Төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн нэгдүгээр салбарыг байгуулсан. Нэгдүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж буй тус төвд харъяалал харгалзахгүй уртасгасан буюу 08-20 цагуудад үйлчилгээ үзүүлэх боломжтой. Одоогийн байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 287, Засгийн газрын харъяа агентлагуудын 99, нийт 386 үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвөөс авах боломжийг бүрдүүлжээ.
Тус төвөөр өдөрт дунджаар 2420 иргэн, аж ахуйн нэг үйлчлүүлж байгаа нь иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авах хүсэлт, шаардлага өндөр байсныг харуулж байгаа юм.
Харин 2016 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “200 000 дахь үйлчилгээ” хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус төвөөр үйлчлүүлж буй 199 999, 200 000, 200 001 дэх иргэнийг тодруулж, нээлттэй засаглалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, хяналт тавин ажиллаж буй иргэн, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагыг шалгаруулан хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон нутгийн захиргааны байгууллагын удирдлага, албан хаагчид, иргэд оролцлсон юм.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 199 999 дахь үйлчилгээг Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Эрдэнэтуяа нийслэлийн Өмчийн харилцааны газраас, 200 000 дахь үйлчилгээг ТЭД констракшн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас, 200 001 дэх үйлчилгээг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэн Л.Лхамсүрэн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тус тус авчээ.