Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Анхцэцэг Азийн аварга боллоо

“Рио-2016” олимпийн эрх олгох хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсад үргэлжилж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-д өрсөлдсөн ОУХМ М.Анхцэцэг огцом шахалтаар 112, түлхэлттэй өргөлтөөр 132, нийлбэрээр 244 кг өргөн, Азийн аварга болж, Узбекистаны тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэв. Мөн энэ жинд хүч сорьсон ОУХМ Б.Энхтамир огцом шахалтаар 98, түлхэлттэй өргөлтөөр 116, нийлбэрээр 214 кг өргөж, V байрт шалгарав. Эл жинд БНСУ, Тайванийн тамирчид мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Энэ тэмцээнд эрэгтэйчүүд эхний VII, эмэгтэйчүүд VI байрт шалгарвал тус бүр олимпийн нэг эрх өвөртлөх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Прокурорын газар аймгуудад ажиллана

Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан иж бүрэн шалган туслах ажлын хэсэг энэ оны тавдугаар сарын 02-ноос 14-ны өдрүүдэд Архангай, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудын прокурорын газруудад ажиллана.

Шалгалтын хүрээнд Прокурорын байгууллагын тухай хууль болон эрүүгийн хууль тогтоомж тэдгээрийг хэрэгжүүлэхээр гаргасан Улсын Ерөнхий прокурорын тушаал, албан даалгавар, заавар, журмын хэрэгжилтийн байдал, прокуророос хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, хяналтын ажилд гаргаж буй алдаа зөрчил, дутагдал, түүнд нөлөөлж буй шалтгаан нөхцлийг судалж тогтоох 2014, 2015, 2016 оны нэгдүгээр улирлын байдлаар хийсэн ажилд нь дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах, удирдлага зохион байгуулалт болон хяналтын ажлын чиглэлээр мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлнэ.

Categories
гадаад мэдээ

Японд газар хөдлөлтийн чичиргээн идэвхитэй хэвээр байна

Японы баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсноос хойш хоёр долоо хоног өнгөрч байна. Гэсэн хэдий ч тус бүс нутагт хүчтэй дайвар чичиргээ үргэлжилж, мөн ширүүн борооны улмаас хөрсний гулгалт үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг холбогдох албаныхан анхаарууллаа. Тодруулбал, энэ сарын 14-нд Кумамото мужид 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.

Үүнээс хоёр өдрийн дараа тус бүс нутагт дахин 7,3 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн. Эдгээр газар хөдлөлтөөс хойш Кумамото мужид дахин 1000 гаруй тооны дайвар чичиргээ мэдрэгдсэн талаар Эн-Эйч-Кей суваг мэдээлж байна. Иймээс дахин хүчтэй чичиргээ болох аюул байгааг харгалзан бүс нутгийн ард иргэдэд сонор сэрэмжтэй байхыг холбогдох албаныхан анхааруулжээ.

Газар хөдлөлтийн үеэр 49 хүн амь үрэгдсэнийг албаныхан баталгаажуулаад байна. Нэг хүн одоог хүртэл ор сураггүй хэвээр байгаа юм. Нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хамрагдсан хүмүүсээс сүүлийн хоногуудад 16 хүний биеийн байдал муудаж, нас барсан мэдээтэй байна. Тэдний үхлийн шалтгаан нь таагүй орчин нөхцөлд хоног төөрүүлж байснаас үүдэн өвчилсөн, эсвэл хууч өвчин нь сэдэрсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм. Кумамото мужид 13 мянган барилга байшин эвдэрч, нурсан байна. Мөн 33 орчим мянган хүн өнөөг хүртэл түр орогнох байруудад байрласан хэвээр байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр зарим нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

Өнөөдөр Говь-Алтай, Өмнөговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

2016 оны дөрөвдүгээр сарын 30-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9хэм, говийн бүс нутгаар 22-27хэм, бусад нутгаар 12-17хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 14-16хэм дулаан байна.

2016 оны тавдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 5-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 4-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 1-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, 3-4-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 3-нд ихэнх нутгаар дулаахан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Алдарт С.Дали ба П.Пикассогийн эх бүтээлийг Улаанбаатарт анх удаа дэлгэлээ

Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга Тамгын газар, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг Улаанбаатар хотод анх удаа дэлгэлээ.

Үзэсгэлэнд ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч Я.Щадрины сүүлийн 20 жил цуглуулсан алдарт С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлүүд тавигдаж байгаагаараа онцлог юм. С.Далигийн “Хайлж буй цаг”, “Нарийхан хөлт заан”, Шургуулгатай бүсгүй”, “Гал дундах анааш”, “Нийсдэг эмгэн хумс”, “Титэмтэй ялаанууд” зэрэг хамгийн алдартай уран баримал, зураасан болон уран зураг, керамик урлалын бүтээлүүд тавигдсан бол П.Пикассогийн амьтад, шувууд, Эсмеральдо ишиг, “Навчин дундах бух”, “Бухын тулалдаан” зэрэг шаазан таваг, ваар саван дээр дүрсэлсэн бүтээлүүдийг дэлгэжээ.

Үзэсгэлэн 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавугаар сарын 29-ний өдрийг хүртэл сарын турш Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

4, 9-ээр төгссөн дугаартай автомашины татвар төлөх хугацаа өнөөдөр дуусна

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан журмын дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тоогоор ялган албан татвар, төлбөрт хамруулж байхаар шийдвэрлэсэн.

Энэ журмын 3.4-т Автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор дараахь дарааллаар тухайн оны зургаадугаар сарын 01-ний дотор багтаан зохион байгуулах: Үүнд:

• 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард;

• 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард;

• 3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард;

• 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард;

• 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус төлөхөөр заасан.

Энэ журмын дагуу дөрөвдүгээр сард 4, 9 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдах ёстой. Энэхүү татвар төлөх хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болж, маргаашнаас 5 болон 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэлийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил эхэлнэ.

Хэрвээ тээврийн хэрэгсэл эзэмшигч та хуулийн хугацаандаа амжин албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиргааны арга хэмжээ тооцож, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг Нийслэлийн ЗДТГ-аас нийтэд мэдэгдээд байгаа юм.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр шилдэг залуу бөхчүүдийн барилдаантай

Энэ цаг үеийн өнгийн тодорхойлж яваа шилдэг харцага, начингуудын халз барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус барилдаан бөх сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татдаг юм. Зургаан залуу харцага, зургаан шилдэг начингуудтай тойргийн системээр барилдаж хамгийн олон даваа авсан баг нь түрүүлнэ. Барилдаан 16.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдаанд эдгээр 12 бөх хоёр бага болон халз барилдах юм. Үүнд:

Харцагуудын багт: Ц.Содномдорж, Т.Даваабаатар, А.Цацабшир, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд, Т.Өсөх-Ирээдүй

Начинуудын багт: Э.Энхбат, Б.Сугаржаргал, Т.Баасанхүү, Б.Амарзаяа, Л.Цэрэнтогтох, Р.Пүрэвдагва, Л.Лха-Очир

Барилдааныг “Хамаг Монгол” студиэс зохион байгуулж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэн Н.Цээпилийг 400 саяын азтан биш гэдгийг албан ёсоор мэдэгдлээ

gaaliСүүлийн үед НӨАТ-ын сугалаанд 400 сая төгрөг хожсон гэх иргэн Н.Цээпилийн ярилцлага цахим ертөнцөөр нэлээд шуугиан дэгдээсэн. Энэ талаар өмнө нь ГТЕГ-аас тодруулахад “Албан ёсоор хоёр хүн материал ирүүлсэн. Шалгалт хийж байгаа” хэмээн мэдээлж байсан юм.

Тэгвэл уг асуудлаар өчигдөр Гааль, татварын ерөнхий газраас албан ёсны мэдээлэл өглөө.

Энэ талаар Гааль татварын мэдээлэл технологийн төвийн захирал Р.Отгонтулга “Эхний азтан С.Алтанзул дөрөвдүгээр сарын 5-нд Гааль, Татварын ерөнхий газарт ханджээ. Сугалааны дугаар таарсан боловч QR код нь арилсан байсан тул лабораторид шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд ирэх долоо хоногт хариу нь гарна. Харин хоёр дахь иргэн Н.Цээпил дөрөвдүгээр сарын 26-нд хүсэлтээ өгсөн байна. Хүсэлтийн дагуу мэдээлэл технологийн төвд QR кодыг задалж уншуулахад баримттайгаа нийцээгүй. Тиймээс иргэн Н.Цээпил 400 сая төгрөгийн азтан биш гэдгийг албан ёсоор мэдээлж байна” гэсэн юм. Мөн “Цаасан хэлбэрийг дуурайлгасан ч QR кодыг дуурайлган хийх боломжгүй. НӨАТ-ын урамшуулалтай холбоотойгоор 66 тэрбум сугалааны дугаарыг үүсгээд түүнийгээ санамсаргүй байдлаар иргэдийн баримтад хэвлэж өгдөг. Давхардаж дугаар хэвлэгдэх ямар ч боломжгүй. Сугалаан дээр байдаг QR код бол дахин давтагдашгүй учраас үүнийг нь шалгаж байж тухайн баримтыг жинхэнэ эсэхийг мэддэг” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Супер азтан тодруулах тохирол гуравдугаар сарын 20-нд тодорч 26024190 дугаартай баримт шалгарсан юм. Тухайн үед дээрх дугаар бүхий баримтыг бүртгүүлээгүй байсан бөгөөд Баянзүрх дүүрэгт орших Оргил худалдааны төвийн Амгалан дахь салбараас худалдан авалт хийсэн иргэн дээрх баримтын эзэн гэдгийг Гааль татварын ерөнхий газраас зарласан. Харин хуурамч баримт хийсэн иргэнд хүлээлгэх хариуцлага байдаг эсэх талаар ГТЕГ-ын Хууль эрхзүйн газрын дарга Б.Доржсүрэн “Хэрэв хуурамч баримт гэдэг нь тогтоогдвол бид холбогдох хуулийн байгууллагад шилжүүлнэ. Хуулийн байгууллага тухайн үйлдлийг ямар зөрчил гэдгийг тогтоож, хариуцлага хүлээлгэх болно” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймгийн Галуут сум “Улсын тэргүүний сум” болов

Баянхонгор аймгийн Галуут сум улсын тэргүүний сум боллоо. Аймагтаа анхдагч тэргүүний сум болсон тэдний амжилтийг хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаа Галуут суманд өчигдөр болсон юм. Тэргүүний сумын өргөмжлөлийг гардуулж өгөх ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Баттулга Д.Ганбат , Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг болон аймгийн удирдлагууд, сумын иргэд оролцлоо.

“Хүний хөгжил нутгийн ирээдүй” гэсэн зорилго тавьсан энэ сумынхан сүүлийн таван жилд гаргасан амжилтаараа аймагтаа эхний 1-2 дугаар байранд тогтмол оржээ. Сумын Эдийн засгийг тогтвортой өсгөсөн, ажлын байрыг нэмэгдүүлсэн, эхийн эндэгдэлийг тэгэлсэн, мал сүргийг тогтвортой өсгөсөн амжилтийг үзүүлсэн байна. Анх 1923 онд байгуулагдсан Галуут сум өдгөө 4000 орчим хүн амтай 240 мянган толгой малтай. Уул уухайд түшиглэсэн эдийн засгийн өсөлт энэ суманд үр өгөөжөө өгсөнийг сумын засаг дарга хэлж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Хүнд амьдрал бэлэглэдэг ачтай эмч нарын нэг анги

Ангийнхаа охидтой ярьж суух нь битгий хэл өөдөөс нь харж чадахгүй зугтаачихдаг бүрэг ичимхий зантай хөвгүүдтэй, задлан шинжилгээ хийж байгааг харж чадахгүй ухаан алдаад ойчдог охидтой, цүнхэндээ хүний яс дүүртэл хийчихээд гэрийн зүг баяр баясал, инээд хөөр дүүрэн алхдаг байжээ, оюутан байхдаа тэд. Гэвч цаг хугацаа хэдийнэ өнгөрч, нэг анги хамт олон болоод 30, эмч болж ажлынхаа гарааг эхлээд 24 жил болсон байна. АУДС-ийг 1992 онд төгсөж байсан Байгальмаа багштай нэг ангийнхныг энэ удаагийн “Нэг анги” буландаа урьсан юм.

“СҮХБААТАРЫНМОРИНЦЭРЭГ”-ИЙГДУУЛААД ТҮРҮҮЛЭВ

1986 он. Хотын гудамжинд шаргал навчис хийссэн хул шаргал намрын өглөө нийслэл, хот хөдөөгийн нийлсэн 30 хүүхэд нэг анги болжээ. Дорноговь аймгаас А.Цэнджав, Н.Чинбаатар нар ирцгээсэн байна. Бахиалын түрий эргүүлсэн мянган цэрэгтэй Зүүнбаянд гурван жил алба хаагаад оюутан болж ирж байгаа хоёроос эхлээд бага эмчээр олон жил ажилласан Д.Чулуунбаатар, аравдугаар ангиа төгсөөд орсон 20 гаруй хүүхэд нэг анги болсон байна. Анги дааж авсан багш нь н.Солонго гэх залуухан эмэгтэй байх. АУДС-ийн түүхэнд өмнө нь болж байгаагүй түүхэн үйл явдал болжээ. Тэр нь энэ ангид арван эрэгтэй хүүхэд орсон явдал байжээ. Анагаахын дээд сургуулийн түүхэнд арван залуу нэг ангид орж байсан тохиолдол байхгүй гэнэ. Тухайн үед АУДС-д орох гэж байгаа хүүхдүүд шалгалт өгч тэнцвэл нэг жил аль нэг эмнэлэгт асрагчаар ажиллуулдаг байсан аж.

Эрүүл мэндийн салбар ийм хүнд хэцүү шүү гэдгийг оюутнуудад тухайн үед төр засгийн бодлогоор ойлгуулдаг байжээ. Эмнэлгийн шал угаахаас эхлээд өвчтөн асрах гээд хамгийн хүнд ажлыг нэг жил хийлгэдэг байсан аж.

Ингээд үнэхээр эмч болох хүсэл сонирхолтой нь үлдэж, дээд сургуульд ордог байжээ. Зүүнбаянгийн цэргийн ангид гурван жил алба хаасан А.Цэнджав бүрэг ичимхий нэгэн гэнэ. Өмнө нь үеийнхээ эмэгтэй хүнтэй огт харилцаж байгаагүй юм шиг л ааш авир гаргадаг байжээ. Ангийнхаа охидыг харахаараа шууд ичээд нүүр нь улайчихдаг. Охид нь “Чамайг хэн гэдэг вэ” гээд асуухаар ичээд зугтаачихдаг байсан гэнэ. Тэр хоёр жил ангийнхаа охидтай харилцаж чадахгүй, ичиж явсан гэсэн. Тэгсэн мөртлөө багш нартаа болон ангийнхандаа “томорно”. Биеийн тамирын ямар төрлөөр хичээллэж байна вэ гээд асуухаар “Би жүдо бөхөөр барилддаг” гэж худлаа ярьсан ч удаа байдаг гэнэ. Ингээд ангийнхандаа “Жүдо шар” гэх хочтой болжээ. Нэгдүгээр курст ороод удаагүй байхад нь урлагийн үзлэг болсон байна. Ангийн хөвгүүд нийлж байгаад цэргийн хувцас өмсөж жигдрээд “Сүхбаатарын морин цэрэг” гэх дууг дуулж тайзан дээр марш алхсан байна. Тэр өдөр тэд “од” болцгоожээ. Сургуулийн захирал Жамбаа босч ирэн баяр хүргээд “Манай сургуульд ойрын хэдэн жилд болж байгаагүй сайхан үзүүлбэр үзүүлж чадлаа” гээд шууд тэргүүн байрын шагнал өгч байжээ. Тэд урлагийн үзлэгт түрүүлж, баярын бичиг, 20 төгрөгөөр шагнуулсан байна. Тэдний нэг анги хамт олон болж байсан түүх ийм ажээ.

ӨТСӨН ЯМААНЫ МАХ БУЮУ 12 АЙЛЫН ЧУЛУУН ОРОН СУУЦ

Дорнод аймгийн Хэрлэн суманд очиж ангиараа чулуугаар орон сууц барихаар явсан гэнэ. “ЗИЛ 53” машины тэвшин дээр ачигдан дорнын их талыг зорьжээ. Оюутнууд хотоос ирсэн сургаар сумынхан ч хөл хөөр болон угтаж авчээ. “Чулууг чинь хэдхэн хоног өрөөд ажлаа дуусгана” гээд онгирч байсан нөхөд хулхи нь буусан гэнэ. Чулуугаар орон сууц барина гэдэг амар ажил биш байв. Өглөө 04:00 цагт ажил нь эхэлж, 10:00 цагийн үед их нар шарсан үед амардаг байна. Ингээд 16:00-22:00 цаг хүртэл чулуугаа өрж, цемент зуурдаг байжээ. Сумаас оюутнуудын хоол хүнсийг бэлдэж өгсөн байна. Ямааны гулууз мах өгч. Зуны халуунд мах нь өмхийрч, өт батганадаа баригдана гэдгийг хэн нь ч мэдэхгүй байсан аж. Гэтэл зооринд борцлоод тавьсан махнаас нь том том өт унаж, өмхийрсэн байжээ. Хөвгүүд нь өлсөж, тогооч охидоо “Махаа харж байхгүй яасан юм бэ. Өлсөөд байна” гэж уурлахад охид нь “Та нар л энд мах тавьсан биз дээ” гээд л багахан маргаан болсон байна. Ямааны мах нь өтөж, хоорондоо муудалцаж байсан талаараа тэд одоо ч дурсах дуртай гэсэн. Гуравдугаар курст орсон жилдээ намрын ургац хураахаар Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуй, Зүүнхараагийн төмсний талбай, Архангай аймгийн Хотонт сумын хадлан руу явсан байна. Тэд ингэж л сайн муугаа мэдэлцэж насан туршийн найз нөхөд болжээ.

ЗАДЛАН ХИЙЖ БАЙГААГ ХАРААД УХААН АЛДАЖ, ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НҮЦГЭН ЭМЭГТЭЙГ ХАРЖ САНДАРЧ БАЙСАН ОН ЖИЛҮҮД

Анагаахын сургуулийн оюутан байна гэдэг өндөр хариуцлага нэхнэ. Мөн хүний бүх эд эрхтэнг нарийвчлан судлах ёстой. Нас барсан хүн дээр задлан шинжилгээ хийж, эд эрхтэн нь хаана байрлаж байгаа, ямар хэлбэртэй байдаг зэргийг нарийвчилж үзэх ёстой. Ингэхийн тулд нас барсан хүний цогцсонд задлан хийж үзнэ. Анхны задлангийн хичээл дээр олон хүүхдийн дотор муухайрч, огиж байсан аж. Бүр хоёр ч охин газар дээрээ ухаан алдаж унаад сандаргаж байсан гэнэ. Цэрэнбалжир эхлээд хүний эд эрхтэн харж байснаа ухаан алдаад унасан аж. Түүний ард зогсож байсан Чинбаатар ухаан алдаж унахын наагуур юм болсон тухай тэд өнөө ч дурсан инээлддэг гэнэ. Мөн анатомийн хичээл орно. Хүний үе мөч, яс зэргийг нэгд нэггүй цээжилж тогтоох ёстой. Ингэхийн тулд хүний яс харж байгаад номтой харьцуулан судалдаг байна. Тэдний ангийнханд хамгийн эрэлттэй зүйл нь гавлын яс байсан гэнэ. Сургуулийнхаа лаборант ахыг “найрч” “Маргааш өглөө 08:00 цаг гозойход авсан бүх ясаа эргүүлж өгнө” гэж амлаж, цүнх дүүрэн хүний яс хийж аваад л гэрийн зүг алхдаг байжээ. Гэрийнхэндээ үхсэн хүний яс олж ирлээ гэж загнуулан, яс, ном хоёроо тэврээд нам унтчихсан шөнө олон гэнэ. Тэднийг оюутан байх үед анатом, гистологийн шалгалт гэж айхтар том даваа байсан гэнэ. Улсын шалгалт болохоор “Анатомийн шалгалтаа өгч байж авгай ав, гистологио төгсөж байж гэрлэ” гэсэн яриа анагаахын сургуулийн оюутнууд дунд гарчээ. Ангиараа хичээлээ давтаж, хичээлээ хийхгүй байгаа нэгнийгээ бүгд нийлж байгаад “Чи хичээлээ хийхгүй юм бол яах гэж анагаахад орсон юм бэ” гэж загнаж, хүний яс бариулаад суулгачихдаг “хэнээт” нь дэндсэн хүүхдүүдтэй нэг анги байсан хэмээн бүгд дурсан ярьж байна лээ.

Дөрөвдүгээр курст орсон жилээсээ эхлэн өөр, өөрийн сонирхож байгаа дугуйланд явдаг болсон байна. Мэс засал, зүрх судас, мэдрэл, эмэгтэйчүүд гээд хүүхэд бүр өөрсдийнхөө цаашид эзэмших нарийн мэргэжлийг дугуйлангаас олж мэдэх болсон байна. Сурлагаараа тэргүүлсэн н.Баатар гэх ангийнх нь хүүхэд хойд Солонгос руу ардын эмчилгээний ангид сурахаар явж байжээ.

Эх барихын дадлага хичээл орж, Б.Жав эмч Нэгдүгээр төрөх эмнэлэг дээр дадлага хийлгэжээ. Тэгсэн төрөхийн орон дээр хэвтэж байсан эмэгтэй өвдөлтөө тэсч чадахгүй нүв нүцгэн босч ирээд шалан дээр мөлхөж гарсан байна. Анх удаа эмэгтэй хүнийг нүцгэнээр нь харж байгаа хөвгүүд ичиж гүйлдээд хэцүүдсэн гэнэ. Монголын анагаах ухааны бурхад хэмээн нэрлэгдэх болсон мэс заслын Б.Гоош, дотрын Б.Рагчаа, мэс заслын В.Ичинхорлоо, Ч.Долгор, нүдний Р.Нямаа гээд сор эмч нараар хичээл заалгаж байсан азтай оюутнууд юм билээ. Нэг л мэдэхэд тэд зургаан намар, зургаан хаврыг хамтдаа үджээ.

1992 онд Монгол Улс зах зээлийн нийгэм рүү шилжээд удаагүй байсан үед тэд эмч болсон байдаг. Эрүүл мэндийн салбарын маш хүнд хэцүү он жилүүдэд тэд ажиллаж байсан эмч нар юм. Эрүүл мэндийн салбарт 24 жил ажиллаж, Монголын шилдэг эмч нарын нэг болцгоосон байна. Ангиас төрсөн хосууд А.Цэнджав, Мөнхцэцэг нар өнөр өтгөн сайхан амьдарч байгаа гэсэн. А.Цэнджав ЭНЭШТ-ийн мэс заслын эмчээр ажиллаж байгаа алтан гартнуудын нэг. Олон хүүхдэд мэс засал хийсэн буянтан. Харин эхнэр нь Нэгдүгээр төрөх эмнэлгийн орлогч захирлаар ажиллаж байна. Ангийн дарга Д.Чулуунбаатар Сайд нарын II эмнэлэгт чих, хамар, хоолойн эмчээр ажиллаж байгаа. Н.Чинбаатар мэргэжлээсээ хөндийрч Уул уурхайн яаманд хэлтсийн дарга, н.Баярмаа УКТЭ-т, н.Цэрэндэжид Дархан хотод эмчээрээ ажиллаж, н.Эрдэнэчимэг хувийн эмнэлэгтэй болжээ. Мөн н.Эксэндэр АНУ-д гэр бүлээрээ амьдарч, н.Оюунчимэг Ус сувгийн удирдах газарт ажиллаж, н.Давааням Польшид амьдарч байгаа гээд 30 гаруй хүүхэд тус тусдаа амьдралын мөр хөөж явна. Тэдний ангиас одоогоор зургаан хүүхэд “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан гэнэ. Тэд удахгүй ангиараа уулзахаар товлосон гэсэн.

Э.БААТАР