Categories
мэдээ улс-төр

Цэцийн шийдвэрээр завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тавдугаар дүгнэлтийг хэлэлцэхээр болж, танилцуулга хийн, гишүүд асуулт асуухаар кнопоо дараад байх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авлаа.

Завсарлага авах болсон шалтгаанаа тус бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Цэцээс гаргасан пропорциональ тогтолцооны асуудлаарх дүгнэлтийг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг ярилцаж байна. Ийм учраас тав хоногийн завсарлага хүсэж байна” гэв.

УИХ-ын даргын зүгээс “Болж өгвөл завсарлага авмааргүй байна. Сонгуулийн бэлтгэл хангахтай холбоотойгоор хугацаа тулж байна. УИХ намуудад нэрээ дэвшүүлэх боломж олгохгүй бол болохгүй байна” гэв.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “УИХ болоод аймаг, нийслэлийн сонгууль өдөр ирэх тусам ойртож байгаа үед завсарлага нь хуулиар зохицуулсан асуудалд онцгой нөлөөлөх шинжтэй байна. Иргэний шилжилт хөдөлгөөн энэ сарын 30-нд дуусах ёстой, нэр дэвшүүлэх ажиллагаа тулж ирчихээд байна.

Хуульд ийм асуудлаар завсарлага авах бол хугацаанд саад болохгүй байхаар авах ёстойг гишүүд анхаарахыг хүсэж байна” гэв. Эцэст нь УИХ-ын дарга тав хоногийн завсарлага өгөөгүйг Шударга ёс эвслийн бүлгийн дэд даргад сануулснаар завсарлага өглөө.

Categories
мэдээ улс-төр

Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Хуралдаанаар гишүүд шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Гишүүдийн олонх нь Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дараагаар нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Хот тохижилтын ажилд хувийн хэвшлийнхэн нэгдлээ

Ази, Европын орнуудын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын 13 гудамжинд тохижилт хийж байна. Тохижилтын ажлын хүрээнд явган хүний зам, гэрэлтүүлэг, цахилгааны утас, худгийн таг, хайс хашлага зэрэг нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийж байгаа юм.

Эдгээр 13 гудамжинд байрлаж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлээс хийж буй тохижилтын ажлыг дэмжин гадна фасадаа будан, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Гудамж төслөөс баталсан зургаар явган хүний болон дугуйн замын трассын дагуу байрлаж буй хайс хашлагаа татаж эхэлсэн.

Олимпийн гудамжинд “Барбашова” ХХК, “Эрэл” ХХК гаднах хашаагаа татаж байгаа бол Жамьян гүний гудамжинд “Роял Прекаст” ХХК гадна фасадаа шинэчилж, “Чоно” ХХК, иргэн Л.Чимгээ нар барилгын гаднах хашаагаа татаж, буулгажээ

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Хүнийг хорьчихоод мартчихдаг байдлыг хуулиар хаах хэрэгтэй

“Өдрийн сонин”-ы № 093 (5358) дугаараас авч нийтлэв

ПРОКУРОРООС Б.БУЛГАНЫ ӨРӨӨНИЙ ГЭРЭЛ, БИЕ ЗАСАХ БУЛАНГИЙН ЗӨРЧЛИЙГ

АРИЛГАХ ЧИГ ҮҮРЭГ ӨГСӨН ГЭВ

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өчигдөр хуралдах байсан ч гишүүдийн ирц хүрээгүйгээс нээлттэй сонсгол хийлээ. Энэ үеэр удахгүй чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж буй Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдэд хүний эрхийг хэрхэн хангаж байгааг авч үзсэн юм. Дээрх хуулийн төслүүдтэй холбогдуулан Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд бусад гишүүдийн хамт хорих байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан. Ингээд өргөдөл гомдол гаргагсдын болон иргэний нийгмийн байгууллагуудын санал, холбогдох байгууллагуудын тайлбарыг авах нээлттэй сонсгол хийж байгаа нь энэ аж. Хуралдааныг тус дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Л.Болд даргалсан бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Дэд хороонд харьяалагддаг бусад гишүүдийн хувьд гадаад, дотоодод томилолт болон албан ажилтай байж таарсан тул ирж амжсангүй. Хүний эрхийн төлөөх иргэний нийгмийн байгууллагуудын нэлээд төлөөлөл ирсэн харагдана. Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комисс, Глоб интернэйшнл төв, Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо, Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн клуб, Хүний аюулгүй байдлын судалгааны төв, Хүний эрх хөгжил төв, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Ирвэс хамгаалах сан, Эвт сайн хөрш ТББ, Хүүхдийн эрх хамгаалал төв, Хүний эрхийн залуу судлаачдын клуб, Зориг сан, иргэн С.Шаарийбуу, хуульч Г.Нарангэрэл зэрэг харагдаж байв.

ХОРИХЯЛЫГ БАГАСГАХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНААЧИЛСАН ГЭВ

Хуралдааны эхэнд Хууль зүйн сайд Д.Дорлигжав дээр дурдсан хуулийн төслүүдэд хүний эрхийг хэрхэн хангасан талаар танилцуулга хийв. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад яллагдагчийн гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоох, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглох, яллагдагч хэргээ шүүхэд шилжүүлж хэлэлцүүлэхийг шаардах, энэ талаар гомдол гаргах эрхтэй байхаар тусгажээ. Мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, аль болох цагдан хорих арга хэмжээг авахгүй байх үүднээс хувийн баталгаа гаргах, зорчих эрхийг хязгаарлах зэрэг төрлүүдийг шинээр оруулж ирсэн байна. Ингээд тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт бий болсныг үндэслэж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсаны дараа таслан сэргийлэх арга хэмжээг авдаг байхаар тусгажээ. Түүнчлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг мөн богиносгохоор тусгасан аж. Харин цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тахар, гааль, татварын гээд олон байгууллага хууль сахиулах үйл ажиллагааг явуулдаг. Ингэхдээ тус бүрийн дүрэм журмаар хүний эрхийг хязгаарладаг байдалтай байсныг Хууль сахиулах тухай хуулиар нэгдсэн нэг журамд оруулж байгаа аж. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдийн хувьд тухайлбал, хорих ялыг хувь хүний онцлогт тохируулан ялгамжтай эдлүүлэхээс эхлээд зорчих эрхийг хязгаарлах зэрэг шинэ төрлийн ялыг нэвтрүүлснээр ял эдлэгсдийн тоо, хоригдож буй хүний эрх зөрчигддөг сөрөг хандлагууд буурна гэж үзэж байгаа аж. Мөн өсвөр насны хүнд оногдуулсан ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хэрэгжүүлэхээр заажээ. Харин Тахарын албыг ШШГЕГ-ын дэргэд ажиллахаар болгож буйг тайлбарлахдаа “Шинэ тутам байгуулагдаж байгаа учраас сум бүрт хүрч ажиллахад дөхөмтэйг бодолцсон” хэмээсэн юм.

Б.БУЛГАНЫГ 461 ДҮГЭЭР АНГИД ШИЛЖҮҮЛЭХСАНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ

Танилцуулгын дараа гишүүд асуулт тавьсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Б.Булганы ээжийн өргөдлийн дагуу хоригдож буй газарт нь очиж уулзсан. Энэ үеэр ШШГЕГ-ын мэдлээс обьект нь гарчихсан байдал ажиглагдсан. Тэр байгууллага ер нь Тагнуулын ерөнхий газрын хяналтад байна лээ. Хэрвээ энэ байгууллагад Тахарыг нэгтгэчихвэл бүх гэрч, хохирогчоо тагнуулын байгууллагад өгчих юм биш үү” гэхэд Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Б.Булганы байдлын тухайд бид тодорхой мэдэхгүй байна. Гэрчийг бол аваачиж хорьдоггүй л дээ. Тэгэхээр гэрч биш сэжигтэн яллагдагч болсон учраас удаан хугацаагаар хорьж шалгаж байгаа байх. Бид мөрдөн байцаалт ямар түвшинд яваа дээр хяналт тавих, мэдээлэл авах эрхгүй. Хуулиар хориотой. Ер нь бол ШШГЕГ-ын урьдчилан хорих байр бол мөрдөн байцаагчийн тавьсан шаардлагын дагуу тэр хүний хэнтэй уулзахыг л зохицуулж ажилладаг. Өөрсдийн санаачилгаар хэн нэгнийг уулзуулахгүй гэсэн юм байхгүй. Мөрдөн байцаагч, прокурорын тавьсан шаардлагын хүрээнд ажиллаж байгаа байх гэж бодож байна. Өмгөөлөгчийг дарамталдаг асуудал байдаг гэлээ. Хэрэв тийм бол энэ одоо ч Монгол Улсын хуулиар хориотой. Шинэ хуулийн төсөлтэй холбож ярихад Б.Булгантай холбоотой асуудлыг аваад үзэхэд ийм маягаар ажиллах боломжгүй л болгож байгаа шүү дээ” хэмээв.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Б.Булганы өрөө бусдаасаа илүү хурц гэрэлтэй байсан. Ариун цэвэр сахих булан нь үүдэндээ хүний нүдэнд ил байдаг нь ямар учиртай юм” гэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү “Нар тусдаг газрын камерууд гэрэл байдаггүй юм. Бид тусгайлан нэг хүнд зориулж өрөө тохижуулах боломжгүй. Бие засах цэг нь үүдэндээ байгаа нь сантехникийн шугамаасаа шалтгаалсан байх. Хоригдож буй хүндээ зориулж өрөөг өөрчлөх хөрөнгө ч байхгүй. Төв аймгийн хорих 35 хүний багтаамжтай бусад нь гурав, дөрвөөрөө байдаг бол Б.Булган ганцаараа нэг өрөөнд байгаа” гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Б.Булганыг шилжүүлэх боломж байна уу. 461 дүгээр ангид сул өрөө олон байгаа гээ биз дээ” гэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү “Бид гишүүдийг хориход очоод явсны дараа Улсын ерөнхий прокурорт Б.Булганыг Улаанбаатар хотын 461 дүгээр саатуулахад шилжүүлэх талаар санал явуулсан” хэмээв. Энэ үеэр мөн өргөдөл бичих эрхийг нь ч боогдуулсан талаар УИХ-ын гишүүд ярьсан юм. Тэгэхэд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Өмнө нь манайхаас хүмүүс очиж уулзахад ийм зөрчил байгаагүй. Үнэхээр өргөдөл бичихийг хориглодог болоод бичсэн өргөдлийг дардаг бол энэ маш том хэрэг. Бичсэн өргөдлийг дарагдуулсан тэр хүн дээр Улсын Ерөнхий прокурор маш том хариуцлага тооцох байх гэж бодож байна. Хүний өргөдөл, гомдол гаргах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчих эрх хэнд ч байхгүй шүү” гэв.

Г.ЭРДЭНЭБАТ: ӨРГӨДӨЛ ГАРГАХЭРХИЙГ ЗӨРЧСӨН ТАЛААР БИД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШАЛГАНА

УИХ-ын гишүүн Л.Болд “Ерөнхийдөө манай энэ шалгадаг, хорьдог хүмүүс хамгийн амраар нь цагдан хорих газарт аваачаад хорьчихож байна. Тэгээд ямар нэг зүйл илрэх байх гээд гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байх. Б.Булганыг таван сарын турш хорьсон. Ингэхдээ он гарснаас хойш нэг ч удаа байцаагаагүй. Бүр цааш нь ярих юм бол өмнө нь ийм байдалд улстөрчид сууж байсан жишээнүүд бий. Тэдний хувьд ч байцаадаггүй байсан. Өмнө нь яваад байдаг зүйл гэж хэлэх гээд байна л даа. Ерөнхийдөө хорьчихоод мартчихдаг. Үүнийг л хуулиар хаахгүй бол хүчний байгууллагууд бүгд тийм сонирхолтой хэвээр үлдэх гээд байх шиг байна. Сэжиглэж байгаа гээд шоронд хийчихдэг. Хичнээн сараар хүнийг тамладаг энэ байдал нэр хүндээс гадна ар гэрийнхнийг нь хүнд байдалд оруулж байна шүү. Хэнтэй хэнийг хорихыг хэн шийддэг юм бэ. Намайг урьдчилан хорихтой танилцаж явахад тендерт хардагдсан нэг Төрийн нарийн бичгийн дарга баахан хулгай хийсэн хүмүүстэй сууж байгаа юм. Өөр бас нэг хувийн компанийн захирлыг хүн алсан хоёр хүнтэй нэг өрөөнд хийчихсэн байсан. Тэр хүн хэрэг хүлээх ёстой юм уу. Эсвэл тэр хүмүүс нь дарамталж илрүүлж өгдөг юм уу мэдэхгүй. Үүнийг шүүхийн шийдвэр биелүүлэх хуулиар үнэхээр хаамаар байгаа юм. Тэгэх бололцоо байна уу. Бид гэмт хэрэгтэй тэмцэхийг бол ойлгож байна. Хэрэгтэнтэй тэмцэх ажил маш чухал. Үүний хажуугаар өөр санаа зорилго орох нөхцөл бүрдээд байна шүү. Социалист нийгэмд л дуртай хүнээ улс төрийн хэрэгтэн болгож залхаан цээрлүүлдэг байсан. Тэр шударга бус нийгэм ардчилсан хувьсгалд хүргэсэн. Манайхаас л цус урсаагүй болохоос бусад газар цус урсаж дууссан. Тэгэхээр үүнийг бид хуулиар засч янзлах хэрэгтэй. Манай ардчилсан нийгэмд хүнийг доод зэрэгт аваачих шаардлага байхгүй шүү дээ. Гэтэл бодит байдалд тийм зүйл байгааг нүдээр харж байна. Хүний эрхийн байгууллагуудаас үүнтэй холбоотой, адилхан саналууд маш их ирж байна. Одоо энэ хуулиудад өөрчлөлт орвол энэ байдал засагдах уу. Тийм итгэл байна уу” гэв.

Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл дээр таны дурдсан асуудлуудыг зохицуулахаар томьёолж байна. Сэжигтэнг баривчлах, цагдан хорих журмыг ч бид үүнтэй холбогдуулан өөрчлөх хэрэгтэй. Яах ч аргагүй манай цагдан хорих байрны нөхцөл, хэрэгжүүлж байгаа арга барил бол хүний эрхийн мэдрэмжгүй. Цагдан хорих байруудад аюулгүй байдлын стандарт, харуул хамгаалалтыг л чухалчилсан байдаг. Түүнээс болоод тухайн хүний жишээлбэл, бие засах нь олны нүдэн дээр байж байна. Бүх байрууд нэг стандартгүй байгаа нь үнэн. Мөн хэрэгжүүлэх явцад мөрдөн байцаагчийн зөвшөөрөлтэй эргэлт оруулдаг. Зөвшөөрөлгүй бол оруулахыг хориглодог. Мөн гүйцэтгэх ажил явуулахыг хориглох юм уу, зөвшөөрөх юм уу гээд асуудлуудыг нарийвчлан журамлаагүй. Бид үүнийг журамлахаар зүйл заалтууд санаачлаад хуулийн төсөлд тусгаж байна” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Өргөдөл бичиж өг гэхэд Б.Булган өөрийгөө өргөдөл бичиж өгөх эрхгүй юм билээ гээд бодчихсон сууж байгаа байхгүй юу. Асуусан чинь тийм эрх байхгүй гэсэн. Ямар ч эрхийг нь хэлээгүй байгаа юм. Үзэг цаас хараад баярлаад байгаа юм” гэхэд Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Энэ дашрамд хэлэхэд иргэн Б.Булганы цагдан хорих ажил хэрэгжүүлж байгаатай холбоотой гомдлуудын дагуу прокурор шалгалт хийсэн. Үнэхээр Б.Булганы өрөөнд өдрийн гэрэл байрлуулсан. Энэ дөрвөн гэрэл бусад өрөөнөөсөө илүү тусгалтай байна гэдгийг өнөөдөр (өчигдөр) өглөө манай прокурор шалгаж тогтоосон. Тэгээд бусад өрөөтэй нь адилхан болгох, бие засах газрыг гаднаас хөндлөнгийн хүн харж болохгүй болгохын тулд өөр өрөөнд байрлуулах уу эсвэл тэнд нь арга хэмжээ авах эсэхийг яаралтай судлаад зөрчлийг арилгах арга хэмжээ ав гэсэн чиглэл өгсөн. Хүний эрхийг нь зөрчигдсөн нөхцөл байдал байгаа бол арга хэмжээг яаралтай авъя гэж байгаа. Өргөдөл гомдол гаргах бусадтай харилцах эрхийг хязгаарласан талаар бид чин үнэнийг хэлэхэд одоо л дуулж байна. Үнэхээр өргөдөл гаргах гэхэд нь үзэг, цаасаар хангаагүй бол зөрчил мөн. Үүнийг нь бид үргэлжлүүлэн шалгана. Мөн цагдан хорихтой холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх үедээ гүйцэтгэх ажил явуулахыг халах заалтуудыг Хууль сахиулах тухай хуульд оруулж өргөн барьсан байгаа. Хүнийг гэмт хэрэгт буруутгах хангалттай баримттай итгэл үнэмшилтэй болсон цагтаа л шүүхэд шилжүүлэхээр заасан” хэмээв. УИХ-ын гишүүн Л.Болд “Олон улсын парламентын холбооноос манайд “Хэргээ нууцлалаас гаргах, тагнуулын үүргийг хязгаарлах, С.Зоригийн хэргийн мөрдөн шалгах баримт материалыг өмгөөлөгч болоод төрөл төрөгсдөд нь нээгээч” гэсэн зөвлөмж ирүүлсэн байгаа. Энэ шинэ хуулиар болох уу” гэхэд Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Зарим зүйл үнэхээр олон улсын стандарттай нийцэхгүй байгаа нь үнэн. Тагнуул гэхэд яллах мөрдөх ажлыг хамт хийдэг. Тиймээс хэргийг илрүүлэх нотлох баримт цуглуулах үедээ яллах гээд хүнээ хорьдог, нотлох гээд хорьдог байдал холилдчихоод ингээд байгаа юм. Хуулийн төслийг эцэслэн батлах явцад хуулиар тагнуулын байгууллага яллах баримт үйлддэггүй болчихвол энэ шаардлага биелэх бололцоотой” хэмээв.

Хуралдаан бүтэн гурван цаг гаруй үргэлжилсэн юм. УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан ирж өөрийн байнгын хороотой холбогдох асуудлаар санал солилцож байв. Иргэний нийгмийн байгууллага ч хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хөндөж албаны хүнээс хариулт авч байлаа. Мөн Малайзад бусдын гарт амиа алдсан Алтантуяагийн аав С.Шаарийбуу “Би охиныхоо хойноос холбогдох байгуулагуудад 400 гаруй өргөдөл бичсэн. Миний өргөдлийг хүлээж авдаг байгууллага бага байлаа. Харин Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд албаны хүмүүсийг байлцуулан асуултдаа хариулт авах боломж олгож байгаад баяртай байна” хэмээж байсан юм.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Ж.Оюундарь: Дөчин насанд үнэхээр амьдрал дөнгөж эхэлсэн

УДЭТ-ын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарьтай ярилцлаа. Тэрбээр “Гэгээн Муза” 13 дахь удаагийн олон улсын театрын наадмын Драмын жүжгийн төрөлд “Шилдэг эмэгтэй туслах дүр” номинацид “Ромео & Жульетта” жүжгийн өрлөг эхийн дүрээр нэр дэвшээд буй.

-Таны бүтээсэн өрлөг эхийн дүр дэндүү эрч хүчтэй, цоглог, уламжлалт төсөөллөөс огт өөр санагдсан?

-Энэ жүжиг манай театрт хоёр дахь удаагаа тавигдаж байгаа. Өмнө нь Ч.Найдандорж найруулагчийн тавьсан “Ромео Жульетта”-д өрлөг эхийн дүрд Ардын жүжигчин С.Сарантуяа тоглож байсан. Энэ дүрийг авна гэж бодоогүй. Настай, мяраалагдуу, будлиу дүр төсөөлөгддөг. Энэ жүжигт дандаа залуучуудыг авна гэж ярьж байсан л даа. Дүр хуваарилсан чинь надад өрлөг эхийн дүр таарсан юм. Сонгодог жүжгийн энэ сайхан дүрд итгэл өгч байгаад баярласан, дараа нь айсан л даа. Хүн болгоны мэддэг жүжиг, кино нь хүртэл гарсан шүү дээ. Яаж гаргах вэ гээд бодсон чинь дотор сонин болоод явчихсан. Зохиолыг нь уншаад, өөр хэлбэрээр яаж гаргах вэ гэж нэлээд бодлоо. Хувцасныхаа эскизийг харсан чинь маш өөр, орчин үеийн загварлаг, ганган, дэгжин эмэгтэйн хувцас зурчихсан байна. Бодоод байсан чинь энэ сайхан Жульеттаг өсгөж байгаа хүн бол өөрөө маш сайхан хүн. Харагдах талаасаа ч сайхан, боловсролтой мэдлэгтэй хүнийг энэ дээд зиндааны гэр бүл шалгаж авсан байх гэж бодогдлоо. Ажиллаж эхлэхэд үг, хувцас, үйлдэл зөрөөд эхэллээ. Яаж харуулах вэ гээд найруулагчтайгаа яриад, гэгээлэг, цайлган сэтгэлтэй эмэгтэйн дүрийг шингээж өгвөл зүгээр юм гэж бодож ажилласан. Охины хүмүүжилд өрлөг эхийн нөлөө ажиглагдаж байгаа юм. Ийм дүрийг босгож ирэх гэж хичээсэн дээ.

-Та яаж ингэж түлхүүрдчихсэн юм шиг байнга хурдтай хөдөлж, ярьж чадсан бэ, угаасаа ийм эрч хүчтэй хүн үү?

-Үнэхээр их эрч хүч гаргадаг. Энэ жүжигт тоглоход миний цамц нойтон болчихдог юм. Ялангуяа эхний зургаан үзэгдэл хүртэл хөлс урсаж байдаг. Үнэхээр хүч гарсан дүр. Үзсэн хүмүүс ч бас “Ямар аймаар хурдтай юм бэ, залуучуудаас ялгагдах юм алга” гэдэг.

-Танд цайвар үс зохиж байна лээ. Бодит амьдрал дээр та үсээ цайруулах, шарлуулах гэх мэтээр зоригтой өөрчлөлт хийж үзсэн үү?

– Ер нь үзээгүй. Сор тавиулж үзсэн. Бидэнд үсээ будаж болохгүй, цайруулж болохгүй гэх мэтээр шаардлага тавьдаг. Одоогийн үстэйгээ гучаад жил театрт ажиллаж байна. Өөрийгөө нэг өөрчлөх юмсан гэж бодогдох үе бий. Гэвч жүжигт үс залгах, боох шаардлага гарна. Дээхнэ үед үс тайрсан гэдэг шалтгаанаар дагалдан болж байсан хүн ч бий. Хагас цэргийн зохион байгуулалттай мэргэжил.

-Урьд тавин настай хүн эмээ өвөө гэж харагддаг байсан бол одоо энэ насныхан хөгшин гэж тооцогдохгүй. Та энэ нас, ирж байгаа он цагийг яаж мэдэрч байгаа вэ?

-Хүний нас уртсаад, ритм ч хурдтай болсон. Бүхнийг амжуулахгүй бол болдоггүй цаг үе. Хүний туулдаг амьдралыг туулж, насыг насалж өнгөрүүлнэ. Тухайн цаг үедээ зохицож амьдрах хэрэгтэй.

-Та ч бас орчин үеийн ээж?

-Бидний үед тийм байсан гээд орчин үеийн хүүхдэд шаардлага тавих онцгүй санагддаг. Бүх л юм өөрчлөгдөж байна шүү дээ.

-Та багадаа жүжигчин аавыгаа хүлээж, дэлгэцээр гарахад нь харж байжээ. Одоо харин таны хүүхэд жүжигчин ээжийгээ хүлээж байгаа. Нэг талаар ижил юм шиг мөртлөө огт өөр хүлээлт байх. Та түүнийг анзаарсан уу?

-Багадаа ээж аав хоёр гэртээ яагаад байдаггүй юм бэ гэж боддог байсан л даа. Манай хүүхэд бас “Та ядаргаатай ажилтай юм аа. Та гэр бүлтэй гэдгээ мэддэг үү” гэдэг. Бид бол ээж ааваасаа тэгж асууж байгаагүй. Ажилтай байгаа, ингэж явах ёстой хүн л гэж боддог байж.

-Та багадаа ангийн дарга, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан гэсэн. Одоо олон нийтийн ажилд оролцдог уу?

-Үйлдвэрчний хорооны гишүүн. Уг нь ямар нэг олон нийтийн ажилд оролцохыг боддог ч даанч цаг зав гардаггүй. Гэхдээ “Эх орныхоо үйлдвэрийг дэмжээд рекламанд тоглоод өгөөч” гэх мэт хүсэлтийг хүлээж авдаг. Чадах чинээгээрээ дэмждэг.

-Дөчин насанд амьдрал дөнгөж эхэлдэг гэсэн үг байдаг. Та энэ үгийг хүлээн зөвшөөрөх үү?

-Ямар хүн ингэж хэлсэн юм бол. Бас л нэг амьдрал туулсан хүний л үг байх. Ухаан суугаад эхлэхээрээ хүн илүү утга учиртай амьдардаг болов уу. Гэхдээ дөчин насанд миний амьдрал үнэхээр эхэлсэн. Дөчтэйдөө хүүхдээ төрүүлсэн. Амьдрал огт өөр болдог юм билээ. Амьдралыг харах нүд өөрчлөгддөг. Ямар сайндаа ээждээ “Би хүүхэдгүй яаж өдий хүртэл явж ирсэн юм бэ. Амьдралын баяр баясгалан энд байсан юм байна шүү дээ” гэсэн. Амьдралын шинэ өнгө төрх дөчин насанд эхэлдэг гэж үнэн.

-Таныг шүлэг бичдэг байсан гэсэн. Хүн бүр залуудаа толгой холбодог гэдэг. Эсвэл та одоо ч бичдэг үү?

-Ичмээр дамшиг даа гэдэг шиг. Гуравдугаар анги хүртлээ бичиж байсан. Хөгжүүлбэл болох байсан байх. Яруу найрагт их дуртай. Гуравдугаар ангид байхдаа таван минутын шүлгийн уралдаанд оролцоод түрүүлж байсан удаатай.

-Зарим хашир хүн өдрийн тэмдэглэл хөтөлж байгаад хожим дурсамжийн ном болгочихдог юм билээ. Та энэ талаар боддог уу?

-Бодол байдаг. Гэхдээ бичдэггүй. Залхуу юм шиг байгаа юм. Аав маань биднийг багад “Оросын алдартай жүжигчид хөгширсөн хойноо ном бичиж гаргадаг юм байна. Би ном бичнэ” гэж байсан. Тэмдэглэлийн дэвтэр нээгээд өдөр тутмын тоглолтынхоо явцуудыг бичдэг байв. Дараа нь өнгөрөхөөсөө жилийн өмнө ном гаргасан юм. Түүнээс жишээ аваад боддог юм. Эргээд харахад дүрдээ гаргаж байгаа ажиллагааг өөрөө л мэдэхээс биш хүн мэдэхгүй. Нээрэн бичих хэрэгтэй шүү гэж боддог.

-Ном уншиж суух цаг гаргах хэцүү л дээ. Гэхдээ та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Би яг одоо “Болор судар”-нэг, хоёр гээд шүлгийн ном уншиж байгаа. Түрүүхэн Ц.Хулангийн “Ганцхан ээждээ унших шүлэг”-ийг дахин харж байлаа. Урьд нь уншсан ч ахиад харахад өөр мэдрэмж төрж байна.

-Та уран унших чиглэлээр ажиллаж байгаа юм уу?

-Уран унших тухай боддог. Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан багш маань “Чи уран уншлагаар яв” гэдэг. Урилга ирдэг. Амжихгүй л яваад байгаа юм. Г.Равдан багш маань гайхалтай сайхан уншина. CD-г нь сонсдог. Хэллэг нь их өөр. Кино драмын ангид орохоос өмнө шүлэг унших гэхээр аав “Загварт орчихно” гээд уншуулдаггүй байсан.

-Таны хошин шогийн дүр ч бас өвөрмөц шүү. Хошин шог гэхээр зүгээр нэг марзганал биш сонгодог байж болно гэдгийг харуулсан үе байжээ. Сэтгэлд хоногшиж үлдсэн нэг хэсэг бий. “Бирд” гээд жүжигт та нэг хөгшин харамч баяныг “хошгируулдаг” эмэгтэйн дүрд тоглодог доо. “Эр хүн гэдэг чинь ийм л байдаг даа” гээд бөгсөөрөө “нудардаг” хэсгийг янзтай гаргасан?

-Биднийг дөнгөж төгссөний дараахан “Сонгодог инээд” гэж уралдаан зарлагдсан юм. Анги даасан Л.Лхасүрэн багш маань сонгодог инээдмийн жүжгүүдийг тавьдаг, биднийг ажиллуулдаг байлаа. “Бирд” жүжгийг дипломын ажил болгож байсан. Д.Бямбацогт бид хоёр тусдаа бэлтгэж байж тэр жүжигт байдаггүй юмнуудыг ч хийсэн л дээ. Бараг анхны маань инээдмийн дүр.

-“Эзэнгүй айл” гээд Монголын анхны олон ангит телевизийн кинонд тоглож байсан. Одоо энэ киног хүүхдүүд үзэхдээ “Шилжилтийн үе гэж ийм байжээ” гэж гайхах байх даа?

-Үнэхээр өөр нийгэм. Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Гомбо гуай гайхалтай сайхан зохиол бичиж, Соёлын гавьяат зүтгэлтэн найруулагч О.Соёлт найруулсан. Сайн жүжигчид авсан. Зах зээлд дөнгөж ороод, барьцгүй гүн ёроол руу орсон үе байсан. Яг тэр үеийг үзүүлсэн кино. Одоо бол цаг өөр болжээ.

-Савхиар гангардаг үе байж?

-Саяхан энэ кино зурагтаар гарахад инээд хүрээд байсан. Ийм хувцас өмсдөг байжээ гэж бодсон. Гал тогоондоо ээж аав нь амьдардаг шүү дээ. Одооны хүүхдүүд үзээд “Яагаад гал тогоондоо амьдарч байгаа юм бол” гээд гайхдаг. Тэр үед хүүхдүүдтэйгээ нэг өрөөнд хамт амьдрах ердийн үзэгдэл байжээ. Хүмүүс захиалж байгаа гэнэ лээ. “Эзэнгүй айл”-ын үргэлжлэл бичигдэж байгаа гэсэн.

-Та тайзан дээр адтай, шидтэй харагдаад байдаг. Амьдрал дээр болохоор их л төлөв даруухан харагддаг. Таны бүтээсэн дүрүүдийг хараад “Энэ хүнээс бас ийм авир гарах л юм байна” гэж заримдаа санагддаг?

-Би нэг их адтай биш шүү дээ. Миний тоглосон зарим дүр хөдөлгөөнтэй, хурц харагдаад байдаг. Мэдэхгүй ээ, тийм зан характер надад байдаг юм байлгүй. Бид янз бүрийн дүрд тоглодог. Дүрийн судалгаа хийдэг. Янз янзын характеруудыг өөртөө суулгадаг. Задгай характерыг өөртөө бэлтгэж суулгасан л даа. Надад задгай байдал дутмаг санагддаг. Ийм дүр ирвэл тоглох хэрэгтэй гэж боддог.

-Та “Ану хатан” киноны Юм Агас хатны шивэгчин хөгшин эмгэний дүрд та аймаар хувирчээ?

-Юм Агас хатуу чанга хүн. Энэ хүний хажууд байгаа хүн ямар байх вэ гэж их бодсон л доо. Маш их зовлон бэрхшээл үзсэн, зодож зодуулж үзсэн хүн байх гээд нүүрэндээ сорви хийлгэсэн. Найруулагч маань “Бөө удган гэхэд биш, лам гэхэд биш яаж хэлэхээ мэдэхгүй байна, ийм дүр байгаа” гэсэн. Тодорхойлж хэлэхэд хэцүү ийм дүр гадна талаасаа ч содон байвал зүгээр гээд нүүрээ хөх өнгөөр будуулсан.

-Хөгшин болж хувирахад юу бодогдох вэ. Би энэ насан дээр ирэхэд юунд харамсах бол гэх мэтийн бодол төрөх үү?

-Төрнө. Алхаа гишгээ харцнаасаа эхлээд өөрчлөгдөж эхэлдэг. Өөрийн эрхгүй бие хумигдаад, юманд даацтай хандана. Сэтгэхүй ч өөрчлөгдөнө. Гурав дахь удаагаа “Өртөө” гэдэг кинонд хөгшин дүрд тоглосон. Хувь тавилангийн дүр л дээ. “Харагдах талаасаа нэг л өөр баймаар байна” гэж найруулагч маань хэлсэн. Нүүрэнд өөрчлөлт хийсэн юм. Цавуу шиг юм нүүрэнд түрхсэн. Энэ дүрд тоглох гэж нүүрэнд маань нэлээд үрчлээ суусан. Эвгүй юм билээ. Дараа нь салгах гэж бөөн юм болсон. Энэ муу нүүрийг чинь цавуудаад, базчихсан. Хүүхнүүд нүүрээ үрчийлгэхгүй гээд арьсаа татдаг байтал базчихаж байгаа юм чинь. Урлагийн төлөө золиос гардаг гэж бид ярьдаг. “За дүүрч ээ, энэ зургийг л богино хугацаанд аваарай” гэсэн.

-Ромео Жульетта гэснээс та өмнө нь энэ жүжигт Жульеттагийн найз охины дүрд тоглож байсан гэсэн. Жульеттад тоглох сон гэж бодогдож байв уу?

-Тэгж бодогдоогүй. Оюутан байхдаа Жульеттад тоглож байсан. Нас насандаа энэ мундаг зохиолыг “мөлжсөн” гэж боддог. Залуу насандаа Жульеттад тоглосон. Одоо бол өрлөг эхэд тоглож байна.

-Хүмүүс бясалгал хийх тухай ярьдаг. Бодит амьдралаас өөрийгөө чөлөөлөөд, огт өөр дүрд хувирдаг болохоор жүжигчин хүн бясалгал хийсэнтэй адил болдог байх гэж бодлоо?

-Ямар нэг дүр авахад тархи ажиллаад эхэлдэг болохоор амарч чадахгүй л дээ. Гэртээ очоод байхдаа ч дүрээ, үгээ бодож байдаг. Цаад санаа нь юу байсан юм бол гээд бодно. Бясалгалд явах сан гэж боддог л доо. Заримдаа манайх хичээл, сургалт явуулдаг юм. Бясалгалын багш авчирч бясалгал хийдэг. Манай ээжийн дүү нар бас бясалгал хийдэг. Манайд ирээд “Дариа минь, чи ажил ихтэй хүн, бясалгал хий” гэдэг. Хэдэн минут бясалгал хийхээр амралт болчихдог юм. Уянгын намуухан дуунуудыг сонсохоор бас бясалгал болчихдог.

-Та өмнө нь бас “Гэгээн Муза” авсан байх аа?

-Музад найм, ес дэх удаагаа нэр дэвшиж байна уу даа. Хоёр удаа авсан. Энэ жил бас дэвшиж байгаадаа баяртай байна. Уран бүтээлч бид 13 жил сэтгэл хөдөлж, Музагаа угтаж байна. Бүтэн жилийн хөдөлмөр маань үүгээр үнэлэгддэг. Нэр дэвшинэ гэдэг бахдалтай.

-Өмнөх Музануудаа хаана залсан бэ?

-Би гэртээ шагналын булантай. Бүх шагналаа гэрийнхээ хоймортоо байрлуулдаг. Ээж маань миний шагналыг зүлгээд зогсч байгаа харагддаг. Хайр нь дотроо хал нь гаднаа гэгчээр миний хөдөлмөрийг хүндэтгээд, бахархаад зогсч байна даа гэж бодогддог юм.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд Монголыг таниулж буй марафончид

Саяхан БНХАУ-ын Чэндү хотод хөнгөн атлетикийн марафон гүйлтийн олон улсын тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээний 42 км-ийн зайд уралдсан ОУХМ Б.Мөнхзаяа 2:36:50 цагийн амжилтаар алтан медаль хүртэж “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ аваад байна. Түүний уралдсан төрөлд 30 мянга гаруй сонирхогч, мэргэжлийн 100 гаруй тамирчин өрсөлдсөн байна. “Алдар” спорт хороо, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн тамирчин ОУХМ Б.Мөнхзаяагийн араас эзэн орны тамирчин оржээ. Мөн энэ үеэр Япон улсын Нагано хотод зохиогдсон 18 дахь удаагийн “Нагано марафон” олон улсын тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:15:56 цагийн амжилтаар мөнгөн медаль хүртээд байна. Түүний өмнө Кенийн тамирчин Жайрус Чанчима 2:15:31 амжилтаар нэгдүгээр байрт орсон бол Японы тамирчин Тайга Ито 2:16:32 үзүүлэлтээр гуравт оржээ. Б.Сэр-Одын хувьд сүүлийн жилүүдэд тогтмол амжилт үзүүлэх болсон. Орсон олон улсын тэмцээн болгондоо амжилт үзүүлж, Монголын нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж яваа тамирчин.

Гуравхан сая хүн амтай Монгол Улсын хувьд өндөр хөгжсөн хөнгөн атлетикийн тэмцээнд амжилт үзүүлнэ гэдэг ёстой л ховорхон хувь заяа гээд хэлчихье. Тэр хувь заяа Б.Сэр-Одод заяасан юм. Гадны томоохон улс түүний хүч хөдөлмөр, авьяасыг манайхаас арай өөрөөр харж, мэдэрч өндөр үнээр эх орондоо урвуулахаар удаа дараа оролдлого хийж байгаа. Гэвч Б.Сэр-Од эх орондоо үнэнч үлдэж чадсан. Тэр өөрийнхөө төлөө бус эх орныхоо төлөө гүйж байна. Хөлс хүч, тамираа баран урт зам туулж байна. Монголчууд Таэк слол нэртэй, алдартай, дахин төрөхгүй хурдан хүлэг гэж ирээд л нэрэмжит найр наадам зохион байгуулж, бүр хөшөө хүртэл босгодог. Бараг аймаг болгонд нэг морины хөшөө байгаа.

Тэрийг хурдан морь сонирхдог хүмүүсээс өөр хэн ч таньдаггүй, бас ойлгодоггүй. Жирийн л нэг морины хөшөө байдаг. Нэг жалга довны уралдаанд түрүүлсэн адгуусанд ийм хүндэтгэл үзүүлсэн атлаа дэлхийд Монголыг хөлс хүчээрээ сурталчилж байгаа тамирчинд яагаад санаа тавьж болохгүй гэж. Ядаж аливаа тэмцээн, уралдаанд ороход нь халааснаас нь нэг ч төгрөг гаргахгүйгээр хүргээд өгчихдөг баймаар. Гүйлтийн төрөлд Б.Сэр-Одын араас Б.Мөнхзаяа гарч ирж байна. Эдгээр тамирчдын араас үлгэр дуурайл авч олон ч тамирчин гарч ирэх боломжтой шүү дээ. Олимпийн эрхээ аваад буй марафон гүйлтийн тамирчин Баярцогтын Мөнхзаяаг танилцуулъя. Тэрээр Дорнод аймгийн Хэрлэн суманд 1993 оны аравдугаар сарын 10-ны өдөр айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Улмаар тус сумын наймдугаар сургуулийг дүүргэж 2011 оноос хөнгөн атлетикийн спортоор хичээллэж хамгийн анх өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан бөгөөд 3000, 5000 метрийн зайд хос мөнгөн медаль хүртэж байж. Энэ түүний хамгийн анхны амжилт байлаа. Энэ амжилт түүнийг өнөөдрийн замналд хүрэх урам зоригийг өгсөн гэдэг. Хөнгөн атлетикийн спортод дурласан тэрээр удаа дараалан маш олон тэмцээнд оролцож, чамгүй амжилт гаргаж эхлэв. Мөнхзаяагийн анхны багш нь Г.Сүхбаатар юм байна. ОУХМ Б.Мөнхзаяа “Инчон-2014” Азийн XVII их наадамд таван мянган метрт 16.11.10, арван мянган метрт 33.31.11 гэсэн цагийн амжилтыг үзүүлж, Олон улсын хэмжээний мастер цол хүртжээ. Түүний амжилтын бас нэгэн үндэс бол Б.Төрбат багштай салшгүй холбоотой аж. Мөнхзаяа Төрбат дасгалжуулагчийн удирдлага доор 2013 оноос эхлэн хичээллэж эхэлжээ. Одоо Б.Мөнхзаяа ҮБТДС-д багш дасгалжуулагчийн чиглэлээр суралцдаг бөгөөд тус сургуулийн тамирчин гэгддэг.

Өнгөрсөн хугацаанд үзүүлсэн Б.Мөнхзаяагийн амжилтаас дурдвал:

2012 онд БНХАУ-ын Бээжин хотод Олон улсын марафоны хагас марафоны 21 км-ийн зайд алтан медаль

2014 онд БНХАУ-ын Шандуны марафоны хагас марафоны 21 км-ийн зайд алтан медаль хүртэж мөн энэ төрөлд Монгол Улсын рекордыг 1.14.48 гэсэн амжилтаар шинэчилжээ.

2014 онд ОХУ-ын Эрхүү хотод болсон Олон улсын тэмцээний 3000 метрийн зайд мөнгөн медаль хүртэхийн зэрэгцээ улсын рекордыг 9.39.23 гэсэн амжилтаар шинэчлэн тогтоожээ. Мөн энэ тэмцээнээс 1500 метрийн зайд мөнгөн медаль хүртсэн байна.

2015 оны нэгдүгээр сард Хонгконгт болсон Ази тивийн аварга шалгаруулах марафон гүйлтийн тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хороо, “Бодь” даатгал, ҮБТДС-ийн оюутан ОУХМ Б.Мөнхзаяа IV байрт орсон. Тэрээр медалийн оосроос атгаад алдсан ч 42 км 195 метрийн зайг 2.38.43 цагт туулж, улсынхаа рекордыг шинэчлэн тогтоогоод зогсохгүй “Рио де Жанейро-2016” олимпийн наадамд оролцох болзлыг хангасан зэрэг олон амжилтыг үзүүлээд байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулийн тогтолцооноос дүн хамаарна

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Монголд чөлөөт ардчилсан сонгууль хийдэг болоод даруй хорин зургаан жил болчихжээ. Парламентын болон орон нутгийн сонгууль 1990, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012 онд болсон бол Ерөнхийлөгчийн сонгууль 1993, 1997, 2001, 2005, 2009, 2013 онуудад болжээ. Сонгууль болгоны дараа үр дүнг нь чамладаг нь ердийн хэвшил болсон эд. Эндээс хамаг бурууг хуульдаа тохож шинээр сонгуулийн хууль бүтээх талаар дөрвөн жил үглэн дуулдаг. Парламентад олонх болсон хэсэг нь энэ нөлөөгөө хадгалахын тулд өөртөө ашигтай шинэ хувилбарын эрэлд гарна. Ингэснээр сонгууль болохоос ердөө хэдхэн сарын өмнө л шинэ хуулиа хам хум баталдаг. Гэвч олонх голдуу л алдаж тооцон өөртөө ашиггүй хувилбар гаргаж ирэх нь ихэнхдээ.

Манайд болсон парламентын сонгуулийн системээс хамгийн олон давтагдсан нь абсолют мажоритар хэлбэр юм. 1996, 2000, 2004 онуудад энэ системээр сонгууль явуулжээ. Энэ нь парламентын суудлын тоогоор тойрог буй болгоод, тойргоос хамгийн олон санал авсан нь дивтаат болно. Энэхүү абсолют мажоритар системийг анх АНУ-д хэрэглэж эхэлсэн ба өдий болтол тэр хэвээрээ үргэлжилж байгаа. Тоймтойгоос энэ системээр санал хураадаг англо саксоны 4-5 орон байдаг нь Британи, АНУ, Шинэ Зеланд гэх мэт. Үүнээс гадна Африк, далайн орнуудад ингэдэг хэдэн орон байдаг гэсэн.

Абсолют мажоритар систем нь хоёр намын тогтолцоо юм. Голлох хоёр намын хооронд л тэмцээн болох ба гурав дахь улс төрийн хүчинд бараг шаанс байдаггүй. АНУ бол хоёр намын тогтолцоотой. Үүнийг Монголын жишээн дээр харж болно. 1992 онд бие даагч Зуунай, 1996 онд бие даагч Дашбалбар, 2000 онд бие даагч Гүндалай болон Эх орон нам, Иргэний Зориг нам тус бүр нэг суудал, 2004 онд Иргэний Зориг, Бүгд Найрамдах нам тус болгон нэг суудал авч байлаа.

Хэдэн сул тал бий. Гишүүн болгон өөрийн жижиг тойрогтой учраас улсын төсвөөс өөрийн жалга руу “юм зуух” гэж чармайдгаас төрийн нэгдсэн бодлого алдагддаг. Тойрогт хамгийн олон санал авсан нь ялдаг тул энэ босго Монголд дэндүү бага учир 25 хувийн саналтай ялахад сонгогчдын 75 хувь нь өөрийн төлөөлөлгүй хоцорно. Тойрог жижиг учир цөөн сонгогчийг худалдаж авахад илүү хялбар байдаг.

Монголд гурван удаа хэрэглэж үзсэн томсгосон тойргийн систем байна. Энэ нь нийт сонгогчдыг 26 тойрогт хуваагаад хүн амын тоонд харьцуулан 2-4 “орон тоо” гаргана. Гэхдээ туршлагаас үзэхэд хэрэв сонгогч заавал мандатын тоогоор санал өгвөл нэг янз (1992), сонгогч тухайн мандатын тоо хүртэл хэдэн ч нэр дугуйлж болдог бол нэг янз (2008, 2012) гэсэн хоёр өөр дүн гарна. Гэхдээ аль нь ч байсан эцсийн дүнгээрээ хоёр намын тогтолцоо юм.

Сул талууд нь абсолют мажоритараас илүү их. Юун түрүүн гишүүд өөрийн жалга руу төсөв чирэх үзэгдэл адилхан. Нэг намын доторх өвөр хоорондын өрсөлдөөн хүчтэй болдог учир намын программ хэрэгсэгддэггүй. Үүнээс болоод ялангуяа голлох хоёр намын хооронд хуйвалдаан үүсэх магадлал маш өндөр. Тойрог дээр нэр дэвшсэн нэг намын хүмүүс хоорондоо биенээ жийх, мөн хоорондоо бас л хуваагдсан нөгөө намынхантай тохиролцон гарч ирэх хүмүүсээ урьдчилаад үгсчихдэг. Сонгуулийн туршлага дутмаг байсан 1992 оны сонгуулийн дүн нэг янз гарч байсан бол 2008 оны туршлагажсан үеийн дүн шал өөр гарч байлаа. Энэ тогтолцоог сонгогчид харилцан адилгүй тооны санал өгдөг учраас иргэдийн тэгш эрхийг алдагдуулдаг гэж их шүүмжилдэг. 1992 онд томсгосон тойрогт сонгогч мандатын тоонд заавал хүргэж санал өгч байсан бол 2008 онд томсгосон тойрогт, сонгогч мандатын тоо хүртэл санал өгөхөөр зохицуулсан. 2012 онд 50 суудлыг нь мөн энэ хэлбэрээр явуулсан.

Хэрэв сонгогч заавал мандатын тоогоор санал өгөх болбол “хогийн цэг” гээч юм үүснэ. Энэ нь сонгогч өөрийн “хайртай” нэр дэвшигчид санал өгөөд үлдсэнийг нь далд оруулахын тулд хамгийн найдваргүй нэр дэвшигч рүү шиднэ. Энэ найдваргүй дэвшигч “олны олон таван цэн” гэгчээр дивтаат болоод гараад ирэх магадлал тун өндөр. Хэрэв сонгогч мандатын тоо хүртэл хэдэн ч санал өгдөг болох юм бол луйвар хийхэд маш амархан болдог. Ийм жишээ 2008 онд “нэг тэгийн арга” гэж өргөн хэрэглэгдэж байлаа. Энэ нь жишээ нь тухайн дэвшигч 100 санал авсан байхад ард нь нэг тэг нэмээд мянга болгоход хэн ч мэдэхгүй. Учир нь сонгогч болгон янз бүрийн тооны санал өгч буй учир нийтдээ хичнээн санал хураагдсан нь мэдэгддэггүй. Гагцхүү сонгуулийн хорооныхныг найрах хэрэгтэй.

Гурав дахь хувилбар нь 1990 онд Улсын бага хурлыг буй болгосон цэвэр пропорциональ систем юм. Сонгогчид зөвхөн аль нэг намын төлөө санал өгөх ба саналын хэмжээгээр тухайн нам парламентад суудал авна. Хэнийг дивтаат болгохыг нам сонгуулийн дараа нэр дэвшүүлэх ба үүнийг нь Ардын их хурал голж шилэн сонгоно. Нэг үгэндээ хоёр шаттай сонгууль. Шинэ Үндсэн хуулиас хойш хоёр танхимтай парламентын тогтолцоо байхгүй учир үүнийг дахин давтах бололцоогүй юм.

Дөрөв дэх хувилбар нь 2012 онд хэрэглэсэн холимог тогтолцоо юм. Энэ системийг дэлхийн ихэнх оронд хэрэглэдэг. Энэ нь тодорхой тооны суудлыг мажоритар хэлбэрээр тойргоос хүн тодруулах ба бусад хэсгийг нь намд өгсөн саналын дагуу хуваарилна. 2012 онд 76 суудлын 26 буюу гуравны нэгийг нь жагсаалтын нэрсийн дагуу хуваарилсан. Пропорциональ систем бол олон намын тогтолцоо юм. Пропорциональ хэмжээ хэдий их байна, парламентад төдий олон нам суудал эзлэх боломжтой.

Сул тал нь хэт олон нам парламентад суудалтай болбол Засгийн газар бүрдүүлэх хүчин буй болж чадахгүйд хүрдэг. Энэтхэгт ойрмогхон 30 гаруй нам нийлж байж арай гэж Засгийн газар бүрдүүлэх олонх болсон боловч мөнхийн хэрүүл дунд улс орныг удирдан авч явж чадахгүйдээ хүрч байсан. Түүнээс гадна намын жагсаалтыг хэрхэн бүрдүүлэхээс их хамаарна. Олон оронд эхэлж судалгаа хийгээд намыг төлөөлж хэн жагсаалтад орвол илүү олон санал авах вэ гэдгээсээ хамаарч хүнээ олж сонгодог. Тухайлбал алдартай жүжигчин хөөрхөн хүүхнийг жагсаалтад оруулснаар 18-30 насны залуучуудын төдөн хувь нь манай намын төлөө санал өгөх нь судалгаагаар батлагдсан тул нэрийг нь оруулъя гэх жишээтэй. Гэхдээ намын удирдлага өөрсдийгөө дэвшүүлэхийг хориглодог. Гол төлөв Европын орнуудад намаас гаргасан жагсаалтаа иргэдээс санал авах байдлаар тодорхойлдог. Үүнд сонгогч намын нэрийг дугуйлахаас гадна тус намын нэрийн жагсаалтаас хэн нэгнийг давхар онцлон дугуйлна. Чухам энэ үр дүнгээс намын жагсаалтын дугаарлалт тодордог. Зарим оронд жагсаалтыг нийтийн сонгууль болохоос өмнө намын дотор нээлттэй нэр дэвшүүлэлт ил тод явуулж хүнээ тодруулдаг.

Манайд 2012 оны сонгуульд намын нэрсийн жагсаалт гаргахдаа парламентад нэгэнт гишүүд болсон хэдэн нөхдүүд хоорондоо ашиг сонирхлын үүднээс “фракц” гэгч болон хуваагдаад, хэдүүлхнээ хаалгаа түгжиж сууж байгаад наймаа хуйвалдааны журмаар нэрс тодруулсан. Энэ бол пропорциональ сонгуулийн цаад утга учрыг бүрэн алдагдуулж байгаа хэлбэр юм. Үүнээс болж шинээр нэр дэвшигч буюу эцэст нь ард түмний нэрийн өмнөөс төрийн эрх баригч маань ард түмний шалгуураар ороогүй, магадгүй гэмт хэрэгтэн, сэтгэцийн өвчтөн “оймсонд хавчуулагдаад” төрийг товхинуулагч болчихдог аж.

Дээрх ерөнхий зарчмаас онц ихээр гажсан хоёр тохиолдол бий. 1992 оны сонгуулиар хүн амын тал хувийн санал авсан мөртөө МАХН нийт суудлын бараг 90 хувийг авч байсан. Энэ нь монголчууд сонгуульд дасаагүй, намууд туршлагажаагүй, элдэв муу санаа хэнд нь ч байгаагүй үед мажоритар системийн “яльгүй илүү авбал бүгдийг нь авна” гэсэн сонгуулийн өөрийнх нь тогтолцоо нөлөөлсөн юм. Тэгээд ч тэр үед МАХН-ын эсрэг хүчин нэгдээгүй тус тусдаа сонгуульд орж байлаа.

Өөр нэг гажиг 2000 оны сонгуулиар ажиглагдсан. МАХН сонгогчдын 50,03 хувийн санал авсан мөртөө нийт суудлын 90 гаруй хувийг авсан. Үүний тайлбар их энгийн. МАХН биш бүх нам тарж бутран тус тусдаа нам болон сонгуульд орсон учир үнэн хэрэгтээ тухайн сонгуульд ганцхан нам “өрсөлдсөн хэрэг”. Зарим тойрогт МАХН-аас цор ганц нэр дэвшигч бүртгэгдсэн байхад нөгөө талд нь ардчилсан хүчний гэгдэж байгаад тус тусдаа өөр намыг төлөөлсөн найман намын төлөөлөл өрсөлдөж байлаа. Энэ тохиолдолд “яльгүй илүү гарвал бүгдийг нь авна” гэсэн мажоритар тогтолцоо шууд нөлөөлж тойрог болгонд хоорондын өрсөлдөөнгүй хүчин нь бүгдийг нь хамах нь ойгомжтой.

Дээрх хоёр “гажигт” МАХН-ын сонгогчид үйлчлэх сэтгэл зүйн дарамт их байлаа. Олон жил төрийг ганцаар эзэгнэсэн, ард түмнийг айлгаад сурчихсан, төрийн албанд хэт олуулаа байсан зэрэг нь инерцээрээ дарамт учруулж чаддаг байв. МАХН нэрээ сольсон, ардчилсан тогтолцоонд ороод хүний нэг үе өнгөрсөн, төрийн алба болон, сонгуулийн хороон дахь тоон зөрөө арилсан зэргээс болоод одоо дахиж ийм “гажиг” гарах магадлал үгүй болсон.

Нэгтгээд товчоор хэлэхэд сонгуулийн ямар тогтолцоо сонгосноос хамаарч дүн хамаарна. Хиншүү Гамбаа улс даяар хамгийн нэр хүндтэй байх нь мажоритар тогтцод огт падлий байхгүй ч пропорциональ сонгуулиар ХҮН болж чадна.

2016.4.15

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас “Баабар ингэж өгүүлэв” буланг уншаарай

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн “Цэц шийдвэр гаргахдаа нийгмийн сэтгэл зүйг дагачих шиг боллоо” ярилцлага өнөөдрийн дугаарт хэвлэгдлээ. Эрхэм гишүүний энэхүү ярилцлагын дэлгэрэнгүйг та II нүүрнээс унших боломжтой.

Мөн “Улс төр” нүүрээс МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, улс төр судлаач, доктор Ч.Өлзийсайханы “Үндсэн хуулиа баримталбал одоогийн УИХ хүчинтэй эсэхийг нь заавал ярих хэрэгтэй болж байна” ярилцлага болон цаг үеийн бусад мэдээ мэдээллийг уншаарай. Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт Төрийн шагналт, нэрт нийтлэлч Баабарын “XX зууны монголчууп: Нүүдэл суудал, олз гарз” номын “Оросууд” хэмээх хэсгийн хэвлэлээ. “Баабар ингэж өгүүлэв” буланг та III нүүрнээс бүрэн эхээр нь уншаарай.

Тэгвэл “Баримт үйл, явдал” булангаас “П.Анужин “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг санаачлагчийн хувьд тус нэвтрүүлгийг зогсоох болсноо мэдэгдэв” болон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг “Дэлхийн монголчууд” гэсэн цуврал нэврүүлэг болгон өөрчилж цацахаа дуулгав” гэсэн хочр байр суурийн талаарх мэдээлэл болоод цаг үеийн бусад мэдээллийг унших боломжтой. Мөн “Өдрийн сурвалжлага”-аар эмч нар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг эсэргүүцэн жагсаал хийсэн талаар унших биз ээ.

Энэ цагийн хүчтэнүүд болох улсын цолтой шилдэг 12 бөхийн халз барилдаан бямба гаригт болно. Шилдэг арван хоёр бөх хоёр баг болж барилдах юм. Багийн ахлагчаар томилогдоод буй Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нараас халз барилдааны бэлтгэлийн талаар тодруулжээ. Багийн ахлагчаар тодорсон улсын арслан П.Бүрэнтөгс “Өрсөлдөгч багийнхаа эсрэг төлөвлөсөн юм байгаа” гэсэн бол нөгөө багийн ахлагч улсын арслан Н.Батсуурь “Хурдан, шаламгай барилдана” хэмээн ярилаа. Энэ талаарх сонирхолтой ярилцлагыг та XIII нүүрнээс дэлгэрүүлэн уншаарай.

“Соёл, урлаг” буланд дуучин Ж.Сүрэнлхамын “Үзэгчид дууг минь дагаж дуулахад сэтгэл догдолж, мэлмэртэл уйлмаар санагдсан” болон Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшиний “Италийн хоёр хотод бие дассан тоглолтоо хийнэ” ярилцлагууд хэвлэгдлээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг XII нүүрнээс унших боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Эмч нар тайван жагсаал хийлээ

Гэрэл зургуудийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

Цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий
иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Банкны тухай хуулийн 3
дугаар зүйлийн 3.1.2.ж дэх заалтад “Монголбанк холбогдох этгээд гэж
үзсэн бусад этгээд.”, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр
зүйлийн 4.1.30.е дэх заалтад “Санхүүгийн зохицуулах хорооноос “холбогдох
этгээд” гэж тодорхойлсон бусад этгээд.” гэж заасан нь Үндсэн хуулийн
Хорьдугаар зүйлийн “… хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их
Хуралд хадгална.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын
“хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэсэн заалтыг тус тус зөрчсөн
гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн
байна.

Уг маргааныг
хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан
тавдугаар сарын 4-ний өдрийн 9.30 цагаас Цэцийн ордонд нээлттэй болно.