Categories
мэдээ нийгэм

Хоёр ч аймагт ингэ ихэрлээд байна

Өнгөрсөн
сарын 27-нд Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт Улсын залуу аварга малчин
Г.Галсанбатынд ингэ ихэрлэжээ. Өмнө нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн
малчин И.Дэлгэрцэцэгийн хотонд өнгөрсөн
сарын 18-нд ихэр ботго гарсан билээ. Ингэ
ихэрлэх нь ховор тохиолдол гэдгийг ахмад малчид ярьж байна. Түүнчлэн зарим хүн
бод мал ихэрлэх нь муу гэж ярьдаг ч ингэ ихэрлэхийг эрт дээр үеэс сайн цаг
ирэхийн дохио хэмээн бэлэгшээж байна.

Categories
мэдээ нийгэм

Говьсүмбэр аймагт шинэ зах ашиглалтад оржээ

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Сумын
хөгжлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2013-2015 оны хооронд
нийт 2.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, 294 ажлын байр шинээр бий
болгожээ.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж
ажилласнаар “Чойр кашмер” ХХК-ийн нэхмэл сүлжмэлийн үйлдвэр,
Шивээ-Овоо ХХК-ийн дэргэдэх ажлын хувцасны үйлдвэр, “Үлэмжийн чанар”
ХХК-ийн цэвэр усны үйлдвэр, “Баялаг эмээлт” ХХК-ийн тахианы эх
сүргийн аж ахуй, “Баян нексус” ХХК-ийн ган бөмбөлөгний үйлдвэрүүд
шинээр байгуулагдсан гэж Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Од-Сэр хэлжээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн
төвүүдийн задгай зах, худалдааны төвийг битүү зах, шинэ байранд оруулан
худалдаа эрхлэгчдийн ажлын байрны тав тухыг хангахаар төлөвлөжээ.

Тус аймгийн “Балдан засаг” ХХК нь стандарт
шаардлага хангасан худалдааны төв захыг ашиглалтанд оруулж 70 хүнийг ажлын
байраар хангаж ажиллаж буйтай Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг танилцуулсан байна.

Тус компани 180 ам.метр талбай бүхий жижиг
дэлгүүрээ 1500 ам.метр талбай бүхий хоёр давхар үйлчилгээний төв болгон
өргөтгөж үйлчилгээгээ эхлээд хоёр сар болж байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд Орхон аймагт ажиллаж байна

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Орхон аймагт ажиллаж байгаа аж.Тэрээр аймгийн бүтээн байгуулалтын ажил болон түүхий резин, резинэн түүхий эдийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ. Монгол Улсад анх удаа түүхий резин боловсруулах үйлдвэрийг байгуулан ажиллаж байна. Одоогоор үрэлтэнд тэсвэртэй, тосонд тэсвэртэй, тусгай зориулалтын зэрэг нэр төрлийн түүхий резинүүдийг үйлдвэрлэж “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй байгаа түүхий резинийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлж байгаа юм байна. Тус үйлдвэр жилд 300 орчим тонн резин боловсруулах хүчин чадалтай бөгөөд Монгол Улсын дотоодын нийт хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай юм.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэр хорооллын инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн хүрээнд Наран багт байрлах 2000м2 багтаамжтай усан сангийн байгууламжтай танилцсан юм. Хотын захирагчийн ажлын албаны дарга Б.Батжаргал тус байгууламжийн талаар болон Орхон аймгийн Баян-Өндөр суманд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулав. Орхон аймгийн хүн амын төвлөрөлтэй холбоотойгоор төвийн шугам сүлжээг өргөтгөх шаардлагатай байгааг хэлж байв.

Гүний худгуудгийг байгуулсанаар 35 км цэвэр усны шугам, 7 км бохир усны шугам, цахилгааны шугамуудыг байгуулжээ. Усны машинаар зөөсөн ус 8 төг байсан бол цэвэр усны сан ашиглалтад орсноор 4 төгрөгийн үнэтэй болжээ. Төв усан сангаас 50 худагт ус түгээж байгаа юм байна. Баян-Өндөр суманд байгаа 72 худгаа ухаалаг системтэй болгохоор ажиллаж байгаа, үүний үр дүнд 1 л усны өртөг 1 төгрөг болж буурах боломж бүрдэнэ гэв. Түүнчлэн гэр хорооллын өрхүүдийг төвийн шугам сүлжээнд холбох нөхцлийг хангах чиглэлээр төлөвлөлт хийгдэж байна. Энэ нь хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилготой гэв.

Мөн тэрээр тус аймгийн Баян-Өндөр сумын өрхийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцжээ.Мөн махны худалдааны төвлөрсөн худалдааны “Таван эрдэнэ” төвийн үйл ажиллагаатай танилцсан байна. “Жаргалант мах импекс” ХХК-ийн захирал Ч.Батмагнай тус төвийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Орхон аймгийн Засаг дарга 2016 онд Худалдааг төвлөрүүлэх захирамж гарган, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор мал, малын мах, малын гаралтай түүхий эдийн төвийг байгуулахаар шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Тариаланчдад 12.5 хувийн хүүтэй зээл олгохоор болжээ

Энэ онд улсын хэмжээгээр 322.9 мянган га-д үр
тариа, үүнээс 301.5 мянган га-д буудай, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо,
16.3 мянган га-д тэжээлийн таримал, 25.3 мянган га-д тосны болон сэлгээний
бусад таримал тариалахаар төлөвлөж, хаврын тариалалтын бэлтгэлийг хангаж
байна.

УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2016 оны
тариалалтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас
эхний ээлжинд 25 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж тариаланчдад 2
жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл олгох шийдвэрийг Хөгжлийн банкнаас
гаргалаа.

2015 оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан
6.4 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлсэн бөгөөд үрийн буудайн дутагдалтай
байдлыг харгалзан 4 аж ахуйн нэгжтэй дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулан нэмж
8.0 мянган тонн үрийн буудайг импортоор авч 10-30 хувийн урьдчилгаатайгаар
олгох ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн тариалангийн үйлдвэрлэлд
төрөөс үзүүлдэг уламжлалт дэмжлэгүүдийг өнгөрсөн оныхоос бууруулахгүйгээр
олгохоор төлөвлөж байна. 2016 оны тариалалт, уринш боловсруулалт, ургац
хураалтын ажилд нийтдээ 5.5 мянган тонн шатахууныг 50 хувийн, 7.9 мянган тонн,
нийлмэл бордоог 1 тонныг нь 400.0 мянган төгрөгөөр тооцож 75 хувийн, 447 тонн
ургамал хамгааллын бодисыг 10-30 хувийн урьдчилгаатай олгох юм байна.

Нийлбэр дүнгээрээ 2016 оны тариалалтад импортын 8
мянган тонн үрийн буудайг оролцуулахгүйгээр 20.8 тэрбум төгрөгийн
бүтээгдэхүүнийг хөнгөлөлтэй нөхцлөөр олгохоор шийдвэрлээд байна. Мөн 2015
оны ургацаас гурил үйлдвэрлэлд хүнсний буудай нийлүүлсэн 608 аж ахуйн нэгж,
иргэдэд энэ сарын 20-ны дотор багтааж мөнгөн урамшууллыг олгоно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Дөрвөн өнгө” балет өнөөдөр тайзнаа амилна

УДБЭТ энэ амралтын өдрүүдэд “Дөрвөн өнгө” цоо шинэ балетын шоу тоглолтыг тавих гэж байна. Энэхүү тоглолтоор жилийн дөрвөн улирлын өнгийг дөрвөн балетмейстер өөр өөрсдийн бүтээлийн өнгө, арга барилаар тоглох аж. Тоглолтод үндсэн нэг өнгийн тайзан дээр гэрлийн олон талт эффект, дуу, шумны өвөрмөц онцлогийг ашиглах бөгөөд дөрвөн улирлын өнгө төрхийг харуулсан шийдлүүд нар, цас, бороо, салхийг мэдрүүлэх аж. Балетын гоцлол жүжигчин, СТА Г.Батчимэг хөгжмийн зохиолч Эдвард Григийн “Өглөө” аялгууг сонгосон бол ерөнхий балетмейстер, СТА Б.Жаргал хаврын улирлыг Антонио Вивалдигийн алдарт “Дөрвөн улирал” сонатаар үзүүлэхээр сонгожээ. Гоцлол жүжигчин, СТА Э.Эрдэнэжаргал Николас Жаар хэмээх шинэ залуу хөгжмийн зохиолчийн бүтээлээр зуны дэлгэр цагийг илэрхийлнэ.Намрын улирлыг балетын хөтлөх найруулагч Н.Чинзориг Сергей Рахманиновын Төгөлдөр хуурын II симфонийг неоклассик балеттай зохицуулан цоо шинэ бүтээл туурвижээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Дэлхийн цирк Монголд” үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

“Дэлхийн цирк монголд” гурав дахь удаагийн тоглолт үзэгчдийг иэг байлдан
дагуулж байна. Тасалбарын эрэлт хэрэгцээ өндөр, хүрэлцээ муу байгаа
учраас үзэгчид хүсэлт гаргажээ. Тиймээс тоглолтын хугацааг долоо
хоногоор сунгахаар болсон байна. Хүүхэд багачууд амьд арслан харж хүслээ
гүйцээж, лам гөрөөс, сармагчин одой морь болон чадварлаг жүжигчид
Монголын үзэгчдийн гайхашруулж байна. Дэлхийн 15 орны шилдэг циркчидийн
тоглолт энэ долоо хоногийн амралтын өдрийн онцлох үзвэр байх нь
дамжиггүй. Дэлхийн цирк Монгол тоглолтыг зохион байгуулагчид аль болох
олон хүнийг хамруулах үүднээс амралтын өдрүүдэд өдөр 2-3 удаа тоглолтыг
зохион байгуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

З.Энхболд Эмэгтэйчүүдийн чуулганыг нээнэ

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт үндэсний
чуулган ирэх даваа гаригийн 09.00 цагт Соёлийн төв өргөөнд
эхэлнэ. Чуулганд 330 сум, 21 аймаг, 9 дүүргийн ИТХ-аас 400-аад эмэгтэй
төлөөлөгчдийг оролцуулан 600 гаруй төлөөлөгчид оролцоно.
Чуулганыг УИХ-ын дарга З.Энхболд нээж, үг хэлнэ.

Чуулганаар шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо Үндэсний
чуулган УИХ-ын эмэгтэй гишүүд болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн
Хуралд сонгогдон ажиллаж буй эмэгтэйчүүд, төрийн бус байгууллага, хэвлэл
мэдээллийн байгууллагууд Монгол Улсын хөгжлийн асуудлуудаар харилцан
санал солилцох, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр
гарч байгаа сайн туршлагыг харилцан солилцох юм. Улс төрийн карьер
хийх, сонгогдсон албан тушаалд ажиллахад бий болсон нийтлэг сургамж,
бэрхшээл, улс төрд эмэгтэйчүүдэд тулгарч буй саад тотгорыг арилга арга
зам, ирэх сонгуульд анхаарах асуудлаар зөвлөлдөх зорилготой аж.

Чуулганаар

• Хууль тогтоох ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо
• Орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо
• Эмэгтэйчүүдийг улс төрийн карьерт бэлдэх нь
• Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн манлайлал гэсэн багц асуудлуудыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

Малчдад долоон тэрбум төгрөгийн зээл олгов

Засгийн газрын “Сайн малчин” хөтөлбөр өнгөрсөн сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Энэ өдрөөс хойш Төрийн банкинд 4208 малчин 14 тэрбум 487.1 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ.

Үүнээс Төрийн банк өнгөрсөн сарын
31-ний өдрийн эцсийн байдлаар 2264 малчинд 7 тэрбум 504.8 сая төгрөгийн
зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Аймаг, сумд нөөцийн өвсгүй болжээ

Зудтай болон зудархуу сумдын тоо буурч,
хаваржилт сайжирч байгаа ч нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувь цастай
байгаагаас дөрвөн аймгийн 32 суманд “Цагаан зуд” болж хаваржилт хүндхэн
байгаа талаар албаныхан мэдээлж байна.

Тэгвэл хаваржилт хүндэрсэн эдгээр сумдад
хүргүүлэх өвс, тэжээл улсын нөөцөд байхгүй хэмээн мэргэжилтэн хэлж
байна. Одоогоор олон улсын тусламжийн байгууллага, бусад орны
туслалцаагаар аргацааж байгаа аж. Хаваржилт хүндэрснээс бол 799 мянган
мал хорогдсон мэдээг орон нутгаас ирүүлжээ.

Categories
гадаад мэдээ

Дүрвэгсдийг буцаах хууль батлав

Грекийн парламент тус улсад ирж буй цагаач дүрвэгсдийг Турк руу буцаах
тухай хууль баталжээ. Энэ хууль нь Европыг зорьсон асар олон дүрвэгсдийн
давалгааг зогсоох зорилготой Европын холбоо, Туркийн саяхан гарын үсэг
зурсан гэрээний нэг хэсэг ажээ.

Ирэх даваа гаригаас Грекийн хилээс буцсан цагаач, дүрвэгсдийг Турк
хүлээн авч эхлэх юм. Гэвч дотоод, гадааддаа улс төрийн хямралтай Турк
улс тэдгээр дүрвэгсдийг хүлээж авах ямар ч бэлтгэлгүйгээс дүрвэгсэд их
санасан газар есөн шөнө хоосон хононо гэдэгтэй адил зүйл болох вий гэж
хүмүүнлэгийн, хүний эрхийн олон улсын байгууллагууд анхааруулжээ.
Дүрвэгсдийн асуудлаар ЕХ, Турк харилцан тохиролцсон гэрээ байгуулсны
дараа Грек цагаач, дүрвэгсдийн тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах
шаардлага тулгарсан бөгөөд парламентын 300 гишүүний 169 нь нэмэлт
өөрчлөлт оруулахыг дэмжсэн байна.

Өнгөрсөн жил нэг сая гаруй цагаач дүрвэгч Турк, Грекээр дамжин хөлөг
онгоцоор Европ руу гарсан бөгөөд дүрвэгсдийн дамжин өнгөрөх болсон Грек
дүрвэгсдийн хямралд хамгийн их өртсөн. Европын орнууд дүрвэгсдээс нүүр
буруулж, хилээ хаахад Грекийн хил дээр түгжигдсэн дүрвэгсдийн хуарангууд
олноор бий болсон юм. ЕХ, Туркийн харилцан тохиролцсон гэрээний дагуу
Грек рүү хууль бусаар гарсан цагаач, дүрвэгсдийг ирэх даваа гаригаас
эхлэн Турк руу буцаах юм.

Харин дүрвэгсдийг хүлээж авсныхаа хариуд Туркт Европын холбоо
хүмүүнлэгийн тусламж олгохоор болж, улс төрийн олон асуудал дээр найр
тавьсан билээ.

Гэвч дүрвэгсдийг хүлээж авахад ердөө хоёр өдөр үлдээд байгаа ч Турк ямар ч бэлтгэлгүй байгаа ажээ.

Туркийн хилийн Дикили хотын бүртгэлийн төвд дүрвэгсдийг хүлээн авч
бүртгэхээр төлөвлөж байгаа ч тэнд одоо хоосон байгаа гэнэ. Хотын оршин
суугчид тус хотод дүрвэгсдийн хуаран байгуулахыг эхнээсээ эсэргүүцэж
эхэлсэн бөгөөд дүрвэгсдийг зөвхөн түр хугацаагаар байрлуулна гэж байгаа
ажээ.

Хүний эрхийн олон улсын байгууллага Эмнести интернэшнл Туркийг
дүрвэгсдийг Сири рүү хүчээр буцааж байгаа тухай мэдээлсэн юм. Харин Турк
үүний хариуд мэдэгдэл хийгээгүй байна. Сирид иргэний дайн дэгдсэнээс
хойш 2.7 сая хүн Турк руу дүрвэн гарсан гэсэн тоо гарчээ. Тэр дүрвэгчид
одоо хоёр орны хилийн ойролцоо дүрвэгсдийн хуаранд амьдарч байгаа юм.