Монгол бөхийн өргөөнд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн Монгол бахархалын өдөрт зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр боллоо. Барилдааныг Увс аймгийн Давст сумын уугуул Улсын арслан П.Бүрэнтөгс, Увс аймгийн Ховд сумын уугуул Улсын арслан Н.Батсуурь, Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын арслан Р.Пүрэвдагва, Завхан аймгийн Их -Уул сумын харьяат Улсын гарьд Б. Гончигдамба,Төв аймгийн Баянханнай сумын харьяат Улсын заан Б.Батмөнх, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын заан Б.Пүрэвсайхан нар манлайлан барилдлаа. Гэвч, өнөөдрийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр нар зодоглосонгүй. Ер нь улсын аварга, арслан зэрэг өндөр цолтнууд бөхийн барилдаанд ховорхон барилдаж байгааг бөх сонирхогчид шүүмжлэлтэй хандаж байлаа.
Үндэсний бөхийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, өнөөдөр “Чингис хаан” одон хүртсэн МУГЖ Г.Ариунбаатар, “Чингис хаан” одонт Р.Гончигдорж, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, нар Монгол бөхийн өргөөнөө морилон үзлээ.
Өнөөдрийн барилдааны шөвгийн наймд Төв аймгийн Баянхангай сумын уугуул Улсын заан Б.Батмөнх, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын заан Б.Пүрэвсайхан нар үлдлээ.
Харин их шөвөгт Булган аймгийн Могод сумын уугуул Улсын өсөх идэр начин Э.Энхбат, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Улсын гарьд Б.Гончигдамба нар үлдлээ.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн Монгол бахархалын өдөрт зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын арслан Р.Пүрэвдагва долоо даван түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Улсын начин Э.Даш үзүүрллээ.
Энэ үеэр түрүү бөх Архангай аймгийн Булган сумын харьяат “Бөх Билэгт” дэвжээ, “Алдар спорт” хороо, “Алтан Дорнот” компани бөх Улсын арслан Р.Пүрэвдагваас сэтгэгдлийг нь сонслоо.
Тэрээр “Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд амжилтай сайхан барилдаж түрүүлсэндээ баяртай байна. Нийт монголчууддаа болоод нутаг усныхандаа баярын мэнд дэвшүүлье. Та бүхэн минь сайхан баярлаарай ” гэв.
Харин өнөөдрийн барилдаанд амжилттай сайхан барилдаж үзүүрлсэн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Улсын начин Э.Даш “За өнөөдрийн барилдаанд сайхан барилдаж үзүүрллээ. Сэтгэл их өндөр байна. Нутаг усныхандаа болоод аав, ээждээ баярын мэнд хүргэе. Сая сүүлийн Б.Гончигдамба гарьдтай хийсэн барилдаан их хүнд боллоо” гэлээ.
Өнгөрсөн жил уг барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Ц.Содномдорж, Д.Батболд, А.Цацабшир, Н.Батзаяа, Б.Одгэрэл, улсын өсөх идэр начин Э.Энхбат, Ш.Уламбаяр, Р.Пүрэвдагва тэргүүтэй 128 бөх зодоглосон. Улмаар улсын арслан П.Бүрэнтөгс шуурхай шийдэмгий барилдаж, түрүүлсэн билээ.
Э.МӨНХТҮВШИН