Categories
мэдээ нийгэм

Нийслэл хүрээ өргөн чөлөөний тохижилтын ажил эхэллээ

АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Нийслэл хүрээ өргөн чөлөөнд тохижилтын ажил хийж эхэллээ. Тохижилтын ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байгаа юм.

Одоогийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард сурын талбайн өмнө шаардлага хангахгүй хуучин явган хүний замын хавтанг хуулж шинээр солих ажил хийж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд нийт 2180 метр квадрат сул шороотой талбайг тэгшилнэ.

Мөн Чингисийн өргөн чөлөөнд байрлаж буй өнгө үзэмжээ алдсан ногоон байгууламжийн хуучин хайс хашлагыг авч, Жамьян гүний гудамжинд модны тогоо гаргалтыг хийж, явган хүний замын хавтанг нөхөн сэргээн будах ажил хийж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллого хийж байна

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/298 дугаар захирамжийн дагуу нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогын ажлыг зохион байгуулж байна. Тооллогын комисс нь нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогыг дүүрэг тус бүрд 2016 оны 05 дугаар сарын 01-ний дотор байгуулах юм.

Нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогын ажлыг Сангийн сайдын 2016 оны 126 тушаалаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого явуулах журам, Төрийн болон орон нутгийн өмчийн тооллогын маягтыг ашиглах зааврын дагуу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлангийн дүнгээр тасалбар болгон зохион байгуулж, дүнг 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулан баталгаажуулна.

Нийслэлийн тооллогын комиссыг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хуваарь

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай /Засгийн газар 2016.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.15-ны өдөрХудалдааны тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт;
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр Олон Улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт;
  • Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай /Засгийн газар 2016.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.
Categories
мэдээ цаг-үе

Ж.Баттөр: С.В.Лавровын айлчлалаас Монгол Улсын ач холбогдол бага багаар ихэсч байна гэдэг нь харагдаж байна

Энэ сарын 14-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров манай улсад айлчилсан билээ. Уг айлчлалын талаар болон ОХУ-ын гадаад бодлогын тухай Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн доктор профессор Ж.Баттөртэй ярилцсан юм.

-Энэ удаагийн айлчлалын үр дүн юу байв. С.В.Лавров ямар учраас манай улсад айлчилсан юм?

-Европын холбоо Орост хориг тавьчихсан байгаа. НАТО-гийн үйл ажиллагаа эрчимжиж байгаа. НАТО, ОХУ-ын сөргөлдөөн хурцдаж байна. Байдал ийм болоод ирэнгүүт Оросын гадаад бодлого Ази руу чиглэсэн. Манай орон Азийн төвд байдаг учраас энэ байрлал нь эргээд үнэ цэнтэй болж эхэлж байна. Хамгийн гол нь Европын холбооны ихэнх улс орон хориг тавьчихсан байхад Америкийн холбоотнуудаас БНСУ энэ хоригт нь ороогүй. Мэдээж бусад Азийн орнууд Оростой үйл ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаа. Тийм учраас ОХУ-ын бодлого бол эдийн засгийн ач холбогдол талаасаа нэгдүгээрт, Евразийн эдийн засгийн холбоо байгаа юм. Хоёрдугаарт, Азийн бусад улсууд. Хятадтай харилцах холбоо нь маш чухал ач холбогдолтой болчихсон. Энэ хүрээнд л бид сайн харах ёстой.

-Тэгэхээр Монголыг л зорьж ирээд айлчилжээ гэж харж болохгүй нь ээ?

-Тийм. Азид үйл ажиллагаагаа өргөжүүлэх бодлогоор л явж байгаа юм.

-Айлчлалын үеэр хоёр тал ямар чухал хэлэлцээрүүд хийв?

-Стратегийн түншлэлийн дунд шатны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Түүнээс илүү юм харагдсангүй. Нарийн ширийн зүйлүүдийг хоорондоо ярилцсан байх. Хамгийн гол зүйл нь Монголын ач холбогдол бага багаар ихэсч байна. Хоёрдугаарт, Монгол өргүй болчихлоо гэдэг нь Оростой үйл ажиллагаагаа өргөжүүлэх таатай талбар харагдаад байгаа юм.

-АСЕМ-ийн үеэр манай талд тусалж, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн?

-АСЕМ-ийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байгаа нь улс төрийн ач холбогдолтой. Манай Төвийг сахих бодлогыг Орос дэмжихгүй байгаа гэж зарим хүмүүс үзэж байсан. Гэтэл харин ч АСЕМ-ийг зохион байгуулахад дэмжинэ гэж байр сууриа илэрхийлж буй нь Монголын явуулж буй бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлэх гэсэн илрэл юм болов уу гэж харсан.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины баримталж буй гадаад бодлого өөрчлөгдөж байгаа. Холбооны зөвлөлийн хурал дээр үг хэлэхдээ барууны ишлэлийг түлхүү хэрэглэдэг байсан бол одоо арай өөр болж эхэлсэн. Энэ тал дээр та судлаачийн хувьд юу хэлэх вэ?

-В.Путин Украины хямралаас хойш ерөнхийдөө Оросын эрх ашгийг тэргүүнд тавих, хуучин ЗХУ-ын орон зайд ОХУ-ын нөлөөг алдахгүй байх, болж өгвөл тэлэх бодлогыг баримталж байгаа. Евразийн бодлого, Евразийн эдийн засгийн холбоо гэдгээ өнгөрсөн жил байгуулсан. Үүнд нь хэд хэдэн улс элсэн орчихсон байгаа. Энэ бодлогын хүрээнд татвар, бизнесийн таатай боломж олгох гэдэг ч юм уу ийм байдал харагдаж байна. Евразийн холбоонд Орос улс голлох байр суурьтай явж байгаа. Оросуудын харж байгаа Еврази гэдэг нь хуучин ЗХУ байсан бүс нутгийн орнууд. ЗХУ байхад коммунизм гэдэг үзэл гол гол зүйл нь байсан. ЗХУ унаснаас хойш Орост оюун санааны хоосрол бий болсон гэж үздэг. Хоосролыг даван туулахын тулд Путины гаргаж ирсэн зүйл бол Евразийн үзэл санаа буюу жишээ нь, Л.Н.Гумилевын онолыг их ярьж байна. Л.Н.Гумилевын Пассионарностийн тухай онол байна. Бас Суперэтнос онолыг нь ярьж байна. Эдгээр онолуудыг эргэж сэргээж маш их уншиж байгаа. Оросын философич Н.Я.Данилевскийн үзлийг гаргаж ирж байна. Энэ хүн “Оросын соёл бол өөрийн өвөрмөц чанартай, баруун Европынхоос их өөр. Баруун Европ бол хэзээ нэгэн цагт Оросыг дарах гэж оролдоно. Тиймээс энэ ариун байдлаа алдах ёсгүй” гэдэг зүйлийг хүчтэй тавьсан. Гуравдугаарт, Иван Ильин гэж орос философич бий. Түүний үзлээр “Русский путь” буюу “Оросын зам” гэж нэг зүйлийг яриад байгаа. Энэ нь цэвэр Үнэн алдартныхаа шашныг дагасан бодлоготой байна гэдэг. Үүнийг их хүчтэй тавьж байна. Барууныхан В.Путин яагаад ингээд эргэчихэв ээ гэж гайхаад байна. Юунаас болоод В.Путины бодлого баруунтай өрсөлдөх, тэмцэлдэх байр сууринд оччихов гэж байна. Үүний нэг шалтгааныг ЗХУ-ыг нурж унасны дараа эдийн засаг нь хүнд байх үед америкчууд хангалттай туслаагүй. Түүнээс болсон байх магадлал өндөр байна гэж үзэж байгаа. Тэр битгий хэл хажуу хавиргынх нь улсуудад өнгөт хувьсгал хийх маягаар Орос улсыг ганхуулах бодлогыг баримталсан. В.Путин бол угаасаа тангараг өргөсөн, хүчний байгууллагын хүн. Тэгж л өсч бойжсон хүн учир дайсан болон манайх гэдэг ойлголт нь маш тодорхой. Хэн дайсан бэ, хэн манайх вэ гэдгийг мэддэг. Хоёрдугаарт, Путины бодлогыг барууныхан ингэж үзэж байгаа байхгүй юу. В.Путины шийдвэр гаргалтыг АНУ-ын тагнуул, аналтикууд тайлж чадахгүй байгаа. Түүний Сири рүү онгоц нисгэх гэж байгааг хэн ч мэдээгүй. НАТО-той сөргөлдөх гэж байна, Крымыг авах гэж байна гэдгийг нь урьдчилж мэдэж чадаагүй. В.Путин маш хурдтай сэтгэдэг. Орос улсыг хүчтэй чигээр нь авч үлдэнэ гэдэг бодолтой. Тэрээр саяхан ярилцлагадаа “ОХУ-ын мөнгө 2014 оныхоо хэмжээнд хүрчихсэн. Орос улс гадны санхүүгийн тусламжгүйгээр дөрвөн жил тэсч чадна” гэж хэлсэн. В.Путин энэ бүхэнд бэлдчихсэн байсан.

-Тэгэхээр В.Путины даалгавраар С.В.Лавров Монголд буугаад морджээ гэж дүгнэж болох уу?

-Мэдээж тэгнэ шүү дээ. Харилцаж үзэж Монголын байдлыг мэдэх, тандаж авах зорилготой байсан. Энд нэг зүйлийг сонирхуулаад хэлэхэд Хятад улсын мөнгөний нөөц нь гурван триллион ам.доллар. Орос улс дөрвөн жил гаднаас мөнгө авахгүйгээр амьдарчихна гэж байгаа. Гэтэл Монгол Улсын маань санхүүгийн байдал ямар байгаа билээ. Бидний хувьд энэ хоёр хөршөөсөө сурах юм их байгаа байхгүй юу. Хүнд байдалдаа орлоо гэхэд ядаж л хэдэн жилийн нөөцтэй сууж байх хэрэгтэй.

-С.В.Лавров онгоцноос бууж ирэхдээ жийнсэн өмдтэй байсан. Үүнийг эсрэг, тэсрэг байр сууринаас тайлбарлацгааж байна. “Биднийг үл тоолоо” гэж байхад нөгөө талд “Харин ч оросууд бидэнтэй энгийн найзын харилцаатай гэдгээ харуулж байна” гэх юм. Дипломат ёсонд айлчлалын үеэр жийнс өмсөх нь юуг илэрхийлдэг юм бэ?

-Энэ бол өндөр дээд түвшний албан ёсны айлчлал гэхээсээ илүүгээр ажлын айлчлал байсан. Хоёрдугаарт, бууж мордож байгаа маягтай. Манайд буусан ч гол зорьсон газар нь Япон байсан. Гуравдугаарт, үүнийг мэргэжлийн хэллэгээр трак-2 гэдэг. Өөрөөр хэлбэл хувцсанд нэг их ач холбогдол өгөхөөсөө илүүтэйгээр уулзалт, ажилдаа ач холбогдол өгсөн.

-С.В.Лавров улс орнуудын Гадаад хэргийн сайд нар дундаа хамгийн нэр нөлөө бүхий дипломатч. Мөн дээр нь хувийн зан ааш, төрх байдлаараа хэв маягаа бүрдүүлчихсэн хүн гэдгээрээ алдартай?

-Дээр нь маш гоё шүлэг бичдэг яруу найрагч. Орост ард иргэддээ хүрэхийн тулд маш их ном унших хэрэгтэй болдог. В.Путин өөрийнхөө губернаторууд буюу мужийн амбан захирагчдадаа Оросын философийн номуудыг унших даалгавар өгч байгаа. Ийм маягаар өөрийнхөө үндэстнээс аль болох холдохгүй байхыг хичээдэг. Орос хүний имиж бол мэдлэг. С.В.Лавров бол мэдлэгтэй, чадалтай хүн шүү дээ. Дээрээс нь логик уялдаатайгаар ажил хэргээ явуулдаг. Олон түмэнд үг нь хүрдэг. Төрөлхийн удирдагч маягийн, Путин маягийн хүн. Путин ч тэгж маш логиктой ярьдаг. Энэ завсарт хэлэхэд бид хоёр хөршөө маш анхааралтай судалж байх хэрэгтэй. Ганцхан Монголтой харилцах харилцаа төдийгүй ерөнхийдөө бүс нутгийн бодлого, дэлхийн бодлого, эдийн засгийн бодлогыг нь. Ядаж л мөнгө санхүүгийнх нь байдлыг судалж байх хэрэгтэй. Манай улс сүүлийн үед нэг том ноцтой алдаа хийгээд байна. Монгол Улс дэлхий даяар өөрсдийгөө их өртэйгөө гайхуулаад байна. Үүнд болгоомжтой байх хэрэгтэй. Монгол Улс алган дээр байгаа юм шиг бүх юмаа ил байлгадаг. Үүнийгээ жаахан ч гэсэн цэгцлэх ёстой. Бусад орнууд өрийнхөө байдлыг нуудаг. Тэгтэл манайханд бүх түвшиндээ нууцлал гэж юмгүй, тэр байдлаа хэтрүүлээд байна л даа. Бид аль болох давуу, сайн талаа дөвийлгөх байтал сул, муу талаа гаргаж ирдэг. Энэ байдал гадныхны бидэнд итгэх итгэлийг сулруулна. Өртэй биднийг ашиглаж дарамтална уу гэхээс биш хэн ч туслахгүй. Дараа дараагийн олон улсын хэлэлцээр, гэрээнд ороход гуйсан, царайчилсан давуу бус байдалд орно. Яагаад вэ гэхээр өртэй, доошоо орчихсон хүнтэй тэр түвшинд нь л ярьдаг. Бид өөрсдийнхөө модыг гаргаж ирээд байна. Битгий хамаагүй өр ширээ, урсгал зардлаа зарлаж байгаач ээ. Ингэж зарлаад байвал манай орныг зүглэх гадны хөрөнгө оруулагч олдохгүй болж, Монгол Улс Африкийн ядуу орнуудын хэмжээнд өөрсдийгөө аваачиж харагдуулах болно. Монгол Улсад өөрийн гэсэн хар хайрцагны бодлого байх ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Сөнөдийн Гилүгэдэй баатрын нутаг Өмнөд Монголын тэмдэглэл

Улирагч сарын сүүлээр Өмнөд Монголын нутаг Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошуунаа дөрөө мултлаад ирсэн билээ. Эдүгээгээс хоёр жилийн тэртээд долдугаар сарын эхээр Шилийн хотод Өмнөд Монголын орчин үеийн яруу найргийг үндэслэгч На.Сайнцогтын 100 жилийн ойд уригдан очиж байв. Тийн явах зуураа Зүүн Сөнөдийн нутагт орших Чингис богд уулыг үзэж, Халхын анхдугаар Богд Өндөр гэгээнийхээ байгуулсан Долнуурын хөх сүмд сүслэн залбирч, Шандуугийн шар талаар давхин, Шулуун хөхийн нэлмэгэр манант өглөө шүлэг найргаа ундруулсан удаатай.

Харин эл удаа их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн санаачлан зохион явуулдаг “Хүрэл тулга” наадмыг элэг нэгт монголчуудын дунд зохион явуулах томилолттой очсон бүлгээ. Өмнөд монголчууд бол сурагчдын уран уншлагын наадам тэргүүтнийг хийж, шүлэг найргаа уянгалуулан дууддаг ард түмэн. Харин ахлах ангийн охид, хөвгүүд өөрсдийн зохиосон бүтээлээрээ уралдаж буй нь анхны тохиол бөгөөд цэцэн билигт шүлэгч Гилүгэдэй баатрын Тамчийн талд хүрэл тулгын гал бадамласан нь энэ.

“Харанхуйд цэнхэртэхүй” хэмээх яруу найргийн номоо ар Монголдоо хэвлүүлсэн гал цогтой цалгилсан яруу найрагч Бүрэнтөгсийн Тогтомж биднийг зам зуурт тосож авсан. Сөнөд баруун хошуу руу довтолгон явахуйд Тамчийн тал нүүр нүдгүй элсээр шуурч, ёстой л нэг улаан түйрэн гээч нь босч байлаа. Сөнөдийн хошуу Монголын эзэнт гүрний түүхэнд цэцэн билигт шүлэгч Гилүгэдэй баатрын нутаг гэдгээрээ дархлагдсан юм. Сөнөдийн Гилүгэдэй баатар Чингис хаан түүний хүү Өгөдэй хааны үеийн дайчин шүлэгч билээ. Нэгэн мянга хоёр зуун хорин таван онд Чингис хааны их цэрэг Тангуд улсыг дайлах аянд мордож, дайны эхэнд эзэн хаан ав хийж яваад мориноосоо унаж насан эцэслэснийг түүхээс мэднэ. Тэр үед их хааны дэргэд байсан Гилүгэдэй баатар харууслын шүлэг дуудан хайлж, улмаар алтан шарилыг нь эх нутгийн зүг авч явахад дагалдан Бурхан халдунд авчирсан гавьяатай хүн юм.

“Хаврын сардаа Сөнөдийн нутагт хялгана үндсээрээ булгартал салхи исгэрэн шуурч, Сайханы тал, Тамчийн тал тэр чигтээ улаан давалгаа болно” гэж Тогтомж найрагч өгүүлж байна. Сөнөд аймгийг Манжийн үед баруун зүүн хоёр хошуу болгон хуваасан байдаг. Үнэхээр л шивээн толгой найгасан элсэрхэг цөл бүхий тал нутаг юм. Ус гол гэж тун ховор, ерөөсөө манай дорнын говь шиг элсээр шуурсан хошуу байна. Замын-Үүдийн баруун урдтай, Эрээний цаахнатай байж байгаа нутаг шүү дээ. Эрээнээс хоёр цаг орчим давхиад л оччихно. Баруун, зүүн хошууныхан өөрсдийгөө “ихэр сөнөдийнхөн” гэж нэрлэдэг. Арван долдугаар зууны үед Тэнгис, Тэнгэдэй гэх ах, дүү хоёрын захирч байсан хошуу нутгийнхан. Харин манжийн үед хоёр хуваагдаж, дундуураа дээс татуулчихсан түүхтэй. “Хоёр хангайн нутаг минь хүрэнтэнхэн найгана” гэдэг шиг хоёр Сөнөдийн нутаг хошууранхан налайна. Дундаа зуун тавин километрийн зайтай гэж байгаа.

Шилийн гол аймаг баруун, зүүн Сөнөд, баруун зүүн Үзэмчин, Цахар, Авга, Долнуур тэргүүт арваннэгэн хошуутай. Хошуу бүр нь тус тусдаа сум, гацаа буюу манайхаар бригадтайг бид мэдэх буюу. Сөнөд баруун хошууны төв рүү ороод ирэхүйд өнөө нүүр нүдгүй элсэн шуурга арай аядуухан болоод явчихав. Томоо гэгч хоёр дугуйтай, тийм хэрнээ аралгүй, хоёр дугуйных нь тэртээ өмнө духайн зүтгэлж байгаа асман бухтай үхэр тэрэгний баримал үзэгдэх нь тэр ээ. Хэдэн жилийн өмнө сөнөдийнхөн босгожээ. Түүнийг хараачлан сонирхох зуур хэзээний онгодтой, цэцэн шүлгийн мөрөө урсгаж явдаг Тогтомж найрагч

“Аралгүй тэргээ хөллөе

Атаатан дайсныг даръя

Боодуугүй тэргээ хөллөе

Буруу номтныг даръя” хэмээн шүлэглээд авна лээ.

Сөнөд баруун хошууны монгол үндэстний дунд сургуулийн багш нар бүдүүн асар буюу рестораны өмнө хүлээн авав. “Хүрэл тулга” наадамд Шилийн гол аймгийн бүх хошуунаас сурагчид ирж оролцож буйг дуулгаад Монголын “Болор цом”-ын жишгээр гучин гурван найрагчийг хоёрдугаар шатанд үлдээжээ. Маргааш өглөөний мандах нарнаар наадам эхлэх гэнэ. Тайзыг нь ингэж хийсэн, та бүхэн хар даа гээд л жигтэйхэн байна. Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн захирал сэтгэл судлалын доктор, профессор Цэнд-Аюушийн Нацагдолгорын итгэмжлэгдсэн төлөөлөгч сэтгүүлч, яруу найрагч Санжаадоржийн Батгүр албаны хүний хувьд тайз чимэглэлийн зураг хөргийг нь хараад ярих юм алга аа л гэж байна.

Хүүхдүүдийн дунд яруу найргийн наадам хийнэ гэж хошуу тамгынхаа даргад, ерөөс бусдад дуулгаагүй чимээ аниргүй байгаа гэдгээ тэд хэллээ. Сөнөд баруун хошууны монгол үндэстний дунд сургуулийн захирал Эрдэмт, яруу найрагч Тогтомж, монгол цэцэрлэгийн эрхлэгч Удвалцэцэг гэх гуравхан хүний хооронд энэхүү яриа өрнөж, хошууныхаа үзэл суртал хариуцсан “бүдүүн” даргадаа Удвалцэцэг багш зөөлхөн дуулган за ч гээгүй, үгүй ч гээгүй байхад нь наадам хийхээр шуударчээ, янз нь. “А дарга (хамгийн том даргаа хэлж байна) руу чи л орно байгаа гэж Удвалыгаа зоригжуулсан. Удвалыг ороход тун нааштайгаар хүлээж авна. Харин намайг ороход, улаан галзуу амьтан чи ямар эсэргүү юм хийхээр сэдэж явна гээд ердөө ч хавьтуулахгүй” гэж “харанхуйд цэнхэртдэг”найрагч үнэн сэтгэлийн үгээ өчсөн юм.

Тэрээр “Манай хүүхдүүд анх удаа шүлэг бичиж буй. Алдаа оноотой байгаа нь мэдээж” хэмээн бидэн рүү хандаж өгүүлснээ Цолмон, Эрдэнэтогтох тэргүүт найрагчид зорин ирснийг дуулгалаа. Өвөрмонголын багшийн их сургуулийн доктор, профессор яруу найрагч Ц.Цолмонтой тэр жил На.Сайнцогтын ойгоор уулзаж, шүлэг найргаа дуудалцаж явсны хувьд мэдэх билээ. Өндөр боловсролтой, дорнын сэтгэлгээ нэвт ханхлуулсан, элгэн халуун сэтгэл, халгиа цалгиатай, ар Монголынхоо нутаг руу цаг ямагт тэмүүлсэн түүнийг миний бие хувьдаа ихэд хүндэтгэдэг юм. “Цэцгийн салхи” номоор яруу найрагчийнх нь хувьд өөртөө нээж, дотоод ертөнцөд нь нэвтэрсний хувьд дахин уулзахын ерөөл байсанд сэтгэл баясаж л суусан. Харин Ё.Эрдэнэтогтох найрагчийг Ганболдын Сонинбаяр, Цэвэг-Очирын Эрдэнэбаатар тэргүүтэй Монголын шинэ үеийнхэн хүндэтгэн хайрладгийг мэднэ. Аян замд ганзага нийлж яваа оюутан цагийн ширээний анд Доржсүрэнгийн Отгонцагаан маань замын турш тэрхүү найрагчийн тухай ярьж, тэр жил Онон, Хэрлэнгийн хөвөөнд хамт шүлгээ дуудсанаа дурсаж, “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийнхнийг зүүн Сөнөдийн нутагт урьсныг дуулгаж явсан. Ийм л учир ерөөлтэй найрагчид зүрхнийхээ галыг асааж уулзалдсан даа.

“Авьяаслаг монголчууд”-ын тайз шиг солонгорсон гоёмсог тайзнаа Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж, Өмнөд Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Насандэлгэрийн Сайнцогт нарын хөргийг нь хоёр талд нь байрлуулан, тулганд гал бадамлуулан залснаар наадам эхэллээ. Элэг нэгт монгол найргийн садан долоон шүлэгч шүүгчдийн бүрэлдэхүүнд заларч, Шилийн голын хошуу бүрээс ногт ганзагалж ирсэн, цовоолог охид хөвгүүд монгол дээлээр ижилсэн найргийн наадам эхэллээ. Гучин гурван шүлэгчээс Сөнөд баруун хошууны Цайлган “Хөшөөгүй цэргийн дурдатгал” шүлгээрээ “Хүрэл тулга”-ын эзэн болов. Тэрээр Дөнгөтийн Цоодол найрагчийн наян дөрвөн оны “Болор цом”-ыг хүртсэн “Нэргүй баатрууд танаа” шүлгийн үргэлжлэл болгон тэрхүү шүлгээ бичсэнээ сонирхуулсан юм. Ер нь Өмнөд Монголд Д.Цоодолын “Харамчийнхны дууль”, Пунцагийн Бадарчийн “Эхийн сэтгэл”, Мөнхөөгийн Билигсайханы “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-үүд ёстой л од юм билээ дээ. Удвал багшийн санаачилгаар монгол цэцэрлэгийн багш нарын дунд зохион явуулсан уран уншлагын тэмцээнд ихэвчлэн Монголын найрагчдын шүлгүүд уншигдаж, ямар сайндаа Цолмон шүүгчийг “На.Сайнцогт тэргүүт Өмнөд Монголын найрагчдын бүтээлийг сайн цээжлэх хэрэгтэй” гэж хэлэхэд хүргэж байхав дээ.

Сөнөд баруун хошууны монгол үндэстний дундад сургуульд зочиллоо. Эрдэмт захирал “Манай сургууль анх дундад болоод өндөр дундын ангиар бүрэлдсэн” гэв. Өндөр дундын анги гэдэг нь ахлах ангийг, анх дундад гэдэг нь бага ангийг хэлж байна. Тус сургууль мянга гаруй сурагч, зуу гаруй багш, ажилчинтай. Сөнөд баруун хошууны цорын ганц монгол сургууль ажээ. Сургуулийн хананд Гилүгэдэй баатар болоод Дэ вангийн намтар түүх бичээстэй байна. Мөн утга уянгынх нь танхимд алдарт морин хуурч Чибулаг, монгол уртын дууны ван гэгддэг Лхажав, Өмнөд Монголын нэгдүгээр дэсийн тоглогч алдарт дуучин Буяндэлгэр (монголоор ардын жүжигчин), мөн манайхны дотнын танил алдарт дуучин Тэнгэр нарын урлаг соёлын нэртэй зүтгэлтнүүдийн зураг байна. Эсрэг талын хананд Сөнөд баруун хошууны зогсоо аварга (босоо хүчтэн)Хувьсгалт, баруун Үзэмчний алтан зангиат аварга Соёлт, мянган бөхийн барилдаанд хэдэнтээ түрүүлсэн зангиат аварга Баярбаатар нарын зураг байна. Мөн Америкийн NBA-гийн сагсан бөмбөгийн наадагч (шилдэг тоглогч) Баатар тэргүүт зартай тамирчдын хөрөг байх ажээ.

Биеийн тамирын болон бөхийн багш Тэгшбаяр “Ар Монголд очиж үзэхсэн гэж их боддог. Хамгийн их мөрөөддөг зүйл бол Монголын наадам. Наадмын бөхийн барилдааныг харах юмсан. Монголын бөхчүүдээс Санжаадамбыг мэднэ. Гэхдээ дэргэдээс нь харж байгаагүй. Алтан гулдмай авсан наадмыг зурагтаар үзсэн” гэж сэтгэл юугаа хуваалцсан юм.

Уг сургуулийн морин хуурын ангийн хүүхдүүдийг Чибулаг удирдаж хоёр мянга найман оны Бээжингийн олимпийг нээж байсныг тэд бахархан өгүүлж байсан. Олимп гэснээс манай нөхөд Нобелийн шагналыг “нопелийн шагнал” гэнэ. Мөн CD-г таваг гэдэг юм билээ. Зурагчин залууд нэрийн хуудсаа өгөөд, имэйл хаягаа хэлтэл “Таны сүүдрийг тавганд хийгээд явуулна аа” гэж байна. Номын сангаар нь зорчлоо. “Өвөрмонголын өдрийн сонин”, “Шилийн голын өдрийн сонин”, “Шинэ малчдын сонин” гэсэн гурван сонин байна. Мөн соёлын гавьяат Санжийн Пүрэвийн “Эргүүлэг”, Долгорын Цэнджавын “Чонын алтан шагай” романууд, үсэн буурал Д.Урианхай ахын минь “Тугалын зүүд” шилмэл өгүүллэгийн түүвэр монгол бичгээр хэвлэгджээ. Номын санч нь баруун Сөнөдийн Баянтөхөм сумын харьяат Гончигийн Түмэнбаяр. Манай Нацагдоржоор “өвчилсөн” нэгэн байна. Өвөрмонголын их сургуулийг утга зохиолын чиглэлээр төгссөн тэрээр бага сургуульд арван хоёр жил багшлаад тус сургуулийн номын санг эзэгнэн суугаа нь энэ ажээ.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Нүдний эрүүл ахуй

Хорвоо ертөнцийг харж танин мэддэг нандин эрхтнээ хайрлаж, гамнаагүйн улмаас эрт хараа нь муудах, сохрох, өвдөх эрсдэл их гардаг. Нүд хүний биеийн хамгийн нарийн бүтэцтэй, чухал эрхтнүүдийн нэг. Эргэн тойрон дахь эд зүйлсийг гэрэлт сацрагийн энергийн тусламжтайгаар харах чадвартай маш нарийн физиологи буюу бие судлалын хараа зүйн систем хэмээн анатомийн талаас нь тайлбарладаг. Ингээд энэ удаагийн “Эрүүл мэнд” булангаараа нүд, түүний өвчин болоод бусад асуудлаар “Болор мэлмий” АШУҮИС-ийн түшиц эмнэлгийн нүдний их эмч Ч.Мөнхцэцэгээс тодруулсан мэдээлэл зөвлөгөөг хүргэж байна.

Нүдний даралт ихсэх буюу глауком гэж юу вэ?

Нүдний даралт ихдэлт буюу глауком нь нүдний дотоод даралт нэмэгдсээр, харааны мэдрэлийг гэмтээдэг архаг өвчин юм. Дэлхийн хараагүйчүүдийн 1/3 нь энэ өвчний улмаас хараагаа алдсан байдаг аж. Голдуу 40-өөс дээш насны хүмүүст зонхилон тохиолдох ч залуус болон хүүхдүүд ч өвдөх нь цөөнгүй.

Хүний нүдэнд шинжлэх ухааны нэрээр усархаг чийг гэгддэг нэгэн төрлийн өвөрмөц шингэн байнга үүсч байдаг. Энэ усархаг чийг нь нүдний урд камер (эвэрлэг ба торлог хоёрын хооронд) болон хойд камер (торлог ба болор хоёрын хооронд) төвлөрдөг. Урд камерын буланд байдаг маш нарийн шингэн дамжуулах системийн тусламжтайгаар энэ усархаг чийг нь нүднээс гарч судсанд орж байдаг. Үүсч байгаа усархаг шингэн болон нүднээс гадагшилж байгаа усархаг шингэн хоорондын тэнцвэр нь нүдний дотоод даралтыг тодорхойлж байдаг. Нүдний дотоод даралт гэдэг нь ханан дотроос өгч байгаа даралт юм. Хэвийн үед энэ даралт нь м.у.б. 16-25 мм-тэй тэнцүү байдаг.

Хэрэв энэ дотоод даралт ихэсвэл нүдний алим нь харааныхаа мэдрэлийг дарж, гэмтээдэг. Үүний улмаас хараа муудаж эхлэх бөгөөд харааны мэдрэл нь үхэжвэл хүн сохорно. Хамгийн аюултай нь ингэж алдсан харааг дахин сэргээх боломжгүй юм.

Нүдний дотоод даралт ихсэх нь нүдний дотоод шингэн хэт их үүсэх, эсвэл гадагшлалтад нь гэмтэл гарсны улмаас үүсдэг. Сэтгэл санааны хүнд цохилт, мэдрэлийн хэт ачаалал, архи, тамхи болон бусад зүйлийн хордлого, зүрх судасны өвчин (даралт ихсэх, судас хатуурах), дотоод шүүрлийн өвчин (чихрийн шижин) зэрэг нь нүдний даралт ихдэлт буюу глаукомыг үүсгэх түлхэц болно. Эдгээрээс гадна удамшлын хүчин зүйлийн нөлөөгөөр нүдний даралт ихсэх хандлагатай байх нь цөөнгүй. Нүдний дотоод даралт ихэссэнийг дараах шинж тэмдгүүд харуулж болно, Үүнд:

-Үе үе нүд харанхуйлах

-Гэрлийн эх үүсвэр солонгорсон хүрээтэй харагдах

-Нүд эвгүй оргих, хүндрэх, мэнрэх мэдрэмж төрөх

-Нүд нойтон оргих

-Нүдээр үл мэдэг хатгуулах

-Харуй бүрийд харах чадвар муудах

-Нүдний эргэн тойрон үл мэдэг өвдөх

-Нүд үе үе улайж загатнах

Зарим хэлбэрийн глаукомын үед нүдний даралт үе үе огцом нэмэгддэг. Ингэхэд нүдээр хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, хараа эрс муудах шинж илэрнэ. Эдгээр шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Эмч нь нүдний дотоод даралтыг хэмжээд харааг шалган, нүдний угийн үзлэг хийдэг. Мөн харааны мэдрэлийн гэмтлийг тодорхойлох шинжилгээ өгнө. Хэрэв ойр төрлийн хүмүүсээс нүдний даралт ихдэлтээр өвдсөн, 45-аас дээш настай бол жил болгон нүдний эмчид хандан бүрэн шинжилгээнд орж байх хэрэгтэй.

Эмчилгээг нүдний даралт багасгадаг дуслаар эхэлнэ. Мөн нүдний цусан хангамж, бодисын солилцоо сайжруулах эмийг өгдөг. Хэрэв эм тус болохгүй бол нүдний даралт ихдэлтийн эсрэг хагалгаа шаардлагатай. Эдгээр лазер хагалгаа, нүдний алим нээх хагалгаа зэрэг юм.

Нүд гэмтэх шалтгаанууд

Нүд нь ил байдаг эрхтэн учраас аливаад өртөж гэмтэхдээ амархан, эмзэг байдаг. Хүмүүс ихэвчлэн лазер, хурц гэрэл нүд рүүгээ тусгах, гагнуур хийх,бөмбөг шидэх, салхи шуурганд өртөх, нар руу удаан ширтэх, зодоон болон ослын үед нүдээ гэмтээдэг. Ч.Мөнхцэцэг эмч ярихдаа Монгол орны хуурай ширүүн уур амьсгал, хүмүүсийн эрүүл мэнддээ хайхрамжгүй ханддагаас үүдэлтэй нүдний өвчнүүд манай улсад голдуу үүсдэг гэдгийг хэлсэн. Тухайлбал, нүд өөхөлж мах ургах, болор цайх, нүдний даралт ихсэх гэх мэт. Манай иргэдэд хамгийн түгээмэл тохиолддог нь нүдний даралт ихсэх өвчин юм.

Өвдөг яагаад гардаг вэ?

Зовхины ард байрлах тосны булчирхайн хэсэг үрэвсэж идээлэхийг бид өвдөг гарах гэж нэрлэдэг. Өвдгийг гаднах болон доторх өвдөг гэж ангилна. Биеийн дархлаа суларсан, бохирдол орсон үед гардаг. Гэрийн нөхцөлд эмчлэхдээ үрэвслийн эхэн үед эмийн сангуудаар худалдаалагддаг этилийн спиртийг чих ухдаг зориулалтын хөвөн ашиглан өвдөгний эргэн тойронд түрхээрэй. Ингэхдээ нүдэндээ оруулахаас сэргийлж болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв идээлбэл заавал эмчид хандах шаардлагатай. Монголчууд өвдөг гарсан үед нохойны сахал зэргээр хатгадаг. Энэ нь бохирдол оруулж идээлүүлэх аюултай юм.

Хараагаа тогтоолгох, нүдний шил тааруулах

Нэгэнт нүдний хараа муудсан бол шил зүүх нь улам муудахаас урьдчилан сэргийлдэг. Гэхдээ урьдаар мэргэжлийн эмчээр, тоног төхөөрөмж сайтай газрыг сонгон хараагаа зөв тогтоолгох нь чухал. Учир нь нүд хэт ядарснаас үүдэн нүдний булчин агшсан үед хараа тодорхойлбол хараа нь сайн байсан ч сөрөг үзүүлэлт гарна. Үүнийг хуурамч миопи гэнэ. Хараагаа шалгуулах гэж байгаа бол нүд хамгийн сайн амарсан өглөөний цагаар шалгуулах нь зүйтэй юм. Нүдний шил байнга зүүснээр хараа тогтворжино гэдэг худлаа ойлголт болохыг Ч.Мөнхцэцэг эмч хэлсэн. Харин нэгэнт шил тааруулсан бол байнга хэрэглэх нь зөв аж.

Лазер эмчилгээний тухайд

Хараа тэглэх лазер эмчилгээ маш хурдан үр дүнгээ өгдөг өнөө үеийн сонгодог эмчилгээний арга юм. “Болор мэлмий” эмнэлэг нь Монголдоо анх удаа лазер эмчилгээг нэвтрүүлснээрээ онцлог. Тус эмнэлэг хоёр чиглэлээр лазер эмчилгээ хийдэг байна. 1. Нүдний даралтын 2. Хараа заслын

*Нүдний даралт ихсэх буюу глауком өвчнийг дотор нь өнцөг нь хаалттай болон өнцөг нь нээлттэй хэмээн ангилдаг. Манайд ихэвчлэн өнцөг нь хаалттай даралт ихсэх өвчин тохиодог аж. Лазер эмчилгээгээр хаалттайөнцгийг нээж өгдөг байна.

Энэ эмчилгээг нүдний даралт ихсэхээс урьдчилан сэргийлэх байдлаар болон даралт ихтэй хүнд хийж болно. Хэрэв шинжилгээгээр харааны өнцөг нь хаалттай гарвал нүдний даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлж харааны өнцгийг нээж өгдөг байна.

*Хараа заслын чиглэлийн лазер эмчилгээ. Үүнийг заавал хийлгэх албагүй. Шил зүүж чаддаггүй, эсвэл гоо сайхны үүднээс сайхан харагдахыг эрмэлзэж байвал хараа заслын лазер эмчилгээ хийлгэж болно. Гэхдээ 18-40 насны хүмүүсийг голдуу лазер хагалгаанд оруулдаг аж. Учир нь хүний хараа 20-21 насанд тогтдог бөгөөд 40-өөс дээш насанд ойрын хараа муудаж эхэлдэг байна. Иймээс үзлэгээр хараа нь тогтсон эсэхийг тогтоосны дараа эмчилгээ хийдэг.

Нэг ёсондоо гоо сайхны косметик хагалгаа гэж ойлгож болно. Энэ эмчилгээг хийлгэснээр ямар ч шилгүйгээр дахин сайн харах боломжтой юм. Энэ төрлийн эмчилгээ нь хамгийн аюулгүй, найдвартай эмчилгээ хэдий ч зарим өвчтөнд бага зэргийн сөрөг нөлөө ажиглагддаг аж. Хагалгааны өмнө нүдний бүх төрлийн нарийн шинжилгээ өгдөг.

Хиймэл нулимс, нүдний дусаагуурын ялгаа

Хүмүүс хиймэл нулимс, нүдний дусаагуурын ялгааг тэр бүр нарийн мэдэлгүйгээр дур мэдэн хэрэглэдэг.

Хиймэл нулимс гэдэг нь нулимсны бүтэцтэй яг ижил найрлагатай, нүдийг хуурайшиж, аргахаас сэргийлсэн эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүн юм. Хуурай, ширүүн уур

амьсгалтай Монгол орны нөхцөлд, тэр дундаа нар салхинд байнга явдаг хүмүүс тогтмол хэрэглэж байх нь зөв юм. Хугацааных нь дагуу тогтмол хэрэглэхэд ямар ч гаж нөлөө байхгүй. Савлагаан дээрээ “Pure tear” гэсэн бичигтэй байна.

Харин төрөл бүрийн нүдний дусаалга нь нүдийг гялалзуулах, илүү тод харагдуулах зориулалттай бөгөөд гаа шиг сэнгэнүүлэх, эсвэл тайвшруулах зэрэг олон мэдрэмж төрүүлнэ. Эдгээр дусаалгууд нь эмчилгээний гэхээсээ гоо сайхны зориулалттай. Найрлаганд нь нүдний судас нарийсгах бодис агуулагддаг. Иймээс тогтмол хэрэглэх нь зохимжгүй юм.

Нүдээ ингэж хайрлаарай

Нэгэнт муудсан харааг элдэв витамин хэрэглэж, дасгал хийснээр сайжруулах боломжгүй. Харин нүдээ амрааж, тордож урьдчилан сэргийлж болох юм. Мөн бага насны хүүхэд зургаан сар тутам нэг, том хүн жилдээ нэг удаа нүдний эмчид хандаж байх нь зүйтэй. Нялх балчир хүүхдийн хараа зүйн гажиг анх хараад илэрдэггүй учир хүүхдээ бага дээр нь нүдний шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Нүдээ хуурайшиж, хараа муудахаас хамгаалахын тулд:

*Өсвөр насны хүүхдэдээ А амин дэм хэрэглүүлэх

*Луувангийн шүүс уух

*Орчноо байнга чийглэх

*Хиймэл нулимс ашиглах

*Нүдээ амрааж дасгал хийх

*Компьютер дээр суугаа ажилтай бол нүдээ байнга цавчих, 30 минутын зайтай нүдний дасгал хийх, өөр зүг рүү харах

*Хүүхдээ гар утас, компьютер, зурагт, цахим тоглоомноос хол байлгах

*Харанхуй орчинд орой үдшийн цагаар зурагт компьютерийн өмнө суухгүй байх

*Компьютер, зурагтыг хол зайнаас үзэх

*Олон хоногоор сууж ном сонин уншихаас сэргийлэх

*Цас ихтэй өвлийн улиралд нарны хэт ягаан туяанаас сэргийлж хар шил зүүх

*Шороо, шуурга салхитай үед шил хэрэглэх

*Хүнд нөхцөлд ажилладаг бол зориулалтын шил зүүх.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүрсчдийн нам, Шороочдын намын нүдэлдээн дундаас мордсон юмсан даа

Монголын нийгэмд Нүүрсчдийн намынхан гэж хэсэг хүнийг нэрлэх боллоо. Зөрүүлээд Шороочдын намынхан гэж бүлэг хүнийг нэрлэсэн нь Женкогийн талынхныг хэлэв бололтой. Үндсэндээ Нүүрсчдийн нам, Шороочдын нам гэсэн хоёр нэршил бий болов. Шороочдын намынхныг говьд 270 сая ам.доллараар шороо овоолсноос өөрийг хийгээгүй гэхчилэн цөөнгүй асуудлаар буруутгаж байгаа. Харин Нүүрсчдийн намынхныг “Эх орноо худалдагсад” хэмээн зүхэж байна. Гэхдээ энэ хоёр бүлэглэлийн нүдэлдээнд улс төрийн намууд хамаагүй юм шүү. Энэ бол Монгол дахь улстөр-эдийн засгийн эрх мэдэл бүхий бүлэглэл буюу мафиудын хоорондын зодоон, нэгэндээ өгсөн нэр хаяг юм.

Саяхан энэ хоёр том бүлэглэлийн хоорондын тулаан “Баянгол” зочид буудлын гадаа боллоо. Хүчнийхэн, цагдаагийнхан, тусгайгийнхан хөдөлж сүйдтэй, сүртэй юм боллоо. Ард түмэн бүгдээрээ үзлээ, харлаа. Энэ нүдэлдээний үеэр Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж оролцов. Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгыг тэд өмгөөлж хамгаалан жагссан хэрэг. “Баянгол”-ын гадаа цугласан олны дунд жүдогийн алдартай тамирчид бэлтгэлийнхээ хувцастай хөвж, ярилцлага өгч, холбооныхоо ерөнхийлөгчийг юунаас ч цээжээрээ хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийлсэн нь олны анхаарлыг татав. Ийм л бүлэглэл хоорондын нүдэлдээн дундаас жүдогийнхон маань олимпийн эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээндээ өглөө нь мордоцгоосон юм. Очоод тэд баллаж өглөө, түүхэнд байгаагүй амжилтыг гаргалаа. Дэлхийд жүдогоор хаанчилдаг япончуудтай эн зэрэгцэж, адилхан дөрвөн алтан медаль зүүв. Нийт дүнгээрээ оноо жаахан дутаж, Японы ард хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. Тэрбум, тэрбумаар тоологдох хятад, энэтхэгчүүдийн дундаас гуравхан сая монголын үр сад болох хэдэн муу охид, хөвгүүдийн гарыг нугалах хүн гарахгүй юм байна. Жүдо бол олимпийн төрлийн дэлхийн топ таван спортын нэг юм. Ийм л топ спортын Тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж 31 орны нийт 233 тамирчин хурд, хүчээ үзсэн юм. Манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчинтай, бүтэн багаараа оролцсон билээ. Ингээд дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл, нийт 11 медаль хүртлээ. Мөн зургаан тамирчин шагналт тавдугаар байрт шалгарлаа.

Түүхэндээ манайх Азийн аваргаас хамгийн ихдээ хоёр алтан медаль авч байсан. Гэтэл Ташкентийн дэвжээнд очсон 18 тамирчнаас 16 нь медалийн төлөө барилдана гэдэг бол нүд орой дээр гарам амжилт юм. Д.Алтансүх, Д.Сумъяа, Н.Дагвасүрэн, Н.Түвшинбаяр нарыг энэ удаад лав Ази тивд тогтоож барихгүй юм байна гэдгийг харлаа.

Ташкентад нэгэн сонин барилдаан болсныг энд дурдах ёстой. Ганц мөнгөн медалийг авсан дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нарын аваргын төлөөх барилдаан. 48 кг-д дэлхийд босоо байгаа манай бөх финалд Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэгтэй тулсан ч юүко үнэлгээгээр ялагдав. Сүүлд гурван удаа энэ хоёр бөх учраа таарахад бүгдэд нь Г.Отгонцэцэг ялж байна. Дэлхийн аварга М.Уранцэцэг нутаг нэгт Г.Отгонцэцэгийг ялах тактикийг боловсруулахгүй бол Олимпийн наадамд аль ч шатанд хоорондоо таарч магадгүй юм байна. Бүр сүүлдээ манай хүчтэнүүд Монголдоо нэг жиндээ чихцэлдээд болохгүй болохоор зарим нь ийнхүү гадны улсын нэр дээрээс нутаг нэгтнээ нугалж тавих нь. Хэрвээ Монголын бөх Олимпийн наадмаас медаль авна л гэж байгаа бол үүнийг анхаарах цаг болжээ. Монголын жүдогийн дэг сургуулийн нууц бусад оронд тамирчдаар маань дамжин алдагдаж байгаа юм биш үү. Энэ удаагийн Ази тивийн аваргаар Японы тамирчид манайхтай адил дөрвөн алтан медаль хүртсэн ч мөнгөн медалийн тоогоор илүү гарч багийн дүнгээр тэргүүллээ. Харин медалийн тоогоор Монголын баг тамирчид тэргүүлэв. Энэхүү түүхэн амжилт бол манай жүдочдын нөр их хөдөлмөр юм.

Азийн аваргын бахдам амжилтыг үзэж суухдаа саяын тэр нүдэлдээний үеэр жүдогийнхныг баривчилсангүй нь юун сайн бэ хэмээн бодож суулаа. Хэрэв зээ Нүүрсчдийн намынхны зүгээс цагдааг хөдөлгөж, жүдогийн шигшээгийн 18 тамирчинг баривчилж, “Жагсаал цуглаан зохион байгуулж, үймээн самуунд турхирсан” зүйл ангиар 72 цагт саатуулсан бол яана. Юун маргааш өглөө нь Азийн аваргад явах, олимпийн эрх авах, ард түмэндээ баяр бахдал төрүүлэх… Баривчилгаа явуулалгүй эх оронч зан гаргасан хүмүүст талархъя. Гэхдээ л мөн аюултай, эрсдэлтэй юманд орооцолдох шахлаа даа, жүдочид минь. Жагсаалын үеэр ямар нэгэн турхиралт явагдаж, үймээн болж, та нөхөд бэртэж гэмтэхэд хүрвэл яана. Олимп хүртэл онцгой анхаарах зүйл чинь энэ шүү. Одоо манай жүдогийнхонд Риогийн олимп гэсэн том даваа байна. Риогийн дэвжээн дээр л зовхи нь өөдөө, золбоо хийморьтой барилдмаар байна. Саяын тивийн аваргаас харж байхад та бүхний сэтгэл зүй сайн байна. Бие бялдрын хөгжил хийгээд, барилдааны ур чадвараар дэлхийд гарчихаж. Та нарын багт олимпийн аварга байна. Дэлхийн аварга байна. Та нар бүгдээрээ адилхан зүйл идэж ууж, адилхан орчинд амьдарч, нэг л багшийн удирдлагад адилхан бэлтгэл сургуулилт хийж байгаа. Хэн нэгнээсээ илүү юм юу ч байхгүй. Бод л доо, 20 сая хүнтэй казакстанчууд дотроос дэлхийд барилдчих хүн олдохгүй манай нэг охиныг гуйж нэр дээрээ барилдуулж байна шүү дээ. Ийм л эрэмбэ зиндаатай та бүхэн олимпод очих нь. Маргааш нь тивийн аваргын хариуцлагатай тэмцээнд оролцоно гэж байхдаа бусад орны тамирчид яадаг вэ гэхээр төвлөрдөг, бясалгал хийдэг, амардаг, ямар нэг нерв стрессгүй байхад анхаардаг. Манай баатрууд болохоор тачигнатал жагсаж цуглаж, бүлэглэл хоорондын нүдэлдээнд оролцож аваад мордож байна. Юун амрах, төвлөрөх, бясалгах вэ. Тэгж очоод л бүгдийг нь нугалаад тавьчихаж байгаа юм. Харин тэмцээний сүүлийн өдөр болсон багийн тэмцээнд манайхан муу оролцлоо. Онцгүй л харагдаж байна лээ. Гэхдээ зөвтгөх шалтгаан надад байна. Монголчууд бид л болсон хойно “Бүгдээрээ медаль авлаа, олимпийн эрхээ авлаа” гэж хөөрөөд шөнө нь “угаасан” байх. Эмэгтэйчүүд нь бүр илүү “угаасан” байх, илүү муу барилдана лээ. Тэрнээс урьд өдөр нь чоно шиг байсан нөхөд маргааш нь юу гэж хонь шиг болчихов дээ.

Энэ бүгдийн эцэст жүдогийнхондоо хэлэх анхааруулга байна. Риод очихоосоо өмнө саяных шиг бүлэглэл хоорондын нүдэлдээнд оролцмооргүй байна, шалдар булдар зүйлд анхаарлаа сарниулмааргүй байна. Бэртэл гэмтэл авчихмааргүй байна. Хийморь сүлдээ бодмоор байна. Эздийнхээ хоорондын мафийн шинжтэй тэмцэлд торгоогдчихгүй бол Риогийн дэвжээнд манай жүдочдын гарыг нугалах хүчтэн байхгүй байх. Хавтай сайн байгаа жүдочдоос хар цагаан хэл ам, хар хорын үйл явдал хазгай тусаг ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мажоратори дотроо 76 жижиг тойрог руу явбал ухралт болж байгаа хэрэг ярилцлага “Өдрийн сонин”-д нийтлэгдлээ

Мөн Онц хүнд хэрэгтэй тэмцэх хэлтэсээс Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас ирүүлжээ Энэ тухай мэдээллийг маргаашийн дугаараас уншаарай.

Дан бие даагчид УИХ болох нь уу? нийтлэлийг маргаашийн дугаарын хоёрдугаар нүүрнээс уншаарай

Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч манай сонины гуравдугаар нүүрт энэ удаа тус соинны нийтлэлч П.Хашчулууны “Сирийн дүрвэгсдийг өрөвдөх биш сиричүүд биднийг өрөвдөх юм биш үү” нийтлэл орлоо.

Энэхүү дугаарт баруун гурван аймгаас бэлтгэсэн сурвалжлага оржээ.

Баруун гурван аймгийн улс төрөөс ангид эгэл амьдралын талаарх сонирхолтой сурвалулжлагыг томилолт булангаас уншаарай. Түүнчлэн чөлөөтийн эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч О.Пүрэвбаатарын ноцтой олон баримт дэлгэсэн ярилцлагыг тус дугаараас уншаарай.

Тэрээр холбооны ерөнхийлөгч Д.Дагвадоржийн талаар ам нээж олон зөрчилдөөний талаар ярьжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Засгийн газарт чиглэл өгөхөөр болжээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, тус байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар өнөөдөр /2016.04.25/ нийслэлийн Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хуучин цэргийн ангийн ангаарт химийн хортой бодисын хаягдал байрлуулсан тухай иргэдийн гомдлын дагуу “Тамбов-цэргийн химичид” ТББ-ын тэргүүн Д.Сэргэлэн болон холбогдох албан туушаалтнуудаас тайлбар авахаар уулзалт зохион байгуулав.

Уулзалтын эхэнд “Тамбов-цэргийн химичид” ТББ-ын тэргүүн Д.Сэргэлэн мэдээлэл хийсэн юм. Тэрээр, ОХУ-ын Тамбовын цэргийн сургууль төгсөгчид Төрийн бус байгууллага байгуулж, химийн бодисын аюулгүй ажиллагааг хангах, сурталчилах зорилгоор энэхүү ТББ-ыг үүсгэн байгуулсан бөгөөд 2012 оноос “SGS Mongolia” компанийн лабораториас гарсан 120 тн химийн бодисын хаягдлыг Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хуучин цэргийн ангийн ангаарт хадгалж эхэлсэн. Энэ бодис нь алтны уурхайд хэрэглэдэг шаазан тигель гэдэг аяга хэлбэртэй зүйл юм. 2012 оны 07 дугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу аюултай хог хаягдлыг устгах, аюулгүй болгох зориулалтын байгууламж баригдаж ашиглталтанд орох хүртэлх хугацаанд тус цэргийн ангийн ангаарыг сонгож, БХЯ-ны Зэвсэгт хүчний жанжин штабын даргатай түр хугацаагаар химийн бодисын хаягдал хадгалах гэрээ байгуулсан юм. Энэ гэрээг байгуулахаас өмнө холбогдох мэргэжлийн байгууллагаар нарийвчалсан үнэлгээ, дүгнэлт гаргуулж батлуулсан. Нутгийн иргэдийн шаардлагын дагуу энэ 120 тн химийн хог хаягдлыг зайлуулах гэтэл зориулалтын төвлөрсөн байгууламж баригдаагүй байна гэлээ.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүд албан тушаалтнуудад асуулт тавьж, тайлбар авсан юм. Тухайлахад, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Р.Дэжид тайлбар хийхдээ, тухайн үед Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал хойшлогдсон юм. Харин энэ оны гуравдугаар сард Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалаар аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрын байршлыг тодорхойлох, улсын хэрэгцээнд авах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд хоёр удаа хуралдаж, энэ асуудал яригдаж байна гэв.

Ингээд байгын хорооны гишүүд уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, тодруулсны дараа Байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл болон уулзалтад байлцсан албан туушаалтнуудын саналыг тусган дээрх аюултай хог хаягдлыг устгах, аюулгүй болгох зориулалтын байгууламж бариулах талаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Түймрийн голомтод 60 гаруй хүн ажиллаж байна

tuimerСүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар салхины хурд нэмэгдэж секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурч байгаа нь ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй нөхцөлийг бүрдүүлээд байгаа ба орон нутагт гарсан түймрүүдийг унтраахаар ОБЕГ-аас ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн Дунд “Моёодын эхэн” гэдэг газарт түймэр асч, голомтод Орхон аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, хилийн заставын албан хаагчид зэрэг нийт 60 гаруй хүн ажиллаж байгаа ч түймэр унтраагүй ассан хэвээр байна. Харин Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул аймгийн зааг Хархираа багийн нутагт гарсан хээрийн түймрийг цурманд оруулж, Сэлэнгэ аймгийн Сант сумын Бэрхийн даваанд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраагаад байгаа аж.