Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр уржигдар (2016.09.29) өдрийн 12:47 цагийн үед Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс зүүн хойд зүгт 16 км-т 4.2 магнитутын хүчтэй газар хөдөлжээ. Мөн өдөр 16:02 цагт Архангай аймгийн Эрдэнэ-Уул багийн Бөөрөг цагаан чулуу гэдэг газар 3,6 магнитутын газар хөдөлжээ. Тус аймгийн Эрдэнэмандал суманд өнгөрсөн есдүгээр сарын 25-нд газар хөдөлж байсан аж.

Эрдэмтдийн судалгаагаар сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж ихсэж, мөн магниут нь нэмэгдэх болсон тухай мэдээлэх болсон. Газар хөдлөлт нь хүн малгүй газар ихэвчлэн таарч байгаа тул аюул осол багатай өнгөрч буйг анхааруулах болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Ахмадын баярын өдөр

Өнөөдөр Ахмадын баярын өдөр. Монгол Улс энэ өдрийг 1992 оноос эхлэн тэмдэглэж иржээ. НҮБ-аас анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар олон орон жил бүрийн аравдугаар сарын 1-ний энэ өдрийг ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах арга хэмжээг зохион байгуулах болсон аж. Монгол Улсын хэмжээнд 300 мянга гаруй ахмад настан бий. Өнөөдрийн хөгжилд хүрэхэд ахмадуудын оруулсан хувь нэмэр асар их. Ахмад буурлууддаа баярын мэнд хүргэж, эрүүл энх, урт удаан нас, хамгийн сайн сайхныг хүсье.

Categories
мэдээ нийгэм

Цусаа бэлэглэсэн хүмүүст “U money” карт үнэгүй тараана

Цусны нөөцийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг сурталчлах зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгосон билээ. Тус үйл ажиллагааны хүрээнд энэ өдөр цусаа бэлэглэсэн хүмүүст “U money” картыг үнэгүй тараах аж.

Мөн Улаанбаатар смарт карт компанийн ажилчид цусаа бэлэглэхээр болжээ. Уг компани өнгөрсөн жил цусаа бэлэглэсэн эхний 200 донорт U Money картыг үнэгүй тарааж байсан. Энэ удаад хязгаар тогтоогоогүй бөгөөд цусаа хандивласан бүхэнд караа бэлэглэх аж.

Categories
мэдээ нийгэм

Албан байгууллагуудын халаалтыг өгч эхэллээ

Өнөөдрөөс албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн халаалтыг өгч эхэлж байна. Тус компани албан байгууллага, аж ахуйн нэгжтэй “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээ байгуулан ажилладаг бөгөөд биелэлт 65.9 хувьтай байгаа аж. Өнгөрсөн сарын 30-ны өдөр гэрээ байгуулах хугацаа дуусч, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг өгөхөд бэлэн болжээ. Халаалт болон халуун ус тасалдах, доголдохтой холбоотой гомдол санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авч, шийдвэрлэж байна. 2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас энэ сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургууль, 13 эмнэлэгт халаалт өгчээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Сум, дүүргийн ИХТ-ийн сонгуулийнсурталчилгаа эхэллээ

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр албан ёсоор сурталчилгаагаа эхлүүлж байна. Нэр дэвшигчид өнгөрсөн есдүгээр сарын 27-нд үнэмлэхээ гардаж авсан билээ.Хуульд зааснаар сум, дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа 17 хоног үргэлжилж, санал хураалт аравдугаар сарын 19-нд болно.Улсын хэмжээнд орон нутгийн сонгуульд 15209 нэр дэвшигч 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр бүртгүүлснээс 700 гаруй нь бие даагч, бусад нь намаас нэр дэвшигчид юм. Сонгуулийн ерөнхий хорооноос өгч буй мэдээллээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд есөн нам, нэг эвсэл нэр дэвшигчдээ “сойн” өрсөлдөж байна.Нийслэлийн есөн дүүрэг дэх мандатын тоог тодруулбал, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт тус бүр 35 мандат, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр 41 мандат, Багануур, Налайхад тус бүр 25 мандат, Багахангайд 17 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ипотекийн зээл үргэлжилнэ

Сүүлийн өдрүүдэд Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ, үргэлжлүүлэхгүй зогсооно гэсэн янз бүрийн мэдээлэл цацагдах болсон. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат банкны удирдлагуудыг хүлээн авч уулзан ипотекийн зээлийн талаар санал бодлоо солилцсон. Энэ үеэр ард түмний анхаарлыг татаад буй ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээ ямартай ч амласан. Харин журмыг шинэчлэхээр санал бодлоо солилцсон билээ. Үүний дараахан ипотекийн зээлийн шинэ журам батлагдсан тухай зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Харин бодит байдал дээр ипотекийн зээлийн асуудал чухам ямар шатандаа явж байгааг хүргэхийг зорилоо.

Ипотекийн зээлийн шинэ журам батлагдаагүй

Монголын ипотекийн корпораци одоогоор ипотекийн зээлийн журам өөрчлөгдөөгүй болохыг албан ёсоор хэлж байна. Учир нь Засгийн газраас ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орох, холбогдох шийдвэр гаргасан тохиолдолд хамгийн түрүүнд Монголын ипотекийн корпорацид мэдэгдэж, цаашдын үйл ажиллагаа дамжина гэсэн үг. Тиймээс ипотекийн найман хувийн зээлийн журамд ямар нэг өөрчлөлт ороогүй, өмнөх журмын дагуу банкууд зээл олгож байгаа аж. Мөн Монголбанкнаас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд “Ипотекийн зээлийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулсан тухай энэ сарын 22-нд зарим хэвлэлд мэдээлжээ. Уг мэдээлэлд Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк хамтран ипотекийн зээлийн олголтын журамд өөрчлөлт оруулж, батлагдсан гэжээ.

Харин Монголбанк энэхүү журмыг батлахад хамтран оролцох байр суурьтай байгаа ч албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байна. Тодруулбал, Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах тухай саналаа Монголбанкинд албан тоотоор ирүүлсэн бөгөөд уг саналыг Монголбанкны холбогдох удирдлагуудын түвшинд хэлэлцэж байгаа бөгөөд хариу шийдвэр гаргаагүй байна. Иймд ипотекийн зээлийн журам нь Монголбанкны байр суурь биш болохыг мэдэгдэж байна. Монголбанкны Захирлуудын зөвлөл өнгөрсөн долоо хоногоос эхлэн ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар илүү тогтвортой механизмыг бүрдүүлэхээр хуралдаж, зарчмын саналуудыг хэлэлцэж байгаа бөгөөд одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна” гэжээ. Ипотекийн найман хувийн зээлийн журамд шинэчлэл хийгдээгүй байгаа гэдгийг Барилга хот байгуулалтын яамны зүгээс мөн өглөө.

Арилжааны банкууд ипотекийн зээлийг олгож байна

Харин арилжааны зарим банкууд найман хувийн зээлийг зогсоогоод байсан. Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк зэрэг ихэнх банкууд ипотекийн зээлийг хэвийн олгож байна. Ингэхдээ зарим банкууд орон сууцны ипотекийн зээлийг гаргахаас гадна шинээр зээл хүссэн иргэдийн материалыг ч хүлээн авч байгаа гэв. Гэхдээ хэд хоногийн өмнө Монголбанкнаас ипотекийн найм болон таван хувийн хүүтэй орон сууцны зээлийг зогсоосон. Улмаар ипотекийн зээлийн санхүүжилтийг олгохыг түр хугацаагаар зогсоогоод байгаа. Тэгвэл зарим банкууд өөрсдийн нөөц хөрөнгөөсөө санхүүжилт хийж ипотекийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг гаргаж өгч байгаа бололтой. Нөгөө хэсэг нь ипотекийн зээл үргэлжлэх нь тодорхой ч шинэ журмыг хүлээж зөвхөн материал хүлээн авч байгаа гэсэн мэдээллийг ч өгсөн юм.

Харин таван хувийн орон сууцны зээлийг цэвэр Монголбанкнаасс санхүүжүүлдэг байсан бөгөөд тус банкнаас энэ төрлийн зээлийг олгох нь хэт эрсдэлтэй гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр онцолсон. Тэрээр “Ипотекийн таван хувийн зээл бол эхнээсээ буруу шийдвэр байсан. Харин найман хувийн зээлийг анхнаас нь зөв явуулсан учраас буулгах шаардлага байгаагүй. Тиймээс Монголбанк таван хувийн ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжгүй. Найман хувийн тухайд цаашид үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай. Ингэхийн тулд тодорхой алхмуудыг хийх шаардлагатай байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Энэ бол ипотекийн найман хувийн зээл цаашид үргэлжлэхийг харуулж буй бас нэг том хүчин зүйл билээ.

“Ипотекийн зээлийг зогсоовол байр авнагэдэг нь мөрөөдөл хэвээр үлдэнэ”

Банкны зээлийн эдийн засагчдын үүдийг сахих иргэд эрс нэмэгджээ. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, эс үргэлжлүүлэх талаар яригдахаас эхлээд орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн сэтгэл зовних болж. Тиймээс зээлийн эдийн засагчдаас биеэр ирж тодруулах болжээ. Төрийн банкны зээлийн эдийн засагчтай уулзахаар зогссон 40 орчим насны эмэгтэй Н “Би дөрвөн хүүхэдтэй. Нөхөр маань өөд болоод удаж байна. Насаараа л Дэнжийн мянгын гэр хороололд амьдарлаа. Харин энэ хавар хүү маань насанд хүрч, гайгүй ч ажил төрөлтэй болсон. Тиймээс байранд зүтгэх санаатай. Арай гэж хэдэн төгрөг өөрөөсөө нууж цааш хийсэн юм. Гэтэл найман хувийн зээлийг зогсооно гээд яриад байх юм. Ямар сайндаа ирж асуулаа. Хэрвээ найман хувийн зээлийг зогсоовол гэр хорооллын дундаж амьдралтай бидний хувьд байранд орно гэдэг мөрөөдөл хэвээр үлдэнэ” гэв. Мөн иргэн Ж “Би сая материалаа өгсөн. Авч л байна. Хэр удахыг нь харин мэдэхгүй. Төр түмэндээ хандсан бодлого хэрэгжүүлэх гэж байгаа бол, үнэхээр ард түмнийхээ амьдралыг сайжруулахыг хүсч байвал зээл үргэлжлэх байх даа” хэмээсэн юм.

Ипотекийн зээлийн журамд ямар шинэчлэл хийгдэх вэ?

Ямартай ч одоогийн байдлаар яг энэ гээд хэлчих өөрчлөлт ипотекийн зээлийн журамд хийгдээгүй байна. Харин ажлын хэсэг ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулахаар ярилцаж байгаа. Үүний нэг тодорхой жишээ бол дээр дурдсан Ерөнхий сайдын, банкны төлөөллүүдтэй хийсэн уулзалт юм. Энэ уулзалтын үеэр Ерөнхий сайд ипотекийн зээлд хамрагдах орон сууцны метр квадратыг 120 болгож өөрчлөх санал гаргасан боловч банкны удирдлагууд метр квадрат ихсэх нь чанаргүй зээл болон эргэн төлөлтөд асуудал гарч иргэдийн хувьд хүнд ачаа болох болно. Ингэснээр бусад хэрэглээг хязгаарлах хэрэг гарна гэсэн байр суурьтай хандсан. Харин салбарын яамны зүгээс метр квадратыг 100 болгох нь илүү тохиромжтой хувилбар гэдгийг хэлсэн. Хэрвээ иргэд 100 метр квадратаас дээш талбайтай орон сууцийг ипотекийн зээлээр авахыг хүсвэл илүү гарсан метр квадратын мөнгөн дүнг нэмж төлөх талаар ярьсан. Одоогийн хэрэгжиж буй журамд ипотекийн зээлийн дээд хязгаар нь 80 метр квадрат. Тиймээс ийм шинэ заалт журамд нэмэгдэх нь тодорхой бололтой. Журмыг Монголбанк, Сангийн яам хамтран боловсруулж байгаа аж. Харин салбарын яамны зүгээс зах зээлд байгаа орон сууцыг иргэдэд ипотекийн зээлийн бодлогоор хүргэх байр суурьтай ажиллаж байгаа аж. Шинэ журамд яг ийм өөрчлөлт оруулна гэсэн яриа хараахан явагдаагүй болохыг баттай эх сурвалж мэдээлж байна. Харин ирэх долоо хоногийн лхагва гаригт Засгийн газрын хуралдаан дээр ипотекийн зээлийн журмын шинэчлэл, өөрчлөлтийн явцын талаар танилцуулахыг сайд ажлын хэсэгт үүрэгдсэн гэх мэдээлэл байна.

Ипотекийн зээл банкны системийн 30 хувийг эзэлж байна

Ипотекийн зээл нийт банкны системийн зээлийн 30 хувийг эзэлж байна. Банкууд 2016 оны долдугаар сард нийт 1592 зээлдэгчид 92.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Нийт зээлдэгчдийн тоо 85622-т хүрчээ. Тэгвэл өнгөрсөн наймдугаар сарын 7-ны байдлаар банкууд 10846 иргэний 665.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 3392 иргэний таван хувийн хүүтэй 161.3 тэрбум төгрөгийн, 6261 иргэний найман хувийн хүүтэй 420.4 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна. Нэг хүн дунджаар 58.3 сая төгрөгийн зээлд хамрагддаг гэсэн судалгаа ч бий.

Categories
гадаад мэдээ

Хойд солонгосчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлцгээе, монголчууд аа

Хүн төрөлхтөнд нэг зан байдаг. Тэр нь зөвхөн өөрийн үндэстэндээ хайртай байх. Энэ зан халихаараа өөрсөдтэйгөө адилхан үндэстнээ дотночилдог. Манай дэлхийн хүмүүс ийм л зантай. Энэ дэлхий дээр угсаатны хувьд бидэнтэй хамгийн ойрхон нь солонгосчууд. Бид Солонгосын ард түмэнтэй түүхэн уламжлалаараа найрсаг харилцаатай явж ирсэн. Солонгосчууд ч бас бидэнд элэгтэй. Манай хоёр үндэстнийг алтай язгуурын хэл, ижил төрх гээд нэгтгэх зүйл олон. Тиймдээ ч бид үеийн үед найрсаг, сайхан харилцаатай явж ирсэн юм. Социализмын үед бид хойд Солонгостой ах дүүгийн харилцаатай байв. Адилхан социалист системд ч байлаа, адилхан ЗХУ-ын хараа хяналт дор ч байлаа. Дайны үед манай цэргийн офицерууд очиж зөвлөгөө өгч байсан гэх батлагдаагүй мэдээлэл ч бий. Баттай мэдээгээр гэвэл Монголын ард түмэн зургаан мянган адуу, үхэр тэргүүтэн зэрэг тусламжийн зүйлсээ Манжуурын цаахна талд хүлээлгэн өгч байсан гэдэг. Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш монголчууд өмнөд Солонгос болон Японы хүчээр хөл дээрээ зогсож байна. Япончууд бидэнд төр засгийн хэмжээнд томоохон тусламж үзүүлдэг. Өмнөд Солонгостой харин ард иргэдийн халуун дулаан харилцаагаар холбоотой. 1990-ээд оны эхэн үеэс өнөөдрийг хүртэл хэчнээн зуун мянган иргэн өмнөд Солонгост очиж ажиллаж амьдарч байгаа билээ дээ. Иргэдийн хоорондох эдийн засгийн харилцаа сүүлдээ гэр бүлийн харилцаа руу ч шилжиж байгаа байх. Солонгост очсон монгол бүсгүйчүүд тэндхийн иргэнтэй гэр бүл болоод сайн сайхан амьдарч яваа нь олон. Эрчүүд ч бас мэр сэр солонгос бүсгүйг бэр буулган авч буй. Мөн олон жил Солонгост ажиллаж амьдраад иргэн нь болсон хүмүүс ах дүү, хамаатан садан дунд байж л байгаа. Ингэж бид солонгосчуудтай угсаатан, эдийн засаг, гэр бүлийн хувьд нягт нарийн холбоотой болжээ. Монголд өнөөдөр солонгос явж үзээгүй, солонгос хэл гадарлахгүй хүн цөөхөн. Арван хүн тутамд нэг нь солонгосоор ярьж л байгаа. Наад захын таксины жолооч л гэхэд солонгос хүнтэй мэнд усаа мэдэлцээд очих газар нь хүргээд өгнө. Монголын айл өрх бүрээс нэг хүн Солонгост тодорхой хугацаагаар ажиллаж амьдарч байна. Одоо бүр Солонгост ажилладаг гадаад иргэдийг монголчууд тэргүүлээд эхэлсэн гэсэн. Хэл, соёлыг нь ч мэдэхгүй хүн алга. Үгүйдээ л солонгос хоол бидний өдөр тутмын хэрэгцээнд ороод ирчихэж. Урлаг соёл, кино оддыг нь хуруу дарж нэрлэхээр болсон. Хуучин бид орос хэлээр ярьж, орос хоолонд шимтдэг байлаа. Үүнтэй ижил өнөөгийн нийгмийнхэн солонгосоор амьсгалдаг болсон гээд хэлчихэд буруудахгүй. Ийм нарийн нягт харилцаатай ард түмэн юм, бид. Харин Монголын ард түмэнд хойд уу өмнөд үү гэдэг ялгаагүй. Солонгос л бол Солонгос. Хоёр ард түмний хооронд хойд өмнөд гэсэн социализм капитализмын ялгаа хамаа байдаггүй юм. Хойдуулынх нь дэглэм хэцүү гэж сонсогддог. Тэрнээсээ салах арга байдаг юм уу, үгүй юм уу. Юутай ч тэндхийн ард түмний сонголт монголчууд бидэнд хамаагүй. Тухайн ард түмний сонголт учраас бид аль алинд нь хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Харин өнөөдөр хойд Солонгосын Түмэн голын ай савд айхтар үер буусан байна. Иргэдийнх нь амьдран суудаг тосгон үй олноороо газрын хөрснөөс ор мөргүй арчигдсан сурагтай. Хүн ард нь идэх хоолгүй, орох оронгүй болж хэцүүдэж байгаа гэнэ. Өдийд тэндхийн хойд хэсгээр цас орж хүйтэрч байгаа. Яг энэ үед дэлхийн аль ч үндэстэнд хэзээ ч тохиолдож болох байгалийн гамшиг тохиолдлоо. Иргэд нь гэр оронгүй болсноос гадна сураггүй алга болсон, нас барсан хүн их байгаа бололтой. Арайхийн амьд үлдсэн хүмүүс нь өлсөж, даарч байгаа. Хүүхэд, эмэгтэйчүүд зутарч байна. Ийм хэцүү, хүнд үед нь бид Солонгосын ард түмэнд туслах хэрэгтэй. Хамгийн гол нь хойд солонгосчууд дэлхийн олон орноос онцлон биднээс тусламж гуйжээ. Энэ нь мэдээж хэрэг хориг арга хэмжээтэй холбоотой л доо. Гэхдээ урьд өмнө тусалж байсан, ах дүүгийн харилцаатай байсан монголчууд биднээс туслахыг хүссэн байна. Тусламж гуйсан гол шалтгаан нь өмнө бичсэнчлэн бид хоорондоо адилхан үндэстэн юм. Иймд бид хойд солонгосчуудад туслах хэрэгтэй. Тэнхээтэй явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэх ардын үг бий. Энийг санаж монгол хүний энэрэнгүй, нинжин сэтгэлээр тусламжийн гараа сунгах цаг болжээ. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч гэлээ өөрсдөдөө байгаа нөөц боломжоороо тусалцгаая. Гадаа гудманд хоног төөрүүлж буй тэдэнд монгол гэр явуулж болно. Эсгий туургатай монгол гэр ямар сайхан дулаан билээ. Монголоор нэг байгаа гэрээсээ хэдэн зуугаар нь илүүчилмээр байна. Бас ард түмэн өөрсдөд байгаа дулаан хувцас, хөнжил, гутал зэргээсээ явуулъя. Одоо тэнд сэрүү орж байгаа. Ийм үед дулаан хувцас шиг хэрэгтэй зүйл үгүй. Бидний хэний маань ч гэрт өмсөхгүй хадгалж байдаг хувцас бий. Тэрийгээ угааж цэвэрлээд цуглуулбал бээрч буй нэгэнд тун их нэмэр болно. Орох оронтой болгоод зузаан хувцас явуулчихвал хэчнээн иргэдэд амьдрал бэлэглэхийг мэдэхгүй. Бас хэн ч голоод авахгүй байгаа шивтэртэй хонины махаа явуулъя л даа. Энэ жил Монголын мал урьд өмнөх жилтэй харьцуулахад илүү өссөн. Ирэх өвлийн бэлчээрийн даац ч бүс нутагт тааруу байгаа. Тиймээс хэдэн зуугаар нь нядалж гулуузлаад хөлдөөж гаргаж болмоор санагдах юм. Зуд турхан боллоо гэхэд хотынхноос тусламж гуйгаад байдаг зовлон үзсэн малчид хэдэн малаасаа илүүчлэх байлгүй. Зүгээр өгөхгүй бол төр засаг нөөц хөрөнгөөсөө мөнгө гарган хямд үнээр худалдаж авах хэрэгтэй. Өнөөдөр хонины нэг кг мах 3000 төгрөгийн ханштай байгаа. Зах зээлийн энэ үнээс арай хямдаар худалдаад авчихвал малчдад ч тэр, өлбөрч үхэхийн наагуур байгаа хойд солонгосчуудад ч тустай. Ийм маягаар бид хойд солонгосчуудад тусалцгаая. Тэдэнд биднээс өөр туслах хүн олдохгүй. Бидний боломж бололцоогоороо явуулж буй тусламжийн барааг тэд цөмийн зэвсэгтээ ашиглаад байхгүй нь ойлгомжтой. Ноосон хувцас, дулаан хөнжил, эсгий гэр, хонины махыг цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаггүй нь тодорхой. Дэлхий нийт тэдэнд туслах гэхээр цөмийн зэвсгийг нь дэмжсэн болно гээд ад үзээд байгаа. Харин бид тэдэнд туслах ёстой ард түмэн юм. Хоёр орны ард түмний харилцаанд төр засгийн бодлого хамаагүй. Тиймээс нэн даруй Хойд Солонгос руу тусламжийн цуваа явуулъя. Тэдэнд туслах аянг төр засаг, Гадаад хэргийн яам зохион байгуулах хэрэгтэй. Мөн Монгол-Солонгосын найрамдлын нийгэмлэг, Солонгост ажиллаж амьдарч байсан монголчууд хүчээ нэгтгэцгээе. Өмнөд Солонгост ажиллаж амьдарч байсан гэдгээрээ ялгарах хэрэггүй. Бид солонгос гэдэг нэг л үндэстэнд тусламжийн гараа сунгах хэрэгтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Баатархүү: Хотын удирдлагууд юу хийх, хаанаас эхлэхээ мэдэхгүй байна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгийн
дарга Ц.Баатархүү дараахь тодруулгыг өглөө.

-НИТХ уржигдар хоёр дахиа хуралдаж хороо, дэд хороогоо
байгууллаа. Хурлаа хийхгүй байна гэсэн шүүмжлэлийг танай бүлгийн зүгээс хэлж
байсан. Одоо голдрилдоо орж байна уу?

-Өчигдөр л хоёр дахь хуралдаанаа хийлээ. НИТХ-д төлөөлөгчид,
Засаг даргын Тамгын газрын зүгээс хэлэлцэх асуудлыг өргөн барьдаг. 2012 оны
эхний зуу хоногт Засаг даргын зүгээс маш олон асуудлыг өргөн барьсан. Засаг
даргын өргөн барьсан асуудлуудыг заавал ажлын хороогоор дамжуулж хэлэлцэх
ёстой. Тэр бүрийг тухай бүрт хэлэлцээд явдаг байсан. Харамсалтай нь одоогоор
Засаг даргын зүгээс ямар нэгэн асуудлыг НИТХ-д өргөн бариагүй байна. Мөн НИТХ
дэгээ зөрчиж хуралдаанаа хийхгүй хоёр удаа тасалсан. АН-ын бүлгээс дэгээ барьж,
хуралдаанаа хийхийг шаардсан шүү дээ. Энэ шаардлагыг хүлээж аваад өчигдөр
хуралдаж хороо, дэд хороогоо байгууллаа.

-Засгийн газрын зуу хоног гэж ярьдаг. Нийслэлийн удирдлагууд
ажлаа эхэлсний зуу хоногийг бас дүгнэх гэж байгаа юм уу?

-НИТХ шинээр бүрэлдээд зуу шахам хонож байна. 2012 оны
сонгуулиар бүрэлдсэн НИТХ-ын зуу хоногийг, одоогийнхтой харьцуулж яривал илүү
ойлгомжтой байх. Нэн тэргүүнд НИТХ-ын ажилладаг зарчим эрс өөрчлөгдсөн. 2012
оноос өмнө НИТХ хуралддаг эсэх нь тодорхойгүй, жилдээ төсвийн тодотгол хэлэлцэх
үед л хоёроос гурав хуралддаг байлаа. 2012 оны сонгуулийн дараа НИТХ сар бүрийн
сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт нээлттэй хуралддаг болсон. Тэндээс ямар
шийдвэр гарч байгааг чөлөөтэй авах боломжтой болж, бүх шийдвэр тогтоолыг хэвлэл
мэдээллийн байгууллагаар дамжуулж иргэдэд хүргэдэг байсан. Өөрөөр хэлбэл,
иргэдийн хурлын үйл ажиллагаа эрс өөрчлөгдсөн. Зуу хоногийн дотор нийслэлийн
иргэдийн хурал таван удаа хуралдчихсан байлаа. Тэр таван хурлаараа НИТХ,
нийслэлийн Засаг дарга нийлж байгаад Улаанбаатар хотын бодлогын менежмэнтийг
сайжруулах томоохон төсөл, хөтөлбөрүүдийг гаргасан. Улаанбаатар хотын байдалд
анализ, дүгнэлт хийж ямар асуудлыг шийдэх вэ гэдэгт эрэмбэ дараалал
тогтоочихсон байсан. Энэ нь суурь ажил юм байна гэдэг жагсаалтыг гаргачихсан
байлаа. Асуудал болгоныг барьж авах биш ямар асуудлыг шийдсэнээр иргэдэд нөлөө
үзүүлэх вэ гэдэгт судалгаатайгаар хандаж байсан. Хамгийн түрүүнд гэр хорооллын
дахин төлөвлөлтийн томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлчихсэн байлаа. Өмнө нь
газрыг төр өөрөө захиргааны аргаар үнэ тогтоогоод авчихдаг байсан. Харин 2012
оноос газрын харилцаа зах зээлийн харилцаанд орсон. Хоёрдугаарт, Улаанбаатар
хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогын бичиг баримтыг баталж гаргасан.
Улаанбаатар хотын хөгжих чиг, алсын хараа тодорхой болсон гэсэн үг.

-Одоо байдал ямар байгаа гэж?

-Харамсалтай нь 2016 оны сонгуулиас хойш Улаанбаатар хот ямар
чиглэлээр хөгжих вэ гэдэг нь тодорхойгүй болсон. Хэвлэл мэдээллийнхэн ч асууж
байна, иргэд ч сураглаж байна. Хариулт алга.

-Шинэ удирдлагууд ажлаа хийхгүй байна гэж үү?

-Уг нь зуу хоногийнхоо тайланг тавьж байх ёстой үе. Гэтэл хийсэн
ажил гэж алга. Ерөөсөө л хотын шинэ удирдлагууд юу хийх, хаанаас эхлэхээ
мэдэхгүй байна. Юу хийхээ мэдэхгүй байгаа хүмүүс хаанаас эхлэхээ яаж мэдэх
билээ. Тиймээс Улаанбаатар хотын олон ажил эзэнгүйдэж байна. Цэвэр цэмцгэр
Улаанбаатарын асуудал эзэнгүйдэж хог хаягдлаас эхлээд иргэдийг бухимдуулах
асуудал багагүй гарч байгаа. Ерөөсөө л бүх ажлыг зогсоочихсон. Хөрөнгө
оруулалт, барилгын ажил, зөвшөөрөл гээд зогсоож болох бүхнийг зогсоож
гацаачихлаа. Ерөнхий сайд хүртэл “Цөөнх байхдаа гоё гоё юм ярьж болдог байсан.
Олонхи болсон чинь маш хэцүү” гэдгийг хэлчихсэн. Засаг дарга хуралд юу өргөн
барихаа ч мэдэхгүй байна. Нохой устгал гэж ярьсан иргэд шүүмжлэхээр нь болъё
гэв. Цахим газар өмчлөлийг зогсооно гэсэн. Иргэдийг шүүмжлээд эхлэнгүүт “За
больё” гэх жишээтэй. Уг нь Засаг дарга нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалд
дүгнэлт өгөөд түүндээ үндэслэн бодлого гаргах ёстой. Тэр бодлогоо хэрэгжүүлэх
үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулмаар юм. Тэгэхгүйгээр нохой устгах гэх
мэтийн аж ахуйн ажил л ярьсаар байна.

-Хотын дарга өнгөрсөн лхагва гаригт мөрийн хөтөлбөрөө НИТХ-д өргөн
барьсан. Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрхэн үнэлж байна вэ?

-Бидний гар дээр тэр хөтөлбөр ирээгүй байна. Танилцсаныхаа дараа
байр сууриа илэрхийлнэ. Сураг сонсоход бидний боловсруулж батлуулсан
Улаанбаатар хотын 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнөөс аваад
тавьчихсан байгаа бололтой. Харин МАН-ын намын сонгуульд оролцсон мөрийн
хөтөлбөрийн гол хэсэг болох нэг өрх, нэг байр энэ тэр нь байхгүй бололтой.
Түүнээс болж бүлэг дээрээ маргаан гарсан гэдэг мэдээлэл сонссон.

-Үндэслэлгүйгээр төрийн албанаас халагдаж байгаа иргэдийн
гомдлыг хүлээж авах утас ажиллуулж байгаагаа мэдэгдсэн шүү дээ. Хэр их гомдол
ирж байна вэ?

-Маш их гомдол ирж байгаа. Удахгүй энэ талаар нэгдсэн байдлаар
мэдээлнэ. Төрийн албан хаагчид ажиллах хүсэлгүй болчихсон. Тэднийг ажлаар ч
хангахгүй байна. Өөрсдийнхөө хүмүүсийг томилж дууссаны дараа гэсэн хандлага
байгаа бололтой.

Categories
мэдээ цаг-үе

Хорин жилийн түүхтэй хос мэргэжлийн эзэд

Мандах бүртгэл дээд сургуулийн татварын нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгссөн анхны төгсөгчдийг энэ удаагийн “Нэг анги” буландаа урилаа. Эдний ангийнхан сургуулиа төгсөөд хэдийнэ 20 жил өнгөрчээ. Монгол Улсад 1994 онд байгуулагдсан Татварын ерөнхий газар нь тухайн үед мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байсан учир эхний үед янз бүрийн дээд мэргэжилтэй хүмүүсийг татварын байцаагчаар ажиллуулж байжээ. Иймд тус байгууллагын өмнө мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх шаардлага гарч Мандах бүртгэл дээд сургуультай гэрээ байгуулан хот, хөдөөгийн татварын албанд ажиллаж байсан мэргэжлийн бус хүмүүсээ тус сургуульд суралцуулахаар элсүүлжээ.

Мандах бүртгэл дээд сургууль нь 1992 онд байгуулагдсан шинэхэн сургууль боловч их дээд сургуульд олон жил багшилсан туршлагатай эрдэмтэн профессор, багш нартай байсан тул Татварын ерөнхий газар ийнхүү итгэл үзүүлж, боловсон хүчин бэлтгүүлэхээр гэрээ хийжээ. Тус сургуулийн босгыг алхан орж татварын нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил эзэмшихээр эх орны өнцөг булан бүрээс татварын 22 улсын байцаагч тус сургуулийн анхны эчнээ ангийг бүрдүүлж, хос мэргэжлийн эзэд гэгдэх болжээ.

Залуу багш нараас ахимаг насны боловч сурах эрмэлзлээр дүүрэн, хичээл чармайлттай оюутнууд байжээ. Эдний ангийнхан шалгалт ойртсон үед өөрсдөө санаачлан багш нартайгаа тохиролцож давтлага авдаг идэвхтэй оюутнууд байж. Энэ ажлыг ангийн дарга С.Цэрэндаш хүлээнэ. Учир нь тэдний дундаас арай ахимаг настай бөгөөд үндсэндээ энэ ангийнхны өмнөөс бүхнийг хийдэг аав шиг хүн болж хүндлэгджээ. Ангийн дарга хэнд ямар асуудал тулгараад байгааг мэдэж тус дэм болдог байсан талаар ангийнхан ам уралдан ярьсан юм.

Харин ангийн багшаар Я.Мишиглүндэн дарга сонгогдсон байв. Дарга гэсний учир нь мэргэшүүлсэн сургалт эхлэх үед Я.Мишиглүндэн багш Үндэсний татварын ерөнхий газарт Тамгын газрын даргаар ажиллаж, хүний нөөцийнхөө бодлогыг хариуцдаг байжээ. Ангийн багш Я.Мишиглүндэн Би Мандах бүртгэл дээд сургуулийн татварын анхны эчнээ ангийнхнаар бахархдаг. Тухайн үед суралцаж байхад нь би тогтвор суурьшилтай ажиллаад өгөөрэй гэж хэлдэг байсан юм. Амжилттай суралцаж төгсөөд одоо ч мэргэжлээрээ татварын албандаа зүтгэж яваа шавь нараараа би багшийн хувьд бахархдаг” гэж оюутнууддаа хандан хэлсэн юм.

Багшийнхаа үгийг сонссон ангийн дарга С.Цэрэндаш “Суралцаж байх хугацаанд маань нягтлан бодох бүртгэлийн үндсээс эхлээд дээд шатны бүртгэл хүртэл профессор Г.Нанжид, доктор профессор С.Өлзийбат, гавьяат эдийн засагч Р.Батжаргал, Б.Нацагдорж, Ц.Ядамсүрэн, н.Энхтуяа, Б.Амарбаясгалан гээд олон эрдэмтэн мэргэн багш нар маань хичээл зааж биднийг сайн нягтлан бодогч, сайн санхүүч болгохын төлөө бүхий л эрдэм мэдлэг, сэтгэл оюун, сайн сайхан бүхнээ зориулсан. Ангийн багш болоод багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна” хэмээн нэмж хэллээ.

Мандах бүртгэл дээд сургуулийн багш нар эдний ангийнхныг дандаа магтан, дурсаж ярьдаг ажээ. Мандах бүртгэл дээд сургуулийн гүйцэтгэх захирал, доктор (Ph), профессор С.Өлзийбат дурсамжиндаа “Тэр үед компьютер тоног төхөөрөмж, ном сурах бичиг ховор байсан болохоор эчнээ ангийнхан маань 23:00 цаг хүртэл сургууль дээрээ давтлага хийж, багшийн заасан лекцийг ярилцаж, бодлогоо бодож суудаг байсан. Энэ нь манай сургуулийн өдрийн ангийн оюутнуудын сургалтад ч сайнаар нөлөөлсөн байдаг юм шүү. Тэднийг 1996 онд сургуулиа төгссөнөөс хойш Мандах бүртгэл дээд сургууль нягтлан бодох бүртгэл-аудит, нягтлан бодох бүртгэл-татварын ангийн элсэлтийн эхлэлийг тавьж, шинэ хөтөлбөрөөр тэр үеэс элсэлт авч эхэлсэн” гэж дурссан бол Монгол Улсын гавъяат эдийн засагч, доктор, профессор Р.Батжаргал “Одоогийн байдлаар 10 хүн мэргэшсэн нягтлан бодогчийн тусгай зөвшөөрлийн шалгуурыг хангасан байна. Аль ч сургуулийн тухайн ангийн төгсөгчдөөс 50 орчим хувь мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан тухай мэдээлэл байгааг би сонсож байгаагүй. Энэ амжилт бол анги хамт олны нэгэн бахархал гэж хэлж болно” хэмээн ярьж байна.

Эдний ангийнхан хоёрхон жил хамтдаа суралцсан ч “Нийт нь нэгийн төлөө, Нэг нь нийтийн төлөө” гэсэн сэтгэлтэй болжээ. Тэд одоо ч хэн нэгэндээ тохиолдсон баяр жаргал, зовлон гунигийг орхилгүй хамт туулдаг гэнэ. Үүнийг тайлбарлахаар И.Мөнхцэцэг (Үндэсний татварын ерөнхий газарт ажиллаж байгаа) “Биднийг төгсөх хавар Т.Нэргүй (Налайх дүүргийн татварын албаны хэлтсийн дарга) төгсөлтийн шалгалтын үеэр нялх хүүхэдтэй байсан учраас жилийн чөлөө авах тухайгаа хэлсэн юм. Манай ангийнхан ярилцаж байгаад шалгалтын үеэр хүүхэд чинь хоёр сартай байна. Чи хүүхдээ аваад ир. Бид чамд тусална гэсээр байгаад Говь-Алтай аймгаас нялх хүүхэдтэй нь ирүүлж билээ. Хичээл, шалгалтын үеэр хүүхдийг нь ээлжилж харах хуваарь гаргачихна. Тэгсээр байгаад л бид Т.Нэргүйтэйгээ сургуулиа хамтдаа төгссөндөө баяртай байдаг. Т.Нэргүйн охин манай ангийн 23 дахь оюутан болж төгссөн гэхэд болно. Сүүлд төгсөлтийн баяр болоход бидний хэнээс нь ч бишүүрхэхгүй тэврүүлдэг болчихсон байж билээ. Ангийнхан маань одоо ч байнга холбоотой байдаг учраас жилдээ нэг удаа ангиараа уулзалт зохион байгуулж, бие биенийхээ талаар мэдээлэл авч, хууч хөөрдөг уламжлалтай” гэв.

Түүний яриаг үргэлжлүүлэн Х.Ундраа (Сангийн яамны мэргэжилтэн) “Манай ангийн анхны танилцах үдэшлэгийг Д.Дамирансүрэн ах Хөдөө аж ахуйн дээд сургууль дээр зохиож байсан юм. Тухайн үед хөгжим байхгүй өөрсдөө дуулж, аянд нь бүжиглэж, хөгжилдсөөр нэг нэгэнтэйгээ танилцаж байлаа. Бас анхны хичээл ороод эхний завсарлагаанаар ангийн сахилгагүй оюутан Хөвсгөлийн Ё.Пүрэвсүрэнтэй анх танилцаж байлаа. Гэтэл хожуу хойно шооч зангаараа “Их л атаман байдалтай, эрүүгээрээ зааж ирээд л надаас асуулт асууж байсан шүү чи” гэж ангиар маань инээлгэдэг байж билээ хэмээгээд инээд алдлаа.

Инээж зогссон Т.Энхтайван (Татварын ерөнхий газрын ажилтан) нэг зүйл санасан бололтой “Манай ангийнхан нэг шинэ жилээ ангидаа тэмдэглэж байлаа. Пүүжээ цэргийн халуун тогоо авчирч, ангийн хүргэчүүд ирж өргөн хүрээг хамарсан сүр дуулиантай баяр хийсэн юм. Идэж ууж, бүжиглэж, тоглож наадан шөнөжин сайхан баярласан. Үүрээр ангиараа Ганбаа ах, Пүүжээ хоёрыг гаргаж өгөөд, нөгөө хоёр маань өвлийн хүйтэнд “Зил-130” машины тэвшин дээр суугаад Хөвсгөл нутаг руугаа явж байсансан. “Зил-130”-тай дурсамж манай ангийнханд цөөнгүй бий. Сургуулиа төгсөөд төгсөлтийн баяраараа “Шонхор” зусланд амарсан юм. Галт тэрэг, “Зил-130” машинаар очиж, хорхог хийж идчихээд л усаар байлдаж, сагсны тэмцээн, үдэшлэг хүртэл зохион байгуулж байсан. Залуу насаа дурсах сайхан шүү” гэж сонирхолтой яриа өрнүүлэв.

Ангийнхныхаа яриаг анхааралтай чагнаж суусан Д.Дамирансүрэн (“Хайрхан бор” ХХК-д барилгын инженер) “Тэр үед бүгд л хөдөө орон нутгаас ирж суралцаж байсан болохоор гэр орон, үр хүүхдээ санана, хоолны мөнгөгүй болно, шантрах үе мөн ч олон гардаг байсан. Тэр бүгдэд бие биедээ дэм болж, хоолоо хувааж идэн, хичээлээ хамт давтаж, өвдсөн нэгийгээ эргэж тойрдог байлаа. Ангиараа жаргал, зовлонгоо хуваалцаж сургуулиа төгссөн. Ц.Пүрэвсүрэн эгч маань хойгуураа гарсныг хооллосон, урдуураа гарсныг ундалсан буянтай эгч байсан юм. Бид гэрт нь очоод хоол хийж, гэртээ байгаа юм шиг л дураараа байна. Манай ангийнхны байнга очиж

хичээлээ давтдаг, бужигнадаг газар тэднийх байсан. Пүүжээ эгч маань залуугаараа биднийг орхин одсон юм даа. Өнөөдөр бидний дунд Ч.Энхтөр маань бас алга. Баруун аялгаар ярьж биднийгээ үргэлж хөгжөөж байдаг найзынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж байна. Анги хамт олныхоо дунд хүндтэй байр суурь эзэлдэг ч биднийгээ орхин бурхны оронд заларсан нөхдөө бид уулзах бүрдээ дурсан санадаг” гэж ярихад бүгд чимээгүй болон хэсэг суулаа.

Тэд 1994 онд Мандах бүртгэл дээд сургуульд элсэн орж 1996 оны хавар 22 оюутан татварын нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалж төгсчээ. Бүгд л эх орныхоо хэрэгцээт газар төрийн болон хувийн салбарт амжилттай ажиллаж байгаа. Эдний ангийнхнаас ес нь эзэмшсэн мэргэжлээрээ буюу хөдөө орон нутаг болон нийслэл, дүүргийн татварын хэлтэст ажилладаг гэнэ. Өдгөө Хөвсгөл аймагт Г.Ганбаатар, Сэлэнгэ аймагт Ц.Энхцэцэг, Дорноговь аймагт Н.Чандаганцагаан, Үндэсний татварын ерөнхий газар Ц.Алтанцэцэг, И.Мөнхцэцэг, Д.Энхтуяа, Т.Энхтайван, Б.Халиунаа, Налайх дүүрэгт Т.Нэргүй нар татварын улсын байцаагч, ахлах байцаагч зэрэг албан тушаалд ажиллаж байгаа юм байна. Мөн Ё.Пүрэвсүрэн татварын албанаасаа гараад Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга, Х.Энхбулаг Чингэлтэй дүүргийн статистикийн хэлтэст, Б.Энхсүрэн аудитын компанид, Саранцэцэг Шунхлай ХХК-ийн дотоод аудитын хэлтсийн даргаар, Балбармаа БТЕГ ХХК-д эдийн засагч, Ж.Эрдэнэбилэг Эрдэнэт УҮГ-т санхүүгийн албаны даргаар тус тус ажиллаж байгаа гэнэ. Харин ангийн дарга С.Цэрэндаш, Л.Цэцэг-Эрдэнэ нар улсдаа хийж бүтээхээ хийгээд өдгөө гавьяаныхаа амралтаа эдэлж байгаа ажээ.

Одоо эдний ангийнхнаас зургаа нь магистр цол хамгаалж, ажил хөдөлмөрөө үнэлүүлэн хоёр “Алтан гадас одон”, дөрвөн “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 16 “Санхүү банкны тэргүүний ажилтан”, дөрвөн “Эдийн засгийн тэргүүний ажилтан”, нэг “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан”, нэг “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан”, нэг “Үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан”, дөрвөн “Нийслэлийн болон ТЕГ-ын шилдэг байцаагч”-аар тус тус шагнуулсан амжилттай байгаа гэнэ.

Мандах бүртгэл дээд сургуулийн анхны эчнээ ангийн төгсөгчид 20 жилийнхээ ойгоор уулзалдаж ангийн дурсамжаа бичсэн номоо өлгийдөн аваад байгаа юм байна. Тэд ирэх оны тавдугаар сард Мандах бүртгэл дээд сургуулийн 25 жилийн ойг тохиолдуулж анги хамт олноороо уулзалт зохион байгуулахаар тов тараагаад байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Стэнд бай-д хамрагдах нь тодорхой болчихлоо” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн
сонин”-ы бямба гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ
өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж,
тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрээс Сангийн
сайд Б.Чойжилсүрэнгийн “Оюу толгойн далд бүтэн байгуулалтыг эрчимжүүлж, Таван
толгой, Гацуурт төслүүдийг ирэх хавар эхлүүлнэ ярилцлагыг уншаарай. Засгийн
газар тэтгэвэрт гарахад нэг удаад олгодог 36 сарын тэтгэмжийг 1-12 сар болгон
өөрчлөөд байсан бол 2017 оны нэгдүгээр сараас эхлэн тэтгэмжийг хуучин байдлаар
нь үргэлжлүүлэхээ мэдэгджээ.

Улс төрийн хоёрдугаар
нүүрэнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин
Хаймины ярилцлага хэвлэгджээ. Тэрбээр өчигдөр ХААИС-д тэтгэлэг гардуулж өгсөн
байна. Цаашдаа ч тэрбээр хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг улам
бэхжүүлэх сонирхолтой байгаа юм байна.

Баримт, үзэл бодлын
3-р нүүрт “Стэнд бай”-д хамрагдах нь тодорхой болчихлоо нийтлэл хэвлэгдлээ.
Энэхүү нийтлэлдээ Вашингтон руу ниссэн Төв банкны ерөнхийлөгчийн томилолтын нэг
зорилго нь ОУВС-с эдийн засгаа аврах амь тариа гуйхаар явсан тухай өгүүлжээ.

Уламжлалт “Хэлэх
индэр” буланд иргэд чөлөөт үзэл бодлоо илэрхийлжээ.

Наймдугаар нүүрийн “Дэлхийн
хүн” буланд Элсэн цөл дундаас Израйл улсыг босгосон Шимон Перстэй танилцаарай.

Уранзохиолын уламжлалт
“Өд бэх” булангаас Хемингуайн “Цагаан заан шиг толгод” өгүүллэгийг уншаарай.

Цаг үе, үйл явдлын 10
дугаар нүүрээс түргэний тэргэнд төрөх гээд явж байсан эхийг чимхэж хөх няц
болгосн олныг сэртхийлгэсэн мэдээллийн мөрөөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын
мэргэжилтэн Ш.Тэгшбаяраас тодруулсан “Түргэний эмчид хариуцлага тооцох үндэслэл
байхгүй” ярилцлагыг сонирхоорой.

Мөн энэ дугаараас
Афганистанд үүрэг гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдад шагнал гардуулах
ёслолоос хийсэн сонирхолтой сурвалжлагыг уншаарай.

Түүнчлэн Танин
мэдэхүйн 11-р нүүрээс 5000 жилийн настай агуу пирамидуудын тухай сонирхоорой.
Египетэд л гэхэд 100 орчим пирамид одоо болтол сүндэрлэн байна.

“Ахмадын баяр”-ын
өдрийг тохиолдуулан монголын мянга мянган ахмадын төлөөлөл болсон Гэндэнгийн
Пунцаг-Осор гуайн гэр бүлийг “Өдрийн зочин” буландаа урьжээ. Нас сүүдэр 90
хэдийн гарсан ч ануухнаараа харагдах ахмад дайчдын энгэрт Зөвлөлт холбоот улсын
Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас тэргүүт одон гялалзан харагдана. Та эдгээр
азай буурлуудын ажил амьдралын амттай яриаг эндээс сонирхон уншаарай.

Эдгээр
болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы бямба
гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай
сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35
салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж
авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах
боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын
үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын
үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх
сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн
сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той
холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба
захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим
хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй
мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН
СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ