгаад энэхүү түүхт ойг тохиолдуулан хамтын ажиллагааг улам хөгжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Цаашид Япон Улсын уламжлалт эмчилгээ Жүдо бариа заслын аргыг нэвтрүүлэх, сургагч багш бэлтгэх төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Нагояагийн их сургуультай хамтран “Залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд докторантурын сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, ЖАЙКА-гийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар харилцан ярилцлаа гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

17 настай хүүхэд найман нэрийн хүнсний дэлгүүр дээрэмджээ

17 настай хүүхэд найман нэрийн хүнсний дэлгүүр дээрэмджээНайман нэрийн хүнсний дэлгүүр дээрэмдсэн хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан их хэмжээний эд зүйл хулгайлсныг Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагийн ахмад Д.Балжинням, дэд ахлагч Ц.Билгүүн, дэд ахлагч С.Тэсхүү нар шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд оршин суух хаягтай, 17 настай Х нь бусадтай бүлэглэн үйлдсэн нь тогтоогдоод байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Монголын зах зээлд “Оюу толгой” компани 6 тэрбум гаруй ам.доллар нийлүүлжээ

“Оюу Толгой” компани 760 сая ам.долларын гэрээний 83 хувийг нь дотоодын компаниудтай байгуулсан хэмээн “Оюу Толгойн Далд уурхайн бүтээн байгуулалтын ханган нийлүүлэгчдийн форум”-ын үеэр тодотголоо.

Тус компани 2016 оны эцсийн байдлаар 990 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласаны 623 нь үндэсний компани юм байна.Тодруулбал үйл ажиллагааны худалдан авалтын 62 хувийг дээрх компаниуд хариуцаж байгаа аж.

Шангри Ла зочид буудалд болж буй “Оюу Толгойн Далд уурхайн бүтээн байгуулалтын ханган нийлүүлэгчдийн форум”-аар тус уурхайн ашиглалтын хугацаанд шаардах бараа, үйлчилгээг тасралтгүй нийлүүлэх дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэх, ирээдүйн боломжит хувилбарыг танилцуулж байна. Дотоодын болон гадаадын ханган нийлүүлэгчдийн түншлэл, хамтын ажиллагааг дэмжих зорилготой тус форумд 675 ханган нийлүүлэгч байгууллагын 1200 төлөөлөгч оролцож байна.

Оюу толгой ХХК-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Стивэн Жонес форумын үеэр хэлэхдээ, “Өнөөдөр энэхүү танхимд 600 гаруй компанийн төлөөлөл хүрэлцэн ирсэн нь манай компани Монголын ханган нийлүүлэгчидтэй нягт хамтын ажиллагаа хөгжүүлж буйн тод жишээ юм. Ханган нийлүүлэлтийн хоёр дахь удаагийн форум нь импортын худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэгч, нэмүү өртөг шингэсэн үйлчилгээний бүтэцтэй ханган нийлүүлэлтийн сүлжээг байгуулах бололцоог нэмэгдүүлэх, түүнд тэмүүлэх сэдлийг олгож байгаагаараа онцлогтой. “Оюу толгой” нь аюулгүй ажиллагаа, өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлэх, асар ирээдүйтэй зэсийн уурхайн нэг. 2010 оноос хойш “Оюу толгой” компани 6 тэрбум гаруй ам.долларыг ханган нийлүүлэгчдэд төлсөн төлбөр, татвар, рояалти, цалин зэрэгт зарцуулсан. Зөвхөн 2016 онд гэхэд 279 сая ам.долларыг дотоодын ханган нийлүүлэгчдэд зарцуулж, 210.6 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газарт татвар, хураамж бусад төлбөрт төллөө. Эдгээр амжилт нь Монгол Улсад ханган нийлүүлэлтийн тогтвортой сүлжээ бий болгох чиглэлээр тусгайлсан, урт хугацааны стратеги баримталж ажилласны үр дүн юм. Хамтран ажилладаг Монгол компаниудын тоо жил ирэх тусам нэмэгдэж, аюулгүй ажиллагаа, чанар, үнэ цэнийг хүргэхийн төлөө хамтдаа хичээнгүйлэн ажиллаж байна. Ингэснээр бидний зарцуулж буй 10 төгрөг тутмын 8 төгрөг нь дотоодод зарцуулж, 2 төгрөгийн худалдан авалт тутмын 1 төгрөг нь үндэсний компаниудад ноогдож буй юм. Өнөөдрийн арга хэмжээ өндөрлөхөд, дараачийн амжилтыг бүтээх компаниуд энэ танхимаас төрөн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улсыг олон улсын тавцанд таниулах үүргээ биелүүлэхэд бид таны итгэлтэй түнш байх болно” хэмээн онцлов.

2013 оноос хойшхи Үндэсний худалдан авалт:

“Оюу Толгой” ХХК-ийн Засгийн газар олон талт хамтын ажиллагаа хариуцсан Ерөнхий менежер Л.Оргил: “Өнөөдөр бид өнгөрснөө харж, ирээдүйгээ хэлэлцэж байна. Томоохон төслүүдийн нэгэн адил “Оюутолгой”-н туулсан зам дардан байгаагүй. Гэвч Монгол Улсын хувьд “Оюутолгой” төсөл дэлхийд нэрээ таниулах олон бизнесийн түүчээ нь болж чадсан. Өнгөрсөн хугацаанд “Оюутолгой” нь уул уурхайн салбартаа аюулгүй ажиллагааны сайн үзүүлэлтээр тэргүүллээ. Баяжуулах үйлдвэр ажиллаж эхэлснээс хойш гурван жилийн дотор олон улсын зах зээлд гурван сая орчим тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн нийлүүлээд байна. Гүний уурхай ашиглалтанд орсноор “Оюу толгой” нь дэлхийн зэсийн салбарын хамгийн чухал төслүүдийн нэг болно. Бид Монгол зэсийг дэлхийд хүргэж, гэрлийн шил, гар утас, хиймэл дагуулыг бүтээлцэн, хүн төрөлхтөний амьдралд ул мөрөө үлдээж буй нь бахдалтай” хэмээв.

Ажлын байр болон орон нутгийн эдийн засаг:

Ийнхүү гүний уурхайн малталтын ажил үргэлжлэн эрчимжиж буй энэ үед үйл ажиллагаанд шаардагдах бараа, үйлчилгээний эрэлт аль хэдийнэ эхэлжээ. Тодруулбал гүний уурхайд шаардлагатай бэхэлгээ, бетон зуурмаг, агааржуулалтын тууз, өндөр нягттай полиэтилен шугам хоолой, насос зэрэг олон бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой юм байна.

“Оюу Толгойн Далд уурхайн бүтээн байгуулалтын ханган нийлүүлэгчдийн форум”-ын гадна ханган нийлүүлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Мялзан өвчний улмаас 3000 бөхөн хорогдоод байна

Нэн ховор амьтны тоонд зүй ёсоор багтсан бөхөн гөрөөсний эврийг хууль бусаар тээвэрлэж явсан Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын харьяат Э гэгчийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн. Сэжигтэн Э 78 ширхэг эврийг бусдад худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан нь илэрсэн бөгөөд түүний уг үйлдэлд Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна.

Тэгвэл сэжигтэн Э дээрх эврийг гоц халдварт өвчнөөр үхэж, газарт булсан бөхөнгийн эврийг ухаж авсан байж болзошгүй аж. Саяхан мялзан өвчин дэгдэж олон тооны бөхөн үхэж байгаа талаар мэргэжлийн байгууллагынхан мэдээлсэн. Тэд ном журмын дагуу үхсэн бөхөнг усгтаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа хэмээсэн боловч эвэртэй нь булсан байна. Учир нь холбогдох байгууллагын мэргэжилтнүүд бөхөнгийн сэг зэмийг устгахдаа эврийг нь тусгай хяналттайгаар авч хадгалах талаар санал гаргаж байсан ч Онцгой комиссынхон тоогоогүй юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр уг хэрэгт сум орон нутгийн удирдлагууд ч холбогдоод байгаа гэнэ.

Дээрх сэжигтэн Э-д үүсгэсэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203.2-т заасан зүйл анги нь “Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх заалттай.

Дашрамд, Бог малын мялзан өвчний улмаас Говь-Алтай, Ховд аймагт 3000 орчим бөхөн үхэж, хорогдоод байгаа юм.