Categories
мэдээ спорт

Бразилийн домогт хөлбөмбөгч Зико Монголд

Монгол Улсаас Бразил
Улсад суугаа Элчин сайд Ч.Сосормаа Бразилийн домогт хөл бөмбөгч Зикотой уулзаж,
Хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатарын урилгыг уламжиллаа. Зико
урилгыг хүлээн авч ирэх есдүгээр сард Монголд айлчлах боломжоо илэрхийллээ.
Алдарт хөл бөмбөгч маань өөрийн төрөлх Рио дэ Жанейро хотноо бага орлоготой гэр
бүлийн хүүхдүүдэд зориулан хөл бөмбөгийн төв ажиллуулдаг бөгөөд уулзалтын үеэр
түүний нэрэмжит хүүхдийн болон мэргэжлийн хөл бөмбөгийн клуб Монголд байгуулах
буюу аль нэг клубийг түүний нэрэмжит болгох талаар санал солилцлоо. Энэ талаар
“Зико сан”, Монголын Хөл бөмбөгийн холбоо хооронд яриа хэлэлцээ явуулж буй
бөгөөд Зиког Монголд айлчлах үеэр талууд хамтран ажиллах санамж бичиг
байгуулахаар тохироод байна. Элчин сайдын яамнаас санаачлан эхлүүлсэн уг ажил
Зикогоор дамжуулж Бразилийн хөл бөмбөгийн арвин их туршлага, багийн тоглолт,
соёлыг эх орондоо нэвтрүүлэх цаашид дэлхийд өрсөлдөх тамирчдыг бэлтгэх
зорилготой. Монголд байгуулагдахаар яригдаж буй Зикогийн нэрэмжит клубт бразил
дасгалжуулагчид ажиллах бөгөөд олон улсын стандартын дагуу хүүхэд, залуучуудыг
бэлтгэх юм. Зиког Бразилийн хөл бөмбөгийн домогт Пелетэй эн тэнцүү зүйрлэж,
“цагаан Пеле” хэмээн нэрийддэг. Тэрбээр Бразилийн Хөл бөмбөгийн шигшээ багийн
бүрэлдэхүүнд гоцлон 71 удаагийн тоглолтод 48 удаа гоол оруулсан бөгөөд энэ
үзүүлэлтээрээ шигшээ багийнхаа түүхэнд 4 дүгээрт жагсдаг аж. 1978, 1982, 1986
оны Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай тоглож
алдар хүндээ олсон тэрбээр зодог тайлж, 2004 оны Ази тив, 2006 онд Дэлхийн
аварга шалгаруулах тэмцээнд Японы шигшээ багийг дасгалжуулан бэлтгэж байжээ.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын хариу маргааш гарна

Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ хариу маргааш буюу долдугаар сарын 1-ний өдөр гарна. Энэ жилийн хувьд ЭЕШ-д 37 мянга гаруй хүүхэд оролцсон билээ.

ЭЕШ-ын хувьд энэ жил багагүй маргаан үүссэн. Тухайлбал, ЭЕШ-ын нийгэм, математикийн хичээлийн материал задарсан, олон нийтийн сүлжээгээр худалдсан хэмээн эцэг эх болон төгсөгчдийн төлөөлөл болсон хэсэг иргэд мэдээлж байв. Харин энэ асуудлыг Боловсролын үнэлгээний төвөөс цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийсний дүнд “Материал задраагүй” гэх хариу гаргасан юм. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ “Шалгалтын материал задарсан гэх хэргийг шалгахад эх үүсвэр нь Д гэгч 12 дугаар анги төгсч буй сурагчдад ЭЕШ-ын давтлага өгдөг багш байсан. Д гэгч нь “ЭЕШ-д ирж болзошгүй тест” гэж магадлалын онолоор хүүхдүүдэд өгсөн. Өөрөөр хэлбэл, тухайн Д гэгч багш ирж болзошгүй тест гэсэн. Гэтэл энэ нь дам дамандаа худалдагдсаар сүүлдээ “ЭЕШ-ын хариу” гэж мэдээлж худалдагдах болсон нь тогтоогдсон. Тухайн Д гэгч нь ЭЕШ-ын комисст орж ажилладаггүй” хэмээн мэдээлсэн юм.

Улмаар Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ хэвийн үргэлжилсэн, долдугаар сарын 1-нд хариуг зарлана гэж мэдээлсэн.

Categories
мэдээ нийгэм

Ховд гол үерийн аюултай түвшинд хүрээд байна

Манай орны ихэнх нутгаар уржигдараас усархаг бороо орсон. Үүний улмаас Ховд гол үерийн аюултай түвшин буюу 65 см-ээр даван үерлэжээ. Мөн Баянхонгорын Байдраг гол үерийн түвшинг 33, Завхан гол Говь-Алтай аймгийн нутгаар урсдаг хэсэгтээ 14, Өвөрхангайн Онги гол най, Хөвсгөлийн Үүр 22, Ховд аймгийн Булган, Долооннуур, тус бүр хоёр, Буянт найман см-ээр давсан байна. Энэ жил манай орны бусад голын бүх голын усны түвшин нэмэгдэж олон жилийн дунджаасаа 2-138 см-ээр их устай болсоныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлынхан 1739 сонгогчийг гол гаргажээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгийг хамран орсон борооны улмаас гол мөрний усны түвшин эрс нэмэгдээд байна. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас өчигдөр болсон сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох үед иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг ханган шаардлагатай техник хэрэгслийг дайчлан ажиллалаа. Үүнд:

-Архангай аймгийн Цэцэрлэг, Хангай сумдад нийт 365 иргэнийг,

-Булган аймгийн Сэлэнгэ, Тэшиг, Сэлэнгэ сумдад нийт 256 иргэнийг,

-Ховд аймгийн Дуут суманд нийт 7 иргэнийг,

-Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт сумдад нийт 290 иргэнийг,

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал сумдад нийт 117 иргэнийг,

-Төв аймгийн Алтанбулаг суманд нийт 108 иргэнийг,

-Увс аймгийн Тэс, Завхан, Ховд, Түргэн, Тариалан сумдуудад нийт 248 иргэнийг,

Хөвсгөл аймгийн Галт суманд нийт 348 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Нийт найман аймгийн 17 суманд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгуулллагын 86 албан хаагч, 29 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 1739 сонгогчийг завь болон автомашинаар голоор гаргах, буцаах ажлыг зохион байгуулан ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Зөрчилтэй ТҮЦ-үүдийг нүүлгэнэ

АСЕМ-ын уулзалт Улаанбаатар хотод болох гэж байгаатай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 13 гудамжны зам дагуу байрлаж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж байна. Иргэн, аж ахуйн нэгжүүд нүүлгэсэн түргэн үйлчилгээний цэгүүдээ 2016 оны 07 дугаар сарын 20-ноос хойш зөвшөөрсөн байршилд буцааж тавих боломжтой.

АСЕМ-ын хурлыг зохион байгуулах Үндэсний зөвлөлөөс тавьж байгаа шаардлагын дагуу түргэн үйлчилгээний цэгүүдэд шаардах хуудас хүргүүлж, албадан нүүлгэж байгаа боловч зочид төлөөлөгчид зорчих зам маршрутын дагуу дур мэдэн дахин байршуулж, хууль бус үйлчилгээ эрхэлж байна.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар аж ахуйн нэгж, албан тушаалтан төрийн тусгай хамгаалалтанд шаардлагатай туслалцааг үзүүлэх үүрэгтэй. Төрийн байгууллагын албан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, төрийн тусгай хамгаалалтын хуулийг зөрчсөн иргэн аж ахуйн нэгжид хатуу хариуцлага тооцож, албадан нүүлгэхийг анхааруулж байна.
Мөн АСЕМ-ийн бэлтгэлийг хангах ажлын хэсгээс түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэхэд анхаарч ажиллахыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг дарга нар, холбогдох байгууллагын удирдлагуудад онцгойлон үүрэг болголоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгоно

СЕХ хуралдаж дууслаа. Сонгуулийн дүнг танилцуулав. Маргааш Гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчид УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгоно.

Мөн гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг Ерөнхийлөгчид айлтгана хэмээн СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл: Улаанбаатар хотод эхлүүлсэн бүтээн байгуулалтыг дэмжиж үргэлжлүүлээсэй гэж захимаар байна

Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүнгээр нийслэлийн Ардчилсан нам 11, нийслэлийн МАН 44 суудал авч, МАН үнэмлэхүй ялжээ. Сонгуулийн хороонд ажилласан төрийн албан хаагчид шударга сайн ажилласан. Сонгуулийн технологийн ашиглалт сайн байлаа, иргэдэд итгэл үнэмшил төрүүллээ.

Өнгөрсөн хугацаанд бид хичээж ажилласан. Нийслэлийн амьдрал их өөр болсон гэж бодож байна. Цаашдаа ч нийслэлийн дараа дараагийн удирдлагуудад нийслэлчүүдийн зүгээс тавих шаардлага өндөр болсон. Үүнийг шинэ удирдлага анхаарч ажиллах биз ээ. Нийслэлийн Ардчилсан намын хувьд энэ удаагийн сонгууль том цунами боллоо. Сонгуулийн дүн гарсны дараа мэргэн, түргэн хүн их олширдог. Нийслэлийн бүтээн байгуулалтыг харлуулсанд би эмзэглэж байгаа. Утга учиргүйгээр гүжирдэн дайрч, муучлах замаар сонгуульд ялж болдог гэдгийг энэ сонгууль харууллаа. Тийм жишиг, хандлага тогтлоо. Улс, нийслэлийг удирдахдаа мафийн бүлэглэл маягаар ажиллах вий, тийм аюул учрах вий гэж би санаа зовж байгаа. Тиймээс би МАН-ынханд засаглалаа сайжруулаарай гэж хэлмээр байна. Хамгийн гол нь улстөржиж, намчирхалгүйгээр Улаанбаатар хотод эхэлсэн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллаасай, үргэлжлүүлээсэй гэж хүсч, захимаар байгаа юм” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид айлтгана

2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүнг СЕХ Ерөнхийлөгчид айлтгахад бэлэн болоод байгаа аж. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар МАН 65, АН 9, МАХН 1, бие даагч 1 суудлыг тус тус аваад байгаа юм.

СЕХ-ноос УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүнг айлтгасны дараагаар хуульд заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна.

Categories
мэдээ спорт

“Чингис хаан Гранпри” маргааш эхэлнэ

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Гранпри тэмцээн дөрөв дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт албан ёсоор орсон тус тэмцээн ирэх сарын 1-3-нд Улаанбаатар хотноо болно.

Өнөөдрийн байдлаар тэмцээнд Азербайжан, Узбекстан, Чех, БНХАУ, Словани, ОХУ, Казахстан, АНУ, Япон зэрэг 13 орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм байна. Харин манай улсаас олимпийн эрхээ авсан 60 кг Ц.Цогтбаатар, 66 кг Д.Төмөрхүлэг, 73 кг Г.Одбаяр нарын 13 жүдоч мэдүүлгээ явуулжээ.

Тэмцээний сугалаа болон мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр “Блю Скай” зочид буудлын гурван давхрын хурлын танхимд 14:00 цагт болно.

Categories
гадаад мэдээ

Европын Холбоо BREXIT-ийн асуудлаар хуралдлаа

Их Британи улс ЕХ-ноос гарах сонголтыг хийгээд байгаа бөгөөд энэ асуудлаар мягмар гаригт Бельгийн нийслэл Брюссель хотноо Европын Холбоо хуралдлаа. Өчигдөр явагдаж өндөрлөсөн эхний өдрийн хуралдааны үеэр ЕХ-ны Комиссын дарга Жан Клод Юнкер хэлэхдээ Их Британи улс ЕХ-ноос гарах өргөдөл, ноот бичгээ албан ёсоор өгтөл статусаа тодорхой болгохыг хүсч байгаагаа илэрхийлсэн бөгөөд тус улс ЕХ-ноос гарах асуудал бүрэн гүйцэд дуусах хүртэл уг асуудалтай холбоотойгоор Их Британи болон ЕХ-ны бусад гишүүн орнуудын хооронд ямар нэгэн албан ёсны тохиролцоо болон нууц уулзалт, яриа хэлэлцээр явуулахыг хориглож байгааг мэдэгдсэн байна. Их Британи улс энэ оны 10 сар хүртэл албан ёсоор ЕХ-г орхихгүй гэдгээ албан бусаар илэрхийлсэн юм. Жан Клод Юнкер мөн Их Британи улс ЕХ-ны над нөхөр хэвээр байгаа хэдий ч хөрөнгийн зах зээл дээр валютын хэлбэлзэл үүсч эхлээд байгаа өнөөгийн нөхцөл дэх байр сууриа тодорхой болгохыг шаардсан байна. Эцэст нь тэрээр нэгдмэл нэг Европын төлөө эцсийн амьсгалаа дуустал тэмцэх болно хэмээн хатуухан хэлсэн байна.

Мягмар гаригийн хуралдаан дээр Их Британий Ерөнхий сайд Дэвид Кэмерон өнгөрсөн долоо хоногийн бүх нийтийн санал асуулгын дүнг танилцуулсан бөгөөд тэрээр ЕХ-ны гишүүн орнууд нь Их Британи улсын хөрш, түнш, анд болон эвсэгч орнууд юм гээд ЕХ-ны хуралдаан үр дүнтэй явагдана гэдэгт итгэж найдаж байна гэсэн байна. Тэрээр Их Британи улс ЕХ-ноос гарахаар болж байгаа нь британичууд Европыг орхиж, ар нуруугаа харуулж байна гэсэн үг биш юм гээд бүх нийтийн санал асуулгын дүнг дэлхий нийтээр хүндэтгэн хүлээн авч байгаад талархсан байна. Дэвид Кэмероны хувьд өнгөрсөн долоо хоногт болсон бүх нийтийн санал асуулгын дараа албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдсэн бөгөөд түүний дараа Ерөнхий сайдын албанд томилогдох эрхэм Их Британи улсын ЕХ-ноос гарах үйл явцыг гардан явуулах болно хэмээн хэлсэн юм.

ЕХ-ноос гарах шийдвэрийг гаргасан Их Британий бүх нийтийн санал асуулгын дүнгийн асуудлаар хуралдсан ЕХ-ны эхний өдрийн хуралдааны төгсгөлд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель үг хэллээ. Тэрээр тус улсын ард түмний энэхүү сонголтыг буцаах ямар ч боломжгүй гэсэн дүр зургийг л харж байна хэмээн хэлсэн байна. Мөн тэрээр мягмар гаригт Туркийн Истанбул хотын нисэх онгоцны буудалд болсон халдлагад харамсал илэрхийлсэн байна.

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд хуралдаан дээр Их Британи улсыг хатуу шүүмжилсэн маягтай үг хэлсэн байна. Тэрээр Их Британи улсад сүүлийн жилд орж ирсэн гадаад улс орны иргэдийг гаргах үүднээс ЕХ-ноос гарах бүх нийтийн санал асуулгыг явуулсан гээд гадны иргэдийг хөөж гаргаад, Европын нэг зах зээл дэх бизнесийн хуучин боломж, бололцоогоо ашиглана гэж бодож байгаа бол эндүүрэл хэмээн өөрийн байр сууриа ширүүхэн илэрхийлсэн байна. Мөн тэрээр Истанбул хотод гарсан халдлагад гүнээ харамсаж байгаагаа давхар илэрхийлсэн байна.