Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр ИЗНН сонгуульд оролцох батламжаа гардана

Дээд шүүхээс ИЗНН-ыг сонгуульд оролцох боломжтой гэсэн шийдвэр гаргасны дагуу СЕХ-ноос өнгөрсөн сарын 31-ний 00:00 цагт тус намыг албан ёсоор бүртгэсэн. Харин өнөөдөр СЕХ-ноос ИЗНН-д сонгуульд оролцох батламжийг нь гардуулахаар болжээ.

Улмаар Иргэний зориг ногоон нам холбогдох хурлаа хийж, нэр дэвшигчдээ тодруулах юм байна. Дэвшигчдийнхээ нэрсийг СЕХ-нд энэ сарын 5-ны өдрийн 11:00 цагаас өмнө амжиж өгөх хуулийн хугацаатай юм. ИЗНН-ын зүгээс 2016 оны улс төрийн сонгуульд Ардчилсан намыг дэмжиж оролцоно гэдгээ илэрхийлж, С.Дэмбэрэл нарын гишүүд нь тус намаас тойрогт өрсөлдөхөөр болсон билээ.

Categories
мэдээ спорт

“РИО 2016”-д мэргэжлийн боксчдыг оролцуулахаар боллоо

boxШвейцарийн Лозаннь хотноо өчигдөр болсон Олон улсын сонирхогчдын боксын холбооны (AIBA) ээлжит бус хурлаар Мэргэжлийн боксын тамирчдыг “РИО 2016” олимпийн их наадамд оролцох асуудлыг хэлэлцээд оролцуулах шийдвэр гаргасан байна. Энэ хуралд ОУСБХ-ны 88 гишүүн орноос 84 улс энэхүү шийдвэрийг гаргахад санал нэгтэй дэмжжээ.

ОУСБХ-ны 2013 оны шийдвэрээр мэргэжлийн боксын рингэнд 15-аас доош тоглолт хийсэн, богино хугацааны гэрээтэй тамирчин олимпод оролцож болно гэсэн хязгаарласан заалт гаргаж байв. Харин шинэ дүрмийн өөрчлөлтөөр ямар ч мэргэжлийн тамирчин нас, туршлага хамаарахгүйгээр олимпод оролцох эрхтэй боллоо.

Мэргэжлийн тамирчид “РИО 2016” олимпийн эрхийн төлөө хамгийн сүүлчийн эрхийн тэмцээнд Венесуэлийн Варгас хотноо 7 сарын 3-наас 8-нд тоглож эрхээ авна. Энэ тэмцээнээс олимпийн 26 эрх олгох юм. Венесуэлд болох уг тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, “Лондон-2012” олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт оролцох юм байна.

Categories
мэдээ спорт

Монголын шүүгч шударга бус шүүсэн тул Виктор Лебедев олимпод оролцохгүй гэдгээ мэдэгджээ

Оросын эрэгтэй чөлөөт бөхийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн Якут улсын Якутск хотын “Триуф” спортын ордонд гурван өдөр үргэлжилж тавдугаар сарын 30-ны өдөр дууссан билээ. Энэ тэмцээний 57кг-д хагас шигшээд дэлхийн хошой аварга Виктор Лебедев, Европын залуучуудын аварга Исмаил Мусукаев нарын барилдааныг шударга бус шүүлттэй болсон гэж үзэн дагестанчууд тэмцээнийг орхиж нутаг буцсан нь шуугиан болж байна.

Рио-2016 зорихын төлөөх Якут, Дагестан бөхийн тэмцлийг олон улсын шүүгч Д.Сэрээтэр дэвжээнд шүүсэн юм. Түүнийг “Нутгийн бөхийг хувиараа дэмжиж гаргахыг хүссэн луйвар хийлээ” гэж энэ талаар Дагестаны хэвлэлүүдэд “Монголын шүүгчид шударга бус, луйвар хийлээ” хэмээн бичсээр байна. Харин Якутын бөх, ДАШТ-ий хошой аварга Виктор Николаевич Лебедев шүүгч өөрийнх нь талд ажиллаад байгааг мэдсэн тул тамирчин хүний хөлс, хүч, хөдөлмөрийг үнэгүйдүүлэхгүйн тулд албан ёсоор уучлалт гуйж, “Рио-2016” олимпид орохгүй гэдгээ мэдэгдээд байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Японд айлчилж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Япон Улсад ажлын айлчлал хийж байна.

Тэрээр өчигдөр Японы Фукушима мужид байрлах “Жобан Пауэр” компанийн нүүрснээс хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шинэ технологийг /IGCC/ нэвтрүүлсэн “Накасо” дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа. “Накасо” дулааны цахилгаан станцын IGCC технологийн хэсгийн ерөнхий инженер Ишибаши хэлэхдээ, “Накасо” дулааны цахилгаан станц нь 1955 онд байгуулагдсан. 1 700 000 кВт хүчин чадалтай, 240 ажилтантайгаар ажиллаж байна.

1950-аад оны үеэс Япон дахь цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбогдон Жобан бүс нутгийн үнэ өртөг хямдтай 3500 кк бүхий нүүрсийг ашиглан цахилгаан эрчим хүчний тэргүүлэгч компани болох “Токио Дэнрёку” компани орон нутгийн нүүрс олборлогч компаниудтай хамтран энэхүү цахилгаан станцыг анх байгуулсан. Накасо хот цахилгаан станц барихад зориулж 155 000 м2 газрыг үнэ төлбөргүй олгосон бөгөөд 1971 онд Жобан бүс нутгийн нүүрсний уурхайнууд олноор хаагдсантай холбогдон мазутаар ажилладаг горимд хэсэгчлэн шилжүүлж, мазутаа татах шугам хоолой тавьж, зуухаа шинэчилсэн гэлээ. Түүнчлэн 1983 онд нүүрс болон мазутын холимог түлшээр ажилладаг 8, 9-р зуух / 600 мегаватт/ ашиглалтад орсон бол 1985 оноос CWM / Coal Water Mixture/ технологийг туршиж, 1985 оноос 8-р зууханд нэвтрүүлж, 2002 он хүртэл нийт 5.2 сая тонн түлш ашиглан эрчим хүч үйлдвэрлэж байгаа юм байна. 1988 оноос 1996 онд нүүрс хийжүүлэх технологийг хослон ашиглах туршилт хийж, амжилттай болсон. 1995 оноос цахилгаан эрчим хүчний үнэ чөлөөлөгдсөнтэй холбогдон хямд түлш болох нүүрсийг их хэмжээгээр ашиглахаар болж, гадаадаас нүүрс импортлох, нүүрс шаталтын горимыг сайжруулах, нүүрснээс гарах утааг багасгах талаар тодорхой ажлуудыг хийж ирснээ танилцуулав. 2004 оноос нүүрс хийжүүлэх технологийг хослуулан ашиглах, 2011 оноос модны үртсэн чипс буюу био масс ашиглах аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. 2013 оны 4-р сараас Integrated coal Gasification Combined Cycle, IGCC)аргаар ажилладаг 10-р зуух ашиглалтад орсон бөгөөд УИХ-ын дарга тус зуухны үйл ажиллагааг үзэж сонирхов.

Тус үйлдвэрийн ерөнхий инженер Ишибашигийн тайлбарласнаар, нүүрс нь бусад түүхий эдтэй харьцуулахад эрчим хүч, дулаан үйлдвэрлэх хамгийн чухал түүхий эд байсаар ирсэн бөгөөд 10 дугаар зуух нь 250 мВт хүчин чадалтай. Нүүрсийг хийжүүлэн эрчим хүч, цахилгаан үйлдвэрлэхэд ашиглах нүүрсийг агуулах 3 том хэмжээний агуулахтай. Өмнө нь энэхүү ДЦС-д орон нутгийн нүүрсийг ашиглаж байсан боловч нөөцгүй болсны улмаас гадаадын орнуудаас 100 хувь нүүрсээ импортоор авч байгаа талаар хэллээ. Мөн импортын нүүрсээ далайн боомтуудаас ДЦС-д авчрахын тулд 12 тонны багтаамжтай 100 машиныг ашиглан, битүү байдлаар тээвэрлэдэг байна. Ийнхүү авчирсан нүүрсийг буулгах үед тоосжилт үүсдэг учраас тоосжилтыг багасгах арга хэмжээнүүдийг авч иржээ.

“Жобан Пауэр” компанийн нүүрснээс хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шинэ технологийг /IGCC/ нэвтрүүлсэн “Накасо” дулааны цахилгаан станцын ойролцоо олон тооны айл өрхүүд байдаг тул байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн нь энэ юм. Ийнхүү нүүрсийг хийжүүлэх процессын нэг болох хийжүүлэх шатанд хорт бодисуудыг ялгаж байгаа учир гарч байгаа утаа нь цэвэр байдаг. Одоогийн байдлаар тус станц IGCC технологиор эрчим, хүч цахилгаан үйлдвэрлэхэд нэг жилдээ 400 мянган тонн нүүрс ашиглаж байгаа бол бусад цахилгаан станцын нийт хэрэглээг тооцвол жилдээ нийт 1сая 500 мянган тонн нүүрс ашигладаг байна.

Тус ДЦС-тай танилцах үеэрээ УИХ-ын дарга хэлэхдээ, Япон Улсад цэвэр нүүрсний технологид мөнгө зарж ийм цахилгаан станцыг байгуулсан байна. Бас энэхүү ололтыг дэлхийн даяар түгээхийг эрмэлзэж байгаа нь сайшаалтай. Монгол шиг нүүрсний нөөцөөр дэлхийд 10-т ордог улсын хувьд, энэхүү дэвшилтэт технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх шаардлага байна. Энэ үйлдвэр нь хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхнийх нь, нүүрсийг газ болгож хувиргах хэсэг, хоёрдугаарх нь ердийн цахилгаан станцын хэсгээс бүрдэж байна. Нүүрсийг газ болгон хувиргаснаар цаашид маш олон төрлийн түүхий эд, жишээлбэл полипропилен, азтотын бордоо, платмасс гэх мэт түүхий эдийг гаргаж авч болно. Энэ удаагийн ажлын айлчлалаар Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хоорондын “Цэвэр нүүрсний технологийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг үзэглэнэ. Энэ нь цаашид хоёр улсын тэргүүний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллах, судалгаа хийх, нүүрсний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх зэргээр өндөр технологийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. IGCC шинэ технологийн дагуу нүүрсийг хийжүүлэн, эрчим, хүч дулаан үйлдвэрлэснээр хаягдлын далан үүсэхгүй, нүүрснээс үүсэх хаягдлыг засмал зам хийхэд дүүргэлтэд ашиглаж буй бол, хаягдал үнсний хувьд цементийн үйлдвэрт ашиглаж байгаа зэрэг олон давуу тал байна. Энэ бүхнийг бодит ажил хэрэг болгохын тулд “Монгол Японы Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг байгуулсан. Одоо бүх гарц нээгдсэн учир цаашид бид нүүрсээ илүү өндөр үр ашигтай ашиглах боломжтой гэж харж байна хэмээн УИХ-ын дарга онцоллоо.

Насако” ДЦС-ын дарга Хосада хэлэхдээ, энэхүү шинэ технологи нь хаягдал багатайгаас гадна ашигт үйлийн коффицент өндөртэй технологи. Өөрөөр хэлбэл цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд ашиглах түлшний зарцуулалт 15 хувийн хэмнэлттэй байна. Энэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж бүрэн нээлттэй бөгөөд олон төрлийн нүүрсний асар их нөөцтэй зэрэг давуу тал Монгол Улсад бий. Үнслэг чанараас нь шалтгаалан олон төрлийн нүүрсэнд шинжилгээ хийж, тохиромжтой нүүрсийг шууд ашиглах, мөн хольж ашиглах боломжууд байдаг гэдгийг тэрээр хэллээ.

УИХ-ын дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид “Жобан Пауэр” компанийн нүүрснээс хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шинэ технологийг /IGCC/ нэвтрүүлсэн “Накасо” дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцах үеэр харилцан санал солилцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын албаны 310 албан хаагч ажиллажээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдүүдийн амгалан тайван баярлах нөхцөлийг хангах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын анги, байгууллагуудын 310 албан хаагч, 64 авто машин, техник хэрэгсэлтэй бэлэн байдалд ажиллажээ.

Баярын арга хэмжээ болсон Чингисийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүй долоон худаг, “Найрамдал” зусланд учирч болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, Тэрэлж, Туул голын Хар усан тохой, Маршлын гүүр, Яармаг, Сонсголонгийн гүүр зэрэг хүн ихээр төвлөрдөг голын эрэг дагуу амарч байгаа иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгсөн аж. Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрийн ногоон бүс, Баянзүрх дүүрэг Их тэнгэр, бага тэнгэрийн ам, Төр хурах, Залаат, Хан-Уул дүүрэг Зайсан, Богины ам,Чандмань, Нүхт, Арцат, Түргэн, Жаргалантын ам, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг Шарга морьт, Шадивлан, Майхан толгой, Сэлх, Бэлхийн ам, Сонгинохайрхан дүүрэг Баруун, Зүүн салаа Баянголын ам зэрэг газруудад аялж, амарч байгаа иргэдийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Баяраар 100 орчим хүүхэд төөрчээ

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр 100 орчим хүүхэд эцэг, эхээсээ төөрсөн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тухайлбал, Чингисийн талбай орчимд 97 хүүхэд, түүнээс 61 эрэгтэй, 36 эмэгтэй хүүхэд төөрсөн байна. Гэхдээ эдгээр хүүхдийг бүгдийг нь эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Гэхдээ энэ жилийн Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд төөрөх, гэмт үйлдэлд холбогдох асуудал бага, харьцангуй тайван байсан хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Татвараа төлөөгүй жолоочийг өнөөдрөөс хөдөлгөөнд оролцуулахгүй

Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд хувь хүн автотээврийн болон өөрөөр явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй. Харин албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Тиймээс татвараа төлөөгүй жолоочийг өнөөдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Автомашингүй гудамж болгох төслийг сонгон шалгаруулна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Автомашингүй гудамж төслийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан. Гудамж төслөөс хэрэгжүүлж байгаа хотын дэд төв төслийн хүрээнд нийслэлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хотын иргэд болон гадаадын жуулчдад тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор “Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар төлөвлөөд байгаа юм. Энэхүү төслийг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Хангарди орчим, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжид хэрэгжүүлэх бөгөөд цэцэрлэгт талбай орчмын газрын тодорхой хэсгийг төсөл сонгон шалгаруулалт, газрын дуудлага худалдаа зохион байгуулах замаар аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэн автомашингүй гудамж болгохоор төлөвлөсөн.

Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/419 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Автомашингүй гудамж дэд төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Жигжиджавын гудамж, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны цэцэрлэгт талбай /Улсын Циркийн хойд талын цэцэрлэгт талбай/-д газар доорх байгууламж бүхий шинэ төлөвлөлттэй гудамж /7 хоногийн Бямба, Ням гаригуудад автомашины зам хаах / төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах юм.

Мөн уг төслийг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Ажлын хэсгийг батлав. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нарийн бичгийн даргаар Гудамж төслийн Захиргаа, санхүүгийн албаны дарга Д.Намсрайжав нар ажиллах юм. Төсөл сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа.

Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны цэцэрлэгт талбай орчим буюу Их дэлгүүрээс АСА цирк хүртэлх талбайн газар доор олон нийтэд зориулсан амрах талбайтай, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ бүхий байгууламж барихаар төлөвлөж байгаа юм. Мөн одоо байгаа цэцэрлэгт талбайг шинээр тохижуулах бөгөөд төсөл бүрэн хэрэгжиж дууссаны дараа 2 талын замын хөдөлгөөнийг ажлын өдрүүдэд хаахгүй, зөвхөн амралтын өдрүүдэд бүрэн хааж, харин газар доогуур хийсэн байгууламж бүхий гудамж нь ямар ч үед автомашингүй байхаар тооцжээ.

Газар доогуур барих байгууламжийн нийт талбай нь 9940 метр квадрат, худалдаа үйлчилгээний нийт талбай нь 6640 метр квадрат, олон нийтийн гудамж зам талбай нь 3500 метр квадрат байна гэж төлөвлөсөн байна. Газар доогуурх байгууламжид нийтдээ 9 гарц хийхээс гадна байгууламж руу орох гарц орчимд автомашины зогсоол хийхээр урьдчилсан зураг гарсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Найрсаг Улаанбаатар-Соёлтой такси” сургалт боллоо

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран хоёр дахь жилдээ “Найрсаг Улаанбаатар-Соёлтой такси” сургалтыг зохион байгууллаа. Таксины жолооч нарын харилцаа, ёс зүй, зорчигчдын аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хөндсөн тус сургалтад такси үйлчилгээний 12 компанийн 300 гаруй жолооч хамрагджээ. . Сургалтад хамрагдсан жолооч нарт нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан англи хэлний ярианы гарын авлага, Улаанбаатар хотын сурталчилгааны материалуудыг тараасан байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Автомашингүй өдөр 6 сарын 4-нд болно

Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар Марафон 2016” олон улсын гүйлт 2016 оны 06 дугаар сарын 04-ний Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэ өдрийг “Автомашингүй өдөр” болгож, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулах бөгөөд томоохон зах худалдааны төвүүд амарна. Энэ өдөр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг 08:00-18:00 цагийн хооронд түр хязгаарлана.

Мөн эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 31 чиглэлийн 311 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.
Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилнэ.

Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник -Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд явахгүй болохыг иргэдэд анхааруулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.