Categories
мэдээ спорт

Мастер Р.Манлай Ази тивийн аварга боллоо

Монгол Улсад “100 буудалт” даамын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч долоодугаар сарын сүүлээр болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн ангилалд таван улсын 24 даамчин өрсөлдсөнөөс Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 14 оноогоор түрүүлсэн бол их мастер, Азийн таван удаагийн аварга, МУГТ Д.Эрдэнэбилэг 13 оноо, их мастер Д.Баттулга 12 оноогоор тус тус удаалж мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. Тэмцээний 4-10 байрт Монголын дөрөв, БНХАУ-ын хоёр, Узбекистаны нэг даамчин орлоо. Харин эмэгтэйчүүдийн ангилалд дөрвөн улсын 20 даамчин өрсөлдсөнөөс их мастер М.Нямжаргал түрүүлж, М.Одгэрэл, Б.Нандинцэцэг нар мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Ташрамд мэдээлэхэд “100 буудалт” даамын тивийн аваргад манай тамирчид сүүлийн жилүүдэд ноёрхож байна. Энэ тэмцээнд Д.Эрдэнэбилэг таван удаа буюу 1999, 2001, 2003, 2010, 2014 онд түрүүлсэн юм. Мөн Г.Ганжаргал 2012, Д.Баттулга 2013, О.Түвшинболд 2015 онд, Р.Манлай 2016 онд Азийн аварга болж байсан ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Су.Батболд: Хууль бус барилгуудыг буулгах тушаал гаргалаа

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга С.Батболд нэгэн шийдвэрийг гаргасан. Энэ нь иргэдийн талархлыг хүлээгээд байна. Үүнээс нь болж түүнийг ард түмэн “Зоригт дарга” хэмээн магтах болжээ. Учир нь долдугаар сарын 27-ны өдөр Хотын дарга С.Батболд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Хүннү” хорооллын нутаг дэвсгэрт байрлах дөрвөн давхар барилгыг буулгах шийдвэр гаргасан юм. Энэхүү шийдвэртэй давхцан бас нэгэн барилгыг нураах шийдвэр гарчээ. Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн Ц.Машбатын барилга аж. Тус барилга нь Баянгол дүүргийн засаг даргын захирамжаар 96 м.кв газар эзэмших эрхтэй болж. Гэвч тэрээр дур мэдэн талбайн хэмжээгээ явган хүний зам руу сунгаж өргөтгөл барьсан байна.

Хот байгуулалтын хуулиар барилга хоорондын зай 15 метр байх ёстой гэж заасан байдаг. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүрэгт “Өдрийн сонин”-ы байрны хойно бүх цонхуудыг нь хаан “Астра бюлдинг” компани 13 давхар барилга барьсан байдаг. Тус барилга баригдсан газар анх автомашины зогсоол байсан.

Тухайн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга П.Бат-Эрдэнэ “Энэ барилга нь барилгажилтын норм ба дүрмийн 2.11-д заасныг зөрчсөн” хэмээн мэдэгдсэн байдаг. Гэвч энэ компани үргэлжлүүлэн барьсаар мэргэжлийн комисс ч хүлээн авчээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн төвд Хятадын соёлын наадам болно

Энэ сарын 4-ний өдөр Архангай аймгийн төв Цэцэрлэг хот Монгол Улсын өрлөг жанжин Г.Дэмидийн нэрэмжит төв талбайд Хятадын соёлын наадам болох талаар орон нутгийн эх сурвалж мэдээллэв. Энэхүү арга хэмжээний нээлтийн ёслолын ажиллагаа тус өдрийн 10:00 цагаас болох юм байна.

Мөн 11:00 цагаас Архангай аймгийн музейд “Бурхан багшийн дүр” үзэсгэлэн, 15:00 цагт хүүхдийн номын ордонд Хятадын номын үзэсгэлэн тус тус нээгдэх ажээ. Харин 19:00 цагт тус аймгийн төв талбайд Хятадын 45 жүжигчний хүндэтгэлийн концерт, 21:00 цагаас Монгол Улсын Ардын жүжигчин, төрийн соёрхолт Ц.Намсрайжавын нэрэмжит филармоний “Баян Монгол” жааз найрал чуулганы хүндэтгэлийн тоглолттой юм байна.

Соёлын наадамд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Синь Хайлин болон түүнийг дагалдан яваа албаны хүмүүс, гадаад, дотоодын төвийн хэвлэл мэдээллийн ажилтнууд, сурвалжлагч, орчуулагч нар оролцох аж. Тэднийг “Ундрам” зочид буудал, “Майдар сан”, “Гурван Булган” жуулчны баазуудад байрлуулахаар болжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Шинээр сонгогдсон гишүүд баасан гаригаас өмнө ХОМ-ээ өгөх ёстой

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулиар сонгогдсон шинэ гишүүд, төлөөлөгчид 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлэх хуультай. Хуульд зааснаар энэ хугацаа ирэх Баасан гаригт дуусгавар болж байгаа юм. Долдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөж, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авснаас эхэлж тооцвол хуулийн хугацаа ирэх Баасан гаригт дуусч байгаа юм.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг үндэслэн Улсын Их Хурлын гишүүд болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох байгууллагуудад гаргаж бүртгүүлнэ гэж заажээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Ш.Алтанбагана хүндийн өргөлтийн дэлхийн хошой аварга болжээ

ОХУ-ын Новосибирск хотноо болсон Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Ш.Алтанбагана алтан медаль хүртлээ. Түүний хувьд дэлхийн цомын хошой аварга цолыг хүртээд байна. Энэхүү тэмцээн долоодугаар сарын 7-10-ны өдрүүдэд болсон юм.

Пауэрлифтингийн Дэлхийн аварга, дэлхийн цомын хошой аварга, Ази тивийн хошой аварга, ОУХМ Ш.Алтанабагана өдгөө Хууль сахиулахын их сургуульд багшилдаг бөгөөд цагдаагийн дэслэгч цолтой аж.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Төмөр замын тээврийн үнэ ханшийг судлах үүрэг өглөө

Өнөөдөр буюу наймдугаар сарын 1-нд Зам, тээврийн хөгжлийн яамны шуурхай хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат төмөр замын тээврийн тарифын асуудлыг хөнджээ.Ингэхдээ төмөр замын тээврийн тариф төмөр замын хөгжилд хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа хийж, бусад яамдын үйл ажиллагаатай уялдуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Тарифын аргачлалыг бүтээгдэхүүн тус бүрээр нарийвчлан гаргах чиглэлийг салбарынхандаа өгчээ. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй яамны үйл ажиллагааг уялдуулж, салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэх санал, чиглэл боловсруулахыг Д.Ганбат сайд үүрэг болгосон байна.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын баг шумуулны хамгаалалттай хувцас өмсөнө

Өмнөд Солонгосын баг тамирчид “Рио-2016” олимпод оролцохдоо Зика вирусын эсрэг хамгаалалт нэмэлтээр хадсан хувцас өмсөхөөр болжээ. Тэдний хувцсыг тусгай оёдолчид оёсон бөгөөд энгэр дээрээ улаан цэнхэр шар өнгийн таних тэмдэг бүхий зүүлттэй байх аж.

Бразилд зика вирусын тархалт их байгаа бөгөөд түүнээс болж тархины хөгжилгүй хүүхэд төрөх нь ихэсчээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

19 жил үйл ажиллагаа явуулж буй дунд сургууль спортын заалгүй

Өнөөдөр СХД-ийн 17 дугаар хороонд баригдаж байгаа “Тольт” сургуулийн спорт заалны барилгын асуудлаар сургуулийн удирдлага, эцэг эхийн төлөөлөл хамтран мэдээлэл хийлээ.

“Тольт” сургуулийн захирал Д.Жаргалсайхан “Манай сургуулийн спорт заалны барилга нь хууль ёсны бүх зөвшөөрөлтэй болох талаар бодит мэдээлэл хүргэх зорилгоор өнөөдөр багш ажилчид, эцэг эхийн төлөөлөлтэй хамтран мэдээлэл хийж байна.

“Тольт” сургууль нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 сарын 03-ны өдрийн А/562 тоот захирамжаар эзэмшиж буй 1,660 м.кв газарт 24м х 15м хэмжээтэй сургуулийн спорт заалны барилга барихаар төлөвлөж, архитектур төлөвлөлтийн даалгавар авч, даалгаврын дагуу эскиз зургаа батлуулан, барилгын ажлын зураг боловсруулж, улсын экспертизээр баталгаажуулан,барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл зэргийг төрийн эрх бүхий байгууллагуудаас бүрэн авсан.

Бид 2010 оноос эхлэн сургуулийн спорт заалтай болох зорилго тавьж, өнөөг хүртэлх зургаан жилийн хугацаанд эцэг эх, сурагч, төгсөгчдийнхөө хүсэлт хүчин чармайлтаар энэ ажлын ард гарч 2016 оны долоодугаар сарын 8-ны өдөр барилгын ажлаа эхлүүлээд байна.

Манай спорт заалны барилга нь холбогдох бүх зөвшөөрөлтэйн дээр 34 А, Б байрны эзэмшил газартай ямар нэг байдлаар давхцаагүй бөгөөд гадаа тапбайн хүүхдийн тоглоом, СӨХ-ийн эд хөрөнгийг буулган барилга бариагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Манай сургуулиас 34А, Б байрны Наран-Оргил СӨХ-ийн Удирдах зөвлөлтэй хамтран хүүхдийн тоглоомын талбайг нэмэлт тоноглолоор тохижуулах, сургуулийн хашааны гадуур иргэдэд явган хүний зам гаргаж өгөх, спорт заалаа эдгээр байрны хүүхэд залуучууд, иргэдэд хичээлийн бус цагаар ашиглуулж байх талаар харилцан ярилцаж зөвшилцөлд хүрсэн зүйлүүд бас байгаа” гэв.

Тольт сургууль нь 1997 онд байгуулагдсан, 500 гаруй сурагч, 50-иад багш ажилтантай, 19 дэх жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

Сургуулийн эцэг, эхийн төлөөөлөл Л.Батхүү “Би энд Тольт дунд сургуулийн 500 гаруй сурагч, тэднйи эцэг эх, эмээ өвөө 2,000 гаруй хүнийг төлөөлөн оролцож байна.

Эцэг эхчүүд бид 2009 оноос Тольт сургуулийн захиргаанд “Хүүхдүүд маань стандартын дагуу тамирын биеийн хичээл ордог болмоор байна, Өөрийн гэсэн биеийн тамирын заалтай болмоор байна” гэсэн санал хүсэлт, шаардлагыг тавьсаар сургуулийн захиргаа энэ асуудлыг 2010 оноос эхлэн хэдэн жил хөөцөлдөөд “Эцэг эхчүүд та нарын дэмжлэггүйгээр энэ ажил маань явж өгөхгүй байна” гээд биднээс дэмжпэг хүссэн.

Эцэг эхчүүд бид 500 гаруй сурагч, тэдний эцэг эх, эмээ өвөө гэр бүлийн 2,000 гаруй хүний гарын үсэг цуглуулж, Нийслэлийн ИТХ-д энэ асуудлыг тавьж удаан хөөцөлдсөний эцэст биеийн тамирын заал барих газрын асуудал хуулийн дагуу шийдэгдэж, барилгын зураг, зөвшөөрлөө зохих журмын дагуу авч, эцэст нь сургууль маань банкнаас зээл авснаар энэ олон жил сурагчид, эцэг эхчүүд бидний хүсэн хүлээсэн биеийн тамирын заалаа барих ажил эхэлж байна.

11-12-р ангийн хүүхдүүд маань 10 жил биеийн тамирын заалгүй явж байна.

Үр хүүхдүүдээ гадаа гудамжинд бус эцэг эхчүүд биднийхээ багадаа ямар зааланд биеийн тамирын хичээл орж байсан, түүнтэй адил стандарт зааланд хичээлээ ороосой гэж хүссэн 2,000 гаруй эцэг эхчүүдийн итгэл найдвараар энэ ажил эхэлж байгаа гэдгийг онцолмоор байна. Энэ ажлыг хөөцөлдсөнзургаан жилийн хугацаанд биеийн тамирын заалаа хүлээсээр 300 гаруй хүүхдүүд маань төгсөж, төдий тооны хүүхдүүд шинээр 1-р ангид элсэн орж мөн л биеийн тамирын заалаа хүлээсээр одоо зарим нь дунд ангиа төгсөж байна.

11-12-р ангийн хүүхдүүд маань 10 жил биеийн тамирын заалгүй явж, одоо ганц жил ч болтугай биеийн тамирын зааланд хичээллээд төгсөх юмсан гэж хүсч мөрөөдөж байна. Одоо “Тольт” сургуульд сурч байгаа 500 гаруй хүүхдүүд маань энэ жил биеийн тамирын заалтай болно гээд хичээлийн шинэ жилийг тэсэн ядан хүлээж байгаа” хэмээн ярилаа.

“Тольт” сургуулийн эцэг эхчүүдийн зүгээс нийслэлийн холбогдох албаны хүмүүсийг спорт заалны барилгатай газар дээр нь танилцаж, 34 А, Б байрны оршин суугчид болон Наран-Оргил СӨХ, Тольт сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөл, багш ажилчид, сургуулийн захиргааг оролцуулсан уулзалт зохион байгуулж, ярьж ойлголцохыг уриалж байгаа ажээ.

СХД-ийн 17-р хорооны 34 байрны оршин суугч З.Навчаа “Миний бие СХД-ийн 17-р хорооны 34 байранд оршин суудаг. Хэвлэлийн хурал дээр ирсэн учир нь нийт оршин суугчдын дотор сургуулийн спорт заалны ажлыг дэмжиж байгаа олон хүнийг төлөөлж ирсэн. Иргэд буруу мэдээлэлтэй байгаагаас үүдэн хоёр талын хооронд ойлгомжгүй байдал үүсээд байна.

Заал барих бүх зөвшөөрөл, зураг нь сургуулийн фэйсбүүк дээр нээлттэй байна. Түүнээс харахад ямар нэгэн байдпаар хүүхдийн тоглоомын талбай руу орсон юм байхгүй байна. Миний бодлоор хүмүүс заал барих зөвшөөрөл, зургийг нь харж зөв ойлголттой болох , юмны учрыг нь зөв зүйтэйгээр ойлгож, эерэгээр хандаж, дэмжих нь энэ сургуулийн хүүхдүүдэд ч, оршин суугч бидэнд ч хэрэгтэй байна.

Хувийн хэвшил гэхээс илүү боловсролын байгууллага, хүүхдийн ирээдүй, эрүүл мэнд талаас хандвал зүйтэй болов уу гэж бодож байна.

Таны бидний хүүхдүүдтэй адил олон олон хүүхдүүдийн сайн сайхны төлөө хийгдэж байгаа ажпыг дэмжээсэй гэж нийт оршин суугчиддаа уриалж байна” гэлээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Да Лам Х.Бямбажав “Даншиг наадмын хамгийн гол зүйл нь цам байгаа”

Нийслэлин Засаг даргын тамгын газар болон Гандантэгчэнлин хийдээс “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т зохион байгуулах билээ. Үүнтэй холбоотой хэвлэлийн бага хурал өнөөдөр Гандэнтэгчэнлин хийдэд боллоо.

Хэвлэлийн бага хуралд Да лам Х.Бямбажав, Их Шанзодба Л.Ариунжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Зуу гаруй жилийн дараа эргэн сэргээж, буй “Даншиг наадам-Хүрээ цам” наадмын талаар Да Лам Х.Бямбажав “Даншиг наадмын хамгийн гол зүйл нь цам байгаа. Ад, зэтгэр, гай хөнөөлийг даран сөнөөх учир агуулгатай зүйл юм. Цам гэдэг олон зуун жил Монголд гарч байсан түүх бий. Ялангуяа Хубилай хааны ордонд цам гарч байсан мэдээ, мэдээллүүд байдаг. Түүнээс цааш олон хаадын ордонд цам гарч байсан түүхтэй. Энэ жил цам наймдугаар сарын 5-наас эхлээд Хүрээ жахар цамын хурал Гандантэгчэнлин хийд дээр хурна” гэлээ. Энэ жилийн даншиг наадамын онцлогийн талаар Гандан тэгчэнлин хийдийн ОНХ албаны дарга Н.Одгарьд “Наймдугаар сарын 5-нд Гандантэгчинлэн хийдэд Хүрээ жахар цамын хурал хурна. Энэхүү хурал нь гүрний их барцад тогтгорыг арилгах, ард олныг амар амгалан байлгах заслын том үйл юм. Тиймээс үүнд өндөр ач холбогдол өгч байна. Өнгөрсөн жил хөдөө орон нутгийн лам нар идэвхтэй оролцсон. Энэ жил ч мөн Да лам тэргүүтэй лам нар уриалга гарган орон нутгийн олон нам нарыг урьж залсан байгаа. Эдгээр лам болон Улаанбаатар хотын сүм хийдийн нийт мянга гаруй лам нар хуран чуулж сүсэгтэн олонд залбирал үйлдэнэ. Энэ мэтчилэн гурван өдрийн турш олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна” хэмээн онцлов.

Categories
мэдээ нийгэм

МУИС энэ жил төлбөрөө нэмэхгүй

Монгол улсын их сургууль энэ жил сургалтын төлбөрөө нэмэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, МУИС-ийн удирдах зөвлөлийн өнгөрсөн зургадугаар сарын 13-ны өдрийн хурлаар 2016-2017 оны хичээлийн жилд мөрдөгдөх сургалтын үйлчилгээний зардал, сургалтын төлбөрийг баталсан бөгөөд энэ хичээлийн жилийн сургалтын төлбөртөө өөрчлөлт оруулаагүй байна. Их дээд сургуулиуд сургалтын төлбөрийн хэмжээг тухайн жилийнхээ инфляцитай уялдуулж тогтоодог. Энэ жилийн хувьд 8-р сарын 15-ны дотор их дээд сургуулийн Удирдах зөвлөл хуралдаж сургалтын төлбөрийн хэмжээг тогтоохоор болсон юм. Улмаар тухайн сургуульд суралцахаар бүртгүүлсэн оюутнууд төлбөрөө хэсэгчлэн болон бүтэн төлсөн тохиолдол сургуульдаа элсэх боломжтой бөгөөд төлбөрөө төлөөгүй тохиолдолд элсэн суралцах эрх хаагдаж дараагийн оюутанд шилжих юм.

О.ӨНӨР