Categories
мэдээ нийгэм

Маргааш ихэнх нутгаар 30 хэм хүртэл халах тул наршихаас болгоомжлоорой

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар 19-24 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 26-31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН 02-06-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Зургаадугаар сарын 02-нд говийн ихэнх нутаг, баруун болон төвийн нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо, 03-нд төв болон говийн нутгаар, 04-нд төв, говийн нутаг, баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 05-нд нутгийн зүүн хагаст бороо орно.

Салхи 02-нд нутгийн баруун хэсгээр, 03, 04-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна.

Зургаадугаар сарын 2,3-нд нутгийн өмнөд хэсгээр, 4,5-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голыг хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
Categories
мэдээ нийгэм

“Халбага зөгийн бал” аян хоёр сар үргэлжилнэ

Хүнс, Хөдөө аж ахуйн яам, “Монголын зөгийчдийн нийгэмлэг” ТББ хамтран “Халбага зөгийн бал” хэрэглээний боловсрол олгох аяныг зургадугаар сарын 1-нээс эхлүүлж байгаа тухай өнөөдөр /2016.05.31/ мэдээллээ. Аян наймдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Аян зөгийн балны зохистой хэрэглээний боловсрол олгох, зөгийн аж ахуйг сурталчлах зорилготой аж. Аян үргэлжлэх хугацаандаа үндсэн дөрвөн төрлийн агуулга бүхий мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сувгуудаар хүргэх юм. Үүгээр дамжуулан зөгийн балны ач тус, хэрэглээний тухай мэдлэгийг олон нийтэд олгох гэнэ.

ХХАА-н сайд Р.Бурмаа аяны нээлтийн үеэр “Монгол Улсын Засгийн газраас зөгийн аж ахуйг хөгжүүлэх асуудлыг сүүлийн жилүүдэд бодлогоор дэмжсний үр дүнд олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрүүд энэхүү салбарт анхаарал хандуулж хамтран ажиллаж эхэллээ. ХХААЯ-аас 2013 онд 30 жил тасарсан Зөгийчдийн 3 дугаар чуулганыг зохион байгуулсан нь зөгийн аж ахуйн өнөөдрийн эрчимтэй хөгжлийн суурь болсон юм. Дээрхи төр засгийн бодлого, дэмжлэг, зөгийн аж ахуй эрхлэгчдийн маань хичээл зүтгэлийн үр дүнд бид 2015 онд улсын хэмжээнд түүхэндээ анх удаа түмэн бүл зөгийтэй боллоо. Ингэснээр бид өмнө нь дотооддоо 30-50 тонн зөгийн бал үйлдвэрлэж байсан бол одоо 150 тонн зөгийн бал үйлвэрлэж дотоодын хэрэглээний 30-аад хувийг хангаж байна. Цаашид бид бодлогоор зөгийн аж ахуйг дэмжсэнээр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой” хэмээв.

ХХААЯ, “Монголын зөгийчдийн нийгэмлэг” болон зөгийн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл нээлтэд оролцож, “Зөгийн балны ач тус” илтгэлийг танилцуулж, дотооддоо үйлдвэрлэсэн зөгийн балны амталгаа хийсэн байна. “Халбага зөгийн бал” аяныг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог. Тус аян монгол хүний эрүүл мэндэд олон олон эерэг нөлөөлөл үзүүлж, үндэсний үйлдвэрлэлээсээ хүн амын хэрэгцээгээ хангаж чаддаг болохоо харуулна гэдэгт итгэлтэй байгаагаа нээлтэд оролцогчид хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Маргааш 300 метр урт усан гулгуур нээлтээ хийнэ

Маргааш буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Скай ресорт баазад байгуулагдаж буй “Сити Слайд” буюу их хотын усан гулгуур нээлтээ хийнэ. Тус гулгуур 300 метрийн урттай бөгөөд Азидаа хамгийн урт гулгуурт тооцогдож байгаа аж.

Усан гулгуур гурван замтай бөгөөд нэг нь гэр бүлээрээ гулгахад буюу хүүхэд гулгахад тохиромжтой бол үлдсэн хоёр зам залууст зориулагдсан аж. Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгай бэлтгэгдсэн ажилтнууд гулгах замын эхэн, дунд, төгсгөл хэсэгт ажиллах аж.

Тус газрыг зорин үйлчлүүлэгчдэд өдөр бүр автобус үнэ төлбөргүй (Драммын театраас хөдөлнө, төв номын сангийн баруун талд), Эхний 1000 үйлчлүүлэгч хөвүүр үнэ төлбөргүй, таван удаагийн болон хязгааргүй гулгах тасалбартай үйлчлүүлэгчид хөвүүр үнэ төлбөргүй байх аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Японд айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 1-3-нд Япон Улсад ажлын айлчлал хийнэ.

Ажлын айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима, Зөвлөхүүдийн Танхимын дарга M.Ямазаки, Ерөнхий сайд Шинзо Абе нартай уулзах аж.

Мөн тэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолд оролцоно. Уг санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол, Япон Улсууд харилцан тохиролцож ажиллах хүч илгээх, хөдөлмөр эрхлэлт, ур чадвар дээшлүүлэх мэргэжлийн боловсролын сургалтад манай улсын дадлагажигчид хамрагдах цар хүрээ өргөжин, баталгаажих юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас Япон Улсад 1500 гаруй дадлагажигч ажиллаж байна.

Түүнчлэн Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хоорондын “Цэвэр нүүрсний технологийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг үзэглэнэ. Ингэснээр Монгол Улсад үр ашигтай нүүрсний хэрэглээг дэмжих зорилгоор цэвэр нүүрсний технологийн солилцоог гүнзгийрүүлэх, хамтарсан судалгааг дэмжих, нүүрс хийжүүлэх технологи болон хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх зэргээр хоёр улс хамтран ажиллах боломж бүрдэнэ.

УИХ-ын дарга ажлын айлчлалынхаа хүрээнд Япон Улсын Фукушима муж дахь нүүрснээс хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шинэ технологийг /IGCC/ нэвтрүүлсэн “Накасо” дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцах аж.

Мөн Чиба мужийн полипропилен буюу бүх төрлийн пластмассан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Прайм Полимер” компанид зочлох юм. Тус компани нь полипропилен түүхий эдээр машины эд анги болон бусад полипропилен бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг юм байна.

УИХ-ын дарга Сайтама мужийн Шибасаки үйлдвэрт зочлон, тус үйлдвэрт дадлагажигчаар ажиллаж буй монгол иргэдтэй уулзах юм.

УИХ-ын дарга З.Энхболдын Япон Улсад хийх ажлын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан болон албаны бусад хүмүүс багтсан байна.

Categories
мэдээ спорт

Ж.Нарантунгалагийг “Цагаан арслан” цомоор шагналаа

Холимог тулааны “One Championship” холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг Орхон аймгийн ИТХ-ын дээд шагнал “Цагаан арслан” цомоор шагнууллаа. Сонирхуулахад, тэрээр саяхан “One Championship”-ын чансаа ахиулах тулаанаа Японы Бокү Коотэцүтэй хийн, ялсан билээ.

Categories
гадаад мэдээ

Уорриорс өрнөд бүсийн аварга боллоо

Өрнөдийн бүсийн финалийн цувралын сүүлийн тоглолт өнөөдөр Голден Стэйт Уорриорсын талбайд боллоо. Бүсийн финалд таарсан Оклахома сити Тандер баг цувралыг тун сайн эхлүүлсэн. Тэд цувралыг 3-1 тэргүүлж эхэлсэн. Тандерын залуусд ганцхан хожил авахад бүсийн аварга баг болох байлаа. Гэвч өнгөрсөн улирлын аваргууд үлдсэн цувралд тун сайн тоглолтыг үзүүлж бид гэртэй харих болоогүй гэдгээ баталж өнөөдөр эцсийн цэгийг хийж. Өрнөд бүсийн аварга баг боллоо. НБА-ийн түүхэнд цувралд гурав хожигдсноос эргэн ирж ялалт байгуулсан тохиолдол ес байдаг бол өнөөдөр Голден стэйт энэ түүхийг 10 болгон гайхамшиг бүтээлээ.

Цувралын сүүлийн тоглолтыг өөрийн талбайд хийсэн Уорриорсчууд тоглолтын эхний хагас оноо авалт хамгаалт тун муу эсэргээрээ Тандерийн хамгаалт сайн оноо авалт довтолгоо илүү байж 10 онооны зөрүүтэй болгон холдсон. Харин тоглолтын хоёр дугаар хагасаас Карри болон Грин нарийн довтолгоо шидэлтүүд оновчтой болсноор оноог бариж уламаар тэнцүүлснээр талбай эзэд Тандерийг 88-96 хожиж бүсийн аварга болсон.

С.Карри 36 оноогоор багаа тэргүүлэн К.Томпсон 21 оноо. Эсрэг багаас Рассэлл Уэстбрүүк 19 оноо, 13 дамжуулалт хийсэн бол Кевин Дюрант 27 оноо авсан байна.

НБА-ийн 2015-16 оны аваргын төлөөх тулаанд Дорнод бүсийн аварга Кливленд Кавалиерстай финалд таарлаа. Өнгөрсөн улиралд Алтан мужийн дайчид ялалт байгуулсан билээ. Леброн Жеймсээр ахлуулсан Кливленд Кавалиерсчууд дахин цом булаалдахаар боллоо. Хоёр багийн цувралын эхний тоглолт 6 сарын 2 нд болно.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг сурагчдыг шагнав

Нийслэлийн Засаг Даргын Захирамжаар Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан Олон Улсын болон улс, хотын олимпиад, уралдаанд тэргүүлэн, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа шилдгээр шалгарсан сурагчдыг шагналаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит шагналыг Нийслэлийн ЕБС-ийн 27 сурагчид гардуулав.

Тус шагналыг:

  1. 1. Л.Оюунтөгс Сүхбаатар дүүргийн Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч, физикийн хичлээийн хотын олимпиадын аварга,

2. Д.Цэнд-Аюуш Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Англи хэлний хичээлийн хотын олипиадын аварга

3. А.Тэргэл Баянзүрх дүүргийн “Шинэ монгол” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Англи хэлний хичээлийн хотын олимпиадын аварг

4. Ч.Бадмаараг Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Орос хэлний хичээлийн хотын олипиадын аварга

5. Б.Баттуяа Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга

6. Б.Дорждулам Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Нийгмийн ухааны хичээлийн хотын олимпиадын аварга

7. Э.Батболд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Газарзүйн хичээлийн хот, Улсын олимпиадын аварга

8. Б.Мөнхтөгөлдөр Баянзүрх дүүргийн Эмпати сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Химийн хичээлийн хотын олимпиадын аварга

9. Г. Мандухай Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Биологийн хичээлийн хотын олимпиадын аварга,

10. Ц.Минжин Сүхбаатар дүүргийн Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Дүрслэх урлаг, дизайн технологийн хичээлийн хотын олимпиадын аварга

11. Б.Нарангарвуу Сүхбаатар дүүргийн Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Дизайн технологийн хичээлийн хотын олимпиадын аварга

12. Б.Ихбаяр Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Дизайн технологийн хичээлийн хотын олимпиадын аварга

13. А.Ананд Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Авто загварын хот, Улсын олимпиадын аварга

14. Э.Учрал Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Усан загварын хот, Улсын олимпиадын аварга

15. З.Чингис Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч, Нисэх загварын хотын олимпиадын аварга Улсын олимпиадын аварга, Олон улсын олимпиадын аварга

16. Д.Уртнаст Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Монгол хэлний хичээлийн хотын олимпиадын аварга

17. О.Бодрол Хан-Уул дүүргийн “Орчлон” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Математикийн хичээлийн хотын олимпиадын аварга

18. Ц.Цогбадрах Баянгол дүүргийн “Хүрээ тулга” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Уран жиргээ-2015” наадмын Гранпри цомын эзэ

19. Э.Элдэв-Очир Сүхбаатар дүүргийн “Сант” сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, Кенгуру олон улсын математикийн олимпиадын аварга

20. Ч.Хулан Сүхбаатар дүүргийн “Хобби” сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, Кенгуру олон улсын математикийн олимпиадын Хүрэл медальт

21. Л.Дөлгөөн Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, Физикийн хичээлийн улсын олимпиадын аварга

22. Б.Уянга Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Нийгмийн ухааны хичээлийн улсын олимпиадын аварга

23. Г.Лхагвадулам Баянзүрх дүүргийн “Эмпати” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Биологийн хичээлийн улсын олимпиадын аварга

24. Б.Өнөбилэг Баянзүрх дүүргийн “Монтурк” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Англи хэлний хичээлийн улсын олимпиадын аварга

25. Б.Ариунзаяа Баянгол дүүргийн “Радуга” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Орос хэлний хичээлийн улсын олимпиадын аварга

26. Б.Батзул Баянгол дүүргийн “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар Ангийн сурагч, Орос хэлний хичээлийн улсын олимпиадын аварга

27. Б.Удвал Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагч, Кенгуру олон улсын математикийн олимпиадын аварга

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал болох өргөмжлөл, мөнгөн шагналыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл гардууллаа.

Categories
мэдээ нийгэм

Г.Эрхэмбаяр аварга МҮОХ-ны “Алтан-Очир” одонгоор шагнууллаа

ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга, улсын аварга Г.Эрхэмбаярыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан-Очир” одонгоор өнөөдөр шагналаа. Өдгөө 38 настай, хурандаа цолтой түүний шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн гардуулав.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Г.Эрхэмбаяр аварга 1989 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд 2011 оны улсын наадамд 1024 бөхөөс ес даван үзүүрлэж, улсын арслан, 2013 онд ес даван түрүүлэн, аварга цол хүртсэн, жиү-жицүгийн тив, дэлхийн хошой аварга цолтой.

Өдгөө түүний удирдаж буй ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо чөлөөт бөх, жүдо, байт харваа, хүндийг өргөлт, сагсан бөмбөг, волейбол, буудлага, тэшүүр, шагайн харваа, үндэсний бөхийн төрлөөр 30 шахам тамирчинг дэмжин, ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ

Москвад онгоцны шинэ буудал нээгдлээ

ОХУ-ын нийслэл Москва хотод дөрөв дэх олон улсын нисэх буудал өчигдөр /2016.05.30/ нээлтээ хийлээ. Өдөртөө дөрвөн сая зорчигчийг хүлээн авах хүчин чадалтай “Жуковский” буудлын нээлтийн ажиллагаанд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев оролцжээ.

Шинэ буудлаас ямар чиглэлийн нислэг хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл тараахгүй байгаа ч одоогийн байдлаар Казахстаны SCAT Airlines, Киргизийн Air Kyrgyzstan компанийн онгоцууд гэрээ хийгээд байгаа ажээ.

“Жуковский” шинэ буудал нь өмнө нь байсан туршилтын “Раменское” буудлын суурин дээр байгуулагдсан. Мөн энд агаарын янз бүрийн шоу зохион байгуулагддаг байжээ. Шинэ буудлын бүтээн байгуулалтын ажилд төрийн өмчит “Ростех”-ээс гадна хувийн “Рампорт аэро”, Avia Solution Group оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-д 12 телевиз шууд дамжуулалтад оролцоно

АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсгийн 24 дүгээр хуралдаан тавдугаар сарын 30-нд ГХЯ-нд болж “Хэвлэлийн төв”-ийн дотоод сүлжээ, дуу дүрсний кабель шугам, тоног төхөөрөмж суурилуулах болон интернетийн үйлчилгээ үзүүлэх туслан гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах, уг төвийн түрээсийн гэрээг эцэслэн батлах, Дээд хэмжээний уулзалтын шууд дамжуулалт, энэ үеэр ажиллах гадаад дотоодын сэтгүүлчдийг бүртгэх, зохион байгуулах асуудлуудыг хэлэлцлээ.

“Шангри-Ла” цогцолборт байгуулах “Хэвлэлийн төв”-д дотоодын туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах зарыг дөрөвдүгээр сарын 20-нд www.asem11.mn вэб сайтад байршуулсан бөгөөд нийт долоон компани үнийн санал өгсөнөөс зургаа нь хугацаандаа амжиж материалаа ирүүлсэн тул сонгон шалгаруулалтад албан ёсоор оролцуулжээ.

Тус ажлын хэсгээс байгуулсан Үнэлгээний хороо тавдугаар сарын 24-нд хуралдаж компаниудын үнийн санал, туршлага, техник технологийн давуу тал зэргийг харгалзан үзээд гурван компанийн саналыг хүлээн авч хамтран ажиллах боломжтой гэж үзсэнээ ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа.

АСЕМ-ын дээд түвшний хурлыг гадаад, дотоодын 1000 гаруй сэтгүүлч сурвалжлах бөгөөд гадаадын 800 гаруй сэтгүүлчийн онлайн бүртгэлийг албан ёсоор эхлүүллээ. Харин дотоодын сэтгүүлчдийг хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсны хүрээнд мэргэжлийн холбоодоор нь дамжуулан, зөвшөөрөгдсөн квотын дагуу нэр авч бүртгэж байна. Мөн дээд хэмжээний уулзалтын шууд дамжуулалтад Европын өргөн нэвтрүүлгийн холбоо болон Монголын телевизүүдийн холбооны 12 телевиз техник технологи, ажиллах хүчээ нэгтгэн хамтран ажиллахаар болов.