Categories
мэдээ нийгэм

Ханын зурган чимэглэлийг 2000 метр квадрат талбайд хийнэ

Нийслэлийн 2016 оны хот тохижилтын ажил, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 9364.73 метр квадрат явган хүний замын хавтанг шинээр тавих, 36593 метр квадрат хавтанг нөхөн сэргээж будах, 12400 метр квадрат талбайд унадаг дугуйн зам хийх, 12405 метр квадрат сул шороон даланг эко хавтангаар хучих ажил хийгээд байна. Мөн энэхүү ажлын хүрээнд зөвшөөрөлгүй 38 сурталчилгааны самбарыг буулгаж, 11831 урт метр хайс хашлагыг засварлан, шаардлага хангахгүй хэсгийг буулгаж, барилгын гадна фасадны 8300 метр квадрат талбайг засварлав. Мөн 2000 метр квадрат талбайд ханын зурган чимэглэл хийхээр төлөвлөөд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Биата Транкман: Монгол Улс энх тайван, хүний эрхийн асуудалд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа

-ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АМЬДРАЛЫН ХЭВШЛИЙГ ШИНЭ НӨХЦӨЛӨӨР ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА-

Монгол Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллагын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкмантай ярилцлаа.

-НҮБ-ын зүгээс зудад өртсөн айл өрх, малчдад тусламжийн гараа сунгаж, энэ чиглэлийн ажлыг зохицуулахад нэлээд ажил зохион байгуулснаа эдгээр өдрүүдэд тайлагнаж, үр дүнг нь хэлэлцэж байна?

-НҮБ-ын зүгээс үзүүлж буй тусламжийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт хийх үүднээс Хүмүүнлэгийн хамтарсан баг сар тутам хуралддаг. Энэ хурлыг манай байгууллага болон Монгол Улсын Засгийн газрын зүгээс Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж удирддаг. Энэ багт олон улсын болон ТББ-ууд, хоёр талын хамтын ажиллагаатай төрийн бус олон улсын түнш байгууллагууд хамтран оролцож тусламжийн үйл ажиллагааг хэрхэн зөв уялдаатай явуулах талаар ярилцдаг.

Түүнчлэн хяналт, мониторинг заавал дагалдаж явах учиртай болохоор тэр талаараа ч дэлгэрэнгүй ярьдаг. Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээлэлд тулгуурлаж үйл ажиллагааны зохицуулалтаа хийж хүн амын хамгийн эмзэг өртөмхий, байгалийн эрсдэл гамшигт өртөж болзошгүй давхаргыг сонгон үйл ажиллагаагаа явуулж байна. НҮБ-ын байгууллагууд болох Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Хүн амын сан, Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага болон бусад хамтран ажилладаг төрийн бус олон улсын байгууллага, тухайлбал Японы Хүүхдийг ивээх сан, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “People in need” зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Эдгээр үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч буй арга хэмжээнд дэмжлэг болж байгааг дурдах нь зүйтэй. Бид үйл ажиллагаагаа нэгтгэж зохицуулах, тусламжийн байгууллагууд нэг айлд давхардуулж тусламж хүргэдэг байдлыг үүсгэхгүйн тулд хоорондоо мэдээлэл солилцож, харилцан уялдаатай ажиллахыг зорьж байна.

-Зудад өртсөн малчдын хувьд тусламж ирж л байвал бүгдийг нь авах ёстой гэсэн бэлэнчлэх сэтгэхүйгээс салж байгаа нь анзаарагдсан талаар олон улсын тусламжийн байгууллагын ажилтан дурдаж байсан?

-НҮБ-ын тусламж нь хоёр чухал хэсэгт хуваагддаг. НҮБ нь олон улсын тусламжийн үйл ажиллагааг зохицуулж оролцсон. Зохицуулалт нь олон улсын тусламжийг оновчтой болгодог ач холбогдолтой. Тусламжийн ажилд оролцсон бүх байгууллага хамтарч үнэлгээ хийж байна. Хамтарсан үнэлгээний үндсэн дээр нөхцөл байдлыг улам тодорхой ойлгох үндэс бүрдсэн л дээ. Эдгээр байгууллагын тусламж нь харилцан бие биенээ нөхөх байдлаар зохицуулагдсан. Улаан загалмайн нийгэмлэг, Азийн хөгжлийн банкны оролцоо маш чухал байсан. Азийн хөгжлийн банк хоёр сая ам.долларын гэрээг Сангийн яамтай хамтраад батлаад байгаа. Тиймээс НҮБ эдгээр байгууллагын үйл ажиллагааг зөв зохицуулж ажиллахад голлон манлайлж ажилласан.

Зудад өртсөн малчин өрхүүдэд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх нь тусламжийн маш чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг. 2015 оны сүүл, 2016 оны эхээр малчдын хэрэгцээнд үнэлгээ хийсэн. Үнэлгээ хийх явцад зудын байдлаас болоод малчдын сэтгэлзүй хүнд байгаа нь анзаарагдсан. Орон нутгийн засаг захиргаа, нийгмийн ажилтнууд ч энэ тал дээр нь зөвлөгөө тусламж үзүүлж байсан. Малчин хүний хувьд малаа алдана гэдэг зөвхөн эдийн засгийн хохирол байдаггүй. Мал нь малчин хүний амьжиргаа, орлогын гол эх үүсвэр байдаг гэдэг утгаараа малын хорогдол сэтгэл санаанд нь асар хүнд тусдаг. Нөгөөтэйгүүр жаахан хэтрүүлж хэлбэл мал нь зудад нэрвэгдээд хорогдоход гэр бүлийн гишүүнээ алдсан мэт хүнд сэтгэгдэл үлдээдэг. Зудад өртсөн малчдын сэтгэлзүйд дэмжлэг үзүүлэх ажлыг Хүмүүнлэгийн хамтарсан багийн үйл ажиллагаанд багтаах тал дээр бид оролдлого хийсэн. Бидэнтэй хамтарч ажилладаг Японы Хүүхдийг ивээх сангаас энэ хүрээнд тодорхой ажил зохион байгуулж ажиллаж байгаа. НҮБ-ын Онцгой байдлын үед зарцуулах сангийн хүрээнд үзүүлсэн тусламж нь амьжиргааны эн тэргүүний хэрэгцээнд тусламж үзүүлэх зорилготой.

НҮБ-ын санхүүгийн төвлөрсөн механизм буюу Онцгой байдлын үед зарцуулах НҮБ-ын нэгдсэн сан гэж бий. Энэхүү сангийн хүрээнд 2.4 сая ам.долларын хөрөнгийн тусламжийг үзүүлж байна. Үүнийг амьжиргааны эн тэргүүний хэрэгцээнд тусламж хүргэхэд зарцуулж байна. Үүний зэрэгцээ Архангай, Баянхонгор, Дундговь, Сүхбаатар, Увс, Завхан гэсэн зургаан аймгийн 45 сумын зуд, гамшигт хамгийн ихээр өртсөн 4390 малчин өрхөд НҮБ-ын тусламжийг хүргэсэн. Энэ хүрээнд тусламжийн иж бүрэн багц хүргэсэн бол тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд бичил тэжээлийн тусламж, эмэгтэйчүүд, өсвөр насны охидод эрүүл ахуйн багцыг хүргэсэн. Мөн өрхүүдэд малын өвс, тэжээл, эрүүл мэндийн багц хүргэхээс гадна бусад хэрэгцээнд нь зориулж мөнгөн тусламж хүргэж ажиллаж байна.

-Монголчуудын хувьд зудыг хохирол багатай даван гарахын тулд юун дээрээ анхаарах нь зүйтэй гэж ажиглав?

-2009, 2010 оны зудтай харьцуулбал энэ удаагийн зудыг малчид харьцангуй бага хохиролтой даван туулсан. Хорогдсон малын тоог аваад үзэхэд өнөө жил 1.1 сая мал хорогдсон байхад өмнөх зуданд 10 орчим сая малаа алдаж байсан. Энэ удаад зудыг яагаад хохирол багатай даван туулж чадав гэхээр Засгийн газар эрт хариу арга хэмжээ авч чадсан. Өвс тэжээлийн хүргэлтийг эрт эхлүүлж, орон нутгийн засаг захиргаа нь хүргэлтийн тээврийн асуудлыг хурдан шуурхай зохион байгуулж өгсөн. Цаашид яах вэ гэхээр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гандуу зун болж, зуд болох үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Тиймээс бэлэн байдлын арга хэмжээг хангадаг тэр тогтолцоог илүү боловсронгуй болгох шаардлагатай байна. Ялангуяа цаг агаар, нөхцөл байдал хүндрэх анхны шинж тэмдгийг соргогоор эрт илрүүлээд тэр дагуу арга хэмжээ авдаг байх хэрэгтэй байна. Жишээ нь, зун хуурайшилттай, гандуу байвал эртхэн өвс тэжээлээ базааж эхлэх хэрэгтэй. Нөгөө тал дээр малчид маань ч энэхүү уур амьсгалын өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлыг ойлгож, даван туулах чадвараа сайжруулах хэрэгтэй юм. Хөдөө орон нутагт амьдралын хэвшлийг шинэ нөхцөлөөр өөрчлөх хэрэгтэй байна.

НҮБ-ын байр сууринаас авч үзвэл гамшгийн эрсдэлд бэлтгэлтэй, бэлэн байдлын механизмыг сайжруулж боловсронгуй болгох хэрэгтэй байна. Энэ сарын 9-нд тохиосон Олон улсын хүмүүнлэгийн өдрийн үйл ажиллагаанд би энэ талаар дэлгэрэнгүй илтгэл тавьсан л даа. Засгийн газар Бэлэн байдлын сан байгуулах, бүрдүүлэх хэрэгтэй байна. Ийм сантай байвал гамшгийн үеийн ажлыг эрт эхлүүлдэг боломж бүрдэх юм. Уул уурхай болон бэлчээрийн даац нэмэгдэж байгаа нь экосистемд асар их хүндрэл дарамт учруулж байна. Үүнээс болоод газар, хөрс шорооны бүтэц, шим тэжээл, өвс ургамалд сөргөөр нөлөөлж байгаа нь хүн ам тэр дундаа малчдын амьжиргаанд эрсдэл учруулж байна. Нөгөөтэйгүүр хөгжлийг тогтвортой хөгжлийн загварт шилжүүлэх хэрэгтэй. Монгол орон байгалийн баялаг ихтэй учраас тэр давуу талаа ашиглаад экосистемээ хамгаалахад хөрөнгө оруулалт хийх нь их чухал.

-Та НҮБ-д хөгжлийн чиглэлээр манлайлан ажиллаж байгаа хүний хувьд Монгол Улс аль салбараа түшиглэвэл хөгжилд хурдан хүрнэ гэж үздэг вэ?

-Хөгжлийн хувьд ганц нэг салбарыг түшиг тулгуур болгож авах тухай биш, харин илүү цогцоор нь авч үзэх ёстой. Яаж хөгжлийг тэгш хамарсан болгох вэ, яаж эдийн засгийн хөгжилд хүн бүхнийг хамруулах вэ гэдэг нь чухал сорилт. Монголд таван хүн тутмын нэг нь ядуурлын шугамнаас доогуур түвшинд амьдарч байна. Хоёрдугаар асуудал нь хөгжлийг хэрхэн байгаль орчны хувьд тогтвортой замаар явуулах вэ гэдэг юм. Байгаль орчноо хэвээр нь хадгалах, малчин өрхийнхөө амьжиргааны гол суурь болсон байгаль орчныг хэрхэн яаж хадгалж хамгаалах вэ гэдэг нь хөгжлийн асуудал дээр цөм нь юм. Өнгөрсөн оны есдүгээр сард Нью-Йоркт дэлхийн улс орнуудын удирдагчид нийтээрээ 2030 он хүртэл дэлхий нийтээрээ хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг батлахад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байлцсан. Тэдгээр “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын хүрээнд ядуурлыг бүр мөсөн устгах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахад нэгдэх том зорилтуудыг тавьсан. Түүнчлэн эрүүл мэндийг дэмжих, чанартай боловсрол, жендерийн эрх тэгш байдлыг дэмжих болон уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах зэрэг зорилтуудыг тавьсан. Мөн хөгжил цэцэглэлтээс нэг ч хүнийг үлдээлгүй хамруулах, хөгжлийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх зорилтыг тавьсан.

Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудад маш их идэвхтэй хандаж оролцож байгаа. УИХ нь Монгол Улсын хувьд хэрэгжүүлэх 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг саяхан боловсруулж гаргасан нь юм. Энэ баримт бичгийн хүрээнд маш олон зорилго, зорилтыг тодорхойлсон. Ядуурлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг солонгоруулах, байгаль, түүний нөөц баялгийг хамгаалах, зөв оновчтой ашиглах зэрэг ийм зорилтуудыг Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд оруулсан. Тиймээс Монголын хөгжлийн тал дээр ийм салбар, тийм салбар гэж аль нэгийг нь сонгохоос илүүтэй цогцоор нь авч үзэх нь хамгийн чухал. Улс орнууд тэгш хамарсан болон тогтвортой хөгжил гэсэн энэ хоёр ухагдахууныг хүлээн авч хэрэгжүүлж чадах юм бол маш олон асуудлыг шийдвэрлэж чадна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын Засгийн газартай идэвхтэй хамтран ажиллаж байгаа.

-НҮБ-ын зүгээс манай бүс нутаг болоод Монгол Улс руу чиглэж хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөрийг сонирхвол?

-Ази, Номхон далайн бүс гэдэг маань маш том бүс. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь энэ 27 улсад хэрэгжиж, ажилладаг. Эл бүсэд хамгийн бага орлоготой, доогуур хөгжилтэй орнууд ч байна. Дунд орлоготой улсууд ч бий. Жишээ нь, Монголтой адил дунд, дээд түвшний орлоготой иргэдтэй улсууд ч байна. Тиймээс энэ бүс нутгийн улс орнуудад тулгардаг, бэрхшээлүүд нь ч хоорондоо маш их өөр. Юуны өмнө Монголоос эхэлж ярья. Монголын хувьд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь юуны түрүүнд байгаль орчны тогтвортой байдлыг сайжруулахад чиглэж ажилладаг. Үүнд, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох орон нутгийн хүн амын амьжиргааны хэвшлийг шинэ нөхцөлд зохицуулахад дэмжих, Монгол Улсын хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлийг тусгаж оруулж байхад анхаардаг. Түүнчлэн бид Монгол Улсын ардчилсан шинэчлэлд дэмжлэг үзүүлэх зорилготой. Сайн засаглалын талаар дэмжлэг зөвлөгөө өгөх. Тухайлбал, энэ чиглэлд орон нутгийн ИТХ-тай нягт хамтран ажиллаж орон нутгийн засаг захиргааны чадавхийг нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллага болон иргэдтэй хамтран ажиллах, чадавхийг нь бэхжүүлэх чиглэлд ажилладаг. НҮБ нь Монголд ядуурлыг бууруулах үйл ажиллагаанд зөвлөмж өгч ажилладаг. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөө, салбарын бодлогуудад тусгах тал дээр анхаарал тавин ажиллаж байна. Үүнд хамгийн гол нь хөгжил нь тэгш хүртээмжтэй байх, байгаль орчны хувьд тогтвортой байх ийм нөхцөлийг хангах чиглэлээр хамтран ажиллаж байна. Хөгжлийн тулгуур гурван багана гэж бий. Үүнд, нийгмийн чиглэл, эдийн засгийн хөгжлийн чиглэл, байгаль орчны тогтвортой хөгжлийн чиглэл. Маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч энэ гурван баганаа ерөнхийдөө баримталж ажиллаж байна.

Байгаль орчны засаглалын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Монгол Улс нь байгаль орчныг хамгаалах сайн хуулиудтай ч бодитой хэрэгжилт нь сорилт, бэрхшээлтэй тулгарч байдаг. Тэгэхээр энэ хүрээнд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хэрэгтэй. Оролцогч талууд болох харьяа яам, орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд бүгдээрээ энэ тал дээр хамтарч, сайн ойлголт авах нь чухал. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хөтөлбөр ч хэрэгжиж байгаа. Энэ мэт төсөл хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын хөгжлийг чанарын өндөр түвшинд гаргах юм.

-Монгол Улсыг НҮБ-аас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь ёсчлон биелүүлэхийг хичээдэг нэлээд идэвхтэй, сайн гишүүний тоонд оруулах болсон?

-Монгол Улс бол НҮБ гэдэг айлын сайн гишүүн нь. Энхийг сахиулах ажиллагаанд Монголын 900 гаруй энхийг сахиулагч оролцож байна. Хүний эрхийн фронт дээр ч Монгол Улс идэвхтэй ажилладаг. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол Улс сонгогдсон. 2015 онд тавдугаар сард хүний эрхийн тайланг хүргүүлсэн. Хүний эрхийн 160 зөвлөмжөөс 154 нь Монголд хэрэгжсэн гэсэн дүгнэлт гарсан. Энэ бол өндөр үзүүлэлт. Монгол Улс үнэхээр НҮБ-ын идэвхтэй гишүүн. Өнгөрсөн есдүгээр сард батлагдсан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг Монгол Улс ихэд анхаарч өөрийн гэсэн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал боловсруулж баталсан. Тиймээс Монгол Улс олон улсын энх тайван болоод хүний эрхийн асуудалд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа.

-Та Монголд Суурин зохицуулагчаар томилогдохоосоо өмнө хичнээн оронд ажилласан бэ. Монголд ажиллах саналыг анх дуулаад ямар сэтгэгдэл төрж байв?

-Сонирхолтой асуулт тавьсанд баярлалаа. 1999 оноос эхлээд Ази, Номхон далайн бүсэд ажиллаж байгаа. Энэ бүсэд 16, 17 жил НҮБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийг төлөөлж ажиллалаа. Монгол бол миний энэ бүсэд ажиллаж байгаа тав дахь орон. Хятад, Камбож, Шри Ланк, Индонезид ажиллаж байсан. Эдгээр улс хоорондоо асар их ялгаатай, өөр өөр улсууд. Монголд очиж ажиллах боллоо гэсэн мэдээг дуулаад маш сонирхолтой санагдсан. Яагаад гэвэл Монгол Улс хөгжлийнхөө тун сонирхолтой үед шатанд явж байгаа. Ардчилсан зах зээлийн нийгэмд шилжээд 25 жил болж байгаа. Богино хугацаанд нээлттэй улс болсон. Ядуурлыг бууруулах чиглэлд ихээхэн ахиц дэвшил гарч байгаа. Эдийн засгийн хувьд ч өсөлт дэвшил гарсан. Богино хугацаанд их дэвшил гаргасны дээр Мянганы хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Жишээ нь, уг зорилтын дөрөв болон тавдугаар зорилтуудыг хэрэгжүүлэхэд гадны зарим орнуудын хувьд маш хэцүү бэрхшээлтэй байсан. Эх болон нялхсын эндэгдлийг бууруулах эдгээр зорилтыг Монгол Улс амжилттай хэрэгжүүлж чадсан. Гэхдээ нөгөө талдаа сорилт саад тотгор байна. Монгол Улс салаа замын эхэнд ирээд байна гэж хэлж болно. Эрдэс баялгийн салбараа хэрхэн хөгжлийн оновчтой загвар болгох вэ. Энэ салбарт тулгуурлаад тэгш хамарсан хөгжлийг бий болгох буюу нэг ч хүнийг хөгжлөөс хоцроохгүй байх. Энэ салбар нь залууст ажлын байр бий болгож, чадавхи, чадвартай болгох үр дүнд хүрээсэй. Хоёрдугаарт, хөгжил нь байгаль орчиндоо хор хөнөөлгүй. Байгалиа онгон дагшнаар нь хадгалж ирээдүй хойчдоо хэвээр нь үлдээх ажлуудыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ асуудал бол бусад оронд ч адилхан тулгарч байдаг зүйл л дээ. Монголд ирэхээс өмнө ажиллаж байсан Индонези улсад ч яг энэ асуудал тулгардаг. Тус улсад бас л уул уурхай, олборлолт дээр суурилсан эдийн засгийн хөгжил явагдаж байгаа. Үүнээс үүдээд Индонезийн эдийн засгийг хэрхэн ногоон болгох вэ гэдэг дээр асуудал тулгарч байгаа.

Миний хувьд Монголд ажиллах томилолтыг авахдаа баяртай байсан. Үзэсгэлэнтэй байгальтай сайхан орон. Ажлынхаа цонхоор харахад ч тэр үзэсгэлэнтэй байгаль нь үзэгддэг. Хүн чөлөөтэй алхаж зугаалж явах зай талбай нь уудам. Эртний баялаг түүхтэй улс орон учраас сонирхлыг минь их татдаг.

Categories
мэдээ цаг-үе

“Яг түүн шиг” шоуны оролцогч Б.Амархүү: Эмэгтэй дуучны дүрд хувирлаа гээд сандарсан юм байхгүй. Харин ч илүү хөгжилтэй байсан

“Боловсрол” телевизийн уран бүтээлчид дэлхийн 39 оронд бүтээгдсэн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхийн дагуу эх орондоо хийж гаргаж эхэлсэн билээ. Нэвтрүүлгийн найман оролцогчоор “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, жүжигчин Н.Мөнхсоёл, загвар өмсөгч Э.Энхболд, дуучин Б. Маралжингоо, загвар өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, дуучин Э.Энхзол, дуучин Б.Амархүү нар сонгогдсон. Тэд алдартнуудын дуу хоолой, бүжгийн хөдөлгөөн, хувцас хэрэглэл, дүр төрхийг дуурайн яг түүн шиг хувирч дэлхийн одуудыг нэгэн тайзнаа авч ирэх зорилготой. Одоогоор “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн гурван дугаар үзэгчдэд хүрч, магтаал, шүүмжлэлийг аваад байгаа. Үзэгчдийн анхаарлыг татаад буй “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн найм дугаартай оролцогч дуучин Б.Амархүүтэй ярилцлаа.

-Үзэгчдийн дунд хүлээлт үүсгэдэг болсон “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн саналыг танд хэзээ тавьсан бэ. Та шууд орохоор шийдсэн үү?

-Би 2006 онд Монголд ирээд “Боловсрол” телевизийн захирал А.Амундратай танилцаж байсан. Хамтраад гоё шоу нэвтрүүлэг хийе гэж ярьдаг байсан л даа. “Боловсрол” телевиз Монголын урлагт маш олон хөрөнгө оруулалт хийсэн. Үүний нэг жишээгээр энэ “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг нэрлэж болно. Дэлхийн хэмжээний энэ том шоуг хийх эрхийг албан ёсоор аваад Монголдоо гаргаж байгаа нь надад таалагдсан. Одоо сонгууль дөхөөд телевизээр үзэх юм ховор болсон үед цэнгээнт нэвтрүүлэг гаргаж байгаа нь хүмүүст чөлөөт цагаа илүү хөгжилтэй өнгөрөөх боломж олгож байна гэж харж байгаа. Миний хувьд нэвтрүүлгийн саналыг дуртай хүлээж авсан. Намайг дуучин, “Universt best songs”-ын шүүгч, хоёр кинонд тоглосон гэдгээр нь хүмүүс мэддэг байсан бол энэ шоуг өөрийгөө өөр өнцгөөс харуулах боломж гэж бодоод саналыг дуртай хүлээж авсан. Шоу маань үзэгчдэд сайхан эмоцитой хүрч байна. Тийм ч учраас үүнийг шоунд орсны давуу тал гэж бодож байгаа. Одоо бол шоу дундаа ороод, маш гоё баг бүрдчихсэн явж байна. Мэдээж Монголын хэмжээнд ийм сонирхолтой нэвтрүүлэг гарч байгаагүй учраас хамт олны хувьд ч нэгэндээ дэмтэй ажиллаж байгаа. Нэвтрүүлэг гарснаас хойш үзэгчдийн сэтгэгдэл маш сайхан байна. Сэтгэгдэл өндөртэй байгаад нь баяртай байгаа.

-Та эхний үзүүлбэрээрээ реппер “Rocket Bay” болсон. Хувирахад ямар байсан бэ?

-Зохион байгуулагчдын зүгээс бидэнд тайзан дээр гарахдаа аль болох хөгжилтэй байгаарай. Энэ бол драмын театр биш, ажлаа тараад гэртээ амарч байгаа хүмүүст инээд бэлэглэх, стресс тайлах зорилготой шоу нэвтрүүлэг шүү гэсэн. Тиймээс бидний зүгээс дүр дээрээ аль болох хөгжилтэй байхыг хичээж байна. Би тайзан дээр “Rocket bay” гэхээсээ илүү “Forest Gump”-ын дүрд хувирсан. Тэгэхээр яг 100 хувь “Rocket bay”-ыг дуурайж байгаа гэсэн үг биш. Мэдээж үглэлт, дуулалт тал дээр бэлдсэн. “Rocket bay” өөрийн гэсэн стилтэй реппер учраас дуулалтыг нь дуурайсан. Тэгэхээр “Rocket bay”-ын үглэлт, дуулалтыг гаргаж, “Forest Gump”-ын дүрд хувирсан.

-Анхны нэвтрүүлгийн дараа үзэгчдээс ямар сэтгэгдэл сонсов?

-Бид студид бичлэгтэй байх үед үзэгчдийн саналаар хэн түрүүлснийг мэдэх боломжгүй байдаг. Үзэгчдийн саналаар “Forest Gump” дүрд хувирснаараа түрүүлсэн байсан. Тэгээд л үзэгчид намайг дэмжиж байгааг ойлгосон учраас илүү их хичээж байгаа.

-Дараагийн дүр нэрт дуучин Стив Вондер байсан?

-Баззердаад дараагийн дүрээр Стив Вондер таарсан. Би энэ дуучныг багаасаа сонсдог байсан. Багаасаа сонсдог байсан болохоор тэр хүнийхээ жижиг хөдөлгөөн, үйлдлийг мэддэг. Хийхэд ойр байсан. Хүмүүс бага зэргийн хэтрүүлэгтэй байна гэсэн. Би тэгж бодохгүй байгаа. Учир нь тоглолтыг нь үзэж байхад яг л тийм шог байдалтай байдаг. Ер нь хар арьстнууд болоод гадаадын уран бүтээлчид тоглолт дээрээ задгай, өөрийнхөөрөө, сандралгүй байдаг. Тиймээс би түүнийг л гаргахыг хичээсэн. Миний Стив Вондерийн дүрд хувираад дуулахдаа “Yeah” гэж хэлсэн үг маань манай шоуны баг хамт олны брэнд үг болчихсон шүү. Энэ шоугаар би “Yeah” гэдэг брэнд үгтэй болсон. Тэр л сүүлд дурсаж байх сайхан дурсамж юм даа.

-Сүүлийн дугаарт Ники Минаж болсон. Эмэгтэй хүний дүрд хувирах ямар байсан бэ?

-Эмэгтэй хүн болох нь нэг бодлын давуу талтай юм шиг санагдаж байгаа шүү. Илүү сонирхолтой санагдаж байгаа. Шоуны хувьд эмэгтэй нь эрэгтэй болох, эрэгтэй нь эмэгтэй хүнийг дуурайх нь илүү сонирхолтой болгож, үзэгчдийн анхаарлыг татаж байгаа байх. Эмэгтэй дуучны дүрд хувирлаа гээд сандарсан юм байхгүй. Харин ч илүү хөгжилтэй байсан.

-Шүүгчид бодит үнэлэмж өгч байгаа гэж бодож байна уу?

-Шүүлт бол үнэн явж байгаа. Тэд бол дандаа миний хүндэлж явдаг хүмүүс. Шүүгчид өөрсдийн гэсэн дүгнэлттэй, би өөрийн гэсэн дүгнэлттэй. Гэхдээ хамгийн гол шүүгчид бол үзэгчид шүү дээ.

-Оролцогчид бас өөрийн таалагдаж байгаа хүндээ санал өгч байгаа. Та хэнийг дэмжиж саналаа өгч байгаа вэ?

-Миний хувьд загвар өмсөгч Э.Энхболдод саналаа өгч байна. Миний бодлоор загвар өмсөгч хүн дуулж, жүжиглэж, бүжиглэнэ гэдэг мундаг санагдаж байгаа. Тэр утгаараа Э.Энхболдыг их дэмжиж байгаа юм.

-Шоуны өрсөлдөгчдөөс төсөөлснөөс чинь илүү хүн байна уу?

-Бүгд л өөрсдийн дүрд хувирч өөрчлөгдөж байна. Шоу учраас тийм айхтар өрсөлдөөн байхгүй байгаа. Гэхдээ орж буй нийт найман оролцогчоос Э.Энхболд, С.Сарнай хоёр дуучин биш. Тийм учраас энэ хоёрыг л онцолж байна. Энэ хоёрын хувьд өөрсдийгөө илүү ихээр дайчилж оролцож байгаа.

-Зураг авалтын хажуугаар “Universe Best Songs” нэвтрүүлгийн шүүгч хийж байгаа. Яаж амжуулж байна вэ?

-Мэдээж “Universe Best Songs” нэвтрүүлэгтээ шүүгчээ хийж байгаа. Хоёуланг нь амжуулаад, зохицуулаад явж байна.

-“Universe Best Songs” нэвтрүүлэг шинэчлэгдсэн байсан уу?

-Энэ жилийн хувьд нэлээд өөрчлөгдөж, шинэчлэгдсэн байгаа. Энэ жилээс 800 оролцогчоо ерөнхий шүүгчид рүү оруулах дамжлага бий болгож шүүгээд 150 оролцогчийг шалгаруулсан байгаа. Шилдэг 150 оролцогчийг ерөнхий шүүгчид сонгон шалгаруулах юм. Нэг ёсондоо супер “Universe Best Songs” болсон гэж хэлж болно. Шүүгчдийн хувьд “Нисванис” хамтлагийн Амараа ах маань нэмэгдсэн байгаа. Мөн энэ жилийн шагнал маш том. Өмнө нь оролцож байсан оролцогчдоос сайжирсан, илүү мэргэжлийн болсон зүйл харагдаж байгаа шүү. Энэ жилийн “Universe Best Songs” нэвтрүүлэг илүү үзэх юмтай сонирхолтой болж байгаа.

-Саяхан эхнэр тань төрж хүүтэй болсон. Хүүдээ хэн гэж нэр хайрласан бэ. Энд хамт байгаа юу?

-Ананд гэж нэр өгсөн. Хүүтэй болчихоод эрхлүүлээд л байна. Одоогоор аав нь ажилтай. Ээж, хүү хоёр Дорнодод цэвэр агаарт амарч байгаа. Би завтай болоод очиж авна даа.

-Сүүлийн үед хувийн уран бүтээл гаргахаар төлөвлөж байна уу?

-Одооноос шинэ уран бүтээл гаргах гээд бэлдэж байна. Өдийг болтол шоунаас гадна хүүгээ том болтол нь хэсэг завсарлаад байлаа. Уран бүтээлээ удахгүй үзэгчдэдээ хүргэх гэж байна. Энэ зундаа хэд хэдэн уран бүтээл гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа учраас одооноос уран бүтээлээ идэвхтэй хийж эхэлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ирээдүйн нийтийн тээвэр

Хятадын мэргэжилтнүүдийн
бүтээсэн ТЕВ

Өнгөрсөн долоо хоногт Бээжин хотноо
Олон улсын технологийн үзэсгэлэн болж өнгөрлөө. Энэ үеэр Хятадын мэргэжилтнүүд нэгэн
шинэ тээврийн хэрэгслийг танилцуулсан нь олны анхаарлыг татжээ. ТЕВ буюу
Transit Elevator Bus хэмээн нэрлэсэн энэ унаа нь замын хөдөлгөөний ачааллыг багасгах
гэнэ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь ирээдүйн нийтийн тээврийн хамгийн
гол хэрэгсэл болох юм байна. Хятадын мэргэжилтнүүдийн бүтээсэн ТЕВ нь тусгайлан
тавьсан төмөр замаар явах тул зарим нь түүнийг трамвай ч гэж нэрлэжээ. 1200 хүний
багтаамжтай, өргөн нь хоёр урсгалтай замтай тэнцэнэ. Өндөр нь бараг дөрвөн метр.
Доод хэсэг нь хоёр метрийн өндөртэй арк мэт. Өөрөөр хэлбэл доогуур нь хоёр эгнээ
машин чөлөөтэй явах боломжтой. ТЕВ нь эргэх зэрэг үйлдэл хийхээсээ өмнө доогуур
нь явж буй машины жолоочид дохио өгнө.

Шинэ үеийн тээврийн хэрэгсэл нь
замын хөдөлгөөнд бөглөрөл үүсгэхгүй, өөрөө ч бөглөрөлд зогсохгүй давуу талтай хэмээн
түүнийг бүтээсэн мэргэжилтнүүд ярьжээ. Тиймээс бусад тээврийн хэрэгслүүдийг тун
удахгүй хэрэглээнээс шахаж гаргах магадлал өндөр гэнэ. Өнөө үед хамгийн хурдан,
ямар нэгэн саадгүй явдаг тээврийн хэрэгсэл нь метро. Гэхдээ түүнийг барихад нэлээд
хэмжээний хөрөнгө зарцуулагддаг. Харин ТЕВ нь үүнтэй харьцуулахад хамаагүй бага
зардлаар үйлдвэрлэгдэх юм.

Устөрөгчөөр
явдаг трамвай

Хятадын мэргэжилтнүүд Бээжин хотноо
болсон олон улсын технологийн үзэсгэлэн дээр шинэ тээврийн хэрэгслээ танилцуулахдаа
энэ жилийн хоёрдугаар хагаст турших гэж байгаагаа мэдэгдсэн. Түүнийг эхлээд Цинхуандао
хотоор явуулах юм байна. Хятадын мэргэжилтнүүд сүүлийн үед нийтийн тээврийн салбарт
томоохон дэвшил гаргаж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. Өнгөрсөн жилийн яг өдийд
устөрөгчөөр явдаг трамвай бүтээсэн тухайгаа мэдэгдсэн. Дэлхийн түүхэнд анх удаагаа
устөрөгчөөр явдаг нийтийн тээврийн хэрэгсэл бүтээсэн нь энэ. Циндао хотын CSR
Sifang хэмээх зүтгүүрийн үйлдвэрийн бүтээгдэхүүн гэж танилцуулсан. Технологийг нь
ганцхан Хятад эзэмшдэг гэж байгаа боловч устөрөгчөөр явдаг трамвай төдийгүй автобусыг
Германы “Fraun­hofer” хүрээлэнгийнхэн бүтээсэн байдаг.

CSR Sifang үйлдвэр нь шинжлэх ухаан-судалгааны
хүрээлэнгүүдтэй хамтран 2013 оноос энэ төслийг хэрэгжүүлжээ. Шинэ трамвайг хөдөлгөдөг
хамгийн гол хүч нь устөрөгчөөр ажилладаг зай. Ердөө гурван минутын дотор цэнэглээд
70км/цаг хурдтайгаар 100 км явна. Трамвай нь гурван хэсэгтэй, нэгэнд нь 60 хүн,
гурвууланд нь дээд тал нь 380 хүн тээвэрлэх боломжтой. CSR Sifang-ийн төлөөлөгчдийн
ярьснаар устөрөгчөөр ажилладаг трамвайг бүтээхийн тулд дэлхийн хамгийн сүүлийн үеийн
шинэ технологи, нээлтүүдийг ашигласан байна. Энэ унаа нь маш богино хугацаанд хурдаа
авдаг, ашиглахад засвар зэрэгт их хөрөнгө зарлагадахгүй. Мөргөлдсөн тохиолдолд зорчигчдод
аюул учруулах магадлал хамгийн бага. Өөрөөр хэлбэл аюулгүй байдлын дэлхийн
EN15227 стандартын шаардлагыг бүрэн хангасан байна. Устөрөгчөөр явдаг анхны трамвайг
2015 оны нэгдүгээр сард бэлэн болгож амжилттай туршжээ.

Израилийн мэргэжилтнүүдийн бүтээсэн
дээгүүр явдаг нийтийн тээвэр

Ер нь түлшний оронд устөрөгчийг
хэрэглэх шинэ нээлтийг нэлээд хэдэн жилийн өмнөөс мэргэжилтнүүд хийсэн билээ. Өнгөрсөн
ХХ зууны дунд үеэр анхны туршилтаа амжилттай гүйцэтгэсэн. Мэргэжилтнүүдийн үзэж
байгаагаар 2020 он гэхэд машин, нийтийн тээврүүд нь зөвхөн устөрөгчөөр явдаг болох
гэнэ.

Ирээдүйн нийтийн тээврийн чиглэлээр
Израилийн эрдэмтэд маш сонин төсөл хэрэгжүүлж байгаа. Замын ачааллыг багасгахын
тулд шинэ зам татах юм. Газраас нэлээд хэдэн метрийн дээр шугам татаж түүгээр жижиг
бүхээгнүүд явах юм байна. Нэгд нь хоёр хүн багтах энэ унааг зохион бүтээхэд Израилийн
“SkyTran” компани нь АНУ-ын Сансар судлалын төв буюу NASA-тай хамтран ажиллажээ.
Хэдэн сарын өмнөөс Тель-Авив хотноо энэ унааг туршиж эхлэхээр төлөвлөжээ. Хэрвээ
амжилттай болбол АНУ, Франц, Энэтхэгт шинэ нийтийн тээврийг нэвтрүүлэх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшвэл Үндсэн хууль зөрчих үү

Австри улсын Ерөнхийлөгчийн сонгуульд орос гаралтай Ван дер Беллен бие даан нэр дэвшээд ялалт байгууллаа. Тэрээр 72 настай, Европын холбоог дэмжигч үзэлтэй. Түүний эцэг нь Оросын Псковын уугуул иргэн бөгөөд ХХ зууны эхээр гэр бүлийн хамт Эстониор дамжиж Австрид суурьшжээ. Харин өөрөө 1944 онд Австрийн нийслэл Вена хотод төрсөн байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр бие даан нэр дэвшиж ерөнхийлөгч болсон нь сонин байлаа. Учир нь тус улс Ерөнхийлөгчийнхөө сонгуульд бие даагч нэр дэвшүүлдэг юм байна. Манайд бол болдоггүй. Заавал парламентын гишүүн байж нэр дэвших эрхтэй болдог. Уг нь бид Үндсэн хуулийнхаа 16 дугаар зүйлийн есд “Монгол хүн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй.

Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд бие даагч нэр дэвшүүлэхгүй байгаа нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчөөд байгаа юм биш үү. Заавал парламентын гишүүнийг өрсөлдүүлж байгаа нь Үндсэн хуульд харшилж байгаа. Угтаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хаанаас нэр дэвшихийг нээлттэй болгоод өгчих хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол нам дагасан цөөн хүрээний хэдхэн хүний дунд л өрсөлдөөн болдог болчихож. Шинэ хүн гарч ирэхгүй байна. Нэг ёсондоо “цус сэлбэхгүй” бол болохоо байжээ. Тиймээс сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мэдээж хэрэг бие даан нэр дэвшиж байгаа хүнд тодорхой шаардлага тавих нь зүй ёсных. Боловсрол, насны хэмжээг заахаас гадна улс төрийн туршлагыг харгалзах нь гарцаагүй.

Мөн аймаг, сумын нийт хүн амын тодорхой хэсгээс гарын үсэг цуглуулсан байна гэхчилэн шаардлага тавьж болно. Иймэрхүү заалтыг хуульчлаад өгчихвөл Ерөнхийлөгчийн сонгуульд бие даагчдыг өрсөлдүүлдэг болмоор байгаа юм. Ингэж иргэдийн сонгох, сонгогдох тэгш эрхийг хангах ёстой. Бие даагчид аль нэг намаас хараат бусаар маш сайн мөрийн хөтөлбөр боловсруулаад ороод ирэхийг үгүйсгэх аргагүй. Тэртээ тэргүй ард түмэн саналаа өгч хэнийг сонгохоо мэднэ. Харин тэрнээс өмнө Үндсэн хуулийн Цэцээр сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулуулмаар байна. Цэц хуулийн заалтыг хэлэлцээд шийдвэрээ гаргаг. Хэрэв зөв шийдэлд хүрч чадах юм бол заавал парламентын гишүүн хүн төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх албагүй болно. Ард түмэн дундаас улсаа удирдаад аваад явчих хүн сонгогдоод гараад ирэх магадлалтай.

Саяын Австрийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хар л даа. Шинээр сонгогдсон Александр Ван дер Беллен улсынхаа дөрвөн сая 640 мянган сонгогчийн 50.3 хувийнх нь саналыг авч чадлаа. Тэрээр улсынхаа Ногоон намыг 10 гаруй жил тэргүүлсэн туршлагатай улстөрч. Тэгэхээр манайд ч гэсэн ийм боломжийг хүн бүрт олгох хэрэгтэй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Муухай гоё” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хаана хаана ямар үйл ажиллагаа зохион байгуулагдсан, нийслэлчүүд үр хүүхдүүдээ хэрхэн баярлуулсан талаар сурвалжилсан “Өдрийн сурвалжлага”-ыг нэг болон долдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Улс төрийн хоёр, тавдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай хийсэн ярилцлага, УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад ажлын айлчлал хийх тухай мөн тэтгэвэр тэтгэмжийг нэмэх Засгийн газрын шийдвэр зэрэг цаг үеийн мэдээ мэдээллүүдийг уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрт Төрийн шагналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Муухай гоё” нийтлэл хэвлэгдэн уншигчдадаа хүрч байна.

Дэлхий дахинд болж буй үйл явдлын мэдээ мэдээллийг уншигчдадаа хүргэдэг есдүгээр нүүрэнд “Их долоо”-гийн уулзалтын талаар нийтэллээ.

Эдийн засгийн 11 дүгээр нүүрэнд нүүрэнд нэгэн сонирхолтой нийтлэл хэвлэгдлээ. Тодруулбал, хамгийн хөнгөн металл гэгдэх литигийн хайгуулын төсөл дэлхийн хөрөнгийн зах зээлд хүч түрэн орж иржээ. Манай улсад ч хэд хэдэн төсөл эхэн шатандаа яваа юм байна.

Шилдэг хөгжимчнөөр шалгарч “Мөнгөн мод” цом хүртсэн Х.Санчиртай хийсэн ярилцлагыг 12 дугаар нүүрнээс унших боломжтой. Тэрээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганд зориулан зохион байгуулсан олон улсын залуучуудын оркестрт эх орноо төлөөлөн оролцож Нью-Йорк хотноо долоон тоглолтод оролцоод иржээ. Мөн энэ нүүрнээс монгол сумочдын алтан хараацай гэгддэг Кёкүтэнхо Н.Цэвэгнямын зодог тайлах ёслолыг “Өдрийн сонин”-ы Япон дахь сурвалжлагч сурвалжилсан тэмдэглэлийг уншиж сонирхоорой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

12400 кв.м талбайд унадаг дугуйн зам тавьжээ

Нийслэлийн 2016 оны хот тохижилтын ажил, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 9364.73 м2 явган хүний замын хавтанг шинээр тавих, 36593м2 хавтанг нөхөн сэргээж будах, 12400м2 талбайд унадаг дугуйн зам хийх, 12405 м2 сул шороон даланг эко хавтангаар хучих ажил хийгээд байна.

Мөн энэ ажлын хүрээнд зөвшөөрөлгүй 38 сурталчилгааны самбарыг буулган, 11831 у/м хайс хашлагыг засварлан, шаардлага хангахгүй хэсгийг буулгаж, барилгын гадна фасадны 8300 м2 талбайг засварлав. Мөн 2000 м2 талбайд ханын зурган чимэглэл хийхээр төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Жимсний хатаамлаас нянгийн бохирдол илэрчээ

Олон улсын хүүхдийн
эрхийг хамгаалах өдөр болохтой холбогдуулан МХЕГ-аас Багануур дүүргийн
хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад шалгалт хийжээ. Шалгалтын
явцад худалдаалж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй
байдалд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах зорилгоор дээж авч, лабораторид шинжлүүлсэн
байна. Мэргэжлийн хяналтын хэлтсийн нян судлалын лабораторийн сорилтын дүнгээр
Хятад улсад үйлдвэрлэсэн “Долоогоно” жимсний сэндвичэн хатаамал чихэр
стандарт чанарын шаардлага хангаагүй байжээ. Дээрхи бүтээгдэхүүнийг
ихэвчлэн хүүхдүүд худалдан авдаг бөгөөд чанар, аюулгүй байдлын шаардлага
хангахгүй, нянгийн бохирдол бүхий бүтээгдэхүүнийг худалдан авахгүй,
худалдаалахгүй байхыг анхааруулж байна. Тухайн газарт хуулийн дагуу захиргааны
хариуцлага тооцон зөвлөмж өгч, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг
улсын байцаагчийн актаар хураан авч устгалд оруулахаар болсон байна.

Categories
гадаад мэдээ

Фэйсбүүкээс болоод амиа алджээ

Аргентиний цагдаа нар өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 12 настай охины цогцсыг олжээ. Улмаар охин фэйсбүүкээр танилцсан эрэгтэйнхээ гарт амиа алдсан болохыг нь тогтоосон байна. Сэжигтэн амиа алдсан охин болон түүнтэй ижил насны охидын зургийг хадгалж байсан гэнэ.

Тус улсын Бахиа Бланкад амьдардаг Жонатан Луна гэгч 26 настай эр охины амийг бүрэлгэсэн байжээ. Хэрэгтэн хуурамч хаяг нээж, хохирогч охинтой найз болон удаан харилцсаныхаа дараа бэлгийн хүчирхийлэл үйлдэх сэдлээр гэртээ авчирсан гэдгээ өөрөө хүлээсэн байна. Үүгээр зогсохгүй фэйсбүүк хаягт маш олон өөр нууц нэрээр хаяг нээсэн болох нь илчлэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол усан гулгууртай боллоо

usan gulsuur

Өнөөдөр” Скай ресорт” цанын баазад байгуулагдаж буй “Сити Слайд” буюу их хотын усан гулгуур нээлтээ хийлээ. Тус гулгуур 300 метрийн урттай бөгөөд Азидаа хамгийн урт гулгуурт тооцогдож байгаа аж.

Усан гулгуур гурван замтай бөгөөд нэг нь гэр бүлээрээ гулгахад буюу хүүхэд гулгахад тохиромжтой бол үлдсэн хоёр зам залууст зориулагдсан аж. Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгай бэлтгэгдсэн ажилтнууд гулгах замын эхэн, дунд, төгсгөл хэсэгт ажиллах аж.

Тус газрыг зорин үйлчлүүлэгчдэд өдөр бүр автобус үнэ төлбөргүй (Драммын театраас хөдөлнө, төв номын сангийн баруун талд), Эхний 1000 үйлчлүүлэгч хөвүүр үнэ төлбөргүй, таван удаагийн болон хязгааргүй гулгах тасалбартай үйлчлүүлэгчид хөвүүр үнэ төлбөргүй байх аж. Өнөөдрийн тасалбараа онлайнаар урьдчилан зарсан тул тасалбар дууссан бөгөөд үнийн хувьд 5-15 мянган төгрөг. Мөн өнөөдөр орой энд “Будгийн шоу” болох юм.