Дугаарын хязгаарлалт нь амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” зургадугаар сарын 1-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр хэмээн заасан байдаг. Тиймээс бүх нийтээрээ амрах энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Month: June 2016
№123 (5388) дугаарт
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, аймгийн алдарт уяач, сэтгүүлч, яруу найрагч Намсрайн Лутбаяртай уулзаж хөөрөлдлөө.
-МУИС-ийн сэтгүүлчийн ангид элсэж ирлээ?
-Хүний хувь заяа, зураг төөрөг гэж байдаг. МУИС-ийн утга зохиолын бүлгэмийг зохиолч Далхаагийн Норов багш ажиллуулж байлаа. Б.Цэнддоо, Бороохойн Батхүү, Д.Сумьяа, Бямбажавын Энхтуяа, Доржзовдын Энхболд нарын наяад оны төлөөллүүд тэр дугуйланд явна. Тэр үед би Б.Цэнддоод хадаг барьж шавь орсон. Миний хадаг барьж шавь орсон хүн бол Цэнддоо багш байгаа юм. Ээж минь гараараа хуулан бичиж өгсөн тавын дэвтэр дүүрэн шүлэг байсан л даа. Аав маань монгол хэл, уран зохиолын багш ч гэлээ намайг тэгтлээ их дэмжээд сүйд болохгүй. Тэр дэвтрийн шүлгүүдийн ихэнхийг “Энэ яруу найраг биш” гээд зурчихсан. Би тэрнээсээ ичээд дугуйланд очихоо байлаа. Тэгэхэд багш намайг дуудаж явуулдаг болсон. Д.Пүрэвдорж гуайн удирддаг МЗЭ-ийн яруу найргийн дугуйланд бас явна аа. Тэр их найрагч надад “Чи эсвэл их том яруу найрагч болно, нэг бол огт байхгүй болно” гэж нэг үг хэлсэн.
-Их найрагчийн хэлснээр та одоо олны танил том яруу найрагч болчихсон юм биш үү?
-Тэр үг одоо ч надад бодогддог. Одоо болтол номгүй яваагаа бодохоор яруу найрагч мөн ч юм шиг, биш ч юм шиг. “Болор цом”-д нэг удаа шүлэг уншиж үзсэн. Босго нь өндөр юм билээ. “Морин хуур”-т нэг удаа орж үзсэн. Бас л босго нь өндөр наадам. “Болор цом”-д “Босоо бичиг” шүлгээр нэг удаа оролцсон. Тэр шүлэг Зохиолчдын хорооны аль нэг төмөр сейфэнд цоожлогдож, харин хэн нэгний “Хүмүүн бичиг” гэсэн шүлэг уншигдсан. Хүнийхээ хувьд би их гутарсан. Тэгээд цомд уралдахаа больсон доо. Ер нь энд тэнд ч шүлгээ унших дургүй болсон.
-Шүлгийн санаа хулгайлчихна гэж айгаад байдаг болчихсон юм уу?
-Миний шүлэг унших талбар биш юм аа гэж бодох болсон. Ер нь ч хүний сэтгэлийн утга, уянгыг унага даага шиг уралдуулж болохгүй гэж боддог. Яруу найргийн ай савд уянгын, дуудаж унших, бясалгаж сонсох гээд янз янзын шүлэг байна шүү дээ. Тэр бүхнийг нэг зиндаанд шүүнэ гэдэг аюултай. “Болор цом” уг нь сайхан наадам мөн ч шүүлтүүр нь одоо ч эргэлзээтэй. Олон сайхан үзэгчид сэтгэлийн таашаал эдлүүлж, оюуны цангаа тайлдаг ч шүүлт нь нэг л сонин санагдаад байдаг.
-Завханд байхдаа олон дуу хийв үү?
-“Бүүвэй ээж”-ээс хойш “Дуут нуур”, “Аав уул”, “Бадархундага”, “Тэр минь хөөрхий” гээд арваад дуу төрсөн. Тэр бүхнийг олонд хүргэсэн хүн бол яах аргагүй гавьяат жүжигчин С.Батсүх. Миний уран бүтээлийн анхны хамтрагч бол урлагийн гавьяат зүтгэлтэн Цэвээнравдан. Тэгээд урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Жамьян багш байна. Би нэг л аянд дууны шүлэг хийсэн. Тэр нь “Завхан гол”. Бусдад нь миний шүлгэнд ая зохиосон.
-Та сэтгүүлзүйн бүтээлүүдээ ном болгож боож байгаа гэв үү?
-“Сонинтой хуучраагүй сонирхолтой баримтууд” гэсэн сэтгүүлзүйн гурван зуугаад хуудас номоо хэвлүүлж байна. Сэтгүүлч Ш.Даваадоржтой хамтарч хийсэн хоёр ч ярилцлага энэ номонд маань орсон. Сонины цаас шарладаг ч сонинтой хуучирдаггүй шинэ зүйл их байдаг юм байна. Би сонины хайчилбар ч хадгалж мэдэхгүй их сонин хүн байгаа юм. Муу ээж минь л аваад хадгалчихсан байсан зүйлсээ эмхэтгэсэн.
-Ээж тань таны шүлгүүдийг дэвтэрт хуулж, бас сонины хайчилбаруудыг чинь хадгалсан гэхээр хүүдээ үнэн хайртай, бас их нямбай хүн юм. Ямар мэргэжлийн хүн билээ?
-Миний ээж хими, биологийн багш мэргэжилтэй. Өчигдөр өглөө үүрийн дөрвөн цаг арван минутад хүүдээ зориулж найман мөр шүлэг бичиж гэнэ ээ. Өнгөрөгч 15-ны өдөр миний төрсөн өдөр байлаа. Цахим хаягтаа ээждээ зориулсан шүлгээ тавилаа. Энэ шүлэг дуу болж байгаа.
-Таны авьяас тэгвэл ээжээс чинь ундаргатай юм байна даа?
-Манай аавын талынхан Хатагины хар сүлдийг хоёр зуугаад жил хадгалж ирсэн удам судартай улс. Аавын өвөө залан Загд хэмээх далан таван ардын заргыг зохиосон гэж хэл шинжлэлийн эрдэмтэд тогтоосон тэр хүн. Хошуу ноён Хурц ван Түдэнтэйгээ заргалдаж заргын бичгийг Богдод илгээж байсан түүхтэй. Дунд сургуулийн сурах бичигт нар шиг тойруулж бичсэн тухай байдаг даа. Тэрийг өвөө минь зохиож бичсэн байдаг. Бяруутын бага сургуульд багшилж байгаад баригдаж хэлмэгдэж буудуулсан. Манай ээжийн тал болохоор Халзангийнхан гээд бас л сэхээтэн улс байсан юм билээ. Адуунд угшил ярьдаг, хүнд удам ярьдаг болохоор өвөг дээдсийн минь оюуны гэгээ надад туссан л байж таараа.
-Адуунд угшил гэснээс улсын их баяр наадамд хурдан буянаа давхиулж байсан түүхээсээ хуваалцаач!
-Би багаасаа морины хорхойтой хүүхэд байлаа. Нэгдүгээр ангид байхын сургуульдаа тогтолгүй, морь унаад хөдөө зугтчихна. Аав хичээлийн эрхлэгч, ээж багш болохоор тэдэнд хэцүү байсан нь мэдээж. Ямар сайндаа л ангийн багшийг маань сольж байх вэ дээ. Манай өвөө морь сайхан унадаг. Намар морио зарчихдаг. Би морио зарах гэхээр зүүгдээд уйлдаг. Эмээ болохоор таргийн, цайны сүүний хэдэн үнээгээ зарахгүй шүү гэдэг. Өрхийн бодын тоо толгой хэтэрчих гээд зардаг байсан юм билээ л дээ. Өвөө минь морийг ижлээр нь унадаг, уядаг. Хөхөл мундаатай хоёр шар хээр морь ч юм уу, хур дэлийг нь ижилсүүлж зассан морьд унадаг, одооныхоор бол машинаар гоёдог шиг л тийм зантай хүн байж. Манай адуунд сэтэртэй хүрэн морь, алаг, шарга адуунууд байсан. Тэгээд сургууль соёлын мөр хөөснөөс хойш шинэ мянган гартал адуунаас жаахан хөндий явсан. Хоёр мянган онд арван гурван жилийн дараа хүүтэй болоод нэг үрээ худалдаж авч, азарга тавин адуу бүрдүүлсэн. 2005 онд авга ах Намрал маань нас барж, хөдөөлүүлэх гээд нутгийн настнуудтай хуучилж суулаа. Эрдэнэцагааны Орлой хонгор улсад айрагдсан манай нутгийн анхны адуу. Тэр адууг эх талаасаа Халзангийн гэж Хурц гуай ярьж байна. Дөчөөд жилийн өмнөх юм ярьж байна шүү дээ. Тэгээд ямар адууг унаган адуу гэх вэ гэж удтал ярилцаад “Нутгийн адуу гаргая. Чи хариуц. Егүзэр адуу гэж нэрлэе” гэж тогтоцгоолоо.
-Егүзэр хутагтынхаа алдраар нутгийнхаа адууг нэрлэсэн юм байна шүү дээ?
-Тэрний хойтон жил нь манай сумын ой боллоо. Уран бүтээлийн анхны цэнгүүнийг минь мялааж миний найз, яруу найрагч Сумьяагийн Амартайван надад нэг даага бэлэглэсэн юм. Тэр шүдлэн үрээндээ Алтан-Овооны наадамд хорин долоод давхилаа. Долоон насандаа сумандаа түрүүллээ. Би унаа аваад очиж байхад их насанд Дүүгүүр саарал минь түрүүллээ. Энд авчирч Завханы Эрдэнэхайрханы Энхболд гэдэг найздаа өгч, улсад уралдан арван тавд орсон. Дүүгүүр сааралдаа хадаг зүүтэл “Арван тавд давхисан моринд хэзээ хадаг зүүж байсан юм” гэж улсууд шоолж л байсан. Дараа жил нь Дүүгүүр саарал улсад түрүүлж төрийн түмэн эх боллоо.
-Нутгийн өвгөчүүлийн захиасыг ямар ч байсан биелүүлж дээ?
-Улсад хоёр жил уралдаад түрүүлнэ гэдэг агуу амжилт л даа. Ингээд “Талын хүлэгч” галынхнаа Эрдэнэцагаан сумынхаа уяачидтай холбож Егүзэр адууг бий болгосноор улс, бүсийн наадмуудаас арван хоёр, арван гурван ч айраг, түрүү аваад байна. Тэрэн дотор Эрдэнэцагааны унага, миний соёолон 2009 оны улсын наадамд айргийн гуравт хурдалсан. Долоон сарын 12-ны өдөр бол манай гэр бүлийн хувьд дэндүү гунигтай өдөр байдаг. Аав минь наадмын хоёрдахь өдөр бурхан болсон юм. Жил жилийн энэ өдөр гунигтай байдаг байсан. Харин морь минь гуравт давхихад ээж минь Дуламсүрэн манлайд “Хүүдээ их баярлалаа. Манайхны гунигийн өдрийг үргээж баярын өдөр болгож өглөө” гэж хэлж байсан даа. “Морь уях бол төрийн хэрэг шүү” гэж манай тод манлай уяач Дуламсүрэнгийн аав Цэвээнжав гуай хэлсэн байдаг. Энэ бол ёстой үнэн үг.
-Энэ сарын 31-нд “Улаанбаатар палас”-т болох “Хийморийн Шилийн Богдыг Хойморын Отгонтэнгэртэй золгуулсан” уран бүтээлийн цэнгүүнд чинь ямархан зиндааны уран бүтээлчид оролцох гэж байна?
-Би тоглолтынхоо нэрэнд их ач холбогдол өгсөн шүү. Миний
“Сунаж байгаа адуу шиг
Аргамаг уул Шилийн богд
Сунаж яваа чоно шиг
Эрэмгий уул Шилийн богд” гэсэн шүлэг байдаг. Унасан унаган нутаг минь наран мандах зүгийнх ч Завхан нутаг, Отгонтэнгэр хайрхан миний сэтгэлийн шүтээн болж. Тиймээс ч би
“Уулс хэвлийд нь үндэс мэт яргасан
Үүлс зулайд нь цэцэгс мэт дэлбээлсэн
Газар тэнгэрийн алтан заадас
Гарьд цагаан уул Очирваань хайрхан” гэж бичсэн удаатай. Энэ л хоёр сайхан нутгаа уран бүтээлээрээ холбож явна. Тоглолтод маань ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ “Ганга нуур”, Г.Баярмагнай “Мэлмийтэй Монгол”, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан “Шилийн богд” дууг дуулна. Энэ дуу гэхэд их учиртай.
-За ямар учиртай дуу байна?
-О.Дашбалбар ахад зориулсан дуу байгаа. Балбар ах “Чи ахыгаа амьдад минь баярлууллаа гэж байсан. Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Э.Бүрнээбаяр, Завханы Батсүх, Ц.Түвшинтөгс, Х.Үнэнхүү, “Зууны манлай эстрадын дуучин” Б.Сарантуяа, У.Далантай, С.Ганзориг, Ө.Уянга, Э.Амартүвшин нарын гавьяатууд, соёлын тэргүүний ажилтан Б.Батбаатар, Н.Гантулга, Б.Батболд, А.Энхтайван, Т.Батсайхан, Э.Бумхүү, дуучин Н.Дашдэмбэрэл нар миний шүлгүүдээр бүтсэн дуунуудыг дуулна даа.
Т.Мягмарчулуун дархан-сийлбэрчин мэргэжилтэй. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт, Хөвсгөл аймагт авто засварын газар ажиллуулдаг. Тэрээр мотоциклиор өвс хадах төхөөрөмж хийсэн. Мөн япон машины рамыг засах арга нь Японы нэгэн компанийн анхаарлыг татаж, үйлдвэрт нь хоёр сар ажиллах урилга хүлээн авчээ.
-Мотоциклиор өвс хадах санаа хэзээ төрсөн бэ?
-Бага насаа өвөөгийндөө өнгөрөөсөн. Өвөөгийнх мал ихтэй ч бүл муутай. Намайг зургаан настайгаас хадланд дагуулж, хүмүүст цай зөөлгөхийн хажуугаар хадлан хадуулж сургасан. Надад зориулсан тусгай талбай байсан. Би тэр талбайн өвсийг хадах ёстой. Хожим нь өвөө өөд болоод аав хөдөө гарсан. Би дүүтэйгээ хадланг нь авч өгнө. Тэр үед л гараар биш мотоциклиор өвс хадах санаа төрсөн. Энэ төхөөрөмж бол 2009-2013 он хүртэл хийсэн миний ажлын үр дүн.
-Гурван жилийн хугацаанд энэ төхөөрөмжийг хэн хэн ашиглав?
-Аав гурван жил өвсөө авсан. Энэ хугацаанд нэлээд зүйлийг сайжруулсан. Санхүүжилт байхгүй учраас ганц ширхгийг хийсэн юм.
-Аав чинь хэр их өвс, ямар хугацаанд авдаг вэ?
-Аав жилд дөрвөн машин өвс авдаг. Нэг га газрын өвсийг мотоциклиор гурван цагт хадна. Сайн өвстэй нэг га газраас ЗИЛ 130 машинаар тооцвол бүтэн хагас, бараг хоёр машин өвс гардаг. Нэг га газрын өвсийг хадахад гурван литр бензин зарцуулна.
-Өмнө нь ийм хадуур, тармуур байгаагүй юм уу?
-Байгаагүй гэдгийг хотод ирээд мэдсэн. 2013 онд Улаанбаатарт Монголын үндэсний телевизээс “Залуу зохион бүтээгч” гэдэг олон улсын уралдаан зохион байгуулсан. Энэ тэмцээнд оролцоод гуравдугаар байрт орохдоо манайд байхгүй гэдгийн мэдсэн.
-Чиний мотоцикльд угсарсан хадуур, тармуурын давуу тал нь юу вэ?
-Нойтон өвсийг ямарч асуудалгүй хадна. Мотоциклийн мотор халахгүй. Яагаад гэвэл хадуур, тармууранд сэнс холбосон. Ганц ирээр биш хоёр ирээр өвс хадна. Ингэснээрээ мотоцикльд ямар нэгэн чичиргээ байхгүй, эвдрэл гарахгүй. Мотоциклийн мотор халах нь хөдөөгийнхөнд хэцүү асуудал байдаг.
-Олноор үйлдвэрлэхэд ямар хэмжээний санхүүжилт хэрэгтэй вэ?
– Эхний ээлжинд 50 ширхгийг үйлдвэрлэх тооцоо хийж үзсэн. 150 сая төгрөг шаардлагатай. Би өөрөө Хөвсгөлд үйлдвэрийн байртай. Энэ мөнгөний ихэнх нь тоног төхөөрөмжинд зарцуулагдана. Цаашдаа үнэ буурах юм.
-Эхний 50 ширхэг хадуур, тармуур ямар үнээр зарагдах вэ?
– 1.6 сая төгрөг гэж тооцсон, жаахан нэмэгдэж магадгүй.
-Том хэмжээгээр, жишээлбэл хүчтэй трактороор их хэмжээгээр өвс хадах төхөөрөмж хийж чадах уу?
– Одоо бол чадна. Багасгаад хашааны, гудамж, талбайн өвсийг хадах зориулалттай ч болгож болно.
-Хятад руу яваад ямар үр дүнд хүрэв?
-Монголдоо патентаа авчихаад Хятад руу очсон. Хятадууд хуулбарлахдаа их чадамгай учраас би өөрийнхөө бүтээлийг Хятадад бас баталгаажуулаад патент авсан.
-Телевизээр гарсны дараа захиалга ирээгүй юу?
-Маш их ирсэн. Ялангуяа их хадлан авдаг газруудаас. Хөвсгөл аймгийн ХАА-н газрын зөвлөгөөн дээр танилцуулга, фланшанд хийсэн дүрс бичлэгүүдээ тараасан. Бас нэг улстөрч хамтарч ажиллана гэчихээд бултчихсан.
– Ямар дүн гарсан бэ?
– Санхүүжилтгүй болохоор захиалгаа авч чадаагүй.
-Арав хоногийн өмнө утсаар ярихад Япон явах тухай яриагүй. Гэнэт явах болсон уу?
-Тантай утсаар ярьсны дараа нэг танил маань ирж машиныхаа рамыг засуулсан. Түүний ах, дүү хамаатнууд ч надаар машинаа засуулдаг. Танил маань Японд машин засварын компанид ажилладаг байсан. Тэгээд тэр компани руугаа яриад “Их өвөрмөц аргаар машины рамыг засдаг хүн байна” гэж дуулгасан юм билээ. Гэтэл нөгөө Японы тал нь нарийн тайлбарлуулж аваад “Наад хүнээ бидэнтэй хамтарч ажиллах санал тавь. Эхний ээлжинд хоёр сар ажиллуулъя. Бүх зардлыг манай талаас гаргана” гээд маргааш нь л урилга ирүүлсэн. Миний зүгээс гадаад паспортоо бэлэн болгоод л болох юм байна. Долоо хоногийн дотор л бүх юм шийдэгдсэн. Ирэх баасан гаригт явна.
-Цаашид эхнэр, хүүхдийг чинь татаад, удаан хугацаагаар ажиллах гэрээний санал тавибал яах вэ?
-Ёстой хэлж мэдэхгүй байна. Би Японд бүү хэл нийслэлд удаан тогтдоггүй хүн шүү дээ. Зав гарвал хөдөө морь унаж давхих л дуртай.
-Эхнэр чинь юу хийдэг вэ?
-Хүүхдүүд, гэрээ л авч явна. Би ажлаа хийгээд явдаг. Ар талдаа санаа зовдоггүй.
Х.Баттөгс
Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дэргэдэх цэнгээнт бүжгийн “Улаан сарнай” хамтлаг нь Цэнгээнт бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч ирэх намар ХБНГУ-д болох дэлхийн аварга шалгаруулах стандарт формейшн бүжгийн тэмцээнд оролцохоор болсон. Тус хамтлаг өмнө нь уг тэмцээнд хэд хэдэн удаа амжилттай оролцож байжээ. “Улаан сарнай” хамтлагийн гишүүд сурч, ажиллахынхаа хажуугаар бүжиглэдэг жинхэнэ урлагт хайртай залуус. Тус хамтлагийн удирдсан багш Б.Номингэрэлтэй ярилцсаныг сонирхуулъя.
-Та “Улаан сарнай” хамтлагт их олон жил бүжиглэсэн гэсэн. Яагаад энэ хамтлагт орох болов?
-1998 оноос хойш энэ хамтлагтай холбоотой яваа. 1998 онд анх Санхүү, эдийн засгийн дээд сургуульд оюутан болж орсноос хойш орж бүжиглэсэн. 2006 оноос хойш арав дахь жилдээ тус хамтлагт багшилж байна.
-Танай хамтлаг энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсон. Өмнө нь оролцож байсан тухайгаа манай уншигчдад сонирхуулаач?
-2011 онд бид анх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо хагас финалд шалгарсан. Энэ тэмцээнд олон жил хүчээ сорьсон хамтлагуудтай өрсөлдөж ийм амжилт гаргасан. 1986 оноос хойш дөнгөж оролцсон хамтлагуудаас хагас финалд шалгарсан тохиолдол байгаагүй гэж зохион байгуулагчид нь ярьж байсан. 2015 онд оролцохоосоо өмнө хоёр жил өнжсөн нь санхүүтэй холбоотой. Хорин хэдэн хүний зардал хэцүү л дээ. Гэхдээ энэ хооронд хамтлагаа залуу халаагаараа сэлгэсэн. Бидний энэ жилийн зорилго бол уг тэмцээний финалын шатанд шалгарах цаашлаад медаль авах явдал. Манай хамтлагийнхан дор бүрнээ л ийм зорилт тавьж бэлтгэлээ хийж байгаа. Нэгэнтээ л ийм их зардал гаргаад явж байгаа болохоор амжилт гаргахын төлөө ажиллана.
-Хамгийн сүүлд буюу 2015 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо ямар амжилт гаргав?
-Дахин хагас финалд шалгарсан. Манай багт 16-аас 22 хүртэл насны хүүхдүүд байсан. Маш залуухан баг маань дэлхийн хамгийн мундаг бүжигчидтэй өрсөлдсөн. Цэнгээнт бүжиг гэдэг бол багийн спорт. Ер нь бид гаргасан амжилтдаа сэтгэл маш хангалуун байгаа. Яг одоогийн энэ бүрэлдэхүүнээрээ гурваас дөрвөн жил бүжиглэх байх. Манай хамтлагт маш их нөөц харагдаж байгаа гэдгийг ч хэлмээр байна. Тэмцээнд явахад санхүүгийн асуудал тулгардаг. Түүнийг аль болох хүүхдүүддээ дарамт болгохгүйгээр шийдчихвэл амжилт тун ойрхон харагдаж байна.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог багуудаас хаанахын баг нь хамгийн хүчтэй өрсөлдөгч вэ?
-Шилдэг багууд гэвэл Герман, Оросынх. Хоорондоо ана мана үзэлцдэг. Оросын “Вера” гэдэг баг маш хүчтэй өрсөлдөгч. Бид тэднээс юугаараа дутах гэж. Тэдний хэмжээнд бүжиглэнэ гэж зорьж байгаа.
-Азийн орнуудаас ямар орон оролцдог вэ?
-Яг энэ стандарт формейшн бүжгээр Монголоос өөр хамтлаг оролцдоггүй. Азид спорт бүжгийн энэ чиглэлээр сайн бүжигчид байлгүй яахав. Гэхдээ Азийн орнуудаас хосын бүжгээр оролцдог.
-Энэ жил танай хамтлагийн 30 жилийн ой тохиож байгаа. Энэ хугацаанд танай хамтлагт олон хүн бүжиглэсэн байх?
-Хамтлагийг төлөөлж тэмцээн уралдаанд оролцсон гэдгээр нь тооцох юм бол 300-гаад гишүүн байгаа. Манай дэргэдэх дугуйланд явдаг хүүхдүүдийг оруулах юм бол 1000-аад хүн бий.
-Танай хамтлагийн гишүүн болоход нэлээд өндөр шалгуур тавьдаг гэж сонссон. “Улаан сарнай”-н дэргэдэх дугуйланд явдаг байх ёстой, улсын хэмжээний тэмцээнд оролцсон байх гэх зэрэг?
-Бидний зүгээс гэхээсээ илүү урлаг маань өөрөө өндөр шаардлагатай. Хараад байхад хамгийн шилдэг хүүхдүүд шигшигдэн үлддэг. Энэ бол онцлог нь юм даа. Манай хамтлагийнхан нэгдүгээрт хичээлээ хаяж болохгүй, ээж аав нь хүүхдээ сургах гээд хэдэн саяын төлбөр төлсөн байгаа. Тиймээс хичээлээ сайн хийх хэрэгтэй, бүжгээ сайн мэддэг, түүндээ хайртай байх ёстой. Бэлтгэлээ таслахгүй байх ёстой. Нэг хүүхэд бэлтгэлдээ ирэхгүй байхад үлдсэн арван хэдэн хүний маань хөдөлмөр талаар болно. Түүнээс гадна хүүхдүүд чинь дүүгээ харна, аав, ээждээ тусална гээд бас ажилтай. Өөрөөр хэлбэл асар олон зүйлийг зохицуулах хэрэгтэй болно. Хувийн зохион байгуулалт маш өндөр байх ёстой. Хараад байхад явсаар байгаад л хамгийн сайн хүүхдүүд нь шигшигдээд үлддэг.
-Та нар хэзээнээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ эхлэх вэ?
-Таван сард улсын хэмжээний тэмцээн дуусна. Ингээд оюутнуудын маань хичээл, шалгалт зэрэг нь явсаар байгаад зургаан сард дууссаны дараа жигдэрч эхэлдэг. Тэгээд л санхүүгийн асуудал, хүүхдүүдийн хувцас гээд бөөн юм болдог. Ер нь бол найман сараас бэлтгэл жигдэрдэг. Гэхдээ энэ хооронд хэсэгчилсэн бэлтгэлээ хийнэ. Найман сараас бүгд жигдэрнэ.
-Та бол өөрөө мэргэжлийн бүжигчин хүн биш. Яаж энэ хамтлагийг ийм амжилттай авч явж байна. Нууц нь юундаа байна?
-“Улаан сарнай” хамтлагийн өөрийнх нь нууцад байгаа болов уу. Миний хоёр багш амьд сэрүүн байхдаа олон зүйлийг зааж өгсөн. Багаар ажиллана гэдэг ийм байдаг. Ганц би өөрөө удирдаад бүх юмыг болгоод байгаа юм биш, үе үеийн “Улаан сарнай”-чууд байна. Манай төгсөгчид бидэнтэй үргэлж холбоотой байдаг. Зарим нь тэмцээн болох гэж байхад хүрч ирээд болохгүй байгаа юмыг нь хэлж өгнө. Би өөрөө бол бүр багаасаа бүжиглэсэн. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Горняк” соёлын ордонд найман настайгаасаа эхлээд бүжиглэсэн. Түүнээс хойш тасралтгүй гээд бодохоор хорин хэдэн жил бүжиглэж байгаа юм байна.
БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
Намын VII их хуралд эргэлт хийхээр Москвагаас дуудагдаж ирсэн КУТВ-ынхны нэг нь Золбины Шижээ байлаа. Тэрээр Шиньжаанд төрсөн, Сумъяа бээсийг дагаж Монголд ирэн туслах нь байжээ. 1923 оноос Төв Хороонд ажиллаж байлаа. МАН-ын эсрэг шинэ залуусын бүлэг байгуулахад хамгийн залуу, хамгийн шийдэмгий хэсэгт Шижээ багтаж байжээ. Удалгүй Ринчиногийн дараа нам, төрийн дээд эрхийг хууччуул авч хөөргөн залуусын ихэнхийг Дорно дахины коммунист Их сургуульд (КУТВ) сургахаар Москва явуулахад Шижээ тэнд багтсан.
Энэ үед Шиньжааний байдал хурцадмал байлаа. Циньхайн хувьсгалаас хойш Шиньжаан нь үнэн хэрэгтээ бие даасан байдалтай, нөгөө талаас Зөвлөлтийн нөлөө ихтэй, тэгсэн мөртөө Оросын цагаантны дүрвэгсэд олонтой, ёстой холион бантан болсон газар байлаа. Тэнд амьдрах олон үндэстэн болгон өөр өөрийн сонирхолтой. Зөвлөлтийн зүгээс тэнд бас нэг улаан улс байгуулах сонирхолтой, улаан өнгийг Хятадын лалууд гэгдэх хотон үндэстэн илүү шохоорхоно. Гучаад оны үед хотонгуудыг ах дүү дөрвөн Ма толгойлж байсан учир тэднийг Магийн бүлэг гэж нэрлэдэг байлаа. Ма-гийнхан марксизм ленинизмд их үнэнч, ялангуяа Карл Марксыг ихэд шүтнэ, “сахалт Ма” гэж нэрлэнэ. КУТВ-д тэд олон оюутан сургахаар илгээсэн байлаа.
Зөвлөлтүүд Шиньжаанд хоёр удаа Дорнод Туркестаны бүгд найрамдах улс гэдгийг байгуулсан юм. Эхнийх нь 1933-34 онд, дараагийнх нь 1944-1949 онд тогтсон. Эхнийх нь “лалын”, дараагийнх нь “хувьсгалт” гэсэн тодотголтой. Хориод оны дундуур Коминтернээс эзэнгүй болчихсон Шиньжаанд бас нэг хувьсгалт улаан улс үүсгэхээр зэхэж байлаа. Дунгаан, уйгар, хотон оюутнуудыг КУТВ-д коммунист-террорист онолд сурган бэлтгэж байхад мөн л Шиньжаанаас гаралтай, аль хэдийнэ туршлагатай хувьсгалч болчихсон монгол үндэстэн Золбины Шижээ тэнд мэргэжил дээшлүүлж байлаа.
Шижээ Коминтернийн даалгавраар Шиньжаанаас ирсэн хотон оюутнуудад хувьсгалт ятгалга хийх үүрэг аван гүйцэтгэнэ. Мөн Шиньжаан руу Зөвлөлтийн зэвсэг нууцаар зөөх ажиллагааг ч зохион байгуулж байсан бололтой. Тэнд байхдаа Ө.Бадрахтай танилцжээ. Бадрах бол Увсаас гаралтай дөрвөд хүн. Мань хоёр ярилцаж байгаад Монголд халх бус ястнаас бүрдсэн автономи муж шинээр байгуулах санаа төрүүлэн хөгжүүлжээ. Шинэ санаа явсаар төсөөллийн шинэ улсад нь Монголоос Ховд, Увс аймаг, Тагна Тува улс тэр чигээрээ, Шиньжаанаас уйгар бус үндэстнүүд багтах юм боллоо. Гэхдээ санаа энэ хоёр залуугаас анхлан гарсан гэдэг юу л бол. Нэгэнт улаан хувьсгал ялуулахад оролцон туршлагажчихсан энэ хийрхүү фанат монгол залуучуудаар Ойрд, Туваг салгаад Шиньжааны жижиг үндэстнүүдтэй нийлүүлүүлэх ажиллагааг удирдуулах, КУТВ-д ирсэн Шиньжааны цөөнхийг тэднээр уруу татуулах авантюр санааг коминтернийнхэн л бодож олоо болов уу.
Ер нь ч тэгсэн байж таараа, юу гэвэл коминтернийнхэн 1928 онд Монголд төрийн эргэлт хийхдээ мань хоёр залууг дагуулж ирснээр барахгүй намын шинэ удирдлагад Бадрахыг Намын төв хорооны нарийн бичгийн дарга гэсэн хамгийн өндөр албан тушаалд томилж, Шижээг Үйлдвэрчний төв зөвлөлийн даргаар тавьжээ. Үүнээс хойш дөрвөн жил үргэлжилсэн “зүүнтний нугалаа” гэж нэрлэгддэг коммунист хийрхлийг ерөнхийдөө энэ хоёр удирдсан юм. 1930 онд болсон МАХН-ын VIII их хурлаар Шижээ нь бүр Төв хорооны гурван нарийн бичгийн даргын нэгээр сонгогдов.
Намын дарга болсон Ө.Бадрах Намаас баруун бөөрөнхийчүүд лүгээ тэмцсэн амжилттай их тэмцлийн туршлага гэсэн нэлээд зузаан ном бичиж хэвлүүлсэндээ монгол үндэстнийг нэгтгэх нармай монголын бодлого явуулсан хэмээн Цэрэндорж, Дамбадорж, Цэвээн нарыг бут авчээ:
…Хятад, Японы эсэргүү нарын гарын сарвайлт, сэтгэлийн шунахай ба улс төрийн өнгөлзлөгөө хийгээд мөн Тагна Тува, Дотоод Монгол, Баргын зэрэг улс орнууд дахь хувьсгалт намуудын доторх панмонголизм хэмээх монгол үндэстнийг нэгтгэж хөрөнгөтний замаар хөгжүүлэх хэмээсэн баруун этгээдийн хүсэл эрмэлзлийг хамтаар тас цохиж чадсанаар манай намын VII их хурал гайхамшигт түүхтэй явдлыг бүтээсэн болой.
Тэрээр монгол угсаатнууд нэгдэх биш харин өөр өөрийн онцлогоор бие даасан эрх бүхий автономи болох ёстой гэж үздэг аж.
Коминтернээс Шижээгийн Монгол дахь нэр хүндийг өргөхийн тулд түүнд 1928 оны наймдугаар сард “Форд М” маркийн 16 машин бэлэглэсэн гэж Оросын түүхч В.Нефедров бичжээ. Шижээ, Бадрах нар 1929 онд Чандмань уулын аймаг, Увс нуур аймаг хоёрыг нийлүүлэн Дөрвөдийн автономи байгуулах санал гарган Төв хороонд оруулжээ. Чухам энд Халх-Ойрдын олон жилийн зөрчил дахин сэдэрлээ. 1930 оны нэгдүгээр сард хуралдсан Төв хорооны хуралд оролцсон 35 гишүүний 27 нь халхчууд байв.
1931 онд хийгдсэн засаг захиргааны шинэчлэлээр 13 аймаг шинээр байгуулсны дотор Ховд, Увс гэсэн хоёр аймаг багтав. Эдгээрийн аль алинд нь Хантайшир аймгийн халх хошуудаас нэмж нэгтгэв. Энэ ажлыг намын Төв хорооны нөгөө нэг нарийн бичгийн дарга болох Гэндэн толгойлжээ. Нэг талаас Шижээ-Бадрахын, нөгөө талаас Гэндэн-Дэмидийн гэсэн бүлэг үүсч хоорондоо муудалцан биенээ үзэхээ больсон юм. Гэндэнгийн талд Ерөнхий сайд Жигжиджав, цаашлаад Элдэв-Очир, Содном, Чойжил, Гомбосүрэн, Дэмид, Мэнд, Нанзад, Цэдэн-Иш, Дамдинсүрэн гэсэн халхчууд багтаж байсан бол Ө.Бадрахын талд Шижээ, Лааган, Загд, Борбанди, Заяат, Өлзийтогтох, Чимид, Нацагдорж, Цэндсүрэн, Жамсран гэсэн голдуу ойрдууд нэгдэж байлаа.
Намын нарийн бичгийн дарга болсноор Бадрахын зохион байгуулах, уран илтгэх чадвар нь гойд илрэх болов. Биеэ тоосон, шургуу хүний хувьд бусад удирдагчидтай нийцэхээ больжээ. Дөрвөд хүн гэдгээрээ үндэсний асуудалд эмзэг, өөрийгөө хавчигдсан мэт санадаг болжээ. МАХН-ын VII их хурлаас адилхан намын нарийн бичгийн дарга болсон Гэндэн, Бадрах хоёр хэн нь голлон тэргүүлэх вэ гэдэг асуудлаар өрсөлдсөнөөр маргаан эхэлсэн юм. Улам лавшран хураасан феодалын хөрөнгийг хэрхэн зарцуулах, лам нарын асуудлыг хэрхэн зохицуулах гээд олон асуудлаар зөрөлдөж гарлаа. З.Шижээ хожим мэдүүлэг өгөхдөө:
Гэндэн, Бадрах нарын гол зөрчилдөөн нь Дөрвөдийг тусгаарлаад Туватай нэгтгэж автономи эрхтэй Холбооны улс болгох гэсэн Ө.Бадрахын бодлыг П.Гэндэн эсэргүүцсэнд оршиж байлаа. Гэндэн бол монгол үндэстний нэгдсэн улс байгуулах үзэл баримтлалтай.
1930 оны гуравдугаар сард хуралдсан Намын төв хорооны бүгд хурал дээр хоёр бүлгийнхний маргаан хурцдаж Бадрахыг ТХ-ы нарийн бичгийн даргаас өөрчилсөн боловч оронд нь Шижээг томиллоо. Засгийн газрын бүрэлдэхүүнд тэднийхээс олон хүн орсноос гадна УБХ-ын даргаар Бадрахын гол холбоотон Л.Лааган сонгогдов. Ингээд Бадрахын бүлэг нам, төрийн удирдлагад давамгайлах шинжийг олжээ. “Намын VIII их хурлаас хойш Бадрах солигдож, энэ бүлгийг Шижээ толгойлж, Бадрах ард нь сууж, голлон хатгаж явуулах болжээ” хэмээн III онц бүгд хурал дээр Гэндэн шүүмжилсэн байдаг.
Гэвч засаг захиргааны шинэчлэлийн үеэр хуучнаар Засагт хан, 1923 оноос Хан Тайшир аймагт харьяалагдаж байсан халхын зургаан сумыг 1926 онд байгуулагдсан Увс аймаг болон 1923 онд байгуулагдсан Ховд аймагт гурав гурваар нь нийлүүлжээ. Энэ нь тусгаарлах санаархлын эсрэг авсан арга хэмжээ бололтой.
1932 оны тавдугаар сард Намын ТХ, Хянан шалгах төв комиссын хамтарсан хурал болж Шижээ, Бадрах нарыг бут авчээ. Бадрах хэлэхдээ зарчмын бүх асуудлаар Коминтернийн зөвлөх Чёрномордюк, Кучумов нартай байнга зөвлөлдөж байсан, өөрөөр хэлбэл бие дааж зөрчилдсөн зүйлгүй гэж мэдүүлжээ. Хурлаас Бадрахыг намын удирдлагаас гаргасан боловч 1934 он хүртэл Эрүүл мэндийн яамны сайдаар ажиллуулсан нь ихээхэн учир битүүлэг явдал юм.
1932 онд Монголд Иргэний дайн дэгдлээ. Энэ бол хэдэн жилийн турш Шижээ, Бадрах нарын Монголд туршсан коммунизм байгуулах хийрхсэн туршилтын жинхэнэ үр дүн юм. Сталин Монголоос Коминтернийг татаж авав. Мөн тэдний гарын төлөөлөгч болох Шижээ, Бадрах нарыг ч татаж авлаа. Сталинд хэсэглэн хуваагдсан Монгол биш, харин Алс Дорнодод нь улам бүр аюул учруулах болсон япончуудаас СССР-ийг жийрэглэн хаах бүхэл Монгол хэрэгтэй байлаа.
1937 онд хоёуланг нь баривчилж хувьсгалын эсэргүүгээр зарлав. Урьд нь НКВД-ийн дарга Ягодагийн зуслан байгаад, дараа нь Зөвлөлтийн нам, төрийн томчуудыг цаазалдаг газар болсон Москвагийн ойролцоох Коммунарка хэмээх дүүрэгт Шижээг 1941 оны долдугаар сарын 27-нд буудан хороов. Түүнтэй хамт Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар, Улсын бага хурлын дарга Д.Догсом, МАХН-ын нарийн бичгийн дарга Д.Лувшаншарав, Сангийн сайд С.Довчин, Дотоод яамны дэд сайд Насантогтох нар хамт буудуулсан юм. Бадрахыг үүнээс гурав хоногийн дараа өөр бусад монголчуудын хамтаар цаазалжээ.
Монгол Улсын Их Хурлын дарга
Зандаахүүгийн Энхболд тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид 2016
оны 06 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийхээр
өнөөдөр /2016.06.01/ мордлоо.
дарга З.Энхболд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга
Т.Ошиматай уулзана. Японы парламент нь дээд, доод гэсэн хоёр танхимтай.
Дээд танхим болох Зөвлөхүүдийн танхим нь 242 /2016 оны байдлаар/
гишүүнтэй, бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа нь 6 жил байдаг бөгөөд
нийт гишүүдийн 50 хувь нь гурван жил тутамд солигддог / дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү/.
яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын
“Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг
зурах ёслолд оролцоно. Уг санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол, Япон
Улсууд харилцан тохиролцож ажиллах хүч илгээх, хөдөлмөр эрхлэлт, ур
чадвар дээшлүүлэх мэргэжлийн боловсролын сургалтад манай улсын
дадлагажигчид хамрагдах цар хүрээ өргөжин, баталгаажих юм. Өнөөдрийн
байдлаар Монгол Улсаас Япон Улсад 1500 гаруй дадлагажигч ажиллаж байна.
Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хоорондын “Цэвэр
нүүрсний технологийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны санамж
бичиг”-ийг үзэглэнэ. Ингэснээр Монгол Улсад үр ашигтай нүүрсний
хэрэглээг дэмжих зорилгоор цэвэр нүүрсний технологийн солилцоог
гүнзгийрүүлэх, хамтарсан судалгааг дэмжих, нүүрс хийжүүлэх технологи
болон хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх
зэргээр хоёр улс хамтран ажиллах боломж бүрдэнэ.
айлчлалынхаа хүрээнд Япон Улсын Фукушима муж дахь нүүрснээс хий гаргаж,
эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шинэ технологийг /IGCC/ нэвтрүүлсэн
“Накасо” дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцана.
төрлийн пластмассан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Прайм Полимер” компанид
зочлох юм. Тус компани нь полипропилен түүхий эдээр машины эд анги болон
бусад полипропилен бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байна.
Шибасаки үйлдвэрт зочлон, тус үйлдвэрт дадлагажигчаар ажиллаж буй монгол
иргэдтэй уулзах юм.
Улсад хийх ажлын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд
Г.Баярсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын даргын зөвлөх
Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан болон албаны бусад хүмүүс багтсан байна.
харилцаа тогтоосноос хойш буюу 1974 оноос Монгол-Японы парламент
хоорондын харилцааны үндэс суурь тавигдаж хамтын ажиллагаа өргөжин
хөгжиж иржээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд өнөөдөр болно. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан 6 сарын 1-ний өдрийн 08:00-18:00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун, зүүн тал, Амарын гудамж буюу Туушин зочид буудлын урд тал, Тагнуулын Ерөнхий газрын урд зам, Ус цаг уур орчны шинжилгээний газраас Төрийн ордны баруун тал хүртэлх замуудын хөдөлгөөнийг түр хаана. Энэ өдөр Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн салаа, Зайсан, Нисэх, Яармаг, Баруунсалаа, Хайлааст, Чингэлтэй, 3,4 дүгээр хороолол, Таван шар, Офицеруудын ордон гэсэн чиглэлүүдээс нийтийн тээврийн тусгай чиглэлийн автобусууд Чингисийн талбай хүртэл өглөөний 08:00 цагт үнэгүй явна. Иргэд зорчигчид та бүхэн энэ өдөр Драмын театрын урд талбай, Спортын төв ордны урд талбай, Байгалийн түүхийн музейн урд хэсэг, Хангарьд ордны гаднах зогсоол гэх мэт ойролцоох зогсоолуудад машин, тээврийн хэрэгслээ байршуулан замын хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийсэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Монгол
наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас
санаачлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран
Монголын үндэсний хэв маяг, үндэсний ёс заншил, үндэсний наадмаа
сурталчлах зорилгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06
сарын 01-нд “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр зохион
байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа нь энэ жил анх удаа болох бөгөөд
цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Хүүхэд багачууд
баярын өдрөө 11 цагаас 19 цаг хүртэл эрүүл агаарт, зориулалтын талбайд
тэмдэглэн уралдаан тэмцээнд оролцож, “Авьяас” хүүхдийн ордны 250
хүүхдийн урлагийн тоглолтыг үзэж нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөх
боломжтой.
Энэ үеэр өсвөрийн үндэсний бөхийн
барилдаан, өсвөрийн үндэсний сур харвааны тэмцээн, “Монгол хүү”
өдөрлөгийн нэрэмжит өсвөрийн унадаг дугуйн аварга шалгаруулах тэмцээн,
“Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдаан, хүүхдийн дууны
уралдаан, “Аав, ээж би” гэр бүлийн мини сагсан бөмбөгийн тэмцээн,
хүүхэлдэйн киноны баатрын дүрд хэн сайн хувирах вэ? гэсэн арга
хэмжээнүүд болох юм. Мөн тус газарт дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
- Урлан бүтээх төвийн гар бүтээлийн үзэсгэлэн худалдаа, газар нь дээр бүтээл хамтран хийх сургалт
- СХД-ийн гар урлал, бүтээлийн үзэсгэлэн
- Унадаг дугуйн түрээсийн цэг
- “Hobby center”-ийн нэрэмжит алсын удирдлагатай машины уралдаан мөн үзэсгэлэн худалдаа
- Амьтны дэлгүүр, нохойн үзэсгэлэн
- Гудамжны сагсан бөмбөгийн талбай
- Олон үндэстний хоол, амттангийн үйлчилгээ
- Хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ, эко автобус аялалын үйлчилгээ
- Бүх төрлийн хүнс амттан худалдаа
- Хүүхдийн номын үзэсгэлэн худалдаа
- Хүүхдийн хувцас, жижиг барааны худалдаа
- Хүүхдийн үндэсний хувцасны үзэсгэлэн худалдаа
- Үлгэрийн баатруудтай гэрэл зураг авахуулах, угаалгах
- Боди Арт зураг зурах зэрэг үйлчилгээг үзүүлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийт нутгаар дулаарна
1,2-нд Орхон-Сэлэнгийн сав газраар халуун, хуурай байхыг анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар 19-24 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 26-31 градус дулаан байна.