Categories
мэдээ нийгэм

Өглөө босоод цардууллаг, хөнгөн хоол идээрэй

“Өглөөний цайг өөрөө, өдрийн хоолыг найзтайгаа хуваа, харин оройн хоолыг дайсандаа өг” хэмээх нэгэн үг бий. Энэ бол өглөөний хоолны ач холбогдлыг тодорхойлж байгаа бодит үнэлгээ гэж үзэх үндэстэй. Өглөөний хоол их ач холбогдолтой. Та өчигдөр орой 19-21 цагийн хооронд хооллосон байгаа. Өглөө босоод 07:00-09:00 цагийн хооронд өглөөний цайгаа уухаар бол та 12 цагийн турш өлсгөлөн байжээ.

Өглөөний хоол иддэг хүмүүс идээгүй хүмүүсийг бодвол бага үдэд илүү сэргэлэн цовоо байдаг. Анхаарал нь илүү төвлөрч сэтгэх нь хурдан, хичээл, ажилдаа идэвхтэй байна. Өглөөний хоолоо идээгүйн муу тал нь өдөртөө их ядрамтгай байдаг. Өглөөний хоол хоногийн хоопны 1/4 юмуу 1/3-тэй тэнцүү байвал зохимжтой.

Өглөөний хоолонд нүүрс ус ихтэй хоол хэрэглэхэд цусан дахь глюкозын хэмжээ нэмэгдэж хүрээлэн буй орчны таагүй нөлөөнд бие махбодын эсэргүүцэх чадварыг сайжруулдаг. Тэр өдрөө эрч хүчтэй байх, тэр өдөртөө тэжээлээр хангалттай байхын эхлэл болно. Биеийн хүчний идэвхийг сэргээж, осол аваарт өртөх нь бага байдаг. Асуудлыг шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлдэг.

Цардууллаг будааны агшаамал, төмс, талх зэргийг бага цардуултай жимс, ногооны зууш, салаттай идвэл бага цардуултай жимс, ногооны амин дэм, ферментүүд цардуулын боловсролтыг сайжруулж өгнө. Бид өглөө бүр талх идэж сурсан улс болохоор эрүүл мэндээ бодож хөх тарианы хар гурилын талх, бүтэн үрийн гурилын талх, хивэгтэй талх, бусад бүдүүн ширхэгтэй гурилын талхан дээр маш нимгэн жинхэнэ монгол цөцгийн тос /маргарин биш/ түрхээд чихэргүй идэж байхыг хичээгээрэй. Цагаан талх, цагаан гурилаар хийсэн чихэргүй бин 7 хоногийн 3-4 өдөрт идээд чихэртэй элдэв боов, жигнэмэгийг өдөр бүрийн идэх зүйл болгож хэрэггүй. 7-10 хоногт 1 удаа идэж бай.

Үдээс өмнө биеийн хүчний ажил хийх, биеийн тамирын хичээлд орох бол уураг бүхий бага зэрэг мах, загас, сүүн бүтээгдэхүүн, үр тарианы бүтээгдэхүүнтэй хоол, сууж ажилладаг ажил хийдэг бол илүү амин дэм, эрдэс бүхий жимс, ногоо, сүүн бүтээгдэхүүн, үр тарианы бүтээгдэхүүнтэй хоол иднэ.

Сайн зажилж удаан идэхээ мартуузай. Зөвхөн хоол боловсруулах эрхтнийг хэвийн байлгах тухай асуудал биш бүх бие махбодод үүсэх хорноос сэргийлэхийн тулд л бид хоолоо сайн боловсруулан шингээхэд анхаарлаа хандуулах ёстой гэдгийг мартаж болохгүй.

Categories
мэдээ нийгэм

Таны биеийг өөрчлөх долоон дасгал

Та шинэ өглөөг эрч хүчтэй эхлүүлмээр байна уу. Тэгвэл танд унтаад сэрсэн биеэ сэргээх энгийн дасгалаас санал болгоё. Зарим дасгал, хөдөлгөөнийг нь өглөө ч гэлтгүй завтай үедээ хийж, биеэ хөгжүүлж болох юм шүү. Мэдээж, хүн бүр л өөрийн биеэ зөв галбиртай болгохыг хүсдэг шүү дээ. Дараахь дасгал, хөдөлгөөнүүд нь хийхэд хялбар ч таны бие дэх илчлэгийг шатаахад хамгийн үр дүнтэй.

Ингээд хамгийн үр дүнтэй долоон дасгалыг танилцуулж байна.

1. Дээс тоглох:

Та хэзээ хамгийн сүүлд дээс тоглосон бэ. Дээс тоглох нь хаана ч хийж болох хялбар бөгөөд хямд төсөр дасгалын хэлбэр билээ. Дээс тоглосноор дасгалыг илүү зугаатай байдлаар мэдрэх болно. Мөн гэр бүлийн хамт, үр хүүхдүүдтэйгээ энэхүү дасгалыг хамтдаа хийх боломжтой юм. Дээс тоглох нь таны зүрхний үйл ажиллагааг идэвхжүүлэх үр нөлөөтэй.

2. Хөндий суух:

Хоёр гараа урагш сунган барьж агаар дээр хөндий суух мэт энэ дасгал таны биеийн бүх булчинг нэг дор ажиллуулах чадалтай. Энэхүү дасгал нь таны биеийн илүүдэл өөхийг арилгах, илчлэг шатаах, булчингуудыг чангалах зэрэг олон үүрэгтэй. Энэхүү дасгалыг та зөөлөн буйдан дээр яг суухын алдад агаар дээр суух хэмжээнд биеэ сойж бариарай. Хөндий суух дасгалыг та өдрийн аль ч цагт хэд хэдэн удаа хийгээд үзээрэй.

3. Суниах:

Суниах нь бусад дасгалаас хүнд ч та үүнийг заавал фитнес клубт очиж хийх шаардлагагүй юм. Суниалтыг хүн бүр төгс хийж чаддаггүй ч та бага багаар оролдсоор байвал энэ дасгалыг зөв хийж чадах боломжтой. Энэ дасгал нь таныг зүрх судасны өвчлөлөөс хамгаалах болно. Мөн хөдөлгөөний дутагдлаас үүдэх ямар нэгэн эрсдлээс хамгаалахад өндөр ач холбогдолтой дасгал юм. Хоёр гараа тулан хийх энэхүү суниалтын төрөл нь таны биеийн цээжин бие гар, мөрөнд түлхүү үр нөлөөтэй.

4. Нэг хөл дээрээ суух:

Энэхүү дасгал нь таны өгзөг, хөлний бүх булчинг ажиллуулах болно. Өгзөг, гуя, шилбэний булчинг хөгжүүлэх хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй дасгал юм. Хоёр хөл дээрээ ээлжлэн суух энэ дасгалыг та өдөрт 30 удаа хийгээд туршаад үзээрэй.

5. Усанд сэлэх:

Усанд сэлэх нь бие галбирыг сайхан болгохоос гадна эрүүл мэндийн маш олон үр ашигтай. Таны биеийн бүх булчин ажиллахаас гадна сэлэлт нь эрч хүч бас амралтыг авчирна. Усанд сэлэлт таны нурууны ядаргааг бүрэн тайлж өгдгөөрөө давуу талтай. Мөн цусны даралтыг бууруулах, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, уушги тэлэх, чийрэгжих зэрэг эрүүл мэндийн олон давуу талтай.

6. Гүйх:

Хүн төрөлхтөнийг эрүүл байлгах гол үндэс нь хөдөлгөөн. Идэвхтэй хөдөлгөөнүүд дотор ихэнх хүмүүсийн сонгон хийдэг дасгал бол гүйлт билээ. Гүйлт нь хүнийг хэвийн, эрүүл жинтэй байлгах, булчингуудыг идэвхтэй хөдөлгөхөөс гадна стресс тайлах, уушги тэлэх зэрэг олон ач холбогдолтой. Хэрвээ та гүйхээр шийдэж байгаа бол өдөр бүр энэ спортоор хичээллэх боломжтой. Гүйх нь зөвхөн гоо сайхны төдийгүй хүний биеийн ерөнхий эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой спорт юм.

7. Дугуй унах:

Дугуй унах нь бусад хүнд дасгал хийхээс тэс өөр зүйл юм. Тохиромжтой газарт дугуй унах нь таны биед дасгал болохоос гадна таны оюун санааг зугаацуулах болно. Дугуй унах нь түлхүү хөлийн булчин ажиллах ч таны гарын булчинд мөн нөлөөлөх юм. Илүүдэл жингээ хасах эсвэл хөдөлгөөний дутагдалд орохгүй байх зэрэг зорилгоос хамаарч та дугуй унах хугацаагаа зохицуулаарай. Дугуй унах нь өөрийн биеийг дасгал, хөдөлгөөнд дасгах мөн насан туршдаа үргэлжлүүлэн хийх боломжтой хамгийн зугаатай бөгөөд үр дүнтэй дасгалуудын нэг билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хэвлэл мэдээлэл хэнийх ч биш байх нь туйлын осолтой​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин” баасан гаригийн дугаараа хэвлэн уншигч, захиалагчдадаа хүргэлээ. Манай сонины өнөөдрийн дугаарт улс оронд өрнөж буй хамгийн чухал үйл явдлуудыг сурвалжлан, сонирхолтой ярилцлага, шуугиант нийтлэл гарлаа. Энд заримаас нь онцлон, тоймлож хүргэе.


Улаанбаатар хотод шинэ жилийн уур амьсгал орж, албан байгууллагууд сүлд модоо засч эхэлжээ. Айл гэр, албан газрын хоймрыг чимэх сүлд мод, түүний саа чимэг ямар үнэ ханштай худалдаалагдаж байгааг сурвалжлан өнөөдрийн дугаартаа хүргэж байна. Манай сэтгүүлчийн томоохон зах, худалдааны төвүүдээр явж хийсэн сурвалжлагыг нэг, 11 дүгээр нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй хийсэн ярилцлагыг тэргүүн нүүртээ онцоллоо. Тэрбээр “Хоёр хөршийн хил
дээр цэрэг байгаа бол манайх ч
цэргээ байлгах ёстой” хэмээн ярилцлагадаа цохон хэлсэн юм. Түүний яриаг нэг, хоёр, тавдугаар нүүрт хэвлэлээ. Мөн улс төрийн мэдээлли йн хоёрдугаар нүүрт “Эмэгтэйчүүдийг дээрэлхэж
гутаасныхаа төлөө Шадар сайд
У.Хүрэлсүх, Батлах хамгаалахын сайд
Б.Бат-Эрдэнэ нар уучлал гуйх хэрэгтэй” хэмээх нийтлэлийг хэвлэлээ.

Манай “Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүр гарсан нийтлэл тэр өдрөө шуугиан тарьж, нийгмийн үзэл санааны хамгийн том талбар болж байдаг аа. Тэгвэл энэ удаагийн дугаарт “Хэвлэл мэдээлэл хэнийх ч биш байх нь
туйлын осолтой” хэмээх нийтлэл хэвлэгдлээ. Нийтлэлийн хэсгээс энд эшилбэл “… Эцэст нь хэлэхэд өнөөдөр Хэвлэл мэдээллийн
байгууллагууд, сонин, телевиз,
радио нь нийгэмд онцгой чухал
байр суурь эзэлсэн хэвээрээ
байна. Улам ч үнэ цэнэтэй,
итгэл үнэмшилтэй, хуулийн
хариуцлагатай болж байна.
Яагаад үүнийг хэлэх болов
гэхээр, нийгмийн сүлжээ буюу
сошиал сүлжээ бий болсноор
нийгмийн зарим хэсгийнхэн
хэвлэл мэдээллийн хэрэгслийг үгүйсгэх хандлагатай болж төөрөлдсөн” гэжээ.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрт “С.Зориг агсныг хөнөөсөн
гэх хэрэг мөрдөн
байцаалтад буцах уу“, “Дуучин С.Амармандахын
биеийн байдал хүнд
байгаа гэв” зэрэг мэдээллүүд гарлаа. Харин “Хүмүүс” буланд Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуянгийн ярилцлага гарлаа. Тэрбээр ярилцлагадаа “Миний энэ насны шүтээн аугаа их Бурхан Халдун хайрхан” хэмээн онцолсон байна. Мөн “Дэлхийн спорт”-ын буланд Бразилын хөлбөмбөгийн багийнхны аймшигт ослоос золоор амьд гарсан зургаан хүний тухай гадаадын хэвлэлд бичсэн мэдээллийг орчуулан хэвлэлээ.

Эрхэм
уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл
Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн
салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн
биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах
цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19
дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн
“Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг
дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн
сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос
лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно
уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ
БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуягтай холбогдуулж АН-аас гаргасан мэдэгдэл

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт өчигдөр АТГ-аас зарлан дуудах хуудас ирүүлсэн билээ. Энэ дагуу тэрээр АТГ-т өөрийн биеэр очиж мэдүүлэг өгсөн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлсэн өгсөн билээ. Тэрбээр “Би өөрийгөө Ардчилсан намыг төлөөлөх бүрэн эрхтэй гэж бодож байгаа. Ардчилсан намын гишүүний хувьд ч, УИХ-ын гишүүний хувьд, хамтран ажилласан журмын нөхрийн хувьд ч тэр энэ хүний асуудлыг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа.Тиймээс АТГ дээр ирж байцаагчтай нь уулзаж Н.Алтанхуягийг ямар үндэслэлээ шалгах гэж буйг мэдэх хүсэлт тавьсан ч харамсалтай нь хүсэлтийг хүлээж авсангүй. Энэ ганцхан нэг хүний асуудал биш юм. Ардчилсан нам өөрийн гишүүнийг өмгөөлөх ёстой. Тэр байр суурин дээрээ би асуудлыг тодруулах үүрэгтэй, ийм эрхтэй ч гэж бодож ирсэн юм” хэмээн хэлсэн.

Харин өчигдөр орой Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс үүнтэй холбоотойгоор албан ёсны мэдэгдэл гарсан байна.

Энэхүү мэдэгдэлд “Ардчилсан намын нэр хүндийг гутаах, хагалан бутаргах зорилгоор манай намын нэр бүхий улс төрчдийг санаатайгаар гутаан доромжилж, нэр хүндэд нь халдан ээлж дараалан үндэслэлгүй шалтгаанаар, хууль бусаар баривчилж, хянах шалгах, ял тулгах хэлмэгдүүлэлт, хүчирхийллийн үйл ажиллагааг улстөрийн захиалгаар явуулж байгаатай холбогдуулан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс мэдэгдэл гаргаж байна.

Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хэдэн арван мянган төрийн албан хаагчдыг хоморголон халж, Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэдэн арван хүмүүсийг шалгах нэрийн дор хэлмэгдүүлэн, хүчирхийлж, энэ үйлдлээ гэр бүл хамаатан садан, найз нөхөд, ойр дотны хүрээлэл рүү нь чиглүүлж, хүний эрх, эрх чөлөө, хууль ёс, ардчилсан тогтолцоонд аюул занал учруулж, коммунист хэлмэгдүүлэлтийн “хар цаг үе”-ийг нийгэмд сануулж байна.

Улс төрчид болон төрийн албан хаагчдыг хоморголон хэлмэгдүүлж, их хэлмэгдүүлэлт явуулж байгаад Ардчилсан нам, намын жирийн гишүүд жигшин, зэвүүцэж, монгол хүний эрх, эрх чөлөө, хууль ёс, ардчилсан тогтолцоо, улмаар Улсын тусгаар тогтнолд заналхийж, хэрээс хэтэрсэн эдгээр үйлдлээ нэн даруй зогсоохыг эрх баригчид болон хууль хяналтын байгууллагуудад анхааруулж байна.

Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг үндэслэлгүй, хууль бус шалтгаанаар удаа дараа дуудаж, байцааж, ойр тойрных нь олон хүнийг шалгаж, хорьж, ял тулгаж, нэг хүнийг тойрсон хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа нь илт боллоо.

Ард түмэн хэзээд үнэн, шударгын талд зогсож, Их түүхт Монгол төрийн сүлдний хараа хурц, буулга чанга байдгийг, улс төрийн бохир зорилгоор хууль хяналтын байгууллагуудыг турхирагчид болон хууль ёс, хүний эрх, нийгмийн амар тайван байдлыг алдагдуулагч хууль хяналтын байгууллагын нэр зүүсэн этгээдүүдэд дахин хатуу сануулж байна.

Та нарын хэлмэгдүүлэлт, хүчирхийлэл ахиж нэг алхвал тэмцлийн хурц хэлбэрт шилжихийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.

Э.МӨНХ

Categories
мэдээ соёл-урлаг

“Гоёл-2017” наадам эхэллээ

Ирэх жилийн загварын чиг хандлагыг тодорхойлдог “Гоёл-2017” наадам эхэллээ. Энэхүү наадмын загварын долоо хоног өнгөрсөн сарын 26-наас эхлэн “Мишээл экспо” төвд явагдсан юм. Харин шилдгүүдийг тодруулах төгсгөлийн арга хэмжээ Соёлын төв өргөөнд яг одоо болж байна. Монголын дизайнеруудын холбооноос 28 дахь жилдээ зохион байгуулж буй уг наадмын шилдэг топ моделиор хэн тодрохыг энэ үдэш харах нь ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Бямбацогт: Хилийн шалганыг Гадаадын иргэн харьяатад шилжүүлснээр олон ноцтой хэрэг гарсан

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Гэвч ажлын цаг дуусан тул маргааш үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. Өнөөдрийн хэлэлцүүлгээр гишүүд асуулт асууж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хариуллаа.

О.Баасанхүү: Хилийн харьяат бол орох гарах зөвшөөрөл өгдөг, тэгэхээр одоо хуулинд өөрчлөлт оруулбал Гадаадын иргэний харьяат яг юу хийх вэ, хилийн бүсэд шалгалт хийх эрх байгаа юу, Хилийн цэрэг зөвхөн хил хамгаална гэсэн үг биш. Иргэд бас хамгаалдаг. 100 км-т бүсчилээд өгчихсөн байсныг яагаад байхгүй болгочихож байгаа юм бэ?

С.Бямбацогт: Гадаадын иргэн харьяатад хилийн шалганы үйл ажиллагаа явуулж байгаа албан тушаалтнууд Хилийн цэргээс анх тийшээ очсон. Чиг үүрэг нь ижил учраас Хилийн цэрэгтээ буцаад орон тоогоорооо ирнэ. Хил хамгаалах байгууллага гадаадын иргэдийн Монгол Улсаар зорчих, ажиллах амьдрахад гадаадын иргэдийн эрх зүйн зохицуулалтыг хийх болно. Ингэснээр орж ирж байгаа гадаадын иргэн болгоныг давхар давхар шалгадаг хүнд суртал гарахгүй гэж бодож байна. Хоёр талын боомтууд байна. Энд ямар ч визийн шаардлага байхгүй. Энд жишээлбэл Гадаадын иргэн харьяатын байгууллага үйл ажиллагаа явуулах шаардлагагүй болж байгаа юм. Олон улсын боомт буюу визтэй боомтууд дээр үйл ажиллагаа явуулна гэсэн үг юм. Хуучин хилийн бүсэд амьдарч байгаа 70 орчим айл өрх хил хамгаалах туслах хүчин гэдэг тодорхой үүрэгтэй байсан. Хилийн цэрэгт алба хашиж байгаа хүмүүс байлдааны тушаал авсан цэргүүд шиг ажилладаг. Асуудал, зөрчил гаргавал эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагддаг. Тиймээс хил дээр гарсан аливаа хэрэгт хариуцлагатай ханддаг байсан. Монгол Улсын 46 хилийн боомтоор 1.6 сая тээврийн хэрэгсэл, 1 сая гаруй бага оврын автомашин, вагон, 6500 агаарын хөлөг нэвтэрдэг. Хилийн шалган Гадаад хэргийн байгууллагад шилжсэнээс үүдэн хүн машины хөргөгчинд хөлдөж үхсэн байдалтай орж ирсэн болон вагонд хавчуулагдсан хэргүүд гарсан. Хил гаалийн байгууллага, хил боомтын олон байгууллага хил дээр үйл ажиллагаа явуулдаг ч асуудал үүсэхээр хэн нь ч хариуцлага хүлээдэггүй. Тийм учраас Хил хамгаалах хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Хөл нь гэмтсэн шилүүсний зулзага сургуулийн хашаанд орж иржээ

Багануур дүүргийн 64 дүгээр сургуулийн хашаанд өчигдөр орой шилүүсний зулзага ногуул орж ирсэн байна.

Дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан хаагчид тор тавин барьж Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өгчээ. Сургуулийн хашаанд орж ирсэн шилүүсийн зулзага ногуулын нэг хөл нь гэмтсэн байсан бөгөөд хавханд орж гэмтсэн болохыг нь тогтоожээ.

Дашрамд сонирхуулахад, шилүүсийг устаж болзошгүй амьтан гэж үзэн Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар, Ховор, ховордсон амьтан, ургамлын зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн хоёрдугаар хавсралтад тус тус бүртгэжээ.

Categories
мэдээ улс-төр

Агаарын бохирдлыг бууруулахад 5 тэрбум зарцуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шинэ бүрэлдэхүүнийг баталсан. Уг хороо өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ.

Хуралдаанд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, гишүүд, УУХҮЯ, болон бусад төрийн байгууллагын газар, хэлтсийн дарга, төсөл хэрэгжүүлэгчид оролцлоо.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хурлыг нээж “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Цаашид агаарын бохирдлын төлбөрийг зориулалтын дагуу зарцуулах замаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, халаалтаа цахилгаанаар шийдэж байгаа айл өрхөд шөнийн цахилгааны урамшуулал олгох,стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, нийтийн тээврийг хийн түлшинд шилжүүлэх зэрэг арга хэмжээг авч тодорхой асуудлыг төрийн бодлогын хэмжээнд шийдвэрлэж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана” гэлээ.

“Агаарын бохирдол зөвхөн Монгол улсад нүүрлэж байгаа асуудал биш юм. Дэлхий нийтээрээ энэ асуудалд анхаарал хандуулж байна. Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдолтой 50 хотоос 47-д эрэмбэлэгдсэн. Амьсгалын замын эрхтэний өвчлөл 2005 онд 10 мянган хүн амд 697 байсан бол 2014 онд 1730 болж 2.4 дахин өссөн байгууллагууд мэдээллэж байна. Агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах зэрэг шийдвэртэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна” хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тэмдэглэв.

Агаарын бохирдлын нөхцөл байдал, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн яамдад цаашид авах арга хэмжээний төслийн саналыг дараагийн долоо хоногийн Лхагва гарагт ирүүлэх үүрэг өглөө.

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар жилдээ 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг ч агаарын бохирдлын төлбөр улсын төсөвт орж зориулалтаараа зарцуулагддаггүй бөгөөд энэ жил 5 тэрбум төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөсөн байна.

Ирэх онд батлагдсан төсвөөс агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангаж, эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг тэглэх, сайжруулсан зуухаар хангах, шахмал түлшээр хангахад тус тус зарцуулахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Бөхийн холбооны “Их эе” энэ сарын 10-нд хуралдахаар болжээ

Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их эе” хурал энэ сарын 10-ны өдөр болох юм байна. “Их эе”-ийг хуралдуулах ажлын хэсэг энэ сарын 28-нд хэвлэлийн бага хурал хийсэн юм. Уг хурлыг Улсын дээд шүүхээс 2003 оны гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг үүрэг болгосон байна. Харин МҮБХ-ноос хурлыг хийгээгүй учраас Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албанаас 2015 оны зургадугаар сард тус холбооны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан юм. Энэ асуудал 2016 оны тавдугаар сард эцэслэн шийдэгджээ. Ийнхүү Үндэсний бөхийн “Их эе” хурал энэ сард хуралдахаар болж байна. МҮБХ-ны дүрмийн дагуу “Их эе” хурлын товыг 21 аймгийн Үндэсний бөхийн холбоо, бөхийн дэвжээний тэргүүн нарт мэдэгдээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Дуучин Амраагийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал зарлалаа

“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахыг консулын төлөөлөгч зодож биед нь хүнд гэмтэл учруулсан талаар бид сурвалжилсан билээ. Энэ хэрэгтэй холбоотой мэдээллүүд сүүлийн хэд хоног хэвлэл мэдээллээр олон янзаар бичигдэж байгаа юм.

Тэгвэл үүнтэй холбогдуулан түүний гэр бүл болоод хамтран зүтгэгчид нь хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болжээ. Хурал маргааш буюу 12 дугаар сарын 2-ны өдрийн 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд болох юм. Тус хэвлэлийн бага хуралд дуучны гэр бүл болоод урлаг, соёлын төлөөллүүд оролцох бөгөөд дуучин өөрөө оролцох эсэх нь тодорхойгүй байгаа аж.