Categories
мэдээ улс-төр

Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Засгийн газар олон улсын банк, санхүүгийн байгууллага болон хандивлагч орнуудтай хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламжийн гэрээг 1994 оноос байгуулан дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ.

Олон улсын гэрээний тухай хуульд зааснаар гадаад улс, олон улсын байгууллагаас авах хөнгөлөлтэй зээл, буцалтгүй тусламжийн гэрээ нь Улсын Их Хурлаас соёрхон баталснаар хүчин төгөлдөр болдог бөгөөд Монгол Улсын Засгийн газар энэхүү гэрээний дагуу тухайн гэрээнд заасан төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын хуулиар тогтоосон зарим татвар, хураамжаас чөлөөлөх үүргийг хүлээдэг. Мөн зээлийн болон буцалтгүй тусламжийн гэрээнд тухайн гэрээнд заасан ажил, үйлчилгээг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа тухайн санхүүжүүлэгч байгууллагын дүрэм, журмыг мөрдлөг болгохоор заасан байдаг.

Гадаадын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажил гүйцэтгэх гэрээний хугацаа нь харилцан адилгүй байдаг онцлогийг харгалзан гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг арилгах, уг төсөл, арга хэмжээний хүрээнд гүйцэтгэгдэж байгаа ажлыг эрчимжүүлэх зорилгоор Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зориулалттай бараанд гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацааг тогтоох талаарх зохицуулалтыг тусгасан болохыг Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт зардал шаардахгүй бөгөөд гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад үүсээд байгаа хүндрэлүүдийг арилгаж, төсөл арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

“Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээ, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа “Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээ, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.

Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эргүүгийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг, бие даасан, хараат бус байгууллага болохыг Хууль зүйн сайд онцлов. Нэг прокурор жилд дунджаар захиргааны шийтгэл оногдуулсан 440 материал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 182 хэрэгт хяналт тавьж, 60 хэрэгт прокурорын даалгавар бичиж, байцаан шийтгэх бусад ажиллагаанд 64 удаа тус тус оролцсон судалгааны дүн прокурорын ажлын ачааллыг харуулж байгаа юм. Шүүх эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын ажилтнуудын цалин өөр өөр байгаагаас тус байгууллагын албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахад сөргөөр нөлөөлж байгаа юм байна.

Төрийн албаны тухай хуулийн 28.3 дахь хэсэгт “төрийн тусгай албан хаагчид цол, зэрэг дэвийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй” гэсэн заалт, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг бусад байгууллагын албан хаагчид 4-5 төрлийн нэмэгдэл авч байгаатай дүйцүүлэхийн тулд прокурорт мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгохоор тогтоолын төсөлд тусгажээ. Прокурорт мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нь прокурорын мэргэжлийн ур чадвар болон ажлын хариуцлага, хуулиар хүлээсэн ажлын чанар, үр дүнг дээшлүүлэхэд чухал үр нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.05.31/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Гааль, татварын ерөнхий газарт ажиллаж Улсын Их Хурлаар 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр татварын шинэчлэлийн бодлогын хүрээнд шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилттэй танилцан албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг 4 сард багтаан буцаан олгох талаар Сангийн сайд, Гааль, татварын ерөнхий газрын даргад үүрэг өгсөн байна.

Ерөнхий сайдын үүргийн дагуу албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийг энэ онд буцаан олгохын тулд татварын болон төсвийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, буцаан олгох санхүүгийн эх үүсвэрийг төсөвт тусган шийдвэрлэх асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулах шаардлага үүссэ байна. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд болон Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Албан татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг энэ жил олгохын тулд эх үүсвэрийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тусган шийдвэрлэх шаардлага бий болжээ. Татварын албаны цахим төлбөрийн баримтын системд 2016 оны 1 дүгээр улирлын байдлаар 31758 аж ахуйн нэгж, иргэн бүртгүүлсэн, 38310563 баримт хэвлэгдсэн, 15771545 баримт баталгаажсан үзүүлэлттэй байна. Нийт 5216 албан татвар төлөгч иргэн НӨАТ суутган төлөгч аж ахуйн нэгжээс 385 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн, нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийн буцаан олголтоор нь 5.8 тэрбум төгрөг авахаар юм байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдснаар нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтоо иргэд жилд 2 удаа буцааж авах боломж бүрдэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 13 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд тус хуулиар эмнэлгийн мэргэжлтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 3 жил хүртэлх хугацаагаар эмчлэх эрхийг хасаж, есөн зуун мянгаас наян сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хорих ял эдлүүлэхээр хуульчилсан. Энэ нь эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдлыг гэм буруугийн санаатай хэлбэрт хамруулж, санаатай үйлдсан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээний ял оногдуулах зохицуулалт юм байна.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.3 дугаар зүйлийн 1-д “ял албадлагын арга хэмжээ нь тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байна” гэж, 2-т “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэж заасан боловч мөн хуулийн 11.5 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах”, 11.3 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйээр учруулах”, 10.6 дугаар зүйлд “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргүүдтэй гэм буруугийн хэлбэрийн хувьд ижил үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгддэг эмнэлгийн мэргэжилтний өвчтөнд тусламж үзүүлэх явцад гардаг гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын хэмжээ нь дээрх хэргүүдийг үйлдсэн этгээдэд оногдуулах ялаас илүү хүндрүүлэн хуульчлагдсан байна хэмээн үзжээ. Түүнчлэн зарим улсын Эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцад үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж буй эрүүгийн хариуцлагыг харьцуулан судалж үзсэн байна.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар эмнэлгийн мэргэжилтний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн нь энэ салбарт орох гадаад, дотоодын хөрөнг оруулалтыг багасгах, эмчийн мэргэжил эзэмших залуусын тоо буурах, улмаар эмнэлгийн мэргэжилтний хомсдолд хүргэж, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх ноцтой зөрчигдөж болзошгүй байдалд хүргэх магадлалтай хэмээн үзжээ. Иймд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, эмнэлгийн мэргэжилтнэд оногдуулах ялын бодлогыг хөнгөрүүлэхээр хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барив.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 05 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд туслахад зориулан нэг тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн буйгаа мэдэгдсэн билээ.

Уг хөнгөлөлттэй зээлийн шугамыг нээхээр болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 130 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан, холбогдох яамдын Сайд, газрын дарга нарын төлөөлөл ажиллаж байгааг хууль санаачлагч Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Дээрх ажлын хэсэг болон Сангийн яам зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн саналуудыг холбогдох байгууллагуудаас авч нэгтгэсэн бөгөөд Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар зээлийн хөрөнгийг төмөр замын төслүүдийг санхүүжүүлэхээр хэлэлцжээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлаас 2011 онд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг баталж, уг хуулиар Хөгжлийн банкны үйл ажиллагааны эрх зүйн үндэс бий болсон. Хөгжлийн банк нь Монгол Улсын томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх замаар эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарыг санхүүгийн үйлчилгээгээр дэмжин хөгжүүлэх зорилготой төрийн өмчит төрөлжсөн банк юм.

Хуулийн төсөлд Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр тус банкны өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр шаардлагатай тохиолдолд нэмэлт хувьцаа гарган, хувийн өмчит хуулийн этгээдэд худалдаж болох талаар зохицуулалт тусгажээ. Мөн банкны засаглалыг сайжруулах чиглэлээр төлөөлөн удирдах зөвлөлийн эрх, үүргийг нарийвчлан тусгасан байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарууд болон уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн томоохон төслүүдийг шуурхай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхийн зэрэгцээ цаашид эдийн засгийн өсөлтийг хангах ядуурлыг бууруулах, иргэдийг ажлын байр, тогтмол орлогын эх үүсвэртэй болгоход чухал нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзжээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүллээ.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл мэндийн салбарын ажилтны хариуцлагын даатгалын тогтолцоог бий болгох” талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсныг Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Олон улсын эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгал нь эмнэлгийн тусламж үйлчилгээнээс шалтгаалсан өвчин, эмгэгийн улмаас үүссэн хохирлыг барагдуулах зорилгоор худалдан авч буй үйлчилгээ, гомдол гаргасан хохирогч талд олгох нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг зохицуулдаг байна.

Манай улсын одоогийн хуулиар иргэний гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтоодог учир мэргэжлийн алдаа гаргасан буруутай хүнийг олж тогтоох цаг хугацаа, зардал ихээхэн шаардагддаг. Нөгөө талаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлийг хохирол багатай даван туулах шаардлага зүй ёсоор тулгарч байгааг хуулийн төсөл санаачлагч хэлсэн.

Иймд дээрх нөхцөл байдал, оролцогч талуудын санал, бусад орнуудын туршлагыг судалсны үндсэн дээр уг хуулийн төслийг цаашид үл маргах зарчмаар эвлэрлийн гэрээнд тулгуурлан нөхөн төлбөр олгох, хэрэв иргэн үүнийг үл зөвшөөрч хуулийн байгууллагад хандсан бол шүүхээс тогтоосон хохирлоын хэмжээгээр нөхөн төлбөр олгох гэсэн хоёр үе шаттай байхаар боловсруулжээ.

Түүнчлэн нөхөн төлбөрийн хэмжээг хуулиар тогтоож, даатгалын хураамжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хувиар тооцон эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага хамтран төлж, багийн хариуцлага хүлээх, алдаагүй олон жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд төлсөн шимтгэлийн тодорхой хувийг буцаан олгох асуудлыг төсөлд тусгасан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

МАХН-ын 18 гишүүн намаасаа гарсан байна

МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй 14 хүн өнгөрсөн өдрүүдэд нойтон өлсгөлөн зарлаж, өчигдөр орой зогсоосон. Сонгуулийн Ерөнхий хороо тус намаас нэр дэвшигчдийн бичиг баримтыг хүлээн авсанаар өлсгөлөн зогссон юм.

Өнөөдөр МАХН-ын нэр бүхий гишүүд мэдээлэл хийж, намын гишүүнчлэлээсээ албан ёсоор татгалзаж буйгаа мэдэгдлээ. Тэд Н.Энхбаяр даргын энэ үйлдлээс шалтгаалж, нэр дэвшигчид нь тойрогтоо штабаа байгуулах, орон нутагт бэлтгэлээ базаах ажлууд нь хоцорч байгаад бухимдан намаа орхиж байгаа аж. Түүнчлэн Н.Энхбаяр даргыг зөвхөн өөрийнхөө төлөө бусдын амь насыг аюулд оруулан өлсгөлөн зарлаж байхын оронд МАН-тай нэгдэн сонгуульд оролцох арга замыг хайх хэрэгтэй байсныг ч хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Эдгээр гишүүн Н.Энхбаяр даргыг заавал өлсгөлөн зарлаж, хугацаа алдах шаардлагагүй гэж ятгасан ч хүлээж аваагүй аж.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд сүүний өдөрлөг боллоо

Дэлхийн сүүний өдрийг Монгол Улсад анх удаагаа “Эх орны сүү – эрүүл хүнс, амьдралын баталгаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Үүний хүрээнд өнөөдөр 11.00 цагт Чингисийн талбайд сүүний өдөрлөг болж байна. Өдөрлөгт ХХААЯ, НҮБ-ын ХХААБ, Нийслэлийн Захирагчийн алба, “Глобал Коммунитиес” ОУБ-ын “EMIRGE” хөтөлбөр, МХЕГ, Монголын хүнсчдийн холбоо Монголын эмэгтэй скаутын холбоо, Монсүү ХХК, Зах зээлийн бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл болон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Сүү” ХК, “АПУ” ХК, “ТЕСО-Милко” ХХК, “Витафит инвест” ХХК, “Сүүтэй Монгол” ТББ зэрэг компаниуд оролцож байна.

үү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, сүүний салбарын хөгжлийг дэмжих, сүүний салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор энэ өдрийг зохион байгуулж байгаа аж. Дашрамд дурдахад, энэ өдрийг дэлхий нийтээрээ 16 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн тамга, тэмдэг, хаягийг хүлээлгэн өглөө

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 2016 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан зарим анхан болон давж заалдах шатны шүүхийн шинэ тамга, тэмдэг баталгааны дардас, хаягийг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир, Шүүхийн хүний нөөцийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Одонгэрэл, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл нар оролцож, Улаанбаатар хот болон Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн Тамгын газрын дарга нарт тамга, тэмдэг, баталгааны дардас, хаягийг хүлээлгэн өгөв.