Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Н.Учрал “Айг Бусан” компаний төлөөлөлтэй уулзжээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Н.Учрал өнөөдөр /2016.08.31/ БНСУ-ын Бусан, Улаанбаатар хотуудын харилцааг хөгжүүлэх, тэр дундаа эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар “Айр Бусан” компанийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Улаанбаатар, Бусан хоёр хотын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэнд баяр хүргээд тус байгууллагын олон улсын түвшинд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг ажлуудын нэг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ байдагт талархалтай байгаагаа илэрхийлэв.

Тэрээр “Манай улсын хэмжээнд зүрх судас, хавдар, элэгний өвчлөл нас баралтын дийлэнх хувийг эзэлж байна. Мөн нялхасын эндэгдэл нэмэгдэх хандлагатай байгаа. Эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмж хангалтгүй байдгийн зэрэгцээ иргэдийн хувьд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийлгэхгүй цаг алддаг байдал нь гол шалтгаан болж байна. Би Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн учраас энэ асуудалд анхаарлаа хандуулж, ажиллана. БНСУ-ын Бусан хотын эрүүл мэндийн холбоодтой хамтран ажиллах сонирхолтой байна. Тухайлбал, Улаанбаатар хотын иргэдийг эрүүл мэндийн багц үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна” гээд энэ чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

“Айр Бусан” компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Ким Жан Ху ирэх 10 дугаар сард БНСУ-ын Бусан хотын аялал жуулчлалын болон эрүүл мэндийн байгууллагын холбооны төлөөлөгчид Монгол Улсад ирж, уулзалт хийхээр төлөвлөснийг дуулгав. Мөн тэрээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх, Монгол Улсад оношлогдохгүй байгаа өвчтөнүүдийг БНСУ-ын Бусан хотын эмнэлгүүдэд зуучлах, чадварлаг эмч мэргэжилтнүүдийн урьж, үзлэг оношилгоо хийлгэх зэргээр хамтран ажиллах боломжтой гэлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хичээлийн шинэ жилийн нээлт эхэллээ

2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт улс орон даяар өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд 08:00 цагаас эхэллээ. ЕБС-иуд есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлт болон эхний хоёр цагийн хичээлийг нэгдсэн сэдвээр заах аж. Тухайлбал, 08:00-08:40 цагт Хичээлийн шинэ жилийн нээлт хийнэ.

09:00-09:40 цагт “Монголын нууц товчоо” хичээлийг 1-12 дугаар ангийн бүх бүлгүүдэд зохион байгуулна.

Харин 10:00-11:00 цагт МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдвээр теле хичээл заана. Теле хичээлийг улс орон даяар МҮОНРТ-ээр шууд нэвтрүүлэх юм.

Мөн “Монголын нууц товчоо” хичээлийн агуулга, арга зүйг “Монгол бахархал” сэдвийн дор сургууль бүр урьдчилан бэлтгэж хичээлийг зохион байгуулах

Ерөнхий боловсролын сургууль бүр Ерөнхийлөгчийн теле хичээлийг нийт суралцагч үзэх боломжтой байхаар зохион байгуулах, Тухайлбал анги танхим, урлаг спортын зааланд телевизор байрлуулах, дуу өндөрсгөгч тавьж сурагчид нэгдсэн байдлаар хичээлийг үзэх боломжийг хангах гэх мэт. Энэхүү бэлтгэлийг хангахад багш, эцэг эх суралцагчдад ямар нэгэн хүндрэл дарамт учруулахгүй байх ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Энхболд: Эдийн засаг, санхүүгийн сахилгагүй байдал их байна

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.

-Эдийн засгийн хямралаас гарахын тулд цалин хөлсийг багасгаж, халамжуудыг зогсоогоод эхэллээ. МАН амласнаасаа эсрэгээр хөдлөөд байна уу даа?

-Сонгуулиас өмнөх Монгол Улсын эдийн засгийн байдлын ойлголт, өнөөдрийн эдийн засгийн байдлын ойлголт хоёрын хооронд маш их зөрүүтэй асуудал бий болчихлоо. Сонгуулиас өмнө аль аль нам нь ард түмнээ хуураад явчихсан байгаа байхгүй юу. Яагаад гэвэл мөрийн хөтөлбөрүүдэд нь маш их халамжийн бодлогуудтай, сайхан сайхан төсөл хөтөлбөрүүд багтсан байсан. Жишээ нь АН гэхэд “Сайн” хөтөлбөрүүдтэй, МАН уламжлал болгон хэрэгжүүлж байсан хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг, зээлийн сангууд бүрдүүлэх зэрэг санхүүтэй холбоотой олон асуудлыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлж оруулж ирсэн. Эдийн засгийнхаа байдлыг зөв оношлоогүйгээс аль аль нам нь ард түмнээ хуурах асуудал руу орчихож байгаа байхгүй юу. АН хэрэв тэр “Сайн” хөтөлбөрөө ярьсаар байгаад ялсан бол тэдгээр хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь эргээд асуудал болох байж. Үүнтэй адил МАН буруу мэдээлэл дээр тоглож, буруу статистикийн мэдээлэлд тулгуурлаж мөрийн хөтөлбөрөө боловсруулж сонгуульд орж ялалт байгуулсан нь эргээд хүнд байдалд оруулчихаж байна. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэтэл бодит байдал нь хүнд байна. Ийм л байдал үүсчихлээ.

Би саяхан орон нутагт ажиллаад ирсэн. Одоогийн нөхцөл байдалд сонгуулиар бидний ярьж байсан юм худлаа болж таарах гээд байна.

Муу нуухаар сайн илчил гэгчээр эдийн засгийн үнэн бодит байдлыг ард түмэнд хэлэхгүйгээр мянга сайхан юм яриад цаана нь хэрэгжүүлэх үндэслэл байхгүй байна. Тэгэхээр тэрийг хэрэгжүүлэх нь цаашдын зорилго болж үлдээд ямар нэг шийдвэртэй алхмыг яаралтай хийхгүй бол Монгол Улсын эдийн засаг хүнд байгааг бүгд мэдэж байгаа.

УИХ-ын гишүүд Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг сонсоцгоосон. Монгол Улсын эдийн засаг ирэх жил улам хүндэрнэ. Жил хагас эсхүл хоёр жилийн дараагаас гэрэл гэгээ гарах үндэслэл бий.

-Ямар үндэслэлүүд вэ?

-Мэргэжлийн Засгийн газраас хэрэгжүүлж эхэлж байгаа ажлуудыг харахад зөв бодлого эхлүүлэх гэж байна гэж харж байгаа. Ээлжит бус чуулганаар эдийн засгийн төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах байх. Засгийн газрын болоод МАН-ын мөрийн хөтөлбөрийн заалтууд ч орж ирнэ. Дэвшүүлсэн хөтөлбөрүүдээсээ ч татгалзах зүйл гарч болзошгүй. Оюутны 70 мянган төгрөг, МСҮТ-ийн суралцагчдад олгодог тэтгэлгээ зогсооё, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь өгье гэж байна. Ийм халамжийн бодлогуудыг жаахан ч гэсэн хойшоо тавиад эдийн засгийг зөв голдирол руу нь оруулахгүй бол болохгүй байна. Энэ нь өнөөдрийн нөхцөл байдалд мэргэжлийн Засгийн газрын авах арга хэмжээ байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ миний хувийн бодлоор энэ улс орныг хямралаас гаргахын тулд мөрийн хөтөлбөртөө тусгасны дагуу томоохон мега төслүүдээ явуулах хэрэгтэй. Монгол Улсад ашигтайгаар, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд явуулах хэрэгтэй шүү дээ. Хоёрдугаарт, үйлдвэржилтийг яаравчлуулах хэрэгтэй. Өөрсдөө экспортлогч болж, дотоодын хэрэгцээгээ хангахгүй бол импортлогч байгаад байвал эдийн засгаа тэтгэх бололцоогүй болчихно. Гурав дахь асуудал нь хариуцлагагүй асуудалтай тэмцэхгүй бол болохгүй байна. Эдийн засаг, санхүүгийн сахилгагүй байдал их байна. Цаашлаад энэ оффшор дансны асуудлыг сөхөж гаргаж ирэхгүй бол болохгүй болчихоод байна. Магадгүй Монгол Улсын эдийн засгийн нэлээд хэсэг нь оффшор дансанд явж байгааг үгүйсгэхгүй. Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулж болж байна. Энэ бол тэвчиж болох зардал байхгүй юу. Цаашид янз бүрийн татварын бодлогуудыг оруулж ирээд бизнес эрхлэгчдэдээ дарамт учруулах гэдэг ч юм уу ийм байдлаар эдийн засгаа сэргээх бололцоогүй. Санхүүгийн хариуцлагын асуудлыг чандалж гаргаж ирэхгүй бол болохгүй. Сангийн яамны мэдээллээр орлогын дөрвөн эх үүсвэртэй явж байна гэсэн. Дөрвөн баланстай гэсэн үг. Дөрвөн эх үүсвэртэй, дөрвөн зарлагатай явж байна. Үүнийг нэгтгэж нэг ойлголттой болохгүй бол эдийн засаг ямар байдалтай явахыг нь сая урьдчилаад гаргачихлаа. Өнөөгийн Засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлэх асуудлуудыг ээлжит бус чуулганаар нэлээд ярина. Эдийн засгийн байдлыг цаашид хэрхэн даван туулах асуудлыг ярих байх.

Нэн тэргүүнд барих ёстой бодлого бол үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид буюу баялаг бүтээгчдийн татварын бодлогыг зөв болгож гаргаж ирэх ёстой. 1.5 тэрбумаас доош орлоготой бол нэг хувь болгоно гэж буй. Үүнийг яаралтай хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.

Санхүүгийн хариуцлагын тухайд Хөгжлийн банк төдийгүй төрийн өмчит томоохон байгууллагуудад ч шаардлагатай гэвэл шалгалт оруулах хэрэгтэй байх. Гэх мэтчилэнгээр зөв зүйлээр гаргаж ирэхгүй бол дан гадаадын өр зээлтэй холбоотой асуудлаар явбал хүнд. ОУВС-гаас “Стэнд бай” хөтөлбөрийг ярьж байна. Манайх ч бодолцож үзэж байгаа.

-Хүүхдийн мөнгө, оюутны 70 мянгаар голоо зогоодог айл өрх олон бий. Эдгээр халамжуудыг багасгаж, түр зогсоож байна. Энэ байдал хэр үргэлжлэх вэ?

-Үргэлжлэх хугацааг богинохон байгаасай гэж хувийн зүгээс бодож байгаа. Төв орон нутгийнхан эдийн засгийн хямралд өртөөд байгаа юм биш. Хөдөө орон нутгийнхан ч ялгаагүй хямарч байна. Малын гаралтай түүхий эдийн үнэ навс уначихсан байгаа байдал нь хөдөөний малчдын амьдрал ахуйд шууд нөлөөлж байна.

Өмнөговь аймаг эдийн засгийн хямралд илүүтэй өртөнө. Яагаад вэ гэвэл уул уурхайгаас хэт хамааралтай аймаг. Уул уурхай зогслоо. Бүх ажилчид нь ажилгүй болсон. Уурхайн ажилчид харьцангуй өндөр цалинтай учир түүнийгээ барьцаалаад маш олон төрлийн зээлд хамрагдчихдаг. Ингэхээр эдийн засгийн хямралд хамгийн их өртөж байгаа аймаг нь Өмнөговь ч хамгийн хурдан хөл дээрээ босох нь Өмнөговь аймаг. Оюу толгой төсөл, Таван толгой төсөл гээд стратегийн томоохон ордууд Монгол Улсад ашигтайгаар хэвийн ажиллаад явахад ажлын байр бий болно. Саяхан шат дарааллаар нь уурхайнуудаар явж ажил байдалтай нь танилцлаа. Одоо уурхайн удирдлагуудтай уулзахаар төлөвлөчихөөд байгаа.

Улсын хэмжээнд халамж, хүүхдийн мөнгөөр амьдардаг айлууд олон бий. Тиймээс зорилтот бүлэг рүү чиглэсэн энэ халамжийг урт хугацаанд зогсоож болохгүй. Аль болох хурдлуулах. Гэхдээ ямар нэгэн байдлаар бүсээ чангалахгүй бол болохгүй нөхцөл байдал үүсчихээд байгаа байхгүй юу.

Ирэх жил улам хүнд байна. Бондуудын үндсэн зээлийг төлөөд эхэлнэ. Одоо бол зээлийн хүүний асуудал л яригдаад байгаа. Сонгуулийн өмнө хэлж байсан эдийн засаг өнөөдөр бодит хэлбэр рүүгээ орчихлоо. Тэрнээс гарах арга замыг мэргэжлийн Засгийн газар яаралтай гаргаж ирж хамтын шийдвэр гаргах хэрэгтэй.

-Та Өмнөговь аймгийн ИТХ-д сууж байхдаа говийн нэмэгдэл гэдэг зүйлийг санаачилж байсан санагдана?

-Би хувийн секторт ажиллаж байсан л даа. Өмнөговь аймгийн 100 гаруй тэрбум төгрөг батлагдаад улсын төсөвт 7-9 тэрбум төгрөгийн дэмжлэг өгдөг. Өмнөговийн төсөв өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгөөр л батлагдаад яваад байсан юм. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 14 сумынхаа төсөвт байгууллагуудын буюу төрийн албан хаагчидтай уулзаж үзэхэд тэд бүгд банкны зээлтэй байсан. Тэгэхээр нь говийн нэмэгдлийг санаачилж байсан юм. Түүгээр бол төсөвт байгууллагын ажилчинд жилдээ ойролцоогоор 600 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлчихэж байгаа юм. Орон нутаг нь үүнийг шийдэх бүрэн бололцоотой. Тэр нь цалин, түүнтэй адилтгах орлого биш юм.

Өмнөговьд зардал нь хэт их, дэд бүтэц рүүгээ яваад иргэд рүүгээ хандаагүй. Нийгмийн бодлогоо орхигдуулчихсан байсан. ИТХ-д цөөнх байсныг хэлэх үү. Асуудлыг тэгж тавьж ирсэн. Одоо энэ асуудлыг цааш үргэлжлүүлэх боломжтой ч бас эдийн засгийн чадавхи ямархуу байх нь вэ харах ёстой байх.

-Хувийн сектор гэхээр та ямар чиглэлээр бизнес эрхэлж байв?

-Санхүү, үйлдвэрлэл, барилгын салбарт ажиллаж байсан. Улс орон минь дээр миний хэлсэн гурван үндэслэлээр л хөл дээрээ босно доо. Томоохон төслүүдээ явуулж, үйлдвэржилтийг эрчимжүүлж намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “21:100” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Ингээд сүүлд нь санхүүгийн хариуцлагыг сайжруулах хэрэгтэй байна. Хариуцлага тооцохгүй бол луйвар хийгээд л мөнгө хамаа замбараагүй үрж зугтаагаад л алга болчихож байна. Ийм нөхцөл байдал үүсч байгаа учир хариуцлага тооцоод оффшор дансны асуудалтай холбогдуулан хуулийн төсөл өргөн барих тухай зарим гишүүн ярьж л байна.

Санхүүгийн хариуцлага, сахилга бат гэдэг бол үнэхээр чухал. Би эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй болохоор санхүүгийн сахилга батыг зайлшгүй мөрдөх ёстой гэж хардаг.

-Өнөөдрийн хувьд мэдээллийн орчин, цахим ертөнцөд хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг, 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж зэрэг халамжтай холбоотой асуудал анхаарлын төвд байна?

-36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг бууруулахаас өөр аргагүй. Ямар зардлуудыг танах вэ гэж дүн шинжилгээ хийж байна. Тансаглал, томоохон удирдлагуудын зардлыг бууруулж байна.

Өнөөдрийн нөхцөл байдалд эдийн засгаа аврахын тулд ийм алхмаар эхлүүлэхээс өөр онол гарч ирэхгүй л дээ. Монгол Улс бол хөгжих бүрэн бололцоотой. Гуравхан сая хүн амтай, 56 сая малтай. Мал аж ахуйн том салбартай. Түүн дээр нь Монголыг байтугай дэлхийг тэтгэх уул уурхайн баялагтай.

Миний бодлоор хөгжлийн гурван хүчин зүйл байдаг юм. Нэгдүгээр хүчин зүйл нь эдийн засаг, хоёр дахь нь эрх мэдэл, гурав дахь нь сэтгэл. 1.5 тэрбум ам.долларын бонд босгож ирсэн. Эдийн засаг, эрх мэдлийг нь өгсөөр байтал сэтгэл нь дутсан. 56 сая малаа яах вэ, гуравхан сая хүнээ яах вэ гэж бодоод уул уурхайгаа зөв менежментэд оруулж эдийн засгаа санхүүгийн сахилга баттай зөв явуулчих юм бол энэ чинь сэтгэл байхгүй юу.

Энэ удирдах гээд байгаа Засгийн газар, УИХ-ын гишүүд маань сэтгэл гаргаад зөв явуулчих юм бол ямар ч асуудал алга. Их л энгийн асуудал шүү дээ.

Өнөөдрийн хувьд Засгийн газар ийм алхам хийхээс өөр ямар ч арга байхгүй байна. Маш олон талаас нь ярилцаж байгаа. Ээлжит бус чуулганаар бүр ч олон талаас нь ярилцана.


Categories
мэдээ цаг-үе

Ив Летерми: Ардчиллын тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэх итгэл үнэмшлээ алдах хамгийн аюултай

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (Interna­tional IDEA)-гийн хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна. 2016 онд манай улс тус олон улсын хүрээлэнгийн даргалагч орноор ажиллаж байгаа юм. Ингээд АСДҮОУХ-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летермитэй ярилцсанаа хүргэе.


-Манай оронд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Өмнө нь ирж байв уу?

-Би Монголд гурав дахь удаагаа ирж байгаа нь энэ. Ноднин Монголд анхны ардчилсан сонгууль явагдсаны 25 жилийн ойн баярын үйл ажиллагаанд оролцсон юм. Мөн өнгөрсөн гуравдугаар сард олон улсын хурал Монголд болоход ирж байлаа. Ихэнхдээ Улаанбаатар хотод байсан болохоор хөдөө орон нутгаар нь явж чадаагүй. Гэхдээ хүмүүсийн хоорондын харилцаа, ёс заншил, уламжлалын талаар тодорхой мэдээлэлтэй болсон. Монгол Улсыг ахиц дэвшил тогтмол харуулж, амьд хөгжиж буй орон юм байна гэж хардаг. Европын улс орнууд эдийн засаг болоод нийгмийн хөгжлийн хувьд тодорхой түвшинд хүрээд тогтчихсон байдалтай бол Монгол тийм биш. Байнга хөгжөөд урагшаа яваад байх хэцүү. Бас дээшээ, доошоо савлах юм байдаг. Монгол Улсын хувьд харьцангуй жигд урагшилж байгаа орон юм болов уу гэж боддог. Өөр нэг онцлог нь Хятад, Орос гэсэн хоёр том хөрштэй. Наашаа ирэхээсээ өмнө болон ирээд хүмүүстэй ярьж байхад Монгол Улс гадаад ертөнцтэй илүү ойртох, зөвхөн хоёр хөршөөр зогсохгүй гуравдагч, дөрөвдөгч гээд олон улс орнуудтай геополитик, ардчиллыг хөгжүүлэхээр хамтарч ажиллах, нөхөрсөг байх гэсэн тийм эрмэлзэлтэй орон юм байна гэсэн сэтгэгдэл төрдөг. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Монголд ирэхээсээ өмнө НҮБ-ын чуулганууд дээр уулзаж байсан. Үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч хүн гэж боддог. Мөн ардчилал болоод ардчиллын үнэт зүйлсийн талаар хүмүүст маш итгэл үнэмшил төрүүлэхүйц сайхан ярьдаг хүн учраас сайн мэднэ.

-Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн байгуулагдах болсон шалтгаан нь юу байв. Үйл ажиллагааных нь талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Манай хүрээлэн 21 жилийн өмнө буюу 1995 оны хоёрдугаар сард байгуулагдсан. Энэ байгууллагыг үүсгэн байгуулах санаачилга Скандинавын улс орнуудын тэргүүнүүд, манлайлагчдын зүгээс гарсан юм. Тэр үед ЗХУ задраад удаагүй байлаа. Мөн Өмнөд Африкт арьс өнгөний дэглэмийг халаад багахан хугацаа өнгөрч байсан. Ийм өөрчлөлтийг хийсэн орнууд цаашид ардчиллын замаар хөгжиж төлөвшихөд нь тусдаа дэмжлэг хэрэгтэй юм байна. Тэр орнуудыг зөнгөөр нь үлдээх юм бол цаашдаа ардчиллыг хөгжүүлэхэд бэрхшээл гарна гэж үзээд энэ байгууллагыг үүсгэсэн. Байгууллага маань ардчилсан процессыг дэмжих зорилготой үүссэн гэсэн үг. Улмаар олон улсын Засгийн газар хоорондын бүрэн эрхт байгууллага гэсэн статустай болсон. Одоогоор 29 гишүүн оронтой. Дэлхийн өнцөг булан, тив бүрээс төлөөлөлтэй. Бидний үйл ажиллагааны үндсэн гурван чиглэл байдаг. Эхнийх нь ардчиллын процессыг аль болох дэмжих үүднээс мэдлэгийн цөм төв нь болж ажиллах юм. Ардчилал болоод ардчилсан сонгуулийн процессын талаар ном товхимол, тайлан, судалгааны материалуудыг хэвлэж гаргадаг. Түүнээс улс орнууд санаа авах боломжтой. Мөн бид эрдэмтэн, судлаачид энэ чиглэлийн хүмүүсийг үзэл бодлоо солилцож илэрхийлэх талбар болж ажилладаг. Сайн засаглалын чиглэлээр шилдэг арга, практикийг дэлгэрүүлэх талаар улс орнууд харилцан саналаа солилцох боломжийг бүрдүүлж байгаа. Түүнчлэн ардчиллыг хөгжүүлэх чиглэлээр улс орнуудад тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх боломж байдаг.

Манай байгууллага нийт 200 орчим ажилтантай. Төв оффис нь Шведийн Стокгольм хотод байдаг. Латин Америк, Африк, Азид бүсийн оффисууд бий. Бидний үйл ажиллагааны үзэл баримтлал бол аль нэг улс оронд ардчилал цорын ганц ийм хэлбэрээр хөгжих ёстой гэж зөвлөх ёсгүй. Ардчиллын хөгжлийн янз бүрийн түвшин шатууд байж болно гэдгийг хүлээн зөвшөөрч энэ бүх хэлбэр болон үе шатуудад яаж улам боловсронгуй болгож болох арга байна гэдэг дээр мэдлэгийг хуваалцах зорилготой. Засгийн газар хоорондын байгууллага гэдэг утгаараа жил бүр байгууллагыг даргалах улс орнууд нь ээлжилж байдаг. Өнгөрсөн жилийн хувьд Швейцарь улс байсан. 2016 онд Монгол Улс байгууллагыг даргалж байна. Хойтон жил Перу халааг нь аваад үргэлжлүүлэн ажиллана. Тухайн жилдээ байгууллагыг даргалах явцдаа өөрийнхөө ардчиллын үйл явцын талаар мэдээллийг бусад ардчилсан орнуудад хүргүүлэх, туршлагаа солилцох боломж гарч ирдэг. Энэ боломжийг ашиглаад Монгол Улсаас Стокгольмд хэд хэдэн арга хэмжээнүүд санаачилж явуулж байна. Ер нь олон улсын анхаарлын төвд өөрийн улсын ардчиллын процессыг харуулах сайхан боломж юм.

-Манай улс бүс нутгийнхаа хэмжээнд харьцангуй ардчилсан гэж хэлж болохуйц ганц орон. 26 жил ардчилсан нийгмийн замаар явж байна. Нөгөө талаас социализмаас ардчилсан системд шилжсэн болохоор хүмүүсийн сэтгэлзүй өөрчлөгдөх явц явагдаж байгаа. Баян, ядуугийн ялгаа улам холдох хэрээр зөв зам мөн байсан уу, манай улсад ардчилал зохих уу гэсэн асуулт нийтийн дунд гардаг тал бий?

-Таны ярьж байгаа асуудлууд дээр манай байгууллагын зүгээс яг ийм байх ёстой гэж огт хэлдэггүй тухай дээр хэлсэн. Тийм ч учраас бид ардчиллыг шугаман хэлбэрээр нэг чигтээ хөгжинө гэж боддоггүй. Ардчилал өөрөө олон бартаатай замыг туулж байдаг. Энэ нь юугаар харагдаж байна гэхээр ардчилал хөгжөөд олон зуун жил болж байгаа орнуудад ч хүндрэл бэрхшээлтэй асуудлууд байдаг. Монгол Улсын хувьд анх 1990 онд чөлөөт ардчилсан сонгууль явагдаад түүнээс хойш долоон удаагийн УИХ-ын сонгууль, зургаан удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Сонгуулиар нэг намаас нөгөө намд засгийн эрх нь энх тайвны замаар шилжиж байгаа явдал ардчиллын хамгийн чухал нэг илрэл юм. Нөгөө талаас ардчилсан орнуудад тулгамдсан асуудлууд нэлээд нийтлэг байна. Жишээлбэл, тэгш бус байдал буюу баян, ядуугийн ялгаа ихэсч байгаа гэсэн асуудал их олон газарт гарч ирж байгаа. Харьцангуй хүмүүсийн амьдрал нь жигд гэж тооцогддог Шведэд хүртэл баян, ядуугийн тухай яригдаж байна. Чили, Мексик гээд манай гишүүн орнуудад ч яригддаг. Гэхдээ миний бодлоор тухайн улсын засаглал ардчилсан байгаа эсэхээс үл шалтгаалан баян, ядуугийн ялгаа дэлхий даяар үүсч байна. Энэ нь дэлхийн зах зээл өөрөө даяаршсан, зах зээл чөлөөлөгдөж либераль болсонтой холбоотой. Мөн мэдээлэл технологийн хөгжил дэвшлийг дагаад эдийн засагт өөрчлөлт орсноор ийм үр дүн гарч байгаагаас биш улс орны төр засаг ардчилсан байснаас болж байгаа юм биш. Ер нь ардчилсан засаг яагаад хамгийн үр дүнтэй хэлбэр вэ гэвэл тухайн улс орныг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд хүмүүсийн эрх, эрх чөлөөг хангах чухал байдаг. Үүнийг бүрдүүлснээрээ ардчилсан засаг давуу талтай.

Хоёрдугаарт нь, ардчилсан засаглалыг хүмүүс нь дэмжиж байж улс орондоо үр дүнтэй байж чадна. Харин хүмүүсийн итгэлийг олж авахын тулд ялангуяа хуулийн засаглалтай буюу парламентын тогтолцоотой улс орнуудад улс төрийн намуудад иргэд нь итгэдэг байх нь хамгийн чухал. Улс төрийн намуудын санхүүжилт, үйл ажиллагаанууд нь тунгалаг хариуцлагатай байж хүмүүс итгэнэ. Улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны оновчтой эрхзүйн орчинг бүрдүүлэх замаар иргэдийн итгэлийг олж авна. Энэ тал дээр улс төрийн намууд анхаарсан нөхцөлд ардчилсан засаглалыг хөгжүүлэх зөв алхам болно. Ийм нэг үг байдаг. “Итгэл явган ирдэг. Хэрвээ итгэлийг алдах юм бол морь унаад давхиад явдаг” гэдэг. Түүнтэй л ижил.

-Сонгууль болгоны дараа булхай, луйвартай боллоо гэсэн хэл ам гардаг. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийг жижиг мажоритар системээр явууллаа. Үүнийг ухралт болсон гэж шүүмжлэх хүмүүс бий. Сонгууль ямар хэлбэрээр явагдвал хамгийн тохиромжтой байдаг вэ?

-Монголын практик дээр дүн шинжилгээ хийгээгүй учраас ерөнхий зүйлийг л хэлье. Аливаа улс оронд сонгуулийн хуулийг өөрчлөх асуудлыг хугацааны хувьд сонгуультайгаа тулгаж хийх нь тохиромжтой биш байдаг гэсэн туршлага харагддаг. Сонгуулийн хуулийг боловсронгуй болгох процесс мэдээж явагдах хэрэгтэй. Гэхдээ өөрчлөлтийг тулгаж хийвэл хүмүүст хүрэхдээ учир дутагдалтай шүү дээ. Мөн системийн хувьд мажоритар, пропорциональ гэхээсээ холимог хэлбэрээр байвал илүү тохиромжтой гэсэн бодолтой байдаг. Ялангуяа тухайн улс орны хүмүүсийн суурьшсан байдал тархай бутархай зэрэг онцлогтой байгаа нөхцөлд холимог байх нь тохиромжтой. Энэ талаар Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас ч тайландаа дурдсан байсан. Дараагийн нэг зүйл бол сонгууль явагдаж дууссаны дараагаас улс төрийн намууд хамтраад сонгуультай холбоотой гарсан маргааныг шийдвэрлэдэг тогтолцоо, системтэй болох юм. Ингэвэл сонгуулийн тогтолцоо илүү бат бөх, тогтвортой болж чадна.

-Сонгууль дээр нэмээд асуухад эмэгтэйчүүдийн нэр дэвших квот 30 хувь байлаа. Өнгөрсөн сонгуулийн өмнө 20 хувь болгосон. Ер нь эмэгтэйчүүдийн нэр дэвших квот хэдэн хувьтай байх ёстой юм бэ?

-Тухайн улс орны засгийн эрхийг барьж байгаа хүмүүс нь нийгмийнхээ төлөөлөл болно гэдэг утгаараа тэнцвэртэй байх нь тухайн улс орны ардчилал тогтвортой байхад хамгийн гол нөлөөтэй. Энэ утгаараа эмэгтэйчүүд улс төрд байх эсэх дээр ямар ч маргаан байхгүй. Тухайн улс орон авьяас чадвар, оюун ухааны 50 хувь нь эмэгтэйчүүд гэдэг утгаараа түүнийг огт ашиглахгүй байна гэдэг зохимжгүй. Яагаад эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо доогуур байна гэхээр олон зуун жил эрх мэдлийг эрэгтэйчүүд гартаа авдаг байсан учраас процесс нь удаан байгаатай л холбоотой. Тухайлбал, Швейцарь улс харьцангуй ардчиллыг хөгжүүлж байгаа орон гэхэд тэнд эмэгтэйчүүд нь сонгуульд оролцож саналаа өгөх эрхийг дөнгөж 20 дугаар зууны хоёрдугаар хагаст олж авсан байх жишээтэй. Энэ бол зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бүх л оронд тулгамдаж байгаа асуудал. Тиймээс нийгмийн сэтгэлгээг өөрчилж эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог идэвхжүүлэхийн тулд квотын систем шилжилтийн үеийн гол арга хэрэгсэл гэж олон оронд ашиглаж байгаа. Квотын системийг нэвтрүүлж ашиглахдаа хоёр зүйл дээр анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, нь квотын тоо өндөр байх тусмаа зүгээр. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн нэр дэвших эрх 20 биш ядаж 30 хувь байх юм бол тохиромжтой. Хоёрдугаарт, хэрвээ пропорциональ тогтолцоотой бөгөөд намын жагсаалт гаргаж байгаа тохиолдолд эмэгтэйчүүд тэр жагсаалт дээр ямар байр суурьтай байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Жагсаалтын хамгийн сүүлд эмэгтэйчүүдийг тавилаа гэхэд төрийн эрх барих байгууллагад орох магадлал багасна шүү дээ. Мөн Засгийн газрын гишүүнээр эмэгтэй сайд томилох гэж байгаа тохиолдолд аль болох чухал салбарууд дээр байлгах тусмаа зөв зүйтэй.

-АСДҮОУХ-ийн өмнөх хуралдаан Швейцарьт болсон. Өнөөдөр манай улсад эхэлж байгаа хуралдаан ямар онцлогтой болох бол?

-Монголын талаас зохион байгуулж байгаа хүмүүс маш их хүчин чармайлт тавьж байна. Ялангуяа уулзалтын дэд сэдвүүд нь их өргөн хүрээтэй байгааг хэлэх хэрэгтэй. Мөн хуралд дэлхийн өндөр түвшний энэ чиглэлийн мэргэшсэн экспертүүдийг урьж оролцуулахад хүчин чармайлт гаргасны хүчинд олон улсын гол гол байгууллагууд бүгдээрээ иржээ. Энэтхэг, Индонези гээд энэ бүс нутгаас мөн өндөр түвшний экспертүүд ирж санал бодлоо хуваалцах гэж байгаад баяртай байгаа. Энэ хурлын гол ач холбогдол бол улс орнууд ардчиллыг хөгжүүлж байгаа процессынхоо хамгийн шилдэг практикаа хуралд гаргаж ирж хуваалцах юм. Ингэснээр харилцан бие биенээсээ суралцах боломж байгаа учраас олон улсад оруулж байгаа хувь нэмэр гэж үзэж болох юм. Манай байгууллага энэ хурлаас гарсан дүгнэлтийг олон улсад хэвлэл мэдээллээр хүргэнэ.

-Та манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?

-Ардчиллын замаар замнах бааз сууриа бий болгоод цаашаа урагшилна гэсэн итгэл үнэмшилтэй байх нь хамгийн чухал. Эдийн засгийн хүндрэл бэрхшээл аль ч оронд тохиолддог. Дэлхийн олон оронд ядуурал, ажилгүйдлийн асуудал бий. Түүнийг даван туулж болдог. Харин ардчиллын тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэх итгэл үнэмшлээ алдах юм бол хамгийн аюултай. Тийм учраас монголчуудын хувьд цаашдаа ардчиллыг хөгжүүлэх чиглэлээрээ үргэлжлүүлэн ажиллана гэж итгэж байна.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Жүжигчин Ундармаа, Одноо хоёр тайзан дээр ч, хөшигний ард ч хамт

Х-Түц продакшны жүжигчдийг хөшигний араас харлаа. Тэдний тоглосон “Бид амьдралд хайртай” шоу тоглолт Соёлын төв өргөөнд өдөр бүр болж буй. Энэ удаагийн тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү, Г.Ундармаа нар хамтарч байгаагаараа онцлог билээ. 18:00 цагт Соёлын төв өргөөг зорин очиход хамтлагийн уран бүтээлчид тоглолтдоо бэлдэж тус, тусын ажлаа амжуулан завгүй гүйцгээх аж. Тайзны арын хувцасны өрөө рүү ороход өрөөг өлгүүрээр хоёр хэсэг болгон хуваажээ. Өрөөний зүүн талд эмэгтэйчүүдийн хувцсаа сольж нүүр будах хэсэг байв. Жүжигчин И.Одончимэг, Г.Ундармаа нар гоо сайхны ширээний ард үсээ янзлуулан, нүүрээ будаж суулаа. Тасалгаатай өлгүүрт янз бүрийн хувцас ёстой л загвар загвараараа байх юм. Нүдний шил, малгай, этгээд загвараас авахуулаад эмээ, өвөөгийн өмсөх гутал ч харагдлаа. Харин баруун талд нь эрчүүдийн хувцас солих хэсэг байх бөгөөд хамгийн түрүүнд жүжигчин Т.Бархүү хувцсаа солин, цэнхэр өнгийн костюм өмсөж байв. Тэрээр толинд харан хувцсаа янзлангаа “Тэвэр улаан наран зулай дээрээс төөнөхөөр, Тэрлэг нь хүндэдсэн ээжийгээ өрөвдөхийн эрхэнд дуулна” хэмээн аялж байлаа.

Тус тоглолтод СУИС-ийн гуравдугаар курсийнхэн хамтарч, бүжиглэж байгаа гэнэ. Бүгд ижил өнгийн хувцсаар жигдэрч нааш, цааш инээд алдан холхиж байв. Мөн жүжигчдийн хүүхдүүд аав, ээжийгээ тойглож хаашаа л явна дагах учир хэн нь хэний хүүхэд болохыг төвөггүй мэдчихлээ. Хэзээ нэг өдөр энэ хүүхдүүдээс тайзнаа гарч ард түмнээ баясгах байх даа гэсэн бодол төрж байв. Энд байгаа уран бүтээлчид бүгд л эрч хүчтэй, баяр баясалтай харагдана.

Харин жүжигчин Н.Онон буйдан дээр тухлангаа асуултад маань хариулсан юм. Тэрээр “Манай X-Түц продакшны намар цагийн нээлтийн тоглолт урьд урьдынхаасаа онцлог болж байна. Манай 20 жил хамтран тоглосон баг бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Д.Хүрэлхүү, Г.Ундармаа хоёрыгоо урьж оролцуулж байна. Бидний бэлтгэл, сургуулилт хийх арга барил нь хүртэл өөр байна. Нэг сарын турш сургуулилт хийлээ. Бие биеийнхээ бэлэн болчихсон уран бүтээлийг л үзэж байсан болохоос хэрхэн ажиллаж, бэлэн болдог гэдгийг нь төдийлөн мэддэггүй байж. Бид ингэж бэлддэг гэхэд “Манайх ингэж хийдэг ш дээ, ямар сонин юм” гэх тохиолдол их байлаа.

Ер нь “Сэрүүн хасын нууц”, “Аянгын бороо”, “Хориотой жүжиг” гээд уран бүтээлүүд дээр маань жүжигчид урилгаар оролцож байсан удаа бий. Ямартай ч бид цаашдаа дахин хамтрах үгүй нь нууц хэвээр байвал сонин байх. Эхний уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэлээ. Урлагт ажилласан цаг хугацаа, нас намбаа бодсон ч бид зөв зүйлийг л тусгах нь зүйн хэрэг. Тиймээс тоглолтынхоо үзэгдэл болгонд хүмүүсийн мэддэг хэрнээ анзаарахгүй алдаа гаргадаг зүйлийг сануулахыг хичээсэн. Олон хүний санаа, сэтгэл нийлсэн сайхан уран бүтээл боллоо гэж бодож байна. Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Баттулгын хувьд жүжигчин Н.Ариунболдтой хамтран уран бүтээлээ туурвиж байгаа. Гэхдээ энэ талаар их юм яриад яахав. Өнгөрсөн хуудсыг сөхөж яримааргүй байна” гэсэн юм. Мөн түүний хувьд “Боловсрол” суваг телевизээс зохион байгуулсан “Яг түүн шиг” шоуны шүүгчээр ажилласан. Шоуны талаар сонирхоход “Шүүгчээр ажилласандаа их баяртай байгаа. Авьяаслаг, чадалтай, найман залууг шүүхэд маш хүнд байлаа. Залуу уран бүтээлчид маань ур чадвар, нөөц бололцоо үнэхээр ихтэй юм гэж бодож байна. Харин үүнийгээ нээхийн тулд бага хөдөлмөрлөдөг юм болов уу гэж бодогдсон. Илүү их хөдөлмөрлөвөл түүнээс ч их авьяас билиг, шинэ содон бүхэн гарч чадахаар харагдаж байсан. Б.Маралжингоогийн дуулсан “Тэнгэр ээж минь өршөө” дуун дээр яалт ч үгүй нулимс дуслуулсан. Ганцхан би ч биш үзэж суусан хүн бүхний сэтгэлийн утсыг хөглөж чадсан. Тэр хүн яг сэтгэлээсээ дуулж байгаа нь мэдрэгдсэн л дээ. Ямар ч уран бүтээл дээр хүний сэтгэлээ шингээсэн бүхэн хүнд хүрч, сэтгэлийг нь хөдөлгөж чаддаг юм. Одоо бол энэ залуучуудынхаа улаан фэн нь болсон. Зурагтаар гарч л байвал үзэж суудаг даа” гэлээ. Ийнхүү ярилцаж суухад тоглолтын цаг тун дөхсөн учир жүжигчин Н.Онон, Д.Хүрэлхүү нар хувцсаа сольж эхэллээ.

Энэ хооронд эмэгтэйчүүдийн хувцас солих хэсэгт гавьяат жүжигчин И.Одончимэг “Миний цагаан палааж харагдана уу” хэмээн асуух нь сонсогдов. Эмэгтэйчүүдийн хэсэгт орвол хувцсаа өмсөж дуусаж байлаа. И.Одончимэг, Г.Ундармаа хоёр яг ижилхэн нил ягаан өнгийн, урт даашинзаар гоёжээ. Г.Ундармаагаас шинэ хамт олонтой, тайзан дээрээ эргэн гарахад ямар байгаа талаар асуухад “Манай урлагийнхан цөөхүүлээ, тиймээс бүгд л нэг хамт олон шиг ойрхон байдаг. Одоо бол гэртээ ирж байгаа юм шиг л байна. Тайзан дээр гараагүй гурван жил болжээ. Дахин тайзан дээрээ гарах юмсан гэж битүүхэн мөрөөддөг байсан. Энэ хүслийг минь сонссон юм шиг Одноо эгч, Онон ах хоёр маань санал тавьсан. Хамгаас хүндэлж явдаг Одноо эгчтэйгээ нэгэн тайзнаа гарах гэж байгаадаа баяртай байна. Маш их догдолж байна. Тайван, сандралгүй байхын тулд бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Хуучин шигээ хурдан дасна гэж байхгүй ч чадлынхаа хэрээр сайн бэлтгэсэн. Би тайзнаа гараагүй хугацаандаа жилд нэг удаа эмнэлэг тохижуулж, бас кинон дээр ажиллаж байлаа. Сайн үйлсийн аян хийж байгаа болохоор маш олон хүнээс урмын сайхан үгс ирж байна. Миний хувьд энэ бол хүмүүст зайлшгүй хэрэгтэй, тэгсэн мөртлөө орхигдсон орон зай юм байна л гэж бодогддог. Цаашид ч зорилгынхоо дагуу энэ ажлууд маань үргэлжилсээр байх болно. Удахгүй инээдмийн жанрын кино хийхээр бэлтгэл ажлаа дуусаад, зураг авалтдаа орох гэж байна” гэсэн юм.

Харин жүжигчин И.Одончимэг хэлэхдээ “Шинэ бүрэлдэхүүнтэй хамтарч тоглож байна. Их сонин байна. Бэлтгэл сургуулилт хийж олон хоногийг дурсамж дүүрэн, сайхан өнгөрөөлөө. Г.Ундармаатайгаа мөн л анх удаа тайзнаа гарлаа. Миний хувьд хүндэлж явдаг Монголын сайхан эмэгтэй жүжигчдийн нэг. Тоглолт маань үзэгчдэд маш сайхан хүрч байна. Хамтран уран бүтээл хийж байгаад ч хүмүүс ам сайтай байна” гэлээ.

Жүжигчин Н.Онон маш хурдан нүүр будалтаа хийж, хувцсаа сольсон байлаа. Хамтлагийн эрчүүд бүгд тоглолтдоо ороход бэлэн тайзны ард зогсчээ.

Т.Бархүү, И.Одончимэг хоёрын охин Б.Сүндари ирсэн байв. Тэрээр ааваасаа огтхон ч салдаггүй бололтой. Аавыгаа тайзнаа гарах хүртэл хөтлөлцсөөр байв. Т.Бархүүгээс шинэхэн шоу тоглолтын сэтгэгдлийг сонсоход “Энэ жилийн намар цагийн нээлтийн тоглолт маань шинэ содон зүйлээр дүүрэн үргэлжилж байна. Бид өөрсдийнхөө ур ухааныг уралдуулж, нөөц бололцоогоо ашиглан туршлагатай хүмүүстэй хамтарч ажиллаж байгаадаа таатай байна. Бидэнд хамтдаа тайзан дээр гарч уран бүтээлээ туурвих мөч олдож байна гэдэг нь хамгийн сайхан. Удаан тайзнаа хараагүй жүжигчдээ үзэгчид маань халуун алга ташилтаар хүлээж авч байна. Манай Х-Түц продакшн ч эмэгтэйчүүдийн баяраас хойш тайзнаа гараагүй. Тиймээс аль болох сайхан тоглолт үзүүлж, эерэг зүйлийг уриалахыг хүслээ” гэв.

Энэ үеэр жүжигчин Д.Хүрэлхүү “Би анх Х-Түц продакшныг үүсгэн байгуулалцаж, нэг жил хамтран уран бүтээл хийж байсан. Түүнээс хойш 20 жил хамт тайзан дээр гарсангүй. Мөн би тайзны урлагаас хөндийрөөд есөн жил болсон байна. Эргэн хошин урлагийнхаа тайзнаа гарч байгаадаа баярлахаас яахав. Сэтгэл их хөдөлж байна” хэмээн яриад эрч хүч дүүрэн тайзнаа гарлаа.

Тоглолт эхлэн жүжигчин Д.Хүрэлхүү, Г.Ундармаа хэмээн зарлахад үзэгчид алга ташилт бэлэглэн, халуун дулаанаар хүлээж авч байлаа. Үзэгдэл эхлэхээс өмнө Д.Хүрэлхүү “Бууны салаа” хэмээн дуудахад, хэсэг залуус үзэгчид рүү усан буугаар шүршсэн нь хүмүүсийг ихэд хөгжөөв. “Бид амьдралд хайртай” шоу нийт долоон үзэгдэлтэй юм. Т.Бархүүгийн аялж байсан “Ээждээ өргөх дуу” тоглолт дундуур дуулагдаад амжлаа. Энэхүү тоглолтын хүмүүст хүргэж буй санаа нь ямар ч зүйл тохиолдсон хайрлах сэтгэлээ бүү гээгээрэй, эрх мэдэл, эд хөрөнгөөс илүү бие биедээ итгэх итгэл, халуун дулаан гэр бүл чухал шүү гэдгийг харуулжээ. Харин тоглолтын сүүлийн үзэгдэлд жүжигчин Г.Ундармаа Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Даваахүүгийн “Соёл эрдэнэ” дууг дуулсан нь үзэгчдэд ихэд таалагдлаа.

Тоглолт дуусан хүмүүс гарах үед настай ээжийгээ сугадсан залуу ээждээ хандан “Гоё байна уу ээж, хааяа ч гэсэн надтай гарч ийм гоё юм үзэж бай л даа” гэхэд “Одоо үзэж байна аа, телевизээр үзэхээс гоё байдаг юм байна” гээд инээд алдан алхлаа. Оюутан залуус ангиараа ирж үзсэн нь цөөнгүй байв. Х-Түц продакшны “Бид амьдралд хайртай” шоу тоглолт нэг сар үргэлжилнэ гэсэн.

О.АРИУНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Биеийн тамиржиж буй улс

Хэдэн жилийн өмнө бид “бөхчүүд улс төрд орж эхэлсэнтэй уялдуулан харьж яваа улстөрчдийг бөх болгоё” хэмээн наргиан болгож байсан сан. Харин өнөөдөр тэр үеийн наргиа түүх болон хоцорч Монголын улс төр илүү спортлог болжээ.

Бөхчүүд, тамирчид рингээ орхивч алдар хүндийн титмээ зүүсэн хэвээр орж болох дэвжээг улс төр хэмээн харах болсон, харснаа хийх ч болсон. Эхний хэдийнх нь олж буй амжилт үлдсэн хэсгийнх нь урам зоригийг сэргээж байгаа бололтой. Дэгсдүүлсэн хүнд бол, Монголын улс төр тамирчдын тэтгэврийн ордон болох нь уу ч гэмээр.

Ардчилсан нийгэмд Спортын төв ордноос Төрийн төв ордонд шилжихийг хэнбугай ч хориглох эрхгүй. Ерөөсөө хэн ч бай сонгогдох эрхтэй, өнөө “жирийн хоригдлоос шоронгийн дарга болтлоо дэвшив” гэдэг шиг.

Цаашдаа манай улс төр улам спортжих нь тодорхой учраас тамирчин маягийн улс төрийнхөө шинж байдлыг ойлгох хэрэгцээ гарч байгаа юм.

Дүр барааг нь наадам тэмцээний сурвалжлагаас үе үе харж баясдаг хүмсийнхээ дүрийг өдөр болгон парламентын сувгаар үзэхэд муу нь юу байхав. Гэхдээ улс төр нь биеийн тамиржиж спортжиход учирдаг нэг зовлон байна аа. Энэ нь тэдний амьдралын чин эрмэлзлээс үүдэлтэй юм.

Тамирчны амьдралын дүрэм бол “ялах, эсвэл ялагдах”. Улс төр, нийгмийн амьдралыг яг спортын нүдээр ингэж хардаг. Тэдний ийм хандлага нь манай улс төрийн амьдралыг арай ч донсолгоотой болгоод байна.

Гэтэл нийгэм улс төрийн амьдрал чинь ялалт ялагдал дээр биш зохицол, ойлголцол дээр оршин тогтнодог үзэгдэл. Спортчин улстөрчид үүнийг ойлгоход амаргүй. Ерөөсөө ялахгүй тийм тэмцээнд ороод ч байгаа юм шиг, эсвэл түрүүлээд байхад нь медаль зүүхгүй орхисон ч юм шиг сэтгэгдэл төрөн бачимддаг болтой юм. Өөрийнх нь санаачилга няцаагдах, тухайн асуудлаар дэмжлэг хүлээхгүй үлдэх зэрэг нь цэвэр ялагдах, тэмцээнээс хасагдахтай агаар нэгээр төсөөлөгдөж бачимдуулна.

Улстөрчдөд цаг нь болоогүй зүйл дээр буулт хийх, тэвчээртэй хүлээж сурах, хэтийн зорилготойгоор ухрах зэрэг нь тун чухал. Харин тамирчин хүн дараагийн тойрогт ялахын тулд энэ удаа бууж өгөх, шувтаргын тэмцээнд амжилт гаргах үүднээс өвдөг шороодох, дараагийн олимпод алтан медаль авахын тулд спортоос түр завсарлах ямар ч боломжгүй.

Ийм дэглэмд дассан, өөрийгөө дасгалжуулсан улстөрчид нийгмийн амьдралын зохицлыг алга болгоод зогсохгүй эхний байранд шалгарахын төлөөх хайр найргүй тэмцээн болгон хувиргаж байх шиг.

Яг нарийндаа улс төрийг ихээхэн спортлог болгосон зүйл бол коммунист дэглэм бөгөөд ХХ зууны дэлхийн нийгэм, улс төрийн байдлыг “хоёр системийн үхэх сэхэхээ үзэлцсэн өрсөлдөөн” хэмээн томьёолж байсан юм. Хорин тавны тэртээ үлдсэн хуучин дэглэмийн маань энэ үзэл санаа өнөөгийн спортлог улс төрийн гал дээр тос нэмэн дүрэлзүүлж байгаа юм.

Хуучин онигоонд гардагчлан “Марксэнгельс гэдэг чинь нарийндаа хоёр өөр хүн юм байна” гэлээ гэдэг шиг улс төр спорт хоёр дэндүү ялгаатай. Улс төрийн ялагдал нь хүлээлт, дараагийн томоохон хожлын бэлтгэл байх нь олонтаа. Нарийн яривал байнга ялах нь хортой төдийгүй хориотой. БНМАУ-ын үед ганц тамирчинтай улс төр байсан нь нэг намын систем бөлгөө.

Генри Киссинжер улс төрийг хэн нь ч ялдаггүй, харин давуу байдал олж авах байдлаар дуусахгүй үргэлжилдэг хөлөгт тоглоомтой зүйрлэсэн байдаг. Наад захын жишээ хэлэхэд Монгол, Орос, Хятад гурван улс хэн нь хэнийгээ цэвэр ялахгүйгээр, нөгөөхөө заавал өвдөг шороодуулахгүйгээр хөршлөн суугаад хэвийн оршин тогтнож болоод байгаа биз дээ.

Хэрвээ тамирчин хүн тэмцээндээ улстөрлөг хандаж, өрсөлдөгчдөө боломж олгож, дэвжээн дээр зохицож, харилцан буулт хийж эхэлбэл юу болох вэ? Биеийн тамиржсан улс төр яг тийм болоод байна.

2016.05.03

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр есдүгээр сарын 1

Өнөөдөр есдүгээр сарын 1. Энэ өдөр цэцэг шиг гоёж, цэвэрхэн хувцсаа өмссөн багачууд эрдмийн өргөө рүүгээ ээж аавыгаа дагуулан, баяр хөөртэй явдаг. Нийслэлийн хөл хөдөлгөөн ч ихэсдэг. Энэ жил замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор зарим зохицуулалтыг хийсэн байна. Тухайлбал, өнөөдөр их дээд сургуулиуд 11:30, Ерөнхий боловсролын сургуулиуд 08:00-08:40 цагт хичээлийн шинэ жилийн нээлтээ хийх юм. Жил бүрийн есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч дунд сургуулийн сурагчдад хичээл заадаг уламжлалтай билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10:00-11:00 цагт “Монголын нэр ертөнцийн чихнээ” гэсэн сэдвээр хичээл заахаар болсон байна.

УИХ-ын дарга М.Энхболд МУБИС болон I дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох аж. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Нисэх дэх нийслэлийн VII сургууль, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно.

С.АРИУН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Үндэсний өшөө авалт ба МАН” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн
сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн
дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж,
тоймлон хүргэж байна.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Т.Оюунхоролын “Ус
бохирдуулсны төлбөр авснаар компаниудын хариуцлага дээшилнэ” ярилцлагыг
уншаарай.

“Өдрийн
сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж байдаг
онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн
“Үндэсний өшөө авалт ба МАН” нийтлэл хэвлэгдлээ. МАН дургүй намаасаа өшөө авч тэдний
“дайсан”-д эрх мэдэл өгөх замаар засаглалыг хэрэгжүүлж байгаа тухай шүүмжлэн
бичжээ.

Баримт үйл явдлын
долдугаар нүүрт “Нэхий боодол бохины үнэгүй болсны учир” өдрийн сурвалжлагын
үргэлжлэл нийтлэгдсэн байна.

Аравдугаар нүүрний
“Багш” буланд МУБИС-ийн багш Д.Одгэрэлтэй хийсэн ярилцлага оржээ.

Өнөөдрийн дугаарын
“Удам судар” булангаас удам дамжсан бөх Улсын заан Ч.Бямбадоржийн гэр бүлийн
талаарх сонирхолтой ярилцлагыг уншаарай.

“Уран бүтээлч” буланд
“Тусгай салаа” олон ангит киноны Сүлдийн дүрээр олонд танигдсан жүжигчин
А.Алтанхуягийн “Идэвхгүй байна гэдэг эх орноосоо урваж байгаагаас ялгаагүй гэж
боддог” гэсэн гарчигтай сонирхолтой ярилцлага хэвлэгдлээ.

Эрхэм уншигч та, манай
сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35
салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж
авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах
боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын
үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын
үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх
сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн
сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той
холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба
захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим
хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй
мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН
СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ