Categories
мэдээ улс-төр

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Бэрт Хофманыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд маргааш эхлэх (XII.02) Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалтад оролцохоор ирсэн Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Бэрт Хофманыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын хөгжил дэвшил, ард түмний амьдрал ахуйд чухал хувь нэмэр оруулсан олон чухал төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, 20 гаруй жилийн турш хамтран ажиллаж ирсэн Дэлхийн банкийг монголчууд хамгийн дотнын түншээ гэж үздэг гэдгийг тэмдэглэв.

Тэрбээр Монгол Улсын эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй тулгарч, өнгөрсөн 3-4 жилд явуулсан төсвийг хэт тэлсэн бодлого, төсвөөс гадуурх санхүүжилт эрс нэмэгдсэн, олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэ унасан зэрэг шалтгааны улмаас эдийн засгийн өсөлт хасах руу орж магадгүй болсон, олон улсын үнэлгээ, шинжилгээний байгууллагууд эдийн засгийн төлөв байдлыг сөрөг үзүүлэлтээр дүгнэж буй амаргүй цаг үеийг даван туулахад бидний өөрсдийн хүчин чармайлтаас гадна олон улсын банк санхүүгийн байгууллага, хөрш болон харилцаа, хамтын ажиллагаатай улс орнууд, түүний дотор Дэлхийн банкны дэмжлэг чухал гэдгийг онцоллоо.

Түүнчлэн Засгийн газар, Хөгжлийн түншүүдийн хамтарсан уулзалтад оролцох үеэрээ Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, манай талын тавьсан саналын дагуу хөгжлийн бодлогын тусламж дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Ноён Б.Хофман хүлээн авч уулзаж буйд УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд “Монгол Улс, Дэлхийн банкны хамтын ажиллагааны 25 жилийн ой тохиож байна. Миний бие 22 жилд нь Монголтой холбоотой ажил алба эрхэлж байгаадаа баяртай байна” гэлээ.

Тэрбээр эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг УИХ байнга, тууштай дэмжиж буйд талархаж байна. Хэдийгээр богино хугацаанд хүндрэл учирч байгаа ч урт хугацаандаа Монгол Улсыг дэвшил хөгжил, өөдрөг ирээдүй хүлээж байна.

Монгол Улс ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлж байгааг бид мэднэ. Энэ нь Дэлхийн банк, Монгол Улсын хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлбэл бидэнд техникийн тусламж дэмжлэг үзүүлэх, хөгжлийн түншүүдийн үйл ажиллагааг Монгол руу чиглүүлэх боломж бүрдэх юм хэмээн онцоллоо.

Ноён Б.Хофман УИХ-аас саяхан баталсан Засгийн газрын “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” сайн хөтөлбөр болсон бөгөөд олон улсын банк, санхүүгийн байгууллага, түнш орнуудад итгэл төрүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.

“Дэлхийн банк Монгол Улстай тогтвортой, урт хугацаанд хамтран ажиллах сонирхолтой байдаг. УИХ-аар Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төслийн зээлийн хэлэлцээр”-ийг баталсанд талархаж байна. Цаашид бид хөдөлмөрийн зах зээлийг идэвхжүүлэх, санхүү эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, эрчим хүчний хөгжлийг дэмжих гээд гурван ч төслийг хэрэгжүүлэхээр тохирсон. Удахгүй УИХ-аар орж хэлэлцэгдэнэ гэдэгт найдаж байна” гэж ноён Б.Хофман онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд өргөн уудам газар нутагтай, байгалийн баялаг ихтэй, хүн ам цөөтэй манай орны хувьд зөв бодлого, оновчтой шийдвэр гаргаж ажиллаж чадвал хүндрэлээс гарах, цаашид хөгжлийн ирээдүйг бүтээх бүрэн боломжтой гэсэнтэй ноён Б.Хофман санал нэгтэй байгаагаа тэмдэглээд “Хамтын ажиллагааны асуудлаар Таны дэвшүүлсэн санал бодлыг Дэлхийн банк Монгол Улстай хамтран ажиллах зорилт, үйл ажиллагаандаа тусгаж ажиллах болно” хэмээвгэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ажилтай танилцлаа

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Г.Занданшатар нар өнөөдөр /2016.12.01/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт очиж, ажилтай нь танилцлаа.

Эхлээд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат илтгэл тавьж УИХ-ын гишүүдэд байгууллагын болон салбарын ажлаа танилцуулсан.

Тэрбээр салбарын өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлаа танилцуулахдаа эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь нэн тэргүүний ажил гэдгийг онцлов.

Дараа нь УИХ-ын хоёр гишүүн санал бодол, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн А.Ундраа салбарын ажилтай танилцаж, бодлогын дэмжлэг үзүүлэхийн тулд ирснээ хэлээд, дэлгэрэнгүй танилцуулга бэлтгэж танилцуулсанд талархлаа илэрхийлсэн. Тэрбээр мөн салбарын алдаа дутагдлыг засах, анхаарах зүйл, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар өөрийн санал бодлоо хуваалцаж, цаашид дугуй ширээний уулзалт хийх зэргээр асуудлыг шийдвэрлэхээр ажиллахаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар мэдээллийн технологийн салбарын урт, дунд хугацааны бодлогод гадны зээл тусламж болон төрийн ямар дэмжлэг хэрэгтэй байгаад тодорхой асуудлаар саналаа хэлэхийг хүссэн.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын холбогдох албаны хүмүүс УИХ-ын гишүүдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Тус газрын дарга Б.Чинбат “Салбарын хувьд дэд бүтэц үүссэн. Энэ сууриа ашиглаад контент үйлдвэрлэж, дата урсгалыг дотооддоо ашиглах зэргээр бодлогын арга хэмжээ авах шаардлагатай байна” хэмээн онцолж байв.

Тэрбээр мөн мэдээллийн технологийн салбарт хүлээгдэж буй томоохон нэг ажил нь Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр бөгөөд энэ ажил Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан гэдгийг хэлсэн.

Уулзалтын үеэр яригдсан бас нэг асуудал нь, Монгол шуудан төрийн өмчит хувьцаат компанийг хувьчлахдаа Маркийн санг төрд авч үлдэх тухай байв. Манай улсын түүхийг өгүүлэх маркийн сан нь ойролцоогоор найман тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэх бөгөөд хувьчлахдаа энэ санг хэрхэх талаар зохицуулалт байхгүй байгааг эргэн харж, төрд авах хэрэгтэй гэдгийг салбарын ахмад ажилтнууд захиж буйг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга УИХ-ын гишүүдэд танилцууллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ХЗДХЯ Нээлттэй нийгэм форумтай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн яам, Нээлттэй нийгэм форумын хамтран “Иргэдийн эрх зүйн чадавхийг дээшлүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Хууль сахиулахын их сургуулийн зааланд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал нар гарын үсэг зурлаа. Хууль зүй, дотоод хэргийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан Бүх нийтийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулах чиглэлээр Нээлттэй нийгэм форумтай хамтран төсөл хэрэгжүүлэх юм байна.

Энэ хүрээнд Нээлттэй нийгэм форумаас хийсэн иргэдийн эрх зүйн хэрэгцээ, шаардлагын судалгааны үр дүнг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг өнөөдрөс эхлэн энэ сарын 17-нийг хүртэл бүсчлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. “Иргэдийн эрх зүйн чадавхын өнөөгийн байдал” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг Хэнтий, Ховд, Өвөрхангай аймагт зохион байгуулах аж.

Categories
мэдээ улс-төр

“Дархан мэргэн” цолтон төрөх боломж хумигдсан учир хуульд өөрчлөлт оруулна гэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Энэхүү хуулийн төсөлд Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд III байр эзэлсэн харваачид “Гоц харваач”, II байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач” цол, нэг түрүүлсэн харваачид “Улсын мэргэн”, Улсын мэргэн цолтон түрүүлбэл “Улсын хошой мэргэн”, Улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл “Улсын даяар дуурсах мэргэн”, Улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл “Улсын дархан мэргэн” цол олгохоор тусгажээ.

Үндэсний сурын харваанд төрийн их баяр наадмаар ганцхан төрлийн цол олгож байгаа, сурын харвааны хөгжил өндөр түвшинд хүрч, өрсөлдөөн ихэссэнээр “Дархан мэргэн” цолтон төрөх боломж хумигдсан нь Үндэсний их баяр наадмын сурын харваанд 6 удаа түрүүлж, “Дархан мэргэн” цол хүртсэн харваач ганцхан төрснөөс харагдаж байгаа тул энэ өөрчлөлтийг хуульд тусгахаар санаачилжээ.

Ийм өөрчлөлтийг хуульд оруулах саналыг Үндэсний сур харваачдын XV их чуулганаар гаргасан байна.

Categories
гадаад мэдээ

Барак Обама 2016 оны Нобелийн шагналтнуудыг хүлээн авч уулзлаа

Өнгөрөгч лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2016 оны Нобелийн шагналтнуудыг хүлээн авч уулзжээ. Ерөнхийлөгч Обама 2016 оны Физикийн Нобелийн шагналт Принстон их сургуулийн эрдэмтэн Данкан Халдейн, Брауны их сургуулийн эрдэмтэн Майкл Костерлиц, эдийн засгийн шинжлэх ухааны шагналтан эрдэмтэн Оливер Хаарт, химийн шинжлэх ухааны нобелийн шагналтан АНУ-ын Нортвестерн их сургуулийн эрдэмтэн Фрейзер Стоддарт нарыг “Цагаан ордон”-д хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ноён ерөнхийлөгч, шагналт хүртсэн эрдэмтдэд баяр хүргэж, та бүхний шинэ нээлт ирээдүйн эрдэмтдэд урам зориг өгч байна гэж хэлсэн юм. Харин уг уулзалтад дуучин Боб Дилан хүрэлцэн ирсэнгүй.

Боб Дилан 2016 оны уран зохиолын төрөлд Нобелийн шагнал хүртсэн. “Цагаан ордон”-ы хэвлэлийн төлөөлөгч Жош Ирнест уулзалтын талаар хэвлэлийн бага хурал хийх үеэр түүнийг ирэхгүй байх ямар нэгэн шалтгаан байгаагүй гэдгийг хэлж байгаа юм. Гэхдээ Дилан өмнө нь Ерөнхийлөгчтэй уулзаж байжээ.

2012 онд Ерөнхийлөгч Барак Обама Ерөнхийлөгчийн нэрэмжит эрх чөлөөний одонгоор Боб Диланыг шагнаж байжээ. Энэ үеэр Дилан Ерөнхийлөгчтэй уулзсан юм.

Categories
энтертаймент-ертөнц

Өчигдөр Парис хотноо 51 дэхь удаагийн“Викториа Секрет” шоу боллоо

Долоо хоногийн бэлтгэлийн дараа өчигдөр энэ жилийн 51 дэхь удаагийн “Викториа Секрет”-н шоу Парис хотноо боллоо. Сахиусан тэнгэрүүд Парис хотноо болж буй шоунд мууран алхаагаа гайхуулан алхлаа. Kendall Jenner, Adriana Lima, Alessandra Ambrosio, Karlie Kloss, Lily Aldridge, Elsa Hosk and Martha Hunt зэрэг маш олон моделиуд тайзнаа эргэн ирсэн байна. Шинээр гарч ирж байгаа Bella Hadid эгч Gigi Hadid-тайгаа нэгдэн хоёр дахь удаагийнхаа шоунд оролцсон байна. Мөн Бехати Принслүү өөрийн анхны хүүхдээ есдүгээр сард төрүүлсний дараа хоёр дахь удаагаа тайзан дээр алхасан байна. Шоуг бүрэн эхээр СВS телевиз 12 дугаар сарын 5-д дамжуулах юм байна. 2012 оны сахиусан тэнгэр болж байсан Жасмин Түүкис энэ жил 3 сая долларын гайхалтай даашинзаар гоёжээ.

Энэ удаагийн шоуны нэгэн гэнэтийн бэлэг нь ОХУ-ын загвар өмсөгч Ирина Шэйк байлаа. Тэрээр хөл хүнд ч гэлээ тайзан дээр гаран олныг алмайруулан алхжээ. Ирина Шейк одоо 30 настай бөгөөд найз залуу Брэдли Күүпэрийн хамт анхны хүүхдээ өлгийдөн авахаар сэтгэл догдлон хүлээж байгаа юм. Ирина “Ээж болохдоо маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд зургаан сартай жирэмсэн аж. Тэд 2015 оны дөрөвдүгээр сараас үерхэж эхэлсэн юм.Энэ удаагийн шоунд дуучдаас Бруно Марс, Лэди Гага нар шоуны тайзнаа ая дуугаа өргөсөн байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

ТҮЦ-үүдийг шалгах явцад хэд хэдэн зөрчил илэрчээ

Нийслэлийн иргэд 1000 гаруй ТҮЦ-ээр үйлчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн судалгаагаар Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 1000 гаруй ТҮЦ байдаг аж. Эдгээр ТҮЦ эрхлэгчийн 98 хувь нь хууль, тогтоомжийг ямар нэг хэмжээгээр зөрчдөг байна. Холбогдох байгууллагаас шалгалт хийж, зөрчлөө арилгахыг шаарддаг ч худалдаа эрхлэгчид төдийлөн биелүүлдэггүйг албаныхан хэлэв. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын тушаалын хэрэгжилтэд өчигдөр гэнэтийн шалгалт хийлээ.

Тус шалгалтыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар болон дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр зургаан дүүрэгт явууллаа. Шалгалтын явцад тамхи ширхэглэн зарах, түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалдаг, ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ороогүй, ажлын хувцас, энгэрийн тэмдэггүй, ариун цэвэр, гар угаах угаалтуургүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн юм. Тиймээс шаардлага хангаагүй ТҮЦ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч, мэдэгдэх хуудас өглөө. Үүнээс гадна нийтийн эзэмшлийн гудамж талбайд буюу явган хүний зам, авто зогсоол дээр өөрсдийн дураар ТҮЦ байрлуулсан зэрэг зөрчил илэрсэн юм.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн хувьд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийт 170 гаруй ТҮЦ байдаг. Ажлын хэсгийнхний тус дүүрэгт хийсэн шалгалтаар 10 гаруй ноцтой зөрчил илрүүлсэн юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын ахлах байцаагч Ж.Ариунаа “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-үүдийн хувьд гадна орчны хог хаягдал, ажлын байрны стандарт шаардлага хангахгүй, тухайн ажлын байранд ажиллаж байгаа ажилчдын хувьд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй. Үүнээс гадна хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг түргэн гэмтдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг ил задгайгаар худалдаалж байна. Мөн ямар нэгэн гарал үүслийн бичиг байхгүй шинжилгээнд хамруулаагүй хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг худалдаалах зэрэг зөрчил илэрч байна” гэлээ. Түүнчлэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгын мэдээлэл дутуу бичигдсэн зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг татан авалт хийлгүүллээ. Улаанбаатар хотын цагдаагийн газраас гарсан зөрчлийг арилгуулахаар хуульд заасны дагуу торгууль ногдуулж, хориотой бараа бүтээгдэхүүнийг хураан авсан юм.

Аж ахуйн нэгж, байгууллага нь шатахуун түгээх станцаас 20 метр зайтай байх ёстой

Харин Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт зөвшөөрөлгүй ТҮЦ эрхлэгчид цөөнгүй байдаг байна. Тэдэнд өнгөрсөн есдүгээр сард хийсэн шалгалтаар үйл ажиллагаагаа зогсоохыг анхааруулж, шаардах хуудас хүргүүлсэн аж. Тус дүүргүүдэд мөн адил тамхи ширхэглэн зарах, түргэн гэмтэх бүтээгдэхүүн буюу хачиртай талх, кимбаб, пирошки зэргийг ил задгай зарж байсан зөрчил илрэв.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн ахмад Я.Сайнбаяр “Уг шалгалтыг Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газрын байцаагчдаас бүрдсэн ажлын хэсэг хийж байна. ТҮЦ эрхлэгчид Тамхины хяналтын тухай хуулийг удаа дараа зөрчдөг. Өнөөдөр ч мөн ялгаагүй тамхи ширхэглэн зарсан нийтлэг зөрчил илэрлээ” гэлээ. Харин нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Б.Идэрмөнх “Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зөвшөөрөлгүй, тодорхой шаардлага биелүүлдэггүй олон ТҮЦ бий. Мөн үйлдвэр үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь шатахуун түгээх станцаас 20 метр зайтай байх ёстой. Гэтэл Шастины нэрэмжит III төв эмнэлгийн автобусны буудлын орчимд байрлах ТҮЦ-үүд нь шатахуун түгээх станцтай зэрэгцээд шахуу үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тиймээс зөвшөөрөлгүй эдгээр ТҮЦ-ийг нүүлгэх хүртэл арга хэмжээ авна” гэв.

Байцаагчдын тогтмол хийдэг шалгалтаар ТҮЦ эрхлэгчид Тамхины хяналтын тухай хуулийг байнга зөрчдөг гэдгийг албаныхан онцлов. Түүнчлэн 2014 онд НИТХ-аас баталсан 54 дүгээр журамд стандартад нийцээгүй, эрх зүйн үндэслэлгүй зүйлийг тусгасан учраас зөрчил их гардаг талаар байцаагчид хэлж байсан юм.

Өнгөрсөн есдүгээр сард хийсэн шалгалтаар ТҮЦ эрхлэгчдийн дйилэнх нь гэрээ байгуулж, зөвшөөрөл аваагүй зөрчил нэлээд байсан аж. Мөн батлагдаагүй байршилд зөвшөөрөлгүй тавигдсан 757 цэг байгаа нь хувийн ашиг сонирхол болон иргэдийг хаа дуртай газраа ТҮЦ байршуулах, шилжин нүүх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн иргэдээс ирүүлж буй санал хүсэлт, гомдлын хүрээнд авч үзэхэд ТҮЦ эрхлэгчдийн дийлэнх буюу 80 -90 % нь цаг хэтрүүлэн ажиллаж байгаа нь тогтоогджээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 15.00 цагт эхлэх байсан ч 40 гаруй минутаар хоцорч эхэллээ. Хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа. Үүний дараа Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэж эхэллээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнх-Оргил: БНХАУ-аас ямар нэг хариу ирүүлээгүй байна

Далай лам манай улсад айлчилсантай БНХАУ-ын тал манайхтай хийх уулзалт, яриа хэлэлцээрээ хойшлуулаад байгаа. Энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос зарим зүйлийг тодрууллаа.

-БНХАУ-тай хийх яриа хэлэлцээрүүд хойшлогдсон. Үүнийг яаж шийдвэрлэхээр ажиллаж байна вэ?

-Тодорхойгүй хугацаагаар яриа хэлэлцээрүүд болон айлчлалууд хойшилсон. Бид гадаад харилцааныхаа шугамаар БНХАУ-ын талд Засгийн газрынхаа байр, суурийг маш тодорхой хэлж байгаа. Энэ байдал хоёр орны харилцаанд нөлөөлөх ёсгүй. Монгол Улс өөрийнхөө зарчмын байр, суурийг баримталсан хэвээрээ байгаа. Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэр, бүрэн бүтэн байдал,тусгаар тогтнолд гүн хүндэтгэлтэй ханддаг хэвээрээ байгаа гэдгээ батлан хэлсэн. Мөн яриа хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд эхлүүлье гэдэг саналаа тавьсан. Хэдийгээр яриа хэлэлцээр хойшилсон ч дотооддоо цэгцлэх, УИХ, Засгийн газрынхаа хуралдаанаар ярилцаж тохирох, байнгын хороотойгоо зөвшилцөх олон асуудал байна. Үүнийгээ хийж байя. Мөн зөвхөн БНХАУ гэлтгүйгээр Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Япон, АНУ, Солонгос зэрэг бусад түншүүдтэйгээ яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа. Бид “Төсөв хүнд байна. Мөнгө төгрөг хэрэгтэй байна” гэхээсээ илүүтэйгээр “Бид ийм бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ арга хэмжээний үр дүнд Монгол Улсын төсвийн алдагдал энэ онд хэдэн хувиар буурна. Дараа жил ч мөн буурна. Зардлаа хэмнэж орлогоо нэмэгдүүлнэ. Төсвийн хариуцлагатай бодлогуудыг хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ” гэдгээ танилцуулаад явах ажлуудыг хийж байна. Манай Засгийн газар төлөвлөсөн ёсоороо бусад орнуудтай асуудлаа ярьж байна. УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 16-нд ОХУ-д айлчилна. Тэнд хэлэлцээр үргэлжилнэ. Маргааш бид донорынхоо зөвлөлдөх уулзалтыг хийх гэж байна. Энэ уулзалтаар дээрх ярьсан асуудлуудаа ярина. Мөн донорын уулзалт дуусмагц Сангийн сайд Б.Чойжилсүрэн Японд айлчилна. Үүний хажуугаар миний бие Германд уулзаж Европын түншүүдтэйгээ уулзана.

-БНХАУ-ын талаас ямар нэгэн хариу өгсөн үү?

-БНХАУ-тай хийх яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх асуудал зөвхөн манай талаас шалтгаалахгүй. Хоёр тал хоорондоо ярьж байж шийдэх асуудал. Тодорхой мэдээлэл ирвэл би хэлнэ.

-Урд хөршийн зүгээс нүүрс, зэсний татварын үнийг нэмсэн гэх мэдээлэл байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

Татвар нэмээгүй. Хураамж нэмсэн. Шинэ төрлийн хураамж нь “Ганц мод” боомтын тоног, төхөөрөмжийг шинэчлэхэд зориулагдан гэсэн. Үүгээр Монгол Улсаас БНХАУ-руу “Ганц мод” боомтоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд нэг тонн нь найман юань, нэг машинд 10 юань, зэсийн баяжмалд нийт үнийн дүнгийн хоёр хувийн хураамж авахаар шийдвэрлэсэн. Өнөөдрөөс энэ хураамжийг авч эхэлж байгаа. Уг асуудалд бид БНХАУ-ын талаас тодруулга авч байна. Хураамж нь хэр удаан үргэлжлэх юм, ямар учир шалтгаантай юм, үүний үр дагавар юу болох вэ, аль болох богино хугацаанд хураамжаа аваад тоног төхөөрөмжөө шинэчлээд эргээд татвараа буулгаач ээ гэх санал тавьж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Японы байгаль орчны асуудлаарх бодлогын зөвлөлдөх уулзалт болж байна

Байгаль орчны асуудлаарх Монгол-Японы Бодлогын зөвлөлдөх 10 дахь удаагийн уулзалт өчигдөр эхэллээ. Зөвлөлдөх уулзалт энэ сарын 2-н хүртэл Улаанбаатар хотноо үргэлжлэх юм. Уулзалтад БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Япон Улсын Байгаль орчны дэд сайд Шигемото Кажихара нар тус тус тэргүүлэн оролцож байна.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр уулзалтын эхэнд Монгол, Япон улс 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр орны хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжсөөр ирсэн. Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг амжилттай хөгжүүлэхэд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгсөөр ирсэн. Монгол, Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн төсөлд Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийг олон улсын санхүүгийн дэмжлэгт хамрагдах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох үндэсний чадавхыг бүрдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр санал өгч, хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэн төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоог өргөжүүлэх зорилгыг БОАЖЯ тавьн ажиллаж хэмээлээ.

Монгол Японы зөвлөлдөх 10 дахь удаагийн уулзалтаар өмнөх жилүүдэд хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж ирсэн төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар хэлэлцэн ирэх онуудад бодлогын төвшинд хамтран ажиллах, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон чиглэлээ тодорхойлох юм. Мөн хоёр тал уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь, Монгол, Япон улсын хоорондын хамтарсан кредит олгох механизмын үйл ажиллагаа, Минаматагийн конвенцын хүрээнд мөнгөн усны менежментийн эсрэг авах арга хэмжээ зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол-Япон улсын Засгийн газар хооронд 2013 байгуулсан “Нүүрс төрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд Хамтарсан кредит олгох механизмын (ХКОМ)-ын төслүүд амжилттай хэрэгжиж буйг хоёр талын төлөөлөгчдийн тэргүүнүүд онцолж байлаа.Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Япон Улсын Байгаль орчны яамтай 2006 онд хоёр талт хамтын ажиллагааны механизм байгуулсан бөгөөд Байгаль орчны асуудлаарх Бодлогын зөвлөлдөх уулзалтыг 2007 оноос зохион байгуулж ирсэн юм.

Мөн Япон улсын Байгаль орчны дэд сайд Шигемото Кажихара, Япон улсын Байгаль орчны яамны Даян дэлхийн байгаль орчны товчооны Олон улсын стратегийн хэлтсийн дарга М.Какегава зэрэг төлөөлөгчид хамтарсан кредит олгох механизмын хүрээнд хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүчний төслийн үйл ажиллагаатай танилцлаа.