Монгол Улсын таеквондогийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Пүрэвжавын Тэмүүжинтэй ярилцлаа. Тэрээр Монголын таеквондогийн спортын түүхэнд анх удаа олимпийн эрх авч, “Рио-2016” наадамд амжилттай оролцсон билээ. Өдгөө 22 настай П.Тэмүүжин таеквондогийн хар бүс, гурван дантай тамирчин юм.
-Олимпийн их наадамд анх удаа таеквондогийн төрлөөр эх орноо төлөөлөн оролцлоо. Олимпийн дэвжээ хэр хатуу байх юм бэ?
-Эх орноо төлөөлөн таеквондогийн төрлөөр анх удаа олимпод оролцсондоо маш их баяртай байна. Олимпийн дэвжээнд гарахад сайхан байлаа. Чадах бүхнээ хийж, төрийнхөө далбааг мандуулах юмсан гэсэн хүсэл оргилж байлаа. Монгол хүн таеквондогоор яаж тулалддаг гэдгийг л харуулъя гэж бодсон. Монголчууд удахгүй энэ спортоор улам их амжилт гаргаж чадна гэдгийг мэдрүүлэхийг хичээлээ. Манайхан энэ спортоор амжилт гаргах бүрэн боломжтой. Монгол хүний дайчин зан чанар бусад орны хүмүүсээс илүү байдаг учраас энэ тулааны урлаг илүү дөхөм гэж боддог.
-Анхны учраа Мексикийн тамирчин таарч ялалт байгуулсан. Өрсөлдөгчдөө хэр судалсан бэ?
-Би өрсөлдөгчдөө сайн мэдэж байсан. Дэлхийд чансаагаараа тэргүүлж буй тамирчид шүү дээ. Намайг бол мэдэхгүй л дээ. Эхлээд таарсан Мексикийн Саул Гутьррес 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тамирчин. Эхний үед дэвжээгээ сайн мэдэрч чадахгүй, бага зэрэг халтираад байсан юм. Харин хоёрдугаар үеэс өөрийнхөө санасан тоглолтыг гаргаж, гуравдугаар үед алдсан оноогоо нөхөж, 12:11 онооны харьцаагаар ялан шилдэг наймд үлдсэн дээ. Харин Испанийн Г.Бониллатай хагас шигшээд үлдэх эрхийн төлөө тоглохоор болсон. Г.Боннилла бол “Лондон 2012” олимпийн наадмын алтан медальт, 2009, 2011 оны дэлхийн аварга тамирчин байлаа. Түүнтэй мөн л анх удаа учраа таарсан. Тоглолт ерөнхийдөө цээжний хамгаалалт дээр оноо авалцаж өрнөсөн. Гуравдугаар үед толгойд нь оновчтой өшиглөлт хийсэн боловч оноо авч чадаагүй байсаар цаг дууссан юм. Түүнийг хожсон тохиолдолд шилдэг дөрөвт багтаж, медалийн төлөө өрсөлдөх байсан боловч 7:4 онооны харьцаагаар ялагдсан. Харин хагас шигшээд үлдсэн олимп, 15
дэлхийн аварга Испаний Г.Бонилла Йорданы тамирчинд хожигдсоноор дагах тоглолт гараагүй.
-Олимпод оролцсон Монголын анхны таеквондогийн тамирчин болсон. Олимпийн эрх авсан тухайгаа яриач?
-Таеквондогийн төрлөөр манайд төдийгүй дэлхийн тамирчдын хувьд олимпийн эрх олгох ганцхан тэмцээн байдаг. Өөрөөр хэлбэл, олимпийн эрх олгох тэмцээнийг тив болгонд ганц л зохион байгуулдаг юм. Таеквондогийн спорт нь олимпийн эрх авах хамгийн чанга спортын төрлүүдийн нэг. Тиймээс манай тамирчдын хувьд эхний бөгөөд сүүлийн хариуцлагатай боломж байсан. Манай улсаас надтай хамт Инчоны Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр найз маань олимпийн эрхийн төлөө өрсөлдсөн ч тэмцээний II тойрогтоо ялагдсан. Дараа өдөр нь болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны мөнгөн медаль авч чадсан. Гэхдээ найз маань ийм амжилт гаргасан ч олимпийн эрх авч чадаагүй. Тиймээс Монголоос “Рио-2016” олимпод таеквондогийн спортыг төлөөлөн би ганцаараа оролцох болсон учраас маш их хариуцлага ирсэн. Одоо цаашид амжилтаа улам ахиулахын төлөө хичээх болно.
-БНСУ-ын дасгалжуулагчтай хэзээнээс эхлэн хамтарч байна вэ? Өдөрт хэдэн цагийг бэлтгэлдээ зориулдаг вэ?
-Манай багш Н.Эрдэнэбаатар тамирчин байх үедээ Хо Ин Ён багштай хамт бэлтгэл хийдэг байсан. Н.Эрдэнэбаатар багш 2013 оны наймдугаар сард түүнийг урьж авчирсан юм. Түүнээс хойш Монголын таеквондогийн шигшээ багтай хамтарч ажиллаж байна. Өдийг хүртэл Хо Ин Ён багшийн байрны зардал болон цалинг манай Н.Эрдэнэбаатар багш маань өөрөөсөө өгч байгаа. Дасгалжуулагч Хо Ин Ён БНСУ-ын шигшээ багийн тамирчин байсан. Тамирчин байх үедээ улсынхаа тэмцээнд 10 удаа, “Дэлхийн цом”-д мөн түрүүлсэн. Бас 2004 оны Афины олимпод оролцох эрхээ авсан ч гэмтлийн улмаас оролцоогүй юм билээ. Манай шигшээ багийн тамирчид өдөрт 7-8 цаг тасралтгүй бэлтгэл хийдэг.
-Хэдэн онд шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан билээ?
-2013 онд шигшээ багт багтаж байлаа. Миний энэ амжилт энэ спортын төлөө олон жил зүтгэж яваа холбооны үе үеийн удирдлагууд, ерөнхийлөгч Д.Энхбат, ерөнхий нарийн бичгийн дарга С.Ган-Эрдэнэ, хамт олон, шигшээ багийн дасгалжуулагч гээд таеквондогийн спортын төлөө гэсэн хүн бүрийн хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой.
-Та Холливудын жүжигчдийн тулааны хэсэгтэй киног үзэх дуртай байсан гэсэн. Энэ нь таныг тулааны спортод татсан болов уу?
-Тийм шүү. Би Жеки Чан, Брюс Ли, Ван Дам зэрэг жүжигчдийг үзэх дуртай байлаа. Тэр дундаа тулааны хэсгийг нь шимтэн үздэг байсан шүү. Тэднийг хараад л уран гоё өшиглөж сурах юмсан гэж бодогддог байлаа. Манайх 2007 онд Дархан-Уул аймагт амьдардаг байсан юм. Тэр үед Ж.Ариунбаяр багштайгаа танилцсанаас хойш таеквондогийн спорттой амьдралаа холбосон. Тэр үеэс л эхлэн энэ спортод дурласан даа. Дэг жаяг, тэсвэр хатуужил гээд энэ спортын ард хүнийг төлөвшүүлж, бие хүн болгох ур ухаан нуугдаж байдаг. Хичээллэж эхэлснийхээ дараа жил нь аймгийн чанартай тэмцээнд аваргалж байсан. Түүнээсээ урамшиж өнөөдрийг хүртэл хичээллэж байна. Түүнчлэн Оюутны ДАШТ, Азийн АШТ-ий V байр, Зүүн Азийн наадмаас хүрэл, оюутны Азийн АШТ-ээс алт, хүрэл, “Korea Open”, “Jonju Open” тэмцээний хүрэл, “Asian pacific championship” тэмцээний алт, УАШТ-ээс таван алтан медаль хүртээд байна. “Asian pacific championship”-д түрүүлэхдээ шилдэг тамирчнаар шалгарсан. Одоо таеквондогийн спорт миний амьдралын нэг хэсэг болсон.
-Та гэр бүлээ танилцуулаач, спортоор хичээллэдэг хүн байдаг уу?
– Би аав, ээж, хоёр ахын хамт амьдардаг. Спортоор хичээллэдэг хүн байдаггүй. Харин миний найз охин мөн таеквондогийн тамирчин. Таеквондогийн спортыг олон улсын болон олимпийн гэж ангилдаг юм. Манай найз охин Г.Оюун-эрдэнэ нь олон улсын таеквондогийн мөнгөн медальтай. Мөн олимпийн таеквондогоор зүүн Азийн наадмын мөнгөн медальтай Монголын ганц эмэгтэй тамирчин байгаа. Хоёулаа ижил хүсэл, мөрөөдөлтэй учраас ойлголцоход амар байдаг. Үргэлж намайг урмаар тэтгэж, хамтдаа байдаг хайртдаа баярлаж явдаг шүү.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Токиогийн олимпод төрийнхөө дууллыг эгшиглүүлэх болно. Тиймээс ирэх дөрвөн жилийн хугацаанд өөр зүйлд сатаарахгүй бэлтгэлээ тууштай хийнэ гэсэн зорилготой байна. Намайг өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ болон намайг үргэлж дэмжиж байдаг бүх хүмүүстээ баярлалаа. Мөн Биеийн тамир, спорт хөгжлийн төв, Үндэсний шигшээ багийн хамт олон, “Алдар” спорт хороо, Монголын таеквондогийн холбоо болон дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, БНСУ-ын иргэн Хо Ин Ён багшдаа талархаж явдаг шүү. Олимпийн их наадамд оролцоход минь сэтгэл зүрхээрээ дэмжсэн Монголынхоо ард түмэнд баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй улам их хичээнэ ээ.
О.Ариунцэцэг