Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Жамбалын Гангаагийн “Цагаан гэгээ…” номын баяр боллоо

Тэр хэрвээ мэнд сэрүүн байсан бол “Нэгэнт сонинд гарчихсан юмыг ном болгоод яах юм. Тийм биз дээ. Сониныхоо нэр хүнд, томилолтоор явж бичсэн зүйлс ш дээ” гэж янжуур соронгоо нүдний шилнийхээ цаана нүдээ жийхайлгаж байгаад ёжилсон ч юм шиг, ёгтолсон ч юм шиг асуух байсан. “Та өөрийн уншигчидтай сэтгүүлч. Номоо хэвлүүлбэл зүгээр дээ” гэхэд Тэр дандаа л ингэж хариулдаг байсан. Бүр болоо ч үгүй “Би өгүүллэг бичвэл танай зохиолчид ажилгүй болох байх даа” гэж үнэн голоосоо юм шиг асуугаад тэрэндээ баясан хүг хүг хийтэл инээхийг яана. “Өндөр өвөө маань Богд хааны ордны бичээч байсан гэх чинь билээ. Тэгээд манайхан Шар бичээч овог авахгүй юу” гэж хааяа хуучлах Монгол даяарын арслан сэтгэгч Жамбалын Гангаа гэж ийм л цөлх монгол байлаа. Тэр мэргэжлийн сэтгүүлч байгаагүй ч мэргэжлийн бичээчдийг ичтэл бичдэг сэтгэгч байлаа. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн түүнд зориулсан шүлэгтээ “Манай үеийн Чанчунь Бумба арш” гэж сэтгэлээ илэрхийлсэн байсан. Чанчунь Бумба гуайг тэгтлээ сайн мэдэхгүй болохоор оносон харьцуулалт мөн, эсэхийг үнэндээ мэдэх юм алга. Харин Гангаа сэтгүүлчийг хаа нэгтээ томилолтоор яваад ирэхэд бичсэнийг нь уншихсан гэж хорхойсдог уншигчид байсан нь л үнэн юмдаг.

Тэр олон уншигчийн оюуны мэлмийг гийгүүлж, сэтгэлийг яруусгах “Цагаан гэгээ…” номын нээлт өчигдөр юутай ч боллоо. Сэтгүүлч Ж.Гангаагийн энэ номыг олон хүн тэсэн ядан хүлээсэн. Бурхан зүг одсон ч түүний бичгийн ариун мөр орчлонд ингэж үлдлээ. Эл номон хөшөөг нэрт сэтгүүлчийн хань Т.Уранчимэг, охидынхоо хамт эмхэтгэж, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Галсангийн Жамьян хянан тохиолдуулж, урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Дашцэрэнгийн Гунгаа зураглан чимэглэж. Номын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Жамбалын Гангаа нь Монголын сэтгүүлзүйн бахархалт түүхийг бүтээгчдийн нэг юм. Түүний бүтээлийг үе үеийн уншигчид шимтэн шимтэн уншсаар байх нь гарцаагүй. Учир нь манай Гангаа бол монгол ахуйг ер бусын билгийн нүдээр хардаг, мэдэрдэг, хайрладаг гайхалтай уран бүтээлч, сэтгүүлч байж билээ” гэж мялаалга бичиж ирүүлж. Мэргэжлийн сэтгүүлч, улсын маань Ерөнхийлөгч ийн дүгнэхээр ч том сэтгүүлч байжээ гэдгийг түүний ном баталж байна.

Ж.Гангаа агсны “Цагаан гэгээ…” хэмээх эл ном “Эх нутгаараа аялсан тэмдэглэл”, “Харьд зорчсон тэмдэглэл” гэсэн хоёр бүлгээс бүтэх агаад түүний “Хүн хүрээгүй нутаг”, “Алтайгаас Хянган хүртэл”, “Онон, Балжаас Шилийн богд хүртэл”, “Санахын зовлонгүй Сонинхангай, амьдрахын бэрхшээлгүй Ар Асгат нутаг минь”, “Дарга дагаагүй сурвалжлага”, “Монгол хоёрхон хөрштэй, хоёулаа бидний мөнхийн дайсан”, “Далд Түвдийн далласан газар”, “Араараа нартай Австрали”, “Харь Буриадын нутаг дүүрэн цагаан гунигтай”, “Баруун Монголыг Зүүн Европ гэнэ”, “Өмнөд Солонгосын Монголын үдэш” зэрэг шилдэг дөчөөд тэмдэглэлийг багтаасан бүтээлийн чуулган болжээ. Энэ сайхан номын баярыг зохиогчийн гэргий Т.Уранчимэг, тулгын гурван чулуу шиг төрсөн гурван охин Г.Сарангэрэл, Г.Сайнгэрэл, Г.Азгэрэл нартайгаа утга төгөлдөр зохион байгуулж, төрсөн нутаг Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга Гантулга, гавьяат багш Бямбажав, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч О.Сундуй, “Болор цом”-ын тэргүүн найрагч Л.Моломжамц, Н.Гантулга, соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Т.Баасансүрэн, Б.Ганчимэг, “Мах импэкс” ХК-ийн Хиам консервын үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа, Зурхай, сүнс судлалын доктор Ж.Мөнхжаргал болон “Өдрийн сонин”-ы хамт олон нь байлцаж, нэрт сэтгүүлчээ халуун дотноор дурсацгаалаа.

Л.ЦЭНГЭЛ

Categories
мэдээ нийгэм

Төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо

Монгол Улсын Их Хурал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийг 2013 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Өнөөдөр тус төслийн 2016 оны эхний хагас жилийн удирдах зөвлөлийн хурал боллоо. Уг хурлыг Улсын Их Хрлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар удирдан явуулсан бөгөөд төслийн 2016 оны эхний хагас жилийн тайланг сонсож, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар ярилцаж, санал солилцов. Тайланг төслийн зохицуулагч Н.Отгончимэг танилцуулав.

Тус төсөл нь 2012-2016 онд Монгол улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ардчилсан засаглалын салбар дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны нэг хэсэг юм.

“Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөл Улсын Их Хуралд бодлогын судалгаа хийх, оролцогч талуудтай нээлттэй зөвлөлдөх замаар хууль боловсруулах ажиллагааг сайжруулах, иргэд ба сонгогдсон төлөөлөгчид хоорондын харилцааг бэхжүүлэх, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн тайланг гаргах, хэрэгжүүлэх ажиллагаа, ёс зүй, сонирхлын зөрчилтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад туслалцаа үзүүлэх зорилготой юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

АН нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд өглөө

МАН өнөөдөр өглөө нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг СЕХ-нд өгсөн бол Ардчилсан нам сая нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүлээлгэн өгсөн байна. Тус намын зарим нэр дэвшигчид тойргоо солихоор ярьж байгаа тухай мэдээллийг бид эх сурвалжаас авлаа.

Ардчилсан намын зүгээс тийм зүйл байхгүй гэсэн няцаалтыг өгч байгаа ч зургадугаар сарын 4 хүртэл нэр дэвшигчдийг бүртгэх явцад нэг, хоёр хүний тойрог солих, нэр дэвшигчийг өөрчлөх хуулийн гарц байгааг албан бус эх сурвалж хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд сансрын баатруудад хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай оронд зочилж байгаа ОХУ-ын сансрын нисэгч, ОХУ-ын хошой баатар, нисэх хүчний хошууч генерал А.А.Леонов, ОХУ-ын сансрын нисэгч, ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, хошууч генерал В.А. Жанибеков, Унгарын анхны сансрын нисэгч, Унгар Улсын баатар, ОХУ-ын баатар, хошууч генерал Берталан Фаркаш нарыг өнөөдөр (2016.5.30) Төрийн ордонд хүндэтгэн хүлээн авч уулзлаа.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов, Улаанбаатар дахь Унгарын Элчин сайдын яамны төлөөлөл, Монголын сансрын нисэгчид Ж.Гүррагчаа, М.Ганзориг нар уулзалтад байлцав.

Энэ жил Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой, Монгол, Оросын хамтарсан сансрын нислэгийн 35 жилийн түүхт ой тохиож буйг Ерөнхий сайд онцлоод Монгол Улс, манай ард түмэн сансрын баатруудад цаг ямагт хүндэтгэлтэй хандаж ирснийг тэмдэглэв.

Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаатай хамт ниссэн “Союз-39” хөлгийн дарга В.А.Жанибеков манай оронд арван тав дахь удаагаа зочилж байгаа бол 1960 онд ОХУ-ын сансрын нисэгчдийн анхны отрядад Юрий Гагаринтай цуг орж, 1965 онд “Восход-2” хөлгөөр хөөрч задгай сансарт гарсан анхны нисэгч А.А.Леонов 2 дахь удаагаа, 1980 онд ОХУ-ын сансрын нисэгч В.Н.Кубасовтой “Союз-36” хөлгөөр хөөрч сансарт 7 хоног ажилласан Унгарын нисэгч Берталан Фаркаш Улаанбаатарт анх удаа хүрэлцэн иржээ.

Сонирхолтой нь ОХУ-ын сансрын нисэгч Алексей Леонов төрсөн өдрөө өнөөдөр Улаанбаатарт тэмдэглэж буй бол Унгарын сансрын нисэгч Берталан Фаркаш 36 жилийн тэртээх яг энэ өдөр сансрын уудамд аялж явжээ.

Ерөнхий сайд уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан Берталан Фаркашт одонг нь зүүж өгч, ОХУ-ын сансрын нисэгч Алексей Леоновт төрсөн өдрийн баяр хүргэсний сацуу өчигдөрхөн 60 нас зооглосон ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовт алд цэнхэр хадаг, мөнгөн аяга гардуулж сайн сайхны ерөөл дэвшүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Залуу эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, жил бүр шилдэг залуу эмч нарт нэрэмжит шагналаа гардуулдаг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагналыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ланжаагийн Баттулга, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн их эмч Нанжидын Биханзрагчаа, Нийслэлийн “Өргөө” амаржих газрын их эмч Солонгосын Гантуяа нар хүртлээ. Шагналыг Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд гардуулж, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа байлцан Ерөнхийлөгчийн шагнал хүртсэн эмч нартаа баяр хүргэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Монгол Улсад анх удаа сэтгэц-физиологийн шинжилгээ хийх полиграф аргыг нэвтрүүлж, шүүхийн сэтгэцийн эмгэгийн дүгнэлт гаргах ажлыг боловсронгуй болгоход онцгой хувь нэмэр оруулж байгааг нь үнэлж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ланжаагийн Баттулга,

Хөдөө, орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, чадварлаг, түргэн шуурхай үзүүлж, дурангийн мэс заслын аргыг өөрийн эмнэлэгт амжилттай нутагшуулан ажиллаж буй идэвх зүтгэлийг нь өндрөөр үнэлж Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн их эмч Нанжидын Биханзрагчаа,

Эх барих, эмэгтэйчүүдийн эмчилгээ, оношилгооны орчин үеийн арга технологийг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлж, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйлстээ өндөр амжилт гарган ажилласан Нийслэлийн “Өргөө” амаржих газрын их эмч Солонгосын Гантуяа нарт шилдэг залуу эмчид олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагналыг тус тус хүртээсүгэй” гэжээ.

Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнөөс шилдэг залуу эмч нарт баяр хүргэж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөөх цаашдын ажилдаа улам их амжилт гарган ажиллахыг хүсэн ерөөв.

Categories
мэдээ спорт

Д.Сумъяа “World masters” тэмцээнд гурван жил дараалан түрүүлэв

Жин тус бүрийнхээ эхний 16-д бичигддэг дэлхийн шилдэг бөхчүүд урилгаар оролцдог “World masters” 2016 тэмцээн энэ сарын 27-29-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Мексикт болсон уг тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа аваргалж, жингийнхээ тэргүүн бөх гэдгээ баталлаа. Манай бөхийн хувьд шилдгүүдийн өрсөлддөг “Мастерс”-т гурван жил дараалан түрүүлсэн Монголын анхны жүдоч болж байгаа юм. Өмнө нь эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ С.Мяарагчаа хоёр дараалан түрүүлж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Энэ лхагва гаригт “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тохионо. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар “Хүүхдийн баяр”-ын өдөр буюу 6 дугаар сарын 1-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр гэж заасантай холбоотойгоор тухайн өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ Чингисийн талбайд 11:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн хүүхдийн баярыг “Ном”, “Авьяас”, “Багшийн хөтөлбөр”-ийн үр дүнг олон нийтэд танилцуулах, хүүхдийн авьяас, ур чадвар, амжилтыг сурталчлах, алдаршуулах зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж байна. Тухайлбал, Таван зуун хүүхэд бишгүүрээр Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг” аялгууг хөгжимдөж, Төрийн соёрхолт ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г 500 морин хуурч хүүхэд тоглож сонирхуулах юм байна.

Мөн 1000 хүүхэд хүүхдийн баярт зориулан найрал дуу дуулж, Уран хөдөлгөөнт гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээний 3 удаагийн аварга Баянгол дүүргийн 185 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, Баянгол дүүргийн 85, 94, 157, Баянзүрх дүүргийн 61, Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн 2000 гаруй хүүхдүүд уран хөдөлгөөнт гимнастик хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Хаврын тариалалт 74 хувьтай үргэлжилж байна

Энэ онд улсын хэмжээгээр 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн, 25.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 385.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн. Энэ сарын 27 –ны байдлаар 249 мянган га-д улаанбуудай, 10.9 мянган га-д үр тарианы төрлийн бусад таримал, 8.1 мянган га-д төмс, 2.9 мянган га-д хүнсний ногоо, 1.9 мянган га-д малын тэжээл, 11 мянган га-д тосны ургамал, нийтдээ 283.8 мянган га-д тариалалт хийж 73.7 хувийн явцтай байна.

Үр тарианы тариалалт 78.2 хувь, төмс 60.3 хувь, хүнсний ногоо 40.7 хувь, тэжээлийн ургамал 12.0 хувь, тосны ургамлын тариалалт 43.6 хувьтай өмнөх оны мөн үеийн түвшинд хэвийн явагдаж байна.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 250 аж ахуйн нэгж, иргэнд 8,5 мянган тонн улаанбуудайн үр, 377 аж ахуйн нэгж, иргэнд 1,7 мянган тонн шатахуун, 191 аж ахуйн нэгж, иргэнд 147,7 тонн ургамал хамгааллын бодис, 365 аж ахуйн нэгж иргэнд 7,9 мянган тонн эрдэс бордоог тус тус 10-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгоод байна.

Categories
мэдээ улс-төр

Шүүхийг хуучин тогтолцоо руу шилжүүлэхэд бэлэн болжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс /ШЕЗ/ өнөөдөр Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 2016 оны 6 сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан шүүхийг хэрхэн өөрчлөн байгуулах талаар болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн томилогдсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ.

Үндсэн хуулийн цэцээс Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалтыг хууль зөрчсөн гэж үзэн, зургадугаар сарын 1-нээс хүчингүй болгох шийдвэр гаргасан байдаг. Тодруулбал, аймаг болон дүүргүүдийн дунд шүүх байгуулан, дагнасан тогтолцоогоор үйл ажиллагаа явуулж байсныг болиулах шийдвэр гарсан. Ингэснээр шүүхүүдийг нэмж байгуулан, өмнөх тогтолцоо руугаа эргэн шилжихээр болсон юм.

Энэ ажлын бэлтгэл үндсэндээ хангагдсан хэмээн өнөөдөр ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан мэдээллээ. Шинэ зохицуулалтаар 15 шүүх нэмж байгуулна. Энэ ажилд нийтдээ 2.5 тэрбум төгрөгийн зардал гарна хэмээн тооцоолоод байгаа. Тэгвэл энэ зардлыг ШЕЗ нэмэлт зардалгүйгээр, одоогийн төсвөөрөө зохицуулахаар болжээ.

Ингээд зургадугаар сарын 1 гэхэд давж заалдах шатны 19 шүүх 26 болж нэмэгдэнэ. Мөн дүүргийн найман шүүх 16 болно. Мөн анхан болон давж заалдах шатны 99 шүүх 115 болж нэмэгдэх юм.

Давж заалдах шатны шүүхийн зохицуулалтыг ингэж хийжээ. Орхон, Дархан-Уул аймгаас бусад аймаг бүрд эрүүгийн болон иргэний хэргийн танхим бүхий давж заалдах шатны шүүх байгуулна. Харин дээрх хоёр аймагт одоо байгаа эрүүгийн болон иргэний хэргийн төрөлжсөн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах юм байна.

Харин нийслэлийн дүүргүүдийн хувьд дараах байдлаар зохицуулжээ. Долоон дүүрэг тус бүрд эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүхтэй болно. Зөвхөн Багахангай, Налайх дүүргийн дунд л эрүү, иргэний тус бүр нэг шүүх байгуулахаар зохицуулсан байна.

Хэдийгээр шүүх нэмж байгуулах ч шүүгчийн орон тоог нэмэхгүй гэдгийг ШЕЗ-өөс удаа дараа мэдээлсэн. Улсын хэмжээнд 693 шүүгчийн орон тоог хэвээр хадгалах юм байна. Харин шүүгчдийг сэлгэж, шилжүүлэх байдлаар ажиллуулахаар зохицуулжээ. Мөн энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг шүүгчдийн зөвлөгөөнөөр улиран сонгохоор болсон талаар мэдээлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

СЕХ-нд бие даагчид бичиг баримтаа өглөө

СЕХ-ноос улстөрийн нам эсвэл, бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг
хүлээн авах чиглэл бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын
хэсэг энэ сарын 28-30-ны өдрийг дуустал нам, эвслийн нэр дэвшигчдийн
баримт бичгийг, харин 30-ны өдрөөс ирэх сарын 1-ний өдрийг дуустал
хугацаанд бие даан нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авахаар
ажиллаж буй аж. Улстөрийн намуудын хувьд энэ сарын 27-ны өдөр нэр
дэвшигчдээ эцэслэн тодруулснаар өнөөдөр СЕХ-нд баримт бичгүүдээ гардуулж
буй юм. Харин бие даагчид өнөөдрөөс эхлэн баримт бичгүүдээ гардуулж
эхлээд байгаа бөгөөд СЕХ-нд үдээс өмнө 17 бие даагчид албан бичгээ
гардуулан өгсөн байна.