Categories
мэдээ нийгэм

ДОХ-ын халдвартай ээжээс 14 хүүхэд төржээ

Өнөөдөр ДОХ-той тэмцэх Дэлхийн өдөр тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан иргэдэд зориулан мэдээлэл хийхээр ЭМЯ, МЗХ, ХӨСҮТ-ийн төлөөлөл болон УИХ-ын гишүүн Д.Гантулга нарын хүмүүс энэ өвчний талаар сүүлийн үеийн албан ёсны тоо баримтыг дэлгэлээ.

Сүүлийн үеийн судалгаагаар Монголд 218 хүн ДОХ-ын халдвартай болох нь тогтоогдсон аж. Харин тэдний ард 15-49 насныхны дунд 457 халдвартай иргэн байж болзошгүй гэсэн судалгааг гаргадаг бөгөөд ДОХ-той ээжээс 14 хүүхэд төржээ.
Энэ жил “ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж. Түүнчлэн энэ өдрийн тохиолдуулан НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Михел Сидибе “ДОХ-ын аюулыг 2030 он хүртэл устгахын төлөө яаравчлая” хэмээн уриалга гаргажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ: Хүнсээ хамтдаа цуглуулъя

Айл өрхийн санхүүгийн зардлын чамлахааргүй хувийг хүнсний зардал эзэлдэг. Тиймээс энэ удаагийнхаа дугаараар уншигч таныг бидэнтэй хамт хүнсээ цуглуулахыг урьж байна.

Гийгүүлэгч-Сэржээ /Гадаадад амьдарч буй Монголчуудыг төлөөлнө/

Гэрийнхээ хүнсийг цуглуулах үед тэр ч чихрийг авчихмаар, энэ ч жимсийг идчихмээр санагдаад тооцоогүй зардал их гардаг шүү дээ. Тиймээс юун түрүүнд зардлынхаа бүтцийг гаргаад үзээрэй. Хамгийн түрүүнд танай гэр бүлийн хүнсний хэрэгцээнд зайлшгүй байх ёстой зүйлсийгтөрлөөр нь жагсаагаад, сард хэдий хэмжээгээр худалдан авахаа баримжаагаар бичих юм. Жишээ нь:

  • Мах – 8 кг*15000=120,000
  • Гурил, будаа – 20000
  • Хүнсний ногоо – 4*10000=40,000/7хоногт 10мянга/
  • Сүү цагаан идээ – 4*10000=40,000/7хоногт 10мянга/
  • Жимс жимсгэнэ – 4*15000=60,000/7хоногт 15мянга/
  • Бусад зардал – 40000 гэх мэтээр жагсаагаад бичээрэй.

Хүнснийхээ зардалд “бусад зардал” хэмээх ангиллыг оруулсан шалтгаан нь өөртөө хэт хатуу хандахгүй гэсэндээ тэр. Учир нь өөртөө хэтэрхий их хэмнэх гэсэн код суулгачихаар эсрэгээрээ бүр ч их мөнгө үрдэг талтай. Нэг ёсондоо хэмнэхдээ ч “аз жаргал”-тай хэмнэх нь зүйтэй юм. Тиймээс өөртөө бусад гэсэн нөөц төлөвлөөг заавал үлдээж байгаарай.

Ингэж төлөвлөсөн мөнгөндөө хүнсний зардлаа багтаахын тулд ямар арга хэрэглэдгээ тантай хуваалцъя.

ЗӨВХӨН НЯМ ГАРИГТ Л…

Биням гариг бүр ирэх 7хоногийнхоо хоолны цэсийг гаргадаг. Хоолны цэсээ хэрхэн гаргах вэ? гэж үү. Энэ нь тун амархан. Би нөхөр, охин хоёроосоо тухайн долоо хоногт ямар хоол идмээр байгааг асуудаг. Бас өөрийн идэх дуртайболон хийхэд амархан, мөн эдгээр хоолонд орсон материалыг ашиглаад хийж болох хоолнуудыг жагсаахад л тухайн 7хоногийн маань “Menu” бэлэн. Ингэснээр хүнсний ногоогоо хөргөгчинд хатааж хаяхаас сэргийлэхээс гадна хамгийн гол нь эрүүл хүнс хэрэглэх боломжийг олгодог.

“Menu” бэлэн болсны дараа би хүнсний зах явахаасаа өмнө заавалхөргөгчөө цэгцэлдэг. Хөргөгчинд байгаа хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаад ард нь дуусах хугацаа, задалсан он сар өдөр, ямар хэлбэрээр байгаа/махны хувьд татсан, цул мах эсвэл адуу, хонь, үхрийн мах гэх мэтээр ангилах, түргэн мууддаг ногоонуудыг хөлдөөх эсвэл даршлах/ зэргийг бичээд нэмж юу авахаа бичнэ. Хүнсээ цуглуулсны дараа жагсаалтаа хаялгүйгээр хөргөгчнийхээ нүүрэн дээр наачих. Энэ нь танд ирэх долоо хоногт хөргөгчөө цэгцлэхэд тань туслана.

Сарын болоод долоо хоногийнхоо хүнсний зардлыг тооцчихсон бол мөнгөө хэрхэн тооцоотой зарцуулах вэ?

ТАНД 6 ДУГТУЙ БАЙХАД Л ХАНГАЛТТАЙ

Бисарын эхэнд хүнсэнд зарцуулах мөнгөө 6 дугтуйнд хуваадаг. Эхний дугтуйн дахь мөнгөөрөө мах, гурил, будаа гэх мэт сардаа нэг авдаг, удаан хадгалдаг хүнсээ худалдан авна. Харин 2 дахь дугтуй маань гэнэтийн зардлын дугтуй. Үлдсэн 4 дугтуй нь тэнцүү хэмжээний мөнгөтэй. 7хоног бүр нэг дугтуйгаа сугалж аваад л хүнсний зах руу жирийлгэнэ шүү дээ.

Заримдаа жимс, сүү худалдан авах шаардлагагүй үед үлдсэн мөнгөө гэнэтийн зардлын дугтуйндаа хийдэг. Сарын сүүл болоход үлдсэн мөнгөө аяллынхаа хадгаламжруу хийчихнэ.Аялна даа гэсэн бодол маань надад бага ч гэсэн мөнгө үлдээх ухамсрыг суулгаж өгсөн шүү.

Хүн бүрийн хүнсний зардлаа тооцох арга нь өөр. Хэрэглээндээ үндэслэж зардлаа тооцох, эсвэл эхлээд зардлаа тооцоод хэрэглээгээ тааруулж болно. Гол нь эхний 1-2сардаа хүнсэндээхэдий хэмжээний мөнгө зарцуулснаа тооцож,худалдаж авсан бүх хүнс болон мөнгөө тэмдэглээд үзээрэй. Сарын сүүл эсвэл долоо хоногт зарцуулсан мөнгөө ангилаад үзэх юм бол хэдэн төгрөг хүнсэндээ төсөвлөж болох баримжаатай болно гэсэн үг.

Гийгүүлэгч Тогоо /олон нийтийг төлөөлнө/

Ам бүл 5-лаа амьдардаг манай гэр бүлийн хувьд цалин буухаар буюу сард 2 удаа хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулдаг. Олон хүнсний дэлгүүр, зах Барсаас бараагаа татдагийг мэдсэнээс хойш тэндээс авчихдаг. Үнэнээ хэлэхэд сэтгүүлчийн ажил ихтэй гэсэн шалтгаанаар олон жилийн турш би хүнсээ цөөн удаа цуглуулж байжээ. Хэрвээ цуглуулах бол гэрийн ойр байх дэлгүүрээс авчихдаг талтай. Бас худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тэр бүр харахгүйгээр сагс руугаа хийчихээд, кассан дээр мөнгө дутахад хамгийн үнэтэйг нь хасуулж байсан удаа ч бий. Гэхдээ бас надад сайн тал бий шүү. Энэ жил би ногоо хямдхан байхад нь өргөст хэмх, хүрэн манжин дарсан. Хачраа задлах бүрт гэрийнхний маань магтаал бэлтгэсэн хоолыг маань улам амттай болгодог. Ирэх жил бас ногоо дарна гэж бодож байгаа. Амралтын өдрүүдэд гурилаа зуурч хэрчээд, бууз баншаа чимхээд хөлдөөчихдөг. Энэ нь ажил оройтсон, ядарсан үед бас амар байдаг. Ер нь бол сайн нөхөртэй азтай хүүхнүүдийн нэгт тооцогдох би гэдэг хүн энэ удаад бусадтай хуваалцах зөвлөгөөгөөр маруухан байгаа тул найзыгаа урьж байна. Энэ бол ТВ-5 телевизийн сэтгүүлч гэдгээр нь хүмүүс андахгүй Э.Дагиймаа. Сэтгүүлчийн нөр их ажил, саяхан томилогдсон Нийслэлийн хэвлэл мэдээллийн албаны дарга гэсэн хариуцлагатай ажлын хажуугаар гэр бүлээ товхийтэл аваад явчихдаг хүн.

Найз маань намар эгч дүүстэйгээ нийлээд 3-4 айлын хүнсний ногоо дардаг. Намар нэг кг өргөст хэмх 1500 төгрөгийн үнэтэй байдаг. Даршлахад 2 шил болно. Дэлгүүрт шилтэй өргөст хэмх 3-4 мянган төгрөгийн үнэтэй гээд тооцоход чамлахааргүй их мөнгө хэмнэж байгаа биз. Мөн тэрбээр “нэрийн бараа”- ны дэлгүүрээр үйлчлүүлэхийг зөвлөж байна. Сүү ХК-ийн нэрийн барааны дэлгүүрт л гэхэд бүтээгдэхүүнүүд нь дэлгүүрт зарагддагаасаа 500-1000 төгрөгөөр хямдхан байдаг тул 7 хоногийн сүүгээ нэг дороос авчихдаг. Мөн НВЦ зэрэг нэрийн барааны дэлгүүрээс өндөг, тахианы махаа бэлдэх нь хоолны жоронд ч нэмэртэй, хүүхдүүд ч дуртай, мөнгөнд ч хэмнэлттэй шүү дээ гээд инээх.

Хамгийн гол нь удаан хадгалах боломжтой гурил будаа зэргийг бөөний үнээр нь авч байх, E-mart, Good price зэрэг томоохон худалдааны төвүүдэд ахуйн хэрэглээний саван шампунь зэрэг маш сайн хямдардаг тул энэ үеэр нь бөөндөж авчихаад харанхуй өрөөндөө дарчихыг сануулж байсан.

Мөн нэг удаад л 200 гаруй мянган төгрөг зарцуулаад талх баригч авчихсан байхад, орой 2 аяга гурил бусад жортой нь хамт хийгээд л өглөөг шинэхэн талхтай угтдаг болжээ. Та заавал дэлгүүрүүдийн хөнгөлөлтийн картын эзэн болоорой. Бонусаа хурааж байгаад мөнгөгүй үедээ ч ашиглаж болно. Дагий маань BSB-ийн хөнгөлөлтийн картанд цугларсан бонусаараа 200,000 төгрөгийн үнэтэй барааг 40,000 мянган төгрөгөөр авч байсан ч удаатай. Манай уншигчтай өөрийнхөө туршлагаас хуваалцсан найздаа баярлалаа.

Гийгүүлэгч-Номин /санхүүч/

Эзэгтэй хүн бүр гэрийнхэндээ ямар хоол хийх вэ? Ямар хүнсний бүтээгдэхүүн амин дэмтэй, чанартай байх бол? Эрүүл зөв хооллолтыг яаж төлөвшүүлэх вэ? гэсэн асуулттай тулгардаг.

Бидний эргэн тойронд генийн өөрчлөлттэй, химийн бордоотой, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн их болж. Иймээс бид сонголтондоо л хамгийн их анхаарах шаардлагатай юм болов уу гэж боддог юм.

Манай гэр бүлийн хувьд эрүүл витаминлаг хүнс хэрэглэхийн тулд намар хүнсний ногоог түлхүү хэрэглэж, махны хэрэглээгээ багасгадаг. Харин өвөл дарсан ногоо, жимс, сүү сүүн бүтээгдэхүүн, хөлдөөсөн самраа амтархан идэх зэргээр чанартай хүнс хэрэглэхдээ анхаардаг. Хүнсний зардлаа хэмнэх, эрүүл хүнс хэрэглэхийн тулд аль болох өөрсдөө боловсруулж бэлтгэсэн хүнсээ гэртээ хэрэглэхийг зорьдог юм.

ХҮНСЭЭ ӨӨРӨӨ БЭЛДЭХ:

Талх гурилан бүтээгдэхүүнийг гэртээ хийх, баярын үеэр өөрийн гараар хийсэн бялуу, кекс, пицца зэрэг амттанууд бэлтгэх, зуны улиралд хүүхдүүдээ өөрийнхөө хийсэн зайрмагийг өгдөг. Тараг бүрэх, шар сүү ээдэм, аарц бэлтгэж хэрэглэх, сүүгээ намар хөлдөөж хадгалаад өвөл хэрэглэх, маслоны оронд цөцгий болон өрөм хэрэглэх, өрмөөр тос холих, ургамлын тосны оронд сүүлний тос ашиглах, намар жимс хямдхан үед чанамал бэлтгэх ногоо даршилж өвөл хүнсэндээ хэрэглэдэг болсон.

Өөрийн гараар бэлтгэсэн хоол маань хамгийн гол нь миний гэр бүл, хайртай хүмүүсийн маань эрүүл мэндийг хамгаалдаг юм. Мөнгөнд ч хэмнэлттэй.

Манайд оронд нарийн ногоонөндөр үнэтэй байдаг. Тиймээс сүүлийн 1 жилийн хугацаанд гэртээ тарих боломжтой амтат чинжүү, ногоон сонгино, салатны навч, бууцай, гүзээлзгэнэ зэрэг ногоог гэрийнхээ тагтан дээр тарьдаг болсон. Эдгээрийн үрийг нэг уутыг 500-2000 төгрөгний хооронд худалдаж авахаас өөр зардал гардаггүй. Харин ч маш их амин дэмийг манай гэрт бэлэглэдэг.

Мөн зуслангийн хашаандаа нөхрийнхөө хамтаар төмс, лууван, манжин, хүрэн манжин, байцаа, сонгино тарьж эхэлсэн. Хүлэмжиндээ 12 төрлийн ногоо тарьсан маань 2 айлан хэрэгцээнд жилийн 4 улиралд шинэхэн ногоо идэх боломжийг нээж өгсөн юм. Мэдээж анхны жил учир хүлэмж, хөрс, усны сав гэх мэт зардлууд багагүй гарсан ч ирэх зунаас борлуулах хэмжээний ургац хурааж авна гэж төлөвлөж байгаа.

Танд ногоо тарина гэдэг амаргүй санагдаж байна уу? Та телевизийн өмнө элдэв солонгос кино үзэж, утсаа “маажиж” суухаа больчиход л гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрүүлж, үр хүүхэддээ үлгэр дуурайлал үзүүлэн ногоо тарих хангалттай цаг гараад л ирнэ.

Хүнсний зардлаа тооцдог аргаасаа хуваалцвал:

Шинэхэн хүнсний бүтээгдэхүүн авахыг эрмэлздэг учир ихэвчлэн долоо хоногт нэг удаа бөөний худалдааны төвөөс худалдан авалт хийдэг. Дэлгүүрийн лангуун дээрх бүтээгдэхүүн үнэтэйгээс гадна удсан, хугацаа хэтэрсэн байх нь олонтаа. Тиймээс хүнсний зардлаа долоо хоног,сар, улирал, хагас жилээр нь төлөвлөдөг.

Долоо хоног

Сар

  • Хүнсний ногоо

20,000

  • Мах /үхэр, хонь, гахай, тахиа г.м./
  • Өндөг
  • Талх, гурилан бүтээгдэхүүн
  • Сүү, тараг
  • Жимс, жимсгэнэ /алим, банана, лийр г.м/

100,000

7,000

2.Ааруул, өрөм /хөлдөөсөн/

20,000

10,000

15,000

20,000

Нийт мөнгөн дүн

120,000

Нийт мөнгөн дүн

72,000

Улирал

Хагас жил

  • Хоолны амтлагчууд
  • Цайны идээ
  • Элсэн чихэр

10,000 -20,000

  • Гурил /1,2-р гурил, бүхэл үрийн гурил, хүнсний хивэг/, гоймон
  • Будаа /цагаан, гурвалжин, шар будаа г.м./
  • Намрын улиралд шинэхэн жимс авч хөлдөөдөг /аньс, нэрс, чацаргана, мойл г.м/

35,000

10,000

65,000

70,000

Нийт мөнгөн дүн

20,000

Нийт мөнгөн дүн

180,000

4 ам бүлтэй манай гэрийн тооцоо-72,000*4+120,000+20,000/3+180,000/6=444,700 төгрөг сарын хүнсний хэрэглээнд зарцуулагдахаар төлөвлөсөн. Өдрийн хоолоо гэртээ бэлтгэдэг учир хүнсний зардал өндөр байх талтай. Худалдан авах үедээ дутсан мөнгөө хэмнэсэн мөнгөнөөсөө тооцоод төлөвлөсөн мөнгөн дүндээ тааруулдаг. Мэдээж тооцоолсноос илүү гарах үе чбас тохиолддог. Энэ мөнгөө нэг бол гэнэтийн хэрэгцээндээ эсвэл хуримтлалдаа хийдэг.

Categories
мэдээ нийгэм

Газрын дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт Нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхарт нээлттэй явуулна. Дуудлага худалдаа болоход тав хоног үлдээд байна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг өнөөдрөөс буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8:30 минутаас эхлэн – 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 9:30 минут хүртэл Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн 307 тоот өрөөнд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/06, 2015 оны 32/32, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 99 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/781 дүгээр захирамжийн дагуу Нийслэлийн зарим дүүргүүдийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна.

Энэ удаа Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт орон сууц, аж ахуй, фермер, амины орон сууц, худалдаа үйлчилгээ, зочид буудал, конторын барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ барих зориулалт бүхий нийт 25 байршилд нээлттэй дуудлага худалдаа явагдана гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын дарга үг хэллээ

УИХ-ын эрхэм гишүүдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 1 бол ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр билээ. Тиймээс эрхэм төрийн түшээд та бүхний анхаарлыг энэ асуудалд хандуулъя гэж бодлоо.

Монгол Улсад энэ өдрийг ДОХ-той тэмцэх асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, өвчний эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэсээр 20 гаруй жил болж байна.

Бидний амьдарч буй энэ цаг үед тохиосон “чимээгүй тахал”-тай дэлхий нийтээр тэмцэж байгаа ч тархалт нь төдийлэн буурахгүй байгаа юм.

2016 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсад ДОХ-ын 219 тохиолдол бүртгэгдсэнээс 35 нь нас барсан байна. Нийт тохиолдлын 62 хувийг 25-35 насны залуучууд, 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд 99 хувь нь бэлгийн замаар дамжсан гэсэн статистик байна.

Монгол Улс 2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний чуулга уулзалт дээр халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, Хүний дархлал хомсдолын вирусийн халдварыг цусаар болон эхээс урагт дамжуулахгүй байх амлалт авч байснаа өнөөдрийг хүртэл биелүүлж чадаж байгаа. Өөрөөр хэлбэл ийм тохиолдол Монголд бүртгэгдээгүй байна. Хүний дархлал хомсдолын вирусийн тархалт манай нийт хүн амын дунд 0.1 хувиас бага байна. Энэ нь ДЭМБ-ын ангиллаар манай улс халдварын тархалт багатай орны тоонд багтаж байна гэсэн үг. Гэхдээ бид тайвширч болохгүй.

Монгол Улсын нийт хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг, иргэдийн шилжилт хөдөлгөөн, гадагшаа болон дотогшоо чиглэсэн аялал жуулчлал эрс нэмэгдсэн зэрэг нь бидэнд эрсдэл нэлээд өндөр байгааг харуулж байна. Тиймээс энэ аюулт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг анхаарлын гадна нэг хором ч үлдээж болохгүй юм.

Юуны өмнө иргэддээ эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг олгох, ялангуяа хүүхэд залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар насны онцлогт нь тохирсон боловсрол эзэмшихэд нь туслах явдал нэн чухал байна. Иргэдээ үзлэг шинжилгээнд бүрэн хамруулах, архидан согтуурах, хар тамхи хэрэглэх, биеэ үнэлэх зэрэг гаж үзэгдлээс хамгаалах нь төр, засгийн болон бүх шатны байгууллага, иргэн болгоны үүрэг, ирээдүйн өмнө хүлээх хариуцлага юм.

Манайд “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Монгол Улсад ХДХВ/ДОХ-той тэмцэх үндэсний стратеги” гэх мэт батлан гаргасан хөтөлбөр арга хэмжээ цөөнгүй бий. Гэхдээ энэ ажил зөвхөн “Глобаль” сан, төрийн бус цөөн байгууллагуудын үүрэг мэтээр явж ирснийг нуух хэрэггүй. Нэгэнт батлан гаргасан хөтөлбөр, зорилтоо хэрэгжүүлэх, аюулт өвчнөөс ард иргэдээ хамгаалах ажил илүү өргөн хүрээтэй, далайцтай байх ёстой. Тиймээс Засгийн газрын хүлээх үүрэг хариуцлагыг илүү тодорхой болгох талаар саяхан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр хөндөгдсөнийг анхаарах ёстой.

НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтод 2030 он гэхэд ДОХ-ын тархалтыг зогсоох асуудал туссан. Энд Монгол Улсын, монголчуудын хүлээх үүрэг, оруулах хувь нэмэр ч байх учиртай.

НҮБ-аас өнөөдрийг “Хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх арга Та бидний гарт” уриан дор тэмдэглэхээр болжээ.

Энэ уриалгыг хэрэгжүүлэх, иргэдээ халдварт өвчнөөс сэргийлэх нийтийн хүчин чармайлтыг нэгтгэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар төр, түмнээ төлөөлсөн Эрхэм гишүүд та бүхэн ихийг хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Та бүхэндээ, нийт иргэддээ сайн сайхныг, эрүүл энхийг хүсье.

Categories
мэдээ нийгэм

ДОХ-ын халдвараас сэргийлэхийг уриалж байна

Дэлхий нийтээрээ Хүний дархлал хомсдлын вирүс, Дархлалын олдмол хомсдлын асуудалд анхаарлаа хандуулах өдрийг “ХДХВ/ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриан дор 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдрүүдэд тэмдэглэж байна. 30 гаруй жилийн хугацаанд хүн төрөлхтөн асар их хичээл зүтгэл гаргаж байгаа ч өнөөг хүртэл Дархлалын олдмол хомсдлыг төгс эмчлэх аргыг шийдвэрлээгүй, зөвхөн вирусийн хөгжлийг саармагжуулах, дархлааг дэмжих эмчилгээг хийж байна.

2015 оны байдлаар дэлхийд:

  • 17 сая хүн ретровирүсийн эсрэг эмчилгээнд хамрагдсан,
  • 36.7 сая хүн ХДХВ-ын халдвартай амьдарч байна,
  • 2.1 сая хүн 1 жилд ХДХВ-ын халдвар шинээр авсан,
  • 1.1 сая хүн ДОХ-ын улмаас нас барсан.

Манай орон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын ангиллаар нийт хүн амын дунд ХДХВ-ын халдварын тархалт багатай, харин эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд багтдаг.

Манай улсад ХДХВ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн ба 2016 оны 11 дүгээр сарын 8-ны байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 218 тохиолдол бүртгэгдэж, 183 хүн Ретровирусийн эмчилгээ хийлгэж байна. Нас баралтын тохиолдол нийт 35 байна.

Нийт тохиолдлын 62 хувийг 26-34 насны иргэд эзэлж, 99 хувь нь бэлгийн замаар Хүний дархлал хомсдлын вирусийн халдвар авсан байна.

Иймд урьдчилан сэргийлэх талаар мэдлэгээ дээшлүүлж, сайн дурын зөвлөгөө шинжилгээ, эмчилгээ, хяналтад эрт хамрагдаж, өөрсдийгөө болон дотны хүмүүсээ халдвараас сэргийлэхийг уриалж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай хуралдаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг хуулийн төслийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм. Хуулийн төсөлд “Засгийн газрын хуралдаанаас 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулан, Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахыг чиглэл болгосон болно. Гишүүдийн олонх уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Дараагаар нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг хэлэлцэх үед Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх санал гаргав. Ийнхүү чуулганы хуралдаан хаалттай горимд шилжин үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдаж байна

Ерөнхий сайдын 120 дугаар захирамжаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шинэ бүрэлдэхүүнийг баталсан. Уг хороо өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар 2015-2016 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэж, 2016-2017 онд хийх ажлын төлөвлөгөөгөө батлах юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хурлыг нээж “Улаанбаатар хотын агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс агаарын бохирдлыг буруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Цаашид бид агаарын бохирдлын төлбөрийг зориулалтын дагуу зарцуулах замаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, халаалтаа цахилгаанаар шийдэж байгаа айл өрхөд шөнийн цахилгааны урамшуулал олгох,стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, нийтийн тээврийг хийн түлшинд шилжүүлэх, үйлчилгээг боловсронгуй болгох, хөдөө орон нутаг, томоохон суурин газруудын агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо, төрлийг нарийвчлан тогтоох, аймаг, сумын төвийн эрчим хүчний хүрэлцээ хангамжийг сайжруулах, агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зэрэг асуудлыг төрийн бодлогын хэмжээнд шийдвэрлэж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана” гэв.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Өнөөдөр агаарын бохирдол зөвхөн Монгол улсад нүүрлэж байгаа асуудал биш юм. Дэлхий нийтээрээ энэ асуудалд анхаарал хандуулж байна. Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдолтой 50 хотоос 47-д эрэмбэлэгдсэн. Амьсгалын замын эрхтэний өвчлөл 2005 онд 10 мянган хүн амд 697 байсан бол 2014 онд 1730 болж 2.4 дахин өссөн харамсалтай тоо баримтыг судалгааны байгууллагууд мэдээллэж байна. Өнөөдөр байгаль орчны яамны хэн ч байсан байгаль орчны эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа үйл ажиллагааг таслан зогсоож чаддаггүй.Мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллагад хандаж санал хүргүүлэхээс цааш хэтэрч ажиллах эрх зүйн боломж байхгүй байна. Гэтэл ард иргэд БОАЖЯ-наас онгон дагшин байгаль, ариун тунгалаг гол мөрнөө хамгаалахыг, хэвээр үлдээхийг шаардсаар байна. Иймд агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах зэрэг шийдвэртэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна” гэлээ.

Ирэх онд батлагдсан төсвөөс агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангаж, эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг тэглэх, сайжруулсан зуухаар хангах, шахмал түлшээр хангахад тус тус зарцуулахаар төлөвлөжээ. Хуралд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, гишүүд, УУХҮЯ, болон бусад төрийн байгууллагын газар, хэлтсийн дарга, төсөл хэрэгжүүлэгчид оролцож байна хэмээн БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

ХУД-ийн 16 дугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан 243 дугаар цэцэрлэг нээлтээ хийж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа.

Тус цэцэрлэгийн нээлтэнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн оролцож хэлсэн үгэндээ “Бид хүүхэд багачуудынхаа сурч боловсрох орчныг бүрдүүлэх үүрэгтэй хүмүүс. Нөгөө талаас энэ цэцэрлэгийн бүтээн байгуулалт бол иргэд та бүхний санал, санаачилгын үр дүнд боссон гэдгийг онцлон хэлмээр байна. Учир нь Орон нутгийн сонгуулиар 16-р тойргийн иргэдтэй уулзалт хийж явж байхад нэн тэргүүнд шаардлагатай зүйл бол цэцэрлэг гэж хэлж байсан. Өнөөдөр ийм сайхан цэцэрлэг нээлтээ хийж бидий ирээдүй болсон бяцхан үрсийг маань сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа нь бидний хамтын ажиллагааны бодит үр дүн юм” гэлээ. Тус цэцэрлэг нь 10 бүлэгт 240 хүүхдийн ортой бөгөөд хамран сургах тойргийн 360 хүүхдүүдэд 38 багш, ажилчид сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

ХУД-ийн 16 дугаар хороонд 0-5 насны 920 хүүхэд бүртгэлтэй байдгаас өнөөдрийн байдлаар 223, 243 цэцэрлэгт 660 хүүхэд суралцаж, нийт хүүхдийн 80 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа юм.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий энэхүү цэцэрлэгийг “Морин сувд” ХХК гүйцэтгэсэн бөгөөд энэ сарын 14-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн аж. Энэхүү цэцэрлэгт БСШУСЯ-наас 43 сая төгрөг, Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд 29 сая, эцэг эх, бусад байгууллагаас 13 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тохижуулсан байна гэж ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бага ангийн сурагчид энэ сарын 29-өөс амарна

Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г өнгөрсөн 10 дугаар сарын 21-ний баталж, танилцуулсан билээ. Ингэснээр хичээлийн жилийн бүтцээсээ хамаарч жил бүр өөрчлөгддөг сурагчдын амралт цаашид тогтвортой мөрдөгдөхөөр болсон юм.

Шинэ журмын дагуу Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амрана. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм. Өөрөөр хэлбэл хот, хөдөөд сурагчдын хичээллэх болон амрах хугацаа нэгэн адил байна.

Харин аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн долоо хоног амарч байхаар болсон. Мөн орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мал төлөлтийн үеэр амрааж байх зохицуулалтыг хийж, тухайн орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд сурагчдын гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох аймгийн Засаг даргад олгожээ.

Сургалтын ачаалал, амралтын харьцаа зохистой байх шаардлагад нийцүүлэн бага ангийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж байхаар зохицуулалтыг мөн хийсэн юм. Тухайлбал, 1-2 дугаар ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сарын 25-наас, 3-5 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 1-нээс тус тус амардаг болно.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа

– Нийслэлийн сурагчдын:

1 дүгээр улирлын амралт

Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;

2 дугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног,
  • VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног;

3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног;

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.

– Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын:

1 дүгээр улирлын амралт

Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;

2 дугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног,
  • VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног;

3 дугаар улирлын дундуур

Цагаан сарын амралт 1 долоо хоног;

3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.
Categories
мэдээ нийгэм

Х.Бадамсүрэн албан тамгаа хүлээж авлаа

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захиралаар Х.Бадамсүрэнг томилсон билээ. Тэрээр өчигдөр тамгаа гардаж, Ц.Даваацэрэн үүрэгт ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдлөө. Ийнхүү үйлдвэрийн удирдлагууд тамгаа солилцох үеэр Ц.Даваацэрэн “Өнгөрсөн гурван жил 10 сарын хугацаанд Монгол Улсын тэргүүлэх үйлдвэрийн шилдэг менежерүүд, ажилтнуудтай хамтарч ажилласандаа баяртай байна. Үйлдвэрийн нэр хүндийг олон улс, хамтран ажилладаг компаниудын өмнө унагасан менежментийн алдаа миний хариуцаж байсан баг, хамт олны үед гараагүй гэдгийг бахархалтай хэлнэ. Цаашид энэ чиглэлээр тодорхой бодлого баримталж ажиллах шаардлагатай” гэсэн юм.

Харин шинээр томилогдож байгаа Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь нь Монголын хувийн компанид шилжсэн. Өмчлөлийн хувьд өөрчлөгдсөн шилжилтийн гэж хэлж болохоор цаг үед хариуцлагатай албыг хүлээж авч байна. Ийм хариуцлагатай, эгзэгтэй цаг үед надад итгэл хүлээлгэж буй Монголын төр, үйлдвэрийн хувьцаа эзэмшигчид та бүхэнд талархаж байна. Та бүхний итгэл найдварыг биелүүлж ажиллахаа илэрхийлье” гэлээ. Х.Бадамсүрэн албан тамгаа хүлээж авч, ажилдаа орлоо.