Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ын үеэр ажиллах сайн дурынхныг сургаж эхэллээ

АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болон түүний дагалдах хурлуудыг зохион байгуулах сайн дурын ажилд хүүхдийн байгууллагууд, ротари клубуудын төлөөллүүд болон 20 гаруй их, дээд сургуулийн 1500 орчим оюутан, залуус бүртгүүлээд байна.

Эдгээр сайн дурын ажилтныг 50, 50-иар нь 24 багт хувааж, эхний 4 багт ажил үүргийн ерөнхий ойлголт өгөх “Үндсэн сургалт” 4 дүгээр сарын 25-нд эхэллээ. Сургалтаар АСЕМ-ын үйл ажиллагаа, сайн дурын ажлын талаар суурь мэдлэг олгож байгаагаас гадна багаар ажиллах чадвар эзэмшүүлэх практик хичээлийг тоглоомын аргад суурилан зааж байна.

Уг сургалтыг олон улсын “Teamwork & Team play” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Дүдү” боловсролын сангийн мэргэшсэн багш нар удирдан явуулж байгаа юм.

Үндсэн сургалт 5 дугаар сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд үүний дараагаар олон улсын харилцаа, дипломат ёс, дэг жаяг, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр баримтлах зарчим, сайн дурын ажилтны ажлын байранд тавигдах шаардлага, зохион байгуулалтын талаар мэдлэг олгох “Чиглүүлэх сургалт”-ыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Чиглүүлэх сургалт”-ыг АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны мэргэжилтнүүд болон ГХЯ-ны ахмад дипломатч нар удирдан явуулах бөгөөд залууст хөтөч тайлбарлагчаар ажиллахад шаардлагатай мэдлэг олгох зорилгоор нийслэлийн түүх дурсгалт газруудаар танилцах аяллыг мөн зохион байгуулах аж.

Улаанбаатарт 4 сарын 21-23-нд болж өндөрлөсөн Ази, Европын түншлэлийн 9 дүгээр уулзалтын зохион байгуулалтын ажилд АСЕМ-ын сайн дурын 50 гаруй ажилтан амжилттай оролцсон байна. Тэднийг удирдан зохион байгуулах штаб Монголын хүүхдийн ордонд байрлаж байгаа бөгөөд сургалтад хамрагдсан оюутнууд аливаа үйл ажиллагаанд оролцохдоо ялгах тэмдэг, хувцас, хэрэгслээр жигдэрч байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Баянхутагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант 1-р баг аймгийн төвөөс зүүн урагш 30 км “Адгийн мөргөцөг” гэдэг газар энэ сарын 21-ний өдөр гарсан хээрийн түймрийг энэ сарын 22-ны 04:00 цагт бүрэн унтраажээ. Тус хээрийн түймрийн мэдээг 4 дүгээр сарын 21-ний өдрийн 13:40 цагт Аймгийн Онцгой байдлын газрын шуурхай дугаарын утсанд хүлээн авч, Онцгой байдлын газраас 4 бүлэг, 42 албан хаагч, 6 автомашин, 30 үлээгч аппарат бусад багаж зэвсэглэмжтэй, Хэрлэн сумаас 6 бүлэг, Баянхутаг сумаас 5 бүлэг гарч ажилласан байна.

Салхины хүч их байснаас түймрийн тархалт эрчимтэй явагдаж, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас 2, Мөнххаан сумаас 3, Түвшинширээ сумаас 2, Галшар сумаас 2 бүлгийг тус тус татан оролцуулж, Улаанбаатар хотын Аврах тусгай ангийн 1 бүлгийг дайчлан ажиллуулсан байна. Түймрийн голомтонд түймэр унтраах ажиллагааг аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Н.Чанцал зохион байгуулж, нийт 341 хүн, 47 автомашин, 67 үлээгч, түймэр унтраах бусад багаж зэвсэглэмжтэйгээр үүрэг гүйцэтгэжээ.

Түймэрт шатсан талбайн хэмжээг урьдчилсан байдлаар тогтооход өргөн нь 15 орчим км, урт нь 40 орчим км бөгөөд одоогийн байдлаар хохирлын тоо хэмжээ, түймэр гарсан шалтгаан тогтоогдоогүй байна. Иймд хаврын хуурайшилт их, цаг агаарын байдал тогтворгүй, салхи шуургатай байгаа энэ үед хээрийн түймэр гарах эрсдэлтэй тул ард иргэд та бүхэн асаасан гал, шүдэнз,тамхины цогийг бүрэн унтраах, үнс нурмаа ил задгай асгахгүй, тагтай саванд хийж занших, машины янданг оч баригчтай байлгах, бага насны хүүхдийг шүдэнз болон асаагууртай явуулахгүй байх, айл болгон түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” туршилтаар ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 141 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр батлах тухай”, 2015 оны “Төрийн Үйлчилгээний нэгдсэн төв байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийг байгуулж байна.

Төвийн нэгдүгээр салбараар /Дүнжингарав худалдааны төв дэх/ өдөрт 2400 гаруй иргэд үйлчлүүлж байгаа бөгөөд уг ачааллыг багасгаж, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Драгон, Мишээл экспо төвд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 2, 3 дахь салбарыг туршилтаар ажиллуулж эхэллээ.

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвийн талбайд байрлах “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” нь

1558 м2 талбайтай
Үйлчилгээний танхим /Main service hall/
Өөртөө үйлчлэх танхим /Self service hall/
Албан хаагчдын контор /Back office/
Хурлын өрөө /Conference room/
Банк /Bank/
Ёслол хүндэтгэлийн тайз
Серверийн өрөө/Server room/
Кафе /Coffee shop/
Цайны газар/ Fast food/
Шударга худалдааны цэг /Fair trade center/
Хяналтын камерын өрөө/Monitoring room/
Нотариат
Үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг
Хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай.

Өдөртөө 6720 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай Драгон дахь нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Үйл ажиллагааны явцад газартай холбоотой бүх төрлийн үйлчилгээг тус төвд төвлөрүүлж, газрын биржийн нэг цэгийн үйлчилгээ болгох зорилгоор ажиллаж байна. Албан ёсны нээлтийн ажиллагаа 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр болно.
Харин Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Мишээл барилгын Их дэлгүүр”-ийн баруун жигүүрийн талбайд байрлах “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” нь

1336 м2 талбайтай
Үйлчилгээний танхим /Main service hall/
Өөртөө үйлчлэх танхим /Self service hall/
Албан хаагчдын контор /Back office/
Хурлын өрөө /Conference room/
Банк /Bank/
Ёслол хүндэтгэлийн тайз
Серверийн өрөө /Server room/
Хяналтын камерын өрөө /Monitoring room/
Нотариат
Үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг
Хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай.

Өдөртөө 4800 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай Мишээл экспо дахь нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Тус төв нь иргэдэд барилгын бүх төрлийн үйлчилгээг нэг дороос олгохоор зорьж байгаа бөгөөд төвийн үйл ажиллагаатай холбогдуулан Мишээл экспо төв Мишээл барилгын их дэлгүүрийг ашиглалтад оруулна. Албан ёсны нээлтийн ажиллагаа 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулав

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж, Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, 31.12 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулах тухай тогтоол гаргалаа.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд орсон, сонгуулийн хууль тогтоомжийн талаарх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаас сонгуулийн хороодод өмнө нь ажиллаж байсан ажлын туршлагыг нь харгалзан томилсон байна.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод нь нийт долоогоос есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр 21 аймаг, нийслэлд байгуулагдаж тэдгээрт 196 төрийн албан хаагчид ажиллана.

Мөн тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасны дагуу Сум, дүүргийн сонгуулийн хороо байгуулж, ажиллуулахыг Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт үүрэг болголоо гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймагт хорио цээр тогтоолоо

galzuuХөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Цэцэрлэг суманд өнгөрөгч баасан гаригт нэг өвчин халдварт өвчний шинжтэй хорогдсоныг дээж авч шинжлэн малын галзуу өювчин болохыг тогтоосон байна. Улмаар малын сэг зэмийг устгаж ариутган. Өвчний голомтод байсан есөн хүнд галзуугийн эсрэг вакцин хийжээ. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжины багийн “Өртөмтийн урд салаа” гэдэг газар нэг нохой халдварт галзуу өвчнөөр үхсэнийг устгалд оруулж, сумын засаг даргын захирамжаар 14 хоногийн хорио цээр тогтоожээ. Өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд Дорнод аймгийн Гурванзагал суманд боомын арьсны хэлбэрийн хүний өвчлөлийн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Улмаар тархвар судлал лабораторийн шинжилгээгээр боом өвчин биш болох нь тогтоогдсон хэмээн Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэгт Истанбул хотын захирагч Кадир Топбаш бараалхлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн урилгаар Улаанбаатарт албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын Захирагч Кадир Топбаш Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхлаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Истанбул хотын Захирагч Кадир Топбашийг Улаанбаатар хотод тавтай зочлохыг хүсээд түүний айлчлал хоёр улс, хоёр хотын харилцаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Мөн Улаанбаатар, Истанбул хотын дарга нарын хамтын ажиллагаанд амжилт хүсч, Засгийн газар дэмжиж ажиллахаа мэдэгдсэн юм.

Истанбул утаа, хог, ус, цэвэрлэх байгууламжийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн хот бөгөөд энэ талаарх мэдлэг, туршлагаасаа хуваалцахад бэлэн байна. Улаанбаатар хотын захиргаатай хамтарч шинэ төслүүд хэрэгжүүлэх боломжтой төдийгүй олон чиглэлд хөрөнгө оруулалт хийхээр сонирхож байна гэж Истанбул хотын Захирагч Кадир Топбаш хэллээ.

Уулзалтын үеэр талууд нислэгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа. Турк Эйрлайнс, МИАТ компани хамтран долоо хоногт гурван нислэг хийж байгааг тав болгож нэмэгдүүлэх боломжийг судлахаар тохиролцов.

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын захирагч Кадир Топбаш манай улсад зохион байгуулагдах Ази, Европын дээд хэмжээний уулзалтад амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ыг бүлэг Цэцийн шийдвэрийг дэмжлээ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн дунд суудлын хуралдааны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд дэмжсэн байна. Үндсэн хуулийн цэц дөрөвдүгээр сарын 22-нд хуралдаад иргэн Ц.Намсрай нараас ирүүлсэн УИХ-ын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байна гэсэн мэдээлэл ирүүлснийг хүлээн авсан байсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цагдаа” бүртгэл эхэллээ

Монголын Оюутны Холбоо,
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улаанбаатар хотын Цагдаагийн Газар,
Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран Гадаадын жуулчдыг гэмт хэрэг,
зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг
“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл 25-30-ны өдрүүдэд МОХ-ын байранд
үргэлжлүүлэн бүртгэх ажээ.

“Оюутан
цагдаа” хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлж буй оюутанд тавигдах шаардлага:

– Англи, Герман, Хятад,
Солонгос, Япон, Орос гэх мэт гадаад хэлний ярианы мэдлэгийн түвшин дундаас
дээгүүр байх

Бүрдүүлэх
материал:

1. Иргэний
үнэмлэхний хуулбар
2. Сургуулийн суралцдаг нь үнэн гэсэн тодорхойлолт /Хугацаа нь дуусаагүй,
сунгалт хийлгэсэн хүчинтэй оюутны үнэмлэхний хуулбар байж болно. Оюутны
үнэмлэхийг эх хувиар авчрах шаардлагатай/
3. 2 хувь цээж зураг
4. Анкет /Бүртгэлийн ажилтнаас авах/

Шалгаруулалт:

Бүртгүүлсэн оюутнуудаас
ярианы хэлний мэдлэгээс хамааран шалгаруулалт явуулж 150 оюутныг сонгон,
Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газрын хамтарсан
сургалтанд хамруулж амжилттай төгссөн оюутнуудын тушаал гарч, гэрээ байгуулсны
үндсэн дээр ажлын үнэмлэх, дүрэмт хувцсыг олгох болно. Оюутан цагдаа хөтөлбөрт
хамрагдсанаараа Оюутан та цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах,
бусадтай зөв боловсон харилцаж сурах, өөрийнхөө хэлний мэдлэгийг дээшлүүлэх,
зуныхаа амралтаар цалинтай ажиллах зэрэг олон боломжийг өөртөө нээх юм.

Categories
мэдээ нийгэм

Барилгын ослыг бууруулахад “Жайка” хамтарна

Хөдөлмөр хамгаалалын аюулгүй байдал алдагдлаас болж барилга дээр удаа дараа ноцутой осол гарах болсон. Тэгвэл Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-аас Монгол Улсын БХБЯ, МХЕГ, Барилгын хөгжлийн төвтэй хамтран “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх” нэгэн төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Харин өнөөдөр БХБЯ дээр гарын үсэг зурснаар энэхүү төсөл ирэх дөрөвдүгээр сараас эхлэн дөрвөн жилийн хугацаатай хэрэгжиж дуусах үүдийг нээх нь. “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэхэд Хөдөлмөрийн Яам, Монголын Барилгачдын Холбоо, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци бусад холбоодууд хамтран ажиллах юм байна.

Уг төслийн зорилго нь БХБЯ, БХТ, МХЕГ байгууллагуудын барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх бодлого төлөвлөлт, сургалт, талбайн зааварчилгаа, хяналтын чадавхи дээшилнэ гэж үзэж байгаа аж.

Барилгын загвар талбайд практик сургалт зохион байгуулагдаж, сургалтын агуулга болон удирдамж, кейс судалгааны товхимлууд үр дүнд хүрнэ хэмээн төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албанаас мэдээлж байна.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос цөмийн туршилтаа зогсоох болзол тавьжээ

Өнгөрсөн бямба гаригт Хойд Солонгос шумбагч онгоцноос
баллистик пуужин харвав. Энэхүү
туршилтын талаар Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн газраас
мэдэгджээ. Хойд Солонгосын шумбагч онгоц тус улсын зүүн нутгийн Хамгён-Намдо
мужийн Шинпо боомтоос холгүй Японы тэнгист байрлаж байжээ. Тус пуужин 30 орчим км ниссэн байна. Хойд Солонгосын талаас хийсэн
мэдэгдэлд, өнгөрсөн оны арванхоёрдугаар
сард явуулсан туршилтын үеэр гарсан алдааг засч, дөрвөн сарын дараа дахин
туршиж байгаа талаар дурдсан байна. Улмаар пуужингийн туршилт амжилттай болсон
гэж мэдэгджээ. Мэдэгдэлд, энэ туршилт нь усан доороос цохилт өгөх ажиллагааны
шаардлагыг бүрэн хангаж, Хойд Солонгосын цэргийн хүчийг бэхжүүлж буйн илрэл
боллоо гэжээ.

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри СуЁн “Associated
Press” агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид олон улсын хориг арга хэмжээнээс
айхгүй. Хэрвээ АНУ Өмнөд Солонгостой хамтарсан тактикийн сургуулилтаа зогсоовол
БНАСАУ цөмийн туршилтаа зогсооно” гэж мэдэгджээ.