Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 5-р сарын 31-нийг Дэлхийн тамхигүй өдөр болгон зарласан юм.Тиймээс энэхүү өдрийг эдлхийн нийт улс орнууд тамхи татсанаар эрүүл мэндэд учруулах эрсдлийг олон нийтэд таниулах, тамхины хэрэглээг багасгах талаар сурталчилгаа явуулж тэмдэглэдэг. Дэлхийн тамхигүй өдрийн гол зорилгно нь тамхины хэрэглээ болон тамхины утаанаас үүдсэн хор хөнөөл, экологи, эдийн засгийн гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах аж. ДЭМБ-ын мэдээллэснээр, тамхины хэрэглээ нь насанд хүрсэн арван хүн тутмын нэгийг үхэлд хүргэдэг байна. “Тамхины тахлаар” дэлхийд жил бүр 6 сая орчим хүннас барж байгаагаас 600 мянга гаруй ньөөрөө тамхичин биш боловч дам тамхидалтын нөлөөллөөс үүдэн тамхины нас бардаг гэжээ. Хэрэв дэлхий нийтээрээ тамхины эсрэг долрвитой арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд дээрх тоо 8 саяд хүрч болзошгүй байгаа аж. Хүн аль ч насанд тамхиа хаяснаар эрүүл мэнддээ маш чухал тус хүргэж болно. Тухайлбал, 30-35 насандаа тамхиа хаясан тэр хүмүүс хэзээ ч тамхи татаж байгаагүй хүмүүстэй адилхан насладаг гэдгийг эрдэмтэд баталжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Үнсгэлжин” тоглогдоно

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид Эх үрсийн баярыг тохиолдуулан “Хүүхдийн жүжгийн өдрүүд”-ийг зарлан энэ сарын 30-наас тоглож эхэлсэн. Өчигдөр “Бардам туулай” мюзиклыг тоглосон бол энэ өдөр “Үнсгэлжин” хүүхдийн инээмдийн жүжгийг тоглох нь ээ.

Т.Габбегийн “Үнсгэлжин” жүжгийн Үнсгэлжингийн дүрд УДЭТ-ын залуу жүжигчин Г.Номуун, Ханхүүд Б.Золжаргал нар тоглох бол Үнсгэлжингийн хойд эхийн дүрд МУГЖ Оюундарь тоглоно. Түүнчлэн бусад дүрүүдэд тус театрын залуу жүжигчид оролцох тоглох аж.

Тасалбарын үнэ 10 мянган төгрөг бөгөөд бэлэгтэй тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын дулаан хангамжийн гол шугамыг өргөтгөнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/420 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлэх Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11 г, д ф800 мм-ийн гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлав. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нарийн бичгийн даргаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтсийн хяналтын инженер О.Дүүрэнбилэг ажиллана.

Холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг ажлыг ажлын хэсэгт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Үнэндээ хамгийн сайн пиарчин бол улстөрч өөрөө байдаг юм даа

Иймэрхүү утгатай үгийг барууны пиарын зөвлөгөөний компаниуд хэлсэн байдаг юм. Басчиг юу ч үгүй цагаан тал дээр УИХ-ын гишүүнийг гаргаж, бас унагаж, одоо бас гаргах санаатай яваа хүний хувьд хэлэхэд үнэн үг юм. Сонгуулийн үед өөрийгөө эерэг харуулахын төлөө оюун бодлоо тултал нь ширгээж, өвс сэвгэнэхийг анзаартлаа мэдэрдэг хүмүүс бол нэр дэвшигч өөрөө байдаг юм. Ямар ч сайн пиарын зөвлөх байлаа гээд хийж чадах ажил нь нэр дэвшигчийнхээ оюунд шинэ санаа нэмэх, бүр сайн нь нэр дэвшигчийнхээ бодсон сэтгэснийг гүйцээхэд туслах төдий л байдаг. Тэрнээс лав л өнөөдөр Монголын улс төрийн практикт хэн нэгэн нэр дэвшигчийг, хэн нэгэн мундаг пиарчин хөтөлж давхисаар гаргачихсаныг мэдэхгүй юм байна. Харин мэргэн ардууд бол олон. Ёрвоо, Ёмбоо, Сүмбээнүүд ч бий. Монголын улстөрчдийн дийлэнх нь дэргэдээ ямар ч хэрэггүй, нэмэр тусгүй юмнуудыг цуглуулсан байдаг. Тэдэндээ их итгэдэг. Тодорхой цаг хугацааны дараа тухайн улстөрч хүнд байдалд орлоо гэхэд түүний төлөө хоёр үг зөв бичээд нийгэмд аятайхан хүргэчих хүн байдаггүй. Монголд үнэхээр том байгаа, том байсан улстөрчдийн замнал төгсгөлдөө их эвгүй. Эвгүйтсэн үед өөрийнх нь төлөө гуйвшгүй дуугарах ганц сайн нийтлэлч ч байдаггүйг Н.Энхбаяр даргаас харсан. Өнөөдөр улстөрчид хамгийн супер пиарын зөвлөгөө өгсөн жишээ бол “Хадан дээр секс хийж байгаа хоёрын зургийг дараад,сошиалд тараагаад бай, тэгвэл та од болно” гэсэн зөвлөгөө. Энэ зөвлөгөөний үр дүн удахгүй гарна. Хэрэвзээ үнэхээр үр дүн нь харагдвал Монголын улстөрчид араас нь шуугиад л орж явчих байх даа.

Categories
мэдээ цаг-үе

​Д.Ганпүрэв: “Алтай” хамтлагийн тоглолтын үеэр мартагдсан гурван өв соёлыг танилцуулахаар зорьсон юм

Соёл судлаач, хөгжмийн зохиолч, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Ганпүрэвтэй ярилцлаа. Тэрбээр “Монгол угсаатны хөгжмийн товчоо” ТББ-ын тэргүүн. Үүгээрээ дамжуулж эртний өв соёлыг судалж гаргаж ирэх, хөгжүүлэх талаар ажилладаг ажээ.

-“Алтай” хамтлагийн таван жилийн ойн тоглолтын үеэр та бүхэн үзэгч түмнийг өвөг дээдсийн дуу хууртай золгууллаа. Энэ тухайгаа хуучлаач?

-“Алтай” хамтлагийнхан “Золгоё доо” тоглолтоо хийлээ. “Алтай” хамтлаг манай “Монгол угсаатны хөгжмийн товчоо”-ны дэргэд 2011 онд байгуулагдсан юм. “Алтай” хамтлагийн гол зорилго мартагдаж үгүй болсон эртний өв соёлуудыг сэргээхэд зориулагдсан уран бүтээл тоглодог. Хамтлагийн гишүүд маань дөрвөөс арванхоёрдугаар үеийн өв уламжлагчид, голдуу баруун хязгаарын залуус байдаг. “Алтай” хамтлагийн тоглолтоор бид мартагдсан гурван өв соёлыг танилцуулахаар зорьсон юм. Түүнээс гадна өв уламжлагч гэж ямар үнэ цэнтэй чухал хүмүүс байдгийг мэдүүлэхийг хүссэн. Мартагдсан гурван соёл гэдгийн нэг нь 1400 жилийн өмнөх “Алтай” ятга. Дахин сэргээгээд хөгжүүлж байгаа “Алтай” ятга маань 2008 онд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхны хадны булшнаас олдсон, эртний нүүдэлчдийн нуман ятга юм. Энэ ятгыг 2008-2009 онд Германд судлаад, IV-VIII зуунд хамаарагдах эртний нүүдэлчдийн ятга гэдэг нь тогтоогдсон. Энэ хөгжмийн зэмсэг хадны булшнаас бүрэн бүтэн олдоогүй л дээ. Нэлээд хэсэг нь гээгдэж, ерөнхийдөө суурь мод нь гарч ирсэн. Энэ ятга “Алтай” хамтлагийн тоглолтын үеэр эгшиглэлээ.

-“Алтай” ятга ямар түүхтэй олдсон бэ?

-“Алтай” ятгыг нутгийн иргэн Н.Дандар гэж хүн олсон. Хонио хариулаад явж байхдаа хадны булшны цооногтой таарч шагайж үзээд, маш хуучирсан өвөрмөц, эмээлийн бүүрэг, эд өлгийн зүйлс байхыг хараад сонирхож үзсэн юм билээ. Цаанаас нь бас хүний араг яс, янз бүрийн юм гарч ирэхээр нь цэрвээд эртний булш байж магадгүй гэж Манхан сумын түүхийн багшид хэлжээ. Түүхийн багш нь ШУА-ийн Археологийн хүрээлэнд мэдэгдсэн юм билээ. Тухайн үед Ховд, баруун хязгаараар явж байсан судалгааны экспедицийнхэн бас тэрүүгээр явж таараад Манхан сумын Жаргалант хайрханд ажиллажээ. Хөгжмийн зэмсгийг шөнө дунд гаргаж аваад, боож баглан хот руу оруулж ирсэн байдаг. 1400 жилийн турш тогтмол нэг уур амьсгалд байсан учраас яаралтай дахин сэргээх, судлах хэрэгтэй болжээ. Герман руу тухайн жилийн 13 хадны булшнаас гарсан эд зүйлсийн хамт судлуулахаар илгээсэн түүхтэй.

-Таныг энэ ятгыг судалж гаргаж ирсэн гэдэг. Та хэдий үеэс нь оролцов?

-Би Германд удаан хугацаанд ажиллаж амьдарсан шүү дээ. 2010 онд эх орондоо буцаж ирсэн байлаа. Соёл судлаач мэргэжилтэй учраас эртний өв соёлыг сонирхож судалдаг. Монгол ятгыг судалж гаргая гэсэн зорилготой явж байсан. Монгол ятгын оронд Солонгос, Хятадын ятганууд орж ирээд үндэсний хөгжим гэж нэрлэгдээд яваа. Тэгэхээр эднийг Монголын хөгжмийн зэмсэг гэж танилцуулах нь байж боломжгүй зүйл. Тийм учраас монголчууд өөрсдийн ятгыг гаргаж ирэх нь зөв гэж үзсэн. Эх сурвалжийн мэдээгээр арав гаруй төрлийн ятга байжээ. Хаадын өргөөнд голдуу тоглогддог, ард түмний дунд төдийлөн дэлгэрээгүй, уламжлал тасарсан ийм хөгжмийн зэмсгүүд байдаг. Музейд үлдсэн ганцхан ятга бий. Тэр нь Архангай аймагт байна л даа. XVIII зуунд хамаарагдах ятга юм. Түүнээс өөр энэ хөгжмийн зэмсгийн биет баримт байхгүй. Аху их ятгыг сэргээхээр болсон. Нэрт соёл судлаач Ж.Бадраа агсан Аху их ятгын талаар тодорхой бичсэн байдаг. Энэ зэмсгийг сэргээх гэж явахад маань Физикийн хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга ажилтай найз маань Алтай ятгын олдворын талаар хэллээ. “Ийм хөгжмийн зэмсэг олдсон байна. Чи судлаад үзээч. Ямар хөгжим гэдэг нь тогтоогдоогүй байна” гэсэн. ШУА-ийн эрдэмтэд, олдвор олсон эрдэм шинжилгээний ажилтнуудтай уулзлаа. Тэр хөгжмийн зэмсгийн мөрөөр нь мөшгиж эхэлсэн. 2013 оны тавдугаар сард ШУА-иас ажлын баг гаргаад Герман руу явуулсан юм. Үзэсгэлэн гаргачихсан байсан. Тийшээ би эх олдворыг харах санаатай явлаа. Зэмсгийн шарх сорви, гэмтсэн алга болсон бүх зүйлийг судлаад, “Алтай” ятгыг гаргаж ирсэн. Энэ хөгжмийн зэмсгийг судалж гаргаж ирэхэд нутгийн иргэд, эрдэмтэд, хөгжим урлаач, хөгжимчид, түүхийнхэн гээд маш олон хүмүүс оролцсон юм.

-Соёл судлаач хүний хувьд хөгжим дээрээс онцгой ул мөр олж харсан байх?

– Энэ хөгжмийн зэмсэг дээр бас эртний бичгийн дурсгал гарч ирсэн. МУИС-ийн Түрэг тэнхимийн эрхлэгч Баттулга доктор үүнийг тайлсан байдаг. Газар тэнгэрийг аялгуулан дуулагч Чүрэ гэж хүн байжээ. 1400 жилийн өмнөх талын нүүдэлчид зүгээр нэг дайн байлдаан хийгээд явдаг бус өв соёл тээгчид байжээ. Хөгжмийн зэмсгийн ард хадны сүг зургийн дурсгалууд гарч ирсэн. Тэрэн дунд яалт ч үгүй тэнгэрийн зан үйл, Алтайн соёл илэрхийлэгддэг. Гурван Цэнхэрийн агуй дахь хадны сүг зурагтай төстэй зургууд ч энэ хөгжимд дүрслэгдсэн байдаг. Ганц янгир томоор зураад, хоёр нохой, хоёр чоно, гөрөөс зэрэг сонирхолтой дүрслэлүүд бий. Энэ дундаас янгирыг нь сонгож аваад, энэ хөгжмийн зэмсгийг “Алтай” ятга гэж нэрлэн, янгирын толгойтойгоор гаргаж ирсэн. Арав гаруй уран бүтээлээр баяжуулаад “Алтай” хамтлагийн тоглолтод эгшиглүүллээ.

-Таны гэргий ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ “Алтай” ятгыг эгшиглүүлж байгаа, хэн урласан бэ?

-2013 оны аравдугаар сарын эхээр үйлдвэрлэлийн нарийн хэмжээст зургуудыг бэлэн болгоод, “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрийн хөгжим урлаач Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Байгальжав өөрийн гараар урласан. Анхны эгшгийг нь бараг аравдугаар сарын дундуур татсан байх. Миний эхнэр Ч.Мөнх-Эрдэнэ олонд танигдсан сайн ятгачин. Анхны эгшиг үнэхээр шар үс босгосон л доо. Маш их цуурайтсан амьтай эгшиг байв. 2013 оны арваннэгдүгээр сараас эхлээд “Алтай” ятга маань бидний гар дээр ирсэн. Энэ үед эх олдвор Германаас буцаж ирээгүй байлаа. Соёлын яаман дээр очиж “Ийм олдвор олдсон байна. Үүнийг бид нутагшуулмаар байна” гэхэд “Олдвор нь хүрээд ирэг, судалгааны баг гараг, нутагшуулах эсэхийг бид шийддэг юм” гэсэн. Хамгийн гол нь юунд эмзэглэсэн гэхээр эх олдвор Германд байсан ч эх олдворын судалгаа нь Казахстанд явагдаж байсан. Судалгааныхаа бичвэрийг гаргаад, олон нийтэд танилцуулчихсан. Мөн Туркийн эрдэмтэн бас энэ хөгжмийг судлаад “Энэ бол салса хөгжмийн өвөг эцэг” гэсэн. Түрэг угсаатан энэ хөгжмийг хамгийн түрүүнд шүүрч авсан юм. Миний хувьд Монголын газар нутгаас олдсон, Монголын соёл байх ёстой. Бид яарахгүй бол гадагшаа гарчих гээд байсан. Тийм учраас маш их яарч, энэ соёлоо Монголдоо барьж үлдэх нь чухал гэж бодсон. Санхүүжилт байхгүй, халаасан дахь мөнгөө бүгдийг хийгээд, “Алтай” ятганд ихэнх цагаа зарцуулсан даа. 2014 оны нэгдүгээр сарын 28-нд эх олдвор Буянт-Ухаад бууж байхад бидний “Алтай” ятга аль хэдийнэ 2013 оны арванхоёрдугаар сард эгшиглэчихсэн байсан. Дараа нь дөрөвдүгээр сарын 9-нд булшны олдворуудаар Үндэсний түүхийн музейд үзэсгэлэн гаргахад бид нээлтийн үеэр нь “Алтай” ятга тоглож байхад хүмүүс цочирдож байсан. Гэхдээ л төдийлөн тоохгүй байгаа юм. Тавдугаар сарын 16-нд “Алтай” ятга гэдгээр нь дэлхийд зарлая гээд дуурьсуулах их ёслол хийхээр Д.Дагвадорж аваргаар элчингүүдийг залуулаад Ч.Мөнх-Эрдэнэ эгшиглүүлж, АСА циркт хүндэтгэлийн тоглолт хийсэн юм. Энэ хугацаанд “Алтай” ятганд зориулаад 60 хүний бүрэлдэхүүнтэй найрал дуутай хүндэтгэлийн магтуу бичсэн. Дуурьсуулах ёслолын үеэр олон хүн омогшсон доо. Өв соёлын үнэ цэн цаг хугацаагаар илэрхийлэгддэг. Монгол Улсын түүхэнд 1400 жилийн өмнөх хөгжмийн зэмсэг байхгүй. Энэ бол түүхэн онцгой үзэгдэл. Эртний нүүдэлчин монголчуудын нуман ятга гэсэн нэршил бий. Нүүдэлчид нум сумаараа байлдахаас гадна нуман ятга болгож тоглодог байжээ гэж түүхэн эх сурвалжид үлдсэн байдаг. Энэ бол монголчууд нуман ятгатай байсны том нотолгоо. Сонирхуулж хэлэхэд Алтай ятганы царан дээрх чавхдас татагч тэвх цартайгаа наалдсан хэвээр олдсон. Энэ хоёр мод наалдсан хэвээр 1400 жилийг туулж ирсэн. Би бол мэргэжлийн хөгжимчнийхөө хувьд энэ хөгжмийн зэмсгийг яг ямар хөгжим бэ гэдгийг баталж чадна. Хүмүүс хэт их эргэлзэж хөгжилд саад болох, хамтраад цааш хөгжүүлэх ур ухаан одоохондоо дутаж байх шиг. “Монгол угсаатны хөгжмийн товчоо”-ны дэргэд “Алтай” ятга нэлээд хөгжсөн. Хөгжим урлаач П. Байгальжав ах маань үүнийг улам хөгжүүлж 13 чавхдастай “Алтай их ятга” гаргаж ирсэн. Эхнэр маань мэргэжлийн ятгачин учраас энэ зэмсгүүдээр яаж тоглохыг яруу тодоор харуулна л даа. Алтай хамтлагийн тоглолт дээр “Алтай” ятга ч, “Алтай их ятга” ч тоглогдлоо. “Алтай” ятга төсөл хэрэгжүүлэхээс өмнө бид “Аху” ятгыг сэргээхээр явж байсан. Өнөөдөр энэ ятга сэргээгдсэн. Архангай аймгийн нэрт хөгжим урлаач Л.Дэмчиггарав ахтай хамтарч “Аху” их ятган дээр ажилласан юм. Хоёр их эртний өв соёлыг ингэж “Алтай” хамтлагийн тоглолтоор олонд толилуулав.

-Тойрон бүжиг гэж бас нэг мартагдсан соёл “Алтай” хамтлагийн таван жилийн ойн тоглолтын нэг сюрприз байлаа?

-Монголчуудын тойрон бүжиг одоо байхгүй болчихоод байгаа юм. Тойрон бүжиг хүрээ, дугуй соёлтой холбоотой. Тойрон бүжгийн тухай “Монголын нууц товчоо”-нд ч дурдагдсан байдаг шүү дээ. “Өвдөг газрыг өлтөртөл, хавирга газрыг халцартал бүжиглэе” гэсэн үнэхээр гайхалтай хүчтэй энергитэй хоёр өгүүлбэр бий. Монголчууд тойрон бүжигтэй байсан. Тухайн үедээ олон жижиг угсаатан нийлээд хаадын их цэнгүүний үеэр том тойром хийж, саглагар модоо тойрон бүжиж, баяр наадмаа нээдэг байсан. Тойрон бүжиг эв нэгдлийг бэлгэддэг. Энд зэрэг зиндаа хаан, харц ялгаагүй хамтдаа бүжиглэдэг. Тийм болохоор тойрон бүжиг сэргээх нь чухал гэж бодсон. Бид Якут явахдаа маш гоё тойрон бүжиг үзсэн. Тойрон бүжиг харахад энгийн ч дунд нь ороод бүжиглэхээр эрчимд нэгдэж, энерги авч, транст орж хүчтэй мэдрэмж авдаг юм билээ. Манжийн үед бидний эв нэгдлийг илэрхийлдэг тойрон бүжиг мэтийн гол соёлуудыг устгасан байх магадлалтай. Бидний эртний хөг маань Алтайн магтаалд байдаг. Экил дотор хуурын татлага маань бас өнөөг хүрч ирсэн. Тэр хөг дундаас тойрон бүжгийн гол элементүүдийг судалж гаргаж ирсэн. Ийм гурван соёлыг Алтай хамтлагийн тоглолтоор хүмүүст хүргэлээ.

-Мартагдсан өв соёлуудыг гаргаж ирэх хүсэл эрмэлзэл танд хэдий үеэс бий болсон бэ?

-Германд байхад аль хэдийнэ бүрэлдэж бий болсон. 1993 онд бид Герман руу гарсан. Энэ үед ардын язгуур урлагийн “Эгшиглэн” хамтлаг байгуулсан юм. Магтана, дуулна, морин хуурын дөрвөл учраас орчин үеийн хөгжмийн мэргэжлийн бүтээлүүдийг тоглодог. Дээрээс нь бас “Битлз”-ийг тоглодог байлаа. Тухайн жилдээ “Монгол гайхамшиг” гэж шоу наадамд ороод, тэндээсээ цаашлаад гараад явчихсан хүмүүс. Биднийг 1991 онд “Битлз”-ийг тоглож байхад Г.Жамъян багш шүүмжилж байсан. Гэхдээ бид Г.Жамъян багшийг Шуманы “Бодол”-ыг морин хуураар тоглосныг мэддэг л дээ. 1991 онд “Чөлөөт цаг” гэж баар нээгдэхэд “Битлз”-ийн “Yesterday”-г морин хуурын дөрвөлтэй тоглоход ажлаас халах тухай яригдаж билээ. “Цаг үе” мэдээллийн хөтөлбөрөөр гараад “Хамаагүй ингэж тоглож болохгүй, урлаг гутаалаа” гэж бангадуулж байв.

-Морин хуураар сонгодог хөгжим тоглож болох уу?

-Ардын урлаг гэдэг бол олон зуунаар ахуй соёлоор дамжсан генийн сан байхгүй юу. Зарим нь суралцдаг байхад заримынх нь цусан дотор мэдээлэл нь явж байдаг. Манайхан үүнийг өв уламжлагчид гэдэг. Морин хуураар сонгодог тоглож болно. Гайхуулж байгаа хэрэг. Гэхдээ язгуур урлагаа тоглосон нь хамаагүй дээр. Яагаад гэвэл хөгжлийнхөө эхэн шатандаа үнэ цэнтэй байдаг учраас хамаагүй хөгжүүлж болдоггүй. Болдогсон бол зарим нэг язгуур соёлоо царцаачихмаар байгаа юм. Өөрчлөгдөх тусмаа бид язгуураасаа холдоод байгаа хэрэг. Язгуур урлагийг сургалтаар олгож болно. Аль болох уламжлагч байх тусмаа дотоод нарийн мэдрэмж, зургаа дахь мэдрэхүйгээрээ тоглодог.

-Монголын үндэсний урлаг соёл дэлхийд ондоо харагдана гэж одоо бол хүн бүр л ярьдаг. Харин ерээд оны эхэн үед салхи хаашаа эргэж байгааг та бүхэн мэдэрч байжээ?

-Монголын язгуур урлаг байдгаараа байсан. Хил даваад гарахаараа хүмүүс маш их сонирхдог. Нүүдэлчдийн соёл гэдэг утгаараа нөгөө талаар бид угсаатныхаа хувьд сонирхолтой ард түмэн. Нүүр царай, үүх түүхээрээ ч тэр. Дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны түүх ч сонирхолтой. Тэнд байгаа ард түмэн биднийг өөр нүдээр хардаг. “Чингис хаан XIII зуунд сэлэм эргүүлж биднийг байлдан дагуулсан бол Чингис хааны соёл биднийг одоо баясгаж байна” гэх мэт гарчигтай бидний тухай нийтлэл сонин хэвлэлд гарч байлаа. Бидний хархираа, хөөмий, исгэрээ, цуур натур байгальд ойр. Суурьшмал соёлд тэр талаасаа онцгой үзэгдэл болдог. Бид гайхамшигтай урлагтай гэдэгтээ биш. Улс үндэстэн бүр өөр өөрийн соёлтой. Олон зууны турш түүнийгээ баяжуулсан байдаг. Гэхдээ биднийх бол дэлхийд танигдсан түүх болохоор илүү сонирхолтой гэсэн үг. Биднийг орж очиход тайлагдаагүй, мартагдсан ертөнцийн хүмүүс гэж хүлээж авч байсан даа.

Өнөөдөр этник урсгал гээд байна. Энэ бол 1996 онд өрнөдийнхөнд зориулж манай “Бөртэ” хамтлаг гаргаж ирсэн урсгал.


Categories
мэдээ цаг-үе

Намсрайн Лутбаяр: Нийтийн дууны нэгэн үеийн их давалгаа Завханаас эхэлсэн

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, аймгийн алдарт уяач, сэтгүүлч, Б.Явуухулангийн нэрэмжит яруу найргийн наадмын анхны тэргүүн шагналт яруу найрагч Намсрайн Лутбаяртай уулзаж хөөрөлдлөө. “Завхан гол” дуугаараа овоглосон, олон сайхан дууны эзэн энгүй авьяаст эл тэнгэрлэг бодолт эрхэм өнөөг хүртэл ганц ч ном хэвлүүлээгүй, басхүү Монголын зохиолчдын эвлэлийн гишүүнээр ч элсээгүйг сонсоод үнэндээ хоёр чихэндээ ч итгэсэнгүй. Эгэл даруухан найрагч ах маань “Хийморийн Шилийн Богдыг Хойморын Отгонтэнгэртэй золгуулсан” уран бүтээлийн цэнгүүнээ энэ сарын 31-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд толилуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

-Уран бүтээлийн цэнгүүнээ хийх гэж байгаа гэсэн. Таны зохиосон дуу хэд орчим болоод байна?

-Миний адуу хэд юм. Би тоолж үзээгүй, тоолоод байхаар ч их адуу байхгүй. Миний дуу хэд юм. Бас тоолж үзээгүй, тоолоод байхаар ч олон дуу байхгүй байх. Уран бүтээлд тоо чухал биш. Дууны шүлгийн “Үгийн нүд” гэсэн анхны түүврээ гаргах гэж байна. Энэ түүвэр маань ерэн есөн дуутай, шалдан нооттойгоо, худам монгол, кирилл хос бичгээр хэвлэгдэж байгаа юм.

-Та анхны ном гэж юу ярина вэ. Өмнө нь номоо хэвлүүлж байсан биз дээ?

-Энэ “Үгийн нүд” миний анхны ном болох нь дээ. Уг нь залуудаа нэг ном бэлдсэн ч дарвиж яваад цүнхтэйгээ гээчихсэн юм.

-Саяхан Далхаагийн Норов ахтай хөөрөлдөхөд “Алтан Богдын шил” романыхаа хоёрдугаар дэвтрийг цүнхтэйгээ гээчихсэндээ харамсаж явдаг гэсэн. Та бас яагаад гээчихээ вэ?

-Гээгдээд л олдоогүй. Тэрнээс хойш өдий хүртэл “Бурхан намайг ном гаргаж хэрэггүй гэж байгаа юм болов уу” гээд өдий болчихлоо. “Сэтгэлийн булаг” ч бил үү, “Сэтгэлийн нэрмэл” ч бил үү тиймэрхүү нэртэй л ном бэлдсэн байсан юм. Наян есөн онд Балбар ах Дөнгөтийн Цоодол гуайтай МОНЦАМЭ-гийн үүдэнд уулзаад “Энэ нөхрийн номыг номын төлөвлөгөөнд оруулъя” гэснээр хэвлэлд бэлдчихээд явж байсан хэрэг. Хөх хотод Сэтгүүлчдийн холбооны хуралд оролцоно гэж Эрдэнээ гуайгаар паспорт гаргуулж аваад буцаад вокзал дээр иртэл манай морин хуурын Цогбадрах угтаж “Болор цом”-д Бавуудорж үлдчихлээ” гэнгүүт хөөрөөд хамаг юмаа ширээн дээр мартаж гараад, Нисэх ороод хадам ахындаа ганц юм задлахдаа цүнхээ санасан ч олдоогүй. Сүүлд хоёр, гурван шил архиар паспортоо олж авсан юм. Түүнээс хойш ном гаргах сэтгэлгүй болсон. Одоо харин “Ном чинь байна уу” гэж амьтан хүн асуугаад байхаар санаа зовоод гаргаж байгаа ухаантай.

-Ном гаргасан, гаргаагүй таныг олон түмэн зангаргатай яруу найрагч гэдгийг зохиосон дуунуудаар чинь сайн мэднэ. “Завхан гол” дуугаа гэхэд бичсэн түүх нь сонин л байж таараа даа?

-Миний гэр бүлийн хүн чинь Завхан аймгийн Эрдэнэмандал сумын хүн шүү дээ. Анхны охин маань биднийг оюутан байхад төрсөн учраас хадмууд харж хандана. Тэгээд сургуулиа төгсөөд охиныхоо хойноос Завхан явсан улс. Сэтгүүлчдийн холбооны Т.Баасансүрэн гуайгаас томилолт авч, аймгийн “Туяа” сонинд 1989 оны долдугаар сарын 15-ны өдөр сурвалжлагчаар ажилд орсон юм. Сэтгүүлчийн ажлын гараа минь ингэж эхэлж, Завханд найман жил амьдарсан. Тиймээс намайг хүмүүс Завханых гэж ойлгодог. Завхан, Сүхбаатар хоёр бол засаг захиргааны нэгж юм. Сурвалжлагч, үйлдвэрийн дарга, утга зохиолын нэгдлийн эрхлэгчийн алба хашиж байлаа. “Хөлдүү гурван аймаг”-ийн нэгийг гэсгээлцэж явлаа, залуу насандаа.

-Хөлдүү гурван аймаг гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Завхан, Увс, Говь-Алтай гурав чинь улс төрийн хүрээнд ардчиллыг их хожуу хүлээж авсан аймгууд шүү дээ. Тэнд уран бүтээлийн сайхан нөхөдтэй одоогийн хэлээр гал болж ажилласан.

-Хэн хэнтэй уран бүтээлийн дөрөө харшуулж явав?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Дагвын Цэвээнравдан, Г.Жамьян, гавьяат жүжигчин Батсүх, төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, яруу найрагч Хасвайн Лхаасүрэн, И.Цоозол, Бат-Өлзий, Пэрэнлэй, Алтангэрэл, Самдан, Бороохойн Батхүү нартайгаа хамт уран бүтээл туурвиж, нэгнийхээ сэтгэлийн гэрэлд хөөрч хөгжиж явлаа. Бид сэтгэл нэгтэй улс. Бараг нийтийн дууны нэгэн үеийн давалгаа зөвхөн Завханаас эхэлсэн гэхэд болно. Наяад оны төгсгөлөөс ерэн найман он хүртэл энэ давалгаа явсан гэж боддог.

-Бавуудоржийн шүлгүүд, хоёр гавьяатын аялгуунуудыг анзаараад байхад одоо ч наад давалгаа чинь цалгилсаар байгаа юм биш үү?

-Одоо ч үргэлжлээд давалгаалж л байгаа юм байна шүү. Зарим хүмүүс намайг “Нийтийн дуугаар өвчлүүлсэн” гэж зэмлэдэг л юм. Дууны яруу найрагт хорин долоон жил үнэндээ зүтгэсэн байна. Миний анхны уран бүтээл “Бүүвэй ээж” дуу гарснаас хойш ийм хугацаа өнгөрч. Энэ дуу их булган сүүлтэй дуу л даа.

-Тэр чинь юу гэсэн үгтэй дуу байдаг билээ?

“Бүтэн нойртой хонож үзээгүй

Бүлээн цайгаа ууж амжаагүй

Ганцхан биений жаргал эдлээгүй ч

Газар дээр миний ээжий

Үр чинь өсөж том болжээ

Үргэлж юунд санаа тавина вэ

Уул шиг том эр болсон шүү дээ

Унтаж амар даа бүүвэй, ээж ээ” гээд Батсүх гавьяатын дуулдаг дуу. Би Завханд хорин гуравтай очсон. Миний найз Банзрагчийн Баярсайхан гэж Говь-Алтай аймгийн “Алтайн хөгжил” сонинд сурвалжлагчаар ажилладаг байлаа. Манай Б.Галаарид Свердловскт төгсөж ирээд бас тэр сонинд ажиллаж байсан. Бид их нийлнэ. Бие биен рүүгээ их явна. Говь-Алтай, Завхан аймагт юм уу, Тайшир, Цагаанчулуутад уулзана. Нэг удаа Говь-Алтайд очоод “Алтайн хөгжил” сонинд “Үүрд хамт байгаач, ээж ээ” нийтлэл бичиж хэвлүүлээд Багануурт байдаг Баяраагийнхаа аав, ээжид илгээлээ. Би Сүхбаатар аймагт байдаг ээждээ шуудангаар нөгөө нийтлэлээ явууллаа. “Бүүвэй ээж” шүлгийг тэгэхэд Баяраа маань уншчихаад гуравдугаар сарын долоон буюу тэр оройноо Үйлдвэрийн ажилчдын мартын баяр дээр дуулна гэдэг юм.

-Тэгээд дуулав уу?

-Ая хийгээд гитартай дуултал тэнд байсан дөч тавиад хүн уйлаад сүйд болдог юм. Тэгэхэд л дуу бичиж болох юм байна гэсэн санаа тархинд анх харвасан. Тэр үед Батсүх “Сургууль минь” гэсэн ганц дуу л дуулсан байсан. Завханд шөнөдөө давхиж ирээд Цэвээнравдан багшид өгсөн. Удалгүй “Бүүвэй ээж” дуу төрж, аймгийн Намын арван наймдугаар бага хурлын төлөөлөгчдөд концерт тоглотол тэнд байсан төлөөлөгчид уйлсан. Тэр надад хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Дуу гэдэг ямар их хүчтэй юм гэдгийг мэдэж дууны уран бүтээлд донтсон. Түүнээс хойш бичсэн дуунууд маань 130 гаруй уран бүтээл болж.

-Пээ, та чинь дуугаа тоолж үзээгүй, цөөхөн л гээд байсан. Одноос ч олон дуутай л юм байна ш дээ?

-Сая дууны түүврээ гаргах гэж л багцаалдаж үзсэн юм.

-Таны төрсөн нутаг чинь наран мандах зүгийн Сүхбаатар аймаг биз дээ?

-Би чинь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Хатагин овгийн хүн шүү дээ. 1983 онд Баруун-Урт хотын нэгдүгээр арван жилийн сургуулийг дүүргэлээ. Хүүхэд байхдаа адуучин болно гэж боддог, дараа нь тагнуулч болно гэж мөрөөддөг байлаа. Самбо, жүдогоор барилддаг, хөнгөн атлетик, гимнастикаар хичээллэдэг, хөлбөмбөг ч тоглодог байлаа. Зүүн гурван аймгийн самбо бөхийн тэмцэээнд таван өрсөлдөгчөө гарт өчих мэхээр ялж аваргалахад тэнд явж байсан Нийгмийг аюулаас хамгаалахын төлөөлөгч надтай уулзсан юм. Би ч Нийгмийг аюулаас хамгаалахын сургуульд явъя гэж хоёр хуваарь дээр шалгалт өглөө. Хорин таван хүүхдээс би нэгээр гарч, манай багшийн хүүхэд хоёроор гарсан. Тэгтэл манай багш хувийн хэрэг авч “Арван төгрөг дээрэмдсэн” гэж хилс тодорхойлолт бичиж бараг сургуулиас хөөх шахуу юм боллоо. Багшийн хүү хойшоо сургуульд явж хурандаа болтлоо явсан. Би тэр сургуульд явсан бол архи дарсанд дуртай, амьдралгүй нэгэн болчих ч байсан юм бил үү гэж одоо хувь заяандаа залбирдаг юм. Гэр зуур гэрэл зураг угааж, охидыг зодоо хийлгэдэг ажилтай сууж байтал “Сүхбаатарын зам” сонинд сэтгүүлчийн ангийн хуваарь ирээд намайг явуулсан. Зохиолч Мөнгөний Чимэд гуай миний шүлгийг Монголын радиогоор уншуулсан байсан.


Завхан гол

Хөгжмийг Г.Жамъян (МУУГЗ)

Дуучин С.Батсүх (МУГЖ)

Дэн шаргалыг хоргойлсон

Дэлхийн нарыг хүлхсэн

Хадаг яндар Завхан гол

Хаа хүрэхээр тэмүүлнэ вэ

Ээ, Завхан гол

Элсний нүүдэл шиг чимээгүй

Ай, Завхан голын

Анир үргээж адуу тургилна аа

Хөлчүү зэрэглээ сандаасан

Хөлөрсөн манхныг сэрүүцүүлсэн

Хатан тунгалаг Завхан гол

Халхын нутгаар ороолно оо

Зовлон жаргалаар мэлмэрсэн

Зорголын нүд шиг ус гүйсэн

Мөрөнгийн энтэй Завхан гол

Мөнхийн усыг орлоно оо

Зүлэгт талыг хажсан

Зүсэр уулсыг хэжсэн

Ороо тэлмэн Завхан гол

Одоо юундаа тэлгүүлнэ вэ

Элсний өвсийг ундаалсан

Өвсний сүвийг угаасан

Эргээ хальдаг Завхан гол

Эзэн лусдаа эрхэлнэ ээ

Гуниг баяраар мэлмэрсэн

Гурын нүд шиг талимаарсан

Дайдад одох Завхан гол

Далай сэтгэлийг минь тээнэ ээ

Бадар хундага

Хөгжмийг Д.Цэвээнравдан (МУУГЗ)

Дуучин О.Ичинхорлоо (МУГЖ)

Нар сарны ивэлсэн сүү

Бялхаж мэлтэрсэн агар завьяа

Намиа салхины мөнгөн уул

Хүртээд номхорсон булаг рашаан

Энгэр түлхүү Бадархундага

Эр уулын бүсгүй хүйсээ

Барсын хэвтэй суварга хайрхны

Ханийн тэнгэртэй тунгалаг болор

Магнай дундаа одон титэмтэй

Манхагтай уулын цагаан Дара эх

Энгэр түлхүү Бадархундага

Эр уулын бүсгүй хүйс ээ

Хүмүүн цэцгийн ихэр тэргүүн

Ханьсаж дуулсан омог домог

Хүжсийн үнэр салхиар өртөөлөөд

Ариун лавиран цогцолсон газар

Энгэр түлхүү Бадархундага

Эр уулын бүсгүй хүйсээ

Аав уул

Хөгжмийг Ц.Жамъян (МУГЗ)

Дуучин С.Батсүх (МУГЖ)

Ургуулан ургуулан бодоход

Уул шиг нөөлөгтэй аав минь

Нутгийн тахилгатай овоодын

Нуруутай жаахан Зотол минь

Хормой бэлийг нь бараадахгүй

Холын өндөр уулс яах вэ

Араг шиг намхан нутгийн ууланд

Аавын минь төрх бүтэн байна аа

Альхан ч талдаа нөмөртэй

Аав минь та хүн уул юм

Хайр энэрэлд тань торнисон би

Хаа нэгтээ тань хоргодсон толгод юм аа

Торниж өсөөд үр тань тэгвэл

Тос даасан бор уул болно

Тал талдаа толгод ургуулсан

Тань шигээ нөмөртэй уул болно


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улайрсан мамаас ягаарсан Будда

Мэргэжлийн сумогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацу башё амжилттай өндөрлөлөө. Их аварга Хакухо М.Даваажаргал цагийг эзэлсэн агуу бөх гэдгээ баталж 37 дахь түрүүгээ авлаа. Япончуудын аварга болно хэмээн найдлага тавин хүлээж буй озэки Кисэносато 13 даваа хоёр унаатайгаар Хакухогийн ард бичигдэж байна. Гэнэт л барилдаан нь эрс өөрчлөгдөж, илэрхий амжилт үзүүлэх болсон түүнд Японы сумогийн холбоо ёкозунагийн болзол тавьж байгаа. Учир нь озэки цолтон башёд хоёр түрүүлж байж ёкозуна цол хүртдэг бол Кисэносатог нэг түрүүлбэл их аварга гэсэн цол өгнө гэж амлаж байна. Энэ барилдаанаар аварга болж чадсангүй. Гэсэн ч дараагийн башё бий. Хэрэв Кисэносато аварга болбол япончуудын нар нь гарчээ.

Ингэхэд яагаад энэ тухай бичээд байгаа билээ. Японы сумо бол манай үндэсний бөхийн дараа орох спорт учраас ийн хөндөж байгаа юм. Сумочдын үүх түүх, ололт амжилт, алдаа оноог нь манайхан бүгд мэддэг. Одоо сумог тоохоо больсон, үздэггүй гэдэг ч нэр усыг нь жигтэйхэн сайн мэддэг, барилдаан, мэх бүрийг нь сүрхий яриад сууцгааж байдаг.

Энэ башёд Хакухо аваргын дараа бичигдсэн озэки Кисэносато 1986 онд төржээ. Түүнийг анх 19 настайдаа дээд зиндаанд гарч ирэхэд л япончууд их аварга төрнө хэмээн хүлээж байсан ч тэр хэмжээнд амжилт үзүүлж чадалгүй өдгөө 30 нас хүрч байна. Харин сүүлийн хэд хэдэн башёд Кисэносато тун амжилттай барилдаж байгаа. Гэнэт барилдах арга барил нь өөрчлөгдөн барилдаан нь сайжирсан түүнийг сэтгэлзүйн засал хийлгэсний үр дүнд ийм амжилт үзүүлж эхэллээ хэмээн шуугиж байна.

Ер нь япончууд сумод яагаад монголчууд ийм өндөр амжилт үзүүлээд байгааг судалжээ. Монголчууд байгалиасаа хүч чадалтай төрдөг гэдэг ойлголтыг энэхүү судалгаа үгүйсгэсэн байна. Учир нь бяр чадал, мэх хийх чадвар зэргээрээ япон, монгол сумочид хэн хэнээсээ хэт хол тасарч, сайн муугийн туйлд хүрсэн үзүүлэлт гарсангүй. Аль аль нь унахдаа унадаг, давахдаа давдаг өгөө аваатай байж, яахав бяр чадлын хувьд монголчууд бага зэрэг илүү байж болох ч энэ нь байнга амжилт үзүүлэх үндэслэл болохгүй. Тэгвэл монголчуудын амжилтын нууц нь юундаа байна вэ.

Монгол сумочдын амжилтын нууц нь сэтгэлзүйдээ байдаг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Тал нутгийн уужуу тайван зан, юмыг өнгөрөөж чаддаг чадвар тэднийг ийм хүчирхэг болоход нөлөөлсөн байна. Монгол аваргын сэтгэлзүйг судлахад “Бид барилдаж олон түмнийг баясгаж байна. Үүний үр дүнд сайхан амьдарна” гэсэн энгийн философитой. Заримд нь энэ философи тун энгийн мэдээжийн сонсогдоно. Зарим нь “Хэзээ байтлаа ингэдэг юм” гэж хачирхана. Яагаад гэхээр орчин үеийн бүх сургаал амжилтын тухай байдаг. “Чи заавал чадна, чи амжилтад хүрнэ” гэх зэргээр зогсоо зайгүй сэтгэл санааг нь нүддэг. Яг амьдрал дээр энэ их өөр. Амжилтад хүрсэн хүмүүс өдөр шөнөгүй ингэж бодоод байдаггүй. Тэд өмнөх ажлаа л хийдэг.

Кисэносатогийн хувьд өмнө нь асар их үзэн ядалт, уур бухимдлаар цэнэглэгдээ юу гэлтэй мэнчийсэн улаан хүн л сумогийн дэвжээнд гардаг байсан. Өөрөөр хэлбэл өстөн дайснаа дарах сэтгэлзүйгээр өвч “зэвсэглэж” гараад унадаг байжээ. “Чи заавал ялна шүү, чи л чадна” гэж зогсоо зайгүй өөртөө шаардаж, өрсөлдөгч бөхөө өстөн дайсан мэтээр санаж гараад өөрөө өөртөө унаж явжээ. Энэ бол ялагдал болгоноо үл зөвшөөрөх арлын жижигхэн сэтгэхүй юм. Орчин цагт үүнийг хотын сэтгэхүй гэдэг. Адгаж яарсан, зөвхөн өөрийгөө бодсон, асуудлын жижигхэн хэсгийг эсвэл нэг талыг нь харж шийдвэр гаргадаг сэтгэхүй.

Харин одоо Кисэносато сэтгэлзүйн засал хийлгээд өөртөө хуримтлуулсан тэр их бухимдал, үзэн ядалтаа сэтгэлээсээ хөөж чаджээ. Тэр уужуу тайвуу бодож, хошин шог ярьж, инээж, нэгнийхээ мөрийг нөхөрсгөөр алгадаж чаддаг болсон байна. Ингээд сумогийн дэвжээн дээр ягаарсан Будда шиг хүн гарч ирдэг болжээ. Түүний нацу башёгийн сүүлийн барилдааныг нь хараарай. Хачин тайван, уужуухан барилдан давж байгаа нь харагдана. Сумогийн тайлбарлагч нар ч Кисэносатог их өөрчлөгдсөн гэж ам уралдан ярьж байна лээ. Ялалт ялагдал, унаж босохын учир, үнэ цэнийг мэддэг болсон болохоор тэр ийм түвшин дөлгөөн болоо биз ээ. Яг үүгээрээ үргэлжлүүлэн барилдвал тун удахгүй хүссэн амжилтдаа хүрч ард олныхоо магнайг тэнийлгэн баярлуулах нь тодорхой. Уужуу тайвуу, юмыг өнгөрөөж чаддаг тал нутгийн зан чанар хүний амьдрал, хувь заяанд хэрхэн сайнаар нөлөөлдгийг үүнээс харж болно.

Ер нь хэн нэгнийг зүхсэн, атаархсан, үзэн ядах сэтгэхүйтэй хүн хол явдаггүй, ажил төрөл нь бүтэмж муутай байдаг. Нэг хүнтэй хэрэлдэж муудчихаад нөгөөхөө бодоод уур нь хүрч дэлбэрчих гээд байвал ядаж эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлнө. Цаашлаад сайн бодол санаанууд нь уурандаа шатчихдаг гэж байгаа.

Тиймээс тал нутгийн үндсэн философи бол юмыг өнгөрүүлж сурах. Уужуу тайван бодож, уучилж өршөөх. Ялих шалихгүй зүйлээс болж хүнтэй ам зөрөхийг манай ахмадууд тэвчдэггүй. “Иймхэн юмнаас болж хүнтэй муудаад яахав, дуугүй өнгөр” гэдэг. Ингэлээ гээд чи юугаар ч хохирдоггүй. Харин ч сэтгэлзүйн хувьд бусдыг хүлээн зөвшөөрч, үзэн ядах сэтгэлгээнээс сална гэдэг амьдралыг тун энгийн хялбар болгодог төдийгүй амжилт, нэр хүндийн даллага болдог.

Categories
мэдээ улс-төр

Жон Кэрри Монгол Улсад айлчилна

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри энэ оны 6 дугаар сарын 5-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалынхаа хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Мөн Монгол Улсын төр, засгийн тэргүүн нарт бараалхаж, Монголын залуу манлайлагчдын төлөөлөлтэй уулзана.

Categories
мэдээ нийгэм

Маргааш 1000 хүүхдийн парад болно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ маргааш буюу зургаадугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11:00 цагаас эхэлнэ.

Энэ удаагийн хүүхдийн баярыг “Ном”, “Авьяас”, “Багшийн хөтөлбөр”-ийн үр дүнг олон нийтэд танилцуулах, хүүхдийн авьяас, ур чадвар, амжилтыг сурталчлах, алдаршуулах зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж байна. Тиймээс хүүхдийн баярт энэхүү хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа сургууль, цэцэрлэгийн авьяаслаг хүүхэд багачууд оролцох юм.

МАРГААШ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Тухайлбал, Таван зуун хүүхэд бишгүүрээр Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг” аялгууг хөгжимдөж, Төрийн соёрхолт ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г 500 морин хуурч хүүхэд тоглож сонирхуулах юм байна.

Мөн 1000 хүүхэд хүүхдийн баярт зориулан найрал дуу дуулж, Уран хөдөлгөөнт гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээний 3 удаагийн аварга Баянгол дүүргийн 185 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, Баянгол дүүргийн 85, 94, 157, Баянзүрх дүүргийн 61, Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн 2000 гаруй хүүхдүүд уран хөдөлгөөнт гимнастик хийнэ. Энэ үеэр 1000 хүүхдийн парад алхаж баяр хүргэхээс гандан хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн, сургуулийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны амталгаат худалдааг зохион байгуулна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сонгуульд оролцох нь монголчууд төрөө байгуулж буй хэрэг​” нийтлэл хэвлэгдэн гарлаа

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхантай хийсэн ярилцлагыг өнөөдрийн дугаартаа онцолж хүргэж байна. Тэрбээр сонгуулийн хуулийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм. Түүний ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрээс уншина уу.

Улсын арслан Э.Оюунболд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй 100 хүүхдийг Эх, үрсийн баяраар баярлуулахаар болсон байна. Энэ тухайгаа манай сонинд тодруулга өгснийг нэгдүгээр нүүртээ хэвлэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг алдарт гуравдугаар нүүрт “Сонгуульд оролцох нь монголчууд төрөө байгуулж буй хэрэг” нийтлэл гарлаа. “…Ерөнхийлөгчийн сонгуулиар нийт сонгогчдын 63.9 хувь буюу өмнөхөөсөө даруй 40 хувь буурсан байдаг. Эдгээр саналаа өгсөн сонгогчдын 50.23 хувийн саналаар нэр дэвшигч ялалт байгуулсан юм. Энэ байдал дахин давтагдвал одоо болох сонгууль дахин явагдах магадлалтай болчихоод байна” хэмээн уг нийтлэд дурдсан байна. Дэлгэрэнгүй уншаарай.

Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бөгөөд энэ баярыг жил бүр орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Соёл урлагийн байгууллагууд, тэр дундаа Улаанбаатар хотын музейнүүд энэ баярыг тэмдэглэхэд идэвхтэй оролцож үнэ төлбөргүй үйлчлэх аж. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг нэг, 11 дүгээр нүүрээс уншаарай. Манай сурвалжлах хэсэг өчигдөр хэдэн музейгээр орж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр залуу үзэгчдэдээ зориулан юу хийхээр төлөвлөж байгаа талаар сонирхсон юм.

Төрийн ордон эл хуль байна. Хаа нэг тааралдах Засгийн газар, УИХ-ын тамгын газрын ажилтнуудаас өөр хүн үлдсэн юм уу гэмээр хөл хөдөлгөөн алга байгаа аж. “Төрийн ордон, намуудын штаб эл хуль байна” бичлэгийг хоёрдугаар нүүрт нийтэллээ.

Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор профессор Ж.Баттөртэй хийсэн ярилцлагыг тавдугаар нүүрээс, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, монгол утга соёл судлаач, доктор Д.Баттогтохтой хийсэн ярилцлагыг 13 дугаар нүүрээс, “Монголд эерэгээр нөлөөлөх сайн мэдээнүүд” эдийн засгийн тоймыг зургадугаар нүүрээс тус тус унших боломжтой.

Харин “Эрүүл мэнд” булангаас нүдний ханиад ба түүнээс сэргийлэх аргын талаар, “Соёл урлаг” булангаас “Гайс” хамтлагийн ахлагч Д.Мягмараас авсан тодруулга, “Дурсамж” хамтлагийн гишүүн Э.Түвшинтөртэй хийсэн ярилцлагыг уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ