Categories
мэдээ улс-төр

Ирэх мягмар гаригт хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ

УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх долоо хоногийн мягмар гаригт
нээгдэнэ. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг УИХ-ын даргын
дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж, баталжээ. Чуулганы хуралдаанаар ирэх
сонгуулийн зардал болон товыг тогтоох асуудал болон Ерөнхийлөгчийн өргөн
барьсан Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг
хэлэлцэх юм байна.

  • “Нийтийн
    сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын
    төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай
    хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 3 гишүүн 2016.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн
    Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай”
    Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн
    Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах
    тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон
    гүйлгээ сангийн зарлагын 2016 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын
    тогтоолын төсөл /хаалттай/;
  • Органик хүнсний тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол
    Улсын Ерөнхийлөгч, 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын
    гишүүн Су.Батболд нарын 8 гишүүн 2012.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн,
    анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Газар
    хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах
    зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарын 10 гишүүн 2016.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Төрийн болон албаны нууцын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Дипломат албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүн 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нэмэгдсэн
    өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
    Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф,
    гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт;
  • Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 8 гишүүнээс: Агаарын
    бохирдлыг бууруулах зорилгоор Шийдлийн Засгийн газраас 2015 онд авч
    хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний хэрэгжилт болон 2016 онд төлөвлөж буй
    арга хэмжээ, хүрэх үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан
    асуулгын хариуг сонсох;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас: Цэвэрлэх
    байгууламжийн үйл ажиллагаа доголдож, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж
    байгаа болон иргэдийг орчны бохирдлоос хамгаалахтай холбоотой авч буй
    арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдад тавьсан асуулгын хариуг
    сонсох;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас:
    Нийслэлийн иргэдийг агаар, хөрс, усны бохирдлоос хамгаалах, бий болсон
    хор хөнөөлийг бууруулах талаар авч буй арга хэмжээний талаар Монгол
    Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Нийслэлийн
    агаарын болон Туул голын бохирдол, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа
    доголдож байгаатай холбоотойгоор иргэдийг орчны болон агаарын
    бохирдлоос хамгаалах талаар Байгаль орчин, ногоон хөгжил аялал
    жуулчлалын сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
мэдээ цаг-үе

​Өвлийн хүйтэнд байшингаа нураалгаж, гудамжинд гарлаа гэв

-ТЭРБЭЭР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД СУУЛТ ЗАРЛАХААР БОЛЖЭЭ-

Гэр хорооллын дахин төлөвлөх нэрээр иргэдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа энэ асуудлыг Хүний эрхийн үндэсний коммисын гишүүд анхааралдаа аваад байгаа билээ. Энэ асуудлаар судалгаа хийхээр Хүний эрхийн үндэсний комиссын гадны шинжээчид Монголд ирж ажиллах гэж байгаа гэсэн. Гэр хорооллыг дахин төлөвлөх нэрээр иргэдийн газрыг байраар сольж авах энэ ажилд зарим иргэдийн эрхийг ноцтой зөрчиж, газрыг нь хүчээр булааж авах ийм байдал үүсээд байгаа талаар иргэн Ж.Туул өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбай дээр гэр бүлийн гишүүдийн хамтаар суулт зарлахаар болжээ. Түүний байшинг энэ сарын 2-ны өдөр нурааж, гэрийнх нь бүх тавилгыг битүүмжлэн авсантай холбоотойгоор тэрбээр ийнхүү тэмцэж эхэлжээ. Юу болсон талаар түүнээс тодрууллаа.

-Танай байшинг хүчээр нурааж, газрыг чинь чөлөөлсөн гэсэн. Юу болсон юм бол?

-Иргэдийн ярьж сурснаар долдугаар хороололд манайх байдаг. өвлийн ид хүйтэнд хашаа байшингаа эвдүүлээд гудамжинд гарлаа, би. Гуравдугаар сарын 2-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан, “Бэрэн” компанийн ажилчид, гэр хороолол хөгжлийн газрын хоёр гурван хүн нийтдээ 30 гаруй залуучууд ирсэн. хүчээр хаалга эвдэж орж ирээд, гэр орны бүх тавилга, эд хогшлыг битүүмжлээд, гадаа зөөж гаргасан. Бид өмссөн хувцастайгаа гэрээсээ хөөгдөж гарлаа. Би өнөөдөр ялтан биш шүү дээ. Гал голомтоо авч үлдэх гэж тэмцэж яваа жирийн нэг эмэгтэй. олон улсын хэмжээнд айлыг албадан нүүлгэхийг хориглосон. Хэчнээн газрын маргаантай байсан ч өвлийн хүйтэнд айлыг нүүлгэж болдог юм уу. Үндсэн хуульд заасан амьд явах, эрүүл амгалан тайван байх эрхийг минь ноцтойгоор зөрчиж байна шүү дээ.

-Танай байшинг нураах шүүхийн шийдвэр гарсан юм уу?

-Шүүхээс шийдвэр гараад ирсэн юм байна. Гэхдээ энэ шийдвэр хууль бус. “Бэрэн” компани хөгшин настай хүнийг гэртээ ганцаараа байхад нь уулзаад, айлган сүрдүүлж бичиг баримтыг нь авч яваад газрын гэрчилгээг нь өөрсдийн нэр дээр шилжүүлж авсан юм. Тэр газрын гэрчилгээг үндэслээд манай байшинг нураах шүүхийн шийдвэр гарсан юм байна. Бид шүүхийн шийдвэр гарсныг ч мэдээгүй байхад гэнэт л хүмүүс ирээд манай байшинг нураалаа. “Бэрэн” компани иргэдтэй уулзаж, бидний бодол санааг сонсоогүй, иргэдийн гаргасан саналыг төсөлдөө тусгаагүй. Газар чөлөөлөх ажлаа эхлүүлэхдээ иргэдийг хуурч мэхэлсэн. Эхлээд өндөр настан, тахир дутуу, групптэй, өрөнд орсон, ядуу, олон хүүхэдтэй гээд бүх айлын судалгааг авсан. Энэ айлуудаа түүж уулзаад газрыг нь авсан гээд яриад байвал маш их юм байна.

-Танай газрын гэрчилгээг яаж өөрсдийн нэр дээр шилжүүлсэн гэнэ ээ?

-Манай нагац эгчийг гэртээ ганцаараа байхад нь “Бэрэн” компанийн хүмүүс ирсэн байна. Тэд дахин төлөвлөлтийн паланаа үзүүлээд “Танай газар орон сууц барих газарт ороогүй. Танай газар нийтийн эзэмшлийн талбайд орж байна. Тэгэхээр танайд байр олгогдохгүй нь ээ” гэж хэлсэн байгаа юм. Тэгэхэд нь манай эгч “Манайх газар ч үгүй, байр ч үгүй болоод гудамжинд гарах нь гэж ойлгоод, “Манайд байр яаж ийж байгаад өгчих” гэж гуйсан байна. Тэгсэн “За яахав, таныг настай хүн юм байна гэж бодоод нэг өрөө байр л өгье. Тэрнээс өөр боломж байхгүй” гэсэн байна. “хүүе манайх эндээ олуулаа амьдардаг. Нэг өрөө байр аваад амьдарч чадахгүй. ядаж бидэнд хоёр байр өгчих. Манайхаас гадна манай охиных тусдаа эндээ айл болоод амьдарч байна. Энд чинь хоёр тусдаа айл байдаг юм шүү дээ гэхэд нь “хоёр байр өгөх ямар ч боломж байхгүй. Та бидэнд ямар ч байсан бичиг баримтаа өгчих. Таныг бид харж үзье. Харин хэнд ч битгий хэлээрэй” гээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь авч явсан байгаа юм.

“Хэрэв та энэ газраа чөлөөлөхгүй бол танай энэ газар доогуур цэвэр бохир усны шугам явах гээд байна. Улсын хэмжээний хороолол босох гэж үйл ажиллагаа зогсонги байдалд орно. Тэгвэл танайхыг шүүхэд өгч, бүх зогссон үйл ажиллагааны зардал мөнгө болох хэдэн тэрбум төгрөгийг танай дээр өр тавьж гаргана. Та дийлэх л юм бол хамаагүй хөдлөхгүй байгаарай. Маш яаралтай газраа чөлөөлж өг” гэж сүрдүүлсэн. Ингэж настай хүнийг айлган сүрдүүлж, юм мэдэхгүйг нь далимдуулаад бичиг баримтыг нь аваад явсан байна. Нөгөө хөгшин эгч минь айсандаа үл хөдлөх гэрчилгээгээ өгөөд явуулчихсан. Тэгээд автоматаар бүх бичиг баримт нь буюу манай газар “Бэрэн” компанийн гүйцэтгэх захирал байсан хүрэлшагай гэдэг хүний нэр дээр шилжсэн. Энэ хүний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарчихсан байна. Эзэн нь гарын үсэг зураагүй байхад гэрчилгээ нь гарчихаад ирсэн.

-Тэгээд байр өгсөн юм уу?

-Таныг л бодож хоёр өрөө байр өглөө шүү. 0,7 га хүрэхгүй ийм газарт хоёр өрөө байр өгөхгүй байгаа. Бушуухан очоод байрандаа ор гэж шаардсан байна. Тэгэхээр нь настай хүн сандарч очоод байрандаа орчихож. Тэр хашаанд бид олуулаа амьдардаг. Би энэ үед Энэтхэгт байсан. Энэ талаар мэдээгүй. Энэ газар чинь манай өвөг эцгээс уламжилж ирсэн бидэнд маш үнэтэй гал голомт юм. Манай өвөө хоёр охинтой байсан. Манай ээж багад минь өөд болоод нагац эгч минь биднийг энд өсгөсөн юм. Би хар нялхаасаа энд амьдарч байна. нагац эгч минь биднийг өсгөсөн учраас бид нагац ээж гэж дууддаг. Газрын гэрчилгээ бидний нагац ээжийн нэр дээр байсан. Тэгээд Монголд ирээд юу болсныг мэдээд “Бэрэн” компанид гомдолтой байгаагаа хэллээ. “Бушуухан” дуугүй газраа чөлөөлж өг” гэсэн. Тэгээд энэ асуудлын учрыг олох гээд маш олон газар хандаад дийлсэнгүй, өнөөдөр ингээд орох оронгүй болоод байж байна. настай хүнийг хуурч тохиролцоо хийж байр өгсөн байгаа юм. Тэрнээс биш бид энэ үнэтэй газраа юу гэж хоёр өрөө жижиг байраар солих вэ. Манай энэ хэсэг чинь хотын Азэрэглэлд ордог. Энэ хавийн айлууд хашаандаа үйлдвэр үйлчилгээ явуулж, хашаандаа гарааш контейнер тавиулахаас эхлээд амьжиргаагаа залгуулдаг хүмүүс олон бий. Би газраа тэрбумаар үнэлэх байсан. Засгийн газрын хэвлэлийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулахад 24 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна. Энэ үйлдвэрээс манай газар нэг километр ч хүрэхгүй тийм ойр байдаг. хэвлэх үйлдвэрийн газар арван айлын хэмжээтэй юм билээ. Арван айлын газрыг 24 тэрбум төгрөгт хуваахаар нэг айлын газар хоёр тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна. Ийм цэнтэй газрыг “Бэрэн” компани авчихаад ядаж иргэдийнхээ төлөө шударгаар ажиллаж болох байлаа. хууран мэхэлж байгаад үнэхээр гомдолтой байна гэв.

Х.ЦЭНД

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн хошууч эмэгтэйг аавынх нь хамт хөнөөсөн этгээдийг шүүх хурал хойшиллоо

Цагдаагийн хошууч эмэгтэйг аавтай нь
хамт хөнөөж, гэр бүлийнх нь хоёр хүнийг шархдуулсан онц ноцтой хэрэг
өнгөрсөн оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө гарсан билээ.
Энэхүү хэргийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн
хэргийн анхан шатны шүүх дээр хэлэлцсэн боловч тодорхой шалтгааны улмаас
хойшлуулжээ.

Хэрэг гарсан даруйд уг хэрэгтэй
холбогдуулан цагдаагийн байгууллагынхан Пүрэв овогтой Батбаярыг
сэжиглэж, улс орон даяар эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. Улмаар
цагдаагийн ажилтнууд шуурхай ажиллаж өнгөрсөн 11 дүгээр сарын 29-ний
12:00 цагийн үед сэжигтэн Б-г Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармаг
орчмоос баривчлан саатуулсан байдаг. Тухайн үед эжигтэн П.Батбаяр
талийгаач бүсгүйг дүүтэйгээ суулгахгүй гэснийх нь төлөө хөнөөсөн байж
магадгүй гэсэн мэдээлэл гарч байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн парк доторх тайчих баар

Нэгэн танилындаа зочлох үед тэрбээр “Үндэсний соёл амралтын хүрээлэнд стриптиз баар нээгдсэн байна лээ. Хэдхэн хоногийн өмнө би тэнд орж шоудсан. Ёстой хөөрхөн охидтой юм билээ. Шөнө 23 цагийн үед онгойдог …” хэмээн эхнэрийнхээ нүдийг хариулж байгаад сэм дуулгаадахав. “Хүүхдийн паркт яахаараа” гээд өндөр дуугаар ярих гэсэн чинь гал тогооны өрөөнөөс эхнэр нь тавагтай хоол унд барьсаар гарч ирэв. Би ч “Танай эхнэрийн гарын хоол ч үнэхээр амттай шүү” гэж тэс ондоо зүйл ярин, өмнөх асуултаа “залгиж” орхисон юм. Намайг таксинд суулгаж өгөхөөр хамт гарахад нь “Тэр газар чинь Хүүхдийн паркийн хаахна, ямар нэртэй газар юм бэ дээ” гэвэл “Яагаав, өнөөх мангасын амны хажууханд байдаг хоёр давхар, үлгэрийн ордон маягаар тохижуулсан жижигхэн байшин” гэхээр нь “Эргэн тойрон нь хиймэл усан сантай, гаднаа томоо гэгчийн завь хэлбэрийн байгууламжтай юу” гэж асуув. Танил маань ч “Өө яаг тэр чинь” гээд бид салцгаасан билээ.

Өнөөх “Хүүхдийн паркад яахаараа …” гэсэн бодол төрөхийн сацуу “Мань хүн ярих зүйл олдохгүй болохоор худлаа ярив уу. Эсвэл наддаа сайрхах гээд жирийн нэгэн ресторанд орсон тухайгаа “давслаад” туучихав уу гэсэн эргэлзээ төрнө. Нүд үнэн, чих худлаа гэдэг учраас өнгөрөгч амралтын өдөр тэр газар нь өөрөө орж үзэхээр шийдлээ.

Оройн 23 цагийн үед очвол зогсоол дээр нь ганц хоёрхон машин байгаа харагдав. Үүдэнд нь бужигналдах бүү хэл хаалгаар нь орж гарч байгаа хүн ч харагдсангүй. Дотогш ордог хаалганаас автомашины зогсоол хоорондох хиймэл нуур дээгүүрх гүүрний хоёр талаар гацуур мод ороон чимэглэдэг шиг жижиг цагаан гэрлүүд унжуулсан харагдана. “Ямартай ч тус чимэглэл асаалттай байхыг бодоход үйлчлүүлэгч хүлээн авч байгаа бололтой” гэж бодсоор хаалга руу нь дөхлөө. Үүдэнд нь зогсох өндөр, биерхүү залуу “Таксаа аваад ороорой, 20 мянган төгрөг” гээд гараа сарвайв. Мөнгөө төлөөд дээш гартал, хойд урд ханаа дагуулан ширээ засч, гол хэсэг дэх сул талбайд нарийн урт шон хатгаж бас хажуухан дахь баганын дөрвөн талд толь суулгажээ. Бүдэг улаан гэрэл анивчин, намуун хөгжим эгшиглэнэ. Үйлчлэгч эмэгтэйн хэлснээр тус баар нээгдээд ганц сар ч болоогүй учраас үйлчлүүлэгч цөөн байгаа гэнэ. Эсрэг ширээнд суусан дөрөв, таван залуусыг эс тооцвол өөр үйлчлүүлэгч харагдсангүй. Биднийг захиалгаа өгөх зуур тайзан дээр хоёр бүсгүй гарч ирлээ. Нэг нь олон өнгийн хээнцэр, богино платье, нөгөө нь усны хувцас гэмээр хар өнгийн бариу өмсгөлтэй бөгөөд өндөр өсгийт дээр бөхийж тонгойн элдэв аяг үзүүлэн бүжиглэж эхэллээ. Хоёр, гурван ч дууны ая дээр ийн бүжиглэв. Удалгүй дараагийн ая эхлэхэд өнөөх хоёр бүжигчин тайзны арын өрөө рүү орохтой зэрэгцэн дахин хоёр эмэгтэй гарч ирлээ. Хоёул урт нөмрөг бүхий нимгэн халат өмсчээ. Хөгжмийн аясаар товчоо нэг нэгээр нь тайлсаар аажмаар тайзны гол руу дөхөцгөөнө. Тэнд суурилуулсан шонд хоёр талаас нь хүрмэгцээ халатаа тайлж шидэн, цээжээ нүцгэлэв. Эсрэг ширээнд сууж байсан залуус нэгийг нь гараараа дохив.

ӨВӨР ДЭЭРЭЭ БҮЖИГЛҮҮЛЭХ “ТӨЛБӨР” ТАВАН МЯНГААС ЭХЭЛНЭ

Өнөөх бүсгүй ч өөрийг нь дуудсан залуугийн өмнө очин, элдэв янзаар аяглан гурваас дөрвөн минут хэртэй бүжиглэв. Үүний эцэст эмэгтэйн дотуур өмдөнд мөнгө хавчуулж байгаа харагдав. Бүсгүй залуугийн чихэнд нэг зүйл шивэгнэн хэлснээ дахин тайзнаа гарч, бүжиглэлээ. Тайзны голд суурилуулсан төмрөнд сурмаг гэгч нь авирснаа хөлөөрөө чагтлан тогтож байгаад, гараа алдлаад доош сунав. Түүний бүжиглэхийг нүд салгалгүй ширтэх залуус шүгэлдэн, орилж, “Чи бол үнэхээр …” гэх зэргээр элдвийн хараал ерөөлийн үгс ам хуурайгүй чулуудна. Танхимын энд тэнд очин үйлчлэгч, хамгаалагч бас бүжиглэгч охидтой зөвлөлдөх залуу бидэн дээр ирснээ “Хүсвэл та нар ч манай охидыг өмнөө бүжиглүүлж болно. Нэгэнт таксийг нь төлөөд ороод ирчихсэн юм чинь татгалзах зүйлгүй юм байгаа биз дээ” гэлээ. Ингэж бүжиглүүлэхэд тогтсон ханш байдаг эсэхийг асуухад “Таван мянган төгрөг. Гэхдээ үүнээс ихийг ч төлж болно. Зургаа, долоо, бүр 20 мянгыг өгөх эсэхийг хувь хүн өөрөө л мэднэ. Эсвэл манай охидтой хамт нэг ширээнд суугаад ууж, идэж болно. Нэг цаг нь 30 мянган төгрөг. Шийдвэрээ хурдан гаргаарай. Цаг хугацаа биднийг хүлээхгүй шүү” гээд доогтой нь аргагүй инээлээ. “Танайх үйлчлүүлэгч цөөнтэй юм аа” гэвэл “Нээгдээд удаагүй байгаа ч шөнийн 01 цагаас хойш битүү болдог юм. Яахав, одоохондоо ресторан пабууд хаагаагүй байна. Хаагдангуут л манайх руу ирнэ шүү дээ. Ирэх зунаас манайх улам гоё болно. Гаднах завь хэлбэрийн байгууламж дээрээ задгай талбайн арга хэмжээ зохион байгуулж, баарныхаа эргэн тойрон дахь нууранд завь аялуулж эхэлнэ. Төлөвлөсөн зүйл их байна. Тэр үед манайх хөл гишгэх газаргүй болно. Магадгүй өдөр бүр ажилладаг болохыг ч үгүйсгэхгүй. Одоо бол долоо хоногийн дөрөв, таван өдөр ажилладаг” гэв.

ТАКСИНЫ ЖОЛООЧ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ АВЧИРЧ, ШАНД НЬ МӨНГӨ АВДАГ

Түр салхилахаар гадагш гартал зогсоол дээр жижиг тэрэг ирж зогслоо. Үүдэнд зогсож байсан залуу ”Манай зарим бүжигчин охид ирж байна. Баарныхаа жижиг танилцуулгыг хүн хөдөлгөөн ихтэй газраар тараалгасан юм” гэлээ. Бүсгүйчүүд “Хүн хэр байна. Гадаадууд ирсэн үү” хэмээн асуувал хамгаалагч залуу “Цөөн хүнтэй байна. Гэхдээ ресторануудын хаах цаг арай болоогүй байна. Удахгүй хүмүүс ороод ирэх байх. За, орцгооё доо” гээд хаалга нээж өглөө. Зогсоол дээрх машинаас нэгэн залуу гарч ирснээ “Такси авах уу” гэж биднээс асуув. “Үгүй ээ” гэвэл тэрээр машин руугаа буцахын оронд баарны үүд хавиар эргэлдлээ. “Эндээс өөр хүн гарч ирэхийг хүлээж байгаа юм уу” гэж асуусанд “Үгүй. Баарны залуу надад мөнгө өгөх ёстой юм. Тэрнийгээ л авах санаатай” гэлээ. Нарийн учрыг нь асуувал тэрбээр “Бааранд сууж байгаа залуусын хоёр нь надаар хүргүүлж энд ирсэн юм. Сайхан хөгжилдчихмөөр давгүй газар мэдэхгүй биз” гэхээр нь энд хүргээд ирлээ. Өмнө нь ганц хоёр удаа хүн хүргэж энд ирэхдээ баарны залуутай тохирсон юм. Энд хүргэж ирсэн үйчлүүлэгчийн тоогоор таван мянган төгрөг авч байна аа гэж. Тэгээд ах нь сая хоёр хүн хүргэж ирсэн. Таксныхаа мөнгийг өгөнгүүт надад 10 мянган төгрөг гаргаад өгье гэсэн юм. Намайг хүлээлгээд байхыг бодоход өнөөдүүл нь таксныхаа мөнгийг өгөөгүй байгаа бололтой” хэмээв. Арваад минутын дараа өнөөх бааран дотор бидэнд “зөвлөөд” байсан залуу гарч ирээд жолоочид мөнгө өгөөд “Дахиад хүн олж ирээрэй. Энэ маягаар хамтрахад асуудалгүй биз дээ” гэсэнд жолооч үг дуугүй толгой дохиод явлаа.

Биднийг буцаад ортол хижээл насны хоёр гадаад эр ирсэн харагдав. Тэд нэгийг нь өвөр дээрээ бүжиглүүлж, нөгөөтэй нь тайзан дээр бүжиглэсээр нэлээд хэдэн аяны ард гарав. Тогтсон жишиг ёсоор бүгдийнх нь дотуур өмдөнд мөнгө шургуулна. Дижигүй учраас тайчигч бүсгүйчүүд бүжиглэхээр гарч ирэхдээ өөрсдөө аяа сонгон, тоглуулж байлаа. Энэ жишгээр дараагийн цоглог аяыг эхлүүлсэн эмэгтэй тайзан дээр ганцаар гарч ирэнгүүт өмнө нь бүжиглэж байсан хоёр тайзнаас буулаа. Тэрбээр тайзан дээр гарч ирүүтээ шон дээр ширэнгийн сармагчин шиг л авирч, эргэлдэж, зүүгдэж эхэллээ. Хэсэг бүжиглэснийхээ дараа гадаад эрийн өмнө очсоноо, малгайг нь авч өөрийн толгой дээрээ тавьчихаад өвөр дээр нь бүжиглэв. Түүний ийн бүжиглэхэд хөдөлгөөн, үйлдэл бүрийг бусад нь тайзны араас харж зогслоо. Бодвол бусдаасаа илүү “туршлага”-тай бололтой.

Тайчсан зарим бүсгүйчүүд платье, өмд цамц зэрэг гадуур хувцсаа өмсөөд тайзны арын өрөөнөөс гарч ирээд зэргэлдээх ширээнд суулаа. Хоорондоо “Өнөөдөр би бүжиглэмээргүй санагдчихлаа. Хүн ч цөөн байна. Яахав, хүн нэмэгдэж ороод ирвэл тайзан дээр гарна л биз”, “Гурвуулаа ойрд ингэж нэг дор суугаагүй юм байна. Жаахан буу халах уу, яадаг юм, өөрөө өөрсдөдөө жаахан чөлөө олгочихъё” гэлцэнэ. Нэг нь утсаа харуултал нөгөө хоёр нь дэлгэц дээрх зүйлийг нь уншиж байснаа амаа даран инээлдэж, өөр хоорондоо шивнэлдэнэ.

Биднийг шөнийн 02 цагийн үед баарнаас гарахад өмнөхтэй адил хөгжим дуугарч, тайчигч бүсгүйчүүд нэг, хоёроороо гарч ирэн, бүжиглэсээр л байлаа.

М.Эрдэнэ

Categories
мэдээ спорт

Б.Түвшинбат олимпийн эрхээ авлаа

БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо
“Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн бүсийн боксын
тэмцээний нэмэлт тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Эрэгтэйчүүдийн 49
кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ Узбекстаны Х.Дусматовт 3:0 ээр ялагдсан. Тэгвэл
өнчигдөр нэмэлт тоглолтыг Энэтхэгийн боксчин Д.Лайшрамтай хийн 3:0 ээр
ялан Олимпын наадамд оролцох эрхээ хүртсэн гуравдахь тулаанч боллоо.

Тэгвэл манай тулаанч Бямбын Түвшинбат мөн өчигдөр Филиппиний Э.Марсиалтай тоглож 2:1 харьцаагаар олимпод тоглох эрхээ авлаа.

Categories
мэдээ цаг-үе

Гуравдугаар сургуулийн шилдэг сагсчид

-ТЭД ИРЭХ САРЫН 4-НӨӨС 10-НЫ ӨДРҮҮДЭД ОРОСТ ЗОХИОГДОХ ОЛОН УЛСЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОНО-

Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Оху-ын Школьная Баскетбольная Лига “Кэс-баскет” төрийн бус байгууллага болон Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран долоо дахь жилдээ зохион байгуулсан нийслэлийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд сүхбаатар дүүргийн гуравдугаар сургуулийн охидын “алтан од” баг саяхан аваргалсан. Үүнээс өмнө тэд өөрсдийгөө улсын хэмжээнд “номер нэг” гэдгээ аль хэдийнэ баталчихсан. Тодруулбал өнгөрөгч есдүгээр сард болсон улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэн. сүүлийн хэдхэн сард гаргасан амжилтуудынх нь зах зухаас дурдахад ийм байна. Тэднийг гаргасан амжилтаас нь харвал сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ баг, харин бэлтгэл сургуулилт дээрээ нэгнийгээ хэрхэн хүндэлж, нэгэндээ чин сэтгэлээсээ тусалж байгааг хараад өөрийн эрхгүй нэг анги, сайн найзууд юм гэх сэтгэгдэл төрсөн юм. арга ч үгүй биз. учир нь сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээний аваргын төлөө ана мана “үздэг” а, б гэсэн хоёр ангиас тус шигшээ багийн 12 тамирчинг шигшиж авчээ.

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ БЭЛТГЭЛДЭЭ ГАРЧЭЭ

Үдээс хойш сургуулийн спорт танхимд орвол шигшээ багийн сагсчин охид бие халаалтаа эхлүүлжээ. Спорт танхимын нэг захаас нөгөө рүү гурав, дөрвөөрөө ээлжлэн бөмбөгөө залан гүйж, самбарын дор ирүүтээ шидэлт гүйцэтгэж байлаа.

Ирэх сарын 4-нөөс 10-ны өдрүүдэд Оросын Санкт-Петербург хотноо зохиогдох олон улсын сагсан бөмбөгийн тэмцээнд эх орноо төлөөлөн тэд оролцохоор болсон тул өдөрт хоёр ч удаа цуглан, бэлтгэлээ шургуу хийж байгаа юм. Дасгалжуулагч багш Б.Дэлэг “Бөмбөг рүүгээ биш урагшилж буй зам руугаа сайн хар. Бөмбөгөө залахдаа хурууныхаа өндгөөр мэдэр. Тэгж байж тоглолтын үеэр эсрэг багийнхаа хамгаалагчийг хуурч чадна. Самбар дор ирээд шидэхдээ анхаарлаа төвлөрүүл. Оноо авч чадахгүй л юм бол довтолгооны тактикаа хэрэгжүүлэхийн төлөө бөмбөгөө залаад эсрэг багийн хамгаалагчийг хуурч, нэгэндээ дамжуулах гэх зэргээр хүч зарсан хөдөлмөр чинь үнэгүй болно” гэвэл охид алдаа гаргахгүй гэж улам хичээнэ. “Спортын амжилт гэдэг өдөр тутмын бэлтгэлийн чанараас хамаарна. Огт бэлтгэл хийхгүй хэрнээ уралдаан тэмцээнд амжилттай оролцоно гэдэг угаас боломжгүй. Оролцсон уралдаан тэмцээн болгоноосоо медаль хүртдэг бол тэр чинээнд бэлтгэлээ сайн хийдэг гэсэн үг. Эсрэгээрээ байгаа бол бэлтгэлээ л шургуу хийх хэрэгтэй. Түүнээс биш сугалаанд тохиодог шиг аз тамирчдыг ивээгээд амжилтад хөтөлдөггүй. Бас би чаддаг юм чинь, мундаг юм чинь гээд хойш суугаад байвал төд удахгүй чадахаа болино. Ялангуяа сагсан бөмбөгийн спорт. Би чаддаг байсан биш чадна гэж хэлэхийн тулд, тэрнийгээ өөрийн биеэр үзүүлэхийн тулд өдөр бүр бэлтгэл хийдэг юм шүү дээ. Тэглээ ч бид анх удаагаа олон улсад хүч үзэх гэж байна. Бэлтгэлээ дутуу хийснээс тэмцээндээ амжилт үзүүлж чадсангүй гэсэн шалтаг сүүлд нь хэлэхгүйн төлөө бэлтгэл сургуулилтаа шургуу хийх ёстой” хэмээн нэмж хэлэв.

НУРУУ НАМХАНЧ ХУРДААР ИЛҮҮ

Төд удалгүй дасгалжуулагч багш “Гурваар найм яв” гэвэл довтлогч Э.Энхмядаг, Б.Нансалмаа, Ц.Халиун нар дундаа нэг бөмбөгтэй гарч ирээд, заалны нэг захаас нөгөө рүү бөмбөгөө залаад гүйх завсраа нэгэн хүүгээ дамжуулна. Самбарын дор очих эгшинд Ц.Халиуны гарт бөмбөг очсон тул тэрбээр довтолж харагдав. Дараагаар нь хамгаалагч С.Батханд, Наранхишиг, Ж.Дөлгөөн нар бөмбөгөө нэгэн рүүд дамжуулаад, спорт танхимын нэг захаас нөгөө рүү гүйв. Энэ маягаар багийн 12 тамирчин гурав гурваараа дөрвөн хэсэгт хуваагдан, дээрх дасгалыг хэд хэдэн удаа давтав. Дасгалжуулагч бугуйн цаг руугаа хараад “Хурдан, хурдан. Эсрэг багийн хамгаалагчаас хурдан гүйж, нэгэн рүүгээ хурдан дамжуулж байж довтолгоо амжилттай болно. Та нар бөмбөгийг залж байгаа болохоос бөмбөг та нарыг жолоодоогүй” гээд тамирчдаа хурцална. Үнэхээр өнгөрөгч тэмцээнүүдэд тэд бусад багаас хурдаар илүү байсан гэдгийг дасгалжуулагч нь хэлсэн юм. Тэрбээр “Бусад сургуулийн шигшээ багийн тамирчидтай харьцуулахад манайхан нуруу намхан ч хурдаар илүү. Бас шидэлтийн техник сайтай. Энэ л бидний тоглолтын онцлог. Сая хотын аваргын төлөө Багануур дүүргийн шигшээ багтай тоглосон. Багануурын баг өнгөрсөн жилийн хотын аварга. Тоглолтын эхнээс эн тэнцүү өрсөлдсөн. аль нэг баг нь оноогоор давамгайлаагүй. Өгөө аваатай л тоглосон. Гэтэл сүүлийн 30 секундын хугацаа явж эхлэхэд эсрэг баг хоёр оноогоор давамгай болчихдог байгаа. Тэгэнгүүт бид хоёр оноо авч оноогоо тэнцүүлэх бус шууд гурван оноо авч, илүүрхэх төлөвлөгөөтэй тоглосон. Ингээд тоглолт дуусахаас хэдхэн секундын өмнө гурван онооны шидэлтээ довтлогч Ч.Намуун оновчтой болгосноор нэг онооны зөрүүтэй бид ялсан” хэмээн өгүүлэв.

Дасгалжуулагч Б.Дэлэг

“ТҮРҮҮЛЭХ НЬ БҮҮ ХЭЛ ЭХНИЙ ТОГЛОЛТДОО ХОЖИГДЧИХООД ХУВЦАС СОЛИХ ӨРӨӨНД УРУУ ЦАРАЙЛААД СУУЖ БАЙСНАА САЙН САНАЖ БАЙНА”

Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд есөн дүүргийн 112 сургуулийн тамирчид оролцсон юм. Тэмцээний үеэр дасгалжуулагч багш Б.Дэлэг “Шилдгийн шилдэг дасгалжуулагч”-аар тодорсон бол довтлогч Ч.Намуун шилдэг тоглогчоор шалгарчээ. Өнгөрсөн есдүгээр сард болсон улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр довтлогч О.Ичинхорлоо буюу мөн л энэ багаас шилдэг тоглогч шалгарсан байна. О.Ичинхорлоо “Сүүлийн дөрөв, таван жил сургуулийнхаа шигшээ багт тоглож байна. Жил ирэх тусам жинхэнэ утгаараа нэг баг болж чадаж байгааг бидний амжилт бэлхнээ гэрчилнэ. Түрүүлэх нь бүү хэл эхний тоглолтдоо хожигдчихоод хувцас солих өрөөнд уруу царайлаад сууж байснаа сайн санаж байна. Үргэлж ийм сэтгэл гонсгор байхгүйн тулд бэлтгэлээ сайн хийх ёстой гэдгийг дасгалжуулагч багш сайн ойлгуулсан. Багш маань алдаа гаргавал загнаж зандрахаасаа илүү зааж зөвлөдөг” гэвэл хамгаалагч Ж.Дөлгөөн “манай багш өөрөө сагс сайн тоглоно. Их сургуулиа биеийн тамирын дасгалжуулагч багш мэргэжлээр 2010 онд төгсөнгүүтээ манай сургуульд ажилд орсон. ажилд оруутаа сургуулийнхаа охидын сагсны шигшээ багийг бүрдүүлсэн. Манай багш чинь гуравдугаар сургуулийн сурагч байсан гэсэн. Өөрийн сурч төгссөн дунд сургуульдаа эргээд багш нь болсон гэсэн үг. Сурагч ахуйдаа бидэн шиг сургуулийнхаа шигшээ багт олон жил тоглосон. Оюутан ахуйдаа ч мөн ялгаагүй. Тийм болохоор ихэнх тохиолдолд ингэж довтол, тэгж бөмбөгөө зал гээд өөрийн биеэр үлгэрлэж үзүүлнэ. Бидэн дунд ороод тоглоно. Энэ нь бидний бэлтгэл сургуулилт сайжрахад маш дөхөмтэй юм шиг санагддаг. Хэрэв ташаагаа тулж зогсчихоод, зурагтаар харсан Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчдийнх шиг ур чадвар, тоглолтыг биднээс шаарддаг байсан бол улс, нийслэлийн аварга болно гэдэг боломжгүй. Хилийн дээс алхаж, олон улсын уралдаан тэмцээнд оролцоно гэдэг бол бүр мөрөөдөл. Тийм биз дээ манайхаан” гэвэл багийн бусад гишүүд толгой дохиод, “Ийм ойлгомжтой зүйлийг асуух хэрэг юу байна” хэмээн хариулцгаав. Багийн ахлагч Б.Алтмаа “1996-2006 оны хооронд манай гуравдугаар сургуулийн сагсны шигшээ баг эрэгтэй эмэгтэй гэлтгүй нийслэлийн аварга, улсын аваргаар олон жил дараалан шалгарч байсан гэж манай эгч хэлсэн. Тухайн үед сургуулийн шигшээд тоглож байсан нэлээн хэдэн хүүхэд одоо насанд хүрэгчдийн улсын шигшээ багт тоглодог гэсэн шүү” гэсэн юм.

“БЭЛТГЭЛИЙН ХАЖУУГААР ХИЧЭЭЛ НОМОО ЦАЛГАРДУУЛЖ БОЛОХҮЙ”

ргэлжлүүлэн сунгалтын дасгалаа хийж эхлэв. Энэ үеэр хамгаалагч Тогтохмэнд “Физикийн хичээл дээр өгсөн бие даалтаа хийсэн үү” гэвэл хажууд нь дасгал хийж байсан довтлогч А.Анударь “Би хийчихсэн. Амархан юм байна лээ” гэв. О.Тогтохмэнд “Өө ашгүй. Тэгвэл бэлтгэлийн дараа хоёулаа хийчихье. Найз нь бүр яаж хийх учраа олохгүй байсан юм” гэлээ. Хагас хамгаалагч Э.Ану-Эрдэнэ “Би ч бас чамд тусалж болно ш дээ. Эхэндээ би ч бас сайн ойлгохгүй байсан ч багшаас дахиж асуусны ачаар ойлгосон” гэж хажуугаас нь хэлэв. Тэдний ийн ярихыг сонссон дасгалжуулагч багш нь “Нээрэн бие даалт гэснээс гуравдугаар улирлын амралт өнөө маргаашгүй болох гэж байна. Бэлтгэлийн хажуугаар хичээл номоо цалгардуулж болохгүй. Тэглээ ч та нар чинь ганц, хоёрхон жилийн дараа оюутан болно” гэж зөвлөлөө. Түүнээс “Сагсан бөмбөг сайн тоглодог бол их дээд сургуульд тэтгэлгээр суралцах, бүр цаашилбал албан байгууллагад ажилд ороход хүртэл давуу тал болдог гэсэн байх аа” хэмээн асуувал “Тийм шүү. Бараг их дээд сургууль бүр шигшээ багтай. Өөрийн ажилчдаас бүрдэх сагсан бөмбөгийн шигшээ багтай олон аж ахуйн нэгж бий. Сагсан бөмбөгийн спортыг шимтэн сонирхдог дарга нар ч цөөнгүй. Тэр утгаараа албан байгууллага ч бай, их дээд сургууль ч бай ялгаагүй шигшээ багийнхаа амжилтыг ахиулах, ур чадварыг дээшлүүлэх үүднээс шинээр тамирчин авах нь зүйн хэрэг. Энэ тохиолдолд голч дүн, сурлагын амжилт гэхээсээ сагсан бөмбөг тоглох ур чадварт түлхүү анхаарах нь бий. Миний найз нөхөд, таньж мэдэх хүмүүсээс сагсан бөмбөг сайн тоглож сурсныхаа ачаар их сургуулийнхаа шигшээ багт нь тоглож, цалин урамшуулал авч улмаар сургуулиа төгсөөд, томоохон албан байгууллагад урилгаар ажилд орсон нь тун олон. Албан байгууллагууд мэргэжлийнх нь дагуу урилгаар ажилд авна гэдэг бол шигшээ багтаа тоглуулна гэсэн үг шүү дээ. Гэхдээ энэ талаар би хүүхдүүдтэйгээ ярилцдаггүй юм. магадгүй хичээлээ хаяад сагсан бөмбөгөө л сайн тоглох хэрэгтэй гээд ойлгочихож юуны магад” хэмээн учирлав.

Тэд Оросын Санкт-Петербург хотноо зохиогдох олон улсын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор ирэх пүрэв гарагт буюу энэ сарын 31-нд эх орноосоо мордох юм байна.

Сүхбаатар дүүргийн 3-р сургуулийн “АЛТАН ОД” багийн амжилтаас дурьдвал:

•2013-2014 он сүхбаатар дүүргийн сурагчдын лигийн мөнгөн медаль

• 2014-2015 он сүхбаатар дүүргийн сурагчдын лигийн мөнгөн медаль

• 2014-2015 он нийслэлийн сурагчдын лигийн кес-баскет тэмцээний хүрэл медаль

•2015-2016 он 16 насны улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль

•2015-2016 он нийслэлийн сурагчдын лигийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах кет баскет тэмцээний алтан медаль

Гэрэлд зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Энэ цагийн Гамлет

Монгол хоёр Гамлеттай. Нэг нь Ардын жүжигчин Л.Жамсранжав агсны амилуулсан дотроосоо тэсэрсэн ухаалаг, хээнцэр Гамлет. Нөгөө нь Драмын театрын С.Болд-Эрдэнийн бүтээсэн бодлогошронгуй хэрнээ ритмлэг Гамлет. “Гамлет”-ыг тавьж байж сонгодгоо баталдаг жишиг дэлхийн театруудад бий. Энэ цагийн Гамлетыг Дэлхийн театрын өдрөөр “Өдрийн зочин”-доо онцолж буй нь цаанаа ийм учиртай. С.Болд-Эрдэнээс өөр хэн ч Гамлетыг гаргаж чадахгүй гэж театрынхан, театрт дурлагчид ярьцгаадаг. Жүжигчнийхээ хувьд дотооддоо шаналдаг, дотроо багтардаг, дотроосоо гарч ирдэг учраас амилуулж чадах дүр нь маргаангүй Гамлет гэдгийг шүүмжлэгчид ч хүлээн зөвшөөрдөг. Түүнд “Ромео Жульетта”-гийн Меркуцио шиг гал ассан халуун дүрээс илүү Гамлет шиг дотроосоо бясалгаж гаргаж ирдэг онцлогтой дүр илүү зохидог. Тав, магадгүй түүнээс олон жилийн дараа Данийн хунтайжийн дүрийг илүү хүчтэйгээр гаргаж ирэх болов уу, дэлхийн театрын түүхэнд тод мөр үлдээсэн өөр хоорондоо ялгаатай Гамлетуудын нэгийг нь бардам бүтээж чадах байх гэсэн хүлээлт зөвхөн С.Болд-Эрдэнэд хаяглагддаг юм билээ.

Урлаг судлаач нэг танил маань “Гамлет” тавигдсаны дараахан “Болд-Эрдэнэ хурцлагдаад ирвэл Высоцкий шиг болно. Высоцкий дотроосоо бахирдаг, чарлаж чаддаг жүжигчин. С.Болд-Эрдэнийг хэзээ тэгж, тийм хүчтэйгээр чарлахыг мэдэхгүй. Ямар ч байсан дотроосоо асдаг, гэрэлтдэг чанар түүнд бий. Высоцкийн хувьд гаднаа биш дотоодод нь амь яваад байдаг. С.Болд-Эрдэнэ яг тийм жүжигчин. С.Болд-Эрдэнийн Гамлетаас тэсэрсэн шаналал мэдрээгүй ч хэд хэдэн монологи нь сэтгэлд хүрсэн. Гамлетыг сөхрөөд уначихгүй гаргана гэдэг том гавьяа. Дотоод цараа, мэдлэг, тэнхээ шаарддаг дүр л дээ. Тийм хэмжээний тэнхээтэй жүжигчин гэвэл түүнээс өөр байхгүй. Гамлетыг С.Болд-Эрдэнэ шиг чирээд аваад гарах тэнхээтэй жүжигчин алга. Монголын хамгийн сайн жүжигчин болох идей түүнд бий. Нэгэн үеийн гол жүжигчин яах аргагүй мөн л дөө. Тэр ид үедээ яваа учраас сайн муу аль ч шүүмж тэгтлээ туйлын гэж хүлээж авахаар дүгнэлт биш” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм.

С.Болд-Эрдэнэ “Гамлет”-ынхаа тухай “Ер нь бол чадах чинээгээрээ гаргасан. Маш олон Гамлетыг судалж байж өөрийн гэсэн Гамлетаа бүтээсэн. Их агуу бүтээл юм даа. Одоо эргээд харж байхад дутуу хийсэн, энийг нь ингэчихдэг байж дээ гэмээр зүйл гарч ирээд л байдаг юм. Дундаршгүй их цар хүрээтэй, сонгодог зохиол болохоор тэгдэг байх. Дүрийн хувьд Гамлет бол сэтгэлийн асар их зөрчилдөөнтэй хүн. Ёс суртахууны асар өндөр хэм хэмжүүрт баригдчихсан өшөө авагч гэж ч тодорхойлсон байдаг. Өшөөгөө авах гэхээр асар өндөр ёс суртахууны хэм хэмжээ нь бариад болдоггүй. Яг энэ талыг нь илүү түлхүү барьж дүр дээрээ ажилласан” гэж ярьсан удаатай.

Тэр “Танихгүй эмэгтэйн захидал” киноны найруулагч. Бас гол дүрийг нь бүтээсэн жүжигчин. Гол дүрийн бүсгүйн он удаан жил чимээгүй хайрласан хөгжмийн зохиолчийн дүрээс нь С.Болд-Эрдэнийн дотоод чадал мэдрэгддэг. Адал явдал гэхээр зүйлгүй, хурц өрнөлгүй, нэгэн хэвийн үйл явдал хөвөрсөн кинонд үзэгчдийг уйдаахгүйгээр дүр бүтээнэ гэдэг дотортой жүжигчний л барах ажил. Сэтгэхүйн драм чигийн гэж кино судлаачдад үнэлэгдсэн “Хөлтрөг” гэхэд л түүний найруулсан кино. С.Болд-Эрдэнийн дүр бүтээсэн киног нэрлэвэл “Ноён солиот”, “Орхидос”, “Амьдрах тасалбар”, “Нар сарны зааг” гээд цөөнгүй бүтээлийг жагсаах хэрэг гарна. Дүр амилуулсан сонгодгууд гэхээр “Парисын дарь эхийн сүм”, “Дон Кихот”, ”Ромео Жульетта” мэдээж Гамлет.

Тэр театраасаа явахгүй гэж ярьдаг цөөхөн жүжигчний нэг. Жүжигчин хүний ур чадварыг тултал нь сорьдог газар театрын тайз гэдгийг сэтгэл зүрхээрээ мэдэрдэг учраас тэр байх…


Categories
мэдээ цаг-үе

Н.Гантулга: Зөрчлөө арилгах хугацаат үүрэг өгч байгаа нь барилгын компанийг дэмжиж байгаагийн илрэл

Өнгөрсөн оны сүүлээр Улаанбаатарт зөвшөөрөлгүйгээр баригдаж буй 60-аад барилга байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргажээ. Тэр даруйд нь зөрчлөө арилгах албан шаардлага хүргүүлсэн байна. Энэ оны хоёрдугаар сар гэхэд тэдгээрийн 24 нь зөрчлөө арилган, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө авчээ. Үлдсэн 35 нь албан шаардлага биелүүлээгүй аж. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулгаас тодруулсан юм.

-Дээрх барилгуудад ямар зөрчил илэрсэн юм бэ?

-Надад ирсэн албан мэдээгээр бол 2015 онд нийт 66 барилга ямар нэгэн зөрчилтэй гэж бүртгэгдсэн. Эдгээрийн долоо нь ухсан нүх бол 59 нь аль нэг шатандаа яваа барилга. Зөрчлөө арилгах шаардлагыг 24 нь биелүүлсэн учраас тэдэнд зөвшөөрөл олгосон. Үлдсэн 35 барилгын ажлын зураг төсөл батлагдаагүй, техникийн нөхцөлүүд олгогдоогүй, зураг төсөлдөө магадлал хийлгээгүй гэх зэрэг зөрчлүүд байна. Мэдээж энэ тохиолдолд барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдохгүй. Одоогоор эдгээр барилга байгууламжийн ажлыг түр зогсоож, цахилгаан, ус дулаанаар хангахгүй байх талаарх албан бичгийг холбогдох газруудад хүргүүлсэн.

-Уг нь бүх зөвшөөрлөө авчихаад барилгын ажлаа эхлүүлэх ёстой шиг санагдах юм?

-Хуулиараа бол бүх зөвшөөрлөө авчихаад, газар шорооны ажлаа эхлүүлэх ёстой. Барилга барихаар шийдсэн бол эхлээд газраа хууль ёсны дагуу өмчлөх хэрэгтэй. Орон сууц, оффис үйлчилгээ, цэцэрлэг сургууль гээд юу барих гэж байгаа нь ч мөн тодорхой байх ёстой. Үүний дараа дүүргийн болоод нийслэлийн Засаг даргаас захирамжаа авна. Үүн дээрээ үндэслээд архитектур төлөвлөлтийн даалгавраа гаргуулна. Дараа нь ус цахилгаан, дулаан, холбоо зэрэг техникийн нөхцөлүүдээ авсан байх ёстой. Үүн дээр үндэслээд барилгын ажлын зураг төсөл хийгдэнэ. Уг төслөө хуулийн дагуу НОБГ, НМХГ-аар давхар хүлээн зөвшөөрүүлэх ёстой. Ерөнхий төлөвлөгөөний газар батлагдсан эскиз зургийг хянаж үзээд, ажлын зургийг баталгаажуулдаг. Хамгийн сүүлд Барилгын хөгжлийн төвийн мэргэжлийн экспертүүдээр барилгын зураг үнэн зөв, мэргэжлийн дагуу хянаж баталгаажуулагдсан байна уу гэдгийг шалгуулж, магадлалын дүгнэлт хийлгүүлнэ. Гаднах талбайн зохион байгуулалтын зургаа НМХГ-аар давхар хянуулдаг. Энэ бүх бичиг баримтуудыг харгалзан үзээд НЕТГ барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгнө. Энэ зөвшөөрлөө авч байж газар дээрээ хашаа хороогоо барьж, улаан шугамаа татуулж байгаад газраа ухаж эхлэх ёстой. Ингэсэн нөхцөлд барилгын ажлын аль ч шатанд ямар ч хяналт шалгалт хийхэд “бүдрэхгүй”. Бас хэнээс ч гомдол санал ирэхгүй.

-Тэгэхээр зөрчилтэй аж ахуй нэгж, иргэд дээрх бичиг баримтуудаа гүйцэд бүрдүүлэлгүй газраа ухаад эхэлсэн гэсэн үг үү?

-Тийм. Иргэд гэхээсээ аж ахуйн нэгжүүд иймэрхүү зөрчил гаргах нь элбэг. Ихэнхдээ тэд санаатайгаар зөрчил гаргадаг. Тэд чинь дэргэдээ хуулийн зөвлөхтэй, бас мэргэжлийн баг ажиллаж байна шүү дээ. Төрийн байгууллагад торгууль төлснөө зөрчлөө арилгалаа гэж бас эндүүрдэг. Жишээ нь, зөвшөөрөлгүйгээр газраа ухаад, сууриа цутгачихлаа. Гэтэл мэргэжлийн хяналтаас очоод үйл ажиллагааг нь зогсоож, хуулийн дагуу торгууль ноогдуулах нь зүйн хэрэг. Торгуулиа төлөөд барилга угсралтын ажлаа үргэлжлүүлэх эрхтэй гэж ташаа ойлгох нь бий.

Нөгөө талаар төрийн байгууллагуудын уялдаа, холбоог сайжруулах хэрэгтэй. Япон, Хятад, Солонгос зэрэг оронд мэргэжлийн байгууллага нь тухайн барилга баригдах газрыг өмчлүүлэхээс өмнө “Энэ газар дээр та зориулалтаас нь хамаараад суурь нь ийм хэмжээтэй, төчнөөн метр кв талбайд нь ногоон байгууламж бүхий ийм тэдэн давхар барилга байгууламж барьж болно” гэсэн дүгнэлтийг гаргуулдаг. Энэ дүгнэлтийг үндэслэн барилга барих зөвшөөрөл олгоно. Манайд бол эсрэгээрээ. Нэг хүн очоод газрын албанд газар эзэмших өргөдлөө өгдөг. Тэрхүү газрын албаны мэргэжилтэн барилга, хот байгуулалтын мэргэжилтэн биш учраас ямар хэмжээний обьект барьж болох эсэх, хот төлөвлөлттэй энэ нь хэрхэн уялдах зэргийг бүрэн тооцоолж чаддаггүй. Газраа өөрийн болгоод авсан хүн түүн дээрээ юугаа барих нь өөрийн дур гэсэн сэтгэхүйтэй байдаг. Газраа зарлаа ч гэсэн түүнийг нь худалдан авсан хувь хүн, аж ахуйн нэгж ч мөн ялгаагүй. Ингээд хоёр давхар барилга барих боломжтой газар дээр 10 давхрыг барина гээд зүтгэчихдэг. Ингэж хууль зөрчих эхлэл нь тавигддаг.

Германд гэхэд л барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд нэг нэгэндээ хяналт тавьдаг. Суурь ухах ажлыг нэгэн мэргэжлийн компани хийлээ гэхэд зураг төслийн дагуу, зөрчилгүй хийсэн тохиолдолд дараагийн компани сууриа цутгана. Хэрэв суурийн нүхийг гүехэн, хэмжээг томруулсан бол хоёр дахь компани хүлээн авахгүй байх нь. Барилгын ажлын явцад хэдийд зөрчил гарна, тэр үед нь барилгын ажил зогсоно гэсэн үг. Энэ туршлагыг нэвтрүүлэхээр сүүлийн гурван жил Барилгачдын холбоо, БХБЯ-тай хамтран ажиллаж байна.

-Өнөөгийн санхүүгийн хүндрэлтэй үед мэргэжлийн хяналт, холбогдох төрийн байгуулага ийм ч зөвшөөрөл дутуу, тийм ч бичгээ сунгуул гээд барилгын ажлыг зогсоож, бүтээн байгуулалтын ажилд садаа боллоо гэх асуудлыг хувийн хэвшлийнхэн тавих болсон. Энэ тал дээр?

-Уг нь 60 айлын орон сууц бариад ашиглалтад өгвөл гэр хорооллын 60 яндан үгүй болно, жижүүр цэвэрлэгч гээд гурав, дөрвөн байнгын ажлын байр бий болно гэх зэргээр барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй хувийн хэвшлийнхэн тайлбар тавьдаг. Бүх зүйл хуулийн дагуу, ном журмын дагуу явагдах ёстой. Барилгын ажил нь ном журмын дагуу яваагүй бол түр зогсоож, зөрчил дутагдлаа арилгах хугацаат үүрэг өгдөг. Энэ нь тэднийг хавчиж хяхах бус дэмжиж байгаагийн нэг хэлбэр. Хугацаандаа зөрчлөө арилгавал барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоно.

Харамсалтай нь зөрчлөө арилгах шаардлага дахин дахин өгсөөр байтал биелүүлэхгүй байгаа аж ахуйн нэгжүүд бас байсаар байна. Эдгээрийн тод томруун “төлөөлөгч” нь дээрх 35 барилга байна шүү дээ.

-Цаашид эдгээр 35 барилга байгууламж дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Бичиг баримтуудыг нь дахин нарийвчлан судалж, хэд нь барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө НЕТГ-т хүргүүлчихээд хариу хүлээж байгааг гаргаж ирнэ. Мөн тэдэнд зөвшөөрөл олгох эсэхийг НЕТГ-аас тодруулна. Үүний дараа огт хүсэлтээ өгөөгүй, НЕТГ-аас зөвшөөрөл олгох боломжгүй компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг БХБЯ-д танина. Нийслэлийн Засаг даргад газрынх нь зөвшөөрлийг цуцлуулах саналаа ч мөн хүргүүлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монгол мөрөөдөл”-ийг хэн бүтээх вэ? нийтлэлийг Өдрийн сониноос уншаарай

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэн, уншигч та бүхний гар дээр очлоо. Өдрийн сурвалжлагаа Монголын үндэсний музейд өчигдөр нээлтээ хийсэн “Монгол тамга” үзэсгэлэнгээс бэлтгэлээ. Тус үзэсгэлэнд үе үеийн Монголын төрийн тэргүүнүүдийн хэрэглэж байсан тамга сэлтээс гадна 13 дугаар зууны үеийн тамга тэмдгийн дардас бүхий захидал хүртэл дэлгэгджээ. “Нэг ангийнхан” буланд Сүхбаатар аймгийн бүрэн дунд сургуулийг 1973 онд төгссөн ангийнхнийг онцлон орууллаа. Учир нь эдний ангиас хоёр гавьяат, хоёр доктор, хориод алтан гадас одонт шагналтнууд төрөн гарчээ. Монгол мөрөөдөл”-ийг хэн бүтээх вэ? нийтлэлд “… монгол мөрөөдөл ямар байхыг хамтдаа төсөөлөөд үзье. Бид мөрөөдлөө яаж харах ёстой юм бол гээд харахаар ядаж л хоёр өрөө тохилог сууц, хэрэглээндээ уначих машин, тогтмол дажгүй орлого, мэдээж эрүүл амьдрах зөв орчин хэрэгтэй. Орон сууцныхаа зээлд өнөөдрийнх шиг олдог мөнгөнийхөө талаас илүүг биш, арваас хорин хувийг зардаг болчихвол монгол мөрөөдлийн нэг мөчир цэцэглээд ирчихнэ…” хэмээн бичсэний дэлгэрэнгүйг өнөөдрийн “Өдрийн сонин”-ны гуравдугаар нүүрнээс уншаарай. Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ын захирал асан Ж.Равдандорж нарыг бусдаас их хэмжээний мөнгө хахуулиар авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгах болсон талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонины долдугаар нүүрт хэвлэгдлээ.

“Өд бэх” буландаа СГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт С.Пүрэвийн “Азын цэнхэр уулс” өгүүллэгийг оруулсан бол “Ном ярьж өгье” буландаа Шведийн зохиолч Стиг Ларсоны “Луу шивээст охин” хэмээх адал явдалт зохиолыг онцоллоо. Үүнээс гадна цаг үеийн мэдээ мэдээллүүд мэдээж манай өнөөдрийн дугаарт багтсан.

Categories
мэдээ нийгэм

Гадаад хэргийн яамнаас сэрэмжлүүлж байна

Бүгд Найрамдах Солонгос Улсын аялал жуулчлалын онцгой бүс Чэжү хотод гадаадын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчдог. Гэтэл сүүлийн үед манай улсын иргэд тус хотын хилийн шалган нэвтрүүлэх, цагаачлалын албанд саатуулагдаж, хил нэвтэрч чадахгүй нутаг буцах тохиолдол цөөнгүй гарч байна.

Үүний гол шалтгаан нь тухайн иргэн өмнө нь БНСУ-д зорчихдоо визийн хугацаа хэтрүүлсэн, хууль бусаар оршин сууж байсан, эрүүгийн болон захиргааны гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан зэрэгтэй холбоотой аж. Мөн буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баталгаа, биедээ авч яваа бэлэн мөнгөтэй эсэх зэргийг харгалзан тус улсын цагаачлалын албанаас ярилцлага хийсний үндсэн дээр хил нэвтрүүлэх эсэх шийдвэрийг гаргадаг байна.
Иймд БНСУ-ын Чэжү хот руу аялахаар төлөвлөж буй иргэд аялалын зорилгоо нотлох баримт бичгийн бүрдлийг сайтар хангаж зорчихыг Гадаад хэргийн яамнаас анхааруулж байна.