Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шилдэг 12 бөхийн оноолт гарлаа

Үндэсний бөхийн өнөө цагийн шилдэг 12 хүчтэний багийн халз барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Урьд нь шилдэг бөхчүүдийн багийн халз барилдаан болж байсан ч харцага, начингаас дээш цолтон зодоглож байгаагүй юм. Тэгвэл энэ удаагийн барилдаанд хүч үзэх бөхчүүд болон тэдний оноолт хэрхэн гарсныг сонирхуулъя.

НЭГДҮГЭЭР ТОЙРОГ:


  • П.Бүрэнтөгс у.а- Э.Энхбат у.н
  • Н.Ганбаатар у.г- Ө.Бат-орших у.х
  • Б.Гончигдамба у.г –М.Өсөхбаяр у.з
  • Ц.Содномдорж у.х- Ч.Санжаадамба у.з
  • Н.Батзаяа у.х –Э.Оюунболд у.а
  • Т.Баасанхүү у.н- Н.Батсуурь у.а

ХОЁРДУГААР ТОЙРОГ:


  • П.Бүрэнтөгс у.а- Ө.Бат-Орших у.х
  • Н.Ганбаатар у.г- М.Өсөхбаяр у.з
  • Б.Гончигдамба у.г- Ч.Санжаадамба у.з
  • Ц.Содномдорж у.х- Э.Оюунболд у.а
  • Н.Батзаяа у.х- Н.Батсуурь у.а
  • Т.Баасанхүү у.н- Э.Энхбат у.н

ГУРАВДУГААР ТОЙРОГ:

  • П.Бүрэнтөгс у.а- М.Өсөхбаяр у.з
  • Н.Ганбаатар у.г- Ч.Санжаадамба у.з
  • Б.Гончигдамба у.г- Э.Оюунболд у.а
  • Ц.Содномдорж у.х- Н.Батсуурь у.а
  • Н.Батзаяа у.х- Энхбат у.н
  • Т.Баасанхүү у.н- Ө.Бат-Орших у.х

ДӨРӨВДҮГЭЭР ТОЙРОГ:


  • П.Бүрэнтөгс у.а- Ч.Санжаадамба у.з
  • Н.Ганбаатар у.г- Э.Оюунболд у.а
  • Б.Гончигдамба у.г- Н.Батсуурь у.а
  • Ц.Содномдорж у.х- Э.Энхбат у.н
  • Н.Батзаяа у.х- Ө-Бат-Орших у.х
  • Т.Баасанхүү у.н- М.Өсөхбаяр у.з

ТАВДУГААР ТОЙРОГ:


  • П.Бүрэнтөгс у.а- Э.Оюунболд у.а
  • Н.Ганбаатар у.г- Н.Батсуурь у.а
  • Б.Гончигдамба у.г- Э.Энхбат у.н
  • Ц.Содномдорж у.х- Ө.Бат-Орших у.х
  • Н.Батзаяа у.х- М.Өсөхбаяр у.з
  • Т.Баасанхүү у.н- Ч.Санжаадамба у.з

ЗУРГААДУГААР ТОЙРОГ:

  • П.Бүрэнтөгс у.а- Н.Батсуурь у.а
  • Н.Ганбаатар у.г- Э.Энхбат у.н
  • Б.Гончигдамба у.г- Ө.Бат-Орших у.х
  • Ц.Содномдорж у.х- М.Өсөхбаяр у.з
  • Н.Батзаяа у.х- Ч.Санжаадамба у.з
  • Т.Баасанхүү у.н- Э.Оюунболд у.а
Categories
мэдээ нийгэм

“Барс-2” захын урдаас тэсрэх бөмбөг олдсоныг аюулгүй болгов

barsАлбан байгууллагын хашаанд тэсрэх бөмбөг байна гэсэн иргэдийн өгсөн
мэдээллийн дагуу дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэс,
Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг бүрэлдэхүүн
ажилласан байна. Тодруулбал, тус дүүргийн 20 дугаар хороонд байрлах
“Барс-2” худалдааны төвийн урд байрладаг “Монинжбар” компанийн хашаанаас
тэсрэх бөмбөг олджээ. Албаны шуурхай ажилчид, тэсэрч дэлбэрэх бодисын
хайгуулах, устгалын бүлэг очиж тэсрэх бөмбөгийг аюулгүй болгосон байна.
Анхан шатны мэдээллээр тус тэсрэх бөмбөгийг бөмбөгдөгч онгоцоор
сургуулилалт хийхэд ашигладаг гэлээ.

Categories
мэдээ улс-төр

АН өнөөдөр СЕХ-нд мөрийн хөтөлбөрөө хүргүүлнэ

Ардчилсан
намын өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд 2016 оны УИХ-ын сонгуульд
оролцох хүсэлтээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүргүүлэхээр болжээ.

2016 оны
сонгуульд өрсөлдөх нам эвслүүд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө энэ
сарын 29-ны дотор СЕХ-нд ирүүлэх хуулийн заалттай.

Хуулийн
хугацаа өнөөдөр дуусч байгаа бөгөөд СЕХ-ны Нарийн бичгийн даргаар
ахлуулсан Ажлын хэсэг намуудын материалыг амралтын өдрүүдэд шалгаад ирэх
ажлын өдрүүдэд сонгуулийн тухай хуулийн шаардлага хангасан нам,
эвслүүдийн батламжийг гардуулах юм.

Categories
мэдээ улс-төр

МАХН, МҮАН, ИЗНН-ынхан жагсана

“Шударга
сонгуулийн төлөө” эсэргүүцлийн цуглаан өнөөдөр 12.00-14:00 цагийн
хооронд Чингисийн талбайд болно. Тус цуглаанд МАХН, МҮАН, ИЗНН-ын
удирдлага, гишүүд оролцох аж. Тэд сонгуулийг шударга явуулахад олон
нийтийн анхаарлыг хандуулах, ҮХЦ улс төрийн нөлөөнд автаж, нэг ижил
маргаанд хоёр өөр дүгнэлт гаргаж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлэх юм
байна.

Дээрх намууд
нь Үндсэн хуулийн цэцээс гаргасан 05 дүгнэлтийг эсэргүүцэж “МАНАН ба
Сонгуулийн хуулийн захиалга” гэх өргөтгөсөн хуралдааныг өнгөрсөн мягмар
гаригт Төрийн ордноо зохион байгуулсан билээ. Харин энэ удаа жагсахаар
болсон нь энэ аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ өнөөдөр 10 гаруй асуудал хэлэлцэнэ

УИХ-ын
өнөөдрийн нэгдсэн чуулганаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр хуваарь
гарчээ. Гэвч албан ёсоор зарлагдсан хуваарь нь зөвхөн үдээс өмнөх
хуралдааны хэлэлцэх асуудал юм. Харин үдээс хойших хуралдаанаар хэлэлцэх
асуудлыг хараахан зарлаагүй байна.

УИХ-ын нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхэлж дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд,

1.Монгол Улсын иргэний харьяаллын тухай
/шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол
Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.

2.Иргэний улсын бүртгэлийн тухай
/шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн
газар 2016.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.

3.Геодези, зураг зүйн тухай хуульд
нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн
газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна;

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна.

4.Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт
оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн
мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.

5.“Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай”
Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.04.12-ны өдөр өргөн
мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ танилцуулна.

6.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай
/шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.14-ний өдөр
өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл,
шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн
Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

7.Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04
дүгээр дүгнэлт /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр
зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг
зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/:

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.СУГАР танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

8.Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах
тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн,
хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.

9.Үндэсний их баяр наадмын тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн
Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн,
хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна;

-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.

10.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг
цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Цог
2015.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЦОГ танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.

11.Нэмэгдсэн өртгийн албан татварын
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай
хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар
2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАВААСҮРЭН танилцуулна.

12.Гаалийн албан татвараас чөлөөлөх
тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл
/Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАВААСҮРЭН танилцуулна.

13.Мал, амьтны эрүүл мэндийн тухай
/шинэчилсэн найруулга/ тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
/Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.

14.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг
2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” /Засгийн газар
2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн/:

-Үндсэн чиглэлийн биелэтийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

15.Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн
“Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын
төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 8 гишүүн 2015.11.06-ны
өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН танилцуулна;

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх замыг хаана

Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг 04 сарын 29-ний 00:00 цагаас 05 сарын 01-ний 23:00 цагийн хооронд, Замын Цагдаагийн баруун урд уулзварыг 04 сарын 29-ний 22:00 цагаас 04 сарын 30-ны 10:00 цагийн хооронд тус тус хэсэгчлэн хаах тул дээрх хугацаанд Та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.

Энэхүү хязгаарлалтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний нийт 4 чиглэл буюу Ч:10 “Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо”, Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хороолол”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замналд өөрчлөлт ороод байна. Дээрх чиглэлүүдийн нийт 39 тээврийн хэрэгсэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар үйлчилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим газарт тохижилт, ногоон байгууламжийн ажил хийнэ

Улаанбаатар хотын гудамж, цэцэрлэгүүдийн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг сайжруулах, эзэнжүүлэх зорилгоор цэцэрлэгжилтийн хувийн хэвшлийн байгууллагуудад нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгийг хариуцуулан өгсөн.

Занабазар, Дилавхутагт Жамьянжав, Бага тойруу, Зайсангийн тойрууд тохижилт, ногоон байгууламжийг хариуцах хувийн хэвшлийн байгууллагуудад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас заавар зөвлөмж өглөө.

Ногоон байгууламжийн норм стандартыг чандлан мөрдөж графикт усалгааг тогтмол хийж, ургахгүй байгаа модыг авч шинэ мод тарьж, явган хүний замын хавтанг суулгахдаа түвшингийн зөрүү үүсгэхгүй байхад анхаарахыг зөвлөв. Ажлын гүйцэтгэлд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хөндлөнгийн төрийн бус байгууллагууд хяналт тавих юм.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал ногоон байгууламжийн хувийн хэвшлийн байгууллагуудад “ Тохижилт, ногоон байгууламж, инженерийн ажлуудыг уялдуулах шаардлагатай. Тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийхдээ стандартыг чанд мөрдөж ажиллах хэрэгтэй”-г онцолсон.

“Асем-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Жамьян гүн, Гэндэнгийн гудамжинд хийгдэж буй тохижилтын ажилтай танилцсан.бөгөөд Выставка худалдааны төвийн хажуугаар явган хүний зам тавина. Монголын хүүхдийн ордон, Выставка худалдааны төв гэх мэт тухайн гудамжинд байрлаж буй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч орчных нь тохижилтыг хийхээр төлөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр таван дүүрэг, Төв аймагт цахилгаан хязгаарлана

“Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар, үйлчилгээ хийнэ. Энэ үеэр дүүргүүдийн цахилгааныг тодорхой цагаар хязгаарлана. Хуваарийн дагуу өнөөдөр цахилгаан түр хязгаарлах газруудыг танилцуулж байна.

29/IV

Баянзүрх

10.30-16.00

13,14-р хороо Дүүргийн 4, 6-9-р гудамж, Био хэмжил зүйн төв, 172-р цэцэрлэг, МУИС-ийн цөмийн судалгааны төв болон ойр орчмоор

10.30-17.30

6, 14, 12-р хороо 7Б, 8, 13Б, 15, 27, 31, 38, 40, 41, 49А, Б, 51А, Б, 53А, 55, 56, 64, 66, 90-р байр, Улаанбаатар сан, Хиймор-12 СӨХ, Зоку, Бридж констракшн, Нүүдлэс, Согоо нуур ХХК-ууд, НЭХН хүрээлэн, Биотехнологи үйлдвэрлэл судлал болон эдгээрийн ойр орчмоор

11.00-17.30

13-р хороо Алтан тэвш хороолол, Дүүргийн 1-16, Районы 1-8 гудамж

Баянгол

11.00-18.00

20-р хороо, 29-р бааз 50 машины гараж, Жаст ШТС, Говь ХХК, Шунхлай групп, СЭХГ болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

11.00-17.00

Сонсголон бармат ХХК-ийн карьер, Цэргийн анги, Блокны үйлдвэр, Хайрганы үйлдвэрүүд болон эдгээрийн ойр орчмоор

16.00-16.20

Буянт-Ухаа спортын ордны арын ГХ-ын дахин төлөвлөлтийн барилга

Сонгино хайрхан

11.30-18.00

6, 7, 14, 15-19, 23, 29, 30, 31-р хороо Алтайн 2, 3, 5, 6, 7, 14, 15, 19, 20, Хамбын 1-8-р гудамж, Хилчин хотхон, Хангайн 54, 58, 64, 67, 68, 69, Чулуутын 1-3, 6-8, Тоосгоны 5-9, 24, Хилчний 5-8-р гудамж орчмоор

Налайх

10.00-18.00

2, 3, 4-р хороо Дэнж, Бадралын гудамж, Дэнжийн 13-21, Туулын 14-20-р гудамж, Нарлагийн задгай, Автобус бааз

Төв аймаг

10.00-18.00

Баянжаргалан сум Зүүн гэр хороолол, ЗДТГ, Банк, Сургууль, Соёлын төв

Categories
мэдээ цаг-үе

Ө.Тамир: Өвөө минь азарган чоныг овоодон агнаж байсан эрэмгий хүн

Монгол Улсын даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын гэргий, Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын ээж Ө.Тамиртай уулзаж хөөрөлдлөө.

-Таныг Монгол Улсын Ерөнхий сайд асан Гэндэнтэй хамаатан гэж сонссон юм байна. Ямар хамаатан билээ?

-Манай хөгшин аав Өлзийтийн Дэнзэн, хөгшин ээж Шагдарсүрэн хоёр Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн гүний хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул улс. Ханхөгшнийхөн гэдэг байсан. Миний хөгшин ээж Рэнцэн тайжийн долоон хүүгийн нэг Цагаан-Очир тайжийн ганц охин юм билээ. Цадмэд тайжийнх нь охин болохоор Ардын их хурлын нарийн бичгийн дарга Готовын авгай Басдайры эгч. Хөгшин аав, ээж хоёр таван хүү, гурван охин төрүүлж өсгөсөн. Хөгшин аавыг наян тавныхаа найрыг хийн Сүхбаатарын талбай дээр үг хэлээд, кино зураг авахуулж байхад зохиолч Өвгөөдэй хэмээх Цэндийн Дамдинсүрэн таарч “Өлзий буян дэлгэрсэн өвгөн” гэсэн тэмдэглэл бичсэн байдаг. Ууган охин Донжид нь есдүгээр Ерөнхий сайд Гэндэн гуайн авгай байхгүй юу. Тэрний удаах нь Батмөнх буюу том Дулам гэж нагац эгч маань байна. Манай ээжийг Жаал Дулам гэдэг байсан. Ээж маань багаасаа тэнхимд сураад дөрвөн аргын тоо, бичиг үсэгтэй болохоор АИХ-ын дарга асан Ж.Самбуутай феодалын хөрөнгө хураахаар Цэцэрлэгмандалын аймгийн Намнан уулын хошуунд явж байсан байгаа юм.

-Ээж чинь тэгвэл эрчүүдээс дутахгүй л дайчин бүсгүй явж дээ?

-Самбуу даргатай хоёр ч удаа хөдөө томилолтоор явсан байдаг юм. Самбуу даргыг Өмнөговь аймгийн даргын алба хашиж байхад ээж Дэлэгсамба ахлагчтай эсэргүү хөдөлгөөнийхнийг дарах гэж явсан байгаа юм. Энэ тухай “Эвлэлийн төв хорооны зуун гишүүний дурсамж” номонд баримт нь орсноос гадна Өвгөөдэй Дамдинсүрэн бас бичсэн байна. Ээж маань театрт дуучин, жүжигчин байсан. “Хэрмэл Дамбийжаа”-гийн галзуу хүүхний дүр зэрэг дандаа гол дүрийг бүтээж байсан байгаа юм. Ээж Эвлэлийн төв хорооны дарга байсан манай Өвөрхангайн гаралтай Улаан Пүрэв гэдэг хүний эхнэр байж. Энэ хүн Аж үйлдвэрийн комбинатын даргын алба хашиж байгаад хэлмэгдсэн байдаг. Төрийн шагналт Пүрэвийн Хорлоогийн хамаатан хүн шүү дээ. Ээж, Ерөнхий сайдын гэргий Донжид эгчтэйгээ хоёр морьтой Хараа, Бороо руу хавар эрт гараад намар тариа будаа ихтэй Хүрээ орж ирдэг байсан гэдэг. Ээжийгээ “Саран ээж” өргөмжлөлт болох үеэр бид архиваас нэлээд баримтыг нь цуглуулж авсан. Гэндэнгийн Казанийн төмөр замын буудал дээр зогсож байсан зураг энэ тэр гээд их зүйл байдаг юм билээ.

-Улсын архивт ч мэдээж тэр том алба хашиж байсан хүний их баримт байгаа л даа?

-Югославын Ерөнхийлөгч Титог манай улсад айлчлахад би цэцэг өргөн барьж байсан юм. Тэр зураг хүртэл архивт байдаг юм билээ. Тэр зургаа олж угаалгаж авсан. Зураг түүх өгүүлнэ гэдэг чинь сайхан юм билээ. Гэндэн Ерөнхий сайдыг Сочид баривчилсан шүү дээ. Тэгэхэд Донжид эгчтэй хамт дүү Пэлжээ нь хамт байсан юм билээ. Ээжийн дүү Долгор гэж багш хүүхэн байсан. Ээжийн дүү Цэрэндондов бол БНАСАУ, Болгар улсуудад элчингийн нарийн бичгээр ажиллаж байсан, Англи Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар сууж байсан хүн байна. Англи улсад суугаа Элчин сайдын яам Канадыг давхар хариуцдаг байсан. Манай Мөнхбат чинь олимпод оролцохоор явахдаа Цэрэндондов ахынд очиж байсан байдаг. Сүүлд Японд долоон жил Элчин сайдаар ажилласан. Ээжийн бас нэг дүү Дэнзэнгийн Ишцэрэн их сургуульд багш, Боловсролын яамны сайдаар ажиллаж байгаад Төрийн ордонд нас барсан шүү дээ. Энэ нагац ах маань биеэр том биш ч гэсэн моринд их эрэмгий, циркийг үндэслэгч гавьяат жүжигчин Раднаабазар, Нацаг нартай хамт овоолго хийх үзүүлбэрт гардаг мундаг тамирчин хүн байсан байгаа юм. Сэмжээн Дондов гэдэг хүү нь малчин байж байгаад жолооч болсон хүн. Манай хөгшин аав ийм найман хүүхэдтэй хүн байлаа.

-Хөгшин аав чинь ямаршуухан хүн байв?

-Их сайхан барилддаг. Мээтэн Аюур, Их Монгол Шаравжамц нартай хүч үзэж явсан “майга”, “бөх”, “баян” Дэнзэн гэсэн алдар гуншинтай хүн байсан даа. 1956 онд зодог тайлсан гэж байгаа юм. Урт гарт хэмээх Маамын Лхагва арслан өвөөгийн зодог, шуудгийг өмсөн улсын наадамд түрүүлсэн гэдэг. Улсын наадамд түрүүлээд Лхагва арслан чинь “аавынд” орсон ш дээ. Тэр зодог шуудгийг Лхагва гуай гарч ирээд “Энэ өмсгөлийн чинь идийг хийлээ” гээд манай хөгшин аавд авчирч өгч байсан юм гэдэг. Дээр үеийн улсууд тийм сайхан жудагтай. Бөхийн удам залгуулах охин гэдэг утгаар авч үзэх юм бол манай өвөө чинь улсын цолгүй ч тийм мундаг бөх хүн байсан. Улсын сайн малчин цолыг 1933 онд авч байсан.

-Таны аав болохоор аль нутгийн хүн билээ?

-Манай аав Өлзий-Утас Архангай аймгийн хүн. Аав, Базарын Ширэндэв гуай хоёр Архангай аймгаас ачааны машин дээр хүрзний хоёр талаас бариад анх хотод орж ирсэн байгаа юм. Машинаас Ленин клубын энд буучихаад гудамжны чийдэн харчихаад гайхаад, хараад зогсоод байсан гэдэг. Тэгээд хамтдаа нэг сургуулийн газар очоод утсаар ярьж байгаа хүн харчихаад “Галзуу солиотой юм уу, хаашаа юм, ганцаараа яриад байх юм” гэж нөгөө хүнийг дооглон биенээ нударч байсан гэж ярьдаг сан. Ширэндэв гуай гадаадад сургуульд яваад усанд хаясан чулуу шиг арван хэдэн жил алга болсон гэж аав ярьдаг байлаа. Аавыг болохоор бичиг үсэг, дөрвөн аргын тоотой болохоор Монголдоо ойр зуур намын ажилд томилсон байгаа. Хожим КУТВ-д яваад эрүүл мэндийн шалтгаанаар буцаж ирсэн. Урлагийн гавьяат зүтгэлтэн Цогзолын аав Пүрэв хойно бие нь тааруу байхад их тусалж байсан юм билээ.

-Та айлын хэд дэх хүүхэд билээ?

-Айлын ууган хүүхэд Архангай аймагт Цэнхэр, Тамирын голын Сайрын ард төрсөн. Намайг дөрөв, таван настай байхад манайх хотод шилжиж ирэн Боловсон мах комбинатын даргаар ажилласан. Хойно Сэлбийн амралтын даргаар олон жил ажилласан. Бид тэнд л өсөж торнисон доо. Миний дараагийн дүү Ө.Булган гэж их сургууль төгссөн орос хэлний багш хүн байна. Сангийн яаманд олон жил ажилласан эдийн засагч Ө.Алтансэлэнгэ, ШУТИС-ийн доктор Ө.Нагва, Ташкентэд төгссөн Ө.Баянтуул, Эрхүүгийн их сургууль дүүргэсэн Ө.Энхсайхан нарын дүү нар минь бий.

-Улс даяар алдартай дархан аварга Мөнхбатын гэргий болсон түүхээ хуучилбал сонин доо?

-Аав Сэлбийн амралтын дарга байхдаа Тэрэлжийн амралтын дарга Рагчаа гуайд ах дүү нараа ярин ажилд оруулсан байсан. Тэнд манай аавын эгчийнх цагаан идээ боловсруулах ажил хийдэг байлаа. Тэрэлжийн амралтын тэр эгчийндээ өвлийн амралтаараа амарч байхад бөхчүүд бэлтгэл хийж байсан. Тэр үеэс л Мөнхбат бид хоёр бие биеэ мэддэг болсон. Мөнхбат гудамжны хоёр талаар явж байхад “Хөөе” гээд дуудахаар би их ичнэ. Манай Анагаахын дээд сургуулийн нэг ангийн хүү, улсын начин Чулуунбаатар бид хоёрыг нэг анги гэдгийг Мөнхбат мэдээд цугтаа манай гэрийг сурагласаар ирж байсан. Би дөрөвдүгээр курсын оюутан байж. Нэг өдөр Чулуунбаатар “Чамаас семинарын ном авах гэсэн юм” гэж ирлээ. Гандангийн хамба лам Гомбожавын охин Эрдэнэцэцэг манай анги. Тэднийд хамт очиж ном сурчихаад гараад ирсэн чинь Мөнхбат хүлээж байдаг юм. Тэрнээс хойш Мөнхбат манай гэрийг мэддэг болж аваад ороод ирнэ. Амьдралаа ярих нь их өрөвдмөөр. Аав ээж гэж байхгүй, ах дүү нар нь хөдөө. Хотод мориор шууз ганзагалан хичээлд ирчихээд Тасганы овооны энд хонож байсан ч гэх шиг юм ярина.

-Мөөеө аваргын аав, ээж нь бурхан болчихсон байсан юм уу?

Мөнхбат чинь айлын арав дахь хүүхэд байхгүй юу. Төрөөд зургаан сартай байхад нь ээжийнхээ ах Жигжидийнд өргүүлсэн юм билээ. Аав Чанцал, ээж Хажид хоёр арван хоёр хүүхэд гаргасан улс. Айлд өргөгдөөд арван гурван насандаа ээж нь нас барах үед сургуулиа хаяж ээж рүүгээ гүйсээр нэг жил завсардсан байдаг. Жигжид аав нь хорин хэдтэйд нь бурхан болсон. Техникумд сурч байхдаа мориор нутгаасаа хичээлдээ ирдэг байсан юм билээ, хөөрхий. Бөхөд хайртай сайн улсын хүчинд Санхүүгийн техникумаа төгсөж, сургуульдаа багшаар үлдсэн байгаа юм. Багш нар нь зодог шуудаг хүртэл хийж өгсөн байдаг. Ардын уран зохиолч Балжирын Догмид ноднин “Намайг Санхүүгийн техникумд сурч байхад Мөөеө аварга миний багш байлаа. Цагаантолгойн сангийн аж ахуйд намрын ажилд явахад Сэлэнгэ мөрөнд намайг сэлэх гэхээр “Говийн хүүхэд усанд живж үхэх гэж байгаа юм” гээд бургасаар шавхуурдаад хөөдөг байсан. Яс юман дээр би Дорноговьд усан бассейнд сэлээд сурчихсан, загас шиг л амьтан байсан байхгүй юу” гэж хуучилж байна лээ. Тэгэхээр шавь нараа гэсэн сэтгэлтэй мундаг л багш байсан байгаа юм.

-Тантай танилцахдаа Мөөеө аварга улсын наадамд аль хэр амжилттай барилдаж байв?

-Өө, юу ярьж байгаа юм. Дөрөв, тав түрүүлчихсэн байлгүй яахав.

-Тав түрүүлдгээ түрүүлчихсэн байсан үе нь юм байна шүү дээ?

-Тэгсэн байсан. Би дөрөвдүгээр курстээ Архангайд дадлага хийхээр явсан. Мөнхбат Мехикогийн олимпод оролцох гээд Завханд бэлтгэлтэй ч их сургуулийн номын санч ажилтай ээж дээр хүртэл намайг сураглаж очсон байдаг юм. Дадлагад байх хугацаанд нагац ах Цэрэндондов эд нар “Улсаа төлөөлж олимпод явах гэж байгаа хүнийг сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэй” гэж ятгаж эхэлсэн. Тэгээд олимпод явахад манайд хоол унд болоод үдэж өгсөн. Эндээс л бид хоёр ойртож дотноссон доо. “Мөнхбат олимпоос алтан медаль авах гэж байна, мөнгөн медаль дээр тогтлоо” гээд манайхаар ирсэн улс амьтан ярьж л байсан. Залуу байсан болохоор тоох ч үгүй. Олимпоос ирэх өдөр нь ичээд онгоцны буудал руу очилгүй, сургуулийнхаа үдэшлэгт бүжиглэхээр яваад өгсөн. Ах нь, балиашгууд нь л тоссон. Намайг үдэшлэгээс тараад ирсэн чинь Мөнхбат манайд ирчихсэн байлаа. Түүнээс хойш манайхаар голдуу байцгааж, хүүхдүүдийг маань аав, ээж өсгөлцөж өгсөн дөө.

-Ууган үрийнхээ зулайг үнэрлээд аав, ээж болохын жаргалыг мэдэрсэн байж таарна даа?

-Ууган хүү М.Батхуяг маань төрлөө. Цэргийн сургууль төгссөн, Зүүнбаянд офицер байж байгаад аавынхаа сургуульд жүдо, самбогоор багшилсан. Удаахь охин М.Батцэрэн Солонгост сургууль төгсөөд, одоо “Тоёота Мөнххада”-гаа авч явна. М.Батгэрэл охин маань Англид таван жил шахуу амьдарч байхад нь бид “Дүүдээ тусал” гээд Япон руу явуулсан. М.Баасанжаргал охин маань Их шавийн сургуульд багшилж байгаад бас л компанидаа ажиллаж байна. Энэ охины маань нөхөр аймгийн арслан Батжаргал. Хүргэн сумод хүүхдүүдийг дасгалжуулж барилдуулна. Монголчууд энэ жил алт, ноднин мөнгө, уржнан жил хүрэл медаль авсан ш дээ. Баянхонгороос ирсэн хүүхдүүд энэ жил түрүүлсэн байна лээ.

-Батхуяг хүү чинь барилддаг байв уу?

-Улсын наадмын хүүхдийн барилдаанд барилдсаан. Жудо, самбод барилдаж байсан. Баримтат кинонд дүрс нь үлдсэн байдаг юм. Дүүдээ мэх зааж өгнө. Би хөвгүүдээ бөхөд эвсэлтэйг харахаар “Бөх гэдэг чинь хоёр талаасаа дөгөөтэй л байдаг юм байна” гэж боддог юм шүү дээ. Манай хөгшин аав чинь өглөө адуунд явж байгаад унага даага идчихсэн азарган чонотой таарч уургаараа нүдсээр муужруулаад, чоноо салтаандаа хавчуулж байгаад хутгаа сугалан хөнөөж байсан тухай хууч яриа сонсож л байсан.

-Даваажаргал хүү чинь Япон руу хэдтэй явлаа?

-Долоогоо төгсөөд наймдугаар ангид ордог жилээ л явсан даа.

-Аав ээжийнхээ өврөөс ч гараагүй явсан гэж үнэн үү?

-Манайх ч хөдөө гадааны улс ихтэй болохоор миний муу хүү чинь аав ээжийнхээ л өвөрт унтана. “Хэн хэлчихдэг байна аа. Ээж аавынхаа өвөрт унтдаг гэж хүүхдүүд шоолоод байх юм” гэж их ичдэг байсан. Заан Дүвчингийн хүүхэд энэ тэртэй барилдана. “Аав гэдэг арын хаалга ч байхгүй. Аварга, аварга л гээд байдаг. Намайг харж байхад түрүүлээч” гэж бэлтгэл дээр гарч байхдаа их гомдоллоно. “Даваа туг тойрч байгаад таварцаглачихлаа” энэ тэр гээд элдэв юм дуулдана аа. Сонгинын амралтад сүүлд Өсөхөө аваргатай хамт гардаг байсан. “Хэлтгий заяа” кинонд аавтайгаа тоглож байлаа. Япон руу “Гурван сар болно” гээд аравдугаар сард явсан хүүхэд чинь удахгүй ирэх шахаж л байсан. Анхандаа жижиг биетэй гээд гологдоод, аав, ээждээ бэлэг сэлт аваад, маргааш нисэх тийзээ бичүүлчихсэн байхдаа азаар дэвжээндээ үлдсэн байдаг юм.

-Тэндээ үлдсэнийх ямар ч байсан сумо хэмээх тэр том уулын оргилд нь ямар ч гэсэн гарлаа даа?

-Анхандаа гэрээ санана. Шөнө орондоо уйлдаг байсан гэсэн. Багш нь өдрийн арван мянган төгрөгийн сүү авч өгдөг их сайн хүн таарсан байсан. Багш нь муугаас болж сумогоос гарсан хүүхдүүд зөндөө байдаг юм билээ. Ноднин Хубилай хааны сүнс амирлуулах ёслолд япончууд намайг урьж үг хэлүүллээ. Би тэнд “Миний хүү арван таван настай сумод ирсэн. Манай Монголын үр хүүхдээ хүмүүжүүлэх сайхан ёс байдаг. Баруун мөрөн дээр аавын, зүүн мөрөн ээжийн сүнс байрлаж, орой дээр Бурхан багш оршдог гэж багшийг их хүндэлдэг ард түмэн. Цагаан сар болоход аав, ээжээсээ илүү багштайгаа золгодог, номыг торгонд боож баринтагладаг ард түмэн. Миний хүү яагаад сайн барилдаж байна гэхээр сайн багштай учраас өдий зэрэгтэй явж байна” гэж хэлэхэд багш нь “Танай хүү үнэхээр сайн бөх” гэж байсан. Тэр олон сая хүний итгэлийн сайхан хүч хүүд маань цагаан эрчис хайрлаж байгаа нь тодорхой доо.

-Ач нар чинь одоо ч сайхан өсөж торнилоо доо?

-Манай хүүхдүүд сурлага сайтай. Эзэн хааны сургууль биш иргэн хүн сурдаг өндөр зэрэглэлийн сургуульд Юнрэнцоо охин маань гурав, дөрвөн мянган хүүхдээс ганцаараа шалгарч сурч байгаа шүү дээ. Тэр Кэйёо сургуульд бас дүү нь цуг сурч байгаа. Хамгийн бага Мааяа охин ээжийнхээ сурч байсан Эзэн хааны сургуульд сурч байна даа.

-Хакухо аварга аав, ээжийнхээ алтан хуримыг хийлгэлээ гэж цахимаар хэсэг шуугив даа?

-Цагаан сарын шинийн гурванд Өмнөд Солонгосоор дайраад Хавайн аралд очсон. Тэнд Даваагийн фен клубын америк, япон хүмүүс сайхан хүлээж авсан. Зураг хөргөө далайн эрэг дээр авах гэснээ настай улс жиндэх байх гээд тусгай ёслолын танхимд нь хуримын хувцас, японы үндэсний хувцастай зургаа авахуулсан. Тэр олон сая хүний сэтгэлийг бодож япон үндэснийх нь хувцастай зургаа авахуулахад юу нь болохгүй байх вэ гэж бодсон. Хүлээн авалт сайхан болсон. Хавайд гурван хос алтан хуримаа тэмдэглэсэн дээ.

Categories
мэдээ цаг-үе

М.Наранмандах: Хийе гэсэн хүнд арга олддог, хийхгүй гэсэн хүнд шалтаг олддог

-ЭЭЖ, ОХИН ХОЁРЫГ ДЭМЖСЭН ТАНАЙ СОНИНЫ ХАМТ ОЛОН, УНШИГЧДАД МАШ ИХ БАЯРЛАЛАА-

Тархины саажилт гэсэн оноштой ой таван сартай О.Сувд охины ээж М.Наранмандахын “Миний бяцхан охин хөл дээрээ зогсоно” нэртэй ярилцлага сурвалжлагыг манай сонин өмнө нь уншигчдадаа хүргэж байсан билээ. Охиноо эмчлүүлэхийн төлөө энэ гэр бүл хэрхэн зүтгэж байгаа болон эмчилгээний зардлаа олох гэж шөнө хугаслан босч шүрээр машины дугаар хэлхдэг ээжийн яриа олон хүнд нэгийг бодогдуулаа биз ээ.

Манай сурвалжлагын дараа сайхан сэтгэлт олон хүн охинд туслахаар ханджээ. Ирэх даваа гариг буюу энэ сарын 25нд “Зүрхний бяцхан сувд” хандивын тоглолт болно. Бид охины ээж М.Наранмандахтай эргэн ярилцлаа.

-“Зүрхний бяцхан сувд” тоглолт 25-нд болох гэж байгаа. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Тоглолтын бэлтгэл ажил сайн байна. Энэ ажлыг санаачлан хэрэгжүүлсэн “Латиф” төвийн тэргүүн Л.Байзадад баярласнаа илэрхийлье. Ээж, охин хоёрын мөрөөдөл бодит болоход маш их тусыг үзүүлж байгаа хүн бол дуучин Л.Байзада юм. Охины минь төлөө өдөр шөнөгүй, нойроо хугаслаад, өөрийн ажлыг хойш тавин бид хоёрт чин сэтгэлээсээ тусалж байгаад маш их баярлалаа. Өмнө нь тоглолтын сурталчилгааны ажилд л явж байснаас, гардаж зохион байгуулж байгаагүй. Одоогоос нэг сарын өмнө энэ ажлыг эхлүүлж байсан. Өөрөө тоглолт хийх гэж байгаа мэт сэтгэл их хөдөлж байна. Миний хувьдаа борлуулах билетийн тоо 2000. Одоогоор 800 гаруй билет үлдсэн. Танай сонины өмнөх сурвалжлагын дараа шүрээр дугаар хийлгэх хүмүүсийн тоо их нэмэгдсэн. “Өдрийн сонин” ажил хэрэгч хүмүүсийн ажлаа эхлэхэд хамгийн түрүүнд нүүр тулдаг мэдээллийн хэрэгсэл гэдэг нь батлагдлаа. Яагаад гэхээр танайд сурвалжлага гарсны маргааш өглөө 08:00 цаг өнгөрөөгөөд л хүмүүс над руу холбогдож эхэлсэн. Зөвхөн тэр өдөр л гэхэд би сайхан сэтгэлтэй хүмүүсээсээ хагас сая төгрөгийн хандив авсан. Мөн 50 гаруй хүнээс шүрээр хэлхэх утасны дугаарын захиалга хүлээж авсан. Ээж охин хоёрыг дэмжсэн танай сонины хамт олон, уншигчдад маш их баярлалаа.

-Хүүхдийн цагаан буян түшээд О.Сувд охины хандивын тоглолтын зар мэдээлэл мөн их цацагдаж байсан шүү дээ. Тусалж дэмжсэн хүмүүс хэр их байна?

-Тасалбараа зарахад их олон хүний тус дэм орсон. Нэр дурдвал “Peace mall” худалдааны төвийн 207 дугаар лангууны эзэн Лхамжав эгч байна. Надад нэг лангуу гарган өгч үнэ төлбөргүй намайг суулгахаар болсон. Тус лангуун дээр суугаад 21 хонох гэж байна. Энэ нь миний ажлыг маш их хөнгөвчилж, цаг завыг минь хэмнэж байгаа. Шөнөдөө захиалгаа хийгээд өдөртөө түгээдэг байсан бол түгээлтийн хугацаа богиносож захиалгаа хийх, мөнгө хуримтлуулах боломж маань илүү нээгдэж өгсөн. Тасалбараа борлуулахад ч их дөхөм болсон. Лхамжав эгч бид хоёр фэйсбүүкээр танилцаж нэгнийгээ мэддэг болсон. Мөн тоглолтын тасалбар, утасны дугаар захиалж авсан, шүр хэлхэхэд минь тусалдаг маш олон хүн байгаа. Энэ олон хүний сэтгэлийн хүчээр охин маань удахгүй эдгэнэ гэдэгт би итгэлтэй байна.

-Одоогийн байдлаар хандивын мөнгө хэр их цуглараад байна. 25 сая төгрөг хэрэгтэй гэж байсан?

-Хандив өнгөрсөн хугацаанаас сая гаруй төгрөгөөр нэмэгдсэн байгаа. Хотгойд Батхуягийн Батдэлгэр” гэдэг цахим хуудастай залуу надад хандаж 100 ширхэг шүрэн дугаарын захиалга өгсөн. “Өнөөдөр би ийм сайхан юмтай боллоо. Энэ хүнд би 100 захиалга олж өгье. Намайг дагагч найз нөхөд энэ хүнд захиалга өгөөрэй” гэж бичсэнээс хойш захиалга маш их нэмэгдсэн. Энэ хугацаанд нийт 150 захиалгын ард гарлаа. Энэ хэмжээгээр бид хоёрын хуримтлал өссөн. Гэхдээ тоглолтын зардалд бас их мөнгө орж байгаа. Урсгал зардлаа гаргасны дараа билет борлуулалтаас бид хоёрын цэвэр мөнгөн хуримтлал бий болох юм.

-Ерөнхийдөө санхүүжилт нь бүрдэж гүйцэж байна уу?

-Гүйцэх болоогүй байгаа. Тасалбараа борлуулж чадвал бид хоёрт боломж байгаа.

-Германд шинжилгээ өгөх эмнэлэг рүүгээ ярьсан уу, эмнэлгээ сонгосон уу?

– Хоёр, гурван эмнэлэг рүү материал явуулсан. Үүнээс хоёр эмнэлгээс сонголт хийх үлдээд байгаа. Их нааштай хүлээж авсан. Одоо аль хот руу очвол илүү дөхөмтэй байх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй байна. Надад туслах хүмүүс очих хамгийн боломжтой эмнэлгийг л сонгоно доо.

-Энэ хугацаанд О.Сувд охины маань бие ямархуу байна. Өсч том болж байна уу?

-Охин маань маш сайн байлгүй яахав. Одоо хэвтэж байгаад хоёр тийшээ эргэж хардаг болсон. Байнга охинтойгоо харилцан ярилцаж байсны үр дүнд үеийнхэн шигээ шулганан ярьж байгаа. Тоглолтын ажил, шүрээ хэлхэнэ гээд ээжийнхээ халамжаар саяын хэд хоног дутагдсан байх. Охин маань жаахан ханиад хүрээд өнгөрсөн долоо хоногт аавтайгаа эмнэлэгт хэвтээд гараад ирсэн. Миний охин их хүчтэй байгаа. Одоо цэцэрлэгтээ явж байна.

-Гэр бүлээрээ л эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа байх?

-Бүгдээрээ л хичээж байгаа. Бас манай ханийн хамт олон их сайхан хүлээн авч, олон талаас дэмжиж тусалж байна. Зөвхөн мөнгө бус сэтгэл санаагаар, ажлын ачааллыг нь бууруулах зэргээр олон талаас нь дэмждэг. Олон хүний ачаар охин бид хоёр өнөөдрийг хүртэл зорилгодоо хүрэхээр тэмүүлж чадаж байна.

-Таны энэ шантаршгүй хичээл зүтгэл О.Сувд охинтой адил өвчнөөр шаналж буй хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд бас их урам, сэтгэлийн дэм болж байх шиг байна?

-Найдвар төрүүлж байгаа. Хэд хэдэн хүн пост бичсэн байсан. “Наранмандах эгчийг хараад үнэхээр бид нар буруу бодож байсан юм байна гэдгийг мэдлээ. Одоо л хөдлөхгүй бол оройтох юм байна. Өөрийнхөө нөхцөл байдлыг ойлгоод хөдөлж эхлэх хэрэгтэй юм байна” гэсэн олон постыг уншсан. Би үүнд өөрөө ч маш их урамшиж байгаа. Яагаад гэвэл өвчтэй хүүхэдтэй ээж бүхнээс хүүхдээ эрүүл саруул болгохсон гэсэн бодол хормын төдий ч холддоггүй. Маш олон арга замыг өөр өөрсдийн сувгаар хайж ирэлхийлдэг. Гэтэл мухардах зөндөө тохиолдол байгаа. Наад зах нь ойрхон дөрөв, таван цаг хүүхдээ орхиод явах гэтэл хараад өгөх хүн байхгүй эцэг эхчүүд ч бий. Тэдгээр мухардалд орсон ээж, аавууд хонгилын үзүүр дэх гэрлийг олж харсан байх гэж бодож байна. “Та бидэнд зам, чиг зааж байна. Та өөрийнхөө туршлагаас хуваалцаарай” гэсэн хүмүүс их байдаг. Би “Бид зовлон нэгтэй шигээ зорилго нэгтэй улс. Тийм учраас надад олдож байгаа боломж ч та бүхэнд олдоно” гэдэг. Охин бид хоёр Улаанбаатар хотоос үнэхээр хөдөлж чадвал хөдөлсөн алхам бүрээ, алдсан алдаа, мэдсэн сонссон, дуулсан үзсэн заалгасан бүхнээ бичиж тархины саажилттай хүүхэдтэй эцэг эхчүүдэд, тусламж зөвлөгөөг фэйсбүүк хуудсаараа дамжуулан өгнө гэж бодож байгаа. Би өөрийнхөө охинд тусласнаараа, охиноороо дамжуулан адил өвчинтэй мянга мянган хүүхдэд дуслын төдий ч болтугай тус нэмэр болохыг хүсч байна. Энэ талаар одоо ч үргэлжлүүлэн судалж чамгүй мэдээлэлтэй болж байгаа. Зовлон хүнийг хатуужуулж, ухаажуулж, зоригжуулдаг. Хэцүү гээд суугаад байвал бүх зүйл хэцүү. Хийе гэсэн хүнд арга олддог, хийхгүй гэсэн хүнд шалтаг олддог. Тэр нэг арга маань охиноо оношилгоонд авч явах. Ингэснээр тархиных нь аль хэсэг гэмтсэн юм, тэрхүү гэмтэл нь цаашид хэрхэн нөлөөлөх юм, цаашдаа бид юу хийж чадах, чадахгүй вэ гэдэг нь энэ нарийн оношилгоогоор тодрох юм. Хоёрдугаарт, миний охинд дараа нь үүсч болох хүндрэлүүд нь юу байж болох вэ, харааны бэрхшээлтэй сонсголын бэрхшээлтэй, хэлний бэрхшээлтэй болох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Хоёр дахь хүндрэлүүд үүсэх үү гэдгийг бас мэднэ. Үүний дараагаар ахисан шатны эмчилгээ хийнэ. Бид ямар эмчилгээ хийгдэх эсэхийг мөн мэдэхгүй байна. Охиндоо тусалж дэмжихийн төлөө манай гэр бүлийнхэн нойроо хугаслан хамтдаа тэмцэж байгаа. Гэр бүл гэдэг хамтын хүч гэдгийг би өөрийн биеэр хүүхдүүддээ үлгэрлэж байгаа. Миний дотнын найзууд Ундармаа, Тайван, Саруул нар маань хичээл зүтгэл гаргаад ажлын цаг заваараа бүгдээрээ шүр хэлхэж байгаа. Бүх л юман дээр тусалж байна. Олонтой хүн гэдэг оломгүй далай байдаг юм байна.

-Таныг мөн бусад өвчтэй хүүхдүүдэд, тэдний эцэг эхчүүдэд хандиваар цугларсан, шүр оёж олсон мөнгөнөөсөө хандивладаг гэж сонссон?

-Одоо ч гэсэн хандиваа үргэлжлүүлж байгаа. Өдөр болгон л фэйсбүүк, цахим хуудсанд нэг өвчтэй хүүхдийн мэдээлэл явж байгаа нь эмгэнэлтэй байна. Нэгэнт хүмүүс надад сайхан сэтгэлээр хандаж байхад би ч бас хүмүүст тус нэмэр болох юмсан гэж боддог. Бага гэж голохгүй өөрийнхөө олсон мөнгөнөөс бусдад хандивлаж байгаа.

-Өмнө нь тархины саажилтыг бусад хүмүүс нэг их хайхарч хардаггүй байсан. О.Сувд охинд туслах энэхүү хандивын аян нь нөгөө талаар хүмүүсийг энэ сэдэв рүү бага ч болов татаж байх шиг?

-Миний бас нэг зорилго энэ өвчинтэй холбоотой хуучин ойлголтыг эвдэх. Нийгмийн өөрчлөлт хөгжлийн хувьд нь ч аваад үзсэн энэ саажилт гэдэг өвчний ойлголтыг өөрчлөх ёстой. Энд хувь нэмрээ оруулж чадвал их баяртай байх болно. Энэ зөвхөн өвчинтэй хүүхдүүдийн ээж, аавуудын асуудал биш. Хүмүүс тархины саажилтыг эдгэдэггүй гэж боддог, ярьдаг. Энэ бол эдгэдэг өвчин. Зөв оношилж, эрт арга хэмжээ авч чадвал 90 хувь хүртэл эдгэдэг өвчин байтал хувь заяанд нь хүүхдүүдээ даатгаад орхино гэдэг бол энэрэнгүй нийгэмд хамгийн их харгислал юм. Нийгмийг ийшээ бага ч гэсэн хандуулж чадаж байвал их баяртай байх болно.

-Саажилт нэг удаа хагалгаа эмчилгээ хийлгээд эдгэчихдэг өвчин биш. Маш удаан хугацааны эмчилгээ, сувилал, зардал мөнгө хэрэгтэй гэдгийг өмнө нь бас дурдаж байсан?

-Өнөөгийн манай улсад хийж байгаа саажилтын эмчилгээ яг тийм байгаа.Саажилтын эмч нар үзээд энэ хүүхдийн ээж ажил хийх эрхгүй, бүх юмаа орхиод хүүхдийнхээ төлөө нуруугаа бөгтийтэл зүтгээд байгаарай гэдэг. Өнөөгийн нийгэмд өвчтэй хүүхэдтэй хүн амьдрахад хэцүү. Санхүүгийн бэрхшээлтэй байгаа энэ үед бүх юм, ажлаа хаяад хүүхдийнхээ төлөө зүтгэ гэдэг бодит зөвлөмж мөн үү, үгүй юу. Хоёрдугаарт, тэгээд бодит үр дүнд хүрч чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс би оношилгоог нэн даруй хийлгэхээр зорьж байгаа юм.

-Тоглолтод ямар хамтлаг дуучид оролцох билээ?

-Тоглолтыг маань зохион байгуулж байгаа дуучин Л.Байзада, “Өргөө” хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Бархас, гавьяат жүжигчин Ж.Уранчимэг, П.Хатанбаатар, П.Бямбахүү, Т.Эрдэнэбаяр буюу Дэндэв, Т.Амина, Э.Бумхүү, Б.Тунгалаг, “Му voice” тэмцээний шилдэг оролцогч дуучин С.Ихбаяр, “Гурван бүдүүн” хамтлаг, “Улаан сарнай” бүжгийн хамтлаг тэргүүтэй олон олон уран бүтээлчид оролцоно. Мөн циркийн хөтөлбөр явна гэсэн. Их үзүүштэй сайхан тоглолт хийж өгөхөөр зохион байгуулж өгч байгаад “Латиф” сангийн хамт олонд их баярлаж байна. Хүүхдийн маань тоглолтыг ирж үзэх гэж байгаа, хандив өргөсөн бүх хүмүүстээ баярлалаа. Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Өмнөговь аймгийн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Завхан аймгийн оюутнуудын “За” клубийнхэн, СУИС-ийн хамт олон болон, Радио телевиз видео урлагийн сургуулийн бүх хамт олон болон бусад бүх хүн, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа олон арван шавь нар, найз нөхдөдөө чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ олон хүний сэтгэлийн дэмээр бид хоёр зорилгодоо хүрэх гээд өнөөдрийг хүртэл явж байна.

“Зүрхний бяцхан сувд” тоглолт болоход гурав хоног үлджээ. Гэвч М.Наранмандах эгчид тоглолтын тасалбарын бараг тал хувь буюу 800 гаруй тасалбар үлдэж, устахад хүрээд байгаа юм. Тоглолтын тасалбараа гүйцэд борлуулж чадвал урсгал зардлаа нөхөхөөс гадна, санхүүжилтээ бүрдүүлэх боломж байгаа гэсэн. Та бүхэн бяцхан О.Сувдад тусалж тасалбар худалдан авахыг хүсвэл 95272026, 94056000 утсаар холбогдоорой.